| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Мөнхтулга |
| Хэргийн индекс | 128/2021/0884/З |
| Дугаар | 221/МА2023/0170 |
| Огноо | 2023-03-16 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 03 сарын 16 өдөр
Дугаар 221/МА2023/0170
С.Х***ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгчийн үүрэг гүйцэтгэгч
Б.Тунгалагсайхан,
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Хонинхүү,
Илтгэсэн шүүгч Г.Мөнхтулга,
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б***,
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч С.Х***
Хариуцагч Нийслэлийн Засаг дарга, Баянгол дүүргийн Засаг дарга,
Гуравдагч этгээд П.А***, Б.У***, Л.Б***, Б.Т***, Д.М***, Л.Д***, “Х***” ХХК,
Нэхэмжлэлийн шаардлага: Баянгол дүүргийн Засаг даргын 2003 оны 109 тоот захирамжийн П.А***, Г.У*** нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Нийслэлийн Засаг даргын 2005 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 74 тоот захирамжийн П.А***д холбогдох хэсгийг, 2005 оны 444 дүгээр захирамжийн Ш.Д***д холбогдох хэсгийг, 2015 оны А/187 дугаар захирамжийн Д.М***т холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах,
Гуравдагч этгээд Л.Д***гийн бие даасан шаардлага: Баянгол дүүргийн Засаг даргын 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн А/170 дугаар захирамжийн С.Х***т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах,
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 65 дугаар шийдвэр,
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц***, М.Б***, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.О***, хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Л***, гуравдагч этгээд бөгөөд гуравдагч этгээд Б.Т***ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б***, Б.О***, Л.Б***гийн өмгөөлөгч Б.Б***, гуравдагч этгээд бөгөөд гуравдагч этгээд Б.У***ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.А***.
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж,
Хэргийн индекс: 128/2021/0884/З.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч С.Х*** нь Баянгол дүүргийн Засаг дарга болон Нийслэлийн Засаг дарга нарт холбогдуулан “Баянгол дүүргийн Засаг даргын 2003 оны 109 тоот захирамжийн П.А***, Г.У*** нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, нийслэлийн Засаг даргын 2005 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 74 тоот захирамжийн П.А***д холбогдох хэсгийг, 2005 оны 444 дүгээр захирамжийн Ш.Д***д холбогдох хэсгийг, 2015 оны А/187 дугаар захирамжийн Д.М***т холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага, гуравдагч этгээд Л.Д***гээс “Баянгол дүүргийн Засаг даргын 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн А/170 дугаар захирамжийн С.Х***т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” бие даасан шаардлага гарган тус тус маргасан.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 128/ШШ2023/0065 дугаар шийдвэрээр “Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 37 дугаар зүйлийн 37.1, 37.2, 48 дугаар зүйлийн 48.1, 48.2, 48.3, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5.1, 5.1.5.2 дах хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нийслэлийн Засаг дарга, Баянгол дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Баянгол дүүргийн Засаг даргын 2003 оны 109 тоот захирамжийн П.А***д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, нийслэлийн Засаг даргын 2005 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 74 тоот захирамжийн П.А***, Г.У*** нарт холбогдох хэсгийг, нийслэлийн Засаг даргын 2005 оны 444 дүгээр захирамжийн Ш.Д***д, 2015 оны А/187 дугаар захирамжийн Д.М***т холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл, гуравдагч этгээд Л.Д***гийн Баянгол дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Баянгол дүүргийн 1*** дугаар хороо, Орхоны 1*** дүгээр гудамж, 1*** тоотод байрлах 30 м.кв талбай бүхий газрыг эзэмшүүлсэн Баянгол дүүргийн Засаг даргын 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн А/170 тоот захирамжийн С.Х***т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” бие даасан шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан. Үүнд:
3.1 Нэхэмжлэгч С.Х*** болон түүний охин Д.Б*** нар нь 2003 онд Д.О*** буюу Ш.Д***ын хүүтэй гэрээ хийж, өөрийн газрыг худалдаж авсан. Улмаар тус газарт өдийг хүртэл амьдарч байхад шүүхээс газрыг худалдаж аваагүй хэмээн дүгнэсэн нь үндэслэлгүй,
3.2 Гуравдагч этгээд П.А***, Г.У***, Ш.Д***, Д.М*** нарт газар өмчлүүлсэн шийдвэр нь Газрын тухай хууль болон Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд заасны дагуу гарсан хэдий ч тухайн шийдвэр гаргах ажиллагаа нь процессын хувьд эрх зүйн зөрчилтэй, Захиргааны байгууллагын нөхцөл байдлыг тогтоох, оролцогчийн эрхийг хангах талаар зохицуулсан Захиргааны ерөнхий хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн,
3.3. Нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нарын хооронд үүссэн газрын асуудлыг Газрын тухай хуулийн 48 дугаар зүйлд заасны дагуу зохицуулах боломжгүй гэх үндэслэлээр тайлбарлаж байна.
4. Хариуцагч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн зүгээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянав.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
3. Шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангасангүй. Үүнд:
3.1 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...нэхэмжлэгч С.Х*** болон түүний охин Д.Б*** нар нь 2003 онд Д.О*** буюу Ш.Д***ын хүүтэй гэрээ хийж, өөрийн газрыг худалдаж авсан. Улмаар тус газарт өдийг хүртэл амьдарч байхад шүүхээс газрыг худалдаж аваагүй хэмээн дүгнэсэн нь үндэслэлгүй” гэх гомдлын үндэслэлийн тухайд:
Нэхэмжлэгч тал нь хэрэгт нотлох баримтаар авагдсан 2003 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн огноо бүхий иргэн Д*** овогтой О***, Д*** овогтой Б*** нарын хооронд хийгдсэн “Хашаа худалдах болон худалдан авах тухай гэрээ” гэх баримтыг үндэслэн “...өөрийн газрыг худалдан авсан байдаг” хэмээн тайлбарлаж байх боловч уг баримт нь тухайн цаг үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулийн /1997 оны/ 3 дугаар зүйлийн 2-т ”Үл хөдлөх эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшил, ашиглалтад шилжүүлэх гэрээ нь улсын бүртгэлд бүртгэгдсэнээр хүчин төгөлдөр болж тухайн үл хөдлөх эд хөрөнгийг гэрээний үндсэн дээр өмчлөх, эзэмших, ашиглах эрх үүснэ” гэсэн шаардлагыг хангахгүй. Эрхийн улсын бүртгэлд бүртгэгдээгүй болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2022 оны 6/4880 дугаар албан бичиг болон холбогдох бусад баримтаар тогтоогдож байх тул анхан шатны шүүхийн “...2003 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Д*** овогтой О***, Д*** овогтой Б*** нарын хооронд хийсэн “Хашаа худалдах болон худалдан авах тухай гэрээ” гэх баримтад “...өөрийн эзэмшлийн хашааны хэсэг газрыг ... худалдан авлаа” хэмээн дурдсан нь нэхэмжлэгч С.Х***ыг маргаан бүхий Баянгол дүүргийн 1*** дугаар хороо, Орхоны 1***-1*** тоот хаягт байрлах тус газрыг хууль ёсоор эзэмшиж эхэлсэн гэж шууд дүгнэх боломжгүй” гэх дүгнэлт үндэслэлтэй,
3.2. “Гуравдагч этгээд П.А***, Г.У***, Ш.Д***, Д.М*** нарт газар өмчлүүлсэн шийдвэр нь Газрын тухай хууль болон Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд заасны дагуу гарсан хэдий ч тухайн шийдвэр гаргах ажиллагаа нь процессын хувьд эрх зүйн зөрчилтэй. ...Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-т зааснаар ... нөхцөл байдлыг тогтоох, оролцогчийн эрхийг хангах талаар зохицуулсан Захиргааны ерөнхий хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэх гомдлын үндэслэлийн тухайд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын үндэслэл болгон тайлбарлаж буй Захиргааны ерөнхий хууль нь Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдөр батлагдан, 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөгдсөн. Нэхэмжлэгчийн хүчингүй болгохоор маргаж буй маргаан бүхий захиргаан акт болох Баянгол дүүргийн Засаг даргын 2003 оны 109 тоот захирамжийн П.А***д холбогдох хэсэг, нийслэлийн Засаг даргын 2005 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 74 тоот захирамжийн П.А***, Г.У*** нарт холбогдох хэсэг, нийслэлийн Засаг даргын 2005 оны 444 дүгээр захирамжийн Ш.Д***д холбогдох хэсэг болон нийслэлийн Засаг даргын 2015 оны А/187 дугаар захирамжийн Д.М***т холбогдох хэсгүүд нь тус хууль батлагдан, хүчин төгөлдөр үйлчилж эхлэхээс өмнөх цаг үед хамааралтай тул эл үндэслэлээр маргаан бүхий захиргааны актуудыг эрх зүйн зөрчилтэй хэмээн дүгнэх боломжгүй.
