Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Шаравын Оюунханд |
Хэргийн индекс | 102/2016/05402/И |
Дугаар | 1136 |
Огноо | 2017-05-15 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 1136
Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 183/ШШ2017/00591 дүгээр шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Засгийн газрын хэрэг эрхлэх газрын харьяа, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Батлан хамгаалахад туслах нийгэмлэг ТББ-д холбогдох
Буудлага спортын төвийн иж бүрэн барилга байгууламж, эд хөрөнгийг төрийн өмч болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Энхчулууны давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Дэлгэрмаа
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ж.Ариунаа
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Дашзэвэг, Б.Алтанцэцэг
Хариуцагчийн өмгөөлөгч: Ж.Энхчулуун
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Янжинлхам нар оролцов.
Нэхэмжлэгч Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Улсын Засгийн газар 2015 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн 55 дугаар тогтоолоор Эрүүл мэнд, спортын харьяа Техник спортын төвийг аж ахуйн тооцоотой төрийн өмчит үйлдвэрийн газар болгон зохион байгуулж тогтоолын 7-р заалтаар өөрчлөн байгуулсан байгууллагын дүрэм, зохион байгуулалтын бүтцийг батлах, мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж ажиллах, тухайн байгууллагын үндсэн болон бусад эд хөрөнгийг хүлээн авч бүртгэхийг Төрийн өмчийн хороонд даалгасан. Энэ тогтоолын дагуу Төрийн өмчийн хороо 2015 оны 7 сарын 08-ны өдрийн 506 дугаар тогтоолоор Техник спортын төв ТӨҮГ-ийн эзэмшилд олгох үл хөдлөх болон хөдлөх хөрөнгийн үнэлгээ бүхий эхлэлтийн бланс, зохион байгуулалтын бүтэц, дүрмийг хавсралтаар баталж захирлыг томилсон. Дээрх тогтоол шийдвэрүүдийн үндсэн дээр Буудлага спортын барилга байгуулж, эд хөрөнгийг хүлээлцсэн бөгөөд хүлээлгэн өгч байгаа талаас нярав Г.Бадамцэцэг, ерөнхий нягтлан бодогч Д.Байгалмаа, зэвсгийн нярав Д.Сононбилэг нар байлцаж, хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийг хүлээлцсэн. Батлан хамгаалах туслах нийгэмлэг нь 1929 онд байгуулагдсан цагаасаа төрд харьяалагдаж, ах дүү орнуудын туршлагаар төрийн санхүүжилтээр хот төдийгүй хөдөө орон нутагт салбар клубуудыг нээн ажиллуулж ирсэн,олон иргэдийг хамруулах үүднээс хөдөлмөрчдийн байгууллага болгосон ч зохион байгуулалт, удирдлага нь төрөөс томилогдож, улсын төсвөөс санхүүждэг, 1960 оны Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлд заасан зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд Батлан хамгаалах яамны харьяанд байгуулсан байгууллага юм. БХТН-ийг 1975 оны 18 дугаар тогтоолын 2 дахь заалтаар Батлан хамгаалах яамны харьяанаас гаргаж хөдөлмөрчийн сайн дурын үндсэн дээр олон нийтийн байгууллага болгосон. Ямар нэгэн хөрөнгө өмчлөлд нь өгөөгүй, харин харьяалалдаа авсан Сайд нарын Зөвлөл Улсын иргэний хамгаалалтын газар буюу одоогийн Онцгой байдлын газрын байранд 10 өрөөг хуваарилж өгснөөр БХТН-ийн төв Зөвлөл тэнд үйл ажиллагаагаа явуулдаг байсан. Техник спортын төв нь анхнаасаа БХТН-ийн материаллаг бааз, боловсон хүчин дээр тулгуурлан, 1954 оноос техникийн спортын анхны клубуудыг нээж, улмаар буудлага, нисэх, радио, авто мото клубуудыг нэгтгэсэн төв болж, Эрүүл мэндийн яам, Биеийн тамир спортын хорооны дарга буюу төсвийн ерөнхийлөн захирагчтай Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай хуулийн дагуу улсын төсвийн байгууллагын ерөнхий менежертэй хийдэг, бүтээгдэхүүн нийлүүлэлтийн гэрээг жил бүр байгуулан, улсын төсвөөс санхүүжилт авч жилийн эцэст гэрээгээ дүгнүүлэн ажилладаг байсан. Буудлагын иж бүрэн сургалтын барилга байгууламжийг барих ажлыг 1977 оноос эхлүүлсэн. Төр өмч хөрөнгийн элэгдэл хорогдлыг тооцон засан сайжруулалт хийж, Буудлага спортын төвд Эрүүл мэндийн сайдын багцын хөрөнгө оруулалтаар 2008 онд 178 сая, 2009 онд 89 сая, 2010 онд 89 сая төгрөгийг улсын төсвөөс гаргаж, задгай тир, халаалтын шугам сүлжээний их завсар болон гадна талбайд буудлагын нийтийн тир барих ажлуудыг хийж гүйцэтгэсэн. ТББ-ын үүсгэн байгуулсан хөрөнгө тодорхойгүй, төрийн өмчийг давхардуулан бүртгэсэн зэрэг олон зөрчлүүдийг гаргасан бөгөөд өөрийн өмчлөлийн гэж маргаж байгаа Техник спортын төвийн Буудлагын барилга байгууламж, эд хөрөнгийг өмчлөх хууль ёсны бичиг баримт байхгүй.
