Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 221/МА2023/0192

 

 

 

 

 

 

   “Б... ү... э...” ХХК-ийн нэхэмжлэлтэй

  захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч: шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Э.Лхагвасүрэн

Илтгэгч: шүүгч Д.Оюумаа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.М, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.С

Нэхэмжлэгч: “Б... ү... э...” ХХК

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга

Гуравдагч этгээд: “Э... п...” ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А/81 дугаартай захирамжийн “Б... ү... э...” ХХК-ийн газартай давхцуулан “Э... п...” ХХК-д амины орон сууцны зориулалтаар олгосон хэсгийг хүчингүй болгуулах” тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 966 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.М

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: З.М

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Р.С, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Р.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Баасанцэрэн

Хэргийн индекс: 128/2022/0391/З

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Б... ү... э...” ХХК нь Нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А/81 дугаартай захирамжийн “Б... ү... э...” ХХК-ийн газартай давхцуулан “Э... п...” ХХК-д амины орон сууцны зориулалтаар олгосон хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 966 дугаар шийдвэрээр: “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 3, 25 дугаар зүйлийн 2, 27 дугаар зүйлийн 9, 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 31.3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “Б... ү... э...” ХХК-иас гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А/81 дугаартай захирамжийн “Б... ү... э...” ХХК-ийн газартай давхцуулан “Э... п...” ХХК-д амины орон сууцны зориулалтаар олгосон хэсгийг хүчингүй болгож...” шийдвэрлэсэн байна.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.М дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. “...Анхан шатны шүүхээс “... Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсэгт “Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, сум, нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна.” гэж заасны дагуу Нийслэлийн Засаг даргаас 2018 оны А/988 дугаартай захирамжаар нэр бүхий 17 иргэнд газар эзэмшүүлэхэд, түүний дараа маргаж буй 2021 оны А/81 дүгээр захирамжаар тэдгээр газар эзэмших эрхийн гэрчилгээг гуравдагч этгээд “Э... п...” ХХК-д шилжүүлэхдээ тухайн газар нь аймаг, сум, нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан газар байсан нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдоогүй, ... мөн зүйлийн 31.3 дахь хэсэгт “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна.” гэж заасны дагуу Нийслэлийн Засаг даргаас “Э... п...” ХХК-д газар эзэмших эрхийг шилжүүлэхдээ тус газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхацсан эсэхийг нягтлан тогтоох үүргээ хэрэгжүүлээгүй байгаа энэ тохиолдолд нийслэлийн Засаг даргын гаргасан 2021 оны А/81 дугаартай “Э... п...” ХХК-д холбогдох хэсгийг зөвтгөх үндэслэлгүй” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

3.2. Учир нийслэлийн Засаг даргын гаргасан 2021 оны А/81 дугаартай “Э... п...” ХХК-д газар эзэмших эрх шинээр олгоогүй, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасны дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх үйл ажиллагаа явагдаж байгаа тул Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсэгт “Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, сум, нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна.” гэж, 31.3 дахь хэсэгт “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна.” гэж тус тус заасан тавигдах шаардлагад хамааралгүй.

3.3. Нийслэлийн Засаг даргаас 2018 оны А/988 дугаартай захирамжаар нэр бүхий 17 иргэнд газар эзэмшүүлэхэд мөн нэхэмжлэгч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны А/378 дугаар тушаалаар “Б... ү... э...” ХХК-д газар ашиглах эрх олгохдоо дээрх шаардлагыг шалгах шаардлагатай боловч нэхэмжлэлийн шаардлагын хувьд Нийслэлийн Засаг даргаас 2018 оны А/988 дугаартай захирамжаар нэр бүхий 17 иргэнд газар эзэмших эрх олгосонтой маргаагүй бөгөөд тус иргэдийн газар эзэмших эрх нь цаг хугацааны хувьд нэхэмжлэгч “Бат үүжин эрдэнэ" ХХК-иас түрүүлж үүссэн тул бусдын эзэмшил, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцал үүсээгүй.

3.4. Харин Газрын тухай хуулийн 31.3 дахь хэсэгт заасан шаардлагыг зөрчиж, бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай давхцал бүхий газарт “Б... ү... э...” ХХК-д газар ашиглах эрх олгосон байхад анхан шатны шүүхээс тэр талаар дүгнэлт гаргаагүй байна.

