Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэмбилэгийн Лхагвасүрэн |
Хэргийн индекс | 118/2022/0020/З |
Дугаар | 221/МА2023/0111 |
Огноо | 2023-02-14 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 221/МА2023/0111
2023 оны 02 сарын 14 өдөр Дугаар 221/МА2023/0111 Улаанбаатар хот
Г.Ц нарын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Д.Баатархүү
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Хонинхүү
Илтгэсэн шүүгч Э.Лхагвасүрэн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б*******
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч Г.Ц, С.О, Б.А, Д.Ц, П.Д, Л.Б, Б.Э, Ч.Б
Хариуцагч Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал,
Хариуцагч Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга
Нэхэмжлэлийн шаардлага:
-Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн “Үндсэн хөрөнгө олж авах зөвшөөрөл олгох тухай” 44 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах,
-Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн “Аймгийн сонгуулийн хорооны гишүүдийг чөлөөлөх тухай” 41 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах,
- Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн “Нутгийн удирдлагын төлөөллийн байгууллагад төлөөлөгч сонгож ажиллах удирдамжийг батлах тухай” 42 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 24 дүгээр шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Г.Ц, Б.Э, Ч.Б, өмгөөлөгч Б.А,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж
Хэргийн индекс: 118/2022/0020/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Г.Ц, С.О, Б.А, Д.Ц, П.Д, Л.Б, Б.Э, Ч.Б нараас Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Хурлын даргад тус тус холбогдуулан “Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн “Үндсэн хөрөнгө олж авах зөвшөөрөл олгох тухай” 44 дүгээр, мөн өдрийн “Аймгийн сонгуулийн хорооны гишүүдийг чөлөөлөх тухай” 41 дүгээр, мөн өдрийн “Нутгийн удирдлагын төлөөллийн байгууллагад төлөөлөгч сонгож ажиллах удирдамжийг батлах тухай” 42 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2.Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 24 дүгээр шийдвэрээр:
“Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.Ц, С.О, Б.А, Д.Ц, П.Д, Л.Б, Б.Э, Ч.Б нарын Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн “Үндсэн хөрөнгө олж авах зөвшөөрөл олгох тухай” 44 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, уг шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 41 дүгээр зүйлийн 41.1.8, 46 дугаар зүйлийн 46.7, 46.9, 47 дугаар зүйлийн 47.2-т заасныг баримтлан Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн “Аймгийн сонгуулийн хорооны гишүүдийг чөлөөлөх тухай” 41 дүгээр тогтоолыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Л.Ц нарын нэхэмжлэлээс Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн “Нутгийн удирдлагын төлөөллийн байгууллагад төлөөлөгч сонгож ажиллах удирдамжийг батлах тухай” 42 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах” шаардлагыг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
3.Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1.“... Шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн 41-д “...7 дугаар хуралдааны бэлтгэл хангах ажлын хүрээнд хэлэлцэх асуудалтай холбоотой тооцоо, судалгааг хийж, холбогдох баримт, материалыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас нэхэмжлэгч нарт зохих ёсоор хүргээгүй нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т заасантай нийцээгүй бөгөөд нэхэмжлэгч Г.Ц, С.О, Б.А, Д.Ц, П.Д, Л.Б, Б.Э, Ч.Б нарын дээрх хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д заасан асуудал хэлэлцэн шийдвэрлэхэд таслах эрхтэй оролцох төлөөлөгчийн эрх, уг эрхтэй холбоотой хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна гэж үзлээ” хэмээн үндэслэлгүй дүгнэлтийг гаргасан байна.
Тухайлбал нэхэмжлэгч нар нь 7 дугаар хуралдаанд оролцох талаар товыг мэдсэн, харин хуралдаан хойшлуулах зорилгоор оролцоогүй талаар нэхэмжлэгч Г.Ц******* шүүх хуралдаанд тайлбарласан, түүнчлэн нэхэмжлэгч /Ардчилсан намын бүлгийн дарга/ Г.Ц болон Л.Б нарт аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 41 дүгээр тогтоолтой холбоотой бэлтгэл хангах ажлын хүрээнд хэлэлцэх асуудлаар баримт, материалыг хүргүүлсэн боловч тэдний “хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн” гэх ойлгомжгүй дүгнэлтийг шүүхээс хийсэн байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т заасан нэхэмжлэл гэх хуулийн нэр томьёоны тодорхойлолтыг буруу тайлбарлаж буюу маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгч нарын ямар хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн талаар дүгнээгүй, Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 7 дугаар хуралдаанд оролцох явцдаа хуулиар олгогдсон эрхээ эдэлж чадаагүй тухай дүгнэж, мөн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлээгүй байна.
Иймд Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 24 дүгээр шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Шийдвэрийн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хэрэгсэхгүй болгосон хэсэгт нэхэмжлэгч талаас давж заалдах гомдол гаргаагүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт заасны дагуу гомдлын хүрээнд хянаж, дараах үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангав.
