Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 00319

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

           Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Цээл сумын 1 дүгээр багт  оршин суух, Мянгад овогт Мөнхийн Бямбасүх /РД:ФБ66082856/-ийн  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн Чингисийн өргөн чөлөө, Үйлдвэр 15 дугаар хороо, 50 дугаар байрны 15 давхарт байрлах “Бэрэнмортгэйж” ХХК-д  холбогдох,

захиалгын орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээний дагуу алданги 10 692 000 төгрөг, хохирол 4 950 000 төгрөг нийтдээ 15 642 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Сэржмядаг, түүний өмгөөлөгч Б.Энхтуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхтүвшин, Б.Мөнхбаяр, нарийн бичгийн дарга М.Тайванжаргал нар оролцов.

           

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Сэржмядаг шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч  нь 2013.08.28-ны өдөр захиалгын орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээг хийсэн. Хийсэн өдрөө шууд 21 600 000 төгрөгийг бэлнээр дансанд нь шилжүүлсэн. Мөн оны 12 сарын 02-нд үлдэгдэл 10 800 000 төгрөгийг өгсөн. Ингээд 90%-г өгөөд дараа оны 6 сард байрыг ашиглалтад орно гэсэн тул хүлээж байсан. Төлбөрийн үлдэгдэл 10 хувь буюу 3 600 000 төгрөгийг түлхүүр хүлээлцэхэд өгнө гэж тохирсон.”Бэрэнмортгэйж” ХХК-ийн хувьд 2014 оны 2-р улиралд орон сууцыг ашиглалтад оруулна гэж гэрээ хийсэн боловч байр ашиглалтад ороогүй 2014 оны 6 сард юу ч хийгээгүй. Үүнээс хойш 1 улирлаар буюу 9 сар хүртэл хойшилсон. Дараа нь дахиад 1 улирал хойшлоод ороогүй. Ингээд 2014 он дууссан байгаа. 2015 оноос 1 сар, 2 сард орно гэсэн боловч мөн л ороогүй, ашиглалтад орох хугацаа нь тодорхойгүй болсон. Гэрээний 5.4-т ашиглалтад орорх хугацааг шинээр тогтооно,  үүний дараа хугацааг дахин хойшлуулж хугацааг тохирно гэсэн боловч тогтоосон зүйл байхгүй. Мөн гэрээний 6.2-т хөрөнгө оруулагчийн гүйцэтгэсэн үнийн дүнгээс 0,1%-р алданги тооцно гэсэн. Бид байрны төлбөрийн 90 хувийг өгөөд 2 жил болсон. Бид нийт хугацааны хойшилсон шалтгааныг хүндэтгэсэн үзэх шалтгаан гэж үзээд 2014 оны алданги тооцохгүй байгаа. Байраа хүлээж хотод ирээд байр хөлсөлж байсан, зөвхөн 2015 онд 1 жилийн байр хөлсөлсөн  хохирлыг гаргаж өгөөч гэж хүсэж байгаа. 2015.12.03-нд түлхүүрээ аваад 10% дээр өргөдөл бичсэн, үлдэгдэл  3 600 000 төгрөгийг алдангид тооцохыг хүссэн хүсэлтийг хүлээж аваагүй. Иймээс гэрээний 6.2-т заасан алданги болон 2 жил байр түрээсэлсэн төлбөр нийт 15,640,000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

 

