Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 1648

 

МАГАДЛАЛ

 

2017.7.21                                                 Дугаар 1648                                      Улаанбаатар хот

 

 

 

 

 

“Загал буурал” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ч.Цэнд, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШШ2017/01332 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Загал буурал” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Загал буурал” ХХК-ийн холбогдох,

 

Хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх, компанийн улсын бүртгэлийн болон газар эзэмших эрхийн гэрчилгээ, газрын зөвшөөрлийн, техникийн нөхцлийн баримт бичгүүд болон түрээсийн, ил зогсоолын, цахилгааны нийт 18 162 700 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

хамтран ажиллах гэрээний дагуу хийгдсэн барилгын суурийн ажлын зардлын      150 000 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Т.Болдбаатар,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Н.Мөнгөнтуяа,

Хариуцагчийн өмгөөлөгч: Ц.Одмаа, Ц.Одончимэг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Цолмон нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хариу тайлбарт: 2014 оны 05 дугаар сард анх хариуцагч компанитай гэрээ хийсэн. Газрыг нь чөлөөлж өгсөн. Намар тус газарт хундам ухсан байгаа. 2015 оны 05 дугаар сард барилгын ажил зогссон. Барилга барихгүй юмуу юу болов гэхэд хямралтай байна. Би 2 талынхаа гэрээг цуцлая гэсэн. Өөр хүмүүс хайя гэсэн. Манайх бол хямралтай байна. Барьж чадахгүй гээд манайх өөр хүмүүс хайя гэсэн. Одоо болтол газрыг маань чөлөөлж өгөхгүй байгаа. Манайх үйл ажиллагаа явуулж чадахгүй хохиролтой байгаа. Загал буурал ХХК нь Өсөх ордон констракшн ХХК-тай 2014 оны 5 дугаар сарын 8-ний өдөр 15/01 тоот Хамтран ажиллах гэрээ байгуулсан. Тус гэрээгээр Загал буурал ХХК-д олгогдсон 21/0073 нэгж талбарын дугаартай, газар эзэмших эрхийн 0231473 тоот гэрчилгээтэй Баянгол дүүргийн 13 дугаар хороо, тролейбусны эцсийн буудлын хойд талд байрлах, үйлчилгээтэй орон сууцны барилга барих зөвшөөрөл олгогдсон 872 м.кв газар дээр Өсөх ордон констракшн ХХК нь 600 м.кв буюу 30,0x20,0 хэмжээтэй 12 давхар үйлчилгээтэй, орон сууцны барилгыг өөрийн хөрөнгөөр зохих ёсоор барьж, улсын комист хүлээлгэн өгөх, Загал буурал XXК өөрийн газар дээрээ дээрх барилгыг бариулсны хариу төлбөрт орон сууц, үйлчилгээний талбайг авахтай холбоотой харилцааг зохицуулсан. Хамтран ажиллах гэрээний дагуу 2014 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр манай компани өөрийн эзэмшил газрыг буюу тус газар дээрээ ажиллуулж байсан барилгын материалын модон дэлгүүрээ буулгаж, бусдад түрээслүүлж байсан автомашины ил зогсоол, түүхий эд авах цэгийн үйл ажиллагааг зогсоон, газрыг чөлөөлж өгсөн ба Өсөх ордон констракшн ХХК-ийн зүгээс 9 дүгээр сард барилгын суурийн нүхийг ухаж, ул бетон цутгах ажил хийсэн. Өсөх ордон констракшн ХХК суурийн нүх ухсаныхаа дараа санхүү, мөнгөний боломжгүй байна, дулаарахаар барилгын ажлаа эхлүүлнэ гэж хэлж байсан ч 2015 оны хавар болоход барилгын ажлаа эхлэхгүй байсан. Манай зүгээс 2015 оны 5 дугаар сарын 5-ны өдөр 15/02 тоот Хамтран ажиллах гэрээг хэрэгжүүлэх талаар гэсэн гарчигтэй албан тоотыг Өсөх ордон констракшн ХХК-нд өгсөн. Үүний хариуд Өсөх ордон констракшн ХХК-ийн зүгээс барилгын ажилд шаардагдах мөнгө, хөрөнгө байхгүй тул өөр компани олж, газар дээрээ барилга бариулах ажлаа бод гэсэн хариуг өгсөн. Үүний дараа Өсөх ордон констракшн ХХК нь 2015 оны 5 сарын 25-ны өдөр Хамтран ажиллах гэрээ-ний дагуу барилга барихаар 179.553.600 төгрөгийн зардал гаргасан, үүнийгээ нэхэмжилж байна гэсэн албан тоотыг өгсөн. Манай компанийн зүгээс уг мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй. Ийнхүү 