Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 384

 

      Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа, шүүгч Л.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

    Нэхэмжлэгч: Увс аймгийн Бөхмөрөн сумын Хотгор багт оршин суух, 1970 онд төрсөн, 47 настай, эмэгтэй, РД:БВ70101801, Секел Кешубай овогт Жанимханы Алтангүлийн нэхэмжлэлтэй,

    Хариуцагч: Увс аймгийн Бөхмөрөн сумын Хотгор багт оршин суух, 1970 онд төрсөн, 47 настай, эрэгтэй, РД:БЗ70091813, Найман Саржомарт овогт Бапайн Алтанбек,

     Хариуцагч: Увс аймгийн Бөхмөрөн сумын Хотгор багт оршин суух, 1963 онд төрсөн, 54 настай, эмэгтэй, РД:БЗ63081305, Найман овогт Бапайн Загила,

     Хариуцагч: Увс аймгийн Бөхмөрөн сумын Хотгор багт оршин суух, 1954 онд төрсөн, 63 настай, эмэгтэй, Найман овогт Бапайн Көк,

    Хариуцагч: Увс аймгийн Бөхмөрөн сумын Хотгор багт оршин суух, Хурамханы Алтангүл нарт холбогдох,

        Үндэслэлгүйгээр гүтгэж, нэр төр, алдар хүндийг минь гутаан доромжилсон мэдээ тарааж, гэр орноос минь хөөж нэр хүндэд халдсан тул нэр төрийг сэргээж, орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр уучлалт гуйлган, сэтгэл санаа, нэр төрд учирсан эдийн бус хохирол болох 10.509.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 2 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Алтангүл, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Алтай, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтанбек, хариуцагч нарын өмгөөлөгч Б.Болормаа, иргэдийн төлөөлөгч Б.Оюунчимэг, гэрч Т.Самей, Ж.Айгүл, С.Бибигүл, Ж.Оралган, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Нэхэмжлэгч Ж.Алтангүл шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Ж.Алтангүл миний бие нь 2010 оны 1 дүгээр сард Увс аймгийн Бөхмөрөн сумын Хотгор багт оршин суух, 1952 онд төрсөн Найман Саржомарт овогт Бапайн Мансавтай гэр бүл болж гэрлэлтээ улсын бүртгэлд бүртгүүлж №142 тоот гэрлэлтийн гэрчилгээ авсан. Бид хоёрын дундаас 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр охин М.Инжу төрсөн. Бид Увс аймгийн Бөхмөрөн сумын нутаг Хотгор хэмээх газар гэр бүлээрээ тайван, сайхан амьдарч байсан. 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдөр манайх хашаан дотроо байх эсгий гэртээ байсан ба нөхөр Б.Мансав орой нь эрүүл саруул унтсан боловч өглөө орондоо нас барсан байсныг мэдсэн. Талийгаачийн 7 хоног, хойтох ажлыг нь өнгөрүүлсний дараа талийгаач нөхрийн маань төрсөн дүү Б.Алтанбек, Б.Загила, Б.Көк болон бэр нь Х.Алтангүл нар охин М.Инжу бид хоёрыг гэр орноос минь хөөж явуулсан. Ингэхдээ Хотгор багийн олон иргэд болон бусад газар нутгаас талийгаачийн ажилд ирсэн 100-150 гаруй хүмүүсийн өмнө Чи ах Б.Мансавыг алсан, чи алуурчин, ахыг минь чи алж амь насыг нь хохироосон, хор өгсөн, битүүгээр аллага хийсэн, бид сайн мэдэж байгаа бөгөөд нотлох баримттай, чамайг алуурчин гэж цагдаад шалгуулна, чамайг энэ Хотгорын газарт, ахын гэр оронд байлгахгүй гэж олон үгээр хэлж доромжлон дайрч давчилж, гүтгэн заналхийлж гэр орноос минь бэлэвсэрч үлдсэн намайг болон өнчирсөн охин М.