Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 221/МА2023/0205

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 “П” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Хонинхүү                        

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Мөнхтулга

Илтгэсэн шүүгч Д.Баатархүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Үлэмж

Нэхэмжлэгч: “П” ХХК

Хариуцагч: Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ч.Энхтуяа, Р.Цэнгэлбаяр нар

Нэхэмжлэлийн шаардлага: “... Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ч.Энхтуяа, Р.Цэнгэлбаяр нарын 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр үйлдсэн НА-23210000157 тоот нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2022/0856 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б, хариуцагч Ч.Э, Р.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д, Ц.Т

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж

Хэргийн индекс: 128/2022/0645/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “П” ХХК-иас Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ч.Энхтуяа, Р.Цэнгэлбаяр нарт холбогдуулан “... Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ч.Энхтуяа, Р.Цэнгэлбаяр нарын 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр үйлдсэн НА-23210000157 тоот нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2022/0856 дугаар шийдвэрээр: Зөрчлийн тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1. 2.4 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ч.Энхтуяа, Р.Цэнгэлбаяр нарын 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн НА-26210000157 дугаартай нөхөн ногдуулалтын актыг 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж, тогтоосон хугацаанд шинэ акт гаргаагүй бол нөхөн ногдуулалтын акт хүчингүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2022/0856 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

3.1. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэснийг зөрчиж, хууль тогтоомжид нийцээгүй, үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна.

3.2. Шүүх шийдвэрийнхээ Үндэслэх хэсгийн 2-т “Засгийн газрын 2016 оны 81 дүгээр “Биржийн болон зах зээлийн үнийн эх сурвалжийн нэр зарлах тухай” тогтоолын 2 дугаар хавсралтаар “Зарим экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээ, үнэлгээний үндэслэл болгох Монгол банкны болон зах зээлийн үнийн эх сурвалжийн нэр” 6 дугаарт нүүрс гээд уг хэсгийн эх сурвалж болох гадаадын зах зээлд борлуулахаар байгуулсан гэрээний үнийг Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 174 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон бөгөөд үүнийг 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөнө гэж заасан байна.

3.3. Татвар төлөгч нь Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.12.3-д заасан татварын хяналт шалгалтад шаардлагатай санхүүгийн болон бусад баримтыг шаардсаны дагуу цахим болон цаасан хэлбэрээр татварын албанд гарган өгч, татварын хяналт шалгалтад хамрагдах үүрэгтэйг хуульчилсан. Гэтэл “П” ХХК нь хяналт шалгалтын үед нотлох баримтыг гаргаж ирүүлээгүй нь татварын улсын байцаагчийг буруутгах, түүний шийдвэрийг үгүйсгэх үндэслэл болохгүй.

3.4. Хэдийгээр “П” ХХК болон БНХАУ-тай хийсэн “Нүүрс худалдах, худалдах авах гэрээ” байсан ч түүнийг шууд үндэслэх эрх зүйн үндэслэл байхгүй болно. Учир нь Ашигт малтмалын тухай хулийн 47.2-т “Энэ хуулийн 47.16-д заасан борлуулалтын үнэлгээг дараахь журмаар тооцно”, 47.2.1-д “экспортод бүтээгдэхүүн гаргасан бол олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн тухайн сарын дунджийг тогтоох зарчмыг үндэслэн тухайн бүтээгдэхүүний, эсхүл түүнтэй адил төстэй бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийг баримтлан”, 47.14-т “Экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний үндэслэл болгох олон улсын жишиг үнэ тогтоодог биржийн, зах зээлийн үнийн эх сурвалжийн нэрийг тухайн бүтээгдэхүүний нэр төрлийг харгалзан Засгийн газар нийтэд зарлана, Засгийн газрын 2016 оны 81 дүгээр “Биржийн болон зах зээлийн үнийн эх сурвалжийн нэр зарлах тухай” тогтоолын 2 дугаар хавсралтаар “Зарим экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээ, үнэлгээний үндэслэл болгох Монголбанкны болон зах зээлийн үнийн эх сурвалжийн нэр” 6 дугаарт нүүрсийг “Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нүүрсийг гадаадын зах зээлд борлуулахаар байгуулсан гэрээний үнэ” гэж заасан.

3.5. Ийнхүү борлуулалтын үнэлгээг тооцохдоо Засгийн газрын 2014 оны 220 дугаар тогтоолоор “Гадаадын зах зээлд борлуулсан нүүрсэнд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах борлуулалтын үнэлгээ тооцох аргачлал”-ын дагуу хэрэгжүүлэхээр эрх бүхий этгээдээс батлан мөрдүүлсэн.

3.6. Аж ахуйн нэгжийн гадаад зах зээлд борлуулсан нүүрсийг дээрх хууль тогтоомжийн дагуу борлуулалтын үнэлгээг гэрээний үнээр эсхүл олон улсын зах зээлийн үнийг үндэслэн тооцох зохицуулалттай бөгөөд хянаж ГТЕГ-ын даргын 2016 оны 04 дүгээр сарын 29-ний А/136 тоот тушаалаар баталсан “Гадаадын зах зээлд борлуулсан нүүрс, төмрийн хүдэр, төмрийн хүдрийн баяжмалд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах борлуулалтын үнэлгээнд хяналт тавих заавар”-ын 3.4-т заасны дагуу энэхүү чиг үүргийг Том татвар төлөгчийн газрын Эрдэс баялаг, олон улсын татварын хэлтсээс хэрэгжүүлэн сар бүрээр мэдээ тайланг хянаж үнэлгээг тооцон татварын албадад чиглэл болгон ажиллаж байсан.

3.7. Дээрх хууль тогтоомжийг үндэслэн “П” ХХК-ийн тухайд 2018-2019 онд гадаад зах зээлд борлуулсан нүүрсний борлуулалтын үнэлгээг гэрээний үнээр тооцох эсэх асуудлыг чиг үүргийн дагуу татварын албанаас /Том татвар төлөгчийн газрын Эрдэс баялгийн татварын хэлтэс/ хянаж үзсэний үндсэн дээр шийдвэрлэх бөгөөд маргаан бүхий хяналт шалгалтын хугацаанд уг компанийг нүүрсний борлуулалтын үнэлгээг жишиг үнэ буюу бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнээр АМНАТ ногдуулан авах дүгнэлт шийдвэрийг татварын албанаас гаргаж байсан болно.

Дээр дурдсан үндэслэлээр “П” ХХК-ийн нүүрсний борлуулалтын үнэлгээг олон улсын зах зээлийн үнээр тооцон АМНАТ ногдуулсан нь үндэслэлтэй байх тул Нийслэл дэх анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлгүй байх тул 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 856 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

4. Нэхэмжлэгч талаас анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлын хүрээнд хянав.

2. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхиж шийдвэрлэв. Үүнд:

3. Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нар “Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж”, “Эрсдэлд суурилсан хяналт шалгалт хийх удирдамж”, 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 2621902558 тоот томилолтын дагуу “П” ХХК-ийн 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр НА-26210000157 дугаар нөхөн ногдуулалтын актаар 7,263,718,814.27 төгрөгийн зөрчилд 280,134,496.95 төгрөгийн нөхөн татвар, 85,434,593.07 төгрөгийн торгууль, 55,252,396.85 төгрөгийн алданги, нийт 420,821,486.87 төгрөгийн төлбөрийг төлбөр төлүүлэхээр шийдвэрлэжээ.

3.1. Уг актыг эс зөвшөөрч Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргасныг тус зөвлөлийн 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 20 дугаар тогтоолоор маргаан бүхий акт болох татварын улсын байцаагч Ч.Энхтуяа, Р.Цэнгэлбаяр нарын 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн НА-26210000157 дугаар нөхөн ногдуулалтын актыг хэвээр үлдээсэн байна.

3.2. Улмаар нэхэмжлэгч “П” ХХК-иас маргаан бүхий актыг хүчингүй болгуулахаар маргажээ.

3.3. Анхан шатны шүүхээс “... Хариуцагч Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ч.Энхтуяа, Р.Цэнгэлбаяр нар нь 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл “П” ХХК-д татварын хяналт шалгалт хийхдээ “П” ХХК болон БНХАУ-тай “Нүүрс худалдах, худалдан авах гэрээ” байгуулсан байхад Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 220 дугаар тогтоолын дагуу жишиг үнээр нөхөн татвар, торгууль, алданги ногдуулсан нь зөрчилтэй байна ... уг гэрээг нотлох баримтаар гаргаж өгсөн тохиолдолд “... Татварын ерөнхий газар болон Нийслэлийн татварын газарт шалгалт дахин хийгддэг, гэрээ нь хэр үндэслэлтэй талаар давхар хяналт шалгалт хийгдэх байсан” гэсэн хариуцагчийн тайлбар үндэслэлтэй ... хариуцагч нарыг буруутгах үндэслэл болохгүй хэдий ч гэрээг шаардан авах боломжтой байсан ... гэрээ үндэслэлтэй эсэх, гэрээнд заасан үнийн дүнгээр хяналт шалгалт хийх нь шүүх нэмж тодруулах зүйлийн цар хүрээ, шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн” гэж дүгнэн дахин шинэ акт гаргах хүртэл Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ч.Энхтуяа, Р.Цэнгэлбаяр нарын 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн НА-26210000157 дугаартай нөхөн ногдуулалтын актыг 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасантай нийцсэн байна.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдолдоо “... Татвар төлөгч нь Татварын ерөнхий хуулийн 41.12.3-д зааснаар татварын хяналт шалгалтад шаардлагатай санхүүгийн болон бусад баримтыг шаардсаны дагуу цахим болон цаасан хэлбэрээр татварын албанд гарган өгч, татварын хяналт шалгалтад хамрагдах үүрэгтэй ... ашигт малтмалын борлуулалтын орлогыг тооцохдоо Засгийн газрын 2014 оны 220 дугаар тогтоолоор батлагдсан “Гадаадын зах зээлд борлуулсан нүүрсэнд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах борлуулалтын үнэлгээ тооцох аргачлал”-ын дагуу хэрэгжүүлэхээр эрх бүхий этгээдээс батлан мөрдүүлсэн ... үүний дагуу хяналт шалгалт хийсэн татварын байцаагч нарын үйлдлийг буруутгах боломжгүй бөгөөд татвар ногдуулсан нь үндэслэлтэй ...” гэжээ.

5. Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.12-т “Татвар төлөгч нь татварын хяналт шалгалтад дараах эрх, үүрэгтэй байна”, 41.12.3-т “татварын хяналт шалгалтад шаардлагатай санхүүгийн болон бусад баримтыг шаардсаны дагуу цахим болон цаасан хэлбэрээр татварын албанд гарган өгч, татварын хяналт шалгалтад хамрагдах” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгчийн зүгээс маргааны үйл баримт болох борлуулалтын орлого тодорхойлоход шууд хамааралтай байж болох “Нүүрс худалдах, худалдан авах гэрээ”-г татварын хяналт шалгалтын явцад гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй ч энэ  шалтгаанаа “компанийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх удирдлага нь компанийг өөр хүнд худалдсантай холбоотой тухайн үед гаргаж өгч чадаагүй. Нэхэмжлэгч тал өөрсдөө хүсэлт гаргасан боловч гаалийн байгууллагаас гэрээгээ авч чадаагүй тул шүүхийн журмаар гаргуулсан” гэж тайлбарлаж байгааг буруутгах боломжгүй гэж шүүх үзэв.

6. Татварын ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “...татварыг зөвхөн Улсын Их Хурал татварын хуулиар бий болгох, тогтоох, өөрчлөх, хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох эрхтэй” гэж  зааснаар аливаа татварын харилцаанд тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомжийг хэрэглэж, татвар тооцох зарчимтай.

6.1. Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6-д “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төлөх журмыг Засгийн газар батална.” гэж заасан бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн “Биржийн болон зах зээлийн үнийн эх сурвалжийн нэр зарлах тухай” 81 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтад Зарим экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээ, үнэлгээний үндэслэл болгох Монголбанкны болон зах зээлийн үнийн эх сурвалжийн нэрийн 6-д “Нүүрс-Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нүүрсийг гадаадын зах зээлд борлуулахаар байгуулсан гэрээний үнэ” гэж заасан байна.

6.2. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд гаальд мэдүүлсэн үнэ, гэрээний үнэ, жишиг үнэ бүгд өөр, гэрээний үнээр тооцох байсан гэж маргасан байхад борлуулалтын орлогыг тооцохдоо тухайн цаг хугацаанд үйлчилж байсан Засгийн газрын тогтоолоор баталсан журмыг хэрэглэхгүйгээр “... нүүрсний борлуулалтын үнэлгээг олон улсын зах зээлийн үнээр тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулсан нь үндэслэлтэй” гэх хариуцагчийн гомдлыг хүлээн авах боломжгүй бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 220 дугаар тогтоолд заасан цаг хугацаанд “П” ХХК-ийн гадаад зах зээлд гаргасан 2018, 2019 оны нүүрсний борлуулалтын орлогыг жишиг үнээр тооцохооргүй байсан байна.

6.3. Энэ тохиолдолд татварын улсын байцаагч нар нь Засгийн газрын тогтоолыг буруу тайлбарлан хэрэглэж, Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 220 дугаар тогтоолд заасан жишиг үнээр тооцож төлбөр тогтоосон нь буруу байна.

6.4. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс “Нүүрс худалдах, худалдан авах гэрээ”-г гаргуулан хэрэгт хавсаргасан боловч татварын хяналт шалгалтын явцад шалгагдаагүй гэрээний дагуу маргаан бүхий актад дүгнэлт өгөх боломжгүй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэх судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж заасны дагуу Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ч.Энхтуяа, Р.Цэнгэлбаяр нарыг дахин шинэ акт гаргах хүртэл 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн НА-23210000157 дугаар нөхөн ногдуулалтын актыг 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь зөв болжээ.

7. Шүүхийн энэхүү магадлал нь хариуцагчаас татвар төлөгч “П” ХХК-ийн 2018-2019 онд гадаад зах зээлд борлуулсан нүүрсний борлуулалтын гэрээний үнэ бодитой эсэх, борлуулалтын тайлан, мэдээ үнэн зөв эсэхийг хянах, борлуулалтын үнэлгээг тооцох чиг үүрэгт саад болохгүй болохыг тэмдэглэв.

Иймд хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2022/0856 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д тус тус заасныг баримтлан хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                           Н.ХОНИНХҮҮ

 

 ШҮҮГЧ                                                          Г.МӨНХТУЛГА

ШҮҮГЧ                                                           Д.БААТАРХҮҮ