Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 484

 

 

Д.Зоригтбаатарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Байгалмаа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 182/ШШ2016/01260 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Д.Зоригтбаатарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Бодь даатгал” ХХК-д холбогдох

 

2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн Б/176 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Чинбаатарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Д.Зоригтбаатар,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Бат-Энх,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Чинбаатар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Зоригтбаатар би 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр "Бодь даатгал" ХХК-тай хөдөлмөрийн гэрээгээ шинэчлэн байгуулж, нөхөн төлбөрийн ахлах менежерийн албан тушаалд ажиллаж байсан. Ажил олгогчийн зүгээс 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдөр "хөдөлмөрийн гэрээнд хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан" гэх үндэслэлээр миний хөдөлмөрийн гэрээг цуцалж, намайг ажлаас халсан. Үүнээс өмнө компанийн удирдлагын зүгээс надтай таарамж муутай байсан зэрэг шалтгаануудын улмаас намайг ажлаас гарах өргөдлөө өгөхийг эсвэл албан тушаал, цалин бууруулан хөдөлмөрийн гэрээ байгуулахыг шаардаж байсан. Байгууллагатай тохиролцохгүй бол орон тоо цөөрүүлсэн гэх үндэслэлээр ажлаас гаргах талаар ч хэлж, шийдвэрийн төсөл бэлдэж танилцуулж байсан. Би байгууллагын тус шаардлагуудыг биелүүлээгүй учир намайг үндэслэлгүйгээр ажлаас халсан. Миний хөдөлмөрийн гэрээг цуцлах хуульд заасан үндэслэл бүрдээгүй байсан. Учир нь ажил олгогчийн зүгээс намайг Хөдөлмөрийн гэрээний 11.4,б-д "санаатай буруутай үйлдэл хийсэн, ноцтойгоор хайхрамжгүй хандсан, хууран мэхэлсэн болон гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийсэн" гэж заасан зөрчлийг гаргасан хэмээн үзэж байгаа ч миний зүгээс дээрх зөрчлүүдийг гаргаагүй.

Хэрвээ миний үйлдлийг тус зөрчилд хамааруулах үндэслэлтэй бол тухайн асуудлаар Хөдөлмөрийн тухай хуульд заасан сахилгын шийтгэл ногдуулах хугацаа өнгөрсөн байсан. Компанийн гүйцэтгэх захирал Г.Батшүрийн 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн ГЗБ590 дугаар тушаалаар нөхөн төлбөрийн газрын захирал С.Ганчимэгийг гүйцэтгэх захирлын түр орлон гүйцэтгэхээр, намайг нөхөн төлбөрийн газрын захирлын үүргийн гүйцэтгэхээр томилсноор би тухайн үед нөхөн төлбөрийн газрын захирлын үүргийг гүйцэтгэж байсан. 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1509/005500 тоот нөхөн төлбөрийн шийдвэрт компанийн үйлчлүүлэгч Ц.Мөнхбатад 349 416 төгрөгийн даатгалын нөхөн төлбөр олгохоор зааж, 11 дүгээр сарын 03-ны өдрийн ОЗ/А/1236 дугаар гүйцэтгэх захирлын тушаалаар нөхөн төлбөр олгохоор шийдвэрлэсэн байна. Ингэхдээ даатгалын нөхөн төлбөрийг давхардуулан олгосон байна. Энэ нь нөхөн төлбөрийн менежерүүд даатгалын нөхөн төлбөрийн баримтуудыг хоёр удаа үйлдэж явуулсаны улмаас гарсан санамсаргүй алдаа байсан. Нөхөн төлбөрийн газрын захирал, ахлах менежерүүд нь нөхөн төлбөрийн баримтууд хүлээж авдаггүй, баримт үйлддэггүй. Харин менежерүүдийн үйлдэж ирүүлсэн баримтыг хянаж шалгах үүрэгтэй байдаг. Иймд намайг нөхөн төлбөрийн баримтыг хуурамчаар үйлдсэн гэх үндэслэлгүй.

Намайг хөдөлмөрийн гэрээний дээрх заалтад заасан зөрчлүүдийн алийг нь гаргасан гэж үзэж буй талаар заагаагүй. Тухайлбал, хууран мэхэлсэн эсвэл санаатай буруу зөрчил гаргасан гэж үзсэн эсэх талаар заагаагүй байна. Би нөхөн төлбөрийн ахлах менежерийн хувьд хөдөлмөрийн гэрээ, байгууллагын нөхөн төлбөрийн журмаар хүлээсэн үүргээ зөрчсөн зүйл байхгүй. Хэрвээ намайг ажил үүргээ гүйцэтгэх явцад ноцтой зөрчил гаргасан гэж үзэж байгаа бол ажил олгогчийн зүгээс намайг гэрээ, дотоод журмаар хүлээсэн ямар үүргээ зөрчсөнийг нотлох хэрэгтэй. Тухайн үед миний хөдөлмөрийн гэрээнд заагаагүй ажил үүргийг надтай тохиролцож хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт оруулалгүйгээр гүйцэтгүүлж байсан. Санхүү, нөхөн төлбөрийн газрын зүгээс санамсаргүй алдаа гарган, даатгалын нөхөн төлбөрийг хоёр удаа шийдвэрлэсэн байна хэмээн дүгнэж байсан. Хөдөлмөрийн тухай хуульд заасан сахилгын зөрчилд шийтгэл ногдуулах зөрчлийг илрүүлсэнээс хойш 1 сарын хугацаа өнгөрсөн. Мөн сахилгын зөрчил гаргаснаас хойш 6 сарын хугацаа өнгөрсөн байсан тул намайг сахилгын зөрчил гаргасан гэж үзэх хэдий ч сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлгүй байсан. Хөдөлмөрийн гэрээг гаргуулах, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага “Бодь даатгал” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай Б/176 дугаар тушаалыг хүчингүй болгож, нөхөн төлбөрийн ахлах менежерийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэж, “Бодь даатгал” ХХК-иас 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх гурван сарын хугацааны цалин 5 400 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчлүүд гаргасан. Компанийн нөхөн төлбөрийн үйл ажиллагаанд 2015 оны 4 дүгээр улирлын нөхөн төлбөр, санхүүгийн баримтуудын тоо зөрсөн зөрчил гарсны дагуу үргэлжилсэн хоёр удаагийн хяналт шалгалт хийсэн. Тодруулбал, гүйцэтгэх захирлын 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдөр баталсан Ажлын даалгаврын дагуу компанийн 4 дүгээр улирлын нөхөн төлбөрийн баримт, материалуудад шалгалт хийж, санхүүгийн баримтуудтай тулгаж шалгасан. Энэ үеэр зарим тоо баримтууд зөрсөн зэрэг зөрчил илэрсэнтэй холбоотой компанийн дотоод аудитаас хэд хэдэн удаагийн хяналт шалгалт хийсэн. Компанийн дотоод аудитын мэргэжилтэн Т.Сүхбатын 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн хооронд хийсэн хяналт шалгалтаар "Баатарууд тэнгэр" ХХК-ийн байгуулсан 2015 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 15131109011362 дугаар Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээтэй даатгуулагч Ц.Мөнхбат нь 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр 40-16 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож байгаад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.11 дэх заалтыг зөрчиж, Ч.Бурмаа жолоочтой 22-36 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөсөн зам тээврийн осол, жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын нөхөн төлбөрийн нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ нөхөн төлбөрийн актын хуулбар хувийн дагуу 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 03/А/1236 дугаар нөхөн төлбөрийн тушаал, нөхөн төлбөрийн актын эх хувийн дагуу 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 03/А/1272 дугаар нөхөн төлбөрийн тушаалаар зам тээврийн ослын хохирогч Ц.Мөнхбатад 349 416 төгрөгийн даатгалын нөхөн төлбөрийг хоёр удаа давхардуулан олгосон зөрчил гаргасан нь Дотоод аудитын Зөрчлийн тайлангаар тогтоогдсон. Мөн 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 03105-06709 тоот Тээврийн хэрэгслийн даатгалын баталгааны дагуу хийгдсэн даатгалын гэрээтэй холбоотой даатгалын тохиолдлын дуудлагыг ажлын чиг үүрэгтэй нь холбоогүй атал хүлээн авч, очиж шалгасан, өөрийн танил найз Д.Нандинбаярт зөвлөгөө өгч компанийн ашиг сонирхлын эсрэг ажилласан ноцтой зөрчлүүдийг гаргасан. Дээрх зөрчлүүд нь хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил тул ажилтныг ажлаас халах үндэслэлтэй байсан болно гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Зоригтбаатарыг "Бодь даатгал" ХХК-ийн нөхөн төлбөрийн ахлах менежерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 5 400 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч Д.Зоригтбаатарт олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-д зааснаар нэхэмжлэгч Д.Зоригтбаарыг эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл шимтгэлийг зохих журмын дагуу суутган төлж, дэвтэрт тэмдэглэл хийлгэхийг хариуцагч "Бодь даатгал" ХХК-д даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 101 350 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, уг данснаас 101 350 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагч "Бодь даатгал" ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 101 350 төгрөгийг гаргуулан төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Чинбаатар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх хэргийг шийдвэрлэхдээ талуудын хооронд байгуулсан гэрээ, тухайн гэрээний харилцааг зохицуулж байгаа хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн. Хариуцагч талаас нэхэмжлэгчийг ноцтой зөрчил гаргасныг нотлох гэрч С.Батбаяраас мэдүүлэг авахуулах хүсэлтийг хуульд заасны дагуу гаргасан байхад, шүүх гэрчийн ажлын газрын хаяг, оршин суух хаяг тодорхойгүй гэж үндэслэлгүйгээр энэ хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно. Энэхүү шийдвэр нь хэргийг шийдвэрлэхэд ноцтой нөлөөлсөн. Тухайн гэрч нь нэхэмжлэгчийн удаа дараа гаргасан ноцтой зөрчлийг нотлох буюу хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш, өөрийн албан тушаалын давуу байдлаа ашиглан хууран мэхэлсэн санаатай үйлдэл гаргасныг нотлох гэрч юм. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа гэрчийн ажлын газрын хаяг, оршин суух хаяг, утасны дугаар зэрэг бүх мэдээлэл байгаа, шүүхэд гаргаж өгөх боломжтой гэж мэдүүлсэн нь тус шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 1260 дугаар шүүх хуралдааны тэмдэглэлийн 2 дугаар хуудасанд тэмдэглэгдсэн байхад, шүүгч шаардлагатай мэдээлэл байхгүй гэж хэт нэг талыг баримтлан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т заасан хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчиж, хариуцагчийн мэтгэлцэх эрхийг хязгаарласан болно. Гэрчийн нотлох мэдүүлэг нь хэргийг үнэн зөв, эргэлзээгүй талаас шийдвэрлэхэд нэн чухал ач холбогдолтой, хэрэгт хамааралтай үйл явдлыг тогтоох үндэслэл байсан юм.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ, 349 416 төгрөгийн нөхөн төлбөрийг хоёр удаа давхардуулан олгосон, мөн өөрийн танил найз Д.Нандинбаярт зөвлөгөө өгч хууль бус даатгалын тохиолдол үүсгэх болон даатгалын зарчимд харш, компаний ашиг сонирхлыг эсрэг тус тус ажилласан нь Дотоод аудитын зөрчлийн тайлангаар тогтоогдсон гэж дүгнэсэн боловч тухайн зөрчлүүдийн зөв, буруу эсэхийг дүгнээгүй болно. Нэхэмжлэгчийн гаргасан зөрчлүүд нь хор уршигийн хэмжээ шаардахгүй бөгөөд нэхэмжлэгч нь өөрийн ажил үүргийн дагуу эрх бүхий албан тушаалтныг орлон ажиллахдаа нөхөн төлбөрийг давхардуулан олгосон үйлдэл нь хэвийн үйл ажиллагаанд хор уршиг, саад тотгор учруулахуйц алдаа, зөрчил ба өмч хөрөнгийг үрэгдүүлэн, бусад байдлаар хохирол учруулсан санаатай үйлдэл юм. Нэхэмжлэгч талаас өөрийн гаргасан ноцтой зөрчлийг үгүйсгэх ямар нэгэн баримт гаргаж өгөөгүй, шүүх хуралдаанд гаргасан тайлбар нь ажил олгогчийн хийсэн санхүүгийн болон дотоод хяналт шалгалтаар тогтоогдсон нөхцөл байдлыг огт үгүйсгээгүй ба нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ хуульд заасан 6 сарын хугацаа өнгөрсөн байхад арга хэмжээг авсан гэж үндэслэл гаргаж мэтгэлцсэн болно.

