Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Шаравын Оюунханд |
Хэргийн индекс | 181/2016/01337/И |
Дугаар | 990 |
Огноо | 2017-04-21 |
Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 04 сарын 21 өдөр
Дугаар 990
Д.Буянхишигийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 181/ШШ2017/00341 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Д.Буянхишигийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: М Жи Эл Капитал ХХК-д холбогдох
2015 оны 5, 10, 11 дүгээр сарын цалин 2 400 000 төгрөг гаргуулж, 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ажилд орох хүртэлх хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Ундрахтамир
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.Энхтэмүүлэн, Э.Энхцэцэг
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Ган-Өнөр нар оролцов.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн сарын 800 000 төгрөгийн цалинтай ажиллахаар тохиролцон хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилласан. Ажил олгогчийн зүгээс ажилд томилсон тушаал гаргаагүй. Ажилчдын зүгээс нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг шаарддаг байсан боловч компанийн удирдлага удахгүй төлнө гэсээр өнөөдрийг хүрсэн. Д.Буянхишиг нь 2015 оны 12 дугаар сард жирэмсний амралтаа авч 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдөр охиноо төрүүлсэн одоо жирэмсний дараах амралттай байна. Нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийгээгүйн улмаас жирэмсний өмнөх болон амаржсаны дараах тэтгэмжээ авч чадаагүй хохирсон. Иймд 2015 оны 5, 10, 11 дүгээр сарын цалин 2 400 000 төгрөг гаргуулж, 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ажилд орох хүртэлх хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М Жи Эл капитал ХХК-д нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ, ажилд томилсон тушаал байхгүй, түүнийг яг хэзээнээс ажиллаж эхэлснийг тогтоох боломжгүй. Д.Буянхишиг нь 2015 оны 5, 10, 11 дүгээр саруудад цалин хөлс аваагүй гэж нэхэмжлэл гаргасан ч Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн. Компани болон нэхэмжлэгчийн хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулагдаагүй байх тул нийгмийн даатгалыг цалингаас суутган төлөх, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийх үүрэг компанид үүсээгүй. 2015 оны 12 дугаар сараас жирэмсний амралтаа авсан гэх боловч тэрээр 2015 оны 12 дугаар сар хүртэл М Жи эл капитал ХХК-д ажиллаж байсныг болон түүний жирэмсний амралт, хүүхэд асрах чөлөө авсныг нотлох баримт байхгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М жи эл капитал ХХК-иас 1 278 416 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Буянхишигт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 121 584 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар Д.Буянхишигийн 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу суутган төлж, дэвтэрт бичилт хийхийг М Жи Эл капитал ХХК-нд даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 53 350 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, М Жи эл капитал ХХК-иас 35 232 төгрөг гаргуулан Д.Буянхишигт олгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: М Жи Эл Капитал ХХК нь Д.Буянхишигтэй бичгээр гэрээ байгуулаагүй, түүний авдаг байсан цалин хөлс тогтворгүй, сарын 800 000 төгрөгөөр тохиролцсон зүйл байхгүй байхад нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн. Мөн цалин хөлсний хамгийн өндөр 3 сараар дундажлан хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Ажиллаж байгаагүй хүний нотлох баримтыг хэрхэн бүрдүүлж өгөх байсан нь ойлгомжгүй. Буянхишиг нь жирэмсний амралт авах талаар Компанид хүсэлт гаргаагүй, бүтэн 4 сарын турш Компанид ажиллаагүй болох нь түүнд тухайн хугацаанд цалин олгогдоогүй үйл баримтаар тогтоогддог. Д.Буянхишигийг жирэмсэн, хүүхэд төрүүлсэн байсан нөхцөл байдлыг хөөн хэлэлцэх хугацааг сэргээх үндэслэл болгон тайлбарласныг хүлээн зөвшөөрөхгүй.
Шүүх нотлох баримтыг буруу үнэлж, хөөн хэлэлцэх хугацааг үндэслэлгүй сэргээж дүгнэсэнд гомдолтой. Иймд шүүхийн шийдвэрийн нэхэмжлэлийг хангасан хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.
Нэхэмжлэгч Д.Буянхишиг нь хариуцагч М Жи Эл Капитал ХХК-д холбогдуулан 2015 оны 5, 10, 11 дүгээр сарын цалин 2 400 000 төгрөг гаргуулж, 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ажилд орох хүртэлх хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч “...манай компанид ажиллаж байгаагүй, жирэмсний амралт авах хүсэлтээ өгөөгүй” гэж маргажээ.
Нэхэмжлэгч Д.Буянхишиг нь М Жи Эл Капитал ХХК-д ажиллаж байсан гэх боловч энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй, шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл хариуцагчийн тайлбар татгалзал түүнд хамаарах нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт зааснаар үнэлж чадаагүй байна.
Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн үзлэг хийлгэх хүсэлтийг хангасан боловч үзлэг хийсэн талаарх баримт хэрэгт авагдаагүй буюу үзлэгийн тэмдэглэлээр баталгаажуулаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасантай нийцээгүй.
Түүнчлэн нэхэмжлэгч нь хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж байсан хугацааны цалин шаардсан бөгөөд хариуцагч нь талуудын хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулагдаагүй тухайн бүрд нь ажилласан хугацааны хөлсийг нь өгч байсан гэх тайлбар зэргээс үзэхэд нэхэмжлэлийн шаардлага үндэслэл тодорхойгүй, зохигчдын хооронд хөдөлмөрийн гэрээ болон хөлсөөр ажиллах гэрээний харилцааны аль нь үүссэн болоход дүгнэлт хийх боломжгүй байна.
Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 181/ШШ2017/00341 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч М Жи Эл Капитал ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35 240 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө ирж гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.НАРАНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ
Ш.ОЮУНХАНД