| Шүүх | Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямаагийн Баярхүү |
| Хэргийн индекс | 179/2017/0161/Э |
| Дугаар | 00024 |
| Огноо | 2018-06-25 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., |
| Улсын яллагч | Г.С |
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 00024
2018 06 25 2018/ДШМ/24
О.Дт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Т.Ганбат, шүүгч Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй,
Прокурор: Г.Сэндэнсүрэн,
Иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: П.Эрдэнэтуяа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ч.Будхүү,
Нарийн бичгийн дарга: Ж.Лхамдолгор нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 105 дугаар шийтгэх тогтоолтой О.Дт холбогдох 1738001460112 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2018 оны 6 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, Б овогт О-ын Д, …. оны.... дүгээр сарын ...-ны өдөр төрсөн, 41 настай, эрэгтэй, урьд Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн 2001 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 52 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт зааснаар 60.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлсэн /регистрийн дугаар: ..................../.
Шүүгдэгч О.Д нь 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Мустанг-5 маркийн мотоцикль жолоодож яваад иргэн Б.М-ийн жолоодож явсан РАВ-4 маркийн 21-89 улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас иргэн Б.Б-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 105 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б овогт О-ын Д-ыг согтуугаар, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Дыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1, 2.5, хэсэгт зааснаар шүүгдэгч О.Дт оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан тэнссэн хугацаанд шүүхээс хүлээсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдэж, Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, Иргэний хуулийн 497, 510 зүйлд зааснаар иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Эрдэнэтуяад шүүгдэгч О.Даас замын зардалд 234.100 /хоёр зуун гучин дөрвөн мянга нэг зуу/ төгрөгийг гаргуулахыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Дт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Прокурор эсэргүүцэлдээ: Шүүх шүүгдэгч О.Дт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх” хуулийн зохицуулалтыг хэрэглэлгүй Эрүүгийн хуулийг буруу хэрэглэжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь удиртгал, тодорхойлох, тогтоох хэсгээс бүрдэнэ.” Мөн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүйгээр байхаар бичигдсэн байна.” гэж заасан байхад 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 105 дугаартай шийтгэх тогтоолд тодорхойлох хэсэг нь байхгүй, зарим гэрчүүдийн мэдүүлэг, шинжилгээний дүгнэлт давхардан бичигдэж шүүхийн шийдвэр ойлгомжгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дээрх заалтыг ноцтой зөрчсөн байна.
Түүнчлэн шүүгдэгч О.Дт холбогдох эрүүгийн 1738001460112 дугаартай, эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт заасан хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан “Зарим хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хянан шийдвэрлэх журам”-д хамаарахгүй, яллагдагч хүсэлт гаргаагүй байхад тогтоох хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дүгээр хэсгийг баримталсан нь үндэслэлгүй юм.
Иймд О.Дт холбогдох хэргийн Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 105 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэрэгт зааснаар улсын яллагч эсэргүүцэл бичив гэжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Хөвсгөл аймгийн Прокурорын газраас шүүгдэгч О.Дыг 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Мустанг-5 маркийн мотоцикль жолоодож, Монгол Улсын Замын Хөдөлгөөний Дүрмийг зөрчсөний улмаас иргэн Б.М-ийн жолоодож явсан RAV-4 маркийн 21-89 улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, зам тээврийн осол гарган иргэн Б.Б-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх шүүгдэгч О.Дт холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил гаргасан байна. Өөрөөр хэлбэл Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 105 дугаартай шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэг нь байхгүй, зарим гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт давхардаж бичигдсэн хэрэгт авагдсан шийтгэх тогтоол шүүх хуралдаанд оролцсон прокурорт гардуулсан шийтгэх тогтоолууд хоорондоо зөрүүтэй зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6-д заасныг,
Шүүгдэгч О.Дыг хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх” гэсэн хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.1-т заасныг тус тус зөрчсөн гэж үзнэ.
Иймд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, О.Дт холбогдох хэргийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэргийг буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2, 1.3, 39.7 дугаар зүйлийн 1.1, 39.8 дугаар зүйлийн 1.6, 39.9 дүгээр зүйлийн 1.3, 2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 105 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч О.Дт холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Хэрэг шүүхэд очтол шүүгдэгч О.Дт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2, 3-т зааснаар шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.СОСОРБАРАМ
ШҮҮГЧИД Т.ГАНБАТ
Н.БАЯРХҮҮ