Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 572

 

 

 

 

 

 

                                                                                                

                                                                                                                                                                                                                                                                                                                                                      

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                             

Д.А-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Б.Зориг, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Э.Одончимэг,

хохирогч Б.Б-,

шүүгдэгч Д.А-, түүний өмгөөлөгч Д.Дашдорж, 

нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулж,

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж, шүүгч Ч.Отгонбаяр, шүүгч А.Алтанхуяг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 298 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Б.Б-, шүүгдэгч Д.А-, түүний өмгөөлөгч Д.Дашдорж нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Д.А-д холбогдох 1705000000157 дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Д.А, 19хх оны хх дугаар сарын хх-нд төрсөн, хх настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, хх дүүргийн хх дугаар хороо, тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй,

 

Д.А- нь 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 15 цагийн орчимд согтуугаар Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 41 дүгээр байрны 167 тоотод зэвсэг хэрэглэн найз Б.Б-ын цээжин тус газарт 1 удаа хутгалж эрүүл мэндэд нь “цээжний зүүн талд цээжний хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн зүрхний үнхэлцэг хальс, зүрхний орой хэсгийг гэмтээсэн шарх, зүрхний үнхэлцгийн хөндий дэх цус хуралдалт, зүрх чихэгдэлт” бүхий хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянгол дүүргийн Прокурорын газраас: Д.А-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дэх хэсгийн 2.4-т зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Д.А-ийг зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Д.А-ийг 6 жилийн хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Д.А-ийн эдлэх 6 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Д.А- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гэм хорын хохирол нэхэмжлээгүйг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээг өөрчилж, 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн цагдан хорьж, түүний эдлэх ялыг тоолохоор шийдвэрлэжээ.

 

Хохирогч Б.Б- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие Д.А-тэй Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 41 дүгээр байрны 167 тоот болох гэрт нь хамт архи ууж байгаад би тамхи авахаар гараад орцонд 4-5 давхарт 2 залууд хутгалуулсан нь үнэн болно. Гэм буруугүй Д.А- ял эдэлж байгаад гомдолтой байна. Намайг хутгалсан жинхэнэ эзнийг нь олох хүсэлттэй байгаа тул миний хүсэлтийг хүлээн авна уу...” гэв.

 

Шүүгдэгч Д.А- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр найз Б.Б-тай архи ууж байгаад уг хэрэгт холбогдсон. Би болсон үйл явдлыг огт санахгүй байгаа. Миний санаж байгаагаар хэвтэж байхад Б.Б- ирээд татаад сэрээхэд цамц хэсэг нь цус болсон байсан. Би сандраад аманд нь ус хийж байхад охин орж ирж байсан. Хавтаст хэрэгтэй танилцаад хохирогч Б.Б- Д.А-ийн гэрээс тамхи авахаар гарахдаа 2 залуутай муудалцаад салахад цамцнаас нь цус гарсан байсан. Тэгээд чамайг татаад түүнээс хойш огт санахгүй байна гэж мэдүүлснээс үзсэн. Уг мэдүүлгийг үзэхээс өмнө мөрдөгч Сүхбаатарт болсон үйл явдлыг санахгүй байна. Харин унтаж байхад хохирогч татаад сэрээхэд цамц нь цус болсон  байсан. Энэ байдлаа хэлж байсан боловч та хоёр хоёулханаа байсан. Тийм болохоор чамаас гарцаагүй, хэргээ хүлээхгүй худлаа хэлээд байгаа бол цагдан хорьж байгаад шалган гэсэн болохоор цагдан хоригдохоос айгаад нөгөө талаас яг болсон үйл явдлыг санахгүй болохоор уг хэргийг хүлээсэн байдаг. Өнөөдрийг хүртэл цагдан хорих байранд байх хугацаандаа бодоод бодоод олохгүй байгаа. Хохирогч Б.Б- уг нь бүх үнэнийг мэдэж байгаа гэж бодож байгаа ч энэ бүхнийг тогтоолгохоор өмгөөлөгч хүсэлт гаргасан боловч анхан шатны шүүх хүлээн аваагүй. Миний хувьд архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж уг гэмт хэргийг хэн үйлдсэнийг мэдэхгүй ийм арчаагүй байдалд орсондоо өөртөө гомдохоос өөр арга байхгүй. Өнгөрсөн цаг хугацаа бүхнийг эргүүлж болдог байсан бол бүх зүйлийг байр байранд нь тавьж архи согтууруулах ундааны зүйл огт хэрэглэхгүй хүн шиг сайхан амьдрах юмсан гэж бодож байна. Эрхэм шүүгч та бүхэн уг хэргийг өөрийн дотоод итгэлээрээ бүрэн дүүрэн шалган үзэж, хийвэл зохих ажиллагаа байгаа бол тэр ажиллагааг хийлгэж, хийлгэх ажиллагаа байхгүй гэвэл хохирогч гомдол саналгүй, миний хувьд ч архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж болсон үйл явдлаа санахгүй байгаа миний ч бай бусдын үйлдлээс ч болсон бай уг нөхцөл байдалд маш их гэмшиж, өөрийгөө буруутгаж байгааг харгалзан үзэж анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгөхийг хүсэж байна. Миний бие 3 дугаар сард тархины хагалгаанд орсон. Одоо эмчийн хяналтад байгаа бөгөөд эрүүл мэндийн дээрх шалтгаанаар группд орохоор ар гэрийн зүгээс хөөцөлдөж байна. Иймд хэргийг нягтлан үзэж шударгаар шийдвэрлэж өгнө үү...” гэв. 

