Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 02144

 

 

 

 

 

 

 

2018 оны 10 сарын 17 өдөр          Дугаар 181/ШШ2018/02144            Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар 

 

Нэхэмжлэгч:, Г овогт Д У /РД: /-ийн нэхэмжлэлтэй,         

Хариуцагч:, “М Д” ХК /РД: /-д холбогдох,  

 

Даатгалын нөхөн төлбөрт 32,380,000 төгрөг, нөхөн төлбөр төлөх хугацаа хэтрүүлсний алданги 16,980,000 төгрөг, хохирлын үнэлгээний төлбөр 1,437,500 төгрөг буюу нийт 50,797,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.     

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У, нарийн бичгийн даргаар Н.А нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэн Д.У нь “Киа Грандбёрд” маркийн 89-89 УБО улсын дугаартай тээврийн хэрэгслийг 45,000,000 төгрөгөөр худалдаж авсан. Үүнээс 20,000,000 төгрөгийг “Ивээл Инвест ББСБ” ХХК-аас 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр зээлийн гэрээ байгуулж авсан.

Тээврийн хэрэгслийг “М Д” ХХК-д тээврийн хэрэгслийн даатгалд хамруулж 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр 1 жилийн хугацаатай даатгалын гэрээ байгуулсан. Тээврийн хэрэгслийг 100 хувь даатгуулж даатгалын хураамж болох даатгалын зүйлийн зах зээлийн үнэлгээ 45,000,000 төгрөгийн 1,2 хувь буюу 540,000 мянган төгрөгийг төлсөн. Даатгалын гэрээний 2 зүйлд даатгалын зүйлийн ямар төрлийн эрсдэлээс даатгах талаар тусгаж өгсөн бөгөөд гэрээний 2.4-т даатгалын эрсдэлд хамаарахгүй хохирлуудыг даатгагчаас тодорхойлж өгсөн.

2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 5 цагийн орчим Булган аймгийн Бугат сумын Цачиртын гүүр гэх газар тухайн тээврийн хэрэгслийг жолоодож байсан иргэн Баасандоржийн Рагчаа нь Улаанбаатар хотоос Хөвсгөл аймгийн чиглэлд жолоодож яваад замын хажуу руу орж зам тээврийн осол гарч даатгалын гэрээний 2.1.З.с., 2.2.2-д заасан эрсдэлийн улмаас даатгагдсан тээврийн хэрэгсэлд хохирол учирч бүрэн сүйрсэн бөгөөд тээврийн хэрэгслийг цаашид үндсэн зориулалтаар нь ашиглах боломжгүй болсон.

Булган аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн гаргасан дүгнэлтээр тээврийн хэрэгслийг жолоодож байсан иргэн Б.Рагчаа нь Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 2.7.а-д заасан “согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”-ыг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн гэж тогтоосон.

Иргэн Д.У нь Даатгалын тухай хууль, даатгалын гэрээний дагуу “М Д” ХХК-аас нөхөн төлбөр авахаар материалаа бүрдүүлж өгсөн боловч “М Д” ХХК нь даатгалын гэрээний нөхцөлийг зөрчиж, 2018 оны 1 дүгээр сарын 10-ний өдрийн 18/236 тоот албан бичгээр даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзсан тухай мэдэгдсэн.

“М Д” ХХК нь албан бичигтээ “даатгалын гэрээний 2.4.5-д “Жолооч эм хэтрүүлэн хэрэглэсэн, согтууруулах ундаа, мансууруулах эсвэл сэргээх үйлчилгээтэй бодис хэрэглэсэн, хэт ядарсан байсныг мэргэжлийн байгууллага тогтоосон бол даатгалын эрсдэлд хамаарахгүй бөгөөд даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар гарсан хохирол гэж үзнэ” гэсэн үндэслэлээр нөхөн төлбөр олгохоос татгалзсан талаар дурдсан. Гэтэл талуудын хооронд байгуулсан тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний 2.4.5-д “жолооч эм хэтрүүлэн хэрэглэсэн, согтууруулах ундаа, мансууруулах эсвэл сэргээх үйлчилгээтэй бодис хэрэглэснийг мэргэжлийн байгууллага тогтоосон, хэт ядарсан ” гэж заасан байгаа.

