Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2019/00557

 

Д.Уийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2018/02144 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 2399 дугаар магадлалтай, 

Д.Уийн нэхэмжлэлтэй

М Д ХК-д холбогдох, 

Даатгалын нөхөн төлбөрт 32 380 000 төгрөг, нөхөн төлбөр төлөх хугацаа хэтрүүлсний алданги 16 980 000 төгрөг, хохирлын үнэлгээний төлбөр 1 437 500 төгрөг буюу нийт 50 797 500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.М-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Оюунсайхан, нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн В.М-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Д.У нь Киа Грандбирд маркийн 89-89 УБО улсын дугаартай тээврийн хэрэгслийг 45.000.000 төгрөгөөр худалдаж авсан. Үүнээс 20.000.000 төгрөгийг Ивээл Инвест ББСБ ХХК-аас 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр зээлийн гэрээ байгуулж авсан. Тээврийн хэрэгслийг М Д ХК-д тээврийн хэрэгслийн даатгалд хамруулж 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр 1 жилийн хугацаатай даатгалын гэрээ байгуулсан. Даатгалын гэрээний 2 дугаар зүйлд даатгалын зүйлийн ямар төрлийн эрсдэлээс даатгах талаар тусгаж өгсөн бөгөөд гэрээний 2.4-т даатгалын эрсдэлд хамаарахгүй хохирлуудыг даатгагчаас тодорхойлсон. 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 5 цагийн орчим Булган аймгийн Бугат сумын Цачиртын гүүр гэх газар тухайн тээврийн хэрэгслийг жолоодож байсан Б.Рагчаа нь Улаанбаатар хотоос Хөвсгөл аймгийн чиглэлд жолоодож яваад осол гарч даатгалын гэрээний 2.1.3.с, 2.2.2-д заасан эрсдэлийн улмаас даатгагдсан тээврийн хэрэгсэлд хохирол учирч бүрэн сүйрсэн бөгөөд тээврийн хэрэгслийг цаашид үндсэн зориулалтаар нь ашиглах боломжгүй болсон. Булган аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн гаргасан дүгнэлтээр тээврийн хэрэгслийг жолоодож байсан Б.Рагчаа нь Замын Хөдөлгөөний дүрмийн 2.7.а дахь заалтыг зөрчсөн гэж тогтоосон. Д.У нь Даатгалын тухай хууль, даатгалын гэрээний дагуу М Д ХК-аас нөхөн төлбөр авахаар материалаа бүрдүүлж өгсөн боловч даатгалын гэрээний нөхцөлийг зөрчиж, 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 18/236 тоот албан бичгээр даатгалын нөхөн төлбөрийг даатгалын гэрээний 2.4.5-д зааснаас бусад шалтгаанаар гарсан хохирол гэж үзнэ гэх үндэслэлээр нөхөн төлбөр олгохоос татгалзсан. Гэтэл талуудын хооронд байгуулсан тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний 2.4.5-д жолооч эм хэтрүүлэн хэрэглэсэн, согтууруулах ундаа, мансууруулах эсвэл сэргээх үйлчилгээтэй бодис хэрэглэснийг мэргэжлийн байгууллага тогтоосон, хэт ядарсан гэж заасан Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна гэж хуульчилсан. Замын Хөдөлгөөний дүрмийн 2.7.а-д заасан ...ядарсан... ба даатгалын гэрээний 2.4.5-д заасан ... хэт ядарсан гэх хоёр уг хоорондоо утга агуулга, шинж чанар, мөн чанарын хувьд ялгаатай. Үүнээс гадна даатгалын гэрээнд хэт ядарсан эсэхийг мэргэжлийн байгууллага тогтоосон дүгнэлт шаардлагатай талаар даатгагч тусгаагүй. Мөн 2.7.а-д заасан ...ядарсан... үед тээврийн хэрэгсэл жолоодож явсны улмаас тээврийн хэрэгсэлд хохирол учирсан бол даатгалын нөхөн төлбөр олгохгүй гэж даатгалын гэрээнд заагаагүй, талууд энэ талаар тохиролцоогүй. Үүнээс үзэхэд М Д ХК-ийн даатгалын гэрээний дагуу тээврийн хэрэгслийн даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзсан нь хууль зүйн үндэслэлгүй. Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний 7.1.3.1-т хохирол үнэлгээний зардлыг даатгалын үнэлгээнд багтаан даатгагч хариуцна. Тээврийн хэрэгсэл цаашид зориулалтаар ашиглах боломжгүй болсон бөгөөд даатгалын хохирлын үнэлгээг 2 хувааж хийсэн ба Мастер үнэлгээ ХХК-аар их биед учирсан хохирол Мастер сүлжээ ХХК-аар явах эд ангийн оношилгоо хийлгэсэн. Даатгуулагч нь Мастер үнэлгээ ХХК-д ажлын хөлсөнд 1.000.000 төгрөг, Мастер сүлжээ ХХК-д 437.500 төгрөг тус тус төлсөн. Даатгалын хохирлын үнэлгээний компани Мастер үнэлгээ ХХК-ийн гаргасан үнэлгээний дүгнэлтээр Д.Уөд 32.380.000 төгрөгийн хохирол учирсан. Энэхүү үнэлгээ нь зөвхөн гэмтсэн эд ангийг солих байдлаар үнэлсэн. Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний 8.7-д зах зээлийн бодит үнээр даатгуулсан тохиолдолд учирсан бодит хохирлыг 100 хувь нөхөн төлнө, 11.5-д даатгагч гэрээнд заасан хугацаанд даатгалын нөхөн төлбөр олгоогүй бол хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги даатгуулагчид төлнө гэж тус тус заасан. Алданги тооцох хугацааг М Д ХК-ийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 18/236 тоот албан бичиг дээрх огнооноос тоолж эхлэх бөгөөд шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр хүртэл нийт 104 хоног хугацаа хэтэрсэн ба өдөрт ногдох алдангийн хэмжээ нь 161.900 төгрөг байх бөгөөд хугацаа хэтэрсэн хоногоор тооцоолж үзэхэд гүйцэтгээгүй үүргийн 50 хувиас хэтэрсэн. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасны дагуу М Д ХК-ийн даатгуулагчид төлөх алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцож 16.980.000 төгрөг болсон. Иймд М Д ХК-аас тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний дагуу шууд бодит хохиролд 32.380.000 төгрөг, алданги 16.980.000 төгрөг, хохирлын үнэлгээний төлбөр 1.437.500 төгрөг, нийт 50.797.500 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: ...М Д ХК-ийн 1700030268 тоот Тээврийн хэрэгслийн даатгуулагч Ивээл Инвест ББСБ ХХК-ийн эзэмшлийн 89-89 УБО улсын дугаартай Киа Гранбирд маркийн тээврийн хэрэгслийг 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Булган аймгийн Бугат сумын Цачиртын гүүр гэх газарт Б.Рагчаа нь жолоодож яваад осол гарсны улмаас учирсан хохиролд нөхөн төлбөр олгуулах хүсэлт ирүүлсэн. Энэхүү тохиолдлыг шалгаж үзэхэд даатгуулагч нь ослын үед нойрмоглон эсрэг урсгалд орсноо мэдээд эргүүлж тэгшлэх гэсэн боловч шарваж онхолдох аюултай гэж үзсэн тул чигээрээ замын хажуу руу орсон талаараа мэдүүлсэн. Жолооч Б.Рагчаа нь 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр нөхөн төлбөрийн хүсэлт гаргаж, тус хүсэлтдээ Булган аймаг дахь цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн шинжээч Э.Өлзийсүрэнгийн хийсэн үзлэг хэмжилтийн зураг, дүгнэлт, тодорхойлолт, жолооны үнэмлэх зэрэг материалыг ирүүлсэн. Ирүүлсэн шинжээчийн дүгнэлтэд жолоочийг замын хөдөлгөөний дүрмийн 2.7 а, 9.2 дахь заалтуудыг тус тус зөрчсөн бөгөөд уг осол гарах болсон шалтгааныг тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, замын нөхцөл байдал зэргээс шалтгаалаагүй, жолооч хэт ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож нойрмоглосны улмаас зам тээврийн осол гарсан гэж дүгнэсэн. Уг дүгнэлтийг үндэслэн 1700030268 тоот Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний 2.4.5-т заасны дагуу даатгалын эрсдэлд хамаарахгүй гэж үзэн нөхөн төлбөрийг олгохоос татгалзах шийдвэрийг гаргасан. Мөн нөхөн төлбөрийн хүсэлт гаргахдаа гэрээний 9.1.5, Даатгалын тухай хуулийн 8.4.3-т заасан хохирол үнэлгээний бичгээр гаргасан акт дүгнэлтийг ирүүлээгүй нь 2.4.3.b-д зааснаар даатгалын эрсдэлд хамаарахгүй нөхцөл байдал болсон. Иймд манай байгууллага даатгуулагчийн ирүүлсэн материалын хүрээнд нөхөн төлбөрийн шийдвэрийг гаргасан бөгөөд гэрээний үүргээ зөрчсөн зүйл байхгүй тул Даатгалын тухай хуулийн 8.5.3 дахь заалт болон Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний 2.4.3.b болон 2.4.5-т заасныг үндэслэн нөхөн төлбөр олгохоос татгалзсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2018/02144 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 431 дүгээр зүйлийн 431.1, 443 дугаар зүйлийн 443.1, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасныг тус тус баримтлан М Д ХК-аас даатгалын нөхөн төлбөрт 33.817.500 төгрөгийг гаргуулж Д.Уөд олгож, Д.Уийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 16.980.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 408.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 3.937.5 төгрөг нөхөн гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагчаас 327.037.5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, Шүүхийн шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд төлбөр гаргуулах ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хуулийн этгээдээс төлбөр гаргуулах журмын дагуу гүйцэтгэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 2399 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2018/02144 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 443 дугаар зүйлийн 443.1, 232 дугаар зүйлийн 232.6, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул даатгалын нөхөн төлбөрт 32.380.000 төгрөг, нөхөн төлбөр төлөх хугацаа хэтрүүлсний алданги 16.980.000 төгрөг, хохирлын үнэлгээний төлбөр 1.437.500 төгрөг буюу нийт 50.797.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Уийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 242.850 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч М Д ХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 327.040 төгрөгийг тус шүүхийн шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.М- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн, хэрэглэх ёстой хууль, эрх зүйн актыг хэрэглээгүй. Тээврийн хэрэгслийг М Д ХК-д тээврийн хэрэгслийн даатгалд хамруулж 2017 оны 9 сарын 04-ний өдөр 1 жилийн хугацаатай даатгалын гэрээ байгуулж тээврийн хэрэгслийг 100 хувь даатгуулан даатгалын хураамж болох даатгалын зүйлийн зах зээлийн үнэлгээний 1.2 хувь буюу 540.000 төгрөгийг төлсөн. Даатгалын гэрээний 2 зүйлд даатгалын зүйлийн ямар төрлийн эрсдлээс даатгах талаар тусгаж өгсөн бөгөөд гэрээний 2.4-т даатгалын эрсдэлд хамаарахгүй хохирлуудыг даатгагчаас тодорхойлж өгсөн. Б.Рагчаа нь Улаанбаатар хотоос Хөвсгөл аймгийн чиглэлд тухайн авто машиныг жолоодож яваад замын хажуу руу орж зам тээврийн осол гарч тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний 2.1.З.С., 2.2.2-д заасан эрсдлийн улмаас даатгагдсан тээврийн хэрэгсэл гэмтэж даатгуулагч Д.Уөд их хэмжээний хохирол учирсан. Д.У нь Даатгалын тухай хууль, даатгалын гэрээний дагуу М Д ХХК-иас нөхөн төлбөр авахаар материалаа бүрдүүлж өгсөн боловч М Д ХХК нь даатгалын гэрээний нөхцлийг зөрчиж 2018 оны 1 сарын 10 өдрийн 18/236 тоот албан бичгээр даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзсан тухай мэдэгдсэн. Уг албан бичигт “даатгалын гэрээний 2.4.5-д “Жолооч эм хэтрүүлэн хэрэглэсэн, согтууруулах ундаа, мансууруулах эсвэл сэргээх үйлчилгээтэй бодис хэрэглэсэн, хэт ядарсан байсныг мэргэжлийн байгууллага тогтоосон бол даатгалын эрсдэлд хамаарахгүй бөгөөд даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар гарсан хохирол гэж үзнэ” гэсэн үндэслэлээр нөхөн төлбөр олгохоос татгалзсан талаар дурьдсан. Гэтэл талуудын хооронд байгуулсан тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний 2.4.5-д “жолооч эм хэтрүүлэн хэрэглэсэн, согтууруулах ундаа, мансууруулах эсвэл сэргээх үйлчилгээтэй бодис хэрэглэснийг мэргэжлийн байгууллага тогтоосон, хэт ядарсан” гэж заасан байгаа буюу даатгагч нь албан бичигтээ гэрээний заалтыг гуйвуулж тусгасан. Иргэн Б.Рагчаа нь шинжээчийн дүгнэлт нь техникийн алдаатай гарсан буюу Замын Хөдөлгөөний дүрмийн 2.7.а-д заасан “согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэж тодорхойлсон байхад шинжээч “хэт ядран” гэж бичсэн нь техникийн алдаатай дүгнэлт тул Булган аймаг дахь Булган аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасагт 2018 оны 4 сарын 12 өдөр техникийн алдааг засуулах талаар хүсэлт гаргасан. Үүний дагуу шинжээч нь дүгнэлтийн техникийн алдааг нь залруулж дүгнэлт ирүүлсэн. Замын Хөдөлгөөний дүрмийн 2.7.а-д заасан “...ядарсан...” ба даатгалын гэрээний 2.4.5-д заасан “хэт ядарсан” 2 уг хоорондоо утга агуулга, шинж чанар, мөн чанарын хувьд ялгаатай. Үүнээс гадна даатгалын гэрээнд “хэт ядарсан” эсэхийг мэргэжлийн байгууллага тогтоосон дүгнэлт шаардлагатай талаар даатгагч тусгаагүй байна. Мөн Замын Хөдөлгөөний дүрмийн 2.7.а-д заасан “...ядарсан...” үед тээврийн хэрэгсэл жолоодож явсны умаас тээврийн хэрэгсэлд хохирол учирсан бол даатгалын нөхөн төлбөр олгохгүй гэж даатгалын гэрээнд заагаагүй, талууд энэ талаар тохиролцоогүй байна. Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний 2.1,3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцох үеийн эрсдэл” гэсний 2.1.3.с-д “Онхолдох”, 2.2.2-т “Жолоо шилжүүлсэн үеийн эрсдэл” буюу даатгуулагчаас бусад жолоо барих эрх бүхий жолооч тээврийн хэрэгслийг жолоодож явах үеийн зам тээврийн ослын үед даатгуулагчид буюу Д.Уөд хохирол учирсан тохиолдолд нөхөн төлбөр олгохоор заасан байгаа. Иргэн Б.Рагчаа нь уг тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний 1 тал буюу даатгуулагч биш бөгөөд зөвхөн жолоо барих эрх бүхий этгээд юм. Хэрэгт авагдсан нотлох баримтаар Б.Рагчаа нь М Д ХК ба Д.У нарын хооронд байгуулагдсан тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний даатгуулагч тал биш гэдэг нь тогтоогдож байхад давж заалдах шатны шүүх Б.Рагчааг даатгуулагч гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, нотлох баримтгүй юм. Үүнээс үзэхэд М Д ХК ба иргэн Д.У нарын хооронд байгуулсан тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний 2.2.2-т заасан эрсдлийн улмаас даатгалын тохиолдол бий болж иргэн Д.Уөд хохирол учирсан нь тогтоогдож байна. Тээврийн хэрэгслийн гэрээний 2.4.5-д “...хэт ядарсан” тохиолдолд жолоо барьж зам тээврийн осол гаргасан бол нөхөн төлбөр олгохгүй байхаар талууд тохиролцсон. Энэ заалт нь зөвхөн даатгуулагч буюу иргэн Д.Уөд хамаарах бөгөөд гуравдагч этгээдэд хамаарахгүй болно. Магадлалд тээврийн хэрэгслийн гэрээний 2.4.5-д заасан “хэт ядарсан” ба Замын хөдөлгөөний дүрмийн 2.7.а-д заасан “...ядарсан...” гэсэн нэр томъёонуудыг ижил түвшинд дүгнэсэн нь үндэслэлгүй. Иймд М Д ХК нь тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний дагуу иргэн Д.Уөд даатгалын нөхөн төлбөр олгох хууль зүйн үндэслэлтэй бөгөөд энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.

Анхан шатны шүүх тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ гэсэн нотлох баримтыг зөв үнэлж даатгуулагчаас нөхөн төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн. Гэтэл давж заалдах шатны шүүх уг нотлох баримтыг огт үнэлээгүй, талуудын тохирсон даатгалын эрсдлийн улмаас даатгалын тохиолдол бий болсон, даатгалын компани тээврийн хэрэгслийн даатгалын гэрээгээр нөхөн төлбөр төлөх үүрэг үүссэн байхад даатгалын компанид хариуцлагаас бултах боломж олгож, даатгагч нь гэрээгээр тохирсон даатгагдсан эрсдэлээс нөхөн төлбөр олгох үүрэггүй гэж дүгнэсэн нь даатгалын харилцааг үгүйсгэсэн бөгөөд даатгуулагчийн эрх зүйн байдлыг ноцтой дордуулсан байна. Үүнээс үзэхэд М Д ХХК-ийн даатгалын гэрээний дагуу тээврийн хэрэгслийн даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзсан нь тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний зохих заалтыг зөрчсөн бөгөөд хууль зүйн ямар нэгэн үндэслэлгүй байна. Тээврийн хэрэгсэл нь бүрэн сүйрсэн, цаашид зориулалтаар ашиглах боломжгүй болсон бөгөөд даатгалын хохирлын үнэлгээг 2 хувааж хийсэн ба Мастер үнэлгээ ХХК-иар их биед учирсан хохирол Мастер сүлжээ ХХК-иар явах эд ангийн оношилгоо хийлгэсэн. Даатгалын хохирлын үнэлгээний компани Мастер үнэлгээ ХХК-ийн гаргасан үнэлгээний дүгнэлтээр иргэн Д.Уөд 32.380.000 төгрөгийн хохирол учирсан, энэхүү үнэлгээ нь зөвхөн гэмтсэн эд ангийг солих байдлаар үнэлсэн. Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний 7.1.3.1-т “хохирол үнэлгээний зардлыг даатгалын үнэлгээнд багтаан даатгагч хариуцна ” гэжээ. Даатгуулагч нь Мастер үнэлгээ ХХК-д ажлын хөлсөнд 1.000.000 төгрөг, Мастер сүлжээ ХХК-д 437.500 төгрөг тус тус төлсөн. Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний 8.7-д “зах зээлийн бодит үнээр даатгуулсан тохиолдолд учирсан бодит хохирлыг 100 хувь нөхөн төлнө ”, 11.5-д “даатгагч гэрээнд заасан хугацаанд даатгалын нөхөн төлбөр олгоогүй бол хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги даатгуулагчид төлнө ” гэж тус тус заасан. Иймд М Д ХК-ийн даатгуулагчид төлөх алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцож 16.980.000 төгрөг болсон. М Д ХК нь иргэн Д.Утэй байгуулсан тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний дагуу иргэн Б.Рагчаагийн учруулсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд гэрээнд заасны дагуу алданги төлөх үүрэг хүлээсэн.

М Д ХК нь иргэн Д.Уөд учирсан хохирлын хэмжээний талаар мэдэж байсан бөгөөд энэ нь хэрэгт авагдсан нотлох баримт, даатгалын харилцааг зохицуулж байгаа хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Даатгалын тухай хууль, Санхүүгийн Зохицуулах Хорооноос баталсан даатгалын багц дүрэм, журмаар тогтоогдож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 зүйлийн 25.2.2-т заасны дагуу хариуцагч нь даатгалын хохирлын хэмжээг мэдээгүй гэдгийг нотолж чадаагүй байхад шүүх зохих хууль, эрх зүйн актыг хэрэглээгүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитой үнэлээгүй. Санхүүгийн Зохицуулах Хороо 2016 оны 3 сарын 4 өдрийн №48 тоот тогтоолоор “Даатгал, түүнтэй холбоотой үйл ажиллагаа, даатгагчид тавигдах шаардлага, даатгагчийн дагаж мөрдөх үзүүлэлтийг тодорхойлох журам”-ыг баталсан. Уг журмын 7.3.1-т “Даатгагч даатгалын тохиолдлын талаарх мэдээллийг авсан даруйдаа даатгуулагчид хариу өгч, даатгуулагчаас авах арга хэмжээний талаар тодорхой мэдээлэл өгөх үүрэгтэй бөгөөд 72 цагийн дотор даатгалын тохиолдлыг шалгаж баримтжуулах өөрийн ажилтанг эсхүл даатгалын хохирол үнэлгээчинг томилно” гэжээ. Д.У нь даатгалын тохиолдлын талаар даатгагчид мэдэгдсэн бөгөөд М Д ХК нь өөрийн нөхөн төлбөрийн ажилтныг даатгалын тохиолдлыг баримтжуулахаар явуулсан ба уг ажилтан нь тээврийн хэрэгслийг цаашид зориулалтын дагуу ашиглах боломжгүй, бүрэн сүйрсэн байна гэж дүгнэж хохирол үнэлгээчинг томилох шаардлагагүй гэж үзсэн. Тийм учраас дээрх журмын дагуу М Д ХК нь хохирол үнэлгээчинг томилоогүй ба хохирол үнэлгээний тайланг даатгуулагчаас анх нөхөн төлбөрийн материал өгөхөд шаардаагүй юм. Даатгагч нь нөхөн төлбөрийн хэмжээг мэдэхгүй бол даатгалын зүйлд хохирол учирсан гэж үзэх боломжгүй. Даатгагч нөхөн төлбөрийн материалын судлаж нөхөн төлбөр олгохоос татгалзсан шийдвэр гарсан нь даатгалын хохирлын үнэлгээг мэдэж байсан гэж үзнэ. М Д ХК-ийн “Нөхөн төлбөрийн өргөдлийн маягт” нь хэрэгт авагдсан байгаа бөгөөд уг маягтын Санамж хэсэгт “...шаардлагатай тохиолдолд нэмэлт тодруулга авах, магадлагаа хийх...” гэж бичигдсэн байгаа бөгөөд үүний дагуу нөхөн төлбөрийн дүнг даатгагч мэдээгүй бол даатгуулагчаас тодруулах боломжтой байсан ба хохирлын мэдээлэл байхгүй буюу нөхөн төлбөрийн баримтын бүрдэл дутуу бол даатгагч шийдвэр гаргах боломжгүй тул нөхөн төлбөрийн материалын бүрдлийг хангуулахаар даатгуулагчид буцаах байсан. Иргэн Д.У нь Даатгалын тухай хууль, Санхүүгийн хорооны эрх зүйн байдлын тухай хуульд заасны дагуу 2018 оны 3 сарын 27 өдөр Санхүүгийн Зохицуулах Хороонд М Д ХК-ийн нөхөн төлбөр олгохоос татгалзсантай холбоотой гомдол гаргасан. Уг гомдолд даатгалын хохирлын үнэлгээний тайланг хавсаргаж өгсөн. Санхүүгийн зохицуулах хороо нь гомдлыг хүлээн авч М Д ХК-ийн нөхөн төлбөр олгохоос татгалзсан үйлдэлтэй холбоотойгоор Захиргааны ерөнхий хуулийн 24, 25, 26, 27 зүйлд зааснаар нөхцөл байдлыг тогтоох, нотлох баримт цуглуулах, оролцогчийг сонсох, сонсох ажиллагаа явуулах зэрэг ажиллагаа хийж 2018 оны 5 сарын 09 өдөр 9/2268 тоот албан бичгээр хариу өгсөн. Уг албан бичигт нөхөн төлбөрийн үнэлгээтэй холбоотой ямар нэгэн үйл баримт дурдагдаагүй. Үүнээс үзэхэд М Д ХК нь урьдчилан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд Д.Уөд даатгалын хохирлын үнэлгээний тайлангаар 32.380.000 төгрөгийн хохирол учирсныг мэдсэн бөгөөд хохирлын үнэлгээтэй холбоотой асуудал байсан бол шүүхийн урьдчилан шийдвэрлэх ажиллагааны явцад уг асуудлыг шийдвэрлэх боломжтой байсан. Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирлын үнэлгээг мэдээгүй байсан, тиймээс алданги төлөх үндэслэлгүй гэж байгаа нь худал тайлбар бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 зүйлийн 25.2.2-т заасны дагуу мэдээгүй гэж нотлох баримт гаргаж ирээгүй, нотолж чадаагүй байна. Хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Даатгалын тухай хууль, Санхүүгийн зохицуулах хорооны тогтоол, талуудын хооронд байгуулагдсан даатгалын гэрээ, даатгуулагчаас нөхөн төлбөр хүссэн өргөдлийн маягт, даатгагчийн зүгээс нөхөн төлбөр олгохоос татгалзсан албан бичиг зэргээс үзэхэд М Д ХК хохирол үнэлгээчинг томилох үүргээ өөрөө хэрэгжүүлээгүй, нөхөн төлбөрийн ажилтан нь хохирол үнэлгээний тайлан шаардаагүй, даатгуулагчаас даатгагчид нөхөн төлбөр олгохоос татгалзсан албан бичиг, Санхүүгийн зохицуулах хорооны урьдчилсан шийдвэрлэх ажиллагааны явцад хийгдсэн нөхцөл байдлыг тогтоох, нотлох баримт цуглуулах, оролцогчийг сонсох, сонсох ажиллагаа явуулах үйл ажиллагааны хүрээнд М Д ХК нь иргэн Д.Уөд учирсан хохирлын хэмжээг мэдсэн байна. Алдангийг тооцож нэхэмжлэл гаргахдаа анх мэдүүлж байсан даатгалын үнэлгээ болох 45 сая төгрөгөөс тооцоогүй, Санхүүгийн зохицуулах хороонд гаргасан гомдолд хавсаргасан хохирлын үнэлгээний тайланд тусгасан 32.380.000 төгрөг, үнэлгээний зардал болох 1.437.500 төгрөгийн нийлбэр дүнгээс тооцож бодсон нь М Д ХК-ийн алдангид төлөх мөнгөний хэмжээ буурсан байгаа буюу 22.500.000 төгрөгийн алданги төлөх байснаас 16.980.000 төгрөгийн алданги төлөхөөр байна.

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангахгүй байна. Хэрэг, маргааны талаар материаллаг болон процессын эрх зүйн хэм хэмжээг тэдгээрийн агуулга, зорилгод нийцүүлэн, шүүхээс оновчтой, зөв хэрэглэсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн хууль ёсны шаардлага хангагдана. Харилцааг зохицуулсан хуулийн зүйл, заалт хоорондоо зөрчилтэй байвал шүүх нарийвчилсан зохицуулалттай хэм хэмжээг хэрэглэх ёстой. Хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Даатгалын тухай хууль, Санхүүгийн зохицуулах хорооны тогтоолоор тогтоосон хэм хэмжээг хэрэглээгүй, талуудын хооронд байгуулагдсан даатгалын гэрээ, даатгуулагчаас нөхөн төлбөр хүссэн өргөдлийн маягт, даатгагчийн зүгээс нөхөн төлбөр олгохоос татгалзсан албан бичиг нотлох баримтыг тал бүрээс, зохих ёсоор үнэлээгүй, М Д ХК хохирол үнэлгээчинг томилох үүргээ өөрөө хэрэгжүүлээгүй. Даатгалын гэрээнд жолоо шилжүүлсэн үеийн эрсдлээс буюу даатгуулагчаас өөр этгээд тээврийн хэрэгсэл жолоодох үеийн зам тээврийн ослоос даатгагдсан нотлох баримт зэргийг шүүхээс үнэлээгүй болно. Хэрэгт авагдсан дээрх нотлох баримт, үйл баримтаас үзэхэд М Д ХК нь нөхөн төлбөр олгохоос татгалзсан үндэслэл нь хохирлын үнэлгээний тайлантай хамааралгүй бөгөөд гэрээнд заасан эрсдэл учраагүй гэх үндэслэлээр татгалзсан нь даатгалын үнэлгээний хэмжээгээр даатгуулагчид хохирол учирсныг зөвшөөрч татгалзсан хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байгаа тул даатгуулагч Д.У нь Иргэний хуулийн 232, 431 дүгээр зүйл, Санхүүгийн зохицуулах хорооны 2016 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн №48 тоот тогтоолоор батлагдсан “Даатгал, түүнтэй холбоотой үйл ажиллагаа, даатгагчид тавигдах шаардлага, даатгагчийн дагаж мөрдөх үзүүлэлтийг тодорхойлох журам”-ын 7.4.3, талуудын хооронд байгуулагдсан Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний 11.5 заалтын дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс алданги шаардах эрхтэй байгаа тул алданги 16.980.000 төгрөг, даатгалын нөхөн төлбөр 32.380.000 төгрөг, нийт 50.797.500 төгрөгийг даатгагч М Д ХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

              Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангажээ.

            Нэхэмжлэгч Д.У, М Д ХК-с даатгалын нөхөн төлбөрт 32.380.000 төгрөг, хугацаа хэтрүүлсний алдангид 16.980.000 төгрөг, нийт 50.008.850 төгрөг шаардсныг  хариуцагч зөвшөөрөөгүй маргасан байна.

            Зохигчийн хооронд 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр 1 жилийн хугацаатай байгуулагдсан даатгалын гэрээгээр Д.У өөрийн эзэмшлийн Киа Грандберд маркийн 89-89 УБО улсын дугаартай  тээврийн хэрэгслийг 100 хувийн даатгалд хамруулж тээврийн хэрэгслийн үнийн дүн 45 сая төгрөгийн 1.2 хувиар даатгалын хураамжид 540.000 төгрөг төлжээ.

           Зохигчийн хооронд байгуулагдсан даатгалын гэрээ, уг гэрээний хүчин төгөлдөр байдлын талаарх шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д заасантай нийцсэн байна.

            2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр  даатгагдсан тээврийн хэрэгслийг Б.Рагчаа Улаанбаатараас Хөвсгөлийн чиглэлд жолоодон явахдаа осол гаргажээ. Уг осол нь  жолооч Б.Рагчаа “Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7а дахь “...ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 9.2 дахь “жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн буюу жолооч ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодон нойрмоглосны улмаас гарсныг Булган аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон байна.

            Даатгалын гэрээний 2.4.5-д заасан даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзах үндэслэлд “...хэт ядарсан...” үедээ тээврийн хэрэгсэл жолоодсны улмаас даатгалын эрсдэл үүсснийг хамааруулсан, хариуцагч тухайн зохицуулалтыг үндэслэж нэхэмжлэлээс татгалзжээ.

            Анхан шатны шүүх, даатгалын гэрээний дээрх зохицуулалтыг үгийн шууд утгаар тайлбарлаж, хариуцагч даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзах эрхгүй гэж дүгнэжээ. Харин давж заалдах шатны шүүх, жолооч Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-т зааснаар “ядарсан” үедээ замын хөдөлгөөнд оролцохгүй байх үүрэгтэй тул осол гарсан шалтгаан нь даатгалын нөхөн төлбөр төлөхөөс татгалзах үндэслэлд хамаарна гэж үзэн, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байна.

          Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

           Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна. Гэрээний аль нэг нөхцөлийн утга нь ойлгомжгүй бол түүний агуулгыг бусад нөхцөл болон гэрээний ерөнхий агуулгатай харьцуулах замаар тодорхойлохыг Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1, 198.2-т заажээ.

            Даатгал нь байгалийн болон гэнэтийн аюул ослоос урьдчилан сэргийлэх боломжгүй эрсдэл үүссэн үед учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, хохирлыг багасгах зорилготой боловч бүх эрсдэлд нөхөн төлбөр олгох  боломжгүй. Энэ талаар Даатгалын тухай хуулийн 8.5-д даатгагч даатгалын нөхөн төлбөрийг бүрэн буюу зарим хэсгийг олгохоос татгалзах ерөнхий нөхцөлүүдийг заасан бөгөөд 8.5.1-д даатгуулагч санаатайгаар хохирол учруулсан буюу даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн тохиолдолд даатгагч хариуцлага хүлээхгүй юм.

         Даатгалын гэрээний 2.4.5-д заасан “жолооч эм хэтрүүлэн хэрэглэсэн, согтууруулах ундаа, мансууруулах эсвэл сэргээх үйлчилгээтэй бодис хэрэглэснийг мэргэжлийн байгууллага тогтоосон, хэт ядарсан байсан” нөхцлүүдэд жолооч тээврийн хэрэгсэл жолоодон осол гаргасан нь даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн гэж үзнэ.

            Осолтой холбоотой эрх бүхий байгууллагын гаргасан дүгнэлтээр “жолооч ядарсан, нойрмоглосон”-ны улмаас осол гаргасныг тогтоосон бөгөөд “хэт ядарсан” гэж  гэрээнд тусгасныг шүүх ялгаатай гэж үзэж, энэ л тохиолдолд нөхөн төлбөр олгохоос татгалзаж, бусад нөхцөлд олгоно гэж дүгнэх нь явцуу дүгнэлт болно.

           Иймд хариуцагч  “М Д” ХК нь нэхэмжлэгч Д.Ут даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзах үндэслэлтэй, энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 2399 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 413.000 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Б.УНДРАХ

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