3.3. “Нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нарын хооронд үүссэн газрын
асуудлыг Газрын тухай хуулийн 48 дугаар зүйлд заасны дагуу зохицуулах боломжгүй” гэх гомдлын үндэслэлийн тухайд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн зүгээс Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн газрууд нь хоорондоо давхцалгүй ч гуравдагч этгээдүүдэд газар өмчлүүлсэн шийдвэр нь нэхэмжлэгчийн өөрийн эзэмшил газартаа чөлөөтэй нэвтрэх эрхийг зөрчиж байгаа тул маргаж байгаа...” хэмээн нэхэмжлэлийн шаардлага, давж заалдах гомдлын үндэслэлээ тайлбарлаж байна.
Монгол Улсын Иргэний хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-т “Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлана” хэмээн заасан.
Хэргийн оролцогчдын тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгч С.Х*** нь Баянгол дүүргийн Засаг даргын 2014 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн А/642 дугаар захирамжаар “газар дээрээ олон жил амьдарсан” гэх үндэслэлээр тус дүүргийн 1*** дугаар хороо, Орхоны 1***-1*** тоот хаягт байрлах, 30 м.кв газрын эзэмших эрхтэй болсон. Маргаан бүхий газарт хийсэн шүүхийн үзлэгийн тэмдэглэл, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2022 оны 1/1710 дугаар албан бичгээр нэхэмжлэгчийн эзэмшиж буй газар нь гуравдагч этгээдүүдийн өмчилж буй газартай давхцалгүй болох нь тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон “орц, гарц хаасан” гэх нөхцөл байдал нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль тогтоомжид заасан журмын дагуу гуравдагч этгээдүүдэд газар өмчлүүлэхээр шийдвэрлэсэн маргаан бүхий захиргааны актуудыг бүхэлд нь хүчингүй болгох үндэслэл болохгүй.
Иймд, “өмчлөлийн газар нь өөр этгээдэд шилжсэн тухайн этгээдэд олгосон шийдвэрүүдтэй маргаагүй, ямар хэмжээгээр орц гаргахыг хүссэн нь тодорхой бус, зайлшгүй бүхэлд нь хүчингүй болгуулах байдлаар орц гарцыг гаргах нь зүйтэй гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй” хэмээн дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй.
4. Иргэний хуулийн 138 дугаар зүйлийн 138.1-т “Эзэмшил газар нь бусдын газраар хүрээлэгдсэн, нийтийн ашиглалтын замд хүрэх гарцгүй буюу цахилгаан, хий, усан хангамжийн нийтийн шугам ашиглах боломжгүй бол газар эзэмшигч нь хөршийн газраар дамжин өнгөрөх дээрх цэгүүдтэй холбогдох зам, шугам хоолойг тавих, байрлуулах эрхтэй” хэмээн, Газрын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т “Бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газарт нэвтрэх, дайран өнгөрөхийг хориглосон дохио тэмдэг тавих, хашаа барих зэргээр тусгайлан хамгаалаагүй бол хэн боловч тухайн газарт хохирол учруулахгүйгээр нэвтэрч, дайран өнгөрч болно. Хориглох дохио тэмдгийн загвар, түүнийг хэрэглэх журмыг газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно”, 48.2-т “Үл хөдлөх хөрөнгө өмчлөгч нь эд хөрөнгөө ашиглах, хамгаалах зорилгоор бусдын газраар дайран өнгөрөх зам, цахилгаан, холбооны болон инженерийн шугам татах, гарц гаргах болон бусад зориулалтаар бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглахыг шаардах эрхтэй”, 48.3-т “Газар эзэмшигч, ашиглагч болон уг газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглахаар шаардаж буй этгээдийн хооронд хэлэлцэн тохиролцсоны үндсэн дээр газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглах эрх үүснэ. Тухайн газрыг эзэмших, ашиглах эрх өөр этгээдэд шилжихэд газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглах бусдын эрх хадгалагдана” хэмээн тус тус заасан.
Үүнтэй холбогдуулан, нэхэмжлэгч нь өөрийн “...орц гарцыг хааж ... эрхийг нь зөрчсөн гэж үзвэл иргэний журмаар эрхээ хамгаалан нэхэмжлэх боломжтой” хэмээн дүгнэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Газрын тухай хууль болон Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг маргааны үйл баримтад нийцүүлэн, зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэлийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 128/ШШ2023/0065 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б***аас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧИЙН
ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА