Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 713

 

 

 

 

    2017 оны 03 сарын 28 өдөр

         Дугаар 184/ШШ2017/00713

         Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн би даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Их мянган овогтой  Адъяабаатарын Алинзул /РД:УЕ83122804/ Хан-Уул дүүрэг 2 дугаар хороо 120 дугаар байр 84 тоотод оршин суудаг/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Хайспийд групп” ХХК /Сонгинохайрхан дүүрэг, 6-р хороо, Содон хороолол, 103-209 тоот, гүйцэтгэх захирал З.Бат-Өлзий, утас:99090456, 77071313/-д холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.Алинзул, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Золзаяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Сарантуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Дамба нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.Алинзул шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:

Миний бие А.Алинзул нь 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр “Хайспийд групп” ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулан 1 сарын туршилт болон 3 жилийн хугацаатай, 500000 төгрөгийн цалинтай, менежерийн албан тушаалд ажилласан.

2017 оны 01 сарын 05-ны өдөр ажилдаа ирээд ажиллах гэтэл компанийн ахлах менежер чиний хөдөлмөрийн гэрээний туршилтын хугацаа дууссан, цаашид гэрээг үргэлжлүүлэхгүй гэх үндэслэлээр чөлөөлсөн гээд намайг ажиллуулаагүй. Гэтэл миний хөдөлмөрийн гэрээний туршилтын хугацаа 2016 оны 11 сарын 13-ны өдөр дуугавар болж, үндсэн ажилтан болсон. Үүний дараа хүний нөөцийн мэргэжилтэнгээс халагдсан тухай тушаалаа авахыг хүсэхэд чамайг компанийн эд хөрөнгийг хувьдаа завшсан гэх ажлаас халсан гэж хэлсэн боловч ажлаас халсан тухай тушаалыг гаргаж өгөөгүй. Миний бие тус компанид ажиллаж байхдаа байгууллагын эд хөрөнгийг хувьдаа авч байгаагүй. Гэтэл намайг гүтгэж ингэж хууль бусаар халж байгаад гомдолтой байна.

Иймд “Хайспийд групп” ХХК нь намайг хууль бусаар ажлаас халсаныг тогтоож, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү” гэв.

Хариуцагч “Хайспийд групп” ХХК, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Сарантуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Нэхэмжлэгч нь 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл Амартүвшин хотхоны менежерээр ажилласан байдаг. Нэхэмжлэгч нь тэр хотхоны ашиглалтын үйл ажиллагааг явуулдаг байсан. Энэ хугацаандаа нэхэмжлэгч нь айлуудаас төлбөрийг бэлнээр авдаг алдаа дутагдал илэрсэн. Ингээд нийтдээ Амартүвшин хотхоноос 1,005,441 төгрөгийн 6 айлд холбогдох дутагдал гаргасан. Мөн Элизабэт хотхонд ажиллаж байх хугацаанд 80,000 төгрөг дутаагаад энэ дутагдлаа өөрөө хүлээн зөвшөөрсөн байдаг. Манай байгууллага нэхэмжлэгчийн ажиллаж байсан Амартүвшин хотхоны ашиглалтыг өөр байгууллагад шилжүүлэхэд нэхэмжлэгч нь ажилгүй болсон. Тэгэхээр нь манай байгууллага тэр операторын ажлыг санал болгоход өөрөө хийхгүй гээд ажлаа хаяад явсан байгаа. Халагдах тушаалаар 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөр чөлөөлсөн. Тэр халагдсан тушаалаа авах гэж ирэхэд нь захирал байхгүй байсан учраас тодорхой хугацаагаар хойшилсон. Нэхэмжлэгч нь дахиж ирээгүй. А.Алинзул нь хөдөлмөрийн хууль, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, байгууллагын дотоод журмыг зөрчсөн учраас нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна” гэв. 

 

Шүүх хуралдаанаар: зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                                                                             

  ҮНДЭСЛЭХ нь:

          Нэхэмжлэгч А.Алинзул нь “Хайспийд групп” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргасан байна.

Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговрыг шаардах эрхтэй ба  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 “Хайспийд групп” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” 03 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Хөдөлмөрийн гэрээний 6.4 дэх заалтыг тус тус үндэслэн менежер ажилтай Адъяабаатар овогтой Алинзул нь Элизабет хотхоны 2016 оны 12-р сарын 27-ны өдрийн орлого болох 80000 /наян мянга/ төгрөг, Амартүвшин хотхоны айл өрхийн 11 сарын байрны төлбөр болох 400000 дөрвөн зуун мянга/ төгрөгийг хувьдаа хэрэглэж нуун дарагдуулан байгууллагын эд хөрөнгөд хохирол учруулсан зөрчил гаргасан тул 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

 

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчээс “тушаалын үндэслэлд, хөдөлмөрийн сахилгын давтан зөрчил гаргаагүй, хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэл байхгүй байхад хууль бусаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан тул нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй” гэж, хариуцагчаас “А.Алинзул нь хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор заасан ноцтой зөрчил гаргасан болох нь тогтоогдож, тушаал гарсан, менежерийн орон тоо байхгүй болсонтой холбоотойгоор оператороор ажиллах саналыг хүлээж аваагүй, ажлаа орхиж явсан, айл өрхөөс бэлэн мөнгийг баримтгүйгээр авдаг байсан, дээр нь нэмж 1,005,411 төгрөгийг зөрчил илрээд байгаа тул нэхэмжлэлийг нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж мэтгэлцэж байна.

            Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан “хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил” гэдгийг ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаварыг буй болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт харш үйлдэл, эс үйлдлийг ойлгох ба ажил олгогч, ажилтан нь ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байхыг шаарддаг.   

Нэхэмжлэгч А.Алинзул нь талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.4-ийн 3 дахь хэсэгт заасан ноцтой зөрчил гаргасан тухайлбал: ажилтан хариуцуулан өгсөн мөнгөн болон биет хөрөнгийг өөртөө ашиглан захиран зарцуулсан болон үрэгдүүлсэн, компанийн зөвшөөрөлгүйгээр оршин суугчдад төлбөрт үйлчилгээг дур мэдэн явуулсан талаар гомдол ирж, 1 удаа анхааруулга аваад дахин давтан үйлдсэн” гэх үндэслэл шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсонгүй.

Нэхэмжлэгчээс сахилгын зөрчил гаргасан талаар ямар нэг баримт байхгүй, сахилгын зөрчил гаргаж, анхааруулга авсан тохиолдол байхгүй гэх тайлбарыг хариуцагч үгүйсгээгүй байна. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигчид нь нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.

Хариуцагчаас нэхэмжлэгчид холбогдуулан 1,005,411 төгрөгийн санхүүгийн зөрчил дутагдалтай холбоотой баримтаар шүүхэд ирүүлсэн “Смарт план” ХХК-аас “Хайспийд групп” ХХК-д ирүүлсэн төлбөр барагдуулах тухай албан бичиг нь нэхэмжлэгч А.Алинзулд хамааралтай, түүний буруутай үйлдэл, эс үйлдлийн улмаас үүссэн эсэхийг дурдаагүй байх тул үнэлэх боломжгүй байна.       

Мөн хөдөлмөрийн гэрээгээр ажилтан А.Алинзулд эд хөрөнгийн хязгаарлагдмал болон бүрэн хариуцлага хүлээлгэх үндэслэлийг тохиролцон тогтоогоогүй, мөн эд хөрөнгийн хязгаарлагдмал болон бүрэн хариуцлагын гэрээг байгуулаагүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д зааснаар А.Алинзул нь мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан мөн болох, ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан болох нь тус тус нотлогдохгүй байна.

Мөн А.Алинзул нь “Хайспийд групп” ХХК-тай хөдөлмөрийн гэрээг анх 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс хойш 3 жилийн хугацаатай байгуулж, ажилд томилох гүйцэтгэх захирлын тушаалыг мөн өдөр гаргасан нь хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээ, ажилд томилох тухай тушаалаар тогтоогдож байх хэдий ч, А.Алинзулыг ажлаас чөлөөлөх тухай захирлын тушаал нь 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр гарсан байх боломжгүй, үндэслэлгүй болжээ.

            Иймд А.Алинзулыг “Хайспийд групп” ХХК-ийн менежерийн ажилд эгүүлэн тогтоож, нэг сарын үндсэн цалин 500,000 төгрөг тооцон (1 дүгээр сарын ажлын 20 хоногоос 15 хоногт ажиллах байсан буюу 500,000 төгрөг ч 20 хоног х 15 ажилласан хоног 375,000 төгрөг; 2 дугаар сар бүтэн буюу ажлын 18 хоног = 500,000 төгрөг; 3 дугаар сарын ажлын 23 хоногоос 19 хоногт ажиллах байсан буюу 500,000 төгрөг ч 20 хоног х 15 ажилласан хоног = 413,043.50 төгрөгөөр тооцон) ажилгүй байсан хугацааны цалин олговор болох нийт 1,288,043.50 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй гэж шүүх үзлээ.  

            Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинд ногдох нийгмийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татварын суутгалыг хуульд заасан журмын дагуу суутган, холбогдох нийгмийн даатгалын хэлтэс, татварын хэлтэст тайлагнан, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагчид даалгах нь зүйтэй.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 120, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг удирдлага болгон    

ТОГТООХ нь: 

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Хайспийд группын гүйцэтгэх захирлын 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн ажлаас чөлөөлөх тушаалыг хүчингүй болгож, А.Алинзулыг “Хайспийд групп” ХХК-ийн менежерийн ажилд эгүүлэн тогтоосугай.

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар “Хайспийд групп” ХХК-аас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх 1,288,043.50 төгрөг гаргуулан А.Алинзулд олгосугай.

3.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч А.Алинзулын ажилгүй байсан хугацааны цалинд ногдох нийгмийн даатгалын шимтгэл болон хүн амын орлогын албан татварыг суутган, холбогдох байгууллагад төлж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.

4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар  хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 35.463 төгрөг гаргуулан улсын төсвийн орлогод оруулсугай.

5.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Д.МӨНХБҮРЭН