2014 оны 5 дугаар сарын 8-ний өдөр 15/01 тоот Хамтран ажиллах гэрээ цуцлагдсан. Нэгэнт гэрээ хэрэгжихгүй болсон тул эзэмшлийн газраа чөлөөлүүлэхээр удаа дараа шаардсан боловч, чөлөөлж өгөхгүй, харин манай эзэмшлийн газрыг худалдаад авчихсан гэсэн яриа гарган 2014 оны 11 сараас хойш автомашины ил зогсоол хоногийн 2000 төгрөгөөр одоог хүртэл 24 цагаар ажиллуулан, орлогыг авч байгаа болно. Иймд Өсөх ордон констракшн ХХК-ийн хууль бус эзэмшлээс Загал буурал ХХК-ийн эзэмшлийн 21/0073 нэгж талбарын дугаартай, газар эзэмших эрхийн 0231473 тоот гэрчилгээ бүхий Баянгол дүүргийн 13 дугаар хороо, тролейбусны эцсийн буудлын хойд талд байрлах 872 м.кв газрыг чөлөөлүүлж, Загал буурал ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, газар эзэмших эрхийн гэрчилгээ, газрын зөвшөөрлийн болон техникийн нөхцөл баримт бичгүүдийг гаргуулж өгнө үү. Гэрээгээр хүлээсэн дээрх үүргээ манай компани бүрэн биелүүлсэн ба 2014 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр эзэмшил газраа буюу тус газар дээрээ ажиллуулж байсан барилгын материалын дэлгүүрийн модон байшингаа буулгаж, бусад түрээслүүлж байсан автомашины ил зогсоол, түүхий эд авах цэгийн үйл ажиллагааг зогсоож газрыг чөлөөлж өгсөн. Харин Өсөх ордон констракшн ХХК нь барилгыг хэзээ барьж дуусгах тухайгаа тодорхой илэрхийлэхгүй, энэ тухай тохиролцохгүй, зээл, хөрөнгө оруулалт бүтвэл барина даа гэсэн утггатай зүйлийг ярьж, барилгыг өөрийн хөрөнгөөр барих үүргээ биелүүлээгүй шалтгаанаар гэрээ цуцлагдсан. Хамтран ажиллах гэрээ-ний 3.4-т "Барилга угсралтын ажил эхэлсэн боловч бүрэн баригдаж дуусахаас өмнө хууль болон гэрээнд заасан үндэслэлээр гэрээ цуцлагдсан, татгалзсан бол А тал газраа эзэмшиж чадаагүйн алдагдлаа тооцож дутуу баригдсан барилгын хэсгээс өмчилнө гэж заасны дагуу 2011 оноос 2014 оны 9 дүгээр сарын 8-ний өдөр хүртэл иргэн н.Бадамсүрэнд газрынхаа тодорхой хэсгийг авто машины ил зогсоол, түүхий эд авах цэг зориулалтаар 1 сарын 500 000 төгрөгөөр түрээслүүлж байсан ба 2014 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүртэл 13 сарын хугацааны түрээсийн төлбөрт 6 500 000 төгрөгийг нэхэмжилж байна. Өсөх ордон констракшн ХХК барилга барих нэрийдлээр газрыг чөлөөлүүлж авсны дараа 2014 оны 11 дүгээр сараас одоог хүртэл дур мэдэн авто машины ил зогсоол ажиллуулж байна.1 хоногийн 2000 төгрөгөөр жижиг машиныг, том машиныг 4 000 төгрөгөөр уг зогсоолд тавиулдаг. Хамгийн багаар 1 хоногт 15 жижиг машин тавьдаг гэж тооцон 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүртэл 354 хоногт 10.620.000 төгрөгийг нэхэмжилж байна.Автомашины ил зогсоол ажиллуулахдаа манай цахилгааны шитнээс цахилгаан авч шөнөжин гэрэл асаах, тен залгаж төлбөрийг манайх төлж байгаа учир 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн хооронд төлсөн цахилгааны төлбөрийн баримтыг үндэслэн 1.385.393 төгрөгийн 50 хувь болох 692 700 төгрөгийг нэхэмжилнэ. Мөн манай эзэмшлийн 2 тоннын зөөврийн усны савыг 350 000 төгрөгөөр худалдаж авахаар амаар тохиролцож, барилгын талбайгаас аваад явсан тул мөнгийг нэхэмжилнэ. Ингээд нийт 18 162 700 төгрөгийг Өсөх ордон констракшн ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Өсөх ордон констракшн ХХК Загал буурал ХХК-тай 2014 оны 5 дугаар сарын 8-ны өдөр 15/01 тоот хамтран ажиллах гэрээ байгуулж Баянгол дүүргийн 13 дугаар хороо, тролейбусны эцсийн буудалд байрлах 872 м.