Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 01113

 

           2017 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 182/ШШ2017/01113

Улаанбаатар хот

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Сайханцэцэг би,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 4 хороолол, Жалханц хутагт Дамдинбазар гудамж 44б байр 45 тоотод оршин суух, Хөвгүүд овогт Дашнямын Зоригтбаатар /ЖЭ:85010379/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 1 хороо, Жигжиджавын гудамж Бодь цамхаг 3 давхар 300  тоотод байрлах “Бодь Даатгал” ХХК-д холбогдох 

            Нэхэмжлэлийн шаардлага: Урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Зоригтбаатар, хариуцагчийн итгэмлэгдсэн төлөөлөгч У.Анхжаргал нар оролцож, тэмдэглэлийг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Даваахишигмаа хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Зоригтбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Зоригтбаатар би 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр “Бодь Даатгал” ХХК-тай хөдөлмөрийн гэрээгээ шинэчлэн байгуулж, нөхөн төлбөрийн ахлах менежерийн албан тушаалд ажиллаж байсан. Ажил олгогчийн зүгээс 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдөр “хөдөлмөрийн гэрээнд хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” гэх үндэслэлээр миний хөдөлмөрийн гэрээг цуцалж, намайг ажлаас халсан. Үүнээс өмнө компанийн удирдлагын зүгээс надтай таарамж муутай байсан зэрэг шалтгаануудын улмаас намайг ажлаас гарах өргөдлөө өгөхийг эсвэл албан тушаал, цалин бууруулан хөдөлмөрийн гэрээ байгуулахыг шаардаж байсан. Байгууллагатай тохиролцохгүй бол орон тоо цөөрүүлсэн гэх үндэслэлээр ажлаас гаргах талаар ч хэлж, шийдвэрийн төсөл бэлдэж танилцуулж байсан. Би байгууллагын тус шаардлагуудыг биелүүлээгүй учир намайг үндэслэлгүйгээр ажлаас халлаа. Миний Хөдөлмөрийн гэрээг цуцлах хуульд заасан үндэслэл бүрдээгүй байсан. Учир нь ажил олгогчийн зүгээс намайг Хөдөлмөрийн гэрээний 11.4,б-д “санаатай буруутай үйлдэл хийсэн, ноцтойгоор хайхрамжгүй хандсан, хууран мэхэлсэн болон гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийсэн’' гэж заасан зөрчлийг гаргасан хэмээн үзэж байгаа ч миний зүгээс дээрх зөрчлүүдийг гаргаагүй. Хэрвээ миний үйлдлийг тус зөрчилд хамааруулах үндэслэлтэй бол тухайн асуудлаар Хөдөлмөрийн тухай хуульд заасан сахилгын шийтгэл ногдуулах хугацаа өнгөрсөн байсан. Компанийн Гүйцэтгэх захирал Г.Батшүрийн 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн ГЗБ590 дугаар тушаалаар Нөхөн төлбөрийн газрын захирал С.Ганчимэгийг Гүйцэтгэх захирлын түр орлон гүйцэтгэхээр, намайг Нөхөн төлбөрийн газрын захирлын үүргийн гүйцэтгэхээр томилсон.

Үүний дагуу би тухайн үед нөхөн төлбөрийн газрын захирлын үүргийг гүйцэтгэж байсан. 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1509/005500 тоот нөхөн төлбөрийн шийдвэрт компанийн үйлчлүүлэгч Ц.Мөнхбатад 349.416 төгрөгийн даатгалын нөхөн төлбөр олгохоор зааж, 11 дүгээр сарын 03-ны өдрийн 03/А/1236 дугаар гүйцэтгэх захирлын тушаалаар нөхөн төлбөр олгохоор шийдвэрлэсэн байна. Ингэхдээ даатгалын нөхөн төлбөрийг давхардуулан олгосон байна. Энэ нь нөхөн төлбөрийн менежерүүд даатгалын нөхөн төлбөрийн баримтуудыг хоёр удаа үйлдэж явуулсаны улмаас гарсан санамсаргүй алдаа байсан. Нөхөн төлбөрийн газрын захирал, ахлах менежерүүд нь нөхөн төлбөрийн баримтууд хүлээж авдаггүй, баримт үйлддэггүй. Харин менежерүүдийн үйлдэж ирүүлсэн баримтыг хянаж шалгах үүрэгтэй байдаг. Иймд намайг нөхөн төлбөрийн баримтыг хуурамчаар үйлдсэн гэх үндэслэлгүй.