Батлан хамгаалахад туслах нийгэмлэг ТББ нь манай байгууллагад бэлэглэсэн эд хөрөнгө гэдэг боловч тухайн үеийн хууль тогтоомжоор олон нийтийн байгууллага бэлэглэлээр өмчлөх эрхтэй болох зохицуулалт байхгүй. Техник спортын төвийн буудлагын барилга, тоног төхөөрөмж нь БХТН-ийн төв зөвлөлийн эзэмшил, ашиглалтанд байсан ч төсвөөс санхүүжиж боссон, социалист өмч. Иймд Буудлага спортын төвийн иж бүрэн барилга байгууламж, эд хөрөнгийг төрийн өмч болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Хариуцагч Батлан хамгаалахад туслах нийгэмлэг ТББ-ын төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Батлан хамгаалахад туслах нийгэмлэг нь 1929 оны 7 сарын 22-ны өдөр Монгол улсыг хамгаалах явдалд туслах эвсэл нэртэйгээр анх байгуулагдаж, 1942 онд Ардын өөрийгөө хамгаалах сайн дурын отряд, 1958 онд Ардын цэрэгт туслах сайн дурын нийгэмлэг, 1959 онд Батлан хамгаалах хөдөлмөр нийгэмлэг, 1970 онд Улсыг батлан хамгаалахад туслах нийгэмлэг нэртэй болж үйл ажиллагаагаа өнөөг хүртэл тасралтгүй явуулж ирсэн. Тус байгууллага нь Батлан хамгаалах яамны дэргэд үйл ажиллагаа явуулж байсан боловч 1975 оны 01 сарын 18-ны өдрийн Монгол ардын хувьсгалт Намын Төв Хорооны Улс төрийн товчооны 18 дугаар тогтоолоор Батлан хамгаалах яамны харьяанаас гаргаж, хөдөлмөрчдийн сайн дурын биеэ даасан байгууллага болгон өөрчлөн зохион байгуулсан. Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн төв зөвлөл нь 1997 оныг хүртэл олон нийтийн байгууллагын хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулж байгаад 1997 онд Төрийн бус байгууллага болсон. Маргааны зүйлийн өмчлөгч болох Техник спортын төв нь үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн харьяа байгууллага байсан бөгөөд энэ нь Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн төв зөвлөлийн даргын 1997 оны 12 сарын 03-ны өдрийн 47 дугаартай тушаалаас илэрхий харагдана. Барилга байгууламж, эд хөрөнгийг 1980 оны 10 сарын 25-ны өдрийн 7 дугаар протоколоор БНАГУ-ын Спорт, техникийн нийгэмлэгийн зөвлөлийн төв захиргаа, Бүгд найрамдах ардчилсан Герман улсын Үндэсний Батлан хамгаалах яамны даалгавраар БНМАУ-ын Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн төв зөвлөлд эв санааны нэгдлийн бэлэг болгон бэлэглэсэн. Мөн 1999 онд Улсын Их Хурлаас төрийн өмчийг анх тоолж, төрийн өмчийг тодорхой болгох үед төрийн өмчийн жагсаалтад Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн төв зөвлөл төрийн бус байгууллага болон түүний өмчийг оруулан тоолоогүй. Төрийн өмч болох ямар ч үндэслэл байхгүй. Гэтэл Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар төрийн өмчид байгаагүй, хуульд заасан журмаар олж аваагүй, хууль ёсны дагуу төрийн өмчид хамааралгүй хөрөнгийг төрийн өмч болохыг тогтоолгох талаар нэхэмжпэл гаргасан нь өмчлөгчийн эрхийг зөрчиж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: 1963 оны Иргэний хуулийн 60 дугаар зүйл, 63 дугаар зүйлд заасныг баримтлан Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Ажилчны гудамж 46 тоотод байрлах Буудлага спортын төвийн иж бүрэн барилга байгууламж, түүний зориулалтын дагуу ашиглагддаг, дагалдах эд хөрөнгийг төрийн өмч болохыг тогтоож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч БХТН-ийн төв зөвлөл ТББ-аас улсын тэмдэгтийн хураамжинд 70 200 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж, Техник спортын төв ТӨААТҮГ-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн 2603030349 тоот данснаас гаргуулан буцаан олгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Энхчулуун давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хэрэг маргааныг шийдвэрлэхдээ хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хуулийн шаардлагад нийцүүлж үнэлж чадаагүй, хэргийн үйл баримтыг үнэн зөв тогтоож чадаагүй, маргааныг шийдвэрлэхдээ холбогдох нотлох баримтууд, бүх шатны шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, тогтоолоор нэгэнт тогтоогдсон үйл баримтыг хууль зөрчиж, нэхэмжлэгчийн эрх ашиг, таашаалд нийцүүлж үнэлсэн. ТББ-ын тухай хууль үйлчилж эхэлснээс хойш л энэ байгууллага үйл ажиллагаа явуулж эхэлсэн мэт, төрөөс тус ТББ-ын үйл ажиллагаанд бүхэлд нь санхүүжилт авч, удирдлага нь томилогдож байсан тухай нотлох баримтууд хавтаст хэрэгт огт байхгүй. Гагцхүү зарим жилд гэрээний үндсэн дээр тодорхой үйл ажиллагаа, зардлыг санхүүжүүлэхээр төсвөөс санхүүжилт авсан тохиолдол бий. Түүнээс биш төсвөөс бүхий л үйл ажиллагаа, төсвийн жилийн турш 1997 оноос өнөөдрийг хүртэл санхүүжиж байгаагүй байдаг. Гэтэл шүүх "ТББ-ыг төрд харьяалагдаж, нийгэмд үйлчилдэг ТББ" гэж дүгнэж буй нь хуулийн этгээдийн ангилал, төрийн байгууллагын мөн чанар, үйл ажиллагааг хольж хутгасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагад огт байхгүй зүйлээр нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаас хальж, дүгнэлт хийсэн, ноцтой алдаа боллоо. "Буудлагын спортын төвийн иж бүрэн барилга байгууламж, эд хөрөнгө" гэх нэр томьёо бүхий хөрөнгийн талаарх баримт авагдаагүй. Гагцхүү Техник спортын төв гэх БХТНТЗ-ийн харьяа тус байгууллагын бүтцийн нэгж байдаг. Гэтэл шүүх огт байхгүй "төв ба хөрөнгө"-ийн талаар дүгнэлт хийж, шийдвэр гаргасан.
Түүнчлэн БНМАУ-ын 1960 оны Үндсэн хуулийн холбогдох заалтууд, 1978-1981 онд улсын төсвөөс санхүүжүүлж, хөрөнгө оруулалт хийх объектын жагсаалт Улсын банкны ерөнхий хорооноос олгож байсан тухай жагсаалт зэргийг дурдаж, Буудлага спортын төвийн иж бүрэн барилга байгууламж төрийн өмч, БХТН нь зөвхөн эзэмшиж, ашиглаж байсан тул төрөөс өөрийн өмчийг шаардах эрхтэй" гэсэн нь буруу. Шүүхээс өмчлөх эрхийг 20 дугаар зуунд буюу социализмын үед үүссэн гэж дүгнэсэн атлаа, хөөн хэлэлцэх хугацааг 2002 оны Иргэний хуулийн зүйл заалтыг баримтлан тайлбарлаж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж буруу шийдвэрлэсэн.