            Хариуцагчийн төлөөлөгч Ц.Энхтүвшин шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч Бямбасүх болон хариуцагч “Бэрэнмортгэйж” ХХК-ийн хооронд 2013.08.28-нд захиалгын орон сууцны хөрөнгө оруулалтын 7 тоот гэрээ байгуулагдсан. Энэ гэрээний дагуу 2.2-т заасны дагуу орон сууцны  төлбөрийг хэзээ төлөхийг зааж өгсөн байна. Эхний 2 хугацааны тухайд маргаан байхгүй, нэхэмжлэгч тал мөнгөө шилжүүлсэн байгаа. Орон сууцны түлхүүрийг 2015.12.03-ны өдөр хүлээлгэн өгсөн бөгөөд төлбөрийн үлдэгдэл  3 600 000 төгрөгийг 2015.12.03-ны өдөр төлөх ёстой байсан ч төлөөгүй 53 хоног хоцорч 2016.01.25-ны өдөр төлсөн. Энэ нь Иргэний хуулийн 222.1, 222.1.1 дэх хэсэгт үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тул нэхэмжлэгч талыг  хугацаа хэтрүүлсэн байна гэж үзсэн. Түлхүүр авсан өдрөөс хойш 53 хоногийн хугацаа хэтрүүлснийг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрч байгаа болно. Мөн  гэрээний 6.3.2-т заасны дагуу захиалгын төлбөрийг зөрчиж төлж байсан бол гүйцэтгэгч тал алданги төлөх үүргээс чөлөөлөгдөнө гэж заасан байна. Үүний дагуу манай тал алданги төлөх үүргээс чөлөөлөгдөж байгаа. Орон сууц хөлслөх гэрээний хувьд эх хувиар гаргаж өгөөгүй хуулбарыг гаргаж өгсөн. Мөн гэрч асуулгахад төлбөрийг бэлнээр төлсөн гэх 2 400 000 төгрөгийг нэхэмжлэгч тал нотлох баримтаар гаргаж өгөөгүй ба 2 550 000 төгрөгийг төлсөн гэх дансны хуулга нь Сэржмядагын нэрээр гарч ирсэн байдаг. Сэржмядагын дансны хуулгийг хархад талархал гэсэн гүйлгээний утгатай, тухайн гүйлгээний утга нь түрээсийн эсэх нь тодорхойгүй байсан. Мөн түрээслэгч гэж үзэж байгаа бол түрээсийн төлбөрийг Бямбасүх өөрөө төлөөгүй байгаа. Мөн түрээсийн гэрээ, орон сууц хөлслөх гэрээ нь хоорондоо ялгаатай бөгөөд түрээсийн гэрээ нь ашиг олох зорилготой байдаг бол орон сууц хөлслөх гэрээ нь амьдрах зорилготой байдаг. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.

                                                                                                            ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэгч М.Бямбасүхийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгч М.Бямбасүх нэхэмжлэлдээ “...захиалгын орон сууцыг хүлээлгэн өгөх хугацааг хэтрүүлсэн 2015.01.01-нээс 2015.12.02-ныг хүртэл 330 хоногоор тооцож 32 400 000 төгрөгнөөс 0,1 хувийн алданги тооцон 10 692 000 төгрөг, мөн 2015.01.01-нээс 2015.11.30-ныг хүртэл байр хөлсөлж хохирсон 4 950 000 төгрөг нийтдээ 15 642 000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

 

Хариуцагч “Бэрэнмортгэйж” ХХК нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөөгүй байна.

 

Хэрэгт авагдсан бичгийн баримтуудаас үзэхэд М.Бямбасүх нь 2013.08.28-ны захиалгын орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээг  “Бэрэнмортгэйж” ХХК-тай байгуулсан, энэ гэрээний дагуу Сүхбаатар  дүүргийн 11 дүгээр хороо, Хнагай хотхоны 502 дугаар байрны 88 тоотод байрлалтай 21.1 м/кв 1 өрөө орон сууцыг 36  000 000 төгрөгийн төлбөртэй захиалгаар бариулахаар тохирсон байна.

 

Гэрээний 2.2-т орон сууцны төлбөрийг гэрээ байгуулсанаас хойш хуанлийн 2 өдөрт багтаан нийт үнийн 30 хувь буюу 21 600 000 төгрөгийг, 2013.12.02-ны өдөр 10 800 000 төгрөгийг, орон сууцны түлхүүр хүлээлгэн өгөх өдрийн дотор  үлдэх 3 600 000 төгрөгийг тус тус төлөхөөр тохирсон байна.

Тохирсоны дагуу нэхэмжлэгч тал 2013.08.28-нд 21 600 000 төгрөг, 2013.12.02-нд 10 800 000 төгрөгийг  төлсөн болох нь талуудын тайлбар, Төрийн банкны орлогын баримт, Хадгаламж банкны орлогын мэдүүлэг зэргээр тогтоогдсон байна.

Гэрээ байгуулсан, төлбөр төлөх хугацааг тохирсон, урьдчилгаа төлбөр төлөгдсөн, орон сууцны түлхүүрийг 2015.12.03-нд хүлээн авсан  талаар талууд маргаагүй байх бөгөөд орон сууцыг хүлээлгэн өгөх хугацааг сунгасан эсэх, гэрээнд заасан алдангийг хариуцагч тал  төлөх үндэслэлтэй эсэх талаар маргажээ.

Талуудын хооронд байгуулсан гэрээний 5.3-т “барилгыг барьж дуусгахаар төлөвлөж байгаа өдөр 2014 оны 2 дугаар улирал” гэж зааснаас  үзэхэд  орон сууцыг захиалагчид хүлээлгэн өгөх хугацааг  тодорхой тогтоогоогүй байна гэж дүгнэлээ.

Мөн гэрээний 5.4-т гүйцэтгэгчээс үл хамаарах шалтгаанаар орон сууцыг хүлээлгэн өгөх хугацаа хойшлогдсон тохиолдолд хөрөнгө оруулагчид мэдэгдэж, уг хугацааг шинээр тогтоохоор талууд тохиролцсон байна.

