Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 15

 

                                                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ууганцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Э.С-ийн нэхэмжлэлтэй

            Хариуцагч: ОАЗДДБСУГД-ын 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А/56 дугаар “Ажлын хэсэг байгуулах тухай” тушаалаар байгуулагдсан төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сул орон тоог нөхөх иргэдийг сонгон шалгаруулах шалгалтын комисст холбогдох

            “2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр зохион байгуулсан Орхон аймгийн Баян-Өндөр сумын ** цэцэрлэгийн эрхлэгчийг сонгон шалгаруулах шалгалтын Э.С-гаас авсан ярилцлагын 9.8 оноог хүчингүй болгуулах, мөн тус шалгалтын ярилцлагын оноог хүлээн зөвшөөрөхгүй тул дахин үнэлж дүнг гаргахыг шалгалтын комисст даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий 119/2019/0001/з дугаарын индекстэй захиргааны хэргийг хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.О, хариуцагчийг төлөөлж Б.Б, А.О, Г.О, Ж.Б, Д.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Баялаг нар оролцов.       

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.С шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Э.С нь 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр болсон Орхон аймгийн Баян-Өндөр сумын ** цэцэрлэгийн эрхлэгчийг сонгон шалгаруулах шалгалтад зохих журмын дагуу баримт материалаа бүрэн гүйцэт бүрдүүлж оролцсон. Тус шалгалтын ерөнхий шаардлаг /Боловсрол, туршлага, мэргэшсэн байдал/-ын оноо 35 оноо авахаас 22.5, Удирдах ур чадвар /сорил, бичгийн болон мэдээллийн технологи/-ыг үнэлэх оноо 40 авахаас 25.3, Ярилцлагын /хөтөлбөр, төсөл бэлтгэсэн байдал, өргөдөл ирүүлсэн байдал, байгууллагыг хөгжүүлэх хөтөлбөр, өргөдлөө танилцуулсан байдал/ оноо 25 авахаас 9.8 оноо авч, нийт 57.5 оноо авсан. Тус шалгалтанд тэнцэх нийт оноо 60 байх ёстой боловч дараах үндэслэлээр миний авах ёстой оноог дарсан, шалгалтад хууль бусаар нөлөөлсний үндсэн дээр тэнцүүлээгүй гэх хардлага төрж байгаа. Уг шалгалтуудын үнэлгээ болох ерөнхий шаардлага, удирдах ур чадварын үнэлгээнд өгсөн комиссын шийдвэрийг миний хувьд зөвшөөрч байгаа бөгөөд ярилцлагын оноог хүлээн зөвшөөрөхгүй байсан тул танилцаад гарын үсэг зур гэсэн шаардлагыг нь хүлээн авалгүй зураагүй болно. Тус ярилцлагын шалгалтад орох үед би 13.00 цагт ярилцлаганд орох байсан. 14.05 минутын үед 5-р цэцэрлэгийн эрхлэгч ** надтай уулзах хэрэг байна гэж утсаар ярьсан бөгөөд би машинд нь уулзтал “БСУГын дарга Ж.Б 13.34 үед ажил дээр байхад утсаар яриад ирж уулз гэсэн учир би очиж уулзлаа. Чиний тухай надаас асуух нь гэж бодоод би ч их баяртай очлоо. Газрын дарга Ж.Б танай арга зүйч сонгон шалгаруулалтанд орж байгаа юм байна гэсэн би ч тийм маш сайн орж байгаа гэж хариулсан. Энэ удаадаа яалт ч үгүй арга зүйч нэрээ татах хэрэгтэй байна гэхээр нь би гайхаад тийм юм байдаг юм уу? Нөгөө хүн нь болох гээд байгаа хүн нь уначихсан шүү дээ гэсэн чинь, одоо үнэн гэж юм байхгүй шүү дээ. Чи арга зүйчтэйгээ хир харилцаатай вэ? гэж асуусан бид хоёр маш сайн гар нийлж ажиллаад 5 жил болж байна. Би энэ удаагийн сонгон шалгаруулалтанд орохыг дэмжсэн бөгөөд сайн бэлтгэж ороорой гэж захиж зөвлөсөн байгаа. Маш сайн ч оролцсон байна гэж хариулсан. Газрын дарга гэтэл Засаг дарга яриад “5-р цэцэрлэгийн эрхлэгч гэж ямар хүн байна, дуудаж уулзаад арга зүйчийг нь нэрээ тат” гэж хэл гэсэн гэхэд би дэмжиж дэмжчихээд одоо тэгж хэлж чадахгүй ээ. Гэхдээ яахав таныг хэл гээд байгаа болохоор би дамжуулъя гэсэн.