Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 1328

 

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2018/00534

 

 

 

А.А-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 184/ШШ2018/00528 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч А.А-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч “ХГ” ХХК-д холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулан, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилтийг хийхийг даалгах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

 

957 500 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.З

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ш

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч А.А- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр ХГ ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулан 1 сарын туршилт болон 3 жилийн хугацаатай, 500 000 төгрөгийн цалинтай, менежерийн албан тушаалд ажилласан. 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр ажилдаа ирэхэд компанийн ахлах менежер Т.Буянхишиг дуудаж менежерийн орон тоо байхгүй, туршилтын хугацаа дууссан чи оператороор ажиллах уу гэсэн санал тавьж улмаар цаашид гэрээг үргэлжлүүлэхгүй гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн гээд ажиллуулаагүй. Менежерийн орон тоо байхгүй болоогүй бөгөөд хоёр хоногийн дараа халагдсан тушаалаа авъя гэхэд өгөөгүй. Үүний дараа хүний нөөцийн мэргэжилтэн чамайг компанийн эд хөрөнгө завшсан гэх үндэслэлээр ажлаас халсан гэсэн ч бас л тушаал өгөөгүй. Би ажиллаж байхдаа байгууллагын эд хөрөнгийг хувьдаа завшаагүй, оршин суугчдын төлбөрийг анхнаасаа бэлэн мөнгөөр хүлээн авч кассын орлогын баримт олгон сар бүр тооцоо хийж хүлээлгэн өгч ажилласан. Ажлаас халагдах өдөр хүртэл ямар нэгэн зөрчил маргаан гаргаж, сахилгын шийтгэл хүлээж байгаагүй. 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр ажлаас халагдах үндэслэл туршилтын хугацаа дууссан, цаашид менежерийн орон тоо байхгүй тул ажилллуулах боломжгүй гэсэн боловч сүүлд тушаал нөхөн гаргахдаа өөр үндэслэлээр гаргасан.

Иймд намайг тус компанийн менежерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулан, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилтийг хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “ХГ” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч нь 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл “Амартүвшин” хотхоны менежерээр ажилласан. Гэтэл энэ хугацаанд айлуудаас төлбөрийг бэлнээр хүлээн авдаг буюу нийт 1 005 441 төгрөгийн 6 айлд холбогдох дутагдал гаргасан. Мөн “Элизабет” хотхонд ажиллаж байхдаа 80 000 төгрөг дутааснаа өөрөө хүлээн зөвшөөрсөн тул 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр цалингаас нь суутгах гэхэд хүрэлцээгүй тул ажил хаяж явсан 1 өдрийг ажилласнаар авч одоо 17 000 төгрөгийн өглөгтэй. Манай байгууллага “Амартүвшин” хотхоны ашиглалтыг 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр өөр байгууллагад шилжүүлэхэд нэхэмжлэгч ажилгүй болсон учир операторын ажил санал болгоход өөрөө хийхгүй гээд ажил хаяж явсан.

2017 оны 01 дүгээр сарын 5, 6-нд Амартүвшин хотхоны айл өрхийн 11 дүгээр сарын байрны төлбөр болох 400 000 төгрөгийг хувьдаа хэрэглэсэн, нуун дарагдуулсан зөрчил гаргасан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Хөдөлмөрийн гэрээний 6.4 дэх заалтыг үндэслэн А.А-ыг 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөр чөлөөлсөн бөгөөд тушаалаа авах гээд ирэхэд нь захирал байхгүй байснаас тодорхой хугацаагаар хойшилсон.

Ингээд Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст гомдол гарган шалгуулахад манай байгууллагад 1 085 441 төгрөгийн хохирол учруулсан нь тогтоогдож прокурорт шилжсэн. А.А- нь 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдөр захиралтай уулзан уучлалт хүсч цагдаагийн байгууллагад гаргасан өргөдлөө буцаан авахыг хүсч өргөдөл гаргасан тул бид эвлэрлийн гэрээ байгуулж, А.А- нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогчтой сайн дураар эвлэрсэн, гэмт хэргийн хор уршгаа арилгасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Нэхэмжлэгч А.А-ыг ажлаас халсан нь үндэслэлтэй, хуульд нийцсэн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “ХГ” ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч А.А- нь “Амартүвшин” хотхоны ашиглалтын үйл ажиллагааг хариуцсан менежерээр ажиллахдаа айлуудын төлбөрийг бэлнээр авч, нийтдээ 1 005 441 төгрөгийн дутагдал, “Элизабет” хотхонд ажиллаж байхдаа айл өрхийн төлбөрөөс 80 000 төгрөгийн дутагдал гаргасан. Энэ хэргийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэс шалгаж, мөн дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 1089 дугаар тогтоолоор байгууллагад 957 500 төгрөгийн хохирол учруулсан нь тогтоогдсон тул энэ мөнгийг А.А-аас гаргуулж өгнө үү гэжээ. 

 

Нэхэмжлэгч А.А- сөрөг нэхэмжлэлд холбогдуулан гаргасан тайлбартаа: Хариуцагч байгууллага намайг шүүхэд нэхэмжлэл гарган, анхан шатны шүүхийн шийдвэр гарсаны дараа цагдаагийн байгууллагад хандсан. Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэс айл өрхүүдээс авсан мөнгийг нягтлан шалгаагүй. Хариуцагч чи 975 500 төгрөг дутаасан гэж бич, тэгвэл өргөдлөө буцааж авна гэж сүрдүүлж, мөн Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг барьцаалж энэ шийдвэрээс татгалз гэсэн. Нотариатаар орохоос өөр аргагүй болж 560 000 төгрөг төлөхөөр болсон. Хожим гаргасан баримтаар өмнө гаргасан тушаалын үндэслэлийг нотлохгүй, мөн дээрх төлбөрүүд “ХГ” ХХК “Амартүвшин” хотхоныг хариуцахаа больсон үед гарсан. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч А.А-ыг “ХГ” ХХК-ийн менежерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт 6 867 041 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт холбогдох бичилтийг хийж, баталгаажуулахыг хариуцагч “ХГ” ХХК-д даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчийн А.А-аас хөдөлмөрлөх үүргээ биелүүлж байхдаа ажил олгогч байгууллагад учруулсан хохиролд 957 500 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1  41 дүгээр зүйлийн 41.1.5,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагчаас 124 935  төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж, нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 27 530 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн Улаанбаатар хотын банк дахь 2601025961 тоот данснаас гаргуулан хариуцагч “ХГ” ХХК-д буцаан олгохоор шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Шаравнямбуу давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй. Хэргийн 41 дүгээр талд нэхэмжлэгч өөрийн биеэр "ажлаа хүлээлгэж өгөх талаар би ажиллаж байсан компьютерийг шкафны түлхүүр зэргийг хүлээлгэж өгсөн" гэдгээс үзвэл нэхэмжлэгч нь ажлын байраа хүлээлгэн өгсөн гэж үзэх үндэслэлтэй. Мөн "ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцалсан тушаалыг гарах үед ажилтан хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах зөрчил гаргасан нь тогтоогдоогүй байх бөгөөд нэхэмжлэгч А.А-д эрүүгийн хэрэг үүсгэсэн, хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн үйл баримт нь түүнийг тухайн зөрчлийг гаргасан гэж үзэх, ажил олгогчийн шийдвэрийг зөвтгөх үндэслэл болохгүй гэж дүгнэв" гэж анхан шатны шүүх үзсэн боловч хэргийг тал бүрээс нь бодитой дүгнэх ёстой боловч 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 184/ШШ2017/00713 дугаартай шүүхийн тэмдэглэл хэсэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Амартүвшин хотхоноос 1 005 441 төгрөгийг 6 айлд холбогдох дутагдал гаргасан /х.х 39 хуудасны арын талд/ гэдгийг шүүхэд мэдүүлсэн энэ тухай нотлох баримтууд хавтаст хэргийн 35 талд Рич Фортун ХХК-тай хамтран ажиллах боломжгүй болсон бөгөөд тооцоо нийлсэнээр 6 айлын 1 005 441 төгрөгийн дутагдал илэрсэн. Тус дутагдалтай холбоотой цааш судлахад 80 000 төгрөгийг эхний ээлжинд өгөөгүй нь нотлогдсон. Улмаар Ц.Очирваань 11 сарын төлбөр, А.Амармөрөн 9-11 сарын төлбөр, Ц.Ариунзаяа 11 сарын төлбөрүүдийг байгууллагад төлөөгүй харин А.А- нь өөрийн дансаар авсан үйлдлүүд хэрэгт авагдсан. Мөн А.А- нь манай компанид ажилд ороод тээврийн хэрэгслийн зээлийн гэрээг банкнаас авсан бөгөөд тухайн үед ахлах менежер Т.Буянхишиг нь А.А-д мөнгө дутаж байгаа талаар хэлсэн ажлаас халах нөхцөл бүрдсэн тухай хэлсэн харин А.А- нь хүүхэд бага настай мөн зээлтэй цаашид ажиллах хүсэлтэй гэж гуйсны дагуу өөр ажлын байр санал болгосон. Чи мөнгөтэй харьцах хүн биш, харин өөр ажил хийж болно гэсэн. Ахлах менежер нь А.А-д сайн ханддаг учраас эрүүгийн журмаар хэргийг хянан шийдвэрлэлгүй эвлэрч мөнгөн дүнг 50 хувиар хасаж тооцсон. Анхан шатны шүүх "Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.5 дахь хэсэгт зааснаар А.А- нь мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан мөн болох, ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан болох нь тус тус нотлогдоогүй" гэж үзсэн нь ажлын байрны тодорхойлолт /х.х 15 тал/ 2 хэсгийн 7 дахь талд "байрны төлбөрийг бэлнээр хүлээн авч байгаа тохиолдолд баримтыг 2 хувь үйлдэн, гарын үсэг зурж, нэг хувийг оршин суугчдад, 1 хувийг байгууллагын санхүүд хүлээлгэн өгнө, байгууллагын мөнгийг зохих газарт цаг тухай бүрт тушаана" гэдгээс үзвэл А.А- нь бэлэн мөнгө хариуцан ажилдаг болох нь тодорхой байсан үүнийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байхад шүүх огт үгүйсгэсэн.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасныг зөрчиж шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, үндэслэл болгосон баримтыг буруу үнэлсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй. Мөн шүүх хэт нэг талыг барьж хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг байхгүй мэт үндэслэж шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон нотлох баримт бүрдүүлэх журмыг зохих ёсоор хэрэгжүүлсэн боловч хэргийн үйл баримтын талаар хийсэн дүгнэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасанд нийцээгүй, мөн Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлан хэрэглэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

            Нэхэмжлэгч А.А- шүүхэд хандан, хариуцагч “ХГ” ХХК-д холбогдуулан, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгон ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгал нөхөн төлж бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, байгууллагын эд хөрөнгөд учруулсан хохиролд 957 500 төгрөг гаргуулахаар сөргөөр нэхэмжилжээ.

            Талуудын хооронд 2015 оноос хөдөлмөрийн харилцаа үүссэн байх бөгөөд ажил олгогч “ХГ” ХХК нь гүйцэтгэх захирлын 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 03 тоот тушаалаар ажилтан А.А-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. /хх-4-5, 13-14 дэх тал/

Нэхэмжлэгч хөдөлмөрийн гэрээ цуцалсан үндэслэлийн талаар “... туршилтын хугацаа дууссан, орон тоо байхгүй гэсэн атлаа сүүлд тушаал нөхөн гаргахдаа өөр үндэслэлээр чөлөөлсөн гэж заасан бол хариуцагч тал нэхэмжлэгчийг байгууллагын эд хөрөнгөд 1 085 441 төгрөгийн хохирол учруулсан зөрчлийн улмаас ажлаас халсан тайлбарлан маргадаг.

Нэхэмжлэгч А.А- нь хариуцагч “ХГ” ХХК-ийн менежерээр ажиллах хугацаандаа ажлын байрны тодорхойлолтын 2.7-д заасны дагуу “Амартүвшин”, “Елизабет” хотхоны 6 айлын оршин суугчдаас ашиглалтын зардалд 1 005 441 төгрөг бэлнээр хураан авч, төлбөрийг компанийн санхүүд тушаах үүргээ биелүүлээгүй, хувьдаа ашигласан үйлдэл нь түүний эрүүгийн хэрэгт сэжигтэнээр шалгагдаж байхдаа өгсөн мэдүүлэг, эвлэрлийн гэрээ зэрэг хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтаар нотлогдож байна. /хх-95, 140-141 дэх тал/

Мөн талууд 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулсны улмаас Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газрын прокурорын мөн оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 1089 дүгээр тогтоолоор “яллагдагч А.А- нь анх удаа хөнгөн гэмт хэрэг  үйлдсэн, хохирогч .... сайн дураар эвлэрсэн, ... учирсан гэм хор арилсан” гэх үндэслэлээр нэхэмжлэгчид холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ. /хх-115 дахь тал/

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д “мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон” тохиолдолд хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болохоор заасан бөгөөд нэхэмжлэгч А.А- нь оршин суугчдын төлсөн төлбөрийг компанийн санхүүд шилжүүлэлгүй өөртөө хэрэглэсэн нь ажил олгогчийн итгэл алдсан гэж үзэх үндэслэлд хамаарна. Хариуцагч “ХГ” ХХК нь 03 тоот тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, хөдөлмөрийн гэрээний 6.4 дэх заалтыг баримталсан нь буруу хэдий ч тушаалын үндэслэх хэсэгтээ нэхэмжлэгчийн итгэл алдсан үйлдлийн талаар тодорхой тусгасан байх тул уг шийдвэрийг бүхэлд нь хууль бус гэж үзэх үндэслэлгүй. Мөн тушаалын огноог “2016.01.07” гэж бичсэн боловч зохигчид 2018 оны тушаал гэдэгт маргаагүй. Хариуцагч компанийн, нэхэмжлэгч А.А-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас чөлөөлсөн шийдвэр нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасанд нийцжээ.

Иймд анхан шатны шүүхийн “ ... нэхэмжлэгчийг хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан, мөн ажил олгогчийн итгэл алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь баримтаар тогтоогдоогүй ...” гэх дүгнэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцээгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон нэхэмжлэгч А.А-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 184/ШШ2018/00528 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэгч А.А-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 124 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

  

 

  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                        ШҮҮГЧИД                                 А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                          Ч.ЦЭНД