Иргэний хуулийн 198 зүйлийн 198.1-т “Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна ” гэж хуульчилсан. Монгол улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 2.7.а-д заасан “...ядарсан... ” ба даатгалын гэрээний 2.4.5-д заасан “... хэт ядарсан” гэх хоёр уг хоорондоо утга агуулга, шинж чанар, мөн чанарын хувьд ялгаатай. Үүнээс гадна даатгалын гэрээнд “хэт ядарсан” эсэхийг мэргэжлийн байгууллага тогтоосон дүгнэлт шаардлагатай талаар даатгагч тусгаагүй байна. Мөн Замын Хөдөлгөөний дүрмийн 2.7.а-д заасан “...ядарсан... ” үед тээврийн хэрэгсэл жолоодож явсны улмаас тээврийн хэрэгсэлд хохирол учирсан бол даатгалын нөхөн төлбөр олгохгүй гэж даатгалын гэрээнд заагаагүй, талууд энэ талаар тохиролцоогүй байна.

Үүнээс үзэхэд “М Д” ХХК-ийн даатгалын гэрээний дагуу тээврийн хэрэгслийн даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзсан нь хууль зүйн ямар нэгэн үндэслэлгүй байна.

Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний 7.1.3.1-т “хохирол үнэлгээний зардлыг даатгалын үнэлгээнд багтаан даатгагч хариуцна” гэжээ.

Тээврийн хэрэгсэл нь бүрэн сүйрсэн, цаашид зориулалтаар ашиглах боломжгүй болсон бөгөөд даатгалын хохирлын үнэлгээг 2 хувааж хийсэн ба “Мастер үнэлгээ” ХХК-аар их биед учирсан хохирол “Мастер сүлжээ” ХХК-аар явах эд ангийн оношилгоо хийлгэсэн. Даатгуулагч нь “Мастер үнэлгээ” ХХК-д ажлын хөлсөнд 1,000,000 төгрөг, “Мастер сүлжээ” ХХК-д 437,500 төгрөг тус тус төлсөн.

Даатгалын хохирлын үнэлгээний компани “Мастер үнэлгээ” ХХК-ийн гаргасан үнэлгээний дүгнэлтээр иргэн Д.Уөд 32,380,000 төгрөгийн хохирол учирсан байна. Энэхүү үнэлгээ нь зөвхөн гэмтсэн эд ангийг солих байдлаар үнэлсэн.

Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний 8.7-д “зах зээлийн бодит үнээр даатгуулсан тохиолдолд учирсан бодит хохирлыг 100 хувь нөхөн төлнө ”, 11.5-д “даатгагч гэрээнд заасан хугацаанд даатгалын нөхөн төлбөр олгоогүй бол хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги даатгуулагчид төлнө” гэж тус тус заасан.

Алданги тооцох хугацааг “М Д” ХХК-ийн 2018 оны 1 дүгээр сарын 10 өдрийн 18/236 тоот албан бичиг дээрх огнооноос тоолж эхлэх бөгөөд шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр хүртэл нийт 104 хоног хугацаа хэтэрсэн ба өдөрт ногдох алдангийн хэмжээ нь 161,900 төгрөг байх бөгөөд хугацаа хэтэрсэн хоногоор тооцоолж үзэхэд гүйцэтгээгүй үүргийн 50 хувиас хэтэрсэн.

Иргэний хуулийн 232 дүгээр зүйлийн 232.4-т “Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэсний дагуу “М Д” ХХК-ийн даатгуулагчид төлөх алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцож 16,980,000 төгрөг болсон.

Иймд “М Д” ХХК-аас тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний дагуу шууд бодит хохирол болох 32,380,000 төгрөг, гүйцэтгээгүй үүргийн алданги 16,980,000 төгрөг, хохирлын үнэлгээний төлбөр 1,437,500 төгрөг, нийт 50,797,500 төгрөг гаргуулж даатгуулагч Д.Уөд олгож хохиролгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

“М Д” ХХК-ийн 1700030268 тоот Тээврийн хэрэгслийн даатгуулагч “Ивээл Инвест ББСБ” ХХК-ийн эзэмшлийн 89-89 УБО улсын дугаартай “Киа Гранбирд” маркийн тээврийн хэрэгслийг 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Булган аймгийн Бугат сумын Цачиртын гүүр гэх газарт Б.Рагчаа нь жолоодож яваад замын хажуу руу орж зам тээврийн осол гарсны улмаас учирсан хохиролд нөхөн төлбөр олгуулах хүсэлт ирүүлсэн байсан.

Энэхүү тохиолдлыг шалгаж үзэхэд даатгуулагч нь ослын үед нойрмоглон эсрэг урсгалд орсноо мэдээд эргүүлж тэгшлэх гэсэн боловч шарваж онхолдох аюултай гэж үзсэн тул чигээрээ замын хажуу руу орсон талаараа мэдүүлсэн. Жолооч Б.Рагчаа нь 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр нөхөн төлбөрийн хүсэлт гаргаж, тус хүсэлтдээ Булган аймаг дахь цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн шинжээч Э.Өлзийсүрэнгийн хийсэн үзлэг хэмжилтийн зураг, дүгнэлт, тодорхойлолт, жолооны үнэмлэх зэрэг материалыг манайд ирүүлсэн.

Ирүүлсэн шинжээчийн дүгнэлтэд жолоочийг замын хөдөлгөөний дүрмийн 2.7а “Согтууруулах бодис, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 9.2 “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтуудыг тус тус зөрчсөн бөгөөд уг осол гарах болсон шалтгаан юу вэ? гэсэн асуултад “Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг гарах болсон шалтгаан нь тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, замын нөхцөл байдал зэргээс шалтгаалаагүй байна. Жолооч хэт ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож нойрмоглосны улмаас зам тээврийн осол гарсан” гэж дүгнэсэн байсан.

Уг дүгнэлтийг үндэслэн 1700030268 тоот Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний 2.4.5-т “Жолооч эм хэтрүүлэн хэрэглэсэн, согтууруулах ундаа, мансууруулах эсвэл сэргээх үйлчилгээтэй бодис хэрэглэсэн, хэт ядарсан байсныг мэргэжлийн байгууллага тогтоосон бол даатгалын эрсдэлд хамаарахгүй бөгөөд даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар гарсан хохирол гэж үзнэ” гэж заасны дагуу даатгалын эрсдэлд хамаарахгүй гэж үзэн нөхөн төлбөрийг олгохоос татгалзах шийдвэрийг гаргасан.

Мөн нөхөн төлбөрийн хүсэлт гаргахдаа гэрээний 9.1.5-д заасан, Даатгалын тухай хуулийн 8.4.3-т заасан хохирол үнэлгээний бичгээр гаргасан акт дүгнэлтийг ирүүлээгүй нь 2.4.3.b-д зааснаар даатгалын эрсдэлд хамаарахгүй нөхцөл байдал болсон.