 

Шүүгдэгч Д.А-ийн өмгөөлөгч Д.Дашдоржийн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 298 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Д.А-ийг гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд өмгөөлөгчийн зүгээс уг шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Баянгол дүүгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өмгөөлөгчийн зүгээс 2018 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 18/38 дугаартай урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргасан бөгөөд уг хүсэлтийг авч хэлэлцэлгүй хэргийг шүүхэд шилжүүлсэн билээ.

Хавтаст хэрэгт хохирогч Б.Б- “Бид 2 архиа уугаад сууж байгаад тамхи дуусахаар нь би ганцаараа тамхинд гарах гээд гэрээс гараад шатаар бууж байтал 4-5 давхарт дунд хэсэгт 24-25 орчим насны 2 залуу надтай зөрсөн би тэр 2 залуутай мөнгөөр нь тамхи өгчих гэхэд тэр 2 залуу байхгүй гэж хэлсэн. Би урдаас нь жаахан хэрэлдсэн. Тэгээд л зөрөөд явсан. Гэтэл миний цамцнаас доошоо цус гоожсон. Тэр хоёр залуу хаашаа явсныг мэдэхгүй би буцаад Д.А-ийнд гэр лүү ороод Д.А-ийг сэрээгээд хэлсэн. Тэгээд юу болсныг би мэдэхгүй”, “Би өмнө нь мэдүүлгээ өгсөн. Би ямар ч гэсэн орц руу гарсан. Нэг мэдэхэд миний өмдний дээд хэл болон пудволк цус болсон байхаар нь буцаад Д.А-ийн гэр лүү орсон... Ta Д.А-тэй үгсэн тохиролцсон уу. Үгүй” гэх мэдүүлэг, Гэрч Ц.Гэрэлмаа “Асуулт Таныг орцоо цэвэрлэж байх үед шат болон бусад хэсэгт цус байсан уу. Хариулт 6 дугаар давхарт хүний хамарнаас цус гарсан юм шиг жаахан цус гоожсон байсан” гэх мэдүүлгүүд хэрэгт нотлох баримтаар авагдсан байхад мөрдөн шалгах ажиллагаагаар бүрэн шалгаж үзээгүй. Хэдийгээр ялтан нь болсон үйл явдлын талаар сайн мэдэхгүй байна яагаад хэрэг хүлээн мэдүүлэг өгөх болсон нөхцөл шалтгаанаа шүүх хуралдаан дээр дэлгэрэнгүй тайлбарласан бөгөөд дан ганц шүүгдэгчийн мэдүүлгээр уг хэргийг шийдвэрлэж болохгүй талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг нь дангаараа нотлох түүнийг яллах үндэслэл болохгүй” гэж заасан байна.

Анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо “...Түүнчлэн хохирогчийн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Д.А- найзтайгаа архи ууж, мах идэж байгаад хоёулаа тоглож байгаад санамсаргүй байдлаар нэг хутгалсан нь, миний бие одоогоор сайн санаж байна, миний эмчилгээний зардлыг Д.А- төлсөн гэж прокурорт өргөдөл гаргаж байсан зэргээс дүгнэхэд түүнийг найз өмгөөлж, түүний эрх ашгийн тулд    танихгүй 2 залууд хутгалуулсан гэх өгсөн гэж шүүх үзэв. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн   судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан   үндэслэл, журмын дагуу бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ” гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 3.2-т “Хохирогч хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх” үүрэгтэй гэж заасан байна мөн хавтаст хэрэгт авагдсан баримтууд он сарын засвартай байгаа нь хавтаст хэргээс харагддаг Тухайлбал 2017 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Д.А-ээс гэрчээр мэдүүлэг авсан, 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн хохирогч Б.Б-ын мэдүүлэг он сарын засвартай зэрэг нотлох баримтууд авагдсан байх ба миний үйлчлүүлэгчийн 2017 оны 10 дугаар сарын 20 өдөр яллагдагчаар мэдүүлэг авсан баримт хэрэгт авагдсан байх бөгөөд 2017 оны 10 дугаар сарын 22-ны өдөр гэрчээр мэдүүлэг авч байгаа нь хэрхэн мөрдөн шалгах ажиллагаа явуулсан болох нь нотлогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд нотолбол зохих зүйлсийг заасан бөгөөд 1.2-т  гэмт хэргийг хэн үйлдсэн, хохирогч үнэн зөв мэдүүлж байгаа эсэхийг заавал тогтоох ёстой билээ. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтад эргэлзээ бүхий нотлох баримтууд олон байдаг бөгөөд тухайлбал хохирогч 2 залууд хутгалуулсан, 5 давхрын шатан дээр цус байсан талаар гэрч Гэрэлмаа мэдүүлж байгаа зэргээс үзэхэд хохирогчийн мэдүүлгийг нотлоод байгаа зүйл харагддаг ч энэ талаар мөрдөн шалгах ажиллагаа хийгээгүй байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан байхад эргэлзээ бүхий нотлох баримтуудыг анхан шатны шүүх шүүгдэгчид ашиггүй байдлаар шийдвэрлэсэн нь мөн хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасныг зөрчсөн. Аливаа хүн аливаа үйлдлээ санахгүй байна гэдэг гэмт хэрэг үйлдсэн гэсэн үг биш бөгөөд харин гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн бодитойгоор тогтоох үүрэгтэй билээ.

Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хэрэгт ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзээгүй орхигдуулсан, дүгнэлтэд ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй зэрэг хэргийн бодит байдалтай нийцээгүй байх тул 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 298 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцааж өгнө үү...” гэв. 

 

Прокурор Э.Одончимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Д.А-д холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа хангалттай хийгдсэн гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Д.А-д холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудалд хязгаарлагдахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасанд нийцжээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Д.А- нь 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 15 цагийн орчимд согтуугаар Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 41 дүгээр байрны 167 тоотод зэвсэг хэрэглэн найз Б.Б-ын цээжин тус газарт 1 удаа хутгалж эрүүл мэндэд нь “...цээжний зүүн талд цээжний хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн зүрхний үнхэлцэг хальс, зүрхний орой хэсгийг гэмтээсэн шарх, зүрхний үнхэлцгийн хөндий дэх цус хуралдалт, зүрх чихэгдэлт...” бүхий хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

