Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 00020

 

 

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                            

 

 

 2018        05             03                                           2018/ДШМ/20

 

Ш.Бд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн,  шүүгч Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй,

Прокурор: Л.О,

Шүүгдэгч: Ш.Б,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: В.Эд,

Хохирогч: Н.Э,

Хохирогчийн өмгөөлөгч: П.Э,

Нарийн бичгийн дарга: Х.Золжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 75 дугаар шийтгэх тогтоолтой Ш.Бд холбогдох 201722000241 дугаартай эрүүгийн хэргийг хохирогч, шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, У овогт Ш-ын Б, …. оны ...дүгээр сарын ...-ны өдөр төрсөн, … настай, эрэгтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар: .................../.

Шүүгдэгч Ш.Б нь 2017 оны 5 дугаар сарын 09-10-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 11-32-08 тоотод хохирогч Р.Мыг хүүхэд зодлоо гэх шалтгаанаар толгойн тус газар нь модоор цохиж алсан гэмт хэрэгт холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 75 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Урианхан овогт Шаравжавын Баттөрийг хүнийг алах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Шаравжавын Баттөрийг 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Бд оногдуулсан 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Бийн цагдан хоригдсон 85 /наян тав/ хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,  508 дугаар зүйлийн 508.1-т зааснаар шүүгдэгч Ш.Бөөс 8.165.450 /найман сая нэг зуун жаран таван мянга дөрвөн зуун тавь/ төгрөг гаргуулж хохирогч Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14-19-08 тоотод оршин суух Н.Э /ТЕ71030164/-т олгож, Эрүүгийн 201722000241 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн станцын суурь төмөр, 80 см урттай мод зэргийг устгахыг тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогч Н.Э нь сэтгэл санааны хохирол 50.000.000 /тавин сая/ төгрөгийн хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар шүүгдэгч Ш.Бөөс нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж, Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Бд урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэжээ.

Хохирогч Н.Э давж заалдах гомдолдоо: ... Талийгаач нь 2017 оны 5 дугаар сарын 09-ний орой 23 цаг 40 минутын орчим энэ хэрэгт гэрч гэгдэх таксины жолооч Б.Батчулуун, мөн Нямханд гэгч эмэгтэйтэй цуг 11-32-08 тоот үүдэн дээр очиж зогсоод Нямханд гэдэг эмэгтэй тэр айл руу ороод гарч ирэхгүй болохоор нь хүлээж байгаад араас нь орсон байдаг. Энэ үед талийгаач архи хэрэглээгүй эрүүл явсан гэсэн дүгнэлт гарсан байдаг. Талийгаач нь мотоцикль хулгай хийх хүн биш гэдгийг батлан хэлнэ. Гэтэл талийгаачийн үйлдлийг үнэнээр гэрчлэх хүн тэр газар байгаагүй учраас буруутай үйл ажиллагаа хийсэн мэтээр гүтгэж шүүгчид энэ тайлбарыг үндэслэн шийдвэр гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.Мөн хэргийн газраас оргон зайлж, цохиж алсан модоо шатааж устгасан, цусыг нь арчсан даавуугаа хүртэл шатаасан. Мөн 20-30 минутын өмнө гэрийнхэнтэйгээ харьцаж байсан Noka маркийн гар утсыг устгасан байдаг. Шүүхийн шинжилгээний албаны шинжээч албаны шинжээч эмч Р.Ням-Осорын 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 56 тоот дүгнэлтэд: Р.Мын биед баруун зулай чамархай хэсгийг хамарсан хатуу хальсны дээрх, доорх цус хуралт, баруун чамархайн дэлбэнгийн зөөлөн бүрхүүл доорх цус хуралт, баруун зүүн чамархайн дэлбэнгийн гуравдугаар зэргийн няцрал, суурь ясны хугарал, дух, баруун зулай, дагз хэсгийн хуйхан доорх цус хуралт бүхий гэмтэл мөн зүүн гарын буглагны 4 ширхэг зулгаралт, зүүн мөрөн дээрх зулгаралт гэх гэмтлүүдээс үзэхэд Ш.Б нь 1 удаагийн цохилтоор цохиж амь насыг нь бүрэлгэсэн гэж үзэхгүй байна. Санаатайгаар амь насыг нь бүрэлгэхийн тулд том банз модоор олон удаа цохиж үхэлд хүргэсэн байхад энэ алуурчны үгээр мөн хамтран амьдрагч Б.Оюунтөгс гэгч хүнтэй үгээ тааруулж ярьснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдалд авч үзсэн байна. ...Энэ хэргийг тухайн үед насанд хүрээгүй гэрчүүдийн хэлж байгаагаар Ш.Б нь энэ хэргийг ганцаараа үйлдээгүй, эхнэр Б.Оюунтөгс, хүү Ш.Бямба-Очир нартайгаар хамтран үйлдсэн байх магадлал маш өндөр. Бид энэ талаар шалгаж өгнө үү гэж мөрдөн байцаах шатанд удаа дараа гомдол гаргасан боловч хүсэлтийг хангаагүй. ... Иймд Ш.Б нь манай талийгаачийг эхнэр Б.Оюунтөгс, хүү Ш.Бямбадоржтойгоо бүлэглэн зодож амь насыг нь хохироосон гэж үзэж байгаа тул дахин шалгуулж өгнө үү. Мөн гэрч Б.Оюунтөгсөөс хууль сануулж мэдүүлэг авахад удаа дараа худал мэдүүлэг өгсөн байгаа тул эрүүгийн хариуцлага хүлээлгэж өгнө үү.

