Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 1200

 

Алтанторх рус ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Б.Нармандах, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2017/00660 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Алтанторх рус ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.Гантулгад холбогдох

 

27 192 460 төгрөг тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж.Энхтуяа

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ц.Алимаа

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ч.Энхтөвшин

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч Алтанторх рус ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Гантулга нь тус компанид 2010 оны 10 сарын 25-ны өдрөөс эхлэн борлуулалтын туслах ажилтнаар түр, 2011 оны 01 сарын 03-ны өдрөөс эхлэн борлуулалтын менежерээр тус тус томилогдон ажилласан. Д.Гантулгыг сарын үндсэн цалин 300 000 төгрөг, орлогын нэг хувиар цалинжуулж хоол, унааны зардлаар ханган ажилласан. “Алтан Торх Рус” ХХК-иас борлуулалтын менежер Д.Гантулгатай тооцоо нийлэхэд 2010 оны 10 сарын 01-ний өдрийн байдлаар 773 310 төгрөгийн барааны авлагын тооцооны үлдэгдэлтэй, 2011 оны 01 сарын 01-ний өдрийн байдлаар 3 031 130 төгрөгийн, 2012 оны 01 сарын 01-ний өдрийн байдлаар 52 285 670 төгрөгийн, 2013 оны 01 сарын 01-ний өдөр 44 701 160 төгрөгийн, 2014 оны 01 сарын 01-ний өдрийн байдлаар 44 701 160 төгрөгийн барааны авлагын тооцооны үлдэгдэлтэй гэж тооцоо хийж байсан.

Д.Гантулга нь 2014 оны 05 сарын 01-ний байдлаар 44 701 160 төгрөгийн үлдэгдэлтэй байснаас 23 808 700 төгрөгийг тушааж, үлдэгдэл 27 192 460 төгрөгийг хүлээлгэж өгөх ёстой байсан бөгөөд үүнийгээ хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан.   Д.Гантулга нь өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан тул 2014 оны 05 сарын 01-ний өдрөөр тасалбар болгон Хөдөлмөрийн тухай хуулийн 38-р зүйлийн 38.1.1-д заасны дагуу үүрэгт ажлаас чөлөөлсөн. Эд хөрөнгөд хохирол учруулсан бол ажилтныг ажлаас халах ба учруулсан хохирлын хэмжээгээр нөхөн төлүүлнэ гэж дотоод журамд заасны дагуу  Д.Гантулгаас 27 392 460 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д.Гантулгын шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Энхтөвшин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчид  эд хөрөнгийн хохирол учруулаагүй.  Тус компани нь надтай хөдөлмөрийн гэрээ хийгээгүй. Борлуулалтын ажил хийхдээ хүнсний дэлгүүр, хүнсний лангуу ажиллуулдаг хүмүүст зээлээр, падаанаар барааг борлуулж санхүүд баримт мөнгийг авчирч өгч байсан. Миний ажлыг авсан борлуулагч нар дэлгүүр, лангуунд падаанаар өгсөн бараа мөнгийг шаардаад авах боломжтой. Нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн баримтаас харахад эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ хийгдээгүй, хөдөлмөрийн гэрээ огт хийгдээгүй байсан. Хариуцагч нь агуулахаас барааг аваад гэрээт газруудад нь тарааж өгөх үүргийг гүйцэтгэж байсан. Холбогдох гэрээт газруудаасаа нэхэмжилж, хохирлоо гаргуулах хэрэгтэй юм. 2013 оны 07 сарын 04 өдрийн 8 460 000 төгрөгийн баримт дээр 2 820 000 төгрөгийг нэмээд 11 280 000 төгрөг болгоод биччихсэн байдаг. Уг баримт нь хавтаст хэрэгт байгаа. Энэ мэтчилэн зүйлээс харахад  нэхэмжлэл  үндэслэлгүй  тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.  

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 132 дугаар зүйлийн 132.1-д заасныг баримтлан хариуцагч Д.Гантулгаас 24 372 460 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Алтанторх рус ХХК-д олгож, нэхэмжлэлээс 2 820 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 293 912 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Гантулгаас 289 812 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Алтанторх рус ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Энхтөвшин давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хуулийг буруу хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн Алтан торх рус ХХК нь ажилтан Д.Гантулгатай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, гэрээг хуурамчаар хийж Д.Гантулгын гарын үсгийг дууриан зурсан болох нь шинжээчийн 2016 оны 12 сарын 16-ны өдрийн 7060 тоот дүгнэлтээр нотлогдож байгаа ба гэрээ байгуулаагүй нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг ажил олгогч шаардах эрхгүй, мөн ажлын байрны тодорхойлолтыг Д.Гантулгад танилцуулаагүй нь хөдөлмөрийн гэрээг байгуулсанд тооцох боломжгүй гэж үзэж байна. Иймд Д.Гантулгад эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл байхгүй.

Шүүхээс хариуцагч 2014 оны 5 сарын 15-ны өдрийн дотор ажлаа бүрэн өгсөн болохыг баримтаар нотлоогүй, ажлаас чөлөөлсөнөөс хойш зээлээр худалдсан барааны үнэ 4 288 000 төгрөгийг нэхэмжлэгчид тушаасан гэж дүгнэснийг зөвшөөрөхгүй, учир нь Д.Гантулга нь барааг аваачиж өгсөн компаниас мөнгийг нь авч тушаасан нь иргэний үүргээ биелүүлсэн.  Д.Гантулга нь компанийн нэрийн өмнөөс бусад иргэн, хуулийн этгээд,  дэлгүүр, лангуу ажиллуулдаг хүмүүст барааг падаанаар зээлээр борлуулж компанийн санхүүгийн тамга даруулж хүлээлгэж агч байсан. Мөн 2013 оны 8 сарын 05-ны өдөр Мөнхболд гэдэг хүнд өгсөн три медведя 3 510 000 төгрөгийн баримт өгсөн ба уг баримтад бичигдсэн Мөнхболд гэдэг хүн нь "Алтан торх рус" ХХК-д ажиллаж байсан, нас барсан гэдгийг нэхэмжлэгч зөвшөөрсөн байгаа. Иймд төлбөр төлөх хүн нь нас барсан байхад Д.Гантулгаас нэхэмжилсэн нь үндэслэлгүй.

Шүүхээс "Алтан торх рус" ХХК нь ямар бараанаас хэдэн төгрөгийн төлбөр төлөгдөөгүй болохыг падаан баримтаар нотлоогүй байхад шууд л нэхэмжлэгчийн нэхэмжилсэн үнийн дүнгээр төлүүлэхээр шийдвэрлэсэн. Тухайлбал 2013 оны 7 сарын 04-ний өдрийн 210/97 дугаартай зарлагын баримтыг "Алтан торх рус" ХХК нь засварлаж 2 820 00 төгрөгийг нэмж бичсэн ба дээрхи 8 460 000 төгрөгийн төлбөр төлөгдөөд дууссан баримтыг үндэслэж шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлд оруулан тооцож 2 820 00 төгрөгийг хэрэгсэхгүй болгож 8 460 000 төгрөгийг 24 372 460 төгрөгт оруулан тооцсон нь үндэслэлгүй. Д.Гантулга ажлаасаа 2014 оны 5 сарын 01-ний өдөр чөлөөлөгдсөнөөс 1 жилийн дараа буюу 2015 оны 9 сарын 30-ны өдөр "Алтан торх рус" ХХК нь тооллого хийж өр төлбөр барагдуулахаар нэхэмжилсэн. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.              

 

Нэхэмжлэгч Алтанторх рус ХХК нь хариуцагч Д.Гантулгад холбогдуулан 27 192 460 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч “...тус байгууллагад учруулсан хохирол байхгүй. Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулаагүй. Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаагүй байсан бөгөөд тухайн компанийн борлуулалтын ажилтнууд нь мөнгийг шаардаад авах боломжтой” гэж маргажээ.

 

Хариуцагч Д.Гантулга нь Алтанторх рус ХХК-д ажиллаж байсан хэдий ч талуудын хооронд байгуулагдсан гэх хөдөлмөрийн гэрээнд Д.Гантулга гарын үсэг зураагүй болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд хариуцагч байгууллагатай байгуулсан эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ хэрэгт авагдаагүй байна. 

 

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцаа болон нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодруулалгүй, хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй.

 

Хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн санхүүгийн анхан шатны баримтуудад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлд заасны дагуу дүгнэлт гараагүй, эдгээр баримтуудыг хэрхэн үнэлсэн нь тодорхойгүй байх тул нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу бүрдүүлсэн гэж үзэхээргүй байна.

 

Нэхэмжлэгч нь эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохирол, эсхүл эд хөрөнгийн бүрэн хариуцлагын алиныг шаардаж байгаа нь тодорхойгүй, яагаад ажилтныг ажлаас халагдсанаас хойш хийсэн тооллогын баримтыг үндэслэн нэхэмжлэл гаргаж байгааг тодруулах нь зүйтэй байжээ.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2017/00660 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар Д.Гантулгын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 289 900 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.БАТЗОРИГ

ШҮҮГЧИД                                                      Б.НАРМАНДАХ

                                                                       Ш.ОЮУНХАНД