кв газар дээр үйлчилгээний талбай бүхий 12 давхар орон сууцны барилга барих, Загал буурал ХХК өөрийн эзэмшил газар дээр барилга бариулахаар хамтран ажиллахаар тохиролцсон. Гэрээний дагуу Өсөх ордон констракшн ХХК орон сууцны барилгыг холбогдох хууль, барилгын норм дүрэм, стандартын дагуу өөрийн хөрөнгөөр барьж ашиглалтад оруулахаар барилгын ажлыг 100 хувь удирдаж ажиллаж 2014 оны 5 дугаар сараас эхлэн барилгын үйл ажиллагааг эхлүүлсэн ба Барилгын тухай хуульд заасны дагуу барилгын үйл ажиллагааг 2014 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2015 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүртэл түр зогсоосон ба 2015 оны хавар барилгын ажлыг үргэлжлүүлэх гэтэл манай улсад тулгараад байгаа эдийн засгийн хямралаас болж банкууд барилгын компаниудад зээл олгохгүй байсан зэрэг байдлаас шалтгаалж барилгын үйл ажиллагааг үргэлжлүүлэх боломжгүй болсон. Энэ талаар гэрээний талууд харилцан ярилцаад Загал буурал ХХК барилгын ажлыг үргэлжлүүлэн явуулах боломжтой өөр компанитай ярилцаж байгаагаа илэрхийлээд одоогийн байдлаар барилгын суурийн ажилд зарцуулсан төсөв санхүүгийн тооцоог гаргаж өгөхийг хүссэн. Үүний дагуу барилгын суурийн нүх болон ул бетон цутгасан ажилд бодитой гарсан зардал болох 170 000 000 төгрөгийн тооцоог гаргаж өгсөн ба Загал буурал ХХК нь уг тооцоог хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа мэдэгдээд байна. Манай талаас барилгын талбай дээрээс явах боломжтой эд зүйл болон хийгдсэн ажлын зардлыг бодитой гаргаж өгсөн байхад нэхэмжлэгч тал зөвшөөрөхгүй гэж маргаж, газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүх болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагаар талуудын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдсан. Төлсөн хураамж нь дундын өмч болдог. Гэрээ болон тайлбараас харахад нэхэмжлэгч компани өөрийн эзэмшлийн газраар хураамж төлсөн бол, хариуцагч 12 давхар барилгын хөрөнгө оруулалт оруулж гэрээний дагуу хамтран ажилласан. 12 давхар барилгын суурийг барьж байгуулсан шүүхээс томилсон хөрөнгийн үнэлгээгээр 70,291,248 төгрөгийг оруулсан байна. Газар дээр баригдаж байгаа барилгын зураг төсөл зохиох ажлыг энэ ажилд 10,000,000 төгрөг инженерийн зардал, мөн 1.700.000 төгрөгийн баримтууд байна. Хамтран ажиллах гэрээний дагуу 82.071.241 төгрөгийн зардал гарсан. Гэрээ цуцлагдсан бол Иргэний хуулийн 480 дугаар зүйлд зааснаар талуудын хооронд байгуулдсан гэрээний дагуу дундын өмчийг тэнцүү хуваах хэрэгтэй. Оруулсан хэмжээгээр хувь тооцох хэрэгтэй. Манай оруулсан хөрөнгө маань Загал буурал ХХК-ийн газар дээр үлдэж байгаа учраас оруулсан 82.000.000 төгрөгийг буцааж гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргасан байгаа гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Хариуцагчаас хэлээд байгаа зүйл дүгнэлт хийвэл, газраа оруулаад барилга барих хамтран ажиллах гэрээндээ газрын үнийг өгөхөөр тохиролцсон. Барилга баригдах суурь дэвсгэр болоод, бүх зардалыг хариуцагч зохицуулна гэсэн байгаа.  Барилгыг барихад тэр хэмжээгээрээ хамтран ажиллах гэрээ хэрэгжсэн бол газрын хариу төлбөрт үйлчилгээний талбай гэсэн тохиролцоо байгаа. Хураамжийнхаа хэмжээгээр авна гээд байгаа. Гэрээ эхлэхээс өмнө газар байсан уу байсан. Энэ бол хөрөнгө бий болсон зүйл биш. 82.000.000 төгрөг аль аль зардалд гаргасан нь дундын эд хөрөнгө гэж байгаа ч ашиг олоогүй болохоор зохицуулалт бол хэрэглэгдэхгүй. Алдагдалтай ажилласан байна. 478.11 дээр зааснаар алдагдал гэдэг үг нь гарсан зардал гэж тооцож болох уу. 478.12 дахь хэсэгт гэрээний талууд бие биенийхээ өмнө яах вэ гэдгийг зохицуулж өгсөн байгаа. Хариуцагч хураамж гэж тайлбарлаад байгаа. Санхүүгийн боломжгүй улмаас гэрээ цуцлагдсан. Загал буурал ХХК ашиг олоогүй байгаа. Хариуцагч олох ёстой орлогын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаа өгсөн байгаа. Сэндийчэж хаячихаад хариуцагч хариуцах үндэслэлтэй гэж яриад байгаа. Тодорхой хэмжээнд зардал гаргасан. Үүнийг харуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Хариуцагчаас 150.000.000 төгрөг гарсан гэж байгаа. Хүснэгт баримт байгаа. Материалын зардал ажилтны цалиндаа гүйцэтгэх захирлаас бусад бүх хүний зардалыг оруулсан гэсэн. Шинжээчийн дүгнэлтийг харахаар барилгын шууд зардал 37.921.591 төгрөг байна. Нийт 69.117.762 төгрөгийн дүгнэлтийг гаргасан . Шинжээчийн дүгнэлтийн барилгын зураг байгаагүй учраас хэмжилт дээрээ төсөв зохиосон байна.  