Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 96

 

Ц.Зоригтод холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

шүүгч Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор Ц.Бурмаа,

шүүгдэгчийн өмгөөлөгч  Б.Энхтуяа,

нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулан,

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 09 дүгээр шийтгэх тогтоол,

Төв аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 14 дүгээр магадлалтай, 201501070032 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Ц.Зоригт болон өмгөөлөгч Б.Энхтуяа нарын гаргасан гомдлоор хянан хэлэлцэв. 

Монгол Улсын иргэн, 1986 онд төрсөн, эрэгтэй, 2004 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын баривчлах ял, 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сар хорих, 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 сар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баримтлан хөнгөн ялыг хүндэд нь багтааж бүгд 5 жил 1 сар хорих ялаар шийтгүүлж, 2006 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 02 жил 05 хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлсэн,

2006 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 10 хоног баривчлах ялаар шийтгүүлсэн,

2007 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 10 хоног хорих ялаар шийтгүүлж, 2008 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 7 сар 23 хоногийн хорих ялыг хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

2011 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ялаар шийтгүүлж, 2013 оны 08 дугаар сарын 13-ны өдөр шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 7 сар 17 хоногийн хорих ялыг хугацааны өмнө тэнсэн суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Цолмонгийн Зоригт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.12, 91.2.15 дахь хэсэгт заасан “Танхайн сэдэлтээр, онц харгис хэрцгий аргаар  хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж хүнийг санаатай алах” гэмт хэрэгт холбогджээ.

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2 дахь хэсэгт зааснаар Прокурорын газраас Ц.Зоригтод холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.12, 91.2.15 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчилж, Ц.Зоригтыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар Ц.Зоригтод 10 жил 1 сар хорих ял оногдуулж, уг хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Төв аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 8 дахь заалтын “6,569,285 төгрөг” гэснийг “5,769,285 төгрөг” гэж өөрчилж, “Д.Мөнхтогтоход” гэсний дараа “Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1, 100 дугаар зүйлийн 100.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан” гэж нэмж, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Зоригт болон өмгөөлөгч Б.Энхтуяа нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосон байна.

Илтгэгч шүүгч Ч.Хосбаярын хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Бурмаа, өмгөөлөгч Б.Энхтуяа нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ц.Зоригт хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Давж заалдах шатны шүүх хэтэрхий нэг талыг баримтлан зөвхөн миний алдаа дутагдлыг харж шийдвэрлэсэн. Миний бие 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Д.Мөнхбаатарын хамт Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутаг Захарын даваа гэх газар руу самар түүхээр С.Хуягбаатараар даваа хүртэл хүргүүлээд, цаашаагаа явган явж байтал харанхуй болсон тул тэндээ амарсан. Намайг үүрээр сэрэхэд миний хоёр гутал алга болсон байсан. Тэгээд би босоод өрөөсөн гутлаа галын хажуугаас олсон. Мөн шатсан мөчир, модыг миний баруун хөлний хажууд хаясан байсан. Би Д.Мөнхбаатар ахад хандаж “та яаж байгаа юм бэ?” гэж хэдэн үг хэлэхэд миний үгийг даахгүй надруу уурлаж, намайг ална гэж хутгатай дайрсан бөгөөд би хоёр гараа тулж өөрөөсөө холдуулах үүднээс жийн тийрсэн. Надруу шууд дайрна гэж бодоогүй, зүүн хөлөө цамцаар ороогоод сууж байсан. Тухайн үед Д.Мөнхбаатарыг гэмтэл авсан талаар огт мэдээгүй, осгоод нас барчихлаа гэж бодож, цагдаад дуудлага өгсөн юм. Энэ гэмт хэргийг санаатайгаар үйлдээгүй ...” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтуяа хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Анхан болон давж заалдах шатны шүүх Ц.Зоригтод холбогдох хэргийн гэм буруутай эсэх нь мөрдөн байцаалтын шатанд хангалттай нотлох баримтаар нотлогдоогүй байхад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчиж хүнийг санаатай алах гэмт хэрэгт түүнийг эрх зүйн байдлыг дордуулан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэн, тайлбарлаж онц ноцтой хэрэгт ял тулган ял шийтгэл оногдууллаа. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ асуудалд дахин өнгөцхөн хандаж анхаарвал зохих үндэслэл бүхий гомдлыг эрс эсэргүүцэн үгүйсгэх, өмгөөлөгч миний үндэслэл бүхий санал, үгийг эсэргүүцэн таслан зогсоох зэргээр давж заалдах шатны шүүх хурал явагдсан бөгөөд эцсийн шийдвэр гаргахдаа анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, Ц.Зоригтын хуулиар хамгаалагдсан эрхийг хэтэрхий хязгаарласан юм. Магадлалд Ц.Зоригтын мэдүүлгийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 35 дугаар зүйлийн 35.3, 36 дугаар зүйлийн 36.4 дэх хэсэгт “өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөх, түүнчлэн гэм буруугүйг болон хэргийн бусад байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” гэсэн эрхээ эдлэж өгсөн мэдүүлэг нь уг хэрэгт ач холбогдол өгөх боломжгүй, харин бусад нотлох баримт нь Ц.Зоригтын гэм буруугүй гэх үндэслэлийг няцааж байна гэж бичсэн атлаа Ц.Зоригтын мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд өгсөн мэдүүлгүүдийг магадлалд тусган бичиж энэ нь бусдыг санаатай алсан гэмт хэрэгт гэм буруугүй гэдэг нь нотлогдохгүй байна гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна.

