Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 102/2017/01332/и

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж, шүүгч Г.Ариунаа, Н.Хангал нарын бүрэлдэхүүнтэй  тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 10-4 тоотод оршин суух, эмэгтэй, регистрийн  дугаар КН 97043003, Боржигон овогт Алтантуяагийн Будын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч:Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, АД 7 дугаар байрны 10 тоотод оршин суух, эрэгтэй, регистрийн дугаар ГЮ 77040518, Боржигон овогт Гомбо-Очирын Батжаргалд холбогдох

 

Гэм хорын хохиролд 970 000 төгрөг гаргуулах тухай шаардлагатай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч А.Буд, хариуцагч Г.Батжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Агиймаа нар оролцов.

 

                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч А.Буд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Би 2017 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо Энхтайваны өргөн чөлөө Бөхийн өргөөний уулзвараар явган зорчигч явахыг зөвшөөрсөн гэрлэн дохиогоор зүүнээс баруун чиглэлд гарч явахад зүүн гар талаас Г.Батжаргал Т.Приус 20 маркийн 36-70 УНД улсын дугаартай машинтай гарч ирэн замын хөдөлгөөний дүрэм зөрчиж намайг мөргөсөн.Тухайн үед замын цагдаагийн газраас ирж хэмжилт хийсэн бөгөөд Г.Батжаргалыг буруутай талаар дүгнэлт гаргасан.Тээврийн прокурорын газраас хохирол бага тул эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан.Ослын дараагаар хүзүү толгой хөшиж өвдөх, чихээр хатгуулах, нүдний ухархайгаар хатгуулж өвдөх зэрэг шинж илэрч бие сулдаж байсан тул 2 сарын 23-ны өдрөөс 3 сарын 2-ны өдрийн хооронд Өмнөговь аймгийн Цогтцэций сум Тавантолгойн уурхайн эмч Батмөнхөд хандаж толгой хүзүүгээ бариулсан.Хохиролоо 3 сарын 6-ны өдөр Мөнгөнгүүр эмнэлгийн гэмтэл согог судлалын эмчид үзүүлж компьютер томографикийн зураг авахуулахад доргилтоос үүдэлтэй тархины хаван үүссэн бөгөөд хэвтэн эмчлүүлэх шаардлагатай байсан тул Мөнгөнгүүр эмнэлэгт 7 хоног хэвтэж эмчлүүлсэн.Хэвтэн эмчлүүлэхээс гадна эмнэлгээс гарснаас хойш 1 сарын хугацаанд брейн бустер, вазолентин витаминииый бальзам гэсэн эмнүүдийг уух шаардлагатай байсан, ингээд 970 000 төгрөгийн хохирол учирсан тул Г.Батжаргалаас 970 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч А.Буд шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Би 2017 оны 2 дугаар сарын 22-ны өдөр бөхийн өргөөний арын уулзвар дээр зүүн зүгээс баруун зүгт зөвшөөрөгдсөн газраар зам гарч явахад миний зүүн талаас Г.Батжаргал ирж мөргөсөн ба би зүүн талаараа буюу зүүн тохойгоороо газар тулж унасан.Тухайн үед замын цагдаа, түргэний эмч ирж үзээд зүүн гар зөөлөн эдийн гэмтэлтэй гэсэн тул гэмтэл согогийн эмнэлэг дээр Батжаргал намагй хүргэж өгөөд зүүн гарын тохой, толгой, цээжний рентген зураг авахуулахад яс хугарсан гэмтэл байхгүй гэсэн.Үүний дараа Баянзүрх дүүргийн цагдаа дээр очиж шүүх эмнэлгийн дүгнэлтээр зүүн гарыг үзээд гэмтлийн зэрэг тогтоохгүй гэсэн дүгнэлт гарсан.Тухайн үед баярын өдөр таарсан тул би 2017 оны 2 дугаар сарын 25-ны өдөр хөдөө гэрлүүгээ явах шаардлагатай байсан.Баярын үеэр толгой эргэх, толгой өвдөх зовиуртай байсан тул ирээд Мөнгөн гүүр эмнэлэгт үзүүлэн компютер томографикийн зураг авахуулахад доргилтоос үүдэлтэй тархины хаван гэсэн дүгнэлт гарч эмчилгээ хийх шаардлагатай гэсэн тул 2017 оны 3 дугаар сарын 8-ны өдрөөс 3 дугаар сарын 16-ны өдөр хүртэл 7 хоног хэвтэж эмчлүүлэн, нэг сарын дэглэм бариад 3 төрлийн эм уух шаардлагатай гэсэн тул Мөнгөн гүүр эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн зардал болон эмний мөнгө 970 000 төгрөгийг Г.Батжаргалаас нэхэмжилж байна гэв.

