Шүүх | Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дүгэрсүрэнгийн Алтанцэцэг |
Хэргийн индекс | 124/2019/0008/з |
Дугаар | 12 |
Огноо | 2019-09-27 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 09 сарын 27 өдөр
Дугаар 12
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч;“Т. Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг даргад холбогдох,
“Т.Э” ХХК-ийн эзэмшлийн XV-017830 тоот тусгай зөвшөөрлийн 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа Өндөрхангай сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоон, 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг Өндөрхангай сумын Засаг даргад даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, хариуцагч Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
“Т.Э” ХХК-ийг төлөөлөн захирал Ш.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Манай компани нь Увс аймгийн Өндөрхангай болон Цагаанхайрхан сумдын нутагт орших "Бадаг" нэртэй газарт ашигт малтмалын хайгуулын ХҮ-017830 тоот тусгай зөвшөөрлийг эзэмшдэг болно. Тус компаниас Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т "Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахдаа тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө сум, дүүргийн Засаг даргад батлуулахаар хүргүүлнэ" гэж заасны дагуу 2018 оны 01 дүгээр сарын 22-нд Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг даргад “байгаль орчны менежментийн төлөвлөгөө”-г батлуулахаар хандсан боловч баталж өгөхөөс татгалзсан. Улмаар 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 05/01 дүгээр албан бичгээр бидний боловсруулсан 2018 оны хайгуулийн ажлын Байгаль орчны менежментын төлөвлөгөөг баталж өгөхийг хүссэн боловч өнөөдрийг болтол ямар нэг хариу өгөхгүй, эрх зүйн акт гаргалгүй эс үйлдэхүй гаргаж байна. Үүний улмаас Ашигт малтмалын газрын кадастрын хэлтсээс манай компанийн хайгуулийн тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3-т заасан "Байгаль орчны менежментын төлөвлөгөөг шинэчлэн батлуулсан баримт дутуу” гэх үндэслэлээр сунгахаас татгалзсан болохыг мэдсэн. Энэхүү шийдвэртэй холбогдуулан Ашигт малтмалын газрын даргад хандсан боловч 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 1/332 дугаар албан бичгээр "...тусгай зөвшөөрлийг сунгуулах өргөдлийг ирүүлэхдээ Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22,1.3-т заасан баримтыг дутуу ирүүлсэн..." гэжээ.
Гэтэл уг баримтыг ирүүлээгүй нь нэхэмжлэгч бидний буруутай үйл ажиллагаа биш бөгөөд хуульд заасан үүргээ биелүүлэхээс татгалзаж, эс үйлдэхүй гаргасан Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг даргын буруутай үйлдэл гэж үзэж байна. Учир нь манай эзэмшлийн хайгуулийн тусгай зөвшөөрөл нь тус аймгийн 2 суманд байдаг бөгөөд Увс аймгийн Цагаанхайрхан сумын Засаг даргаас Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т заасны дагуу 2018 оны хайгуулийн ажлын Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг баталсаар атал Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг дарга ямар ч учир шалтгаангүйгээр хуулиар олгосон үүргээ хэрэгжүүлээгүйн улмаас бидний 2015 оноос хойших хугацаанд зарцуулсан хөрөнгийг болон цаашид төлөвлөсөн ажлыг маань үгүй хийж байгаад үнэхээр гомдолтой байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т "захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох гэснийг баримтлан “Т. Э” ХХК-ийн эзэмшлийн XV-017830 тоот тусгай зөвшөөрлийн 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа Өндөрхангай сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоон, 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг Өндөрхангай сумын Засаг даргад даалгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг маань хангаж өгнө үү “гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмнөх шүүх хуралдаанд гаргасан тайлбар хэвээрээ байгаа. Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахдаа тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө сум, дүүргийн Засаг даргад батлуулахаар хүргүүлнэ гэж заасны дагуу “Т.