Инжу бид хоёрыг олны өмнө чирч гадаа гаргаж хувцас эд зүйлсийн заримыг гадаа гаргаж хаяж хөөж явуулсан билээ. Энэ байдлыг Хотгор багт амьдардаг бүх хүмүүс үзэж, харж, сонссон юм. Тэнд намайг байлгахгүй гэж дарамталсанаар охин М.Инжу бид хоёр Өлгий суманд ирж байр хөлсөлж амьдарсан. Би Хотгор багт Цахилгаан Холбооны Хотгорын салбарын төв-д сахиулын орон тоонд ажилладаг байсан бөгөөд Хотгороос хөөгдсөнөөс болж ажлаасаа гарсан юм. Мөн тус Хотгор багт өөрийн хөрөнгө болох телевизийн тоног төхөөрөмжийг холбооны салбарт түрээслүүлэн ажиллуулдаг байсан ажил маань тасалдсан. Охин бид хоёр гар утсаар хэд хэдэн удаа хадмын хүмүүстэй ойлголцохоор ярих гэсэн боловч Эцгийнхээ толгойг хайж энд ирэх гэв үү гэх мэтээр дайрч доромжилсон. Намайг Хотгорт очиход ална гэсэн болохоор эмэгтэй хүн би дахин тийшээ айгаад очиж чадаагүй. Энэ хооронд хадмын талын дээрх 4 хүн хаана явсан газартаа, уулзсан хүмүүстээ утсаар ярилцахдаа: Б.Мансавын авгай Ж.Алтангүл нь нөхрөө хордуулж, хутгалж алсан байна гэх зэргээр янз бүрийн байдлаар гүтгэж, нэр төрийг минь гутаан доромжилж байсан тул би эгч Ж.Айгүлд хэлж талийгаачийн үхлийн шалтгааныг тогтоолгож өгөхийг хүсч Увс аймгийн Цагдаагийн газарт хандсан. Тус Цагдаагийн газраас болон Аймгийн Прокурор, Шүүх шинжилгээний байгууллагаас тусгай баг ирж Цогцост үзлэг хийж талийгаач Б.Мансавын үхлийн шалтгааныг гадны нөлөөгүй бөгөөд биологийн үхлээр үхсэнийг тогтоосон дүгнэлт гаргасан билээ. Нэгэнт би Хотгор баг, Өлгий сумын болон өөрийн төрж өссөн Баяннуур сум, оршин суух Ногооннуур сумын иргэд болон таньдаг бүх хүмүүст Нөхрөө алсан эмэгтэй гэж алуурчин нэртэй болж муу хэлэгдэн, хардагдан, сэрдэгдэж нэр төр, алдар хүнд минь унасан. Цаашлаад Казакстан улсаас ирсэн, тэнд амьдардаг, утсаар харьцдаг хүмүүст хадмууд байнга талийгаач нөхрийн маань ердийн үхлийг надтай холбон ярьж гүтгэж байна. Энэ гүтгэгдсэн байдлыг минь хадмын дээрх 4 дүү, бэр нь Гэр орноос нь хөөж явуулсан, хэргээ өөрөө хүлээн зөвшөөрч сайн дураар явчихсан мэтээр олон иийтэд тайлбарлан тийм ойлголттой болгон итгүүлж байгаа юм. Энэ гүтгэлгийг тэвчиж чадалгүй цогцост /экскомация/ үзлэг хийлгэх хүртэл арга ядсан нөхцөл байдалд хүрсэн юм. Өөрөөр хэлбэл нэр төрөө сэргээлгэх шаардлага гарсан юм. Нэгэнт нөхрийг минь гадны нөлөөгүй, байгалийн жамаар насан нөгчсөнийг дүгнэлтээр тогтоож өгсөн болохоор би нэр төр, алдар хүндээ сэргээлгэхээр шийдвэрлэж тус шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд Б.Алтанбек, Б.Загила, Х.Алтангүл, Б.Көк нарын үндэслэлгүйгээр гүтгэж, нэр төр алдар хүндийг минь гутаасан, мэдээ тараасан тул нэр төрийг минь сэргээж, орон нутгийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр надаас уучлалт гуйгуулж сэтгэл санаа, нэр төрд минь учирсан эдийн бус хохирол болох 10.509.000 төгрөгийг дээрх хариуцагч нараас гаргуулан нэхэмжлэлийн шаардлагыг минь хангаж өгнө үү гэжээ.