3.5. Мөн Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 01-08/3678 тоот албан бичиг, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 1/2145 тоот албан бичиг, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 09/4014 тоот албан бичиг, мөн 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 09/4862 тоот албан бичгүүдээр нотлогдож байгаа буюу энэ газар нь хилийн цэсийн хувьд нийслэлийн нутаг дэвсгэрт хамаарах эсэх үйл баримт маргаантай байгаа гэж дүгнэсэн хэрнээ нийслэлийн Засаг даргыг хууль зөрчсөн гэж дүгнэсэн үндэслэлгүй байна.

Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.” гэж заасныг зөрчиж байх тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 966 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

4. Давж заалдах гомдлын агуулга: Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.С дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

4.1. “...Маргааны гол үйл баримт нь нэхэмжлэгч болон гуравдагч этгээдэд олгосон давхцал бүхий газар нь Богдхан уулын дархан цаазат газрын хилийн цэст хамаарах уу, эсхүл Нийслэлийн газар нутгийн хилийн цэст хамаарах уу, түүнчлэн хууль зүйн агуулгаараа хариуцагч Нийслэлийн Засаг дарга нь эрх хэмжээний хувьд маргаж буй 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А/81 дугаартай захирамжийг гаргаж, газар эзэмших эрх шилжүүлэх нь үндэслэлтэй байсан эсэх юм. Гэтэл тухайн хэрэгт маргаж буй хилийн цэсийн маргаан арилаагүй нь Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2022.07.21-ний өдрийн 01-08/3678 тоот албан бичиг, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2022.11.14-ний өдрийн 1/2145 тоот албан бичиг, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2022.07.22-ны өдрийн 09/4014 тоот албан бичиг, мөн 2022.08.31-ний өдрийн 09/4862 тоот албан бичгүүдээр нотлогдож байгаа буюу энэ газар нь хилийн цэсийн хувьд нийслэлийн нутаг дэвсгэрт хамаарах эсэх үйл баримт маргаантай байгаа талаар шүүх шийдвэртэй тусгажээ.

4.2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т “Шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна.” гэж заасан байхад шүүх хэрэгт нотлох баримтаар авагдаагүй зүйлд хийсвэрээр онолын дүгнэлт хийсэн буюу гомдол гаргаж буй шүүхийн шийдвэрт дурдсан УИХ-ын 1995 оны 05 дугаар сарын 04-ний 26 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтад дурдсан Богдхан уулын дархан цаазат газрын хилийн зааг нь маргаж буй 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А/81 дугаар бүхий Нийслэлийн Засаг даргын захирамжаар олгосон газрын хилийн заагтай хэрхэн яаж тохирч байгаа талаар ямар ч нотлох баримт хэрэгт авагдаагүй, шүүхээс хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй.

4.3. Шүүхээс нэхэмжлэгчид Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас олгосон ашиглах эрхтэй газар болон гуравдагч этгээдэд Нийслэлийн Засаг даргаас олгосон эзэмших эрхтэй газар нь хоорондоо давхцалтай талаарх үйл баримт маргаангүй, харин энэ газар нь хилийн цэсийн хувьд нийслэлийн нутаг дэвсгэрт хамаарах эсэх үйл баримт маргаантай байна гэсэн атлаа хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийлгүй орхиж, субординацийн онол буюу захирах, захирагдах ёсны онол, эрх зүйн эх сурвалжийн шатлалын онолыг удирдлага болгон шийдвэр гаргасанд гомдолтой байна. Эрх зүйн эх сурвалжийн шатлалын онолын дагуу хуулиар тусгайлан эрх олгосон асуудлын хүрээнд гаргасан захиргааны байгууллагын шийдвэр нь бусад захиргааны байгууллагын шийдвэрээс эрх зүйн хувьд илүү хүчин чадалтай гэж үзнэ хэмээн шүүх дүгнэсэн атлаа тус газартай холбогдуулан гаргасан төрийн захиргааны байгууллагын шийдвэрийн анхны огноо Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас даруй 3 жилийн өмнө буюу Нийслэлийн Засаг даргаас 2018 оны А/988 дугаартай захирамж байхад үүнийг үгүйсгэсэн явдал анхаарал татаж байна.

