Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 714

 

Б.Мөнхсаруулын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Туяа даргалж, шүүгч Б.Нармандах, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2016/01447 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Б.Мөнхсаруулын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Батцогд холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 10 818 600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Баясгалан, Ж.Батмөнх

Хариуцагчийн өмгөөлөгч: Ө.Одончимэг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Мөнхсаруул нь Б.Батцогтой 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 7 800 000 төгрөгийг 5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай сар бүр үндсэн мөнгө, хүү нийлээд 880 000 төгрөг төлөхөөр гэрээ хийсэн боловч нэг ч удаа хүү болон үндсэн мөнгөө төлөлгүй өдийг хүрч байна. Гэрээнд заасны дагуу хоног тутамд 0.3 хувийн алданги тооцож нийт 129 хоногийн алданги болох 3 018 600 төгрөг, үндсэн зээлийн 7 800 000 төгрөг, нийт 10 818 600 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нь шүүхэд гаргасан  тайлбартаа:  Б.Мөнхсаруул бид хоёр 7 800 000 төгрөгийн зээлийн гэрээг хийж нотариатаар батлуулсан ч үнэн хэрэг дээрээ ямар нэгэн мөнгө авч, өгөлцөөгүй болно. 2014 онд надад мөнгөний хэрэг гарч би Б.Мөнхсаруулаас мөнгө зээлэх хүн байна уу? гэж асуухад Н.Гантулгатай уулзуулсан. Тэгээд 2014 оны 04-р сард би Гантулгатай аман хэлцэл хийж 1 сар дутамд 5% хувийн хүү төлж байхаар тохирч 3 000 000 төгрөг зээлж авсан. Тэгээд хүүгээ төлж явж байгаад 2014 оны 07-р сард дахин 3 000 000 төгрөг нэмж зээлээд нийт 6 сая төгрөг авсан. Би сар бүр хүүгээ алдалгүй төлж явсаар хамгийн сүүлд 2015 оны 11-р сард 300 000 төгрөг шилжүүлсэн. Барилгын салбарт нүүрэлсэн санхүүгийн хямарлаас болж надад мөнгө орж ирэхгүй болсоноор сүүлийн 6 сарын хүүг төлж чадаагүй.

Гэтэл Мөнхсаруул надруу залгаж би чиний өмнөөс өрийг төлсөн надад тэр мөнгийг өгөөрэй гээд байн байн ярьж,  эхнэрийн ажил дээр хүртэл ирж дарамтлаад байхаар нь аргагүйн эрхэнд нотариат орж зээлийн гэрээг 7 800 000 төгрөгөөр хийж батлуулсан. Би Гантулгаас мөнгө зээлсэн болохоос, Б.Мөнхсаруулаас мөнгө зээлээгүй.  Б.Мөнхсаруулыг миний өмнөөс өр төлөөд өгөөч гэж хүсээгүй, зөвшөөрөл өгөөгүй байхад би төлсөн, өг гэж надаас энэ мөнгийг нэхэмжлэх нь үндэслэлгүй.  Иймд Б.Мөнхсаруулын 10 818 600 төгрөгийн нэхэмжлэлийг  хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Батцогоос нийт 10 818 600 төгрөгийг гаргуулах нэхэмжлэгч Б.Мөнхсаруулын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Мөнхсуруулын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 188 048 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Б.Мөнхсаруул нь Б.Батцогтой 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.5-т “2016 оны 05 дугаар сарын 27-ны өдөр бэлнээр өгсөн” гэж гарын үсэг зурж, нотариатаар гэрчлүүлсэн байдаг. Гэтэл шүүх зээлийн гэрээний дагуу мөнгө шилжүүлэн өгсөн нь нотлогдоогүй гэж үзэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Нотариатаар гэрчлүүлсэн хүчин төгөлдөр гэрээг огт анхаараагүй. Нотариатч гэрээг гэрчлэхдээ хуульд нийцсэн болон талуудын хүсэл зоригийн илэрхийлэл мөн эсэхийг нягтлах ёстой. Тэгш эрхийн үндсэн дээр, бусдын дарамт шахалт болон бусад хүчин зүйлсийн нөлөөнд авталгүй, гэрээний агуулга, түүнээс үүсэх үр дагаврыг бодитой ойлгосон байхыг талуудаас тодруулдаг. Нөхцөл байдлын аль нэг нь зөрчигдсөн бол нотариатч гэрээг гэрчлэхээс татгалздаг. Иймд шүүхийн шийдвэрийг  хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Б.Мөнхсаруул нь хариуцагч Б.Батцогд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 10 818 600 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч “..,  Б.Мөнхсаруулын дарамтад орж зээлийн гэрээнд гарын үсэг зурсан. Уг гэрээгээр 7 800 000 төгрөгийг эзэмшилдээ шилжүүлэн аваагүй, харин нэхэмжлэгчээр зуучлуулан Н.Гантулгаас  зээл авсан” гэж маргажээ.  

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хэргийн 5 дугаар хуудсанд авагдсан 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн зээлийн гэрээнд үндэслэсэн бөгөөд        7 800 000 төгрөгийг хариуцагчийн эзэмшилд шилжүүлсэн үйл баримт, гэрээн дээрх “...бэлнээр өгсөн” гэсэн бичилтээр нотлогдоно гэж тайлбарлажээ.  

 

Хариуцагч дээрх гэрээгээр 7 800 000 төгрөгийг эзэмшилдээ шилжүүлэн аваагүй гэх  татгалзлаа нотлохоор “ ..,Н.Гантулгын дансны хуулга гаргуулах“ хүсэлт гаргасныг анхан шатны шүүхээс хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ. Учир нь “Б.Мөнхсаруулаас зээл аваагүй, түүний зуучилсан Н.Гантулгаас зээл авсан” гэж тайлбарлаж байгаа тохиолдолд дээрх нөхцөл байдлыг тодруулах нь хэргийн үйл баримтыг бүрэн тогтооход ач холбогдолтой байсан гэж үзнэ. 

 

Хэрэгт ач холбогдолтой уг хүсэлтийг хариуцагчийн өмгөөлөгч 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр буюу шүүх хуралдаанаас өмнө гаргасан байхад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дах хэсэгт зааснаар шийдвэрлэж  хэргийн оролцогчдыг мөн хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт зааснаар гомдол гаргах боломжоор хангахаар байжээ. Гэтэл анхан шатны шүүх хүсэлтийг шүүх хуралдааны явцад гаргасантай адилтган үзэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэгт заасныг баримтлан хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ зохигчийн мэтгэлцэх, гомдол гаргах эрхийг хязгаарласан гэж үзэхээр  байна.  /хх-ийн 28, 37/

 

Зээлийг хариуцагч хэнээс авсан, түүний тайлбарлаж байгаачлан ..,Н.Гантулгаас авсан зээлийг Б.Мөнхсаруул өмнөөс нь төлсөн эсэхийг тогтоохгүйгээр хэрэгт эрх зүйн дүгнэлт хийж, хэргийн үйл баримтыг давж заалдах шатны шүүхээс нөхөж тогтоох боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2016/01447 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 188 047 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Т.ТУЯА

                                     ШҮҮГЧИД                                     Б.НАРМАНДАХ

                                                                                           Ш.ОЮУНХАНД