Дээрх заалтын дагуу орон сууц хүлээлгэн өгөх хугацааг  шинээр тогтоосон талаар нотлох баримт байхгүй, гэрээний энэ  заалт хэрэгжээгүй  болохыг   шүүх хуралдааны явцад талууд хүлээн зөвшөөрсөн болно.

Нэхэмжлэгч тал гэрээний 6.2-т зааснаар  “орон сууц хүлээлгэн өгөх хугацааг шинээр тогтоогдсоны дараа орон сууц хүлээлгэн өгөх хугацаа дахин  хойшилсон тохиолдолд гүйцэтгэгч тал нь хугацаа хэтэрсэн хоног тутамд хөрөнгө оруулагчийн гүйцэтгэсэн мөнгөн дүнгийн 0.1 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг хөрөнгө оруулагчид төлнө” гэсэн заалтын дагуу хугацаа хэтрүүлсэн  хоногийг 2015.01.01-нээс 2015.12.02-ныг хүртэл 330 хоногоор тооцож 32 400 000 төгрөгнөөс 0,1 хувийн алданги тооцон 10 692 000 төгрөгийг хариуцагчаас шаардсан нь үндэслэлгүй байна.

 

Учир нь захиалагчид орон сууц хүлээлгэн өгөх хугацааг гэрээнд тодорхой тусгаагүй, гэрээний 5.4-т заасны дагуу уг хугацааг шинээр тогтоогоогүй байх тул Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1, 222.1.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн, үүргээ хугацаанд нь биелүүлээгүй болохыг өөрөөр хэлбэл хэтрүүлсэн хугацааг тогтоож тооцох боломжгүй байна.

 

Нөгөөтэйгүүр талуудын хооронд алданги төлөхөөр тохирсон гэрээний  6.2-т заасан нөхцөл, алданги тооцох  хэмжээ нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан “...алдангийг хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоох” хуулийн заалтад нийцэхгүй байна.

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн бөгөөд гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байдаг, мөн хуулийн 348 дугаар зүйлийн 348.1 дэх хэсэгт зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол ажил гүйцэтгэх гэрээний хугацааг талууд тохиролцон тодорхойлох байсан байна.

 

Талууд гэрээндээ хугацааг тодорхойлсон тохиолдолд гүйцэтгэгч талыг хугацаа хэтрүүлсэн эсэхийг тогтоож,  Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7 дахь хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлсэнээс учирсан хохирлыг арилгуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй байна.

 

Нэхэмжлэлд дурдсанаар “орон сууцны түлхүүрийг хүлээлгэн өгөөгүйн улмаас 2015.01.01-нээс 2015.11.30-ныг хүртэл хугацаанд байр хөлсөлж байсан” гэх 4 950 000 төгрөгийг хохиролд тооцсон байх боловч  нэхэмжлэгч М.Бямбасүх нь Улаанбаатар хотод ажил хийж, өөр хүмүүсийн хамт байр хөлслөн амьдарч байсан талаар нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Сэржмядаг шүүх хуралдаанд тайлбарласан болно.

Нэхэмжлэгч М.Бямбасүх гэр бүлийн хамт Говь-Алтай аймгийн Цээл сумын 1 дүгээр багт оршин суудаг байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2, 25.2.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, тайлбараа өөрөө нотлох, нотлох баримтыг гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд М.Бямбасүх нь энэ үүргээ биелүүлж  чадаагүй, түүний нэхэмжлэлийн шаардлага нь хуулийн үндэслэлгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2 дахь хэсэгт зааснаар 15 642 000 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагад 236 160 төгрөг төлөх байтал нэхэмжлэгч нь 301 160 төгрөг төлсөн байх тул Хан-Уул дүүргийн Татварын хэлтэсээс илүү төлөгдсөн 65 000 төгрөгийг гаргуулж М.Бямбасүхэд буцаан олгох нь зүйтэй гэж үзлээ.    

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

                                                                                                        ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1,  222 дугаар зүйлийн 222.1, 222.7, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Бэрэн мортгэйж” ХХК-иас гэрээнийн дагуу алданги 10 692 000 төгрөг, хохирол 4 950 000 төгрөг нийтдээ 15 642 000 төгрөгийг гаргуулахыг хүссэн М.Бямбасүхийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар  нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид  төлсөн 301 160  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Хан-Уул дүүргийн Татварын хэлтэсээс илүү төлсөн 65 000 төгрөгийг гаргуулж М.Бямбасүхэд буцаан олгосугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж залдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                      Д.ЭНХЦЭЦЭГ