1.Шийдвэрт “…маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох урьдчилсан нөхцөл нь хуульд нийцээгүй байх төдийгүй нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх шаардлага хангагдсан…” байх талаар үндэслэлтэй дүгнэсэн атлаа иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдааны ирц хүрээгүй, хэлэлцэх асуудлын талаарх холбогдох материалыг төлөөлөгч нарт бүрэн тараагаагүйгээс нэр бүхий төлөөлөгчдийн таслах эрхийг зөрчсөн гэх үндэслэлээр Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 7 дугаар хуралдаанаас гаргасан “Аймгийн сонгуулийн хорооны гишүүдийг чөлөөлөх тухай” 41 дүгээр тогтоолыг хүчингүй болгосон атлаа мөн өдрийн “Нутгийн удирдлагын төлөөллийн байгууллагад төлөөлөгч сонгож, ажиллах удирдамжийг батлах тухай” 42 дугаар тогтоолыг хүчингүй болгох шаардлагыг “…холбогдох материалыг төлөөлөгч нарт хуралдаан болохоос 4 хоногийн өмнө хүргүүлсэн нь тогтоогдсон, 7 дугаар хуралдаанд оролцохоос зориудаар татгалзсан байна…” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь логикийн хувьд хоорондоо зөрчилтэй дүгнэлт болжээ.
Өөрөөр хэлбэл ирц хүрээгүй гэж л үзвэл тэрхүү хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг дээрх байдлаар хэсэгчлэн хүчингүй болгох боломжгүй.
2.Маргаан бүхий 41 дүгээр тогтоолоор аймгийн сонгуулийн хорооны дарга, нэр бүхий 4 гишүүнийг өөрсдийнх нь хүсэлтээр чөлөөлсөн, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн А/11 дүгээр захирамжаар 7 дугаар хуралдааныг 5 дугаар сарын 3-ны өдрийн 09.00 цагт Нутгийн удирдлагын ордонд хуралдуулахаар товлож, уг хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд аймгийн сонгуулийн хорооны гишүүдийг чөлөөлөх, нөхөн сонгох тухай, мөн Нутгийн удирдлагын төлөөллийн байгууллагын гишүүн сонгох тухай асуудлыг тус тус хэлэлцүүлэхээр баталсан байна.
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3-т “Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хуралдааныг нийт төлөөлөгчдийн гуравны нэгээс доошгүйн саналаар, эсхүл Хурлын Зөвлөл, Хурлын даргын санаачилгаар хуралдуулна”, 52 дугаар зүйлийн 52.1.1-т “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга тухайн Хурлын ээлжит болон ээлжит бус хуралдааныг товлон зарлах, бэлтгэлийг хангах нийтлэг бүрэн эрхтэй” гэж зааснаас үзэхэд “…Хурлын зөвлөлөөр хэлэлцүүлэлгүйгээр 7 дугаар хуралдааны товыг зарласан…” гэх шүүхийн дүгнэлт үндэслэлгүй.
Хуралдаан товлох санаачилгыг Хурлын даргын нэгэн адил Хурлын зөвлөлөөс гаргах эрхтэй болохоос бус шийдвэрт дүгнэсэнчлэн заавал Хурлын зөвлөлөөр хэлэлцүүлж шийдвэрлэсний дараа хуралдааны тов тогтоох ёстой гэж Хурлын даргын хуулиар олгогдсон нийтлэг бүрэн эрхийг хязгаарлаж үл болно.
3.Бодит байдалд 7 дугаар хуралдаан товлосон 2022 оны 5 дугаар сарын 3-ны өдөр Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Ардчилсан намын бүлгээс Хурлын дарга Ц.У хандаж “…хуралдаанаар ганцхан сонгуулийн хорооны гишүүдийг чөлөөлөх, нөхөн сонгох тухай асуудлыг хэлэлцэхээр ээлжит 7 дугаар хуралдааныг зарлан хуралдуулахаар товлосныг Ардчилсан намын бүлгийн зүгээс эрс эсэргүүцэж байна… Дээр дурдсан шалтгаануудын улмаас Ардчилсан намын бүлэг энэ удаагийн ээлжит 7 дугаар хуралдаанд оролцохгүй гэдгээ үүгээр уламжлан мэдэгдэж байна” гэснээс үзэхэд хуралдааны тов, хэлэлцэх асуудлыг одоогийн нэр бүхий нэхэмжлэгч нар мэдэж байжээ.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Г.Ц нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Ардчилсан намын бүлгийн дарга, бусад нэр бүхий 7 нэхэмжлэгч нарын тухайд тус намаас нэр дэвшиж сонгогдсон хурлын Төлөөлөгчид.
Гэтэл шүүхийн шийдвэрт сонгуулийн хорооны гишүүдийн чөлөөлөгдөх хүсэлт, холбогдох баримтыг нэхэмжлэгч нарт хэрхэн хүргүүлсэн талаарх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон үйл баримтыг дээрх мэдэгдэлтэй харьцуулалгүйгээр, тэр тусмаа хуралдааны ирцтэй холбоогдуулж “мэдэгдэл”-ийг нэхэмжлэлийн шаардлага тус бүрт өөр үр дагавар үүсгэх мэтээр дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т заасан “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэсэн шаардлагад нийцсэнгүй.
4.Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.7-д “иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанд тухайн Хурлын нийт төлөөлөгчдийн олонхи нь хүрэлцэн ирсэн бол хуралдааныг хүчинтэйд тооцно”, 46.8-д “Хүндэтгэн үзэхээс бусад шалтгаанаар Хурлын төлөөлөгч хуралдаанд оролцохгүй байх, түүнийг орхиж гарахыг хориглоно” гэж зааснаас гадна 39 дүгээр зүйлийн 39.1.1-д хурлын төлөөлөгчийн асуудал хэлэлцэн шийдвэрлэхэд таслах эрхтэй оролцохыг Төлөөлөгчийн хувьд эрх, үүргийн аль аль нь байхаар хуульчилжээ.
Иймд хуулийн эдгээр зохицуулалт, аймгийн сонгуулийн хорооны дарга, нэр бүхий 4 гишүүнээс хүндэтгэх шалтгааны улмаас сонгуулийн хорооны гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлт гаргасан нөхцөл байдал, нэхэмжлэгчдээс 7 дугаар хуралдаанд оролцохгүйгээ мэдэгдсэн зэргээс үзэхэд хүчингүй болгуулахыг хүссэн 41 дүгээр тогтоол нь нэр бүхий нэхэмжлэгчдийн хуулиар олгогдсон “асуудал хэлэлцэн шийдвэрлэхэд таслах эрхтэй оролцох Төлөөлөгчийн эрх, үүрэг, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.
5.Харин ирцийн тухайд 2022 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 7 дугаар хуралдаанд нийт 41 төлөөлөгчөөс 13 төлөөлөгч танхимаар, 8 төлөөлөгч цахимаар оролцож, ирц 51.2 хувьтай байсан болох нь хуралдааны тэмдэглэлд тусгагдсан, Ардчилсан намаас нэр дэвшиж сонгогдсон 20 төлөөлөгч тухайн өдрийн хуралдаанд оролцоогүй талаарх бичгийн тайлбарыг тус намын бүлгийн дарга, нэхэмжлэгч Г.Ц шүүхэд өгсөн энэ тохиолдолд нэр бүхий нэхэмжлэгчдийн Хуралд оролцох эрхийг нь хангаагүй бус харин ч эсрэгээрээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр товлосон хуралд оролцоогүй гэж үзнэ.
Дээрх хуралдаанаар аймгийн сонгуулийн хорооны гишүүдийг чөлөөлөх асуудлыг шийдвэрлэсэн төдийгүй 42 дугаар тогтоолоор нутгийн удирдлагын төлөөллийн байгууллагад төлөөлөгч сонгож, ажиллах удирдамжийг баталсан, 43 дугаар тогтоолоор Ч.Б***ыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөс огцруулсан, 44 дүгээр тогтоолоор “А*******” ХХК-д зайлшгүй шаардлагатай үндсэн хөрөнгө зээлээр худалдан авах зөвшөөрөл олгосон, 45 дугаар тогтоолоор газрын дуудлага худалдааны орлогыг төвлөрүүлэн, хуваарилах, зарцуулах, тайлагнах журмыг баталсан, 46 дугаар тогтоолоор газрын үнэлгээний бүсчлэл, итгэлцүүр, газрын төлбөрийн хувь хэмжээг тогтоосон байна.
Хэдийгээр шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд маргааныг шийдвэрлэдэг ч “хурлын ирц хүрээгүй” гэх үндэслэл нь үр дагаврын хувьд маргаагүй дээрх шийдвэрүүдэд ч нөлөөлж болохыг анхаарах шаардлагатай.
Түүнчлэн Завхан аймгийн сонгуулийн хорооны 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 1 дүгээр тогтоолоор сонгуулийн хорооны 2020 оны 25 дугаар тогтоолын хавсралтад заагдсан Алдархаан сумаас төлөөлөгчөөр сонгогдсон Ю.Д холбогдох хэсгийг хүчингүй болгосон, гэвч 2022 оны 5 дугаар сарын 2-ны өдөр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд гаргасан Ю.Д тайлбараас үзэхэд тэрбээр сонгуулийн хорооны шийдвэрийг эс зөвшөөрч захиргааны хэргийн шүүхэд маргаж байгаа, хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй байх тул 7 дугаар хуралдаанд оролцож, хуульд заасан ирц бүрдүүлснийг буруутгах боломжгүй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. 1.Завхан аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 24 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3, 46.8, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн “Аймгийн сонгуулийн хорооны гишүүдийг чөлөөлөх тухай” 41, мөн өдрийн “Нутгийн удирдлагын төлөөллийн байгууллагад төлөөлөгч сонгож ажиллах удирдамжийг батлах тухай” 42 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай”, 3 дахь заалтын “…хэвээр үлдээж, хариуцагч Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч /Л.Ц нар/-д олгосугай” гэснийг “хэвээр үлдээсүгэй” гэж тус тус өөрчлөн, бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б давж заалдах гомдлыг хангасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН