Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 2018/ДШМ/52

 

Ж.Баттулгад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                                 Даргалагч,

                                      Ерөнхий шүүгч                         Б.Батзориг

                                      Шүүгчид                                   Я.Туул                                      

                                                                                    Д.Буянжаргал

                                Оролцогчид:

                                    Прокурор                                  Н.Анхбаяр

                                       Хохирогч Т.Долгоржавын

                                   өмгөөлөгч                                 Д.Баттөмөр

                                       Хохирогчийн төлөөлөгч,

иргэний нэхэмжлэгч                 Э.Биндэръяа

                                       Шүүгдэгч                                     Ж.Баттулга

                                       Шүүгдэгчийн өмгөөлөгч           Д.Энхбаатар

                                       Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Сувд нарыг оролцуулж, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 02 дугаар сарын 28-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 04 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Эрдэнэтуяа, Э.Биндэръяа, тэдгээрийн өмгөөлөгч Р.Пүрэвлхам, Л.Данзанноров нарын давж заалдах гомдлоор  Тээврийн Прокуророос 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4-д заасан гэмт хэрэгт Бэсүд овогт Жаргалсайханы Баттулгад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201518020129  дугаартай, 149/2017/0043/Э индекстэй, 5 хавтас хэргийг 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод 1993 оны 12 дугаар сарын 07-ны өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, мэдээллийн технологийн инженер мэргэжилтэй, ам бүл 6, эцэг, эх, 3 дүүгийн хамт амьдрах, Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 16 дугаар хороолол, 72 дугаар хотхоны 49-13 тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ Шинжпэх ухаан технологийн их сургуулийн мэдээлэл холбооны технологийн 4 дүгээр курсэд суралцаж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Бэсүд овогт Жаргалсайханы Баттулга /Регистрийн дугаар: УХ93120733/

 

 Ж.Баттулга нь 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнө өөрийн эзэмшлийн 90-32 УНЯ улсын дугаартай Тоёота аллион маркийн тээврийн хэрэгслийг жолоодон иргэн Ч.Ганбаяр, Ч.Дэлгэрмөрөн, Т.Долгоржав, Н.Гантөмөр нарын хамт Улаанбаатар хотоос Сэлэнгэ аймгийн ээж мод орохоор замын хөдөлгөөнд оролцон явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаагүйгээс замын хөдөлгөөний дүрмийн 9.1, 9.2-д заасныг зөрчин Сэлэнгэ аймаг Баянгол сумын нутаг Улаанбаатар хотоос 147 дахь километр замд замын хажуу руу тээврийн хэрэгслээ унагаж зам тээврийн осол гаргаснаас иргэн Ч.Ганбаяр, Ч.Дэлгэрмөрөн нарын амь нас хохирсон, иргэн Т.Долгоржавын бие махбодид хүнд гэмтэл учирсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Анхан шатны шүүх Ж.Баттулгад холбогдох эрүүгийн хэргийг 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хянан хэлэлцээд 04 дугаартай шийтгэх тогтоолоор Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Анхбаяраас шүүгдэгч Бэсүд овогт Жаргалсайханы Баттулгад 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 222 дугаар зүйлийн 222.2 дах хэсэгт зааснаар зүйлчилсүгэй. 2. Шүүгдэгч Бэсүд овогт Жаргалсайханы Баттулгыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээдэд жолоогоо шилжүүлсний улмаас 2 хүний амь нас хохирсон, 1 хүний бие махбодид хүнд гэмтэл учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 3. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар Ж.Баттулгад холбогдох хэргийг тухайн үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай. 4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, Ж.Баттулга нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай. 5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ж.Баттулгаас 342200 /гурван зуун дөчин хоёр мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эрдэнэтолгойн 34-924Ё тоотод оршин суух, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Эрдэнэцэцэгийн Биндэрьяад /РД:УС74010201/ олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Эрдэнэтуяагийн иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүйгээр орхиж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг дурьдсугай. 6. Ж.Баттулгын № 783031 дугаартай В ангиллын жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгосугай. 7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ж.Баттулгад өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн байна.  

 

Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Анхбаяр давж заалдах шатны шүүхэд гаргасан прокурорын 2018 оны 03 сарын 28-ны өдрийн №08 дугаартай эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар дүгнэлтдээ: ...Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүх хэргийг 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хянан хэлэлцээд 04 дугаартай шийтгэх тогтоолоор ...Ж.Баттулгад холбогдох хэргийг тухайн үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэг тооцохгүй болсон үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. ...Учир нь энэ хэргийн шүүгдэгч Ж.Баттулга, эсхүл Ч.Ганбаяр нарын хэн нь тээврийн хэрэгслийг жолоодож явсан болох нь эргэлзээтэй бөгөөд осол болсоны дараа Ч.Ганбаяр нь тээврийн хэрэгслийн арын суудалд Н.Гантөмөр, Ч.Дэлгэрмөрөн нарын дунд нас барсан байдалтай байсан нь тогтоогдож байна.

Шүүх шийдвэртээ дүгнэхдээ... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 14 дэх хэсэгт...”нотлох баримтыг шинжлэн судлах явцад хэрэгт ач холбогдолтой, хамааралтай эсэхэд эргэлзэх үндэслэл байвал тухайн нотлох баримтыг шүүх, прокурорын шийдвэрийн үндэслэл болохгүй...гэж, заасан ба хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлахад...хангалттай нотлогдон тогтоогдоогүй эргэлзээтэй байна гэжээ. Ингэхдээ ямар, нотлох баримтууд эргэлзээтэй, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгохгүй байгааг тодорхой зааж өгөөгүй. Мөн 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 1842 дугаартай дүгнэлт, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Механик, Тээврийн сургуулийн багш нарын 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 10/24 дугаартай шинжээчийн дүгнэлт нь хороондоо зөрөөтэй тул аль нь ч шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэж үзэв гэжээ. Гэвч дээрх шинжээчийн дүгнэлтүүдийг яллах талын нотлох баримт гэж шинжлэн судалж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд заавал баримталж шийдвэрлэнэ гэж үзээгүй болно.

 Шүүгдэгч Ж.Баттулга, Ч.Ганбаяр нарын хэн нь тээврийн хэрэгсэл жолоодож явсан болох нь эргэлзээтэй бөгөөд ...нарын дунд нас барсан байдалтай байсан нь нотлох баримтуудаар тогтоогдсон боловч Ч.Ганбаяр нь арын суудалд зорчиж явсан талаар, уг тээврийн хэрэгслийг огт жолоодоогүй талаар, гэрч нарын хэн ч мэдүүлээгүй..., хохирогч Т.Долгоржавын мэдүүлэг, гэрч Н.Гантөмөрийн мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 15 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийн үндэслэл болох юм гэж дүгнэлээ... гэжээ иймд дээрх шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх хууль ёсны шаардлага хангаагүй байна.

 Хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг харилцан бие биеэ үгүйсгэсэн шинжтэй байхад анхан шатны шүүх зөвхөн хохирогч Т.Долгоржав, гэрч Н.Гантөмөр нарын мэдүүлгүүдийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болох юм гэж дүгнэн бусад яллах талын нотлох баримтуудыг хэрхэн үгүйсгэж байгаа үндэслэлийг тодорхой хууль зүйн үндэслэлтэй заалгүй орхигдуулсан нь Эрүүгийн хэрэг хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан заалтыг зөрчсөн гэж үзнэ.

