Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Гүррагчаа Алтанчимэг |
Хэргийн индекс | 183/2018/02465/И |
Дугаар | 001/ХТ2019/00573 |
Огноо | 2019-04-23 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2019 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 001/ХТ2019/00573
Б.Ч-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 183/ШШ2018/02404 дугаар шийдвэртэй,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2471 дугаар магадлалтай,
Б.Ч-ын нэхэмжлэлтэй
Х Б ХХК-д холбогдох,
Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн
Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Ч-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А, З.М, хариуцагчийн өмгөөлөгч Н.Б, нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.
Нэхэмжлэгч Б.Ч-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Миний бие нь Х Бинд 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс Картын бизнесийн газрын мэргэжилтний албан тушаалд 3 сарын туршилтын хугацаагаар ажиллаад 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс жинхэлсэн. Ийнхүү ажиллаж байх хугацаандаа өндөр хичээл зүтгэл гарган ажлын гүйцэтгэл, идэвх санаачлага, оролцоо, ёс зүйтэй байдлаараа баг хамт олноо манлайлж, үлгэр дуурайлал болж ажилласан гэж удирдлагын зүгээс үнэлж үндсэн цалинг 30 хувиар нэмэгдүүлсэн. Гэтэл ажил хэргийн асуудлаас болж баг хариуцсан менежер З.Мөнхсайхантай үл ойлголцолд хүрсний улмаас ажил үүргийн дагуу бусад газар нэгж, байгууллагуудад ажилласан өдрийг ажил тасалж ноцтой зөрчил гаргасан мэтээр тайлбарлан 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдөр үндэслэлгүй ажлаас халсан. Иймд урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд гаргасан тайлбарт: ...Нэхэмжлэгч Б.Ч- нь 2018 оны 02 дугаар сарын 05-нд Картын бизнесийн газарт кредит карт хариуцсан мэргэжилтнээр ажилд орж ирсэн өдрөөс эхлэн байнгын хоцордог, өөртэй нь тухайлан 2 удаа, нийт ажилтнуудын дунд нэг бус удаа цагтаа ирж байхыг хэлж байсан. Гүйцэтгэлийн хувьд туршилтын хугацаанд ажиллахдаа дундаж байсан, хандлагын асуудлыг нь засаад, боломж олгоод цаашдаа хамтарч ажиллахаар шийдэж үндсэн ажилтан болгосон. 2018 оны 5 сарын 23, 24-нд ажилдаа ирээгүй, шууд уулзалтад явлаа гэдгээ хэлээгүй, ямар нэг мэдээлэл өгөөгүй. Үүний дагуу 5 дугаар сарын 25-нд 2 өдөр хийсэн ажлын талаар тайлбар өгөхийг и-мэйлээр хэлсэн, 5 дугаар сарын 28-нд дахин хэлсэн ч шаардлага биелүүлээгүй. Ажлаа тайлагнахгүй байсан учир аюулгүй байдлын газрын аюулгүй инженерээс Б.Ч-ын ажлын байранд орж, гарсан цаг бүртгэлийн мэдээллийг системээс гаргаж өгөхийг хүсэхэд 5 дугаар сарын 23, 24-нд ажилдаа ирээгүй тасалсан болон хоцорсон зэрэг зөрчлийг илрүүлсэн. Ажилтны зөрчил тогтоогдсон тул Зөрчил тогтоосон актыг 2018 оны 6 дугаар сарын 22-нд танилцуулж, зөрчилд тайлбар өгөхийг сануулсан. Тэр тайлбар өгөөгүй тул 2018 оны 6 дугаар сарын 29-нд журмын дагуу халах арга хэмжээ авах тул тайлбар өг гэсэн ч өгөөгүй. Улмаар 2017 оны 7 дугаар сарын 04-нд хөдөлмөрийн гэрээ цуцлах тушаал гарсан. Ажлаа хангалттай хэмжээнд хийхгүй байна гэж үзэн ажлаа сайжруул гэсэн шаардлага өгсөн боловч дахин хоцорч хүсэлт өгсөн тул ажлаа хангалттай хэмжээнд хийхгүй байна гэдгийг дахин сануулж өдөр бүр цагийн тайлан өгөх шаардлага тавьсан ч удирдах ажилтны зүй ёсны шаардлагыг биелүүлээгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 183/ШШ2018/02404 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Х Б ХХК-д холбогдох Картын бизнесийн газрын мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хүссэн Б.Ч-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2471 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 183/ШШ2018/02404 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Ч- нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурьдаж шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Шүүхэд 2018.09.19, 2018.09.26-ны өдрүүдэд болон шүүх хуралдаанд удаа дараа өөрийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлох зорилгоор хүсэлтүүд гаргасан боловч хүлээн аваагүй. Магадлалд “...гэрчүүдийн мэдүүлгээр нэхэмжлэгчийг ажил таслаагүй болохыг нотолсон гэж үзэхэд эргэлзээ бүхий болжээ”. Мөн “...нэхэмжлэгч Б.Ч-ыг 2018 оны 5 дугаар сарын 23, 24-ний өдрүүдэд “Тэсо” ХХК болон Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт уулзалт хийсэн гэж эргэлзээгүй дүгнэлт хийх боломжгүй гэж дүгнэснийг буруутгах боломжгүй” гэжээ. Дээрх дүгнэлт нь өөрөө Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ”, мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн шаардлагыг хангаагүй байна. Хөдөлмөрийн дотоод журмын 9.4.1-д “Сахилгын шийтгэл гаргасан хүн цалингийн нэмэгдэлд хамрагдах эрх эдлэхгүй” гэж заасан. Гэтэл хариуцагч нэхэмжлэгчийг 2018 оны 5 дугаар сарын 23, 24-ний өдрүүдэд ноцтой зөрчил гаргасан гэж үзсэн гэж тайлбарладаг боловч 2018.06.07-ны өдөр Х Б ХХК-с Б.Ч-д “Ажилтан та өнгөрсөн цаг хугацаанд өндөр хичээл зүтгэл гарган ажлын гүйцэтгэл, идэвх санаачилга, оролцоо, ёс зүйтэй байдлаараа баг хамт олноо манлайлж, үлгэр дуурайл болж ажилласан төдийгүй банкны зорилго зорилтыг амжилттай биелүүлэх, байгууллагын эерэг соёлыг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан хэмээн удирдлагын зүгээс үнэлсэн тул үндсэн цалинг 30 хувиар нэмэгдүүлж байгааг үүгээр мэдэгдэж баяр хүргэж байна” гэсэн талархлын захидал өгсөн байна. 2018 оны 5 дугаар сарын 23, 24-ний өдөр зөрчил гаргасан гэж үзэж байгаа бол 2018.07.04-ний өдөр буюу Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар зөрчил илрүүлснээс хойш 1 сарын хугацаа өнгөрсөн байна. Ажлын байрны тодорхойлолт нь “Х Бтай хамтран ажилладаг байгууллага болон бусад банкны харилцагчдад кредит картыг борлуулах” ажил үүргийн хуваарьтай юм. Энэхүү хөдөлмөрийн гэрээний 5.7-д зааснаар “...дурдсан ноцтой зөрчлүүд нь бүгд тухайн ажлын байранд хамаарахгүй байж болно. Зөрчил тогтоосон актын тайлбарт Б.Ч- нь хэзээ, хаана ямар ажилтай явсан талаар холбогдох ажилчдаас тайлбар баталгаажуулж гарын үсэг зуруулсан. Тухайлбал М.Бахитжан нь гэрчээр мэдүүлэхдээ “...Билгүүн гарын үсэг зурсан байсан. Билгүүнээс шалгаж үзсэн үү гэхэд шалгаж үзээд гарын үсэг зурсан гэсэн. Тэгээд би гарын үсэг зурсан”, мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Билгүүн танай багийн ирцийг өдөр бүр бүртгэдэг юмуу гэхэд” Тийм гэж, гэрч Б.Билгүүн хариуцагчийн өмгөөлөгчийн “Гадуур үүрэг гүйцэтгэж байгаа тохиолдолд гадуур ажилтай явж байгаа гэдгийг удирдлагадаа хэрхэн мэдэгддэг юм бэ, гадуур ажилтай байгаа гэдгийг хэрхэн яаж мэдэх юм бэ гэхэд менежерээсээ өмнөх өдөр зөвшөөрөл аваад явдаг” гэж, гэрч Наранжаргал “2018.05.24-нд ТТАХН-эмнэлэгт шуурхай танилцуулах өдөрлөг хийнэ гэж ярьж байсан. Энэ саналыг Б.Ч- өөрөө гаргаагүй. Кредит картны албанаас гэрээт байгууллагадаа сургалт хийнэ гэж хэлсэн. Түүний дагуу ТТАХНЭ-т өдөрлөг хийсэн гэж тус тус мэдүүлсэн нь нэхэмжлэгч Б.Ч-ыг ажил тасалсан гэж үзэх шүүхийн дүгнэлтээс зөрүүтэй, нотлох баримтыг үнэн зөв талаас нь үнэлээгүйг нотолж байна. Ажил тасалсан гэх нотлох баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байхад шүүх түүнийг үнэлж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй байхад нэхэмжлэгчийн хууль ёсны эрхийг зөрчиж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд нэхэмжлэгч тал нотлох үүргээ биелүүлэх боломжгүйн улмаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасны дагуу ажиллагаа хийлгэж, үнэн зөв эргэлзээгүй шийдвэрлүүлэх хүсэлтэй байх тул мөн хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5 дэх хэсэгт зааснаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Б.Ч-, Х Б ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан цалин, хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх нэхэмжлэл гаргасныг, хариуцагч зөвшөөрөөгүй маргажээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг, давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гомдлоор хэргийг хянаж шийдвэрийг хэвээр үлдээсэн байх бөгөөд шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангажээ.
Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчийн хооронд үүссэн маргааны эрх зүйн үндэслэлд хэрэглэвэл зохих Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Б.Ч- хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр Х Б ХХК-ийн Картын бизнесийн газрын мэргэжилтнээр ажиллаж байгаад тус банкны Хүний нөөцийн удирдлагын газрын захирлын 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 26/3631 тоот тушаалаар ажлаас халагдсан, тушаалд, Б.Ч- “шууд удирдлагадаа урьдчилан мэдэгдэж, албан ёсоор чөлөө авалгүй ажил тасалсан” буюу хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийг гаргасан үндэслэл зааж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3-т заасныг баримталжээ.
Б.Ч-ын ажлын байрны тодорхойлолтод кредит картын борлуулалтыг нэмэгдүүлэх, Х Бтай хамтран ажилладаг байгууллага болон бусад харилцагчдад кредит картыг борлуулах ажил үүргийг гүйцэтгэхээр зааснаас үзвэл түүний гүйцэтгэх үүргийн онцлогоос шалтгаалж ажлын байранд байнга байдаггүй, гадуур ажилладаг болохыг зохигч маргаагүй байна. Гэсэн хэдий ч Х Б ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журамд зааснаар өглөө ажилдаа ирэх, орой ажлаас тарах бүрт хурууны хээгээр цагийн бүртгэл хийлгэх, ажилдаа ирэх боломжгүйгээр уулзалт зохион байгуулах тохиолдолд шууд удирдлагадаа мэдэгдэх үүргийг ажилтан хүлээжээ.
2018 оны 5 дугаар сарын 23, 24-ний өдрүүдэд нэхэмжлэгч Б.Ч- ажлын цагаа хурууны хээгээр бүртгүүлээгүй бөгөөд тус өдрүүдэд харилцагч байгууллагуудад очиж ажиллах талаар шууд удирдлагад мэдэгдсэн нь болоод тухайн байгууллагуудад ажилласан нь хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.
Талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 5.7.5-д “ажлын нэг өдөр 8 буюу түүнээс дээш цагаар ажил тасалсан... бол ноцтой зөрчилд тооцож, хөдөлмөрийн гэрээг цуцлана” гэж заасан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон хоёр шатны шүүхийн дүгнэлт Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг зөрчөөгүй байна.
Анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч, 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр “...З.Мөнхсайханы гар утасны 2018.05.02-ноос 2018.06.18-ны өдрийн хоорондох билл гаргуулах, ...М.Бахытжан, Д.Тогтохдэмбэрэл болон өөрийнх нь 2018.06.18-ны өдрийн цагийн бүртгэлийн системын хуулгыг гаргуулах, М.Бахытжан, Д.Тогтохдэмбэрэл, Б.Билгүүн, Т.Наранжаргал нарыг гэрчээр асуух” хүсэлт гаргасныг шүүгчийн 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 183/ШЗ2018/10778 тоот захирамжаар хүсэлтийн зарим хэсгийг хангаж, тодорхой нотлох баримтыг бүрдүүлжээ. 2018 оны 9 дүгээр сарын 19, 26-ны өдөр нэхэмжлэгчийн өмгөөлөгч “...бусад ажилчдын цагийн бүртгэл, ...ярианы хуулга, зөрчил тогтоосон акт, талархлын захидлын эх хувийг тус тус гаргуулах, Б.Ч-ын гар утсанд үзлэг хийлгүүлэх ” хүсэлт гаргасныг шүүх “ хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай баримт гэж үзэхгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгосныг буруутгах боломжгүй байна. Учир нь эдгээр баримт зохигчийн хооронд үүссэн маргааны зүйл буюу нэхэмжлэгч Б.Ч- ажил тасалсан эсэх үйл баримтад хамааралтай, ач холбогдолтой гэх үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч өөр нотлох баримтыг шүүхээр бүрдүүлэхээр хүсэлт гаргаагүй бөгөөд шүүх хэрэгт авагдсан баримтын хэмжээнд үйл баримтын талаар дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн нь зохигчийн эрхийг зөрчөөгүй болно. Ажил олгогч, Б.Ч-ыг 2018 оны 05 дугаар сарын 23,24-ний өдрүүдэд удирдлагадаа мэдэгдээгүй ажил тасалсныг мөн оны 6 дугаар сарын 22-ны өдөр илрүүлж зөрчлийн акт тогтоож, 2018 оны 7 дугаар сарын 04-ний ажлаас халах тушаал гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т заасан сахилгын шийтгэл ногдуулах хугацааг хэтрүүлээгүй гэж үзсэн шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.
Иймд шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 183/ШШ2018/02404 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2471 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧ Г.АЛТАНЧИМЭГ