Хариуцагч Г.Батжаргал шүүхэд гаргасан тайлбартаа:Би 2017 оны 2 дугаар сарын 22-ны өдөр 36-70 УНД улсын дугаартай машин жолоодож замын хөдөлгөөнд оролцож байхдаа бөхийн өргөөний арын гэрлэн дохиотой уулзвараар зүүнээс баруун эргэх үндсэн гэрлээр эргэх хөдөлгөөн хийж байгаад А.Будыг мөргөж зам дээр өгзөгөөр суусан.Ингээд замын цагдаа ба яаралтай түргэн тусламж дуудахад ирээд Будын биед үзлэг хийж ил шарх байхгүй, гэмтэл согогын эмнэлэг орж зураг авхуул гэсний дагуу хохирогч Будыг гэмтэл хүргэж өгч зураг авхуулж оношлогоо хийлгэхэд эрүүл гэсэн.Тээврийн прокурорын газрын 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 617 тоот Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай прокурорын гарын үсэгтэй тогтоол, гэмтэл согогын эмнэлэгт очиж авхуулсан рентген зураг зэрэгт Будын гэмтэл эрүүл мэндийг сарниулахгүй, ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонг алдахгүй тул гэмтлийн зэрэг тогтоогдохгүй гэсэн дүгнэлт гарсан.Тухайн өдөр Будыг өөрөө хүргэж өгч гэмтлийн зургийг 75 000 төгрөгөөр авхуулж өгсөн.Будын үндэслэлгүй нэхэмжилсэн 970 000 төгрөгийг төлөх боломжгүй гэжээ.

Хариуцагч Г.Батжаргал шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Би 2017 оны 2 дугаар сарын 22-ны өдөр 36-70 УНД улсын дугаартай машин жолоодож замын хөдөлгөөнд оролцож байхдаа бөхийн өргөөний арын гэрлэн дохиотой уулзвараар зүүнээс баруун эргэх үндсэн гэрлээр эргэх хөдөлгөөн хийж байхад баруун талаас 4 явган зорчигч явж байсан ба баруун талаас Буд гарч ирсэн.Тухайн үед хүмүүс тал талаас гарч ирсэн ба би түргэн тусламж дуудсан.Түргэн тусламж ирээд ил шарх байхгүй тул гэмтлийн эмнэлэгт үзүүл гэсэн, гэмтлийн эмнэлэгт зураг авахуулахад гэмтэлгүй байна гээд тохойдоо түрх гээд тос болон эм бичиж өгсөн.Баяр болж байсан тул дүгнэлт байрын дараа гарна гэсэн.Баярын дараа шүүх эмнэлгийн дүгнэлт гараад гэмтэлгүй байна гэсэн.Имйд би өөрийнх нь ужиг өвчин байсан үгүйг  мэдэхгүй байгаа тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна гэв.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.Буд хариуцагч Г.Батжаргалд холбогдуулан зам тээврийн ослын улмаас учирсан хохиролд Мөнгөнгүүр эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн зардал 350 000 төгрөг, эмний мөнгө 620 000 төгрөг нийт 970 000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг шүүхэд гаргасан байна.

 

Хариуцагч Г.Батжаргал нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Хариуцагч Г.Батжаргал Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо Бөхийн өргөөний уулзварт 2017 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Тоёота Приус маркийн 36-70 УНД улсын дугаартай авто машиныг жолоодож явахдаа явган зорчигч А.Будыг мөргөж зам тээврийн осол гаргасан болох нь зам тээврийн осол хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, холбогдогч жолоочийн биеийн байцаалт, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг зэрэг баримтаар нотлогдож байна.

