Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Пунцагийн Золзаяа |
Хэргийн индекс | 182/2018/00279/и |
Дугаар | 001/ХТ2019/00034 |
Огноо | 2019-01-08 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2019 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 001/ХТ2019/00034
Б.Бын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Г.Цагаанцоож даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 182/ШШ2018/01210 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 1701 дүгээр магадлалтай,
Б.Бын нэхэмжлэлтэй
С.Бд холбогдох
Автомашины үнийн үлдэгдэл 20 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Энхтүвшингийн гаргасан хяналтын гомдлоор
шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Ганбилэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Энхтүвшин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч С.Б нь 2016 оны 05 дугаар сарын16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 40 мянгатын 21, 22, 23 дугаар байр болон ТХ 30 дугаар байрнуудын дундах хуучин тоглоомын талбайг өөрчилж доороо 82 автомашины зогсоолтой, дээрээ тоглоомын талбай бүхий төсөл хэрэгжүүлэх болсон, ажил явуулахад хөрөнгө хэрэгтэй, хөрөнгөө оруулчих, цаашдаа хамтраад ажиллах санал тавьсан тул миний эзэмшлийн ланд круйзер 100 маркийн 35-07 УНЛ улсын дугаартай автомашиныг 20 сая төгрөгт тооцож авч, өөрийн нэр дээр шилжүүлж аваад цааш нь зарсан. С.Б нь газрын зөвшөөрөл болон бусад бичиг баримт нь 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр гэхэд гаргуулж ажил эхлүүлнэ, тэгж чадахгүй бол би өөрөө бүх хариуцлагыг хүлээнэ гэж баталгаа гаргаж нотариатаар гэрчлүүлж гарын үсэг зурсан боловч дурдсан хугацаанд бичиг баримт гаргаагүй бөгөөд өөрөө хариуцлагаа хүлээхгүй арга саам хийсээр байгаад Сансарт байрлалтай авто зогсоол нэг ширхэг, дүүгийнхээ приус 10 маркийн автомашин нэг, шарга морьтод 4 айлын газар өгье гэсэн. Иймээс тохиролцож гэрээ байгуулан авто зогсоолыг 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 5 сая төгрөгт тооцож авсан. Тухайн үед приус 10 маркийн автомашиныг дүү нар нь надад авч ирж үзүүлсэн ба тэр машиныг зарж өгнө гэж худал хэлээд надад өгнө гэж байсан болохоор нь би аваагүй, 2 дүү нь өрөнд өгөх гэж байгааг мэдэхгүй байсан. Иймд авто зогсоолыг 5 сая төгрөгөөр тооцож авсан тул үндсэн шаардлага 10 сая төгрөг байсныг нэмэгдүүлж, 20 000 000 төгрөгийг хариуцагч С.Бгаас нэхэмжилнэ гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Б.Б, М.Болдбаатар нартай дээрээ хүүхдийн тоглоомын талбай, доороо 85 машины зогсоолын барилгажилтын ажилд хөрөнгө оруулалтын зорилгоор Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 9 дүгээр байрны 25 тоотын гэрчилгээ нь гараагүй байрыг 65 сая төгрөгт, мөн 1996 оны Ланд 100 маркийн 3507 УНЛ улсын дугаартай автомашиныг 25 сая төгрөгт бодож авсан. Гэрээгээ хийж нотариатаар орсноос 20 хоногийн дараа М.Болдбаатар байраа буцаан авсан. Ингээд бидний хооронд хийсэн хэлцэл цуцлагдаж дууссан. Б.Бын автомашин болох Ланд 100 маркийн автомашиныг 2016 оны автомашины ханшаар 15 сая төгрөгөөр зарж борлуулсан. Түүний автомашин нь Дөлгөөн нуурын автомашины засварын газрын хашаанд хөдөлгөөнгүй байсан. Ингээд 2017 оны 4 сард хоорондоо тохиролцож үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ нь гарсан дээрээ тохижилт бүхий автозогсоолыг Б.Бын нэр дээр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулж өгсөн. Хоорондын тохиролцоонд ямар нэг асуудалгүй, өр авлагагүй гэж тохиролцсон. Миний барьж байгуулсан дээрээ тоглоомын талбай, доороо автомашины зогсоол нь үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарч бүгд 20-22 сая төгрөгт зарж борлуулагдаад дууссан. Иймд би Б.Бд өгсөн үл хөдлөх хөрөнгө болох автозогсоолыг 22 сая төгрөгөөр үнэлж байгаа тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 182/ШШ2018/01210 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 205.2, 205.2.2-т зааснаар хариуцагч С.