Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 1004

 

М.Бямбасүхийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Б.Нармандах, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШШ2017/00319 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: М.Бямбасүхийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Бэрэнмортгэйж ХХК-д холбогдох

 

Захиалгын орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээний дагуу алданги 10 692 000 төгрөг, хохирол 4 950 000 төгрөг, нийт 15 642 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Энхтуяа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Сэржмядаг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: Нэхэмжлэгч нь 2013.08.28-ны өдрийн гэрээгээр 21 600 000 төгрөгийг хариуцагчийн дансанд нь шилжүүлсэн. Мөн оны 12 сарын 02-нд  10 800 000 төгрөгийг төлсөн. Төлбөрийн үлдэгдэл 10 хувь буюу 3 600 000 төгрөгийг түлхүүр хүлээлцэхэд өгнө гэж тохирсон. ”Бэрэнмортгэйж” ХХК нь гэрээгээр  2014 оны 2-р улиралд орон сууцыг ашиглалтад оруулах байсан ч ашиглалтад ороогүй 2014 оны 6 сард юу ч хийгээгүй. Үүнээс хойш 1 улирлаар буюу 9 сар хүртэл хойшилж, 2014 он дууссан. Мөн 2015 оноос 1 сар, 2 сард орно гэсэн боловч мөн л ороогүй, ашиглалтад орох хугацаа  тодорхойгүй болсон. Гэрээний 5.4-т ашиглалтад орох хугацааг шинээр тогтооно, үүний дараа хугацааг дахин хойшлуулж хугацааг тохирно гэсэн боловч тогтоосон зүйл байхгүй. Мөн гэрээний 6.2-т хөрөнгө оруулагчийн гүйцэтгэсэн үнийн дүнгээс 0,1%-р алданги тооцно гэсэн. Бид байрны төлбөрийн 90 хувийг өгөөд 2 жил болсон. Бид нийт хойшилсон шалтгааныг хүндэтгэсэн үзэх шалтгаан гэж үзээд 2014 оны алданги тооцоогүй. Байраа хүлээж хотод ирээд байр хөлсөлж байсан, зөвхөн 2015 онд 1 жилийн байр хөлсөлсөн хохирлыг гаргуулахаар нэхэмжилсэн. Түүнчлэн 2015.12.03-ны өдөр түлхүүрээ аваад 10% дээр өргөдөл бичиж, үлдэгдэл 3 600 000 төгрөгийг алдангид тооцохыг хүссэн ч хүсэлтийг хүлээж аваагүй. Иймээс гэрээний 6.2-т заасан алданги, 2 жил байр түрээсэлсэн төлбөр нийт 15 640 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбаяр, Ц.Энхтүвшин нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талууд 2013.08.28-ны өдөр захиалгын орон сууцны хөрөнгө оруулалтын 7 тоот гэрээ байгуулсан. Гэрээний 2.2-т зааснаар орон сууцны төлбөрийг хэзээ төлөхийг зааж өгсөн. Орон сууцны түлхүүрийг 2015.12.03-ны өдөр хүлээлгэн өгсөн бөгөөд үлдэгдэл 3 600 000 төгрөгийг 2015.12.03-ны өдөр төлөх ёстой байсан ч төлөөгүй 53 хоног хоцорч 2016.01.25-ны өдөр төлсөн. Нэхэмжлэгч хугацаа хэтрүүлсэн. Түлхүүр авсан өдрөөс хойш 53 хоногийн хугацаа хэтрүүлснийг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрч байгаа. Гэрээний 6.3.2-т заасны дагуу захиалгын төлбөрийг зөрчиж төлж байсан бол гүйцэтгэгч тал алданги төлөх үүргээс чөлөөлөгдөнө. Мөн сууц хөлсөлсөн гэх 2 400 000 төгрөгийг нэхэмжлэгч тал нотлох баримтаар гаргаж өгөөгүй, дансны хуулга нь М.Сэржмядагийнх бөгөөд талархал гэсэн гүйлгээний утгатай, түрээсийн төлбөр мөн эсэх нь тодорхойгүй. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1,  222 дугаар зүйлийн 222.1, 222.7, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Бэрэн мортгэйж” ХХК-иас гэрээнийн дагуу алданги 10 692 000 төгрөг, хохирол 4 950 000 төгрөг нийтдээ 15 642 000 төгрөгийг гаргуулахыг хүссэн М.Бямбасүхийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 301 160  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Хан-Уул дүүргийн Татварын хэлтсээс илүү төлсөн 65 000 төгрөгийг гаргуулж М.Бямбасүхэд буцаан олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх  орон сууцыг хүлээлгэн өгөх хугацааг гэрээнд тодорхой заагаагүй, хугацааг шинээр тогтоогоогүй гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Гэрээний 5.3-т барилга барьж дуусах хугацааг тодорхой заасан, энэ хугацаанд орон сууц захиалагчид орон сууцыг хүлээлгэж өгөөгүй, шинэ хугацаа тогтоож нэхэмжлэгчид мэдэгдээгүй, хариуцагчийн гэрээний үүргээ биелүүлээгүй буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч хохирсон. Хариуцагч гэрээгээр хугацаатай үүрэг хүлээгээгүй гэж үзэж түүнийг нотолсон баримт байхгүй байгаад шүүх нотлох баримтыг зөв бодитой, эргэлзээгүй, үндэслэлтэй дүгнэж чадсангүй.

