Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 221/МА2023/0080

 

 

 

 

 

 

 

 

         “А” ХК-ийн нэхэмжлэлтэй

    захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Хонинхүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн

Илтгэсэн шүүгч Э.Лхагвасүрэн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, өмгөөлөгч Б.Б

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч “А” ХК

Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг дарга

Нэхэмжлэлийн шаардлага: Дархан-Уул аймгийн Засаг даргын 2022 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” 01/А162 дугаар захирамжийг хүчингүй болгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 18 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, Л.Н

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж

Хэргийн индекс: 114/2022/0014/З

 ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч “А” ХК-иас Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдуулан “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2022 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” 01/А162 дугаар захирамжийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2.Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 18 дугаар шийдвэрээр: 

“Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.6 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч “А” ХК-иас Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2022 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” 01/А162 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

3.Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, өмгөөлөгч Б.Б нар дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. “А” ХК нь Газрын тухай хуульд заасны дагуу тухай эзэмших эрхтэй газар дээрээ эргэлтийн цэгийг баталгаажуулах болон газраа зориулалтын дагуу ашиглах зорилгоор холбогдох төрийн байгууллагуудаас зөвшөөрөл авах, бэлтгэл үе шатны ажлууд буюу ус, дулааны зөвшөөрөл авах, барилгын зураг, төсөл боловсруулах ажлыг зураг төслийн компаниар хийлгэх, барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрөл, архитектур төлөвлөлтийн даалгавар батлуулах ажлуудыг хийж байсан.

Эдгээр ажлууд удаашрах болсон шалтгаан нь хариуцагчаас манай эзэмшлийн 2500 м.кв газрыг дундуур нь нийтийн эзэмшлийн зам дайрч өнгөрнө хэмээн 1000 м.кв, 1500 м.кв болгож хуваасан.

Хариуцагч “...1000 м.кв газар дээр нийтийн эзэмшлийн зам дайрч өнгөрнө” гэдэг боловч авто зам, явган хүний замын чухам алиныг нь тавихаар болсныг одоог хүртэл нэг мөр тодорхойлоогүй. Энэ зүйл тодорхой болсон цагт манай компани цаашдын газар эзэмших үйл явцын төлөвлөлт, гүйцэтгэл нь тодорхой болно. Хэрвээ манай газрыг 2 хэсэг болгож хуваагаагүй байсан бол бидний газар эзэмших эрх хүчингүй болох нөхцөл үүсэхгүй байсан.

Дээрх үйл баримтыг шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэж заасны дагуу нотлох үүргээ хэрэгжүүлээгүй юм.

3.2.Хариуцагч Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.2-т “шуурхай, тасралтгүй байх” зарчмыг зөрчин 2019-2022 он хүртэл маргаан бүхий захиргааны актыг ямар шалтгааны улмаас гаргаагүй, түүнчлэн “газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” сонсох ажиллагааг 2020 онд гүйцэтгэсэн атлаа 2021, 2022 онуудад ямар үндэслэлээр газрын төлбөрийг нэхэмжлэгчээр төлүүлсэн эсэх нь ойлгомжгүй.

Өөрөөр хэлбэл хариуцагчийн хувьд сонсох ажиллагааны явцад нэхэмжлэгчээс гаргасан тайлбар, нотлох баримтыг үнэлээд газар эзэмших эрхийг хүчингүй болгох шаардлагагүй гэж үзсэн бөгөөд энэхүү дүгнэлтийг Захиргааны ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д “3ахиргааны байгууллагаас захиргааны шийдвэрийн хувийн хэргийг хөтлөх бөгөөд уг хувийн хэрэгт шийдвэр гаргах үйл ажиллагааны үндэслэл, үе шат, оролцогчийн санал, холбогдох баримт, сонсох ажиллагаа, уулзалт, хуралдааны тэмдэглэл, шийдэл, хүргүүлсэн, мэдэгдсэн баримт зэргийг бүрдүүлэн, архивт хадгална” гэж заасны дагуу 2019, 2020, 2022 оны баримтуудыг Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргуулах ажиллагааг гүйцэтгэж, захиргааны акт гаргах ажиллагаа 2019 оноос хойш тасралтгүй үргэлжлээд 2022 онд гарсан гэж үзэх нь тодорхойгүй.

Нөгөөтэйгүүр Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 27.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэж зааснаар 2019, 2020 онд хариуцагчаас сонсох ажиллагаа гүйцэтгээд, ингэхдээ нэхэмжлэгчийн өгсөн тайлбар, нотлох баримтыг хариуцагч үнэлээд газар эзэмших эрхийг хүчингүй болгох шаардлагагүй гэж үзээд 2022 оноос захиргааны акт гаргах ажиллагаа дахин эхлээд байгаа эсэхийг хэрэгт авагдсан баримтын хүрээнд шууд дүгнэх боломжгүй байсан тул шүүх Захиргааны ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д заасан хувийн хэргийг нотлох баримтаар зайлшгүй гаргуулах шаардлагатай байжээ.

Иймд дээрх үндэслэлүүдээр Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 18 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж өгнө үү” гэжээ.

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж тайлбарлаж байна.

ХЯНАВАЛ:

Давж заалдах гомдлын хүрээнд шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэл тогтоогдохгүй байх тул хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

1.Дархан-Уул аймгийн Засаг даргын 2014 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 281 дүгээр захирамжаар “А” ХК-д тус сумын 12 дугаар баг, 7 дугаар хорооллын нутаг дэвсгэрт 2500 м.кв газрыг орон сууц, үйлчилгээ, хүүхдийн цэцэрлэгийн зориулалтаар 2 жилийн хугацаатайгаар газар эзэмших эрхийг сэргээн, уг газрыг 1500 м.кв, 1000 м.кв-аар 2 хуваан нэгж талбар бүрт газар эзэмших эрхийн гэрчилгээ, олгож, гэрээ байгуулжээ.

