Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 2018/ДШМ/50

 

Н.Болдбаатар, Б.Болдбаатар,

М.Батжаргал нарт холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                                 Даргалагч,

                                    Ерөнхий шүүгч                         Б.Батзориг

                                    Шүүгчид                                   Г.Давааренчин

                                                                                  Д.Буянжаргал

                                Оролцогчид:

                                  Прокурор                                 Д.Нямдэлэг

                                    Шүүгдэгчийн өмгөөлөгч          А.Мөнхбат

                                    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Сувд нарыг оролцуулж, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2018/ШЦТ/115 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгч Н.Болдбаатарын давж заалдах гомдлоор  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Алаг адуу Дэлэг овогт Насанжавын Болдбаатар, Бургууд овогт Буянжаргалын Болдбаатар, Мончок овогт Мөнхбатын Батжаргал нарт холбогдох эрүүгийн 1831000540064  дугаартай, 1 хавтас эрүүгийн хэргийг 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч , шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч:  Монгол улсын иргэн, 1992 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймаг Зүүнбүрэн суманд төрсөн, 26 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ял шийтгэлгүй,  Сэлэнгэ аймаг Зүүнбүрэн сумын 3 дугаар баг Эрхэт гэх газарт оршин суух хаягтай, Ургийн овог Дэлэг, эцгийн нэр Насанжав, өөрийн нэр Болдбаатар /Регистрийн дугаар: МЖ92112517/

 

  Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1989 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Сэлэнгэ аймаг Зүүнбүрэн суманд төрсөн, 29 настай эрэгтэй, боловсрол мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгэлгүй, Сэлэнгэ аймаг Зүүнбүрэн сумын 3 дугаар баг Эрхэтэд оршин суух хаягтай, Ургийн овог Бургууд, эцгийн нэр Буянжаргал, өөрийн нэр Болдбаатар /Регистрийн дугаар: МЖ89111233/

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1998 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Сэлэнгэ аймаг Зүүнбүрэн суманд төрсөн, 20 настай эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой,  мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгэлгүй, Дархан-Уул аймаг Орхон сумын Дэлгэр хороолол 1 дүгээр баг 7-3 тоотод оршин суух хаягтай, Ургийн овог Мончок, эцгийн нэр Мөнхбат, өөрийн нэр Батжаргал /Регистрийн дугаар: МЖ98020212/

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Н.Болдбаатар нь Б.Болдбаатар, М.Батжаргал нартай бүлэглэн 2018 оны 01 дүгээр сарын 31-нээс 2018 оны 02 дугаар сарын 01-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын 3-р баг “Хэтийн нуга” гэх газарт оторлож байсан Ж.Эрдэнэбатын малнаас 10 тооны хонь, 1 тооны ямаа хулгайлан Ж.Эрдэнэбатад 1.280.000 төгрөгийн хохирол,

Б.Болдбаатар нь М.Батжаргал, Н.Болдбаатар нартай бүлэглэн 2018 оны оны 01 дүгээр сарын 31-нээс 2018 оны 02 дугаар сарын 01-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын 3-р баг “Хэтийн нуга” гэх газарт оторлож байсан Ж.Эрдэнэбатын малнаас 10 тооны хонь, 1 тооны ямаа хулгайлан Ж.Эрдэнэбатад 1.280.000 төгрөгийн хохирол,

М.Батжаргал нь Б.Болдбаатар, Н.Болдбаатар нартай бүлэглэн 2018 оны 01 дүгээр сарын 31-нээс 2018 оны 02 дугаар сарын 01-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын 3-р баг “Хэтийн нуга” гэх газарт оторлож байсан Ж.Эрдэнэбатын малнаас 10 тооны хонь, 1 тооны ямаа хулгайлан Ж.Эрдэнэбатад 1.280.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Анхан шатны шүүх М.Батжаргал, Б.Болдбаатар, Н.Болдбаатар нарт холбогдох эрүүгийн хэргийг 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хянан хэлэлцээд 2018/ШЦТ/115 дугаартай шийтгэх тогтоолоор Алаг адуу Дэлэг овогтой Насанжавын Болдбаатар, Бургууд овогтой Буянжаргалын Болдбаатар, Мончок овогтой Мөнхбатын Батжаргал нарыг тус тус Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2 дугаар бүлгийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мал хулгайлах ” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1, 2.6 дугаар зүйлийн 2-т заасныг тус тус баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.12  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Насанжавын Болдбаатарыг 1 /нэг/ жилийн хугацаагаар, Буянжаргалын Болдбаатар, Мөнхбатын Батжаргал нарыг тус тус 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэж, тэдгээрт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хорих ялыг биечлэн эдлүүлэхээр энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн байна.  

 

Шүүгдэгч Н.Болдбаатар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:  

...Н.Болдбаатар би өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч ойлгож гэмшиж буй ч оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү хэмээн хүсэлт гаргаж байна. Хэдий насаараа хоригдохгүй ч олон сар ээж өндөр настай эмээгээ, мал ахуй ар гэрээ яахав гэж бодож яах гэж архи ууж хэрэг хийвээ гэж ойлгож ухаарч байна. Би дахин хэрэг төвөгт орооцолдохгүй байж чадна. Миний ар гэр, анх удаа алдсан, буруугаа хүлээж гэмшиж буйг харгалзан оногдуулсан 1 жилийн хорих ялыг хөнгөрүүлж төрийн өршөөлийг үзүүлж өгнө үү гэжээ.

 

Шүүгдэгч Н.Болдбаатарын өмгөөлөгч А.Мөнхбат давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянан шийдвэрлэх эрхтэй байдаг. Би гэм буруугийн талаас биш ял, хариуцлагыг хөнгөрүүлэх талаас нь хавтаст хэргийг судалж үзсэний дүнд гомдол гаргасан. Гэр бүлээ авч явах ёстой залуу хүний хувьд өөрийн архи ууж согтуурсан болчимгүй үйдлээс болж хоригдож байгаадаа маш их харамсаж, гэмшиж байгаа талаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Тиймээс шүүгдэгч нарыг нийгмээс тусгаарлахгүйгээр ялыг хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор тайлбар, дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлуудад тохирсон ял ногдуулсан гэж үзэж байна. Шүүгдэгч нарт хуульд заасан 06 сараас 01 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгүүлсэн нь тохирсон байна гэж үзэж байна. Тиймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Н.Болдбаатар, Б.Болдбаатар, М.Батжаргал нар  нь бүлэглэн 2018 оны 01 дүгээр сарын 31-нээс 2018 оны 02 дугаар сарын 01-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын 3-р баг “Хэтийн нуга” гэх газарт оторлож байсан Ж.Эрдэнэбатын малнаас 10 тооны хонь, 1 тооны ямаа хулгайлан Ж.Эрдэнэбатад 1.280.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч хэргийг 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хянан хэлэлцээд 2018/ШЦТ/115 дугаартай шийтгэх тогтоолоор Алаг адуу Дэлэг овогтой Насанжавын Болдбаатар, Бургууд овогтой Буянжаргалын Болдбаатар, Мончок овогтой Мөнхбатын Батжаргал нарыг тус тус Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2 дугаар бүлгийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мал хулгайлах ” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1, 2.6 дугаар зүйлийн 2-т заасныг тус тус баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.12  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Насанжавын Болдбаатарыг 1 /нэг/ жилийн хугацаагаар, Буянжаргалын Болдбаатар, Мөнхбатын Батжаргал нарыг тус тус 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэж, тэдгээрт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Н.Болдбаатарын гаргасан давж заалдах гомдлын дагуу Н.Болдбаатар, М.Батжаргал, Б.Болдбаатар нарт холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянавал:

Н.Болдбаатар, М.Батжаргал, Б.Болдбаатар нар нь дээрхи гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Ж.Эрдэнэбатын мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэг өгсөн мэдүүлгүүд /хх-ийн 15-18, 204-213-р ху/, гэрч Ц.Түвшинжаргал /хх-ийн 21-22-р ху/, Х.Наранчулуун /хх-ийн 23-24-р ху/, Б.Мөнгөнцэцэг /хх-ийн 26-27-р ху/, И.Болормаа /хх-ийн 28-29-р ху/, Ц.Доржханд /хх-ийн 30-31-р ху/, Ц.Батсайхан /хх-ийн 32-33-р ху/, Д.Уламбаяр /хх-ийн 34-36-р ху/ нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгүүд, Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 05-07-р ху/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн асуудлаар хэргийн оролцогчдын зүгээс ямар нэгэн гомдол санал гаргаагүй байна.

Н.Болдбаатар, М.Батжаргал, Б.Болдбаатар нар нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д “…Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно…” гэж заасны дагуу тэдэнд тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч нарыг тус тус хоёр жилийн хугацаагаар тэнсэх боломжтой гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 

Иймд шүүгдэгч Н.Болдбаатарын гаргасан давж заалдах гомдлыг бүхэлд нь хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн 2, 3 дугаар заалтанд өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дүгээр хэсгийн 1.4, 2 дахь хэсгүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 2018/ШЦТ/115 дугаартай шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн

 2 дугаар заалтыг:

“2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Алаг адуу Дэлэг овогт Насанжавын Болдбаатар, Бургууд овогт Буянжаргалын Болдбаатар, Мончок овогт Мөнхбатын Батжаргал нарт энэ зүйл, хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 02 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.” гэж,

3 дугаар заалтыг:

“3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар Н.Болдбаатар, Б.Болдбаатар, М.Батжаргал нарыг нэгдсэн бүртгэлд хамруулж, түүний сахилга, засрал хүмүүжил, шүүхээс даалгасан үүргийн биелэлтийн талаар хяналтын хувийн хэрэгт тэмдэглэл хийж байхыг Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шийдвэрийг хүчингүй болгож, мөн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг дурьдсугай” гэж тус тус өөрчлөн найруулж, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Н.Болдбаатар, Б.Болдбаатар, М.Батжаргал нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

                           ДАРГАЛАГЧ                         Б.БАТЗОРИГ

                             ШҮҮГЧИД                        Г.ДАВААРЕНЧИН

                                                                            Д.БУЯНЖАРГАЛ