Мөн хэрэг болсон үйл явдлыг харж байсан насанд хүрээгүй гэрчүүдийг, хүүхдүүдийн эцэг болох Нямхүү, Нямхүүгийн ээж, Нямхүүгийн том охин Оюунням зэрэг хүмүүсийг гэрчээр асуулгах хүсэлтийг хангахгүй 5, 6 сар болсон зэрэг нь уг хэргийг хөнгөрүүлэх шалтгаан болсон учир Ш.Бд оногдуулсан 8 жилийн хорих ял хөнгөдөж байна гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч В.Эд давж заалдах гомдолдоо: ... Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “Шүүгдэгч Ш.Б нь 2017.05.09-10-нд шилжих шөнө хохирогч Р.Мыг хүүхэд зодлоо гэх шалтгаанаар толгойн тус газар нь модоор цохиж алсан болох нь ... нотлогдож тогтоогдсон байх тул” гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.2, 1.1 дүгээр зүйлийн 1-д заасан үндэслэлд хамаарч, 1.7 дугаар зүйлийг зөрчсөн гэж үзэх үндэслэл болж байна. Ш.Бийг ганцхан дээр дурдсан шалтгаанаар гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй. Учир нь 2017.05.09-нөөс 10-нд шилжих шөнө хохирогч Р.М нь согтуугаар Ш.Бийн гэрийн хаалгыг татаж, цохиж гэр бүлийн амгалан тайван байдлыг алдагдуулан улмаар гэрийн гадна байсан мотоциклийг нь авч явахыг завдсан ба энэ үйдлийг нь таслан зогсоох гэсэн Б.Бямба-Очирыг төмөрөөр нуруун тус газарт нь олон удаа цохисоноос гадна гэмтэлтэй гар дээр нь дэвсэх байдлаар зодож биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан дээрх хууль бус үйдлийг нь таслан зогсоож түүнийг явуулахыг оролдсон Ш.Бийн эсрэг хүч хэрэглэн мөр төмөрөөр цохиж биед нь хөнгөн гэмтэл учруулсан ба энэ довтолгоогоо үргэлжлүүлэн “ална” хэмээн амь биед нь заналхийлэн гэмт хэрэг үйлдэх явцад нь Ш.Бийн сэтгэл санааны хэвийн байдал алдагдан модоор цохисон гэж дүгнэж байна. Тиймээс ч Б.Бямба-Очир, Ш.Б нарыг хохирогчоор тогтоож байцаасан ба Р.Мд холбогдох хэргийг прокурорын 2017.10.15-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон хэрэгсэхгүй болгосон байдаг. Тогтоолын тодорхойлох хэсэгт “Хохирогчийн зүй бус үйлдлээс болж гэмт хэрэг үйлдсэн” гэж дүгнэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд байдалд тооцжээ. Хохирогчийн үйлдэл нь түүнийг нотолсон нотлох баримтуудаар Ш.Бийн үйлдлийг зүйчлэх эрүүгийн хуулийн зүйл, хэсгийг шүүгдэгчид ашигтайгаар сонгож хэрэглэхэд шууд нөлөөлөх нөхцөл байдал болохоор байхад эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх шалтгаан төдийгөөр дүгнэсэн нь Ш.Бийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял шийтгэлийг шударгаар оногдуулахад сөргөөр нөлөөлж хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэхэд хүргэсэн.

Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Р.Ням-Осорын гаргасан 2017.06.02-ны өдрийн 56 дугаар дүгнэлтийн 4-т “Уг гэмтлүүд нь шууд үхэлд хүргэсэн” гэж дурдсан байх боловч хохирогч нь 2017.05.09-ний 23-24 цагийн хооронд аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдэн эмчлэгдэж байгаад 3 хоногийн дараа буюу 2017.05.12-ны 03 цаг 30 минутад нас барсан байдаг. Тиймээс шууд үхэлд хүргэсэн гэмтэл гэдэг нь эргэлзээтэй байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан заалт зөрчигдсөн байхад энэ байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулан эргэлзээтэй нотлох баримтанд үндэслэж Ш.Бийн эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр гаргаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан заалтыг зөрчсөн. ... Шийтгэх тогтоолын удиртгал хэсгийн төгсгөлд “Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад” гээд тодорхойлох хэсгийн эхэнд Ш.Бөттөрийн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн “... Хаана цохисон гэдгээ мэдээгүй. Би тэр хүнийг яаж газарт унасныг мэдээгүй, сандарч тэвдэж айсан байсан” гэсэн мэдүүлгийг өөрийнх нь эсрэг “хүнийг алах” гэмт хэргийн яллах нотлох баримт гэж ашигласан нь ойлгомжгүй болсон. Мөн өмгөөлөгчийн саналын үндэслэл болсон баримтыг няцаан үгүйсгэсэн үндэслэлээ тусгаагүй байна. Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан хэргийн бодит байдалд нийцүүлэн ялыг хөнгөрүүлж өгнө үү гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгч болон хохирогчийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Ш.Б нь 2017 оны 5 дугаар сарын 09-10-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 11-32-08 тоотод хохирогч Р.Мыг хүүхэд зодлоо гэх шалтгаанаар толгойн тус газар нь модоор цохиж алсан гэмт хэргийг үйлдсэн болох нь гэмт хэргийн тухай гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2017 оны 5 дугаар сарын 17-ны 321 дугаартай шинжээчийн дүгнэлт, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд, Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 56 дугаартай шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд зэрэг хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогджээ.

Шүүгдэгч Ш.Бд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан байх ба мөрдөн шалгах болон шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна. Анхан шатны шүүхээс Ш.Бийг хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж шийдвэрлэсэн нь гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон байна.

Иймд хохирогч Н.Эийн “...мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэт хийгдээгүй, шүүгдэгчид оногдуулсан ял хөнгөдсөн...” гэх үндэслэлээр, шүүгдэгч Ш.Бийн өмгөөлөгч В.Эдын “...шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн тул шүүхийн шийдвэрийг өөрчлөн хэргийн бодит байдалд нийцүүлэн хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэх агуулга бүхий  давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Анхан шатны шүүх амь хохирогчийн оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг нэхэмжилсэн хохирогч Н.Эийн гаргасан шаардлагын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийн хохирлын хэмжээг тооцож гэм хорын хохиролд 8 165 450 /найман сая нэг зуун жаран таван мянга дөрвөн зуун тавь/ төгрөгийг хохирогч Н.Эт олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд хохиролд 5 500 000 /таван сая таван зуун мянга/ төгрөг төлсөн талаарх нотлох баримтыг шүүгдэгчийн өмгөөлөгч гаргаж өгсөн ба хуралдаанд оролцсон хохирогч Н.Э гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохиролд нийт 6 100 000 /зургаан сая нэг зуун мянга/ төгрөг авсан талаараа мэдүүлснийг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, 2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 75 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Н.Э болон шүүгдэгчийн өмгөөлөгч В.Эд нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2, 3-т зааснаар шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                       Б.СОСОРБАРАМ

                ШҮҮГЧИД                                                           Ё.БЯМБАЦЭРЭН

                                                                                            Н.БАЯРХҮҮ