Бгаас 6 974 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Бд олгож, нэхэмжлэлээс үлдэх 13 026 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар Б.Баас төлсөн 350 000 төгрөгнөөс төлбөл зохих 257 950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, илүү төлсөн 42 050 төгрөгийг буцаан олгож, хариуцагч С.Бгаас 126 534 төгрөг гаргуулж Б.Бд олгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 1701 дүгээр магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 182/ШШ2018/01210 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 205 дугаар зүйлийн 205.1, 205.2, 205.2.2-т гэснийг 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126 550 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Энхтүвшин хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг хяналтын журмаар гаргаж байна. Анхан шатны шүүхээс 6 974 000 төгрөгийг С.Бгаас гаргуулж Б.Бд олгохоор шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Давж заалдах шатны шүүх магадлалдаа Иргэний хуулийн 275.1, 274.3 дахь хэсэгт зааснаар худалдах худалдан авах гэрээний зохицуулалтанд хамаарах ба 243.7 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүхээс Б.Б, Б.С.Б хоёрын хооронд арилжааны гэрээ байгуулагдсан учир худалдах худалдан авах гэрээний зохицуулалт нэгэн адил хамааруулахаар дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Учир нь С.Б нь Б.Б, М.Болдбаатар нартай 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр дээрээ хүүхдийн тоглоомын талбайтай, авто зогсоол барих ажилд хөрөнгө оруулалтаар БЗД, 2-р хороо, 9-25 тоот хаягт байрлах орон сууц 65 000 000 төгрөгт, 35-07УНЛ улсын дугаартай ланд 100 маркийн авто машиныг 25 000 000 төгрөгт бодож баталгаа бичиж өгсөн. Уг баталгааг бичиж өгөхдөө орон сууц хамт байсан учраас мөн уг авто машиныг сайн үзэж хараагүй байхдаа 25 000 000 төгрөгт үнэлсэн. Гэтэл бодит байдал дээр уг авто машин нь маш их эвдрэл гэмтэлтэй байсан бөгөөд С.Б би уг авто машиныг 15 000 000 төгрөгөөр худалдан борлуулсан. Энэ нь шүүх хуралдааны явцад өгсөн гэрчийн мэдүүлгээр тогтоогддог. Өөрөөр хэлбэл Б.Б нь 35-07УНЛ улсын дугаартай ланд 100 маркийн авто машиныг 25 000 000 төгрөгт бодож өгсөн боловч бодит байдал дээр 15 000 000 төгрөгөөр зарагдсан. Талуудын хооронд хамтран ажиллах гэрээ амаар байгуулагдсан бөгөөд орон сууцаар хөрөнгө оруулахаасаа татгалзсаны улмаас гэрээ цуцлагдсан. Уг автомашиныг 15 000 000 төгрөгөөр худалдан борлуулсан дээр нэхэмжлэгч маргадаггүй. С.Б би 2017 оны 04 дүгээр сард Б.Бтай харилцан тохиролцож Баянзүрх дүүрэг, 7-р хороо, 15-р хороолол, Их тойруу гудамж, 30/1-3 тоот хаягт байрлах нэг машины авто зогсоолыг ланд круйзер маркийн авто машины оронд шилжүүлэн өгч төлбөр тооцоогоо хаасан. Гэтэл 2018 оны 02 дугаар сард үндэслэлгүйгээр С.Б надаас 10 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. 2017 оны 04 дүгээр сараас 2018 оны 02 дугаар сар хүртэл зөрүү мөнгөний талаар ямар ч шаардлага тавьж байгаагүй хирнээ С.Б намайг зуслангийн газар зарах сургаар үндэслэлгүйгээр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Талууд хэдийгээр тооцоо нийлсэн баримт бичгээр үйлдээгүй боловч 2017 оны 04 дүгээр сард харилцан тохиролцож тооцоо дууссан. Гэтэл нэхэмжлэгч уг автомашиныг худалдан борлуулсан үнэ дээр маргаагүй байхад С.Бгаас дахин 6 974 000 гаргуулж Б.Бд олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Талуудын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдсан бөгөөд гэрээ цуцлагдсантай холбоотойгоор өгсөн, авснаа харилцан буцаах ёстой боловч авто машин гуравдагч этгээдийн өмчлөлд шилжиж, биет байдлаар нь буцаан өгөх боломжгүй болсон тул үнийг төлөх буюу авто машины үнэд тооцож авто зогсоол нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлж өгсөн. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Шүүхийн шийдвэр, магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.
Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, хэрэгт цугларсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу үнэлсэн, хариуцагчаас 6 974 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосон нь үндэслэлтэй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхино.
Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч С.Бд холбогдуулан 10 000 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 20 000 000 төгрөг болгон нэмэгдүүлжээ. Хариуцагч үүргээ бүрэн биелүүлсэн гэсэн үндэслэлээр маргажээ.
Хэрэгт байгаа баримтын хүрээнд зохигчид нь дээрээ хүүхдийн тоглоомын талбайтай, доороо автомашины зогсоол барих зорилгоор хамтран ажиллахаар тохирсон, гэрээний дагуу нэхэмжлэгч Б.Б нь 25 000 000 төгрөгт тооцож Ланд 100 маркийн автомашиныг хөрөнгө оруулахаар шилжүүлсэн боловч 20 хоногийн дараа талууд гэрээг цуцалж, хариуцагч С.Б нь автомашиныг буцааж төлөхөөр тохирсон үйл баримт тогтоогдсон байна. Уг гэрээний дагуу өөр этгээд буюу иргэн М.Болдбаатар орон сууцаар хөрөнгө оруулсан боловч хөрөнгөө буцаан авчээ. Гэрээнд Б.Бын оруулсан Ланд 100 маркийн автомашиныг 25 000 000 төгрөг, М.Болдбаатарын оруулсан орон сууц 65 000 000 төгрөг ...гэж тусгасан байна.
Зохигчдын хооронд үүссэн гэрээг анхан шатны шүүх хамтран ажиллах гэрээ гэж зөв дүгнэсэн байхад давж заалдах шатны шүүх арилжааны гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 476 дугаар зүйлийг зөрчсөн байна. Зохигч талуудын хооронд эд хөрөнгө худалдах, худалдан авах эсвэл арилжих хүсэл зориг байгаагүй, харин хамтын үйл ажиллагааг явуулахаар хөрөнгө оруулсан, уг тохиролцоог маргаагүй байхад давж заалдах шатны шүүх эрх зүйн харилцааг оновчтой тодорхойлж чадаагүй байна.
Харин хоёр шатны шүүх гэрээнээс татгалзсан үйл баримтыг Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д заасны дагуу үндэслэлтэй дүгнэсэн тул шийдвэр, магадлалд хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж өөрчлөлт оруулна.
Талууд хамтран ажиллах гэрээнээс татгалзсан бол гэрээний дагуу шилжүүлсэн зүйлийг харилцан буцааж өгөх үүрэг үүсэхийг Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д заасан байна.
Хариуцагч нь нэхэмжлэгчийн автомашиныг бусдад худалдаж, биетээр буцаан өгөх боломжгүй болсон тул үнийг төлөх үүрэгтэй болсон ба уг үнэд Баянзүрх дүүрэг 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, Их тойруу гудамж, 30/1-3 тоот хаягт байрлах 14.56 м.кв талбайтай автозогсоолыг харилцан тохиролцож шилжүүлснээр үүрэг дуусгавар болсон гэсэн бол нэхэмжлэгч нь автозогсоолыг 5 000 000 төгрөгт тооцож авсан, үлдэх мөнгөө гаргуулна гэж маргасан байна. Үүнээс үзвэл нэхэмжлэгчид шилжүүлсэн автозогсоолын үнэ маргааны зүйл болжээ.
Шүүх хариуцагчийн өмгөөлөгчийн шинжээч томилуулах хүсэлтийг хангаж, 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 182/ШЗ2018/03499 дугаар шүүгчийн захирамжаар Хөрөнгө эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилсон, шинжээч нь автозогсоолыг 18 026 000 төгрөгийн үнэтэй гэж тогтоосон, /хх-69-99/, нэхэмжлэгч Б.Б нь хариуцагчаас 25 000 000 төгрөгийг авахаас 18 026 000 төгрөгийн үнэ бүхий автозогсоолыг авсан тул үлдэх 6 974 000 төгрөгийг шаардах эрхтэй гэж үзэж, энэ хэмжээнд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр, магадлал Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсгийг зөрчөөгүй байна.
Хариуцагч нь автомашины үнэ доголдлын улмаас буурсан тул 15 000 000 төгрөгөөр бусдад худалдсан гэж маргасан боловч татгалзлаа нотлоогүй байв.
Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэр, магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 1701 дүгээр магадлалын 1 дэх заалт, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 182/ШШ2018/01210 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч С.Бгаас 6 974 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Бд олгож, нэхэмжлэлээс үлдэх 13 026 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчилж, магадлал болон шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 128 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЦАГААНЦООЖ
ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА