| Шүүх | Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ядамсүрэнгийн Туул |
| Хэргийн индекс | 166/2018/0097/Э |
| Дугаар | 44 |
| Огноо | 2018-06-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Идэр |
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 06 сарын 11 өдөр
Дугаар 44
А.К-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:
Даргалагч шүүгч Я.Туул
Шүүгчид Б.Манлайбаатар
Ц.Амаржаргал
Прокурор Н.Идэр
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Булган
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Туяацэцэг нар оролцож,
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Одын даргалж 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хийсэн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааны 118 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.К-ийн бичсэн давж заалдах гомдлоор Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А-ийн К-д холбогдох эрүүгийн 1818000960094 тоот 1 хавтас хэргийг 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Я.Туулын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Б- овогт А-ийн К- /РД:**********/ нь 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 19:00 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Мемори” бааранд хувийн таарамжгүй харьцааны улмаас Б.Л-ыг зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх А.К-д холбогдох хэргийг хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд, түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 900.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.
Шүүгдэгч А.К- шүүхэд ирүүлсэн давж заалдах гомдолдоо: “...хохирогч Б.Л- нь намайг дүлий гичий гэх зэргээр миний сонсголын бэрхшээлтэй байдлаар хэл амаар доромжилж, миний баруун гарын долоовор, дунд хурууг арагш хүчтэй дарж хавдсан байхад дүгнэлтэндээ тусгаагүй. Миний хоёр хуруу хавдаад хөдөлгөж болохгүй 2 сарын дараа шүүх эмнэлэгт үзүүлэхэд хавдар нь арилаагүй байсан. Миний хувьд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн байхад Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1 болон 1.4-д заасан нөхцлийг харгалзан үзэж хэрэглэсэнгүй. Би хэдэн жилийн өмнө осолд орсны улмаас 2 чих сонсгол муудсан одоо болтол амьдралын боломжгүйгээс эмчилгээ хийлгэж чадахгүй байгаа, бага насны хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй. Орон сууцны подвал түрээслэж комиссын бараа зарж амьдралаа залгуулдаг, орлого маш бага байдаг тул дээрх үндэслэлүүдийг харгалзаж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж торгуулийн ялын доод хэмжээгээр ял оногдуулахыг хүсэж байна.” гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Булган: Шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Анхан шатны шүүх А.К-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-т “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан. Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч А.К-д 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргасан байтал анхан шатны шүүх түүнд 900.000 төгрөгөөр торгох ял оногдуулж алдаа гаргасан учраас анхан шатны шүүхийн дээрх алдааг засч А.К-д 450.000 төгрөгийн торгох ял оногдуулж өгнө үү гэсэн саналтай байна гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Н.Идэр гаргасан тайлбар, дүгнэлтэндээ: Илтгэгч шүүгчээс хэргийн талаар, анхан шатны шүүхийн шийдвэр, шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдол зэргийг танилцуулсан учраас улсын яллагчийн зүгээс давхардуулах шаардлагагүй гэж үзэж байна. Шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдол, түүний өмгөөлөгчийн гаргасан тайлбарт дараах зүйл хэлье. Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч А.К-д 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан. Гэтэл шүүгдэгч нь анхан шатны шүүх хуралдааны шатанд шүүхийг үл хүндэтгэсэн үг хэллэг хэлж, тухайн хэргийг үйлдээгүй гэж мэдүүлсэн учраас дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүх шүүгдэгч А.К-д 900.000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулсан. Шүүгдэгч А.К- нь одоогийн байдлаар өөрийн үйлдсэн хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Шүүгдэгчид оногдуулсан ялыг хөнгөрүүлэх нь давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээний асуудал гэж улсын яллагчийн зүгээс үзэж байна гэв.
Тодорхойлох нь:
А.К- нь 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 19:00 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мемори” бааранд Б.Л-тай маргалдаж, түүнийг зодож биед нь гэмтэл учруулсан үйл баримт тогтоогджээ.
А.К-ийн дээрх үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй гэж үзээд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх А.К-д холбогдох хэргийг хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэцээд А.К-ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 900 нэгжтэй тэнцэх буюу 900.000 төгрөгөөр торгох шийтгэжээ.
Шүүгдэгч А.К-ийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэл болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаах нь зүйтэй гэж үзлээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтаар А.К- нь хохирогч Б.Л-тай “Мемори” бааранд маргалдаж улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь тогтоогдсон байгаа боловч прокуророос хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлэхдээ энэ хуулийн 17.3 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3-д заасан шаардлагыг хангаагүй, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийнхаа талаар маргаж байхад хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүх хуралдаан оролцсон прокурорын санал болгосон ялыг нэмэгдүүлж шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-д заасан нөхцөл байдал хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг 17.4 дүгээр зүйлийн 6-д зааснаар прокурорт буцаах зохицуулалттай байгаа учраас хэргийг анхан шатны урьдчилсан хэлэлцүүлэгт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Хэргийг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаасан тул шүүгдэгч А.К-ийн давж заалдах гомдлын үндэслэлийн талаар дүгнэлт хийх боломжгүй байгааг дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 118 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, А.К-д холбогдох эрүүгийн 1818000960094 тоот 1 хавтас хэргийг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2. Шүүгдэгч А.К-д авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.2 дах хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Я.ТУУЛ
ШҮҮГЧИД Б.МАНЛАЙБААТАР
Ц.АМАРЖАРГАЛ