Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 221/МА2023/0203

 

 

 

 

 

 

 

 

 

“Б...т...” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч: шүүгч Э.Лхагвасүрэн

Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Г.Мөнхтулга

Илтгэгч: шүүгч Д.Оюумаа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.У

Нэхэмжлэгч: “Б...т...” ХХК

Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд

Нэхэмжлэлийн шаардлага: “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн А/164 дүгээр тушаалын тус компанид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 868 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Б

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Улаанмуна

Хэргийн индекс: 128/2022/0831/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Б...т...” ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн А/164 дүгээр тушаалын тус компанид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 868 дугаар шийдвэрээр:

2.1. “Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6-д заасныг баримтлан “Б...т...” ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн А/164 дүгээр тушаалын тус компанид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожшийдвэрлэсэн байна.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.У дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. “... “Б...т...” ХХК нь газар ашиглах эрхээ авснаас хойш тус газрын хөрсийг огт хөндөөгүй, голын бургас модыг сүйтгээгүй, үйл ажиллагаа явуулаагүй болох нь тодорхой харагдаж байхад шүүхээс Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн А/164 дүгээр тушаалыг хуульд нийцсэн гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасныг зөрчиж шйдвэр гаргажээ.

3.2. Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас ирүүлсэн лавлагаанаас харахад нэхэмжлэгчийн ашиглах эрхтэй байсан газар нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны А/50 дугаар тогтоолоор батлагдсан усны сан бүхий газрын он хамгаалалтын бүстэй хэсэгчлэн давхцалтай харагддаг боловч тухайн газарт жуулчлалын зориулалтаар үйл ажиллагаа явуулахыг хориглоогүй байна.

3.3. Хариуцагч нь нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг дуусгавар болгохоос өмнө Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно” гэж заасан үүргээ биелүүлж бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдолтой баримтуудыг цуглуулж, мөн хуулийн 26, 27 дугаар зүйлд зааснаар сонсох ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан бол хууль, журмын дагуу зөвшөөрөгдөх чиглэлээр үйл ажиллагаа явуулах, онцгой хамгаалалтын бүстэй давхцалтай хэсэгт нь ногоон байгууламж байгуулах зэргээр асуудлыг шийдвэрлэх боломж хангалттай байсан. Гэтэл анхан шатны шүүхээс хэргийн нөхцөл байдалд үнэн бодит дүгнэлт хийлгүйгээр хэт нэг талыг барьж шийдвэрлэсэнд нэхэмжлэгчийн зүгээс туйлын гомдолтой байна.

3.4. ...газрын давхцалтай холбоотой зураг хариуцагч захиргааны байгууллагаас ирсэн боловч маргааны нөхцөл байдлыг хангалттай тодорхойлж чадаагүй. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулна” гэж заасан шүүх нотлох зарчмыг хэрэгжүүлээгүй, мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэж заасан нотлох баримт цуглуулах үүргээ гүйцэтгээгүй гэж дүгнэхээр байна.

3.5. Хариуцагч захиргааны байгууллага, албан тушаалтан нь нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг дуусгавар болгохоос өмнө хэргийн бодит нөхцөл байдлыг тогтоох үүднээс хангалттай баримтуудыг цуглуулан ажилласан бол шүүхийн маргаан үүсэхгүй байх боломжтой байсан бөгөөд өнөөдрийн нөхцөл байдалд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж дүгнэхээр байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 128/ШШ2022/0868 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч “Б...т...” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

4. Хариуцагчаас нэхэмжлэгчийн гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна. 

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Шүүх дараах үндэслэлээр маргаан бүхий захиргааны актын биелэлтийг 3 /гурав/ сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ. Үүнд:

2.1. Нэхэмжлэгч “Б...т...” ХХК-д Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн А/188 дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газарт “Их тэнгэрийн ам” байршилд “аялал жуулчлалын” зориулалтаар 0.76 га газар ашиглах эрхийг 5 жилийн хугацаатай олгож, Хан-Уул дүүргийн Засаг дарга, Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас “Б...т...” ХХК-ийн захиралтай 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 2016/063 дугаартай Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээг тус тус байгуулсан байна.

2.2. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн “Газар ашиглах эрхийг дуусгавар болгож, газрыг чөлөөлөх тухай” А/164 дүгээр тушаалаар Усны хамгаалалтын бүсэд орсон, голын бургас модыг сүйтгэж тухайн орчны төлөв байдал, байгалийн унаган төрхийг алдагдуулан дархан цаазат газрын нийтлэг дэглэм горимыг зөрчсөн хэмээн 4 аж ахуйн нэгжийн газар ашиглах эрхийг дуусгавар болгож шийдвэрлэсний дотор нэхэмжлэгч “Б...т...” ХХК-ийн газар багтжээ.

2.3. Анхан шатны шүүхээс “...Байгаль орчин, аялал жуулчлалын сайд болон Барилга, хот байгуулалтын сайдын хамтарсан 2015 оны А-230/127 дугаар тушаалаар баталсан “Усны сан бүхий газар, эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам”-ын 3 дугаар зүйлийн 3.9-д “Ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн хориглолтын ба хязгаарлалтын бүсэд дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно”, 3.9.11-д ....орон сууц, үйлдвэр, үйлчилгээний зориулалттай барилга байгууламж барьж ашиглах..." гэж 3.9.12-д "...газар өмчлөх, эзэмших, ашиглах эрх олгох” гэж заасан байх тул нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг сэргээх боломжгүй байна” гэж дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

2.4. Тодруулбал, маргаан бүхий акт буюу Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн А/164 дүгээр тушаалын үндэслэл болох Байгаль орчин, аялал жуулчлалын сайд болон Барилга, хот байгуулалтын сайдын хамтарсан 2015 оны А-230/127 дугаар тушаалаар баталсан “Усны сан бүхий газар, эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам” нь “Б...т...” ХХК-д газар эзэмшүүлэх шийдвэр гарснаас хойш батлагдсан байгаа энэ тохиолдолд нэхэмжлэгчийг дээрх журмаар хориглосон газрыг ашигласан гэж буруутгах үндэслэлгүй.

2.5. Өөрөөр хэлбэл маргаан бүхий газрыг хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаас өөрийн бүрэн эрхийн хүрээнд нэхэмжлэгч “Б...т...” ХХК-д ашиглуулахаар шийдвэрлэсэн байх бөгөөд газар ашиглах эрхийг авах үед тухайн газар нь хориглолт, хязгаарлалтын бүсэд хамаарахгүй байсан, мөн холбогдох зөвшөөрлийн дагуу маргаан бүхий газрыг ашиглах эрхийг авч, тусгай хамгаалалттай газарт хориглоогүй үйл ажиллагаа явуулсан байхад нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй.

2.6. Хэдийгээр хариуцагчаас нэхэмжлэгчийг “Усны хамгаалалтын бүсэд орсон, голын бургас модыг сүйтгэж тухайн орчны төлөв байдал, байгалийн унаган төрхийг алдагдуулан дархан цаазат газрын нийтлэг дэглэм горимыг зөрчсөн” гэсэн үндэслэлээр буруутгаж, газар ашиглах эрхийг хүчингүй болгосон байх боловч хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд маргаан бүхий актын үндэслэлд дурдсан нөхцөл байдал тогтоогдсонгүй.

2.7. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1-т “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх дараахь тохиолдолд дуусгавар болно” гээд 1.1-д “Газрын тухай хуулийн З9 дүгээр зүйлд заасан үндэслэлээр”, 1.2-д “тухайн тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын горимыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн”, 1.3-д “тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх хүчингүй болсон” гэж, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-д “Усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно” гээд 22.2.1-д “онцгой хамгаалалтын бүсэд барилга, байгууламж барих, газар хагалах, тэсэлгээ хийх, газар тариалан эрхлэх, ашигт малтмал хайх, олборлох, зэгс, шагшуурга, мод огтлох, элс, хайрга, чулуу авах, байгалийн ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх, мал угаах болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цэг байгуулахыг хориглоно” гэсэн хуулийн зохицуулалттай.