Тэгээд л би чамтай уулзаж байна” гэсэн. Би энэ тухай сонсоод “Төрийн албаны хуулийн дагуу томилогдсон ажлын хэсгийнхэн гадны нөлөөнд автахгүй, ил тод явуулах шаардлагатай байдаг. Би зорилгоосоо буцах хүн биш. Одоо би хамгийн чухал шалгалтуудаа өгсөн байгаа. Төслийн хувьд та ч мэдэж байгаа. Би таниас болон бусад мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө авч маш сайн бичсэн. Би нэрээ татахгүй” гэж хэлэхэд дарга намайг сайн яриарай, амжилт гэж хэлээд би машинаас нь буусан. Би БСУГ руу орж коридорт суугаад төслөө харж бэлтгэж сууж байхад Ж.Б дарга гадагшаа ажлаар гарч байгаа бололтой гарч ирсэн би сайн байна уу? та гэж мэндэлсэн. Манай эрхлэгч над руу дахин 15.20 минутын үед ярьсан. “Сая газрын дарга намайг чамтай уулзаа юу? Юу болсон бэ гэж асуухаар нь би чиний хэлсэн хариултыг өгсөн. Тэгтэл тэр хүний чинь хариу нь хараахан гараагүй байгаа шүү гэж хэлчихээд шууд утсаа салгасан” гэж ярьсан. Би ч хуваарийн дагуу ярилцлагадаа ороод гарч ирсэн. Сонгон шалгаруулалтын комисс оролцсон хүмүүсийг нэг нэгээр нь оруулж дүнг танилцуулсан ба миний оноо 25 оноо авахаас 9.8 гэж хэлсэн ба нийт 57.5 оноогоор тэнцсэнгүй гэж дүнг танилцуулсан ба та дүнтэйгээ танилцаад гарын үсгээ зур гэсэн би дүнгээ хүлээн зөвшөөрөхгүй. Намайг ярилцлаганд орохоос өмнө газрын дарга манай эрхлэгчтэй уулзаад нэрээ тат гэж хэлүүлсэн. Тиймээс би энэ оноог хууль бус намайг дарсан гэж үзэж байна. Онооныхоо нэг хувийг конандаж авъя гэж хэлээд аваад гарч ирсэн. 26-р цэцэрлэг дээр үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж буй Н.Б нь дүрслэх урлаг, хөдөлмөрийн багш мэргэжилтэй бөгөөд СӨБ-ын байгууллагад ажиллаж байгаагүй. Ийм хүнийг тус ажлын байранд тавихын тулд авах ёстой оноог дарсан, шалгалтад хууль бусаар нөлөөлсний үндсэн дээр тэнцүүлээгүй гэх хардлага төрж байна. Иймд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Энэ ярилцлагын оноо буюу 9,8 оноог хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2-т заасан тухайн этгээдийн эрх ашиг сонирхолд нөлөөлөхүйц акт гаргаснаар тодорхойлж өгсөн байдаг. Комиссын нэг гишүүн ажиллаагүй. Тэгэхээр энэ комиссын гишүүний үнэлэх ёстой оноо “тэг” гарч байгаа юм. Энэ хүн орж ирсэн бол 25 оноо хэрхэн яаж олгогдох байсан нь тодорхойгүй. Нөгөө тал бол нөлөөлөхгүй гэж байгаа ч хамгийн их нөлөөлж байгаа юм. 4 хүн 5 оноо өгөөд 20 оноо болсон. Хэрвээ 5 дахь хүн орж ирээд 5-с дээш болон бага үнэлгээ өгсөн л бол 20 гэдэг үнэлгээ гарч ирэхгүй байсан. Нэг гишүүнээс авах ёстой байсан 15 оноогоо аваагүй. Тэгэхээр энэ аваагүй байдал нь дундаж онооны зөрүүн дээр асуудал үүсч байгаа юм. 5-с дээш оноо тухайн гишүүн орж ирээд өгсөн бол дундаж оноо нь тав аравны хэдрүү орж ирэх байсан. 7 оноо өгсөн бол 6 оноо авах байсан. Тэгэхээр А.О орж ирээгүй нь Төрийн албаны тухай хуулийнхаа дагуу бүрэлдэхүүнээр томилогдсон комисс ажиллаагүй юм байна гэсэн асуудал гарч ирж байна. Өөрөөр хэлбэл 60-р тогтоол дээр комисс 5 гишүүний бүрэлдэхүүнээс доошгүй гишүүнтэй байж шалгалт явагдахаар ойлгогдож байгаа юм. Гэтэл 4 хүн ажиллаж байгаа нь энэ комисс, комиссоороо ажиллаагүй байна гэсэн үг юм. Тэгвэл өнөөдрийн ярилцлага дээр 5 гишүүн ажиллаагүй, 4 хүний бүрэлдэхүүнтэй ажилласнаараа 9,8 оноо үнэлэгдэхгүй болж байна. Магадгүй 5 дахь хүн орж ирэх боломжгүй байсан бол нэмж гишүүн томилох эсэх асуудлыг удирдамж дээрээ тодорхойлоогүй. Тэгэхээр тодорхойлоогүй учраас тэр хүний оноо автоматаар 0 болж байгаа юм. Нэг гишүүн орж ирэхгүй байна гэдэг нь өгөх ёстой оноо 0 болохоор хангалтгүй гэсэн үнэлгээнд хүргэж байна. Тэгэхээр энэ хүний эрх ашигт шууд сөргөөр нөлөөлж эхэлж байгаа юм. Хэрвээ А.О гишүүн нь орж ирээд оноо өгсөн бол энэ хүний оноо өөрчлөгдөх байсан.

Ярилцлага гээд үнэлгээ хийж, дүгнэлт хийх, заавар журмын 2 дугаар зүйлийн 5-д байгаа. Төслөө хэрхэн танилцуулснаар дүгнэнэ гэсэн байгаа. Э.С-гаас 2, 3 асуулт тавьсан талаар байгаа. Өөрийнхөө тэр төслийг хэрхэн танилцуулаад яаж үнэлгээ өгсөн талаар ерөөсөө байдаггүй. Өөрөөр хэлбэл Э.С  нь өөрийнхөө төслийг хэрхэн яаж танилцуулаад байгаа болон ямар асуудлыг хөндөөд байгаа  нь хурлын тэмдэглэл дээр ерөөсөө байдаггүй. Асуултаа тавихад зөв ч хариулж болно, буруу  ч хариулж болно. Аль аль нь асуултаа буруу хариулсан гэж хүлээн зөвшөөрөөд байна. Танилцуулангуут нь асуултаа тавьсан юм шиг яриад байдаг. Хэрхэн яаж танилцуулагдсан эсэх талаар Э.С-гийн үг өгүүлбэр нэг ширхэг ч байдаггүй. Э.С нэг ч үг яриагүй байж байгаад асуултанд хариулаад дуусчихаж байгаа мэт хурлын тэмдэглэл дээр байдаг. Бид нарт битүүмжлэлтэй ирээд тэрийг нь задалж уншиж танилцаад асуулт асуусан гэж хариулаад байгаа юм. Тэгэхээр Э.С нь хэрхэн яаж яриад юу юуг онцолж ярьсан болохыг үнэлж дүгнэж үнэлэлт өгөөгүй нь хуулийнхаа зарчмыг зөрчсөн гэж үзээд байгаа юм. Энэ ярилцлага маань өөрөө төрийн албаны 60-р тогтоолоо зөрчиж явуулсан юм шиг тэмдэглэлд тусгагдаад байна. Мөн албан тушаалтнуудын буюу шалгалтын комиссыг томилсон БСУГын дарга маань Э.С-д хэрхэн яаж нөлөөлсөн талаар гэрчийн мэдүүлэг хавтаст хэрэгт ирсэн. БСУГын даргын амнаас шалгалтын эцсийн дүн гараагүй шүү гэж утсаар илэрхийлж байгаа нь харагддаг. Гэрчийн мэдүүлгээс харахад дүнд нөлөөлөөгүй байх гэх зүйл харагдахгүй байна. Боловсрол, соёл, урлагын газрын дарга нь өөрөө нөлөөнд автчихсан байхад комисс нөлөөнд ороогүй гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй болчихож байгаа юм. Тухайн сонгон шалгаруулалт болоход нөлөө үзүүлэхийг хориглоно гэсэн байгаа. Гэтэл нөлөө үзүүлж байгаа гэрчийн мэдүүлэг байдаг. Тэгэхээр ярилцлагын шалгалтанд нөлөөлсөн. Эцсийн шалгалт дээр нөлөөнд автсан байдал гэрчийн мэдүүлгээс тодорхой болсон. Хэн гэж удирдах албан тушаалтан нөлөөлсөнийг бид нар мэдэхгүй. Тийм учраас Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 2.3-т зааснаар 9,8 оноог хүчингүй болгож өгөөч гэсэн санал хүсэлтийг гаргаж байна. Дахин комисс томилоод энэ хүний ирүүлсэн материал дээр үнэлэлт өгч шийдвэр гаргаж өгөөч гэсэн санал хүсэлтэй байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

Хариуцагч Б.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн “Сонгон шалгаруулалт явуулах тухай” 1/2925 дугаар албан бичгийн дагуу ерөнхий боловсролын 1, 2, 16, Жаргалант сумын сургуулийн захирал, 26, 27 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд томилогдох 6 удирдах ажилтны ажлын байрны сул орон тооны сонгон шалгаруулалтыг хууль, журмын дагуу 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр зохион байгуулсан. Орхон аймгийн БСУГын даргын 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтыг зохион байгуулах ажлыг хэсэг”-ийг 5 хүний бүрэлдэхүүнтэйгээр томилсон. Ажлын хэсэг Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 60 дугаар тогтоол болон Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн Орхон аймаг дахь салбар зөвлөлөөс боловсруулсан аргачлалын дагуу сонгон шалгаруулалтыг зохион байгуулах ажлын төлөвлөгөө боловсруулан батлуулж ажилласан. Сонгон шалгаруулалтын зарыг Монгол Улсын Төрийн албаны зөвлөлд  хүсэлт илгээж тус зөвлөлийн www.csc.gov.mn цахим хуудсанд 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 18.00 минутад байршуулсан ба Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын www.erdenet.mn цахим хуудас болон БСУГ-ын www.bsug.or.gov.mn цахим хуудсанд мөн “Шинэ мэдээ” сонин, “Номин TV” гэсэн орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр хуулийн хугацаанд нь зарласан. Сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн иргэдийн бүртгэлийг зарын дагуу 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 08.00-18.00 цагт ОАБСУГ-ын сургалтын танхимд зохион байгуулсан. Зарлагдсан 6 ажлын байрны сонгон шалгаруулалтад нийт 8 иргэн бүртгэгдсэнийг Монгол Улсын Төрийн албаны цахим мэдээллийн санд мэдээллийг бүрэн оруулж цахим бүртгэлд хамруулсан. Ажлын төлөвлөгөөний дагуу 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 17.00 цагт БСУГ-ын сургалтын танхимд бүртгэлд хамрагдсан 8 иргэнд 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн “Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 60 дугаар тогтоол” болон 2018 оны 12 дугаар сарын 21-нд зохион байгуулагдах сонгон шалгаруулалтын талаар ерөнхий мэдээлэл, зөвлөгөөг сонгон шалгаруулалтын комиссын дарга Б.Б миний бие, нарийн бичгийн дарга Ж.Б-ын хамтаар танилцуулсан. 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 09.30 цагт Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын орон нутгийн өмчийн харилцааны газрын сургалтын танхимд сорилын болон мэдээлэл харилцааны шалгалтыг Монгол Улсын Төрийн албаны зөвлөлтэй холбогдож цахим хэлбэрээр, бичгийн болон гадаад хэлний шалгалтыг цаасан хэлбэрээр зохион байгуулсан. Ярилцлагын шалгалтыг БСУГ-ын сургалтын танхимд 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 14.00 цагаас эхлэн оролцогч тус бүрийн хувьд 30 минутын хугацаатай байхаар зохион байгуулсан. Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолоор баталсан “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ыг баримтлан сонгон шалгаруулалтыг 3 үе шаттайгаар зохион байгуулсан. Үүнд:

1. Ерөнхий шаардлагын оноо /Боловсрол, мэргэжил, туршлага/

2. Удирдах  ур чадварын түвшин /Сорилын шалгалт, мэдээллийн технологийн ур чадвар, гадаад хэлний мэдлэгийн түвшин, бичгийн шалгалт/

3. Ярилцлагын шалгалт /Байгууллагыг хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөрийн төсөл танилцуулах/

Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолоор баталсан журмын нэгдүгээр хавсралтын 4.4, 8.1 дэх заалтуудын дагуу дүнг нэгтгэн комиссын хуралдаанаар хэлэлцсэн. ** цэцэрлэгийн эрхлэгчийн сул орон тоонд бүртгүүлсэн Э.С нь дээрх 3 шалгалтын нийлбэр оноогоор 57.5 хувьтай үнэлэгдэж сонгон шалгаруулалтад тэнцээгүй болно.

Э.С-гийн гол маргаад байгаа нь газрын дарга сонгон шалгаруулалтын комисст нөлөөлсөн байх гэж байна. Сонгон шалгаруулалтын комиссын зүгээс гадны ямар нэгэн дарамт байхгүй, сонгон шалгаруулалтыг журмын дагуу явуулсан. Иймд нэхэмжлэлийг шаардлагыг зөвшөөрөхгүй байна” гэв.

Шүүх хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Э.С нь ОАЗДДБСУГД-ын 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А/56 дугаар “Ажлын хэсэг байгуулах тухай” тушаалаар байгуулагдсан Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сул орон тоог нөхөх иргэдийг сонгон шалгаруулах ШК /цаашид “ШК” гэх/-т холбогдуулан “2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр зохион байгуулсан Орхон аймгийн Баян-Өндөр сумын ** цэцэрлэгийн эрхлэгчийг сонгон шалгаруулах шалгалтын Э.С-гаас авсан ярилцлагын 9.8 оноог хүчингүй болгуулах, мөн тус шалгалтын ярилцлагын оноог хүлээн зөвшөөрөхгүй тул дахин үнэлж дүнг гаргахыг шалгалтын комисст даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх хэсэгт зааснаар шүүхээс хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актын биелэлтийг 6 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэхээр заасан.

            Иймд Шалгалтын комиссын “2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн комиссын хурлаар хэлэлцэж шийдвэрлэсэн Орхон аймгийн Баян-Өндөр сумын ** цэцэрлэгийн эрхлэгчийн сонгон шалгаруулалтын дүн болох Э.С-гийн ярилцлагын шалгалтыг 9.8 оноогоор дүгнэсэн шийдвэр”-ийг дахин шинэ акт гаргах хүртэл буюу 2 /хоёр/ сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

            Орхон аймгийн Баян-Өндөр сумын ** цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалын сул орон тоог нөхөх төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах ажиллагаа нь 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө буюу Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болж мөрдөгдөхөөс өмнө зохион байгуулагдсан байх тул тухайн сонгон шалгаруулалтын ажиллагаа явагдах үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Төрийн албаны тухай хууль /2002 он/-ийг баримтлан уг маргааныг шийдвэрлэх үндэслэлтэй байна.

            Мөн Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5 дахь хэсэгт “Үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг хөдөлмөрийн хууль, энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно” гэж зааснаар төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулахад Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 60 дугаар “Журам батлах тухай” тогтоолыг баримтлах нь зүйтэй.

            Э.С нь 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр зохион байгуулагдсан Орхон аймгийн Баян-Өндөр сумын ** цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалын сул орон тоог нөхөх төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтад орж, ерөнхий шаардлагын үнэлгээ 35 оноо авахаас 22.5 оноо, удирдах ур чадварын үнэлгээ 40 оноо авахаас 25.3 оноо, ярилцлагын шалгалтад 25 оноо авахаас 9.8 оноо авч, нэгдсэн үнэлгээгээр 57.5 оноо /хавтаст хэргийн 27 дугаар хуудас/ авч тухайн сонгон шалгаруулалтад тэнцээгүй гэсэн шийдвэрийг Шалгалтын комиссоос гаргажээ.  

            Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 60 дугаар “Журам батлах тухай” тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтын үнэлгээ, дүгнэлт гаргах заавар”-ын 4 дүгээр зүйлийн 4.1.5 /Хөтөлбөр, төсөл бэлтгэсэн шалгалтад 5 оноо хүртэл/, 4.1.6 /Өөрийн мэдлэг, ур чадвараа нэмэлтээр илэрхийлсэн чадавхийн талаарх тухайн албан тушаалд томилогдох хүсэлт, өргөдөл /cover letter/-д 5 оноо хүртэл/, 4.3 /Энэхүү зааврын 2.3.2-т заасан ярилцлагын шалгалтын хүрээн дэх танилцуулга хийсэн байдалд 15 оноо хүртэл өгнө/-т зааснаар ШКнь Э.С-гийн өөрийн мэдлэг, ур чадвараа нэмэлтээр илэрхийлсэн чадавхийн талаарх тухайн албан тушаалд томилогдох хүсэлт, өргөдөл /cover letter/-д 2.0 оноо /хавтаст хэргийн 29 дүгээр хуудас/, Хөтөлбөр, төсөл бэлтгэсэн шалгалтад 2.8 оноо /хавтаст хэргийн 30 дугаар хуудас/, ярилцлагын шалгалтад 5.0 оноо /хавтаст хэргийн 31 дүгээр хуудас/, ярилцлагын шалгалтын нийт үнэлгээг 9.8 дүгнэжээ.

            ШК нь дээрх шалгалтын үнэлгээг гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэг /Төрийн албан хаагч, иргэнээс мэргэжлийн шалгалт авах...зэрэг асуудлаар хууль тогтоомж, стандарт зөрчих.../, Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 60 дугаар “Журам батлах тухай” тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэг /Энэхүү журмын дагуу салбар /эрүүл мэнд, боловсрол, соёл, шинжлэх ухаан, биеийн тамир спорт зэрэг/-ын үйл ажиллагааны онцлогт нийцүүлэн сонгон шалгаруулалтын төрөл, үнэлгээ өгөх удирдамж, зааврыг батлан мөрдүүлж болно/, мөн журмын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтын үнэлгээ, дүгнэлт гаргах заавар”-ын 2 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэг /Ярилцлага нь тухайн байгууллагыг хөгжүүлэх хөтөлбөр, төсөл, өөрийн чадавхийг илэрхийлсэн тухайн албан тушаалд томилогдох хүсэлт /өргөдөл/-ийн талаарх танилцуулгыг комисс, ажлын хэсэгт хэрхэн танилцуулснаар дүгнэгдэнэ/-т заасан журмыг бүрэн хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байна.

            Тодруулбал, Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын үйл ажиллагааны онцлогт нийцүүлэн сонгон шалгаруулалтын үнэлгээг өгөх удирдамж, заавар байгаагүй нь тухайн ярилцлагын шалгалтыг ямар шалгуур үзүүлэлтээр хэрхэн дүгнэсэн болохыг тогтоох боломжгүй, Э.С нь тухайн байгууллагыг хөгжүүлэх хөтөлбөр, төсөл, өөрийн чадавхийг илэрхийлсэн тухайн албан тушаалд томилогдох хүсэлт /өргөдөл/-ийн талаарх танилцуулгыг комисс, ажлын хэсэгт хэрхэн танилцуулсан нь ярилцлагын шалгалтын явцын тэмдэглэл /2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн тэмдэглэл №04/-д тусгагдаагүй, энэхүү танилцуулсан байдлыг комиссын гишүүд хэрхэн үнэлж үнэлгээ өгсөн нь тодорхой бус, ярилцлагын шалгалтыг ямар асуултын хүрээнд авах талаар шалгалтын асуултыг урьдчилан боловсруулж дүгнээгүй зэрэг тодорхой бус байдлуудад шүүхээс дүгнэлт хийх боломжгүй байна.

            Иймд захиргааны байгууллагаас төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтад оролцогчийн шалгалтын үнэлгээг гаргахдаа холбогдох журам, зааврын дагуу үнэлгээг гаргах ажиллагааг бүрэн дүүрэн хэрэгжүүлсэн эсэхийг цаашид тодруулах шаардлагатай, нэг талаас захиргааны байгууллага нь шалгалтын үнэлгээг хэт доогуур үнэлсэн гэж үзэх, нөгөө талаас сонгон шалгаруулалтад оролцогч Э.С нь ярилцлагын шалгалтад 9.8-аас өндөр оноо авахаар байсан гэдгийг шүүхээс дүгнэх боломжгүй байгаа бөгөөд энэ нь шүүхийн шинжлэн судлах цар хүрээнээс хэтэрсэн тул дахин шинэ акт гаргахыг захиргааны байгууллагад даалгах нь зүйтэй гэж үзлээ.