Э” ХХК-ийн зүгээс сумын Засаг даргад хүргүүлсэн. Сум дүүргийн Засаг дарга нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор хянан баталж тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлэх үүрэгтэй. Хуульд заасан энэ үүргийг Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг дарга биелүүлээгүй. Гэтэл “Ц” ХХК болон “М. М” ХХК-ууд нь Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг даргаар байгаль орчны менежмент төлөвлөгөөгөө батлуулсан байсан. “Т. Э” ХХК-ийн хувьд Ашигт малтмалын тухай хууль, Байгаль орчны тухай хууль мөн холбогдох хууль тогтоомжтой нийцүүлээд хайгуулын тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын газраас авсан. Гэтэл хариуцагч Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг дарга нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд субъектив байдлаар хандаж байна гэж үзэж байна. Нэхэмжлэгч талаас хариуцагч талыг хуульд харшлах зүйлгүй байхад эс үйлдэхүй гаргаж байгаа нь хуульд нийцэхгүй гэж үзэж байна. Хариуцагч Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг дарга нь төрийн чиг үүргийг хуульд заасан эрх үүргийг баримтлан ажиллах үүрэгтэй. Нэхэмжлэлийн шаардлагын дэмжиж байна.” гэв.
Хариуцагч Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг дарга Ц.С шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Тухайн үед буюу 2015 онд Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4 дэх заалт хүчин төгөлдөр мөрдөгдөж байх үед аймгийн зүгээс сумын санал авч ажиллаагүй бидэнд ямар нэгэн мэдээлэл байгаагүй учраас тухайн төлөвлөгөөг баталж өгөх боломжгүй юм.
Монгол Улсын Засаг захиргаа,нутаг дэвсгэрийн нэгж,түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6.е нутаг дэвсгэрт нь ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоход хууль тогтоомжид заасны дагуу санал өгөх гэж заасан заалтыг зөрчсөн байхад байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлах боломжгүй.Учир нь орон нутгийн иргэд хайгуулын болон ашиглалтын үйл ажиллагааг нутаг дэвсгэртээ ямар нэгэн иргэн, аж ахуйн нэгж байгууллагад хийх эрх олгохгүй тухай саналаа илэрхийлж энэ талаар гарын үсгээ зурж өгсөн.Засаг даргын хувьд хуулиар олгосон эрх гүйцэтгэх үүрэгтэй хэдий ч нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан ийм асуудалд иргэдийнхээ эсрэг аливаа үйл ажиллагаанд оролцож төлөвлөгөөг батлах ёс зүй надад байхгүй.
Ашигт малтмалын тухай хуулийн 19.4 дэх заалтыг хэрэгсэхгүйгээр тусгай зөвшөөрөл авсан нь ашиг сонирхлын зөрчил үүсгэж хууль зөрчиж авсан гэж үзэж байна” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагч Өндөрхангай сумын Засаг даргын шүүхэд гаргасан тайлбарыг дэмжиж байна. Нэхэмжлэгч тал “Ц”, “М.М” ХХК-ийн төлөвлөгөөг баталсан гэж тайлбар гаргаад байгаа. Нотлох баримтыг нь Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг даргад хүргүүлнэ үү. Эдгээр компаниуд хайгуулын үйл ажиллагаа явуулж байгааг мэдэхгүй байна. 2015 онд хайгуулын тусгай зөвшөөрлийг суманд олгохгүй байх тухай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоол гаргасан. Хурлын тогтоолыг иргэдэд танилцуулаад санал авсан байгаа. Нутгийн иргэд хайгуул явуулахыг зөвшөөрөхгүй байгаа. Тиймээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Шүүх хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Т.Э” ХХК нь шүүхэд “Т Э V” ХХК-ийн эзэмшлийн XV-017830 тоот тусгай зөвшөөрлийн 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа Өндөрхангай сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоон, 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг Өндөрхангай сумын Засаг даргад даалгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүхээс хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч нарын гаргасан тайлбар, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед хэргийн оролцогчдын төлөөлөгчөөс гаргасан нэмэлт тайлбар, бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь үнэлээд дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ “Манай компани ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг хуулийн дагуу авсан байхад сумын Засаг дарга үндэслэлгүйгээр байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байна” гэж тодорхойлжээ.
Хариуцагчийн зүгээс “хайгуулын зөвшөөрлийг анх авахдаа хууль зөрчиж авсан, орон нутгийн иргэд зөвшөөрлийг олгохгүй тухай саналаа илэрхийлж гарын үсэг зурсан” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.
Шүүхээс урд нь 2019 оны 07 сарын 08-ны өдрийн 69 дугаартай захирамжаар уг нэхэмжлэлийг шүүхэд гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байх боловч Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 сарын 22-ны өдрийн 221/ШТ2019/0538 дугаартай тогтоолоор захирамжийг хүчингүй болгож хугацааг хэтрүүлсэн гэж үзээгүй тул нэхэмжлэгчийг хуульд заасан хугацааны дотор шүүхэд нэхэмжлэлийг гаргасан гэж үзэв.
“Т.Э” ХХК-д Ашигт малтмалын газраас Увс аймгийн Өндөрхангай, Цагаанхайрхан сумын нутаг дамнан орших “Бадаг” гэх нэртэй газарт орших 2985.38 гектар талбайг хамарсан XV-017830 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг 2018 оны 03 сарын 13-ны өдөр хүртэл хугацаатайгаар 2015 оны 3 сарын 13-ны өдөр олгожээ.
“Т.Э” ХХК нь 2018 оны 02 сарын 13-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтэст хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулахыг хүссэн өргөдлийг гаргасан байх ба байгаль очны менежментийн төлөвлөгөөг Өндөрхангай сумын Засаг даргаар батлуулахаар хүргүүлсэн боловч хариу ирээлээгүй талаар дурдаж өргөдлийг бүртгэж авахыг хүсчээ.
Ашигт малтмал, газрын тосны кадастрын хэлтсийн даргын 2018 оны 05 сарын 03-ны өдрийн 305 дугаартай шийдвэрээр байгаль орчны менежментийн шинэчилсэн төлөвлөгөөг Өндөрхангай сумын Засаг даргаар батлуулаагүй гэх үндэслэлээр “Т.Э” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.
“Т.Э” ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газрын даргад тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахаас татгалзсан шийдвэрийн талаар гомдол гаргасан байх ба Ашигт малтмал, газрын тосны газрын даргаас Кадастрын хэлтсийн даргын шийдвэр үндэслэлтэй талаар хариуг өгсөн байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч хугацаа сунгуулах өргөдлийг гаргаж, дараах баримт бичгийг хавсаргана гээд мөн хуулийн 22.1.3-д “байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн батлуулсан байхаар заажээ.
Мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахдаа тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө сумын Засаг даргад батлуулахаар хүргүүлнэ гэж заасан ба 40 дүгээр зүйлийн 40.3, 38 дугаар зүйлийн 38.2-т зааснаар Засаг дарга төлөвлөгөө түүний өөрчлөлтийг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор хянан баталж тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлнэ гэж заасан байна.
“Т.Э” ХХК нь 2018 оны 01 сарын 30-ны өдөр 05/01 дугаартай албан бичгээр Өндөрхангай сумын Засаг даргад байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хянуулахаар шуудангаар хүргүүлсэн байх ба шуудангийн тасалбарыг хэрэгт хавсаргажээ.
Мөн Өндөрхангай сумын Засаг даргын Тамгын газрын 2018 оны ирсэн бичгийн бүртгэлийн 80 дугаарт “Т.Э” ХХК-ийн 05/01 дугаартай хүсэлт, 22 хуудас бичиг баримтыг бүртгэсэн бүртгэлээс үзэхэд нэхэмжлэгч нь 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулахаар Өндөрхангай сумын Засаг даргад хандсан нь тогтоогдож байх ба хэрэгт уг төлөвлөгөө хавсаргагдсан байгаа болно.