Тооцоолдог ноором дүрэмийн дагуу тооцоолол хийж гаргадаг байгаа. Төсвийн бүрдэл хэсэг дотор нооромжлолтын сан дахиад ямарч нэмэгдэл зардал гаргахгүй. Холбогдож гарч болзошгүй зардлыг хэлсэн байгаа. Нэхэмжлэгч компаниас ажил хийж өгч байгаа зүйл байхгүй. Нооромчлолын сан магадгүй ажлын сан гэж тооцож болохгүй үндэслэлгүй зардалууд байгаа учраас шудрага ёсны зарчим гэж байгаа. Барилгын зураг 0 тэнхлэг тавиулсан нь нотлох баримтын хамааралтай байдал тогтоогдохгүй байна. Гэрээг нь харахаар 65.000.000 төгрөгийн зардал гарсан гэж шүүхэд өгч байсан. Баримт бол зөрүүтэй байгаа учраас барилга барихад хэрэглэсэн зураг эсэх нь тогтоогдохгүй байна. Зардал бол харуицагчаас гарсан зардал биш байна. Иргэний хуулийн 478.12 дахь хэсэгт зааснаар хариуцлага л ярьж байна. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1, 228 дугаар зүйлийн 228.1, 476 дугаар зүйлийн 476.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Загал буурал ХХК-ийн эзэмшлийн Баянгол дүүргийн 13 дугаар хороонд байрлах, 21/0073 нэгж талбарын дугаар, газар эзэмших эрхийн 0231473 тоот гэрчилгээ бүхий 872м2 газрыг чөлөөлж өгөхийг хариуцагч Өсөх Ордон Констракшн ХХК-д даалгаж, Өсөх Ордон Констракшн ХХК-аас Загал Буурал ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, газар эзэмших эрхийн гэрчилгээ, газрын зөвшөөрлийн болон техникийн нөхцөл баримт бичгүүд болон цахилгааны төлбөрт 692.700 төгрөг гаргуулан Загал Буурал ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 17 470. 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 477 дугаар зүйлийн 477.4, хамтран ажиллах гэрээний 5 дугаар зүйлд зааснаар Загал буурал ХХК-аас 82.071.248 төгрөг гаргуулах тухай Өсөх Ордон Констракшн ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Загал Буурал ХХКомпанийн төлсөн 70.200 төгрөг, 248.770 төгрөг, хариуцагч Өсөх Ордон Констракшн ХХК-ийн төлсөн 907 950 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Өсөх Ордон Констракшн ХХКомпаниас 70.200 төгрөг, 21.174 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Талууд гэрээг цуцлах, дуусгавар болгох талаар зөвшилцөөгүй, хариуцагч "Өсөх ордон" ХХК нь "... зах зээлийн таагүй байдлын улмаас барилгын ажил зогсолтод орсон хэдий ч цаашид Хамтран ажиллах гэрээг үргэлжлүүлж, барилгыг барих боломжтой, барилгын суурийн ажилд зарцуулсан зардлыг шийдэж өгвөл "Загал буурал" ХХК-ийг өөр этгээдтэй хамтран ажиллахыг зөвшөөрнө гэсэн боловч тус компани зардлын асууудлыг шийдвэрлэлгүйгээр шүүхэд хандсан" хэмээн тайлбарладаг атал шүүх ИХШХШХ-ийн 40 дүгээр зүйлд заасан журмыг ноцтой зөрчин /шүүхийн шийдвэрт хариуцагчийн төлөөлөгчийн тайлбарыг бүрэн бус тусгаж, хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбарыг огт тусгаагүй/ хариуцагчийн тайлбарыг илтэд үгүйсгэн дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, талуудын хэн аль нь гэрээнээс татгалзах, гарах санал илэрхийлээгүй, шаардаагүй, мөн хэн нэг нь гэрээнээс гарсан үйл баримт нотлогдоогүй байхад шүүхртт "өөрийн санаачилгаар талуудыг зөвшилцүүлсэн" нь үндэслэлгүй юм. Тодруулбал, зохигчид энэ үйл баримтын талаар маргаж, хариуцагч гэрээ дуусгавар болоогүй хэмээн мэтгэлцсэн байхад шүүх шийдвэрийнхээ Үндэслэх хэсэг (шийдвэрийн 5 дахь хуудасны 8 дугаар догол мөр)-т талууд харилцан зөвшилцөн ...гэрээг цуцалж дуусгавар болгосон байна гэрээ цуцлагдаж, дуусгавар болсон эдгээр үйл баримтын талаар зохигчид маргаагүй" гэх хэргийн бодит байдлаас илтэд зөрүүтэй дүгнэлт хийсэнд гомдолтой байна.

Шүүх дээрх байдлаар бодит байдлаас илтэд зөрүүтэй дүгнэлт хийн хэргийг шийдвэрлэсэн, Иргэний хуулийн хамтран ажиллах гэрээний зохицуулалтыг бус тус хуулийн ерөнхий ангийн гэрээнээс татгалзахтай холбоотой 205, 227, 228 дугаар зүйлийн заалтыг хэрэглэсэн нь үндэслэлгүй болсон шүүх зохигчдын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдсан хэмээн дүтнэсэн атлаа Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.3 дахь хэсгийн "Гэрээнд өөрөөр заагаагүй бол талуудын төлсөн хураамж нь тэдгээрийн дундаа өмчлөх хөрөнгө байна" гэх заалт, 478 дугаар зүйлийн 478.11 дэх хэсгийн "Хамтын үйл ажиллагааны улмаас бий болсон алдагдлыг гэрээний талууд хамтран хариуцна" гэх хуулийн хэрэглэвэл зохих заалтыг хэрэглээгүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг зөрчжээ. Шүүх зохигчдын хооронд Хамтран ажиллах харилцаа үүссэн хэмээн дүгнэсэн атлаа нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн "...газар чөлөөлүүлэх" шаардлагыг ханган шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, ойлгомжгүй болсон. Өөрөөр хэлбэл, шүүх хариуцагч "Өсөх ордон констракшн" ХХК нь бусдын газрыг хууль бусаар эзэмшээгүй, Хамтран ажиллах гэрээний үндсэн дээр эзэмшиж байгаа үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийсэнгүй, тус шаардлагыг шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ. Шүүх Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.4 дэх хэсгийн "Дундаа өмчлөх хөрөнгийн үр шим, түүнийг нэгтгэсэн, нийлүүлснээс бий болсон хөрөнгө талуудын дундаа өмчлөх хөрөнгө байна" гэх заалтыг баримтлан хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь огт үндэслэлгүй болсон /Шүүхийн баримталсан хуулийн энэ заалт нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг үндэслэлтэй болохыг илэрхийлнэ/. Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.3 дахь хэсэгт зааснаар зохигчдын хооронд байгуулагдсан Хамтран ажиллах гэрээнд зааснаар газар, түүн дээр хийгдсэн барилгын суурь нь талуудын дундаа өмчлөх хөрөнгө болно. Энэ үндэслэлээр хариуцагч "Өсөх ордон констракшн" ХХК нь Хамтран ажиллах гэрээний дагуу нэхэмжлэгчийн газар дээр баригдсан барилгын суурийг өөрт ногдох хэсэг хэмээн тодорхойлж, түүнийг газраас салгаж авах боломжгүй тул түүний үнэ буюу түүнд зарцуулсан зардал болох 82 071 248 төгрөгийг гаргуулахаар сөрж шаардсан байдаг. Гэтэл шүүх "талуудыг өөрийн санаачилгаар зөвшилцүүлэн Хамтран ажиллах гэрээ дуусгавар болсон" хэмээн дүгнэсэн атлаа Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.3 дахь хэсгийн "Хамтран ажиллах гэрээ дуусгавар болсноор... үлдэх хөрөнгийн жагсаалтыг үйлдэж, талуудад хуваарилна" гэх, мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.8 дахь хэсгийн "Дундаа хэсгээр өмчлөгч дундын өмчлөлийн зүйлээс өөрт ногдох хэсгээ салгаж авах, ийнхүү салгахад өмчлөлийн зүйлийн зориулалт, иж бүрдэл, бусад чанар алдагдахаар бол ногдох хэсгийнхээ үнийг гаргуулахаар шаардах эрхтэй" гэх хуулийн хэрэглэвэл зохих заалтыг үл хэрэглэн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болсон. Иймд давж заалдах гомдлыг хүлээн авч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг хуульд нийцүүлэн үнэлсэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч “Загал буурал” ХХК нь хариуцагч “Өсөх ордон констракшн” ХХК-д холбогдуулан хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх, компанийн улсын бүртгэлийн газар эзэмших эрхийн гэрчилгээ, газрын зөвшөөрлийн, техникийн нөхцлийн баримт бичгүүд болон түрээсийн, ил зогсоолын, цахилгааны нийт 18 162 700 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, хамтран ажиллах гэрээний дагуу хийгдсэн барилгын суурийн ажлын зардал 150 000 000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлээр шаарджээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл зохигчдын хооронд 2014 оны 5 дугаар сарын 08-ны өдөр байгуулагдсан Хамтран ажиллах гэрээгээр нэхэмжлэгч нь Баянгол дүүргийн 13 дугаар хороо, тролейбусны эцсийн буудлын хойд талд байршилтай, өөрийн эзэмшлийн  872 м.кв газрыг чөлөөлөх, хариуцагч нь тухайн газар дээр 600 м.кв буюу 30,0 х 20,0 хэмжээтэй 12 давхар, үйлчилгээтэй орон сууц барих, талуудын хөрөнгө оруулалтын хэмжээ, ашиг, алдагдлыг тооцох, хүлээх хариуцлага, гэрээ цуцлах үндэслэл, журмыг тус тус тохиролцжээ.

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан хамтран ажиллах гэрээ байгуулагдсан, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй.

Гэрээний үүргийн гүйцэтгэлийг нэхэмжлэгч 2015 оны 5 дугаар сарын 05-ны өдөр №15/02 тоот бичгээр шаардсан, ба хариуцагч талын санаачилгаар буюу эдийн засгийн хямрал, баригдсан орон сууцны борлуулалт муудсан, арилжааны банкууд барилгын компаниудад зээл олгохгүй байгаа зэрэг үндэслэлээр        2015 оны 5 дугаар сарын 25-ны өдөр цуцлагдсан боловч нэхэмжлэгчийн эзэмшлийн газар, холбогдох баримт бичгийг хариуцагч буцаан шилжүүлээгүй үйл баримт тогтоогдсон байна.

Зохигчдын хооронд байгуулагдсан гэрээ Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар цуцлагдсан байх тул гэрээнд заасан газар, түүнтэй холбогдох баримт бичгийг хариуцагч Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талд буцаан шилжүүлэх үүрэгтэй.

Иймд шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан нь нотлох баримтад үндэслэгдсэн, шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв хэрэглэсэн болно.

Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо шүүхээс хийсэн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Учир нь гэрээний 3.5-д заасан нөхцөл буюу нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагааны улмаас барилга барих боломжгүй болсон байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй тул Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар хохирол шаардах эрхгүй байна.

Сөрөг нэхэмжлэлийг хангах талаар хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй тул шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШШ2017/01332 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн   162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн өмгөөлөгчөөс давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 568 306 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Н.БАТЗОРИГ

                                   

                        ШҮҮГЧИД                                            Ч.ЦЭНД                                           

 

                                                                                     М.НАРАНЦЭЦЭГ