            Нэхэмжлэгчээс тус шалгалтын комиссын шийдвэрээс ярилцлагын шалгалтад өгсөн үнэлгээг эс зөвшөөрч байгаа бөгөөд ШКнь ярилцлагын шалгалтын үнэлгээг гаргахад гадны нөлөөнд автсан гэж маргаж байгааг үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байна.

            Нэхэмжлэгчийн тайлбар болон гэрч Л.А-ын мэдүүлэг /хавтаст хэргийн 117 дугаар хуудас/-ээс дүгнэхэд ОАЗДДБСУГДарга Ж.Б нь ярилцлагын шалгалтын өмнө Э.С-гийн ажилладаг цэцэрлэгийн эрхлэгч Л.А-ыг өөрийн өрөөндөө дуудан ирүүлж, Э.С-г энэ удаа нэрээ татах талаар хэлүүлсэн үйлдэл нь тухайн сонгон шалгаруулалтыг зохион байгуулж буй БСУГ-т нөлөө үзүүлсэн байж болзошгүй эргэлзээг үүсгэж байна.

            Энэ нь Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 60 дугаар “Журам батлах тухай” тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт  “Удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулахад улс төрийн хүчин, төрийн өндөр албан тушаалтан, төсвийн ерөнхийлөн захирагчийн зүгээс Салбар зөвлөл болон аймаг, нийслэлийн Боловсролын газарт нөлөө үзүүлэхийг хориглоно” гэж заасантай нийцэхгүй байна.

            Иймд захиргааны байгууллагаас захиргааны шийдвэр гаргах ажиллагааг Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1 дэх хэсэгт заасан “Хуульд үндэслэх”, 4.2.5 дахь хэсэгт заасан “...шийдвэр нь үндэслэл бүхий байх”, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан “...хууль дээдлэх нь төрийн албаны үндсэн зарчим мөн” гэсэн зарчмуудыг бүрэн хэрэгжүүлж ажиллаагүй нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзлээ.

            Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт “ Захиргааны байгууллага байнгын бус, нэг удаагийн шинжтэй асуудлыг шийдвэрлэж зохицуулахаар байгуулагдаж болох бөгөөд татан буугдсан тохиолдолд түүнийг байгуулсан, томилсон эрх бүхий этгээд эрх зүйн үр дагаврыг хариуцна” гэж зааснаар хариуцагч ШКболон тухайн комиссыг байгуулсан ОАЗДДБСУГ нь Э.С-гийн ярилцлагын шалгалтыг дахин явуулж, үнэлгээ хийж сонгон шалгаруулалтын дүнг гаргах замаар шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй болно.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11, 106.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, Төрийн албаны тухай хууль /2002 он/-ийн 4 дүгээр зүйлийн 4.1, 11 дүгээр зүйлийн 11.5, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх заалтуудыг тус тус баримтлан ОАЗДДБСУГД-ын 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А/56 дугаар “Ажлын хэсэг байгуулах тухай” тушаалаар байгуулагдсан төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сул орон тоог нөхөх иргэдийг сонгон шалгаруулах шалгалтын комиссын “2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн комиссын хурлаар хэлэлцэж шийдвэрлэсэн Орхон аймгийн Баян-Өндөр сумын ** цэцэрлэгийн эрхлэгчийн сонгон шалгаруулалтад оролцогч Э.С-гийн ярилцлагын шалгалтыг 9.8 оноогоор дүгнэсэн шийдвэр”-ийг дахин шинэ акт гаргах хүртэл буюу 2 /хоёр/ сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

            2. Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ШК /БСУГ/ нь Э.С-гийн ярилцлагын шалгалтыг дахин явуулж, үнэлгээ хийж сонгон шалгаруулалтын дүнг гаргах замаар шүүхийн шийдвэрийг биелүүлсүгэй.

            3. Шүүхээс тогтоосон 2 /хоёр/ сарын хугацаанд ярилцлагын шалгалтыг явуулж, сонгон шалгаруулалтын үнэлгээг гаргасан захиргааны шинэ акт гаргаагүй тохиолдолд Э.С-гийн ярилцлагын шалгалтыг 9.8 оноогоор дүгнэсэн ШК-ын 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн шийдвэрийг хүчингүй болсонд тооцсугай.

            4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг заасныг баримтлан нэхэмжлэгч Э.С-гаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга, хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ШК /БСУГ/-оос 70200 /далан мянга, хоёр зуун/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

            5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           П.УУГАНЦЭЦЭГ