Иймд манай байгууллага даатгуулагчийн ирүүлсэн материалын хүрээнд нөхөн төлбөрийн шийдвэрийг гаргасан бөгөөд гэрээний үүргээ зөрчсөн зүйл байхгүй тул Даатгалын тухай хуулийн 8.5.3-д “Даатгагч даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан үндэслэлээр нөхөн төлбөрийг бүрэн буюу зарим хэсгийг олгохоос татгалзаж болно” гэх заалт болон 1700030268 тоот Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний 2.4.3.b болон 2.4.5-т заасныг үндэслэн нөхөн төлбөр олгохоос татгалзсан учир нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан, шүүхийн журмаар бүрдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.У нь хариуцагч “М Д” ХХК-аас даатгалын нөхөн төлбөрт 32,380,000 төгрөг, нөхөн төлбөрийг хугацаанд нь олгоогүйгээс үүссэн алданги 16,980,000 төгрөг, хохирлын үнэлгээний төлбөр 1,437,500 төгрөг буюу нийт 50,797,500 төгрөгийг гаргуулахаар шаардсан нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. 

 

Хариуцагч нь даатгалын тохиолдолд бий болоогүй тул нөхөн төлбөр олгох үндэслэлгүй, хожим тогтоогдсон дүнгийн 0,5 хувиар алданги тооцох үндэслэлгүй, 1,437,500 төгрөгийн шаардлага баримтаар нотлогдоогүй гэж маргасан.

 

Шүүх нэхэмжлэлийг хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байх хугацаанд “М Д” ХХК нь “М Д” ХК болж өөрчлөгдсөн байх тул цаашид хариуцагчийг “М Д” ХК гэж тодорхойлно.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

            Нэхэмжлэгч Д.У нь тээврийн хэрэгслийг худалдан авах зорилгоор “Ивээл Инвест” ББСБ-аас 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр зээлсэн 20,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор фидуцийн гэрээгээр өмчлөх эрхийг тус ББСБ-д шилжүүлсэн байсан 89-89 УБО улсын дугаартай “Киа Гранбирд” маркийн автобусыг 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 1700030268 тоот даатгалын гэрээгээр “М Д” ХК-д 1 жилийн хугацаагаар даатгуулж, гэрээг бичгээр байгуулж, даатгалын үнэлгээг талууд 45,000,000 төгрөг байхаар тохирсны дагуу үүний 1,2 хувь болох 540,000 төгрөгийн даатгалын хураамжийг төлжээ.

 

Гэрээний хугацаанд буюу 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр даатгалын зүйл болох 89-89 УБО улсын дугаартай “Киа Гранбирд” маркийн автобусыг жолоодон явсан Б.Рагчаа нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7.а, 9.2 дахь заалтуудыг зөрчсөний улмаас автобус онхолдож, даатгалын зүйлд хохирол учирсан үйл баримт тогтоогдсон байна.    

 

Талууд гэрээ байгуулагдсан эсэх, түүний хүчин төгөлдөр байдал, даатгалын зүйлийн эзэмшигч, даатгалын хураамж төлөгдсөн эсэх болон даатгалын гэрээний хугацаанд даатгалын зүйлд хохирол учирсан зэрэгт маргаагүй.

 

Харин даатгалын гэрээнд заасан эрсдэлээс даатгалын зүйлд хохирол учирсан эсэх, хохирлын хэмжээ бодитой эсэх, алданги шаардах үндэслэлтэй эсэхэд маргасан.

 

            Шүүх зохигчдын хооронд гэм хорын даатгалын гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй бөгөөд тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 89 дүгээр зүйлийн 89.2, 431 дүгээр зүйлийн 431.1, 431.3, 443 дугаар зүйлийн 443.1-д заасанд нийцсэн, бичгээр байгуулах хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээ байна.

 

Даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээх бөгөөд гэм хорын даатгалаар даатгагч нь даатгуулагчийн …эд хөрөнгө...-д учирсан гэм хорыг даатгалын үнэлгээний хэмжээгээр мөнгөн хэлбэрээр нөхөн төлөх үүрэгтэй.