Гэрээний 5.4-т гүйцэтгэгчээс үл хамаарах шалтгаанаар орон сууцыг хүлээлгэн өгөх хугацаа хойшлогдсон тохиолдолд хөрөнгө оруулагчид мэдэгдэж уг хугацааг шинээр тогтоохоор талууд тохиролцсон боловч гүйцэтгэгч тал тодорхой хугацааг гаргалгүй 2 жил өнгөрч хөрөнгө оруулагчид хохирол учруулсан. Алдангийг талууд 0,1 хувиар тооцсон байхад шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дах заалтыг зөрчсөн гэж үзсэн.

 М.Бямбасүх нь БЗД-ийн 5-р хороо 15-р хороолол 46Б байрны 54 тоот хаягт байрлах 32 метр кв 1 өрөө орон сууцыг иргэн С.Хүдэрсүрэнтэй орон сууц хөлслөх гэрээ байгуулан 2015 оны 01 сарын 01-ээс 2015 оны 11 сарын 30 хүртэл хөлсөлж, сар бүр 450 000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцож гэрээг хийж, урьдчилгаанд 900 000 төгрөг, түлхүүрээ авахдаа 1 500 000 төгрөг бүгд бэлнээр 2 400 000 төгрөг, бусад төлбөр болох 2 550 000 төгрөгийг нөхөр С.Хүдэрсүрэнгийн ХААН банкны 5099996565 дугаарын данс руу М.Сэржмядагийн ХААН банкны 5028325557 дугаартай данснаас шилжүүлж байсан тухай гэрч Ц.Цэрэндулам мэдүүлсэн. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйн улмаас шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болоогүйг зөвтгөн өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

 

Нэхэмжлэгч М.Бямбасүх нь хариуцагч Бэрэнмортгэйж ХХК-д холбогдуулан гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйгээс тооцсон алданги 10 692 000 төгрөг, хохирол 4 950 000 төгрөг, нийт 15 642 000 төгрөг гаргуулахаар  шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч “...нэхэмжлэгч өөрөө хугацаа хэтрүүлсэн тул алданги төлөхгүй, орон сууц хөлсөлсөн талаар нотлох баримтгүй” гэж маргажээ.

 

Талууд 2013 оны 8 дугаар сарын 28-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, гүйцэтгэгч нь Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хангай хотхоны 502 дугаар байрны 88 тоотод байрлалтай 21.1 м.кв 1 өрөө орон сууцыг 2014 оны 2 дугаар улиралд ашиглалтад оруулах, захиалагч нь гэрээнд заасан хувиарийн дагуу 36 000 000 төгрөгийг төлөхөөр  тохиролцсон нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан гэрээний  харилцаа үүссэн тухайд анхан шатны шүүх зөв дүгнэжээ. /хх-ийн 5-8/

 

Гагцхүү шүүх талууд гэрээний үүргээ зохих ёсоор, хугацаанд нь гүйцэтгэсэн эсэхэд хэрэгт авагдсан баримтын хүрээнд зөв дүгнэлт хийж чадаагүй, алданги гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг зөв шийдвэрлээгүй байна. 

Ажил гүйцэтгэгч нь ажлын гүйцэтгэлийг хүлээлгэж өгөх хугацаа хойшлогдсон талаар нөгөө талдаа мэдэгдээгүй, талууд тохиролцож гэрээний хугацаа хойшлуулсан, сунгасан талаарх үйл баримт тогтоогдоогүй, харин гэрээгээр 2014 оны 2 дугаар улирал буюу 2014 оны 6 дугаар сарын 31-ний өдрийн дотор орон сууцыг хүлээлгэж өгөх ёстой байтал 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр түлхүүр хүлээлгэж өгсөн үйл баримт тогтоогджээ.

Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй байна.

 

Ажил гүйцэтгэгч нь орон сууцыг хугацаанд нь хүлээлгэн өгөөгүй, үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд ямар нэгэн үйлдэл хийгээгүй тул түүнийг хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ. Талууд гэрээндээ алдангийн талаар тохирсон байх бөгөөд алдангийн хэмжээг нэхэмжлэгчийн оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээгээр тодорхойлсныг буруутгах боломжгүй. Иймд нэхэмжлэгчийн оруулсан 32 400 000 төгрөгөөс хоногийн 0,1 хувийн алданги гаргуулахаар шаардсан нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзлээ. 

 

            Нэхэмжлэгч нь 2014 оны 2 дугаар улирлаас бус 2015 оны 01 дүгээр сараас алданги тооцсон бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд 10 692 000 төгрөгийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт зааснаар хариуцагчаас гаргуулж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.

           

Нэхэмжлэгч сүүлчийн төлбөр болох 3 600 000 төгрөгийг алдангид суутган тооцох саналыг хариуцагчид гаргаж байсныг хариуцагч үгүйсгээгүй, суутган тооцуулахаар түр хүлээж 53 хоног саатуулж 3 600 000 төгрөг төлсөн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй болно.

           

            Харин ажил гүйцэтгэгчийн гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирлыг захиалагч шаардах эрхтэй боловч өөрт хохирол учирсан болохыг эргэлзээгүй баримтаар нотолж чадаагүй байх тул уг шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь зөв болжээ.

           

            Учир нь М.Бямбасүх нь байр хөлсөлж байсан талаарх үйл баримт тогтоогдсон хэдий ч орон сууц хөлслөх гэрээ болон төлбөр төлж байсан талаарх баримтууд нь маргаанд хамааралгүй буюу М.Сэржмядагт шилжүүлсэн төлбөр нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад хэрхэн хамааралтай болох нь тодорхойгүй, нэхэмжлэгч нь энэ  шаардлагаа Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотолж чадаагүй болно.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШШ2017/00319 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Бэрэнмортгэйж ХХК-иас 10 692 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч М.Бямбасүхэд олгож, үлдэх 4 950 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, тогтоох хэсгийн 2 дах заалтын “65 000 төгрөгийг” гэсний дараа “хариуцагч Бэрэнмортгэйж ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 186 022 төгрөгийг тус тус” гэж нэмж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Сэржямдагийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 236 160 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.БАТЗОРИГ

                 ШҮҮГЧИД                                     Б.НАРМАНДАХ

                                                                        Ш.ОЮУНХАНД