Хариуцагч Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг даргаас “Т.Э” ХХК-ийн төлөвлөгөө батлаагүй байх бөгөөд ямар нэг хариуг өгөөгүй байна.
Хариуцагч шүүхэд “хайгуулын зөвшөөрлийг анх авахдаа хууль зөрчиж авсан, орон нутгийн иргэд зөвшөөрлийг олгохгүй тухай саналаа илэрхийлж гарын үсэг зурсан” гэсэн үндэслэлээр төлөвлөгөөг батлах боломжгүй гэсэн тайлбарыг гаргажээ.
“Т.Э” ХХК-ийн эзэмшлийн XY-017830 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн Цагаанхайрхан сумын нутаг дахь талбайн 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг Цагаанхайрхан сумын Засаг дарга баталсан байна.
“Т.Э” ХХК нь анх Өндөрхангай сумын нутаг “Бадаг” гэх нэртэй газарт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг 2015.02.10-ны өдөр Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст гаргасан байх ба Ашигт малтмалын газраас Увс аймгийн Засаг даргаас санал авахад “зөвшөөрөл олгохыг дэмжиж байна” гэсэн саналыг 2015 оны 02 сарын 27-ны өдөр аймгийн Засаг дарга Д.Ц өгч Кадастрын хэлтсийн 2015 оны 03 сарын 09-ний өдрийн 145 дугаартай шийдвэрээр “Т.Э” ХХК-д Бадаг гэх нэртэй газарт 2985.38 га талбайд хайгуулын тусгай зөвшөөрлийг олгожээ.
Тусгай зөвшөөрөл олгогдох үед мөрдөгдөж байсан Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6 дахь хэсэгт аймгийн Засаг дарга хайгуулын тусгай зөвшөөрөл олгох саналыг дэмжсэн бол төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргахаар зохицуулж байсан байх ба эрх бүхий төрийн захиргааны байгууллагаас нэхэмжлэгчид тусгай зөвшөөрлийг олгосон байна.
Хариуцагчаас ирүүлсэн иргэд хайгуул явуулахыг зөвшөөрөхгүй байгаа талаар саналаа илэрхийлж гарын үсгээ зурсан гэх баримт нь 2015.03.30-ны өдрийн он сар бүхий Овоон хар, дуурх, Хадат, Бурхант, Дэлт гэх газруудад “Үгүй” гэх санал өгсөн Жаргалант багийн иргэдийн гарын үсэг бүхий баримт байх бөгөөд Бадаг нэртэй газарт санал аваагүй баримт болохыг тэмдэглэв.
Хариуцагчийн шүүхэд гаргасан “хайгуулын зөвшөөрлийг анх авахдаа хууль зөрчиж авсан, орон нутгийн иргэд зөвшөөрлийг олгохгүй тухай саналаа илэрхийлж гарын үсэг зурсан” гэсэн тайлбарыг хүлээн авах боломжгүй бөгөөд “Т.Э” ХХК-ийн 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлаагүй нь Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.3, 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсгүүдэд заасантай нийцээгүй, хариуцагч албан тушаалтны эс үйлдэхүй хууль бус байна.
Өөрөөр хэлбэл хариуцагч нь нэхэмжлэгчийн ирүүлсэн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хянан үзэж холбогдох санал, өөрчлөлтийг тусгуулан батлах үүрэгтэй байна.
Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй.
Шүүхээс нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээн, хариуцагчийн ажлын алба болох Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг даргын Тамгын газраас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг даргын “Т.Э” ХХК-ийн 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоон, нэхэмжлэгч “Т.Э” ХХК-ийн 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг хариуцагч Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг даргад даалгасугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Т.Э” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээн хариуцагч Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг даргын тамгын газраас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.