4.4. Монгол Улсын Шадар сайдын 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 07 дугаар “Ажлын хэсэг байгуулах тухай” тушаалаар УИХ-ын гишүүн Г.Г-оор ахлуулсан ажлын хэсэг Газрын тухай хуулийг шинэчлэхээр ажиглаж, олон жилийн хугацаанд үргэлжилсэн хилийн цэсийн маргааныг нэг мөр шийдвэрлэх, бодит байдал дээр бий болсон шинээр тодруулсан хил заагийн хэсэгт Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон Нийслэлийн Засаг даргын захирамжаар газар өмчлөх, эзэмших, ашиглах эрх зүйн харилцаа үүссэн нэгж талбарын давхардлыг арилгах, байршил өөрчлөх, хил заагт дамнан олгогдсон иргэн, хуулийн этгээдийн газрын маргаан, зөрчлийг шийдвэрлэх үүрэг бүхий ажлын хэсгийг “Нийслэлийн Засаг дарга, Газрын харилцаа, геодези зураг зүйн газар, БОАЖЯам, Сангийн яам зэрэг байгууллагуудын бүрэлдэхүүнтэй байгуулагдан асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байхад анхан шатны шүүхээс тус асуудал эцэслэн шийдвэрлэгдсэн мэтээр дүгнэлт хийж байгаа нь буруу бөгөөд уг үйл баримт бол энэхүү хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай байдлыг үүсгэсэн байхад эдгээр нотлох баримтуудыг анхааран үзэж шийдвэрээ гаргаагүй.

4.5. Төрийн захиргааны байгууллагууд өөр өөрсдийн газар олгох хилийн цэсийн хүрээнд зэрэгцэн газар олголтууд хийж, улмаар маргалдсан талууд нь шүүхэд хандаж асуудлаа шийдвэрлүүлэх ёстой гэж хуульчлаагүй харин захиргааны байгууллагууд хамтран ажлын хэсэг байгуулж хэлэлцэн судлах замаар бий болсон асуудлыг шийдвэрлэхээр “нэгэнт ашиглах эрх үүсэж газраа ашиглаж олон жилийн хугацаанд төлбөр төлсөн, хөрөнгө оруулсан иргэн, аж ахуй нэгжүүдийн” эрхийг хамгаалах ёстой. Шүүх үйл баримтыг уг тохиолдолд ямар ч хамааралгүй мэтээр хууль зүйн дүгнэлт хийлгүй орхигдуулсан нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 31.3, 32.3.5-д заасантай нийцээгүй байна.

4.6. Шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.3-т “анхан шатны шүүх энэ хуулийг зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн байвал”, мөн зүйлийн 121.3.4-т “шүүх шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, эсхүл хуулийн шаардлага хангаагүй болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдээгүй нотлох баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон” гэх заалтуудыг тус тус зөрчсөн буюу дээрх байдлаар нотлох баримтуудыг дутуу бүрдүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдээгүй баримт буюу хилийн заагийг зөвхөн Богдхан уулын дархан цаазат газарт хамаарах баримт хэрэгт авагдаагүй байхад хийсвэр байдлаар дүгнэж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон, захиргааны байгууллагын эрх хэмжээ, чиг үүргийг тодруулан тогтоохдоо субординацийн онол буюу захирах захирагдах ёсны онол, эрх зүйн эх сурвалжийн шатлалын онолыг хуульд төсөөтэйгээр удирдлага болгосон, хилийн заагтай холбоотой үйл баримт тогтоогдоогүй байхад Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын шийдвэр, үйл ажиллагааг буруутгах үндэслэлгүй, тус яамнаас тогтоосон хязгаарлалтын бүсэд аливаа иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх эрх хэмжээ Нийслэлийн Засаг даргад олгогдоогүй байна гэж шүүх шийдэж байгаа нь хуулийн дээрх заалтуудыг зөрчсөн.

Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4-т зааснаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 0966 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

5. Нэхэмжлэгчээс хариуцагч, гуравдагч этгээд нарын гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлын хүрээнд хянав.

2. 2. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

3. Шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхилоо. Үүнд:

3.1. Маргаан бүхий нийслэлийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн “Газар ашиглах эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” А/81 дүгээр захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийг тус тус үндэслэн “Нийслэлийн газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газрын хамтарсан “Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөл”-ийн 2020 оны 04 дүгээр сарын 17, 06 дугаар сарын 19, 07 дугаар сарын 22, 08 дугаар сарын 28, 10 дугаар сарын 28-ны өдрийн хурлуудаас гарсан дүгнэлтийн дагуу тус захирамжийн хавсралтад заасан нэр бүхий 17 иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээг гуравдагч этгээд “Э... п...” ХХК-д шилжүүлж шийдвэрлэжээ.