БХТН-ийн харьяа Техник спортын төвийн барилга байгууламж нь "төрийн өмчид байгаагүй, төр өөрийн өмчдөө хуульд заасан үндэслэлээр олж аваагүй" болохыг Захиргааны хэргийн шүүхээс 2 удаа тогтоосон. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулаагүй, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.
Нэхэмжлэгч Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар нь хариуцагч Батлан хамгаалахад туслах нийгэмлэг ТББ-д холбогдуулан буудлага спортын төвийн иж бүрэн барилга байгууламж, эд хөрөнгийг төрийн өмч болохыг тогтоолгохоор шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч “..,хөөн хэлэлцэх хугацаа дууссан, дээрх хөрөнгө нь анхнаасаа төрийн бус байгууллагын өмч” гэж маргажээ.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл болон шаардлагаас шүүх шийдвэрлэх гэж буй маргааны агуулга, хэрэглэх хуулиа тодорхойлох тул үндэслэл нь тодорхой бус, шаардлага нь ойлгомжгүй тохиолдолд шүүх түүнийг тодруулах шаардлагатай байжээ.
Нэхэмжлэлийн шаардлага буюу буудлага спортын төвийн иж бүрэн барилга байгууламж, эд хөрөнгө гэдэгт яг хаана байрладаг, ямар нэр төрлийн, хэдэн м.кв талбайтай, ямар үнэтэй эд хөрөнгө хамаарч байгаа, тухайн хөрөнгийн доорх салшгүй бэхлэгдсэн газрын хэмжээ, газар эзэмших эрх нь хэнд байдаг, үндсэн бүрдэл хэсгүүд нь юу болох, салгаж болох дагалдах зүйлүүд нь юу юу болох талаар тодорхойгүй, “эд хөрөнгө” гэсэн нэхэмжлэл дотор нь хөдлөх хөрөнгүүд хамаарч байгаа эсэх, хэрэв хөдлөх хөрөнгө байгаа бол жагсаалт, нэршил, үнэ зэрэг нь тодорхойгүй байгаа нь шүүхийн шийдвэр биелэгдэх боломжгүй нөхцөл байдлыг үүсгэснээс гадна үнэлж болох нэхэмжлэлд үнэ тодорхой байх зарчмыг зөрчжээ.
Өмчлөх эрх нь хууль болон гэрээний үндсэн дээр үүсэх бөгөөд нэхэмжлэлийн шаардлага дээрх үндэслэлийн алинаар гарсан, тухайн үндэслэлээр мэтгэлцээн өрнөөгүй байна.
Анхан шатны шүүх зохигчдын нотлох баримт гаргуулах хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн хэдий ч шүүгчийн захирамжийн биелэлт хангагдаагүй байхад хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дах хэсэгт заасан ажиллагааг бүрэн хийсэн гэж үзэх боломжгүй. /2-р хх-ийн 157, 160, 161-162/
Хэрэгт авагдсан Сангийн яамнаас ирсэн баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-д заасан шаардлага хангаагүй байхад шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон байх бөгөөд үр дүнгийн гэрээ гэх баримтуудыг гаргуулахаар шүүгчийн захирамж гарсан ч биелэлт нь хангагдаагүй байхад хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцжээ.
Түүнчлэн хариуцагчийн өмгөөлөгчийн “үзлэг хийлгэх тухай хүсэлт нь нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахад ач холбогдолтой байхад хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасантай нийцээгүй бөгөөд үндэслэл муутай болжээ.
Хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дах хэсэгт заасан “Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө...” гэсэн шаардлагыг хангаагүй, бичмэл нотлох баримтад тавигдах хуулийн шаардлагад нийцээгүй баримтыг үнэлсэн нь мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дах хэсэгт зааснаар нотлох чадвараа алдсан бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй юм.
Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 183/ШШ2017/00591 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагч Батлан хамгаалахад туслах нийгэмлэг ТББ-ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө ирж гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.НАРАНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН
Ш.ОЮУНХАНД