Тодруулбал: Шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож байгаа хохирогч Т.Долгоржав, гэрч Н.Гантөмөр нарын талийгаач Ч.Ганбаяр автомашин барьж явсан талаар тогтвортой мэдүүлдэг гэж үзэж байгаа нотлох баримт нь хэрэг болсон нөхцөл байдалтай нийцэхгүй гэх үндэслэлээр Риф маркийн полиггафийн аппарат ашиглан тодруулга явуулахад гэрч О.Оюунбилэгийн...”оролцогч Н.Гантөмөрийн хувьд асуулгын явцад хүүхэн хараа хэвийн...ач холбогдол бүхий асуултуудад хариулсан нь 80 хувьд хүрэхгүй байсан тул өөрийн мэдэж буй зүйлийн хүрээнд хариулсан гэж үзээд дутуу санаж байна гэсэн дүгнэлтэнд хүрсэн..Т.Долгоржавын...мөн ач холбогдол бүхий асуултуудад хариулсан хувь 85 хувиас доогуур..худал хариулсан зэргийг үндэслэн мэдээлэл нууж байна гэсэн дүгнэлт хийсэн”...гэх мэдүүлгээр тэдгээрийн мэдүүлэг нь мэдээлэл нуусан, бодит байдлыг гуйвуулсан болох нь тогтоогдон үгүйсгэгдэж байна.

Иймд хохирогч, гэрчийн мэдүүлгүүд хэргийн бодит байдалд нийцсэн, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд эргэлзээгүй гэж үзэн шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь учир дутагдалтай. Дээрх гэмт хэрэг гарахад Ч.Ганбаяр нь тээврийн хэрэгсэл жолоодож явсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй.

Учир нь: Гэмт хэрэг гарсан байдалд: талийгаач Ч.Ганбаяр нь тухайн үед тээврийн хэрэгслийн арын суудалд нас барсан, ослын үед хөл нүцгэн байдалтай автомашин жолоодсон шинжгүй, осолд орж онхолдох хэмжээний хурдтай автомашин жолоодох ур чадвар, дадлага туршлагагүй, аян замд явахдаа гутлаа тайлж амарч явдаг, Ч.Ганбаяр, Ч.Дэлгэрмөрөн нар нь уг ослын улмаас нэг байрлал, нөхцөлд үүсэх боломжтой толгойн орой хэсэг гавлын суурь ясны гэмтлээс амь нас хохирсон нь зэрэг хэрэгт хамааралтай, түүнчлэн Ч.Ганбаяр осол гарах үед автомашин жолоодоогүй болох нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр нотлогдон тогтоогдож байна.

 Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 04 дугаартай шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх тул анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд Ж.Баттулгад холбогдох Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 04 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичив гээд давж заалдах шатны шүүх хуралдаандэсэргүүцлээ дэмжиж оролцов.

 

Хохирогч А.Эрдэнэтуяа, түүний өмгөөлөгч Р.Пүрэвлхам нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

...Анхан шатны шүүх Ж.Баттулгад холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Тээврийн прокурорын газраас үйлдэн ирүүлсэн ЭХТА-ийн 215 дугаар зүйлийн 215.4 дэх хэсгийг 2002 оны ЭХТА-ийн 222 дугаар зүйлийн 222.2 дах хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилсөн нь үндэслэлгүй бөгөөд гэмт хэрэг үйлдэж хоёрын хоёр алтан амийг тасалсан гэмт этгээдэд ял завших боломжийг бүрдүүлжээ. ...Хохирогч Т.Долгоржав, Н.Гантөмөр нар яг хаана яагаад жолоо сольсон, зам дээр автомашинуудыг талийгаач Ганбаяр гүйцэж түрүүлсэн эсэх, их хурдтайгаар явж байхад анхааруулсан эсэх талаар огт мэдүүлдэггүй бөгөөд дээрхи хоёр хохирогчийн мэдүүлэг эргэлзээтэй, хууль сануулсаар байхад худал мэдүүлсэн байх магадпалтай болох нь хэрэгт авагдсан бусад баримтуудаас харагддаг. Түүнчлэн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж, өмгөөлөгч миний бүрэлдэхүүн шүүгчдийн хоёрыг болон тус шүүхийн ерөнхий шүүгчийг татгалзан гаргасан хүсэлтийг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт шүүх бүрэлдэхүүний олонхийг энэ хуулийн 10.1, 10.2 дугаар зүйлд заасан үндэслэлээр татгалзсан бол уг асуудлыг шүүх хуралдаан даргалагч тухайн шүүхийн Ерөнхий шүүгчид танилцуулж шийдвэрлэнэ, 10.4 дүгээр зүйлийн 7-д Ерөнхий шүүгчийн татгалзан гаргах хүсэлтийг шийдвэрлэх шүүгчдийн зөвлөгөөнд Ерөнхий шүүгч уг асуудлын талаар тайлбар гаргаж болох боловч санал өгөх эрхгүй болохыг хуульчилсанаас харахад тухайн шүүхийн 4 шүүгчийн хоёр шүүгнийг, ерөнхий шүүгчийн хамт татгалзсан өмгөөлөгчийн хүсэлтийг хууль бусаар шийдвэрлэсэн болох нь харагдаж байна. Өөрөөр хэлбэл дээрхи шүүх хуралдааныг хууль бус бүрэлдэхүүнээр шийдсэн гэж үзэж болохоор байна. Иймд Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 04 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэрэгийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

