Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Гүррагчаа Алтанчимэг |
Хэргийн индекс | 184/2017/02396/И |
Дугаар | 001/ХТ2019/00506 |
Огноо | 2019-04-09 |
Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2019 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 001/ХТ2019/00506
А.Ж-ы нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 184/ШШ2018/02369 дүгээр шийдвэртэй,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2368 дугаар магадлалтай,
А.Ж-ы нэхэмжлэлтэй
Д Х ХХК, Ц.Т- нарт холбогдох,
Гэрээнээс татгалзаж, хохирол, алданги нийт 16.623.806 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг
Зохигчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн
Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ц, нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.
Нэхэмжлэгч А.Ж-ы шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Миний бие Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлхэд байрлах зуслангийн зориулалттай газарт амины орон сууц бариулахаар 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Д Х ХХК-тай Барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, 2 давхар амины орон сууц, 22 м.кв гарааш, 18 м.кв хэмжээтэй террасттай дөрвөн улирлын зориулалттай амины орон сууцыг 45 хоногийн хугацаанд бариулж хүлээн авахаар тохиролцсон. Бид уг ажлын төсөв санхүүжилтэд 48.960.000 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татварт 4.896.000 төгрөг, нийт 53.856.000 төгрөгийг гэрээнд заасан хуваарийн дагуу төлөх үүрэг хүлээж, гэрээнд заасны дагуу эхний удаа 24.000.000 төгрөгийг, 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 10.000.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Бид гэрээт ажлын санхүүжилтийн төсвийг ямар нэгэн саадгүйгээр шийдвэрлэж байсан ч гүйцэтгэгч тал гэрээнд заасан 45 хоногт барилгыг дуусгаж чадаагүй, хангалтгүй ажилласан. Энэ хугацаанд удаа дараа шаардлага тавьж байсан. Улмаар гүйцэтгэгч компани 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр цаг агаар хүйтэрч, ажлыг цааш үргэлжлүүлэх боломжгүй болсон тул хавар үргэлжлүүлье гээд ажлыг зогсоох санал гаргаж, 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 4 дүгээр сарын 25-ны өдрийн хооронд 41 хоногийн хугацаанд дуусгах, мөн зарим ажлыг үнэ төлбөргүй хийж өгөхөөр ажлын хуваарийг гаргаж ирүүлснийг би зөвшөөрсөн. Гэтэл гүйцэтгэгч компани сунгасан хугацаанд ажлыг бүрэн дуусгаагүй ба хугацаа хэрэгтэй гэдэг. Гүйцэтгэгч компанийн зүгээс гэрээгээ биелүүлэхгүй, цаашид үргэлжлүүлэн гүйцэтгэх эсэх нь эргэлзээтэй байсан тул 2017 оны 7 дугаар сарын 08-ны өдөр шаардлага хүргүүлж, 2017 оны 7 дугаар сарын 28-ны дотор доголдолтой гүйцэтгэсэн ажлуудыг бүрэн дуусган хүлээлгэн өгөхийг шаардаж биелүүлээгүй тохиолдолд гэрээг цуцалж, алданги хохирол нэхэмжлэх талаар мэдэгдсэн ч өнөөг хүртэл арга хэмжээ авахгүй, үүргээ биелүүлэхгүй байна. Д Х ХХК-ийн захирал Ц.Т- нь барилгын санхүүжилт болох 34.000.000 төгрөгийг хувийн дансаараа шилжүүлэн авсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хамтран хариуцах ёстой. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад томилогдсон Барилгын хөгжлийн төвийн шинжээчийн дүгнэлтээр хариуцагч тал барилгын ажилд 25.003.423 төгрөг бодитоор зарцуулсан нь тогтоогдсон тул зөрүү 8.996.577 төгрөг, гүйцэтгэсэн ажлын доголдлыг арилгахад 5.423.000 төгрөг, алдангид 2.024.229 төгрөг, нийт 16.623.806 төгрөг болгон нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан. Иймд хариуцагч нараас 16.623.806 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ц.Т-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: ...нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. А.Ж-ы орон сууц барих газар нь уулын энгэрт налуу газар байсан бөгөөд 2016 оны өвөл эрт хүйтэрч барилгын материал татаж машин гарах боломжгүй болсон. Мөн өвөл хүйтэнд хийсэн барилгын ажил чанаргүй болох магадлалтай байдаг зэргээс шалтгаалж бид харилцан тохиролцож ажлаа зогоож 2017 оны хавар эхлэхээр болсон. Захилагч нь 2017 оны хавар 3 сард тог татаж, усаар хангах үүрэгтэй байсан боловч уг үүргээ биелүүлэхгүй байсаар 5 сард тогоо татсан. Барилгын ажил 70-80 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд одоо барилгыг дуусгахад шаардлагатай бүх материалыг барилгын талбай дээр буулгасан. Гэтэл А.Ж- нь хэсэгчлэн төлөх төлбөрөө хийхгүй, хэрүүл маргаан үүсгэж, барилгачдыг хөөж ажил хийх боломжоор хангахгүй байгаа тул гүйцэтгэгчийг гэрээний үүргээ зөрсөн гэж үзэх боломжгүй гэжээ.
Хариуцагч Д Х ХХК-ийн төлөөлөгч Н.Э-ийн шүүхэд гаргасан тайлбарт: Д Х ХХК-ийн захирал Ц.Т-тай Солонгос улс руу гэр бүлээр гаргаж өгнө гэсний дагуу танилцсан. БНСУ-ын виз авахаар 5 гадаад паспорт, 2.800.000 төгрөгийг 2017 оны 9 дүгээр сард өгсөн. 2017 оны 11 дүгээр сард виз гарахгүй байсан тул орлого нотлох, баталгаа болгох үүднээс Д Х ХХК-ийн захирлаар томилогдон, компанийн хувьцааг шилжүүлэхээр Ц.Т-ын зааж өгсөн нотариатын газар очиж бэлдсэн баримтад гарын үсэг зурсан. Тэрээр виз гарахгүй байна гэж цаг хугацаа хойшлуулсаар 2018 оны 05 дугаар сард мөнгө, бичиг баримтыг эргүүлэн өгч, компанийн хувьцааг буцаан шилжүүлж авсан. Энэ компанийн тухай би юу ч мэдэхгүй, ямар ч гэрээ, хэлцэлд гарын үсэг зурж байгаагүй, миний бие компанийг буцаан өгсөн, энэ компанийн бусдын өмнө хүлээх хариуцлага надад хамаагүй гэжээ.
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 184/ШШ2018/02369 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д Х ХХК болон Ц.Т- нараас 11.020.806 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Ж-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5.603.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 474.175 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 191.282 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Ж-д олгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2368 дугаар магадлалаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 184/ШШ2018/02369 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д Х ХХК болон Ц.Т- нараас 8.996.577 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч А.Ж-д олгож, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 352 дугаар зүйлийн 352.3, 352.4 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7.627.229 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж, 2 дахь заалтын 191.282 гэснийг 158.895 гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 102.000 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ц.Т-ын өмгөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 191.290 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ц хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх “Хариуцагч Д Х ХХК нь гэрээнд заасан ажлыг тохиролцсон хугацаандаа гүйцэтгээгүй, мөн нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй тул нэхэмжлэгч ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзсан үйл баримтын талаар талууд маргаагүй байна. Гэрээний аль нэг тал гэрээнээс татгалзаж, гэрээ цуцлагдсан тохиолдолд уг гэрээний алданги шаардах, доголдолтой холбоотой зардлыг шаардах эрхгүй юм. Гэтэл шүүх талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээнээс нэхэмжлэгч бүхэлд нь татгалзсан байхад хариуцагчаас алданги гаргуулсан хууль зүйн үндэслэлгүй болжээ” гэж дүгнэж нэхэмжлэлийн шаардлагын энэхүү хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй гэж үзэж байна. Талуудын хоорон байгуулагдсан 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн Барилгын ажил гүйцэтгэх 50 дугаартай гэрээний 6.1-т “...Мөн гүйцэтгэгч тал ажлыг хугацаандаа хүлээлгэж өгөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд хийгдээгүй ажлын үнийн дүнгийн 0,1 хувийн алданги захиалагчид төлнө” гэж заасны дагуу 2017.03.15-2017.10.27-ны өдрийг хүртэл 225 хоногийн хугацаа хэтрүүлсний алданги 2.024.229 төгрөгийг нэхэмжилсэн болно. Энэхүү алданги нэхэмжилж буй хугацаа нь гэрээ цуцлагдахаас өмнех буюу гэрээний хүчин төгөлдөр хугацаанд тооцож нэхэмжилсэн алданги болно. Түүнчлэн хариуцагч Д Х ХХК нь анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн, хариуцагч Ц.Т- нь алдангийн талаар гомдол гаргаагүй байхад давж заалдах шатны шүүх үндэслэлгүйгээр алдангийг хасч шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон тул магадлалд өөрчлөлт оруулж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ц.Т- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...А.Ж- нь Д Х ХХК-тай барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж гэрээний төлбөрийг төлөхдөө НӨАТ буюу нэмэгдсэн өртөгийн албан татвартай шүү гэхэд НӨАТ төлмөөргүй байна. Таны хувийн дансаар төлчихье гэж удаа дараа гуйсан болохоор хувийн дансаар мөнгийг хүлээн авч, компанийн санхүүд буцаан хүлээлгэн өгч, А.Ж-ы барилгад зарцуулагдсан бөгөөд энэхүү барилга боссон. Гэтэл анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа Ц.Т- намайг төлбөр хариуцах ёстой гэж надад төлбөр оногдуулан шийдвэр гаргасан нь үндэслэлгүй. Учир нь миний бие тус компанийг төлөөлөх эрхтэй этгээд биш гэдэг нь хэрэгт цугларсан нотлох баримтаар бүрэн тогтоогддог. Компанийн эрх бүхий албан тушаалтан нь Б.Энхдэлгэрэх гэдэг нь баримтаар харагддаг бөгөөд захирлаар тус шүүх хуралд оролцсон байдаг. Иргэнтэй байгуулсан барилгын ажил гүйцэтгэх гэрээний төлбөрийг тухайн компани л хариуцах ёстой болохоос биш миний бие хариуцах ёсгүй. Иймд надад төлбөр оногдуулсан хэсгийг хүчингүй болгож компани дээр хариуцуулж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
А.Ж- нь Д Х ХХК, Ц.Т- нарт холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж илүү төлсөн 8.996.577 төгрөг, хохирол 5.423.000 төгрөг, алданги 2.024.229 төгрөг, нийт 16.623.806 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч зөвшөөрөөгүй маргасан, анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасныг давж заалдах шатны шүүх хариуцагч Ц.Т-ын гомдлоор хэргийг хянахдаа нэхэмжлэлийн хангасан хэмжээг багасгаж шийдвэрт өөрчлөлт оруулжээ.
Магадлалыг эс зөвшөөрч, “алданги гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй” гэх нэхэмжлэгч А.Ж-ы, “...төлбөрийг би хариуцах үндэслэлгүй, Д Х ХХК хариуцна...” гэсэн хариуцагч Ц.Т-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хуулийн үндэслэл тогтоогдохгүй байна.
Нэхэмжлэгч А.Ж-, хариуцагч Д Х ХХК-тай 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр барилгын ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, 2 давхар, 18 м.кв талбайтай террастай, 138 м.кв талбай бүхий амины орон сууц, 22 м.кв талбайтай гарааш бариулах, ажлын хөлсөнд НӨАТ-тай 53.856.000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон нь тогтоогдсон, гэрээний дагуу ажлын хөлсөнд нийт 34.000.000 төгрөг шилжүүлжээ.
Талуудын байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ бөгөөд гэрээний хүчин төгөлдөр байдалд хоёр шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.
Гэрээгээр тохирсон, ажлыг 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд гүйцэтгэж, ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үүргээ хариуцагч Д Х ХХК биелүүлээгүй, хугацаа хэтрүүлсэн, тус компанийн хүсэлтээр хугацааг 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл, хожим нь 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хүртэл гэрээг тус тус сунгасан боловч цаашид үр дүнг гараагүй учир нэхэмжлэгч 2017 оны 7 дугаар сарын 08-ны өдөр цуцалсан үйл баримтын талаар талууд маргаагүй байна.
Амины сууц нь хэдэн хувийн гүйцэтгэлтэй байгаа, цаашид уг барилгыг үргэлжлүүлэн барьж ашиглалтад оруулах боломжтой эсэхийг тогтоолгохоор зохигчийн хүсэлтээр шүүхээс томилогдсон 2 удаагийн шинжээчийн дүгнэлтүүдийг шүүх харьцуулан үзэж, барилгад 25.003.423 төгрөг зарцуулагдсан гэж дүгнэн нэхэмжлэгчийн ажлын хөлсөнд шилжүүлсэн 34.000.000 төгрөгөөс зөрүү 8.996.577 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1-д заасантай нийцжээ.
Ажлын гүйцэтгэлийг доголдолтой гэх үндэслэл тогтоогдоогүй тул доголдлыг засварлахад шаардагдах 5.423.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь хууль зөрчөөгүй байна.
Харин анхан шатны шүүх алданги гаргуулах нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн алдааг давж заалдах шатны шүүх залруулж, тухайн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрт өөрчлөлт оруулсан нь үндэслэл бүхий байна.
Алданги нь үүргийн гүйцэтгэлийг хангах арга анзын нэг төрөл ба талуудын хооронд байгуулагдсан гэрээний 6.1 дэх зохицуулалтаар “ажил гүйцэтгэгч нь хугацаандаа ажлыг хүлээлгэж өгөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.1 хувийн алданги тооцох”-оор заасан нь гэрээний үүргээ хугацаа хэтрүүлж гүйцэтгэсэн тохиолдолд хэрэглэгдэхээс бус гэрээг цуцлахтай холбоотой шаардах эрхийн зохицуулалт биш байна. Иймд алданги гаргуулах үндэслэлгүй.
Хариуцагч Ц.Т-ын гомдлын тухайд, тэрээр Д Х ХХК-ийн 100 хувийн хувьцааг эзэмшиж байгаад 2017.11.27-ны өдөр Н.Э-эд шилжүүлсэн боловч 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдөр буцаан авсан, талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдахад ажлын хөлс 34.000.000 төгрөгийг өөрийн дансаар хүлээн авсан зэрэг байдлаас түүнийг Д Х ХХК-тай хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзэх үндэслэлтэй, энэ талаархи хоёр шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх боломжгүй байна.
Дурдсан үндэслэлээр зохигчийн гомдлыг хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2368 дугаар магадлалыг хэвээр үлдээж, зохигчийн гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Нэхэмжлэгч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 8.300 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Г.АЛТАНЧИМЭГ