Иймд дээрх нөхцөл байдлуудыг үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

            Нэхэмжлэгч Д.Зоригтбаатар нь хариуцагч “Бодь даатгал” ХХК-д холбогдуулан “Бодь даатгал” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн Б/176 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэхээр шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн шүүх хуралдаанд н.Батбаярыг гэрчээр оролцуулах тухай хүсэлтийг гаргасан боловч шүүх гэрчийн хаягийг тодорхойлоогүй, гэрчээс асуух асуулт тодорхойгүй гэж дүгнэж хүсэлтийг хангахгүй орхиж хэргийг шийдвэрлэсэн нь буруу байна.           /хэргийн 175-176 дугаар тал/

 

Хэргийн оролцогчийн гэрчээс мэдүүлэг авахуулах тухай хүсэлтийг шүүх хангаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлэх журмыг зөрчжээ.

 

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрхийг бүрэн хангаагүй хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан мэтгэлцэх зарчмыг шүүх хэрэгжүүлээгүй байна.

 

Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасан үндэслэлд хамаарч байна.

 

Иймд хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 182/ШШ2016/01260 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Бодь даатгал” ХХК-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 101 350 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Э.ЗОЛЗАЯА

 

 

                             ШҮҮГЧИД                                      Д.БАЙГАЛМАА

 

 

                                                                                    Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