Хохирогч Э.Биндэръяагийн өмгөөлөгч Л.Данзанноров давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ... Ж.Баттулгад холбогдох хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэсэн Сэлэнгэ аймаг Мандал сум дах сум дундын шүүхийн 2018 оны 02 сарын 28-ны өдрийн 04 дугаартай шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай кийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6 дах хэсэгт заасан үндэслэлээр хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэн өөрчлөлт оруулуулахаар энэхүү давж заалдах гомдлыг гаргалаа. Учир нь: Сэлэнгэ аймаг Мандал сум дах сум дундын шүүхийн шийтгэх тогтоолоор Ж.Баттулгыг 90-32 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцон явахдаа тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээд болох Ч.Ганбаярт жолоогоо шилжүүлсний улмаас зам тээврийн осол гаргасан гэж үзэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн гэм буруутайд тооцон, шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулиар түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүхийн шийдвэрийн агуулгыг тодорхой заасан бөгөөд хуульд заасан шаардлага хангаагүй бол энэ нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэл болно гэж заасан. Гэтэл Сэлэнгэ аймаг Мандал сум дах сум дундын шүүхийн 2018 оны 02 сарын 28-ны өдрийн 04 дугаартай тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дах хэсэг Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох хэсэгт дараахь зүйлийг тусгана, 2.3 дах заалт “....өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт,..няцаан үгүйсгэсэн үндэслэл”-ийг тусгана гэснийг зөрчсөн байх бөгөөд зөвхөн Ж.Баттулгын гэм бурууг үгүйсгэж байгаа баримтуудыг нэрлэн зааж, өмгөөлөгч нараас гаргасан үндэслэлүүд хэрхэн үгүйсгэгдэж байгаа талаар тусгаагүй ерөнхий дугнэлт хийсэн нь дээрх хуулийн заалтыг хангаагүй гэх үндэслэл болж байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6-р зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол” шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх үндэслэл болох ба энэ тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5-р зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэл болно гэж заасан. Иймд дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Ж.Баттулга нь Эрүүгийн хуулийн 215 дугаар зүлд заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь хангалттай нотлогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9-р зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дах заалтад зааснаар Сэлэнгэ аймаг Мандал сум дах сум дундын шүүхийн 2018 оны 02 сарын 28-ны өдрийн 04 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцааж өнө үү гэжээ.

 

Хохирогч Э.Биндэръяа давж заалдах шатны шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Одоогоос 3 жилийн өмнө буюу 2015.04.08-09-ний шилжих шөнө Сэлэнгэ аймаг Баянгол сумын нутаг Улаанбаатар хотоос 147 дахь тэмдэгтийн ойролцоо УНЯ 90-32 улсын дугаартай автомашинд зорчин явсан миний охин Ч.Ганбаяр нь ангийн охин Дэлгэрмөрөнгийн хамт зам тээврийн ослын улмаас дөнгөж 22-хон насандаа амь насаараа хохирсон харамсалтай хэрэг гарсан юм. Уг хэрэг гарсан эхний өдрөөс л тухайн автомашиныг эзэмшигч Ж.Баттулга болон түүний ар гэрийнхэн, ослоос амьд үлдсэн Долгоржав, Гантөмөр нар нь үгсэн хуйвалдан бурхан болсон охиныг минь жолооны хүрдний ард сууж яваад энэ ослыг гаргасан хэмээн гүтгэн доромжилсоор өдийг хүрлээ.

Ослын газраас миний охин Ч.Ганбаяр нь тус автомашины арын суудлын голд, хажуу дахь өөд болсон охиныг ар нуруугаар нь тэвэрсэн, хөл нүцгэн, хэв байрлалаа олон өөд болсон байдалтай олдсон байдаг. Энэ хэргийг Сэлэнгэ аймгийн Мандал сумын Цагдаагийн газар мөрдөн шалгаж, сум дундын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Мандал сумын анхан шатны шүүхэд шилжсэнээр удаа дараа туршилт шинжилгээнд орж, явсаар анхны Шүүн таслах нээлттэй хурал 2017.05.10-ны өдөр, 2 дахь удаагийн хурал 2018.02.28-ны өдөр тус суманд болсон билээ. Ийнхүү 2 удаагийн хуралдсан шүүн таслах хурлаар шүүгдэгч Ж.Баттулгад оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4-д заасан яллах дүгнэлтийг хөнгөрүүлэн өөрчилж, 222 дугаар зүйлийн 222.2-д зааснаар зүйлчилсэн шийдвэрийг давтан хоёр удаа гаргаж байгаад туйлаас эрс эсэргүүцэж энэхүү гомдлыг гаргаж байна.

-Хавтаст хэрэгт авагдсан арын машинд сууж явсан Мөнхнаран, Нямсүрэн, Соёмбо, Цэнд-Аюуш нарын мэдүүлгээс харахад Ж.Баттулгыг машинаа өөрөө жолоодоод хөдлөөд явсан, бид нарын машиныг буруу талаар гүйцэж түрүүлээ, өмнө явж байсан машиныг зөв төлөөр нь гүйцэж түрүүлээд сүлээд их хурдтай яваад өгсөн гэх мэдүүлгүүд, Осол болсны дараа очсон машины машины жолооч нарын -32 дугаартай машин уу? Аймаар хурдтай сүлжээд давхиад алга болсон гэх яриа, гэрч Цолмонгийн -миний анх харснаар уг 2 эмэгтэйн хэн нь ч жолоо барьж явсан байх боломжгүй л харагдаад байсан гэх мэдүүлэг, гэрч Цэнд-Аюуш, Соёмбо нарын -Ж.Баттулгаас машиныг чинь хэн барьж явсан юм бэ? гэж асуухад эхлээд би мэдэхгүй байна гээд дуугүй сууж байснаа 2-3 удаа асуусны дараа -саналаа, саналаа Ганаа барьж явсан гэж хэлсэн. Ж.Баттулга яагаад машинаа жолоодож явсан хүнийг шууд зааж хэлээгүйг би мэдэхгүй байна гэх мэдүүлэг,  Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн Монгол Улсын зөвлөх инженер Цэндсүрэнгийн  Тухайн тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч уг ослын үед арын суудал руу шидэгдэн орох ямар ч боломжгүй гэсэн дүгнэлт, тус хүрээлэн дээр уг осол хийсэн автомашинд бурхан болсон охины минь өндөр, жинтэй адил хүнийг суулгаж хийсэн туршилтаар жолоочийн суудлаас арын суудалд шидэгдэн орж, хэь байрлалаа олон өөд болох боломжгүй, тус автомашинд хийсэн цусны толбоны шинжилгээгээр хоёр эмэгтэй хүний нийлмэл, холилдсон цус нь арын суудлын шалан дээр тунарсан цус мөн болохыг тогтоосон дүгнэлт, хоёр удаагийн Шүүн таслах хурлаар гэрчийн мэдүүлэг өгч байгаа Гантөмөрийг илтэд зөрүүтэй мэдүүлгүүд, хохирогч Долгоржавын Ж.Баттулгын мэдүүлгийг дэмжиж өөд болсон охин руу минь хэргийг тохох гэж хичээж байгаа байдлаас харахад шүүгдэгч Ж.Баттулга нь уг автомашиныг өөрөө жолоодож явснаар барахгүй өндөр хурдтай явсныг ч нотлон харуулж байна.

Учир нь миний охин Ч.Ганбаяр нь жолооны курсэд сураагүй, жолоо барих эрхийн үнэмлэхгүй, өмнө явсан машинуудыг зөв болон буруу талаар нь өндөр хурдтайгаар гүйцэт түрүүлж яваад байхаар чадвар, дадал зуршил эзэмшээгүй билээ. Харин ч энэхүү чадвар дадлыг шүүгдэгч Ж.Баттулгын 6 удаагийн хурд хэтрүүлсэн замын камерын бичлэгүүд, тэр ч бүү хэл согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, жолоодох эрхээ хасуулсан байдал зэргээс тодорхой харж болно.

...Тухайн осол болох үед Долгоржав, Гантөмөр нар нь хоорондоо гүн гүнзгий харилцаатй байснаар харвал нэг нэгнийхээ мэдүүлгийг дэмжсэн, хэн хэндээ хир халдаахгүй гэсэн өнгө аястай нь харагдаж байна.

Хэдийгээр хохирогч миний бие хуулийн заалтуудыг яг таг бүрэн мэдэхгүй ч гэлээ Шүүн таслах ажиллагаа нь амьдралд ойр, үнэн шударгад нийцсэн, зөв зүйтэй шийдвэр гаргадаг байх ёстой гэдэгт бүрэн дүүрэн итгэдэг. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан болон Шүүн таслах нээлттэй хурлын үеэр хохирогч, шүүгдэгч, гэрч нарын өгч буй олон зөрүүтэй мэдүүлгүүд, шинжилгээний байгууллагын гаргасан дүгнэлтүүдий үл харгалзан үзэж дээрх шийдвэрийг гаргасанд хохирогч миний зүгээс туйлын ихээр харамсаж, гомдолтйо байна. Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг шүүхэд буцааж өгнө үү гэв.

 

