Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Пунцагийн Золзаяа |
Хэргийн индекс | 181/2017/03690/и |
Дугаар | 001/ХТ2019/00033 |
Огноо | 2019-01-08 |
Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2019 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 001/ХТ2019/00033
А.Аийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2018/01347 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 1828 дугаар магадлалтай,
А.Аийн нэхэмжлэлтэй
НШШГГт холбогдох
ШШГЕГ-ынШийдвэр гүйцэтгэх албаны дарга, Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч, дэд хурандаа С.Батбямбын 2017 оны 10 сарын 19-ний өдрийн 5/1740 дугаар бүхий өргөдөлд хариу өгөх тухай албан бичиг, НШГАны ахлах шийдвэр гүйцэтгэгч Б.Дгийн 2017 оны 10 сарын 25-ны өдрийн 4/768 дугаар хариу мэдэгдэх хуудас албан бичиг болон Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албаны 2017 оны 05 сарын 10-ны өдрийн албадан дуудлага худалдаагаар борлогдоогүй төлбөрт хураагдсан орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг төлбөрт тооцон төлбөр авагчид санал болгох ажиллагааг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн өмгөөлөгч П.Ганбилэгийн гаргасан хяналтын гомдлоор
шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Уранчбилэг нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 6054 дугаар захирамжаар Б.Наранчимэгт 71 477 200 төгрөг төлөхөөр болсон. Барьцаанд Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 5 дугаар байр, 43 тоот хаягт байрлах 39 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг барьцаалсныг НШГАнаас битүүмжилж, хурааж, 2 удаа дуудлага худалдаанд оруулсан боловч борлогдоогүй гэдэг үндэслэлээр НШГА нь миний байрыг Б.Наранчимэгт 37 000 000 төгрөгт тооцон өгч, үлдэгдэл төлбөрийг шүүхийн шийдвэргүйгээр гаргуулахаар удаа дараа мэдэгдэл өгсөн тул шийдвэр гүйцэтгэгч н.Хажидмаагийн мэдэгдэх хуудсыг эс зөвшөөрч тасгийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч Б.Дд хандаж, дараа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дагуу ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид хандаж тус тус хариуг аваад шүүхэд хандаж байна. ШШГЕГ-ын 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр гаргасан хариундаа миний хаягийг Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, 21а байр 7 тоот гэж буруу бичиж явуулснаас хугацаа алдаж 2017 оны 11 дүгээр сарын 13-ний өдөр хүлээж авсан. Гэтэл НШГАнаас 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 156/04 тоот мэдэгдэх хуудсаар байраа чөлөөл гэсэн мэдэгдэл ирсэн. НШГА нь миний эрх ашгийг удаа дараа зөрчиж байгаа тул НШГАны 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 5/1740, 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 4/768 тоот тогтоолуудыг тус тус хүчингүй болгож өгнө үү. Мөн орон сууцыг төлбөр авагчид санал болгох ажиллагаа хуулийн дагуу явагдаагүй тул хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 6054 дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагч Арслангийн А.Аээс 71 477 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Наранчимэгт олгохоор шийдвэрлэсэн. Хариуцагч нь сайн дураар шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй учраас төлбөр авагчийн хүсэлтийг үндэслэн шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан. Талууд үнэлгээн дээр тохиролцоогүй учраас барьцаа хөрөнгийг шинжээч томилж шинжээч 74 000 000 төгрөгөөр үнэлсэн. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно гэж заасны дагуу барьцаа хөрөнгийг 51 800 000 төгрөгөөр үнэлж анхны албадан дуудлага худалдаанд оруулсан боловч үнийн санал ирээгүй, худалдан борлогдоогүй. Мөн Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4 дэх хэсэгт харилцан тохиролцож тогтоосон, эсхүл үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 50 хувиар тооцон тогтооно гэж заасны дагуу 37 000 000 төгрөгөөр үнэлж хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулсан боловч үнийн санал ирээгүй, худалдан борлогдоогүй. Санал болгох хурал 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр болсон ба үүнд төлбөр авагч Б.Наранчимэг, төлбөр төлөгч А.А, барьцаа хөрөнгийн хамтран өмчлөгч А.Отгоннэргүй нар оролцсон. Санал болгох хурлаар төлбөр төлөгчид төлбөрөө төлж барьцаа хөрөнгөө авах 21 хоногийн хугацаа өгсөн боловч нэг ч төгрөг төлөөгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3 дах хэсэгт арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш, энэ тухай мэдээгүй бол олж мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж болно, 44.4-т Ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж, тогтоол гаргана. Тогтоолыг зөвшөөрөөгүй тохиолдолд хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргана гэж тус тус заасан байдаг. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дах хэсэгт хуульд заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн тохиолдолд гаргасан гомдлыг гомдол гаргагчид буцааж, гомдол гаргаагүйд тооцно гэж заасан нь нэхэмжлэгч А.А гомдол, нэхэмжлэл гаргах эрхгүй байна. Нэхэмжлэгч А.А хуульд заасны дагуу санал болгох хурлаас хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаагүй мөртлөө 5 сарын дараа шууд шүүхэд нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх нэрийдлээр санал болгох хурлыг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь нь гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн гэж заасныг тус тус зөрчсөн. Иймээс шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна. Төлбөр төлөгч А.А нь шүүхэд хууль зүйн үндэслэлгүйгээр нэхэмжлэл гаргаж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг санаатайгаар удаашруулж, төлөх ёстой төлбөрөөсөө нэг ч төгрөг төлөөгүйн дээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулж, 2013 оны 9 дүгээр сарын 02-ний өдөр авсан зээлээ төлөхгүй 5 жил болж, шүүхэд 2014 оны 10 дугаар сард нэхэмжлэл гарган хүү зогссоноос хойш 4 жил мөнгийг хүүгүйгээр ашиглаж төлбөр авагчийн эрх ашгийг ноцтой хохироож байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2018/01347 дугаар шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2002 он/-ийн 34 дүгээр зүйлийн 34.3., 48 дугаар зүйлийн 48.7 дахь заалтыг тус тус баримтлан НШГАны явуулсан 2017 оны 05 сарын 10-ны өдрийн санал болгох ажиллагааг хүчингүй болгож, ШШГЕГ-ынШийдвэр гүйцэтгэх албаны дарга, Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 10 сарын 19-ний өдрийн 5/1740 дугаар бүхий Өргөдөлд хариу өгөх тухай албан бичиг, НШГАны ахлах шийдвэр гүйцэтгэгч Б.Дгийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 4/768 дугаар хариу мэдэгдэх хуудас албан бичгийг тус тус хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дахь заалтад зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 140 400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 1828 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2018/01347 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч П.Ганбилэг хяналтын гомдолдоо: Магадлалыг үндэслэлгүй гэж үзэж, эс зөвшөөрч хяналтын журмаар дараах гомдлыг гаргаж байна. Шүүхийн шийдвэрийг нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэл нь санал болгох хурал 2017.05.10-ны өдөр болсон ба үүнд төлбөр авагч Б.Наранчимэг, төлбөр төлөгч А.А, барьцаа хөрөнгийн хамтран өмчлөгч А.Отгоннэргүй нар оролцсон. Санал болгох хурлаар төлбөр төлөгчид төлбөрөө төлж барьцаа хөрөнгөө авах 21 хоногийн хугацаа өгсөн боловч нэг ч төгрөг төлөөгүй. Давах шатны шүүх “А.Алтапцэцэг санал болгох хуралд оролцсон ба санал болгох ажиллагааны шийдвэрийг хүчингүй болгох өргөдөл гаргасанд хариуцагч талаас 2017.05.22-ны өдрийн 03 дугаар тогтоолоор шийдвэрлэсэн. Уг тогтоолыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэгч А.А шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүх нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэсэн болох нь тогтоогдож байна” гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь А.А нь санал болгох хурлын шийдвэрийг хүчингүй болгох гомдлыг шүүхэд гаргасан боловч Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017.07.03-ны өдрийн 9657 дугаартай захирамжийг харвал “нэхэмжлэгч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүйгээс нэхэмжлэл буцаагдсан байна. ИХШХШТХуулийн 25 дугаар зүйлийн 25.2.3-Т “шүүхийн дуудсанаар хүрэлцэн ирэх үүрэгтэй” гэж заасан байхад нэхэмжлэгч А.А нь энэ үүргээ биелүүлэлгүйгээр нэхэмжлэлийг буцаасан нь нэхэмжлэгч А.А өөрийн эрх, үүргээ хэрэгжүүлээгүйг нотолж байна. Үүнээс үзэхэд 2017.07.03-ны өдрөөс нэхэмжлэл гаргах хүртэл буюу 2017.11 сар хүртэлх хугацааг хэтрүүлснийг шүүх тооцож үзэлгүйгээр нэхэмжлэл гаргах хугацаа дуусаагүй байна гэж дүгнэж байгаад гомдолтой байна. Хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн анх гаргасан үндсэн нэхэмжлэлийн шаардлага нь санал болгох хурлыг хүчингүй болгуулах бус байр чөлөөлөх мэдэгдэлд гомдол гаргасныг хүлээн аваагүй ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2017.10.19-ний өдрийн 5/1740, Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2017.10.25-ны өдрийн 4/768 тоот тогтоолуудыг тус тус хүчингүй болгох шаардлага байгааг анхан болон давах шатны шүүхүүд анхаарч үзсэнгүй. Энэхүү байр чөлөөлөх мэдэгдлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг далимдуулан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх нэрийдлээр гомдол гаргах хугацаа дууссан санал болгох хурлын шийдвэрийг хүчингүй болгуулах тухай асуудлаа тавьсныг шүүх хүлээн авч шийдвэрлэсэн нь хууль бус байна. Санал болгох хурлаас хойш 5 сарын дараа шүүхэд нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх нэрийдлээр санал болгох хурлыг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь 1-т гомдол гаргах хуулийн хугацааг хэтрүүлсэн, 2-т ИХШХШТхуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т “шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн...” гэж заасныг тус тус зөрчсөн. Өөрөө хэлбэл ахлах шийдвэр гүйцэтгэгчид санал болгох хурлыг хүлээн зөвшөөрөхгүй тухай гомдлоо гаргаагүй. Иймээс шүүх ИХШХШТХуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Төлбөр төлөгч А.А нь шүүхэд хууль зүйн үндэслэлгүйгээр нэхэмжлэл гаргаж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг санаатайгаар удаашруулж, төлөх ёстой төлбөрөөсөө нэг ч төгрөг төлөөгүйн дээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулж, 2013.9.02-нд авсан зээлээ төлөхгүй 5 жил болж, шүүхэд 2014.10 сард нэхэмжлэл гарган хүү зогссоноос хойш 4 жил мөнгийг хүүгүйгээр ашиглаж төлбөр авагчийн эрх ашгийг ноцтой хохироож байна. Сонгинохайрхан дүүргийн 18 хороо, 5 байрны 43 тоот хаягт байрлах энэхүү орон сууц нь 5 шард байрладаг хуучны 5 давхар байр юм. Энэ байр нь байршлын хувьд, барилгын эдэлгээний хувьд ч тэр одоогийн ханшаар маш бага үнэлгээтэй. 2 удаагийн дуудлага худалдаанд ороод 37 000 000 хүртэл буухад нэг ч үнийн санал ирээгүй, худалдан борлогдоогүй байрыг төлбөр авагч 71 000 000 төгрөгний төлбөрт тооцон авахад хохиролтой байгааг шүүх анхаарч үзэхгүй зөвхөн нэг талыг барьж шийдсэнд гомдолтой байна. Иймд магадлал, шийдвэрийн НШГАны 2017.05.10-ны өдрийн санал болгох ажиллагааг хүчингүй болгосон хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй боловч нэхэмжлэлийн шаардлагыг зөв тодорхойлж шийдвэр, магадлалд тусгаж чадаагүй тул зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж үзэв.
А.А нь 2017 оны 11 сарын 15-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, хариуцагч НШГАнд холбогдуулан Шийдвэр гүйцэтгэх албаны дарга, Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч, дэд хурандаа С.Батбямбын 2017 оны 10 сарын 19-ний өдрийн 5/1740 дугаартай Өргөдөлд хариу өгөх тухай албан бичиг, НШГАны ахлах шийдвэр гүйцэтгэгч Б.Дгийн 2017 оны 10 сарын 25-ны өдрийн 4/768 дугаар хариу мэдэгдэх хуудас болон Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албаны 2017 оны 05 сарын 10-ны өдрийн албадан дуудлага худалдаагаар борлогдоогүй төлбөрт хураагдсан орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг төлбөрт тооцон төлбөр авагчид санал болгох ажиллагааг хүчингүй болгуулах шаардлагыг гаргажээ.
Нэхэмжлэлийн шаардлага нь албадан дуудлага худалдаагаар борлогдоогүй орон сууцыг төлбөртөө тооцон авахыг төлбөр авагчид санал болгосон шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулах агуулгатай байна. Харин нэхэмжлэлд тусгасан Шийдвэр гүйцэтгэх албаны ерөнхий шийдвэр гүйцэтгэгч,ахлах шийдвэр гүйцэтгэгчийн албан бичиг нь нэхэмжлэгчээс дээрх ажиллагааны талаар гомдол гаргаж, гомдолд өгсөн хариу байхад бие даасан шаардлага гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д нийцээгүй байна. Төлбөр авагчид борлогдоогүй хөрөнгийг санал болгох ажиллагаа, уг ажиллагаанд гаргасан гомдлыг хянаад хариу өгсөн явдал нь агуулгын хувьд Шийдвэр гүйцэтгэх алба нэг ажиллагааны талаар шийдвэр гаргасан тул тусад нь авч хэлэлцэх шаардлагагүй, уг хүсэлт нь нэхэмжлэлийн шаардлага биш юм.
Шүүх энэ талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлтийг хийсэн боловч нэхэмжлэлийн шаардлага гэж үзэж, хэрэгсэхгүй болгосон нь буруу болсон тул шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулна.
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 12 сарын 17-ны өдрийн 6054 дугаар захирамж, 2015 оны 03 сарын 03-ны өдрийн гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахдаа 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дагуу барьцааны зүйл болох орон сууцыг битүүмжлэн, хураан авч, төлбөр авагч, өмчлөгч нараас үнийн санал авах, шинжээч томилох, албадан дуудлага худалдааг тус тус явуулсан байна.
А.А нь төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ, анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасныг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 сарын 29-ний өдрийн 101/ШШ2016/01189 дугаар шийдвэрээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7-д “Албадан дуудлага худалдаагаар борлогдоогүй Монгол Улсын иргэнд өмчлүүлсэн газраас бусад үл хөдлөх эд хөрөнгийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахад гарсан зардлыг хасаж төлбөртөө тооцон авахыг төлбөр авагчид санал болгоно...” гэж заасны дагуу НШГА албадан дуудлага худалдаагаар борлогдоогүй орон сууцыг төлбөр авагчид санал болгохдоо хоёр дах албадан дуудлага худалдааны доод үнээр тооцсон нь хууль зөрчсөн талаар хоёр шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийжээ. А.А нь 71 477 200 төгрөгийг төлөх үүрэгтэй ба шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэлгээг 74 000 000 төгрөг гэж тогтоосон, гэтэл дуудлага худалдаагаар борлогдоогүй орон сууцыг 37 000 000 төгрөгт тооцож өгөхөөр санал болгосон нь хуульд нийцээгүй байна. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба санал болгох ажиллагаа хийхдээ төлбөрийг барагдуулахын тулд төлбөрийн хэмжээ, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнийг харьцуулан зохистой гэж үзсэн тохиолдол санал болгох нь зүйтэй байжээ.
Хоёр шатны шүүх санал болгох ажиллагааг хүчингүй болгож шийдвэрлэхдээ шүүхэд гомдол гаргах хугацаа, журмын талаар хийвэл зохих дүгнэлтийг хийж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7-д заасан зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн тул “нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулах”-ыг хүссэн хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 1828 дугаар магадлал, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2018/01347 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...ШШГЕГ-ынШийдвэр гүйцэтгэх албаны дарга, Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 10 сарын 19-ний өдрийн 5/1740 дугаар бүхий “Өргөдөлд хариу өгөх тухай” албан бичиг, НШГАны ахлах шийдвэр гүйцэтгэгч Б.Дгийн 2017 оны 10 сарын 25-ны өдрийн 4/768 дугаар “хариу мэдэгдэх хуудас” албан бичгийг тус тус хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.” гэсэн хэсгийг хасч, “...хүчингүй болгож, ...гэснийг хүчингүй болгосугай ...гэж тус тус өөрчилж, магадлал болон шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЦАГААНЦООЖ
ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА