Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 00025

 

 

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  

 

    2018        06            25                                          2018/ДШМ/25

 

 

 

Ц.Бд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Т.Ганбат, шүүгч Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй,

Прокурор: П.Итгэл,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Батдорж,

Иргэний хариуцагч: Д.Ц,

Нарийн бичгийн дарга: П.Ундрах нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 121 дугаар шийтгэх тогтоолтой Ц.Бд холбогдох 1738003520114 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол, дээд шатны прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Б овогт Ц-н Б, 1986 оны 11 дүгээр сарын 09-ны өдөр төрсөн, 31 настай, эмэгтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар: РЮ86110900/.

Шүүгдэгч Ц.Б нь согтуугаар 2017 оны 10 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас Хатгал тосгоны чиглэлд явдаг засмал зам дээр 1889 УНХ улсын дугаартай Тоёота Креста маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас онхолдож уг автомашинд зорчиж явсан Ц.Г-ын амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 121 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ц-ийн Б-г автотээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэний дараа Ц-ийн Б нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадваргүй болсныг тогтоож, шүүгдэгч Ц.Бд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар Ц.Бд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг Сэтгэцийн Эрүүл мэндийн Үндэсний төвийн сэтгэц, наркологийн ердийн тасагт авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б нь хөөн хэлэлцэх хугацаанд эмчлэгдсэн, хэрэг хариуцах чадваргүй байдал арилсан бол шүүхээс түүнд оногдуулсан ялаас эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон хасаж үлдсэн ялыг эдлүүлэхийг дурьдаж, Ц.Бг Сэтгэцийн Эрүүл мэндийн Үндэсний төвийн сэтгэц, наркологийн ердийн тасагт хүргэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.3 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэх явцад хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Прокурорын газрын шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хяналт тавих прокурорт даалгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар иргэний хариуцагч Цэдэн-Ишээс 2.331.540 /хоёр сая гурван зуун гучин нэгэн мянга таван зуун дөч/ төгрөг гаргуулж хохирогч Д.Эрдэнэцэцэгт олгож, 1.028.750 /нэг сая хорин найман мянга долоон зуун тавь/ төгрөгийн иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хохирогч Д.Эрдэнэцэцэг нь Тоёота креста маркийн автомашинд учирсан хохирлыг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батдорж давж заалдах гомдолдоо: Шүүгдэгч                    Ц.Бг гэм буруутайд тооцсон нь үндэслэл бүхий болж чадсангүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1-д “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” 2-д “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.”  3-д “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.”  гэж заажээ.

Хохирогч Д.Эрдэнэцэцэгийн, гэрч Д.Сумъяабазарын, гэрч Ц.Бгийн, гэрч Т.Батбэхийн, гэрч Б.Батчимэгийн, гэрч Үүрийнбаярын мэдүүлгүүд нь Ц.Бг гэм буруутайд тооцох хангалттай үйл баримтууд биш болно.

Дээрх үйл баримтууд нь үйл явдлыг эргэлзээтэй байдлаар тайлбарласан болохоор Ц.Бг мөн хуулийн 1.15-р зүйлд зааснаар гэм буруугүйд тооцон холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, шударга шийдвэр гаргах ёстой байв.

Гэрч Д.Сумъяабазар, Т.Батбэх хоёр хамтдаа осол гаргасан машин дээр очоод машиний эзний хэлсэн үгийг сонсоод мэдүүлгийг өөр өөрөөр өгсөн байхад яллах баримтад тэдгээрийг тооцсон нь хууль бус болжээ.

Осол болсон тээврийн хэрэгсэл нь баруун хэсгээрээ унасан байдаг. Тэр тохиолдолд зүүн талд буюу жолоочийн эсрэг талд сууж явсан зорчигч Ц.Б нь жолоочийн суудлын ар хэсэгт хөндлөн байрлалтайгаар толгой нь хүрч, цусны толбо үлдсэн нь тодорхой байсныг эсрэгээр ашиглаж, машиныг жолоодсон байж болно гэсэн магадлалаар буруутгасан нь ойлгомжгүй байна.  Хэрэгт цугларсан нотлох баримтууд ихэнх нь таамаглал төсөөлөлд үндэслэгдсэнийг анхан шатны шүүх анзаарсангүй.

 Иймд гэм буруутайд тооцсон шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж өгнө үү гэжээ.

Дээд шатны прокурор эсэргүүцэлдээ: ... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дараах өөрчлөлтүүдийг оруулах нь зүйтэй байна. Үүнд: Шүүхийн шийтгэх тогтоолын 3 дахь заалтад “Шүүгдэгч Ц.Бд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.” гэж заажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.3 дугаар зүйлийн 4.3 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй байсан шүүгдэгчийн сэтгэцийн байдал нь өөртөө, эсхүл бусдад аюул учруулахааргүй бол эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох, эсхүл эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолыг хүчингүй болгох”, мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх дараах үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгоно.”, 1.7 дахь хэсэгт “шүүгдэгч гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй болох нь тогтоогдсон.” гэж заасан байна. Дээрх заалтуудаас үзэхэд шүүгдэгч гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй байсан тохиолдолд шүүх хэргийг хэрэгсэхгүй болгох харин Эрүүгийн хуулийн 7.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадвартай байсан боловч хэрэг шалган шийдвэрлэх үед хэрэг хариуцах чадваргүй болсны улмаас эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан хүний хэрэг хариуцах чадваргүй байдал арилсан бол шүүхээс уг албадлагын арга хэмжээг зогсоож ял оногдуулна.” гэж заасан нь шүүгдэгч гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадвартай байсан боловч хэрэг шалган шийдвэрлэх үед хэрэг хариуцах чадваргүй болсон нь тогтоогдсон бол эмчлэгдэж эдгэрсэн тохиолдолд хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь дуусаагүй бол ял оногдуулна гэж ойлгож болохоор байна. Гэтэл хэргийг хэрэгсэхгүй болгосноор эмчлэгдэж эдгэрсэн тохиолдолд түүнд ял оногдуулах боломжгүй болно.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.3 дугаар зүйлийн 4.2 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдсэний дараа сэтгэцийн эрүүл мэндийн улмаас хэрэг хариуцах чадваргүй нь тогтоогдсон шүүгдэгчийн сэтгэцийн байдал нь өөртөө, эсхүл бусдад аюул учруулахаар байвал эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх, эсхүл сэтгэцийн эрүүл мэндийн байгууллагад эмчлүүлэх, асран хамгаалагчид халамжлуулан шилжүүлэх”-ээр заасан байна.

Шийтгэх тогтоолын 4 дэх заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар Ц.Бд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг Сэтгэцийн Эрүүл мэндийн Үндэсний төвийн сэтгэц, наркологийн ердийн тасагт авсугай.” гэж заасан байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт “Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээний төрөл, дэглэм, хугацааг шинжээчийн дүгнэлтийг харгалзан шүүх тогтооно.”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.3 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт “Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээний төрөл, хугацааг шинжээчийн дүгнэлт, прокурорын саналыг үндэслэн шүүх тогтооно.” гэсэн заалтуудаас үзэхэд шүүх эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах хугацааг зааж өгөхөөр байна гэж ойлгогдож байна.

Дээрх нөхцөл байдлуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг өөрчлөх үндэслэл болж байна.

Иймд Ц.Бд холбогдох хэргийн Хөвсгөл аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 2018/ШЦТ/121 дугаартай шийтгэх тогтоолыг зөвтгөж өөрчлөлт оруулуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэрэгт зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол, дээд шатны прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хөвсгөл аймгийн Прокурорын газраас 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр 101 дугаартай яллах дүгнэлтээр шүүгдэгч Ц.Бг согтуугаар 2017 оны 10 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас Хатгал тосгоны чиглэлд явдаг засмал зам дээр 1889 УНХ улсын дугаартай Тоёота Креста маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас онхолдож уг автомашинд зорчиж явсан Ц.Г-ын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүгдэгч Ц.Бд холбогдох хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.2-т заасан “гэмт хэргийг хэн үйлдсэн”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2-т заасан “хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэснийг тус тус зөрчсөн гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан

Гэрч Д.Сумъяабазарын 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр өгсөн “...балай хүүхэнд машин бариулчихсан чинь уначихлаа гэх шиг болсон...” гэх мэдүүлэг,

Гэрч Т.Батбэхийн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр өгсөн ”...Миний машин дотор Эрүүл мэндийн газрын дарга Үүрийнбаяр, Эрүүл мэндийн газрын хэлтсийн дарга Батчимэг, мэргэжилтэн Өлзийсайхан, аймгийн дотоод аудитын газрын Нэргүй нар сууж явсан. ...Яагаад унасан юм бэ яагаад ийм юм болчихвоо гэсэн чинь тэр залуу өөдөөс балай хүүхнээс болоод ингэчихлээ гэж байсан. Тэгэхээр нь би машиныг хэн унаж явсан юм бэ гэх асуухаар балай хүүхнээс болоод ингэчихлээ л гэж хэлсэн...” гэх мэдүүлэг,

Гэрч М.Үүрийнбаярын 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр өгсөн “...Тэгээд шууд өөрийнхөө машин руугаа очоод нөгөө эмэгтэйгээс болсон явдлыг асуусан. Тэгэхэд тэр хүүхэн учир нь олдохгүй янз бүрийн юм яриад машин барьж явсан хүн зугтаасан гэх зэргээр янз янзын юм яриад байсан. ...Тэгээд яасан яаж яваад ингэчихвээ машин нь хэнийх юм бэ гэсэн чинь Ганболд энэ балай хүүхнээс болчихлоо, машин нь миний машин байгаа юм гэхээр нь...” гэх мэдүүлэг зэргээс дүгнэж үзвэл талийгаач Ц.Ганболдын автомашиныг шүүгдэгч Ц.Бг жолоодож явсан гэж үзэхэд эргэлзээ төрөхүйц байдлаар мэдүүлсэн байна. “балай хүүхнээс болоод ингэчихлээ“ гэх мэдүүлэг нь түүнийг машин жолоодож яваад осол гаргасныг нотлохгүй бөгөөд гэрч Д.Сумъяабазар “...гэх шиг болсон...” гэж эргэлзээтэй мэдүүлэг өгсөн байна. Иймд дээрх гэрчүүдийн мэдүүлгийн зөрүүг гаргаж, мэдүүлгийг дахин авах шаардлагатай.

Мөн талийгаач Ц.Ганболдтой уулзаагүй, түүний яриаг сонсоогүй гэрч Б.Батчимэг нь гэрч М.Үүрийнбаяр, Т.Батбэх нарын талаар “...Харин манай дарга, жолооч хоёр машин дотроо орж ирж суугаад Мөрөн рүү явж байх замдаа саяын залуу балай эмэгтэйд машин бариулсан чинь унагаачихлаа гэж байна гэнээ гэж хоорондоо ярьж байсан...” гэж мэдүүлжээ. Энэхүү мэдүүлгээс үзвэл осол гарахад автомашиныг хэн жолоодож явсан талаар автомашин дотор яриа болсон гэж үзэхээр байна. Гэтэл энэ талаар хамт байсан гэх гэрч н.Өлзийсайхан, н.Нэргүй нараас асууж тодруулаагүй байна. 

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 7-д “Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээний төрөл, дэглэм, хугацааг шинжээчийн дүгнэлтийг харгалзан шүүх тогтооно” гэж заажээ. Гэтэл мөрдөгч, прокурор, шүүх нь дээрх байдлыг нотолсон шинжээчийн дүгнэлт гаргуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ц.Бд холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж, шүүгдэгчид урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.3, 39.6 дугаар зүйлийн 1.2, 39.9 дүгээр зүйлийн 1.3, 2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 121 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Ц.Бд холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Ц.Бд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2, 3-т зааснаар шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                     Б.СОСОРБАРАМ

        ШҮҮГЧИД                                                                       Т.ГАНБАТ

                                                                                                    Н.БАЯРХҮҮ