“...лифт ажиллахгүй, явган шатаар дээш 8 давхарт гарахад ертөнцийн зүгээр хойш харсан модон ногоон өнгийн хаалга  байх ба дотогш ороход ертөнцийн зүгээр баруун тийш харсан төмөр ногоон өнгийн хаалга 167 гэж дугаарласан байх ба уг хаалганд ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй ба уг хаалгыг тогшиход гэрийн эзэн гэх Д.А- онгойлгож өгсөн. ...Үзлэгийг хутгалуулсан гэх том өрөөнд орж явуулахад хаалганы зүүн талд орны баруун талд толгой хэсэг нь хойд зүг рүү дээшээ харсан байдалтай 30-40 насны дээгүүрээ хөх өнгийн цамцтай, цэнхэр жинсэн өмдтэй, бор гуталтай, цамцны зүүн тал цус мэт зүйлээр бохирлогдсон байсныг гэрэл зургаар бэхжүүлэн авав. Үзлэгийг цааш явуулахад уг хүний зүүн талд 2.10х1,60х45 см хэмжээтэй ор байх ба уг орны цагаан ягаан бүтээлгэний зүүн дээд буланд улаан өнгийн цус мэт зүйл байлаа. Уг бүтээлгийг эд мөрийн баримтаар хураан авсан ба доор шалан дээр улаан өнгийн цус мэт зүйл байв...” гэх хэргийн газрын үзлэг тэмдэглэл /хх-ийн 4-5 тал/,

Б.Б-ын хутгалуулсан хэвтэж байсан орчмоос өөр газар цус илрээгүйг харуулж буй Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 41 байрны 167 тоотод хутгалсан хэргийн газрын схем зураглал /хх-ийн 7 тал/,

хэргийн газрын үзлэгээр Б.Б-ын хутгалуулаад хэвтэж байсан Баянгол дүүргийн 17 дугаар хороо 41 байрны 167 тоотын орц орчмоос эхлээд 167 тоот айлын гэр ямар байдалтай байсан талаар харуулж буй гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-10 тал/,

Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 41 байрны 167 тоотын орцны хавиас эхлээд 167 тоот орон сууцны зөвхөн нэг өрөөнд буюу Б.Б-ын хутгалуулаад хэвтэж байсан газрын ойр орчим л цус болсон байгаа болохыг харуулж буй гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-9 тал/,

Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 41 байрны 167 тоотод орших Д.А-ийн гэрт хэрэг болсон цаг хугацаанд шүүгдэгч Д.А-, хохирогч Б.Б- нар хоёулаа байсан болохыг мэдүүлсэн хохирогч Б.Б- /хх-ийн 21, 26, 243-244 тал/, Д.А-ийн сэжигтэн /хх-ийн 49 тал/, яллагдагч /хх-ийн 54 тал/ шүүгдэгчээр /хх-ийн 242-243 тал/ мэдүүлсэн мэдүүлгүүд,

Д.А-ийн сэжигтнээр мэдүүлсэн “...мах идээд сууж байхдаа гартаа барьсан байсан жижиг хар иштэй тонгорогоор Б.Б-ын цээж рүү хатгасан. Хэдэн удаа хатгаснаа мэдэхгүй байна. Нэг л удаа хатгасан байх гэж бодож байна...” /хх-ийн 49-50 тал/, “...Манай гэрт ямар нэг хүн байгаагүй. Б.Б- бид хоёр манай гэрт ороод архиа задлаад ууцгаасан. Би өмнөх өдөр нь мах чанасан байсан. Тэр махаа дундаа тавиад архиа даруулаад идэж байсан. ...Би Б.Б-тай юм яриад инээлдэж байгаад мах огтолж байсан хутгатай гараараа Б.Б-ын цээж рүү тоглоод дүрэх шиг болсон. Тэгээд би Б.Б-ын ардуур ороод хэвтсэн. Б.Б- ёолоод байсан. Би буцаад босоод ирсэн чинь Б.Б-ын цээжнээс цус гарч байсан...” /хх-ийн 54 тал/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 13190 дугаар “...Б.Б-ын биед цээжний зүүн талд цээжний хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн, зүрхний үнхэлцэг хальс, зүрхний орой хэсгийг гэмтээсэн шарх, зүрхний үнхэлцэгийн хөндий дэх цус хуралдалт, зүрх чихэлдэлт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир, үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг учрал болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 62 тал/, 

 

“Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 41 дүгээр байрны 167 тоот хоёр өрөө орон сууцны том өрөө ба уг өрөөнд орж яллагдагч Д.А-ийг хэрэг гарсан орон дээр суулгаж, гарт нь хутганы оронд бор өнгийн цаас бариулан хохирогч Б.Б-ыг яг ямар байдалтай сууж байхад нь хаана нь хутгалсан талаар С.Мөнхбаяр /дадлагын оюутан/-ыг хохирогч Б.Б-ын оронд суулгаж байгаад туршилтыг хийхэд яллагдагч Д.А- нь би тухайн үед Б.Б-тай хамт зэрэгцээд сууж байгаад зүүн гартаа барьсан байсан хутгаар Б.Б-ын зүүн талд нь сууж байхдаа түүний зүүн цээж хэсэг рүү нь 1 удаа хатгасан...” гэсэн 2017 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 1 дүгээр мөрдөн шалгах туршилт хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 81-82 тал/ зэрэг анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогджээ.

 

Д.А- хохирогчийн эрүүл мэндэд зэвсэг хэрэглэж хүнд хохирол учруулсан үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтаар хөдөлбөргүй нотлогдсон байхаас гадна үйл баримтад хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Анхан шатны шүүхийн Д.А-ийн Б.Б-ыг хутгалан түүний бие махбодид Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хүнд зэргийн гэмтэл учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “...зэвсэг ...хэрэглэсэн” гэсэн хүндрүүлэх бүрэлдэхүүнээр зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв байна. 

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.А-д оногдуулсан “6 жилийн хугацаагаар хорих ял” нь түүний үйлдсэн гэмт хэргийн хэр хэмжээ, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанарт тохирсон байна.

Хэдийгээр хохирогч Б.Б- Д.А-ийн гэрийн орцонд бусдад хутгалуулсан гэж байгаа боловч:

Хохирогчийн хэрэгт хохирогчоор анх мэдүүлсэн “...24-25 насны 2 залуу надтай зөрсөн. Тэр хоёр залуугаас мөнгөөр нь тамхи өгчих гэхэд байхгүй гэсэн. Би урдаас нь жаахан хэрэлдсэн. Тэгээд зөрөөд явсан. Гэтэл миний цамцнаас доошоогоо цус гоожсон...” /хх-ийн 21 тал/ гэсэн мэдүүлэг нь орцонд гоожсон цус байгаагүй болохыг нотолж буй тухайн өдрийн хохирогчийг хутгалуулсан байдалтай Д.А-ийн гэрт байхад очсон цагдаагийн бие бүрэлдэхүүний хийсэн хэргийн газрын үзлэгээр няцаагдаж байна,

хохирогчийн шүүх хуралдаанд мэдүүлсэн “...Д.А-ийн гэрт  ороод цус гарч байгааг мэдсэн...” гэх мэдүүлэг түүний урд мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...Тэгээд зөрөөд явсан. Гэтэл миний цамцнаас доошоогоо цус гоожсон...” /хх-ийн 21 тал/, “...ямар ч гэсэн орц руу тухайн үед гарсан. Нэг мэдэхэд миний өмдний дээд хэсэг болон фудболка цус болсон байхаар нь буцаад Д.А-ийн гэр рүү орсон...” /хх-ийн 25 тал/ мэдүүлгүүдээс нь зөрөөтэй байна.

Иймд хохирогчийн орцонд бусдад хутгалуулсан гэсэн мэдүүлэг нь хэргийн газрын нөхцөл байдлаар нотлогдохгүй байна гэж дүгнэх бүрэн үндэслэлтэй ба энэ талаар хийсэн анхан шатны дүгнэлт үндэслэл бүхий байна.

  

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Б.Б-ын “...орцонд 4-5 давхарт хутгалуулсан, жинхэнэ  эзнийг нь олсонгүй...” гэх, шүүгдэгч Д.А-ийн “...Б.Б-ыг би хутгалаагүй...” гэх, түүний өмгөөлөгч Д.Дашдоржийн “...шийтгэх тогтоол хэргийн бодит байдалтай нийцээгүй...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 298 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Б.Б-, шүүгдэгч Д.А-, түүний өмгөөлөгч Д.Дашдорж нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

                               

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАТСАЙХАН

 

ШҮҮГЧИД                                                       Б.ЗОРИГ

 

                                                                                    Д.ОЧМАНДАХ