 

Талууд даатгуулагчаас бусад жолоо барих эрх бүхий этгээд тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох үед тээврийн хэрэгсэл онхолдох /тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний 2.1.3.с, 2.2.2/ тохиолдлыг даатгалын зүйлд хохирол учирч болох эрсдэл байхаар тохиролцсон байх ба жолооч эм хэтрүүлэн хэрэглэсэн, согтууруулах ундаа, мансууруулах эсвэл сэргээх үйлчилгээтэй бодис хэрэглэснийг мэргэжлийн байгууллага тогтоосон, хэт ядарсан байсан бол даатгалын эрсдэлд хамаарахгүй байхаар гэрээний 2.4.5-д заажээ.

 

Булган аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээч, зохицуулагч, цагдаагийн дэслэгч Э.Өлзийсүрэн “ВСД-679986 дугаарын хүчинтэй эрхийн үнэмлэхтэй жолооч Б.Рагчаа нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7.а “согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;”, 9.2 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэж заасныг зөрчсөн гэх дүгнэлтийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр гаргасан байна.

 

Шинжээч нь 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн дээрх дүгнэлт бүхий  осол гарах болсон шалтгааныг жолооч “ядарсан үедээ”, эсхүл “хэт ядарсан үедээ” тээврийн хэрэгсэл жолоодож нойрмоглосны улмаас гарсан гэх өөр агуулгатай 2 өөр дүгнэлт гаргасан нь хэрэгт авагдсан байх бөгөөд нэг огноо бүхий 2 өөр дүгнэлт нь талуудын маргааны гол үндэс болжээ.

 

Нэхэмжлэгч тал жолооч “ядарсан үедээ” тээврийн хэрэгсэл жолоодож нойрмоглосны улмаас осол гарсан гэх шинжээчийн дүгнэлтийг шүүхэд гаргасан, шүүх хариуцагч талын хүсэлтээр жолооч “хэт ядарсан үедээ” тээврийн хэрэгсэл жолоодож нойрмоглосны улмаас осол гарсан гэх шинжээчийн дүгнэлтийг зам тээврийн ослын талаар шалгасан материалаас буюу Булган аймаг дахь Замын цагдаагийн тасгаас гаргуулан авсан болно.

 

Хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтүүдэд жолооч Б.Рагчаа нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7.а, 9.2 дахь заалтуудыг зөрчсөн талаар ямар нэг зөрүүгүй, шүүх аль нэг дүгнэлтийг хэргийн оролцогч хууль бусаар бүрдүүлсэн, цуглуулсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул хэрэгт авагдсан баримтуудыг холбогдох хууль тогтоомжид заасан зохицуулалтад үндэслэн дүгнэлт хийх замаар хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Булган аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Э.Өлзийсүрэнгийн хувьд шинжээчийн дүгнэлт гаргах эх сурвалжийг МУ-ын Замын хөдөлгөөний дүрэм гэж үзэхээр байхад зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөлийн талаар уг дүрэмд заагдаагүй асуудлаар буюу ядарсан үеийн ажлын чадвар муудах, сонор сэрэмж буурах зэрэг анагаах ухааны шинжлэх ухааны физиологийн салбарт хамаарах хүний гадаад орчинтойгоо харилцан үйлчлэлцэхдээ явуулж буй үйл ажиллагааны зохицуулга, түүний механизмын талаар дүгнэлт хийсэн, юуны учир “ядарсан” гэх шинж чанараас хавьгүй давуу болохыг илэрхийлсэн “хэт ядарсан” гэх үг /давуу харьцуулсан зэрэг бүхий тэмдэг нэр/-ийг сонгож хэрэглэсэн үндэслэлээ дүгнэлтдээ тусгаагүй тул шинжээчийг анагаахын шинжлэх ухааны үүднээс дүгнэлт гаргах боломжтой байсан гэж үзэхгүй.

 

МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7.а-д “хэт ядарсан” үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно гэсэн заалт байхгүй, жолооч “ядарсан” байх нь жолоо барьж болохгүй хууль зүйн агуулгатай байхад “хэт ядарсан” гэх ойлголтыг дүгнэлтдээ тусгасан нь шинжээчийн дүгнэлт гаргах чиг үүрэгт хамаарахгүй асуудлаар дүгнэлт гаргасан гэж үзэх үндсийг бүрдүүлж байгаа юм.

 

Осол гарах шалтгаан нь жолооч Б.Рагчаагийн МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7.а, 9.2-т заасныг зөрчсөнөөс үүдэлтэй болох нь тогтоогдсон тул энд заасан зөрчил нь даатгалын эрсдэлд тооцох тохиолдолд хамаарах эсэхийг шалгах нь маргааныг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой байна.

 

Жолооч Б.Рагчаа нь согтууруулах ундаа хэрэглээгүй болох нь химийн шинжилгээний 104 тоот дүгнэлтээр тогтоогдсон, эм хэтрүүлэн хэрэглэсэн, мансууруулах эсвэл сэргээх үйлчилгээтэй бодис хэрэглэсэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон байдал нь осол гарах шалтгаан болсон гэж үзлээ.

 

Талуудын гэрээгээр тохирсон даатгалын эрсдэлд хамаарахгүй “жолооч хэт ядарсан байсан” гэх тохиолдолд МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7.а-д заасан “ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтыг шууд хамаатуулах нь Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д нийцэхгүй байна.

 

Учир нь, дээрх хоёр ойлголт нь хүний бие физиологийн хувьд нэг төрлийн хүчин зүйлийн хүрээнд хамаарагдах боловч энэ төрлийн хүчин зүйл дотроо нэг нь нөгөөгийн тухайн шинж чанараас хавьгүй давуу болохыг илтгэдэг, хариу үйлдэлд үзүүлэх нөлөөллийн хэмжээгээрээ өөр өөр үр дагавартай тул нэг ойлголтыг илэрхийлж байгаа гэж үзэхгүй.

 

Иймд тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний 2.2.2, 2.1.3.с-д заасан эрсдэлийн улмаас даатгалын зүйлд хохирол учирсан даатгалын тохиолдол бий болсон гэж үзэх үндэслэлтэй тул нэхэмжлэгч нь нөхөн төлбөр шаардах эрхтэй.

 

Гэм хорын даатгалаар эд хөрөнгөнд учирсан гэм хорыг даатгалын үнэлгээний хэмжээгээр мөнгөн хэлбэрээр нөхөн төлөх үүргийг даатгагч хүлээдэг хэдий ч даатгуулагч нь тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын хэмжээг “Мастер Үнэлгээ” ХХК-ийн гаргасан 32,380,000 төгрөгөөр тооцож шаардсан нь тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний 8.9-д “нөхөн төлбөрийн хэмжээг зах зээлийн бодит үнэ, даатгалын үнэлгээ хоёрын аль багаар нь тогтооно” гэж заасанд нийцжээ.

 

Булган аймгийн Автотээврийн төвийн техникийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн дүгнэлтээр “Бүхээгийн баруун урд тал доороос цохигдсоны улмаас босоо болон хөдлөн тулгуурууд 25-30 см тахийж гулзайсан, бүхээгийн зүүн урд тал доороос цохигдсоны улмаас босоо болон хөдлөн тулгуурууд 40 см тахийж гулзайсан, үүний улмаас зүүн талын гэрэлтүүлэх хэрэгслүүд бүгд хагарсан, жолооны дамжуулгын механизм тахийсан, урд салхины шилнүүд хагарсан, хаалга эвдэрхий, урд ба хойд талын буфер хагархай, баруун хойд талын бүхээгийн босоо болон хөндлөн тулгуурууд тахийж гулзайсан, баруун хойд талын гэрэлтүүлэх хэрэгслүүд хагарсан, моторын тосны тэвш дотогш чихэгдсэн, хий хураах зориулалттай баллон хонхойсон” зэрэг эвдрэл гэмтэлтэй болох нь тогтоогдсон тээврийн хэрэгсэл нь замын хөдөлгөөнд оролцох ямар ч боломжгүй тул ослоос хойш өөр хүчин зүйлийн үйлчлэлээр дахин гэмтэл авсан гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Иймд “Мастер Авто Сүлжээ Нимонс” ХХК-ийн оношилгоонд үндэслэн гаргасан “Мастер Үнэлгээ” ХХК-ийн 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн “Автомашин техникийн үнэлгээний 10318442 тоот тайлан”-гаар тогтоогдсон гэмтлүүдийг ослоос үүдэлтэй гарсан гэмтлүүд, үнэлгээгээр тогтоогдсон 32,380,000 төгрөгийг тээврийн хэрэгсэлд учирсан хохирол буюу даатгагчийн нөхөн төлөх үүрэгтэй төлбөр гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч Д.У нь “Мастер Авто Сүлжээ Нимонс” ХХК-д 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр 77,500 төгрөг, 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр 360,000 төгрөг, “Мастер Үнэлгээ” ХХК-д 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр 1,000,000 төгрөг буюу нийт 1,437,500 төгрөгийг үнэлгээний хөлс гэж төлсөн болох нь баримтаар тогтоогдож байх тул даатгалын гэрээний 7.1.3.1-д зааснаар үнэлгээний зардлыг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

 

Харин нэхэмжлэгч нь 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хариуцагчид гаргасан даатгалын нөхөн төлбөр олгох хүсэлтдээ хохирлын хэмжээг тодорхойлж өгөөгүйн гадна хохирлын хэмжээг бодитоор 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр тогтоогдсоны хойно даатгалын нөхөн төлбөр төлөх үүргийг Иргэний хуулийн 439 дүгээр зүйлийн 439.4-т зааснаар даатгагч хүлээдэг тул хохирлын хэмжээ бодитоор тогтоогдоогүй үед буюу 2018 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр даатгалын нөхөн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй гэж хариуцагчийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Хохирлын хэмжээг бодитоор тогтоогдсоны дараа нэхэмжлэгч нь нөхөн төлбөр шаардсан шаардлагыг хариуцагчид гаргаж байсан гэж үзэх үйл баримт тогтоогдоогүй тул даатгалын нөхөн төлбөр төлөх үүргээ гэрээнд заасан хугацаанд хэрэгжүүлээгүй үндэслэлээр хариуцагчаас 16,980,000 төгрөгийн алданги шаардсан нэхэмжлэгчийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй болно.

 

Иймд шүүх хариуцагчаас даатгалын нөхөн төлбөрт 33,817,500 төгрөг /32,380,000+1,437,500/-ийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгч 50,797,500 төгрөгийн шаардлагаа 50,008,850 төгрөг гэж тодорхойлж, энэ дүнгээс улсын тэмдэгтийн хураамжид 408,000 төгрөг төлсөн нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д нийцээгүй тул шүүх нэхэмжлэлийн шаардлагаас улсын тэмдэгтийн хураамжийг тооцож, зөрүүг нь нэхэмжлэгчээс нөхөн гаргуулах, хангагдсан шаардлагын хувь хэмжээгээр хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

  

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь заалт, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 431 дүгээр зүйлийн 431.1, 443 дугаар зүйлийн 443.1, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасныг тус тус баримтлан “М Д” ХК-аас даатгалын нөхөн төлбөрт 33,817,500 төгрөгийг гаргуулж Д.Уөд олгож, Д.Уийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 16,980,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 408,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 3,937.5 төгрөг нөхөн гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагчаас 327,037.5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.   

 

3. Шүүхийн шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд төлбөр гаргуулах ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хуулийн этгээдээс төлбөр гаргуулах журмын дагуу гүйцэтгэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.   

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэрийг 7 хоногийн дараа гарснаас хойш 14 хоногийн дотор гардаж авах үүрэгтэй ба хэрэв эс зөвшөөрвөл заасан хугацаанд гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                Ө.УЯНГА