Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 1023

 

Ц.Гэрэлтуяагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Туяа даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 181/ШШ2017/00348 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Ц.Гэрэлтуяагийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох

 

Эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Мөнгөнцэцэг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Гэрэлтуяагийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 57-р байр, 109 тоотод байрлах 36 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулахаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас хөндлөнгийн шинжээч томилон үнэлүүлэхэд 51 802 300 төгрөгөөр үнэлсэн. Гэтэл уг байрны зах зээлийн ханш 70 000 000 төгрөг байна. Иймд  51 802 300 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнгөнцэцэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 7817 дугаар шийдвэрээр Ц.Гэрэлтуяагаас 35 000 000 төгрөгийг гаргуулж “Проадд” ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Ц.Гэрэлтуяад шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч мэдэгдлийн хугацаанд төлбөрөө төлөөгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Хан-УУл дүүргийн 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө 57 дугаар байрны 109 тоот 36 м.кв нэг өрөө орон сууцыг 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдөр битүүмжилж, 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хураан авсан.

 Ц.Гэрэлтуяад үнийн санал өгөхийг мэдэгдэхэд санал өгөхөөс татгалзсан тул хөндлөнгийн шинжээч томилон “Итгэлт эстимэйт” ХХКомпаниар үнэлүүлж 51 802 300 төгрөгөөр үнэлснийг 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 3/34644 дүгээр албан бичгээр баталгаат шуудангаар хүргүүлсэн. Үнийн 70 хувиар тооцон 36 261 610 төгрөгөөр дуудлага худалдааны доод үнийг тогтоон анхны албадан дуудлага худалдаанд 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр оруулах талаар төлбөр төлөгчид 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 3/35126 дугаартай мэдэгдлийг итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баяржаргалд гардуулан өгсөн. Анхны албадан дуудлага худалдаанд 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр оруулахад үнийн санал ирээгүй худалдан борлогдоогүй. Хоёр дахь албадан дуудлага худалдаанд үнэлэгдсэн үнийн 50 хувиар 25 901 150 төгрөгөөр дуудлага худалдааны доод үнийг тогтоон 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр оруулахаар нийтэд мэдээлсэн. Хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулахыг 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн  мэдэгдлийг итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баяржаргалд гардуулан өгсөн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжпэлийг  хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.1.6, 37 дугаар зүйлийн 37.2.2 дахь заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Гэрэлтуяагийн хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан гаргасан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 51 802 300/тавин нэгэн сая найман зуун хоёр мянга гурван зуу/ төгрөгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч Ц.Гэрэлтуяагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Ц.Гэрэлтуяа нь давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хөндлөнгийн шинжээч 51 802 300 төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн үнээс хэт доогуур байна. Зах зээлийн үнэ 70 000 000 төгрөг байгаа гэдэг нь нийтийн дурын зарын сүлжээнээс харахад тодорхой байх бөгөөд дахин хөндлөнгийн шинжээч томилох хүсэлт гаргахад хүлээж авалгүй хэргийг шууд шийдвэрлэсэнд гомдолтой. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Ц.Гэрэлтуяа нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч “...төлбөр төлөгч үнийн саналаа ирүүлээгүй тул хөндлөнгийн шинжээч томилсон, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан” гэж маргажээ.

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 7817 дугаар захирамжаар нэхэмжлэгч Ц.Гэрэлтуяагаас 35 332 950 төгрөгийг гаргуулж Проадд ББСБ ХХК-д олгож, шийдвэрлэжээ. /х.х-ийн 16-18/

 

Төлбөр төлөгч Ц.Гэрэлтуяа нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй байх тул төлбөр авагчийн хүсэлтээр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх захирамж гарч, шүүхийн гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, Ц.Гэрэлтуяагийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэр-2, Чингисийн өргөн чөлөө, 57 дугаар байрны 109 тоот орон сууцыг 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 137/01 тоот тогтоолоор битүүмжилж, 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 178 тоот тогтоолоор шинжээч томилжээ. /хх-ийн 32-34, 43/

 

Төлбөр төлөгч Ц.Гэрэлтуяа нь дуудлага худалдаагаар худалдан борлуулах эд хөрөнгийн санал болгох доод үнийг харилцан тохиролцоогүй, үнийн санал өгөхөөс татгалзсан байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.2-т заасны дагуу шинжээч томилж, үнэлгээ тогтоосныг буруутгах боломжгүй.

 

Нэхэмжлэгч нь тухайн үл хөдлөх хөрөнгийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэх боловч энэ талаарх баримтыг шүүхэд гаргаагүй, өөрийн шаардлага, үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотолж чадаагүй болно.

 

Анхан шатны шүүхээс энэ талаар хийсэн дүгнэлт зөв боловч хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дах хэсэгт заасныг баримтлан шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 181/ШШ2017/00348 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.1.6, 37 дугаар зүйлийн 37.2.2” гэснийг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Гэрэлтуяагийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Т.ТУЯА

ШҮҮГЧИД                                                      А.ОТГОНЦЭЦЭГ

                                                                       Ш.ОЮУНХАНД