 

Замын цагдаагийн албаны шинжээчийн 2017 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 28 дугаартай дүгнэлтэд Тоёота Приус маркийн 36-70 УНД улсын дугаартай авто машиныг жолоодож явсан Г.Батжаргал нь замын хөдөлгөөний дүрмийн 13.2-т заасан “зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч явган хүний гарц нэвтрэхдээ зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгнө” гэсэн заалтыг үөрчсөн үндэслэлтэй байна.Явган зорчигч А.Буд замын хөдөлгөөний зүйл, заалтыг зөрчөөгүй байна гэжээ.

 

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2017 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 142 дугаартай актад А.Будад зүүн тохойн зөөлөн эдийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь тохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэж, эрүүл мэндийг сарниулахгүй, ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдахгүй тул гэмтлийн зэрэг тогтоохгүй гэжээ.

 

Тээврийн прокурорын газрын 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай 617 дугаар тогтоолд “...Г.Батжаргал 2017 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Тоёота Приус маркийн 36-70 УНД улсын дугаартай авто машиныг жолоодож явахдаа явган зорчигч А.Будыг мөргөж зам тээврийн осол гаргасан болох нь тогтоогдсон байна, ослын улмаас бусдад учруулсан хохирлын хир хэмжээ, шинж чанар нь эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэлгүй байна, гомдол гаргагч нь дээрх ослын улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорыг буруутай этгээдээр арилгуулахаар Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй” гэжээ.

 

А.Буд Мөнгөн гүүр эмнэлэгт үзүүлж улмаар гэмтлээс үүссэн тархины хаван гэсэн оноштойгоор 2017 оны 3 дугаар сарын 8-ны өдрөөс эхлэн 7 хоног хэвтэж, дээрх оношийн дагуу үрэвсийн эсрэг, хаван бууруулах, дархлаа дэмжих, хоол эмчилгээ, физик эмчилгээг хийлгэж эмчлүүлсэн болох нь 470 дугаартай өвчний түүх болон  хэвтэн эмчлүүлэгчийн эмийн эмчилгээний хуудсаар нотлогдож байна.

 

Нэхэмжлэгч А.Буд Мөнгөн гүүр эмнэлэгт гэмтэл согогийн эмчийн үзлэг, зөвлөгөөний  20 000 төгрөг, гэмтлийн комьпютер, томографийн багц оншлогооний 120 000 төгрөг, физик эмчилгээний 3000 төгрөг, шинжилгээний 48 000 төгрөг, ор хоногийн төлбөр 350 000 төгрөг нийт 541 000 төгрөг төлсөн болох нь тус эмнэлгийн 2017 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн  2051,  8450, 2017 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 7825, 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 7381, 7382 дугаартай орлогын баримтын тасалбар болон биллийн баримтуудаар нотлогдож байна.

 

 А.Буд Мон Арго ХХКомпанийн эмийн сангаас 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 167 000 төгрөгийн, 2017 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр 167 000 төгрөгийн үнэтэй брейнбустер, вазолентан, витамин вальзам гэх 3 төрлийн эмийг авсан болох нь баримтаар нотлогдож байна.

 

Мөн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2 дугаар зүйлийн 2.3.1-д “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш хугацаагаар сарниулсан (удаан)” гэж тодорхойлсон байхад хариуцагчийн тайлбарлаж байгаа “өөрийнх нь ужиг өвчин байсан эсэхийг мэдэхгүй байна, гэмтлийн зураг авахуулахад болон шүүх эмнэлгийн дүгнэлтээр гэмтэлгүй гэсэн дүгнэлт гарсан, Мөнгөн гүүр эмнэлэг хувийн эмнэлэг болохоор итгэхгүй байна” гэх тайлбарууд үндэслэлгүй байна.

 

Иймд А.Будын эрүүл мэндэд учирсан хохирлын 875 000 төгрөгийг хариуцагч Г.Батжаргалаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 95 000 төгрөгийн шаардлага баримтаар нотлогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т заасныг баримтлан Гомбо-Очирын Батжаргалаас 875 000 /найман зуун далан таван мянган/ төгрөгийг гаргуулан Алтантуяагийн Будад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 95 000 /ерэн таван мянган/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар А.Будын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 27 820 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Батжаргалаас 25 550 /хорин таван мянга таван зуун тавин/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Будад олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                З.ДОРЖНАМЖИН

 

                ШҮҮГЧИД                                       Г.АРИУНАА

 

                                                                        Н.ХАНГАЛ