2.8. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл маргаан бүхий газар нь онцгой хамгаалалтын бүстэй бүхэлдээ давхцаагүй, нэхэмжлэгчээс газрын төлбөрт 2017 онд 25,080,000 төгрөг, 2018 онд 10,032,000 төгрөг, 2019 онд 10,032,000 төгрөгийг тус тус төлсөн болон маргаан бүхий газарт аялал жуулчлалын бааз байгуулахаар газрын байр зүйн зураглал, инженер геологийн судалгаа болон дэвсгэр зураг, барилгын эскиз зураг төслийг хийлгэсэн, мөн газар дээр архитектур төлөвлөлтийн даалгавар, техникийн нөхцөл, барилгын зураг төсөлд хяналт хийсэн тухай дүгнэлт, зураг төслийн баримт бичгийн магадлалын ерөнхий дүгнэлт зэрэг ажлууд хийсэн болох нь тогтоогдож байх бөгөөд Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нөлөөгөөр нэхэмжлэгч нь бусад ажил, үйлчилгээ явуулах боломжгүй байсан болохыг харгалзан үзэх нь зүйтэй.

2.9. Харин энэ тохиолдолд хариуцагч захиргааны байгууллага Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасан үүргээ бүрэн гүйцэд биелүүлж, бодит нөхцөл байдлыг бүрэн судалж, тогтоолгүйгээр нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг дуусгавар болгосон нь захиргааны үйл ажиллагаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

2.10. Эрх бүхий этгээдийн зөвшөөрлөөр газар ашиглах эрхийг нэхэмжлэгчид тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хууль, журмын дагуу нэгэнт олгосон байгаа энэ тохиолдолд нэхэмжлэгчийн зөрчигдсөн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах, шүүхийн шийдвэр заавал биелэгдэх зарчмын үүднээс хариуцагч захиргааны байгууллагаас өөрийн шийдвэрээ эргэн харж засаж залруулах боломжийг Захиргааны ерөнхий хуулиар олгосон учир гаргасан шийдвэрээ нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндөхгүй байх талаар буюу нэхэмжлэгчийн нөхцөл байдлыг дордуулахгүйгээр, аялал жуулчлалын зориулалтаар ашиглах боломжит газрыг судлан олгох эсхүл Улаанбаатар хотын ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын бүс, онцгой хамгаалалтын бүс болон энгийн хамгаалалтын бүстэй давхцаагүй хэсэгт хориглоогүй үйл ажиллагаа эрхлэх боломжийг олгох, бодит нөхцөл байдалд тохирсон шийдвэр гаргах эрх хуулиар олгогдсон.

2.11. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх;” гэж зааснаар хариуцагчаас гаргасан шийдвэрээ дахин хянаж, шаардлагатай бол шинэ акт гаргах замаар хэргийн бодит нөхцөлд тохирох шийдвэр гаргах шаардлагатай байх бөгөөд энэ нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байх тул Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаас хууль журамд нийцүүлэн дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

2.12. Үүнтэй холбогдуулан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар захиргааны байгууллага шүүхээс тогтоосон хугацаанд шинэ акт гаргаагүй бол маргаан бүхий А/164 дүгээр тушаалын холбогдох хэсэг хүчингүй болохыг дурдаж шийдвэрлэлээ.

2.13. Мөн нэхэмжлэгч “Б...т...” ХХК-ийн захирал Т.Г, өмгөөлөгч Ч.У нарын хооронд байгуулагдсан “Эрх зүйл туслалцаа үзүүлэх гэрээ” хэрэгт хавсаргагдсан байх бөгөөд нэхэмжлэгчээс Ч.У-д олгосон итгэмжлэл хавтаст хэрэгт авагдаагүй болохыг дурдах нь зүйтэй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 868 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.4, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2, 22.2.1-д заасныг тус тус баримтлан хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн А/164 дүгээр тушаалын “Б...т...” ХХК-д холбогдох хэсгийг 3 /гурав/ сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлсүгэй.” гэж өөрчилж, Тогтоох хэсэгт “2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг баримтлан шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч байгууллага шинэ акт гаргаагүй бол Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн А/164 дүгээр тушаалын “Б...т...” ХХК-д холбогдох хэсэг хүчингүй болохыг дурдсугай.” гэсэн заалт нэмж, Тогтоох хэсгийн заалтын “2” гэснийг “3” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.У-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮГЧ                                               Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                               Г.МӨНХТУЛГА

ШҮҮГЧ                                               Д.ОЮУМАА