Шинжээч эмч Ө.Шаарийбуу, эс судлаач эмч Д.Оюунгэрэл нарын гаргасан дүгнэлт, тэдгээрийн өгсөн мэдүүлэг зэрэгт шүүх ач холбогдол өгч түүнийг үндэслэн хэргийг шийдвэрлэхэд учир дутагдалтай байсан юм. Учир нь улсын яллагч болон давж заалдах шатны шүүх эмч Д.Оюунгэрэлийн мэдүүлэгт хэт ач холбогдол өгч шүүх хурал дээр даргалагч шүүгч өмгөөлөгч надад хандан асуулт тавихдаа “шинжээч эмч Д.Оюунгэрэлийн мэдүүлэгт тодорхой байна, үүнийг та юу гэж үзэж байна вэ?” гэхэд нь эс судлаач эмч Д.Оюунгэрэл нь шинжээч эмч биш түүнд дүгнэлт гаргуулахаар хууль сануулах ёсгүй энэ утгаараа дүгнэлт гаргах болон шүүх эмнэлгийн дүгнэлтэнд тайлбар мэдүүлэг ч өгөх эрхгүй, мөн дүгнэлтийг 2 хүн гаргах ёсгүй гэхэд шүүгч шинжээч томилсон тогтоол, дүгнэлтийг уншиж үзээд прокурорт асуулт тавьж түүнийг буруутгаж байсан боловч үүнд дүгнэлт өгөөгүй орхисон нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 318 дугаар зүйлд зааснаар нэг талыг барьсан гэж үзэж байна.

Амь хохирогчийн шархны гүний хэмжээ хутганы ажлын хэсгийн хэмжээ зэрэг нь өөр хоорондоо зөрүүтэй байхад /давж заалдах шатны шүүх шархны гүнийг 15 см гэж үзсэн байгаа/ анхан шатны шүүх хутганы ажлын хэсгийн уртыг 14.5 см гэж үзсэн ба шинжээчийн 615 тоот дүгнэлтэнд: ...уг хутганд үзлэг хийхэд нийт урт нь 26 см, ажлын хэсгийн урт 13,5 см гэсэн байхад шүүх энэ талаар шийтгэх тоггоол, магадлалдаа огт тусгаагүй бөгөөд харин давж заалдах шатны шүүх магадлалдаа уг хутганд дүгнэлт гаргуулахаар мөрдөн байцаагч 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн тогтоолоор шинжээчид хүргүүлсэн боловч хутганы ажлын хэсгийн талаар дүгнэлт гаргаагүй байна гэж тэмдэглэсэн нь нотлогдвол зохих гол ажиллагааг бүрэн хийгээгүй болохыг батлаж байгаа бөгөөд өмгөөлөгчийн зөрүүтэй гэсэн гомдол үндэслэлгүй байна гэж дүгнэсэн нь харин ч үндэслэлгүй байна. Энэ нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан чухал ач холбогдолтой байж болох байдлыг гүйцэд биш хийсэн. Иймд дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилон дүгнэлт гаргуулах зайлшгүй шаардлагатай.

Гэрчүүд амь хохирогчийн биед ил харагдах шарх гэмтэл харагдаагүй гэж мэдүүлдэг ба энэ нь шинжээч эмчийн гаргасан дүгнэлт тайлбартай зөрүүтэй байгаа юм. Хэрэг учралын газарт мод мөчир, хонхор гүдгэр ихтэй, налуу газар байсан гэдэг ба ийм газар унаж тусаж байсан, мөн өөрийнхөө түлэгдсэнийг ч мэдэхгүй их согтуу байхдаа авсан байж болох хөнгөн гэмтлүүдийг давж заалдах шатны шүүх таамаглал дэвшүүлж бичихдээ Ц.Зоригт амь хохирогч нар хоорондоо ноцолдож тэмцэлдсэн болох нь дүгнэлт тайлбараар тогтоогдож байна гэж үзсэн нь туйлын учир дутагдалтай болжээ.

Хэрэг учралын газарт тухайн өдөр Ц.Зоригтын өмсөж явсан эд мөрийн баримтаар хураагдаагүй харин өөр хүний хувцас эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн байхад шүүх тухайн үед Ц.Зоригтын өмсөж явсан хувцас гэж дүгнэсэн ба үүнийг давж заалдах шатны шүүх ч зөв гэж үзсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтойгоор зөрчиж шүүгдэгчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан гэж үзнэ. Өмгөөлөгч миний гаргасан давж заалдах гомдлын үндэслэлүүдийг давж заалдах шатны шүүх магадлалдаа бүгдийг үгүйсгэж бичсэн боловч хангалттай хууль зүйн үндэслэлээр үгүйсгэж чадаагүй байна.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож С.Зоригтод холбогдох эрүүгийн хэргийг дахин бүрэн гүйцэд нягтлан шалгуулахаар нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү...” гэв.

Прокурор Ц.Бурмаа хяналтын шатны шүүх хуралдаанд: “...Энэ хэрэг нь 01 дүгээр сард гарсан. Шүүгдэгч гутал шатааж дулаацсан гэж тайлбарлаж байгаа боловч хэргийн газрын үзлэг хийхэд том мод шатаасан гэдэг нь нотлогдсон. Мөн хэргийн газрын үзлэгээр хутга нь галын үнсэн дотроос олдсон. Хэрвээ хохирогч амиа хорлосон бол хутгыг үнс, нурман дунд хийх ямар ч шаардлага байхгүй. Хэргийн зүйлчлэл тохирсон, бүрдэл хангагдсан, шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй гэж үзэж байгаа тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны ба үндэслэлтэй байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан шаардлагад нийцсэн байна.

Шүүгдэгч Ц.Зоригт нь 2015 оны 01 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант багийн “Захарын мухар” гэх газар Д.Мөнхбаатартай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүний зүүн хөлний гуян тус газар нь хутгалж санаатай алсан гэмт хэргийг үйлдсэн болох нь  хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож, тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, үндэслэл бүхий болжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тодруулсан бөгөөд шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтад үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, эсхүл бусад хэлбэрээр хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх Ц.Зоригтод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.12, 91.2.15 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсөн нь хууль зүйн үндэслэлтэй байх бөгөөд Ц.Зоригтыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 10 жил 1 сарын хорих ял оногдуулж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байна гэж дүгнэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтуяагийн “шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй болон өөр хүний хувцасыг эд мөрийн баримтаар хураасан, амь хохирогчийн биед учирсан шархны гүний хэмжээ болон хутганы ажлын хэсгийн хэмжээ нь хороондоо зөрүүтэй байдлыг шалгах тухай” гомдол, хүсэлтэд шат, шатны шүүх удаа дараа үндэслэл бүхий хариу өгсөн байх бөгөөд гомдол нь анхан болон давж заалдах шатны шүүхийн тогтоосон хэргийн үйл баримтыг өөрчлөн тогтоолгох агуулгатай байх тул хүлээн авах үндэслэлгүй гэж үзэв.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлтэд хэргийн газрын үзлэгээр галын нурман дотроос илэрсэн хутгаар хохирогчийн амийг хөнөөсөн тухай дурьдаагүй бөгөөд эд мөрийн баримтаар хураагдсан хутганы ажлын хэсэг, амь хохирогчийн биед учирсан шархны хэмжээ харилцан адилгүй байгаа нь хэргийн талаар шүүхээс тогтоосон үйл баримтад нөлөөлөхгүй.

Түүнчлэн хохирогчийн хутга болохыг эхнэр З.Наранцэцэг таньсанаас гадна шүүгдэгч Ц.Зоригт урт хутгыг авч явсан талаар гэрч мэдүүлж шүүгдэгч өөрөө хутгаа хохирогчийг хөнөөсний дараа гол руу хаяж нуусан тухай үйл баримт тогтоогдсон байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтуяагийн хохирогчийг алсан хутга, түүнд учирсан шархны зөрүүний тухай гомдол үндэслэлгүй гэж дүгнэв.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтуяагийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1 дэх заалтыг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 09 дүгээр шийтгэх тогтоол, Төв аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 14 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтуяагийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай. 

 

 

                         ДАРГАЛАГЧ

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                       Т.УРАНЦЭЦЭГ

                         ШҮҮГЧ                                                                Ч.ХОСБАЯР