     Хариуцагч нарын итгэмлэгдсэн төлөөлөгч Б.Алтанбек шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтанбек би нэхэмжлэгч Ж.Алтангүлээс хариуцагч Б.Алтанбек, Б.Загила, Б.Көк, Х.Алтангүль нарт холбогдуулан гаргасан нэр төрөө сэргээлгэж, орон нутгийн телевиз, хэвлэл мэдээллийн хэрэгслээр уучлалт гуйлгуулж, сэтгэл санаа, эдийн бус хохиролд 10.509.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараахь тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгчийн нөхөр болох Б.Мансав нь хариуцагч Б.Алтанбек, Б.Загила, Б.Көк бид нарын төрсөн ах бөгөөд түүний анхны эхнэр нь 2007 онд өвчний улмаас нас барсан, тэрээр Ж.Алтангүлтэй 2010 оны 1 дүгээр сард гэр бүл болсон юм. Ж.Алтангүл нь бидний ах Б.Мансавтай гэр бүл болохдоо өмнөх нөхөр Акимээс албан ёсоор гэрлэлтээ цуцлуулаагүй байсан бөгөөд Акимээс 2011 оны 3 дугаар сарын 24-ний өдөр шүүхээр гэрлэлтээ цуцлуулсан юм. Манай ах Б.Мансав нь 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдөр гэнэт нас барсан бөгөөд ах маань нас барснаар бидэнд нөхөж баршгүй гарз учирч, сэтгэл санааны хувьд бид маш их хүнд хэцүү нөхцөл байдалд орсон. Бидний ах Б.Мансав нь ямар нэгэн хууч өвчингүй, эрүүл саруул хүн байсан. Манайхаас 400 гаруй зайтай амьдарч байсан боловч бид өдөр бүр шахуу утсаар ярьж уулзаж байнгын холбоотой байсан. Сүүлийн үед юунаас болсныг мэдэхгүй ах Б.Мансав, эгч Ж.Алтангүл нарын гэр бүлийн харилцаа хөндийрч, байнга хэрүүл маргаантай байдаг болсон. Хамгийн сүүлд 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдөр тэр хоёр муудалцаж хэрүүл маргаан үүсгэн зодолдож, улмаар манай ахын нүүр ам нь шалбарч гэмтсэн байсан. Ахын нүүрэнд үүссэн шалбархай нь тэр хоёрын хэрүүл зодооноос болсон гэдгийг тухайн үед би ах Б.Мансаваас 2016 оны 7 дугаар сарын 30-ны өдөр сонсож мэдсэн боловч ах дүү нартаа асуудал болгож хэлээгүй юм. Учир нь ахынхаа гэр бүлийн амьдралд хөндлөнгөөс оролцохгүй гэсэндээ, нөгөө талаар эхнэртээ зодуулсан гэж хэлэх эвгүй санагдаад тэгээд ч ахын нүүрэнд үүссэн гэмтэл нь хүнд биш хөнгөн байсан тул хэлээгүй юм. Гэвч дараа нь санаа зовоод Б.Мансав ахын гэрт очиход тэдний гэр бүлийн харилцаа урьдын адил сайхан байгаагүй, хөндий хүйтэн харьцаатай болсон байсан. Бэр Ж.Алтангүлийг бид Б.Мансав ахын гэрээс хөөж явуулаагүй. П.Мансав ахыг оршуулсны дараа бид казак үндэсний ёс заншлын дагуу 7 хоногийн уй гашуудал илэрхийлэн ахьн гэрт ах дүү төрөл төрөгсөд цугларч нас барагчийн хойдохыг өглөөнөөс оройхүртэл нэг бүтэн өдөр уншуулсан юм. Казак үндэсний заншлаар тухайн өдөр хэрүүл маргаан гаргах, инээж наргих, тэнд цугларсан хүмүүс хоорондоо ямар нэгэн яриа хөөрөө /улс төр, хов жив/ дэлгэх учиргүй. Мөн үйл ажиллагаанд зөвхөн манай ах дүү нар болох 16-21 орчим хүн оролцсон бөгөөд ном уншуулж дуусаад хүмуүс тарж, гэрээс гарч явсны дараа ахын гэрт нэг эцгээс төрсөн ах дүү 8 хүн үлдсэн бөгөөд миний төрсөн эгч Б.Загила, бэр болох нэхэмжлэгч Ж.Алтангүлээс Ах Б.Мансавыг нас барахаас өмнө түүний бие ямар байсан, бие нь муудах шинж тэмдэг илэрсэн үү, эмч дуудаж узуүлэх, эм өгөх боломж байгаагуй юу, та хоёрын хооронд ямар нэгэн хэрүүл маргаан болсон уу гэж лавлаж асуухад бэр Ж.Алтангүл нь уурлаж, урьдаас нь эсэргүүцэж, хэлэх хэлэхгүйгээр хэлж, бид бүхэнд хандаж Та нар Б.Мансавын ухлийг надаас болсон гэж үзэж байна уу, шалгуулах газар нь шалгуулаарай, би ч гэсэн шалгуулна гэж дайрч доромжлон гэрээс гарч явсан. Ямарч ястан үндэстэн байлаа ч гэсэн нас барсан хүнд хүндэтгэлтэй хандаж, ард нь үлдсэн ёс заншлыг биелүүлэх ёстой. Тухайн үед Б.Загила эгч болон бид нар сэтгэл санааны гүн хямрал дарамттай байсан. Тухайн үед хамгийн гол нь өмнө нь гэр бүлийн маргаанаас болж ахын нүүр ам нь шалбарч гэмтэж байсан тул Б.Загила эгч Яагаад ийм зүйл болчихов, эмнэлгийн тусламж үзүүлэх, эмч дуудах боломжгүй байсан уу гэж асуусан. Манай эгч Б.Загилагийн дээрх асуусан асуултад бэр болох Ж.Алтангүл нь тэгж уурлаж, бухимдан, эсэргүүцэж, дайрч давшлах шаардлагагүй байсан. Учир нь тухайн үед Б.Загила эгч ч ялгаагүй ахыгаа алдан уй гашууд автан сэтгэлийн хямралтай байсан үедээ асуусан бөгөөд түүнийг нэг удаа тэвчээд өнгөрөх сэтгэлийн тэнхээ Ж.Алтангүлд байх ёстой байсан. Нөгөө талаар Ж.Алтангүл нь тэгж уурлаж явахдаа ахын гэрийгэзэнгүй орхиод явчихсан ба манай казак үндэсний заншлаар нас барагчийн гэрийг эзэнгүй үлдээх ёсгүй гэж үздэг.Ахыгаа нас барсны дараа түүний эхнэр, үр хүүхдийг нь бид гэр орноос нь хөөж, чирч гаргаагүй. Бидэнд ингэх эрх, ёс суртахуун ч байхгүй, бидэнд бас Хотгорын уурхайд амьдардаг ард түмнээс ичиж зовох сэтгэл гэж байна. Гэтэл Ж.Алтангүл нь манай ах Б.Мансавыг нас бараад 7 хонож амжаагүй байхад Б.Загила эгчийн асуусан асуултад хариулахгүй уурлаж, хадмуудыгаа дайрч доромжлон ахын гэр орныг нь эзэнгүй орхиж явчихаад эцэст нь хэл ам хийж, биднийг шүүхийн хаалга татуулж байгаад үнэхээр гомдолтой байна. Мөн бидний хэн нь ч хүсээгүй,зөвшөөрөөгүй, мэдээгүй байхад төрсөн ахын минь ясыг хөндөж задлан шинжилгээ хийлгэсэнд туйлын гомдолтойбайна. Хэрэв бид үнэхээр ахыг маань Ж.Алтангүл алсан гэж үзсэн бол оршуулахгүйгээр холбогдох газарт нь хандаж шалгуулах боломж байсан, бид тэгж үзээгүй тул ахыгаа ёс журмаар нь хөдөөлүүлсэн билээ. Ахыг оршуулах, дахин оршуулах бүх зардлыг нэг эхээс төрсөн ах дүү бид нар гаргасан бөгөөд бэр Ж.Алтангүлээс нэг ч төгрөгийн зардал гараагүй. Мөн талийгаач ахын банкны зээл 327.106,06 төгрөгийг түүний эхнэр биш би өөрөө төлж барагдуулсан.Бид нараас болж Ж.Алтангүл нь ажилгүй болсон гэдэг тайлбар мөн үндэслэлгүй юм. Багийн төвийн холбоонд манай ах Б.Мансав ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан бөгөөд Аймгийн холбооны газрын дарга А.Досымбек манай ойрын хамаатан хүний хувьд ахад тус хүргэхийн тулд Ж.Алтангүлийг ахын байшинг гаднаас нь харж байна гэсэн нэрийдлээр сард 80.000 төгрөг өгч байсан бөгөөд Ж.Алтангүлийг явсны дараа уг мөнгийг ахын төрсөн хүү Ж.Алтангүлтэй хамт амьдарч байсан М.Нурбекэд өгч байгаа. Үүнээс үзэхэд Ж.Алтангүлийн гэрт орох орлогыг таслахгүй байгаа гэж ойлгож болно. Хэрэв Ж.Алтангүл нь охин М.Инжугийн хамт гэртээ ирж амьдарна гэвэлбидний зүгээс эсэргүүцэх, хөөх ямарч асуудал байхгүй. Б.Мансав ахын өв залгамжлагч нь түүний төрсөн охин М.Инжу болохоос ах дүү нар нь биш гэдгийг бид бүгдээрээ мэднэ. Эгч Б.Загилагийн асуусан асуултаас болж бэр болох Ж.Алтангүл бидний хооронд үл ойлголцол бий болсон, ах дүүгийн хооронд гарсан дээрх жижиг маргааны үед тэр гэрт ах дүү 8-10 хүнээс өөр ямарч хүн байгаагүй бөгөөд манай ах дүү нарын хэн нь ч дотооддоо болсон энэ маргааны талаар хэн нэгэн хүнд хэлээгүй, энэ талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр яриагүй, сонин хэвлэлд нийтлүүлээгүй, цагдаа шүүхийн байгууллагад хандаагүй байхад өөрөө уурандаа биднийг дайрч доромжилж, гэрээсээ явчихаад бүх бурууг бидэнд тохож, нэр төрөө сэргээлгэе, сэтгэл санааны хохирол гаргуулъя гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ах маань нас барж, бид бүгдээрээ хохирсон болохоос Ж.Алтангүл ганцаараа хохироогүй юм. Тэрээр охин, хүргэн хүүгийн хамт Өлгий сумын төв явсан. Ж.Алтангүл нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нэр бүхий хүмүүсийн тодорхойлолт хавсаргаж өгсөн. Гэтэл Ж.Алтангүлийн гэрч гэх БНХ дарга Т.Сарымсах нь тухайн үед Баян-Өлгий аймагт ажлаар явж байсан. Багийн дарга X.Берикбол нь Ховд сумын Ачит багийн 50 жилийн ойн баярт оролцож байсан байна. А.Тогтамурат гэгчийн түүнд өгсөн тодорхойлолтыг би нэхэмжлэл гардаж авах үед хуулбарлаж авсан ба уг тодорхойлолтыг Тогтамурат өөрөө бичээгүй байна. Учир нь А.Тогтамурат оөрөө бичиг үсэг мэддэггүй хүн юм. А.Тогтамурат 7 хоногийн ажилд оролцсон бөгөөд яг маргаан болж байх үед байгаагүй гэх тодорхойлолтыг эхнэрээр нь бичүүлж гарын үсэг зуруулж хавсаргасан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

      Иргэдийн төлөөлөгч Б.Оюунчимэг шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Миний бие мэдэхгүй байна. Шүүх шийдвэрээ гаргана. Энэ 2 талын дунд тийм ноцтой зүйл байхгүй байна гэж би бодож байна гэжээ.

       Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

  Нэхэмжлэгч Ж.Алтангүл нь хариуцагч Б.Алтанбек, Б.Загила, Б.Көк, Х.Алтангүл нарт холбогдуулан үндэслэлгүйгээр гүтгэж, нэр төр, алдар хүндийг гутаан доромжилсон мэдээ тарааж, гэр орноос минь хөөж нэр хүндэд халдсан тул нэр төрийг сэргээж, орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр уучлалт гуйлган, сэтгэл санаа, нэр төрд учирсан эдийн бус хохирол болох 10.509.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

    Хариуцагч нар нь Ж.Алтангүлийг гүтгэж доромжилсон зүйл байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй хэмээн маргаж байна.

     Нэхэмжлэгч Ж.Алтангүл, хариуцагч Б.Алтанбек, Б.Загила, Б.Көк, Х.Алтангүл нарын хооронд талийгаач Б.Мансавын 7 хоногийн буяны ажлын үеэр үл ойлголцол, маргаан гарсан болох нь зохигчдын тайлбар болон гэрч Т.Самей, Ж.Айгүл, С.Бибигүл, Ж.Оралган нарын мэдүүлэг, Х.Алтангүл, М.Мурат, Ж.Айгүл, М.Нурбек, Б.Загила, Б.Алтанбек нарын Увс аймаг дахь Цагдаагийн газарт өгсөн тайлбар зэргээр нотлогдож байна.

       Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1-т Бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийгээ бодит байдалд нийцэж байгааг нотолж чадахгүй бол эд хөрөнгийн хохирол арилсныг үл харгалзан, эдийн бус гэм хорыг мөнгөн болон бусад хэлбэрээр арилгах үүрэг хүлээнэ гэж заажээ.

     Дээрх хуулийн зүйл, заалтын гутаасан мэдээ гэдэг нь бодит байдалд нийцээгүй, иргэн, хуулийн этгээдийг хууль болон ёс суртахууны хэм хэмжээг зөрчсөн буюу буруу, шударга бус үйлдэл хийсэн гэх агуулгатай мэдээг тарааснаар иргэний нэр төр, алдар хүнд, иргэн, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд нөлөөлсөн, үнэлэмжийг доройтуулсныг ойлгоно.

      Харин энэ маргаан-ы улмаас нэхэмжлэгч Ж.Алтангүлын нэр төр, алдар хүндэд нь хэрхэн нөлөөлсөн, түүний үнэлэмж хэрхэн доройтсон байдал тогтооогдохгүй байна.

     Мөн нэхэмжлэгч нь эдийн бус хохирол 10.509.000 төгрөг гаргуулах шаардлага гаргасан атлаа зочид буудалд байрласан баримт, өмгөөлөгчид хөлс төлсөн баримт, нотариатын хөлс төлсөн баримт, жолоочид хөлс төлсөн баримт зэргийг хавсаргаж нэхэмжилсэн нь ойлгомжгүй. Ямар баримт, тооцоо гаргаж 10.509.000 төгрөг нэхэмжилсэн нь тодорхойгүй байна.

    Нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргаж ирүүлсэн Баян-Өлгий аймгийн Хотгор бага сургуулийн тодорхойлолт, Баян-Өлгий аймгийн Холбооны газрын тодорхойлолт, Анун амир ХХК-ийн тодорхойлолт гэх баримтууд нь Ж.Алтангүлийн нэр төрийг гутаасан, сэтгэл санаанд учирсан эдийн бус хохирлыг тогтоохгүй болно.

      Хариуцагчийн шүүх хуралдаанд гаргаж ирүүлсэн Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл, мемориалын баримт 2 ширхэг, талийгаачийн зурагтай урилга гэх баримтууд нь хэрэгт хамааралгүй тул нотлох баримтаар үнэлээгүй болохыг дурдах нь зүйтэй.

       Түүнчлэн нэхэмжлэгч Ж.Алтангүл нь А.Тогтамурат, Т.Сарымсах нарын Б.Алтанбек, Б.Загила, Б.Көк, Х.Алтангүл нар нь Ж.Алтангүлийг охин М.Инжугийн хамт гэр орноос нь 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдөр талийгаачийн 7 хоногийн өдөр олон хүмүүсийн өмнө хөөж явуулсан гэх тодорхойлолтуудыг ирүүлсэн боловч хариуцагчаас мөн А.Тогтамуратын Хотгор багийн төвд оршин суудаг 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Бапай овогтой Мансавын 7 хоногийн ажилд оролцсон нь үнэн. 7 хоногийн ажил тараад гэртээ харьсан. Ямар нэгэн хэрүүл маргаан болсоныг мэдэхгүй гэх, Т.Сарымсахын Миний бие Тохуза овогтой Сарымсах нь 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Баян-Өлгий аймагт байсан. Талийгаач Мансапын 7 хоногийн ажилд оролцсонгүй гэх тодорхойлолтуудыг ирүүлжээ.

       Өөрөөр хэлбэл, нэг этгээд нь нэхэмжлэгч, хариуцагч нарт нэг цагт, нэг газарт болсон үйл баримтын талаар эсрэг агуулга бүхий хоёр тодорхойлолт гаргаж өгсөн, тухайн тодорхойлолтууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй байх тул шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй байна.

       Нөгөө талаар, уучлал гуйх эсэх нь хүний сэтгэлээс бий болох, зан суртахуунаас хамаарах бөгөөд үүнийг шүүхийн шийдвэрээр зааж, албадах, үүрэг болгох боломжгүй юм.

      Иймд нэхэмжлэгч Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1, 511.2-д заасныг  баримтлан хариуцагч Б.Алтанбек, Б.Загила, Б.Көк, Х.Алтангүл нарт холбогдох үндэслэлгүйгээр гүтгэж, нэр төр, алдар хүндийг гутаан доромжилсон мэдээ тарааж, гэр орноос минь хөөж нэр хүндэд халдсан тул нэр төрийг сэргээж, орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр уучлалт гуйлган, сэтгэл санаа, нэр төрд учирсан эдийн бус хохирол болох 10.509.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ж.Алтангүлийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

       Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчЖ.Алтангүлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 254.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

       1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1, 511.2-т заасныг баримтлан хариуцагч Б.Алтанбек, Б.Загила, Б.Көк, Х.Алтангүл нарт холбогдох үндэслэлгүйгээр гүтгэж, нэр төр, алдар хүндийг гутаан доромжилсон мэдээ тарааж, гэр орноос минь хөөж нэр хүндэд халдсан тул нэр төрийг сэргээж, орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр уучлалт гуйлган, сэтгэл санаа, нэр төрд учирсан эдийн бус хохирол болох 10.509.000 /арван сая таван зуун есөн мянга/ төгрөг гаргуулах тухай Ж.Алтангүлийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

        2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ж.Алтангүлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 254.200 /хоёр зуун тавин дөрвөн мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    П.БОЛОР

                                      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Н.ГЭРЭЛТУЯА

                                                           ШҮҮГЧ                                 Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