Шүүгдэгч Ж.Баттулга давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ хэрэг нь 3 жил гарны өмнө үйлдэгдсэн. Хэргийн дараа удаа дараа мэдүүлэг өгч байсан. Зөрүүтэй мэдүүлэг байхгүй. Улаанбаатар хотоос гарахдаа тээврийн хэрэгслийг жолоодсон, харин осол гарах үед Ч.Ганбаярыг барьж байсан талаар машинд сууж явсан гэрчүүд мэдүүлдэг. Осол гарахад ямар нэгэн гэмтэл надад үүсээгүй. Улаанбаатар хотоос гарахад 04 дүгээр сарын 07-ны өдрөөс 08-ны шилжих шөнө гадаа хүйтэн байсан. Гутлаа тайлж явах хэмжээний дулаахан байгаагүй юм. Энэ талаар гэрчүүд мөн мэдүүлдэг гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Анхан шатны шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хохирогч нарын эрхийг зөрчөөгүй, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд үнэн зөвөөр шийдвэрлэсэн. Хэргийн тухайд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатнаас Ж.Баттулгыг машин барьсан гэсэн таамаглалаар хэргийг шалгаж ирсэн. Бодит байдал дээр хэргийн нөхцөл байдал нь хэргийн газрын үзлэг, гэрч, хохирогч нарыг байцаасан тэмдэглэл зэрэг нотлох баримтаас авч үзэхэд Ж.Баттулга нь машин барьж байсан гэсэн ямар ч нотлох баримт байхгүй байна. Улсын яллагч нь хэрэгт үндэслэлтэй зүйл дээр яллах байтал шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж, хэргийг хүндрүүлж  зүйлчилж байгаад харамсаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч хохирогч түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Ж.Баттулга нь 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнө өөрийн эзэмшлийн 90-32 УНЯ улсын дугаартай Тоёота аллион маркийн тээврийн хэрэгслийг жолоодон иргэн Ч.Ганбаяр, Ч.Дэлгэрмөрөн, Т.Долгоржав, Н.Гантөмөр нарын хамт Улаанбаатар хотоос Сэлэнгэ аймгийн ээж мод орохоор замын хөдөлгөөнд оролцон явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаагүйгээс замын хөдөлгөөний дүрмийн 9.1, 9.2-д заасныг зөрчин Сэлэнгэ аймаг Баянгол сумын нутаг Улаанбаатар хотоос 147 дахь километр замд замын хажуу руу тээврийн хэрэгслээ унагаж зам тээврийн осол гаргаснаас иргэн Ч.Ганбаяр, Ч.Дэлгэрмөрөн нарын амь нас хохирсон, иргэн Т.Долгоржавын бие махбодид хүнд гэмтэл учирсан гэмт хэрэгт Тээврийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 245.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч  хэргийг 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хянан хэлэлцээд 04 дугаартай шийтгэх тогтоолоор ... шүүгдэгч Бэсүд овогт Жаргалсайханы Баттулгад 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 222 дугаар зүйлийн 222.2 дах хэсэгт зааснаар зүйлчилж, түүнийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээдэд жолоогоо шилжүүлсний улмаас 2 хүний амь нас хохирсон, 1 хүний бие махбодид хүнд гэмтэл учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар Ж.Баттулгад холбогдох хэргийг тухайн үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ж.Баттулгаас 342200 /гурван зуун дөчин хоёр мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эрдэнэтолгойн 34-924Ё тоотод оршин суух, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Эрдэнэцэцэгийн Биндэрьяад /РД:УС74010201/ олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Эрдэнэтуяагийн иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүйгээр орхиж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг дурьдаж, 6. Ж.Баттулгын № 783031 дугаартай В ангиллын жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгож, Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ж.Баттулгад өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Тээврийн прокурорын газрын хяналтын прокурорын 2018 оны 03 дугаар сарын 28 ны өдрийн 08 дугаартай эсэргүүцэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Р.Пүрэвлхам, Л.Данзанноров нарын гаргасан давж заалдах гомдлын дагуу Ж.Баттулгад холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянавал:

Анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэл гэмтлийн байдал, энэ талаар  шинжээч нарыг байцаасан тэмдэглэлүүд болон хэрэгт цугласан бусад нотлох баримтуудад нарийвчилсан дүн шинжилгээ хийлгүйгээр зөвхөн хохирогч Т.Долгоржав, гэрч Н.Гантөмөр нарын мэдүүлгийг үндэслэн хохирогч Ч.Ганбаярыг тээврийн хэрэгсэл жолоодож явсан гэсэн дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэсэн нь бодит байдалтай нийцээгүй, шүүх хэргийн нөхцөл байдалд ноцтойгоор нөлөөлж болох байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан, хэргийг шүүхэд шилжүүлсэн хэмжээний дотор шийдвэрлэх боломжтой гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Иймд Тээврийн прокурорын газрын хяналтын прокурорын 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 08 дугаартай эсэргүүцэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Р.Пүрэвлхам, Л.Данзанноров нарын гаргасан давж заалдах гомдлыг бүхэлд нь хүлээн авч, Сэлэнгэ аймаг  Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 04 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1.2, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.3, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Тээврийн прокурорын газрын хяналтын прокурорын 2018 оны 03 дугаар сарын 28 ны өдрийн 08 дугаартай эсэргүүцэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Р.Пүрэвлхам, Л.Данзанноров нарын гаргасан давж заалдах гомдлыг бүхэлд нь хүлээн авч, Сэлэнгэ аймаг  Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 04 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2.Хэргийн анхан шатны шүүхэд очтол Ж.Баттулгад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн

шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

                                       ДАРГАЛАГЧ                         Б.БАТЗОРИГ

                                        ШҮҮГЧИД                        Я.ТУУЛ

                                                                                         Д.БУЯНЖАРГАЛ