3.2. Харин анх нэхэмжлэгчид Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн А/378 дугаар тушаалаар Хан-Уул дүүрэг, Богдхан уулын дархан цаазат газрын Жаргалантын амны хязгаарлалтын бүсэд аялагч, зөвшөөрөл бүхий хүн түр буудаллах, отоглох зориулалтаар 2 га газрыг 5 жилийн хугацаатайгаар ашиглах эрх олгож, 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах 0201514 дүгээр гэрчилгээг олгосон байна.

3.3. Давж заалдах шатны шүүхээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...нийслэлийн Засаг даргын гаргасан “Э... п...” ХХК-д газар эзэмших эрх шинээр олгоогүй бөгөөд зөвхөн эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх үйл ажиллагаа явагдсан, нэр бүхий 17 иргэнд газар эзэмших эрх нь цаг хугацааны хувьд нэхэмжлэгчээс түрүүлж үүссэн” гэх гомдол, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...Богдхан уулын дархан цаазат газрын хилийн зааг нь маргаж буй 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А/81 дугаар бүхий Нийслэлийн Засаг даргын захирамжаар олгосон газрын хилийн заагтай хэрхэн яаж тохирч байгаа талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй, шүүхээс хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй, Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас даруй 3 жилийн өмнө Нийслэлийн Засаг даргаас 17 иргэнд газар олгосон 2018 оны А/988 дугаартай захирамж байхад үүнийг үгүйсгэсэн, Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг ажиллаж байхад анхан шатны шүүхээс тус асуудал эцэслэн шийдвэрлэгдсэн мэтээр дүгнэлт хийсэн, хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай нотлох баримтуудыг анхааран үзэж шийдвэрээ гаргаагүй” гэх үндэслэлээр гаргасан гомдлуудаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох болон анхан шатны шүүхээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэл тогтоогдсонгүй гэж дүгнэв.

3.4. Учир нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлд “Тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, мөн зүйлийн 9 дэх хэсэгт “тусгай хамгаалалттай газар нутгийн зөвшөөрөгдсөн бүсэд тодорхой зориулалтаар ашиглаж болох газар, түүний хэмжээ, ашиглах журам, уг газарт байлгаж болох малын төрөл, тоог тогтоох” гэж, 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана” гэж тус тус хуульчилсан.

3.5. Анхан шатны шүүхээс “...дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг гаргах эрх хэмжээг зөвхөн Байгаль орчин, аялал жуулчлалын яамд олгосон бөгөөд маргаан бүхий газрыг эзэмшүүлэх эрх Нийслэлийн Засаг даргад олгогдоогүй” гэж үзсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

3.6. Өөрөөр хэлбэл, нийслэлийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А/81 дүгээр захирамжаар Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийг үндэслэж гуравдагч этгээд “Э... п...” ХХК-д газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлсэн нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн дээрх заалтуудтай нийцээгүй байна.

3.7. Мөн хэрэгт авагдсан баримтаас үзвэл маргаан бүхий газар нь Богдхан уулын дархан цаазат газарт хамаарч байх бөгөөд Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсэгт “Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, сум, нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна” гэж заасны дагуу Нийслэлийн Засаг даргаас 2018 оны А/988 дугаартай захирамжаар нэр бүхий 17 иргэнд газар эзэмшүүлж, түүний дараа маргаж буй 2021 оны А/81 дугаартай захирамжаар тэдгээр газар эзэмших эрхийн гэрчилгээг гуравдагч этгээд “Э... п...” ХХК-д шилжүүлэхдээ тухайн газар нь аймаг, сум, нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан газар байсан эсэх нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдоогүй байх тул энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэлтийг хийжээ.

3.8. Харин гомдолд дурдагдсан Монгол Улсын Шадар сайдын 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 07 дугаар “Ажлын хэсэг байгуулах тухай” тушаалаар байгуулагдсан ажлын хэсгээс тухайн маргаан бүхий газрын хилийн цэсэд хамаарах газрыг иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлж, ашиглуулах эрхийг аль захиргааны байгууллагад олгохоор шийдвэрлэсэнтэй холбогдуулан гуравдагч этгээд “Э... п...” ХХК-иас шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг дахин хянуулахад энэхүү магадлал саад болохгүйг дурдах нь зүйтэй.

Иймд анхан шатны шүүхээс маргааны үйл баримтыг зөв тодорхойлж, шаардлагатай нотлох баримтуудыг цуглуулан, уг баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийг зөв шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 966 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                           Д.БААТАРХҮҮ

 

ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН

 

ШҮҮГЧ                                                           Д.ОЮУМАА