Намайг Хөдөлмөрийн гэрээний дээрх заалтад заасан зөрчлүүдийн алийг нь гаргасан гэж үзэж буй талаар заагаагүй. Тухайлбал, хууран мэхэлсэн эсвэл санаатай буруу зөрчил гаргасан гэж үзсэн эсэх талаар заагаагүй. Би нөхөн төлбөрийн ахлах менежерийн хувьд Хөдөлмөрийн гэрээ, байгууллагын нөхөн төлбөрийн журмаар хүлээсэн үүргээ зөрчсөн зүйл байхгүй. Хэрвээ намайг ажил үүргээ гүйцэтгэх явцад ноцтой зөрчил гаргасан гэж үзэж байгаа бол ажил олгогчийн зүгээс намайг гэрээ, дотоод журмаар хүлээсэн ямар үүргээ зөрчсөнийг нотлох хэрэгтэй. Мөн тухайн үед надаар миний хөдөлмөрийн гэрээнд заагаагүй ажил үүргийг надтай тохиролцож хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт оруулалгүйгээр гүйцэтгүүлж байсан. Би хөдөлмөрийн гэрээний дагуу нөхөн төлбөрийн ахлах менежерийн ажил үүргийг хийж гүйцэтгэх билээ. Гэтэл зөрчил гарсан гэх үед ажил олгогчийн зүгээс надаар Нөхөн төлбөрийн газрын захирлын үүргийг гүйцэтгүүлж байсан. Мөн 2015 оны 11 дүгээр сард гарсан дээрх асуудлыг тухайн үед буюу 2016 оны 01 дүгээр сарын үед компанийн удирдлагын зүгээс мэдэж байсан.

Үүнийг санхүү, нөхөн төлбөрийн газрын зүгээс санамсаргүй алдаа гарган, даатгалын нөхөн төлбөрийг хоёр удаа шийдвэрлэсэн байна хэмээн дүгнэж байсан. Иймд Хөдөлмөрийн тухай хуульд заасан сахилгын зөрчилд шийтгэл ногдуулах зөрчлийг илрүүлсэнээс хойш 1 сарын хугацаа өнгөрсөн. Мөн сахилгын зөрчил гаргаснаас хойш 6 сарын хугацаа нь ч өнгөрсөн байсан тул намайг сахилгын зөрчил гаргасан гэж үзэх хэдий ч сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлгүй байсан. Иймд намайг ажлаас халсан тушаалыг хүчингүй болгох, нөхөн төлбөрийн ахлах менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх шаардлага гаргаж байна.  Хөдөлмөрийн гэрээг гаргуулах,нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага Бодь даатгал ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай Б/176 дугаар тушаалыг хүчингүй болгож, нөхөн төлбөрийн ахлах менежерийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэж,Бодь даатгал ХХК-иас 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх гурван сарын хугацааны цалин 5.400.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.  

           ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Зоригтбаатар нь хариуцагч “Бодь даатгал” ХХК-д холбогдуулан Урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр эвлэрлийн гэрээг бичгээр байгуулж шүүхэд ирүүлсэн байна.

Уг эвлэрлийн гэрээнд: Нэг. Талуудын хооронд үүссэн маргааны тухай, шийдвэрлэсэн байдал

1.1 Нэхэмжлэгч болон Хариуцагч нарын хооронд "Хөдөлмөрийн гэрээ” байгуулагдан хөдөлмөрийн харилцаа үүссэн байсан болохыг;

1.2 Нэхэмжлэгч нь хариуцагчийг хөдөлмөрийн гэрээ үндэслэлгүйгээр цуцалсан тул тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байх хугацааны цалин хөлс болох 14 400 000/арван дөвөн сая вөрвөн зуун мянган/ төгрөгийг гаргуулах, нийгмийн даатгал, болон эрүүл мэндийн даатгалын татвар шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгүүлэхийг даалгуулах тухай шаардлагуудыг тус тус шүүхэд хандаж гаргасан болохыг тэмдэглэн;

1.3 Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрч харилцан буулт хийх замаар зарим хэсгийн шаардлагын хувьд санал гаргасан, нэхэмжлэгч нь хариуцагчийн ийнхүү зарим шаардлагыг зөвшөөрч, хариу санал гаргасан болохыг тэмдэглэн,

1.4 Энэхүү тохиролцооны хүрээнд хариуцагч нь нэхэмжлэгчийг ажилдаа буцаан тогтоолгуулахаа татгалзахыг хүссэн ба үүнтэй холбоотойгоор ажилгүй байсан хугацааны цалингийн тухай шаардлагаас 12 000 000 /арван хоёр сая/ төгрөгийг нь төлөх, цалинг ийнхүү нөхөн олгохтойгоо холбогдуулан нийгмийн даатгал, эрүүл мэндийн шимтгэл татварыг төлж, дэвтрийн нөхөн бичилт хийх, мөн энэ дагуу тушаалыг нь ноцтой зөрчлөөр бус /хүсэлтээр г.м/ өөр байдлаар гаргаж өгөх санал гаргаж, нэхэмжлэгч нь эдгээр саналын дагуу ажилдаа эргүүлэн тогтоолгуулахаас татгалзаж байгаагаа, ажилгүй байсан хугацааны цалинд 12 000 000/арван хоёр сая/ төгрөг олгохыг нь зөвшөөрч байгаагаа, харин тушаалыг өөрчилж, нийгмийн даатгал эрүүл мэндийн татвар шимтгэлийг нөхөн бичилт хийлгүүлэхээр харилцан буулт хийх замаар хүлээн зөвшөөрөхөөр тохиролцсон болохыг,

1.5 Энэхүү хэргийн хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд дээр дурьдсанаар уулзалт хийж, үр дүнд нь маргааныг эвийн журмаар шийдвэрлэхээр “Эвлэрлийн гэрээ” байгуулан харилцан тохиролцсон болохыг тэмдэглэж байна.

 

Хоёр. Эвлэрлийн нөхцөл

 

            2.1 Талууд үүссэн маргааныг дараах нөхцөлөөр энэхүү Гэрээг байгуулах замаар шийдвэрлэхээр тохиролцов. Үүнд:

2.1.1 Нэхэмжлэлийн шаардлагын талаар талууд дараах байдлаар эвлэрэн хэлэлцсэнээр ийнхүү тохиролцооны хүрээнд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа “тушаалыг хүчингүй болгуулж, ажилдаа эргүүлэн тогтоолгуулах” шаардлагаасаа зарим хэсгээр татгалзаж, мөн “ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 14 400 000 /арван дөрвөн сая дөрвөн зуун мянган/ төгрөг гаргуулах тухай” шаардлагаасаа хариуцагч нь 12 000 000/арван хоёр сая/ төгрөгийг олгохыг зөвшөөрсөнтэй нь холбоотойгоор үлдэх зөрүү дүн болох 2 200 000/хоёр сая хоёр зуун мянган/ төгрөгийн шаардлагаас мөн татгалзаж, “ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын татвар шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх” шаардлагын тухайд хариуцагч нь цалинг нөхөн олгохыг хүлээн зөвшөөрсөнтэй холбоотойгоор нэхэмжлэгч ажилдаа эргүүлэн тогтоолгуулахгүй харин тушаалыг ийнхүү тохиролцоо болон эвлэрэлийг үндэслэн ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн тушаалаа өөрчлөн өөр тушаал гаргуулахаар, мөн эрүүл мэнд нийгмийн даатгалын ьавтрийн нөхөн бичилтийг нь хийж өгөхөөр Эвлэрэлийн гэрээг байгуулан баталгаажуулав.

2.1.2 Дээрх тохиролцооны дагуу Талууд эвлэрснээр нэхэмжлэгч болон хариуцагч нь энэ асуудлаар дахин маргаан үүсгэх, хууль шүүхийн байгууллагад өргөдөл, гомдол, нэхэмжлэл гаргахгүй байх;

2.2 Талууд эвлэрлийн гэрээг байгуулснаар эвлэрлийг баталгаажуулж, Хариуцагч тал энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд Нэхэмжлэгч тал үл маргах журмаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар албадан гүйцэтгүүлэх эрхтэй.

 

Гурав. Бусад зүйл

 

3.1 Энэхүү гэрээг гурван хувь үйлдсэн бөгөөд хувь тус бүр хууль зүйн адил хүчинтэй байна. Нэг хувийг шүүхэд хүргүулж, үлдэх хувь Талуудад хадгалагдана.

3.2 Талууд Гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар, зохих ёсоор гүйцэтгэнэ.

3.3 Энэхүү гэрээнд Талуудын эрх бүхий төлөөлөгчид гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно.

3.4 Энэ гэрээ нь Талуудын тэгш эрх, сайн дурын үндсэн дээр байгуулагдсан бөгөөд шүүгчийн захирамжаар батлагдсанаар хуулийн хүчин төгөлдөр болно гэжээ.

 

 

Хэргийн зохигч нар шүүх хуралдаанд эвлэрсэн бөгөөд тэдний эвлэрсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Зоригтбаатар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “Бодь даатгал” ХХК-иас 103,475 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон   

     

                                                                             ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Д.Зоригтбаатар нь ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 2,400,000 /хоёр сая дөрвөн зуун мянган/ төгрөгийн шаардлагаас тус тус татгалзаж, хариуцагч “Бодь даатгал” ХХК нь ажилгүй байсан хугацааны цалин 12,000,000 /арван хоёр сая/ төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, цалинг нөхөн олгохтойгоо холбогдуулан нийгмийн даатгал, эрүүл мэндийн шимтгэл татварыг төлж, дэвтрийн нөхөн бичилт хийж ноцтой зөрчлөөр халсан тушаалыг ажилтны хүсэлтээр болгон өөрчлөхөөр зохигчид эвлэрсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2-т зааснаар Д.Зоригтбаатар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, “Бодь даатгал” ХХК-иас 103,475 төгрөгийг гаргуулж Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, орон нутгийн төсвийн орлогын 2611016627 тоот дансанд оруулсугай.  

 

3. “Бодь даатгал” ХХК нь захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

                       

 

    

            ДАРГАЛАГЧ                                     Б.САЙХАНЦЭЦЭГ