Мөн Засаг даргын 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн А/174 дүгээр захирамжаар дээрх газрын эзэмших эрхийн гэрчилгээг 5 жилийн хугацаагаар сунгаж, улмаар 1000 м.кв газар эзэмших гэрээ болон гэрчилгээг хаяж үрэгдүүлсэн үндэслэлээр хүчингүйд тооцож, 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдөр дахин гэрчилгээ олгон гэрээ байгуулсан байна.

Гэтэл 2020 оны 8 дугаар сарын 4-ний өдөр нэхэмжлэгчээс 1500 м.кв болон 1000 м.кв газрын эзэмших эрхийг нийт 100 сая төгрөгөөр “А” ХХК-д шилжүүлэх гэрээ байгуулж, энэхүү гэрээний дагуу 1500 м.кв газрын эрхийг шилжүүлэх захирамж гарч, харин маргаан бүхий актаар 1000 м.кв газрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 жил дараалан ашиглаагүй, гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь Газрын тухай хуульд нийцсэн төдийгүй шүүхийн шийдвэрт энэ талаар хангалттай дүгнэжээ.

2.Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байхаар, 27.4-т хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглохоор тус тус заасан.

“…Засаг даргын захирамжаар олгосон 2500 м.кв газрыг 2 хувааж тус тусад нь гэрээ, гэрчилгээ олгоогүй байсан бол 1000 м.кв газрын эрхийн гэрчилгээ хүчингүй болохгүй байсан…” мэтээр давж заалдах гомдолд дурдсан боловч Дархан-Уул аймгийн ерөнхий архитекторын 2016, 2017 онд баталсан “А” ХК-ийн Модулятор дата төвийн паркийн эскизын төсөл, ажлын зурагт дата төв болон орон сууц, цэцэрлэгийн барилгын хоорондох нийтийн эзэмшлийн зам талбайг төлөвлөсөн, өөрөөр хэлбэл 2500 м.кв талбайгаас тусад нь нийтийн эзэмшлийн зам талбайг төлөвлөх зорилгоор эзэмшил газрыг 2 хуваан нэгж талбар үүсгэснээр нэхэмжлэгчид харин ч ашигтай нөхцөл байдлыг бий болгосон байна.

Мөн ерөнхий архитекторын баталсан Орон сууц, үйлчилгээ, хүүхдийн цэцэрлэгийн зориулалтаар олгосон газрын болон нэгж талбарын байршлын зурагт авто зам, ногоон байгууламж, явган хүний зам зэргийг маш тодорхой тусгасан байх тул “…авто зам юм уу, явган хүний зам юм уу, эсхүл аль аль нь юм уу гэдэг нь тодорхойгүй байснаас шалтгаалж 1000 м.кв газрын төлөвлөлт, гүйцэтгэл хийгдээгүй…газрыг 2 хуваасантай холбоотой баримтыг цуглуулаагүй…” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

Өөрөөр хэлбэл газрыг 2 хувааснаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэхээргүй байх тул энэ талаарх нотлох баримт цуглуулах нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй.

3.Нийт 2500 м.кв газрын тухайд 2014 онд эзэмшүүлснээс хойш Засаг даргын 2016 оны А/174 дүгээр захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг 5 жилээр сунгаж, мөн онд 1000 м.кв газар эзэмших эрхийн 000319837 тоот гэрчилгээ олгож, гэрээ байгуулсан, гэвч аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн А/17 дугаар тушаалаар энэхүү гэрчилгээг үрэгдүүлсэнтэй холбогдуулан хүчингүйд тооцож, уг тушаалыг үндэслэн өмнө дурдсанчлан 7 дугаар сарын 27-ны өдөр гэрчилгээг нөхөн олгож, гэрээ байгуулснаас үзэхэд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг анх гэрээ байгуулсан 2015 оны 4 дүгээр сарын 9-ний өдрөөс эхлэн тооцсоныг буруутгахгүй.

Түүнчлэн 2020 онд сонсох ажиллагаа хийгдсэнээс хойш нэхэмжлэгчээс газрын төлбөрийг шаардан төлүүлж байсан нь Газрын тухай хуулиар хүлээсэн газар эзэмшигчийн үүрэгтэй холбоотой болохоос бус маргаан бүхий захирамжтай хамааралгүй, анх 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдөр 16/03 дугаар Архитектур төлөвлөлтийн даалгавар батлуулсан ч бодит байдалд маргаан бүхий 1000 м.кв газарт ямар ч барилга байгууламжийн, газар шорооны ажил эхлээгүй болох нь шүүхийн үзлэг бусад нотлох баримтаар тогтоогдож буй энэ тохиолдолд “А” ХК-ийн “…гэрээ байгуулсан цагаас хойш газрыг зохих ёсоор ашигласан, ашиглахаар хичээсэн…” гэх тайлбарыг харгалзан шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэлгүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 18 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, өмгөөлөгч Б.Б нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.    

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

                                                                        

 

 

 

       ШҮҮГЧ                                                          Н.ХОНИНХҮҮ

 

                             ШҮҮГЧ                                                            Г.БИЛГҮҮН

 

                             ШҮҮГЧ                                                            Э.ЛХАГВАСҮРЭН