Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 314

 

          Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, шүүгч П.Болор, Л.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар, 

         Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Рапид харш хороолол, 4 дүгээр байрны 19 тоотод оршин суух, 1963 онд төрсөн, 53 настай, эрэгтэй, регистрийн дугаар ШЗ63070371, Бээл овогтой Бадамгарвын Эрдэнэбаатарын нэхэмжлэлтэй,

           Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, 3 дугаар 60 айлын орон сууцны 47 тоотод оршин суух, 1988 онд төрсөн, 28 настай, эрэгтэй, регистрийн дугаар ОО88121815, Тайш овогтой Сандагийн Нямжавт холбогдох,

           48.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагважав, хариуцагч С.Нямжав, хариуцагчийн өмгөөлөгч Ө.Нарантуяа, иргэдийн төлөөлөгч Д.Мягмардарь, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

         Нэхэмжлэгч Б.Эрдэнэбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Б.Эрдэнэбаатар миний бие 2013 оны 6 дугаар сарын үед Зар мэдээ сониноос “Газар зарна” гэсэн хаягтай зар олж хараад газар дээр нь буюу Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Найрамдал зуслан явдаг замын дэргэд Бор толгойн зүүн талд очиход нэг эмэгтэйн газар дээр кадастрын ажилтан залуу хэмжилт хийгээд зогсож байсан ба тэр эмэгтэйгээс газрыг нь авах гэж ярилцаад үнэ тохиролцоогүй. Гэтэл хажуунаас кадастрын ажилтан Нямжав гэх залуу “Надад 2-3 хямд газар байна” гэхээр нь ярилцаад хамт явж үзээд нэг газар товлож авахаар болсон. Урьдчилгаанд 2.000.000 төгрөг өгсөн. Тэгээд тэр залуу “Бичиг баримт нь гарахаар би өгье, маргааш нөгөөдөр төд хоногийн дараа гарна” гэсээр байсан бөгөөд 2013 оны 12 дугаар сарын дундуур орчим “Надад угсармал барилгын боломжийн үнэтэй хавтан олдох боломж байна, наад газар чинь бүтэх үү”  гэхэд Нямжав “Бүтнэ, бүтнэ” гэж хэлсэн. “Та тэр хавтангаа авч болно, хашаагаа барьж бай, гэрчилгээ чинь удахгүй гарна” гээд дахин мөнгө нэхэж 3.000.000 төгрөг авсан. Мөн өвлийн хүйтэнд 10-аад шланз машин хөлсөлж угсармал 3 давхар барилгынхаа хавтанг газар дээр нь буулгасан. Байнга утсаар ярихад “Болно, бүтнэ, янз бүрийн гацаа үүсч байна” л гэдэг байсан болохоор итгээд “Хавар дулааруулаад хашаагаа барья” гэхэд “Барьж бай, болно” гэснээр бид бетонон суурьтай квадрат төмөр хашаа, эрчим хүч татах, 3 давхар барилгын суурь, цутгалт, арматурын ажлыг бүгдийг нь хийж, ажил явагдаж байсан. Гэтэл 2014 оны 7 дугаар сарын эхээр гэнэт “Арвайн үндэс” ХХК-ийн захирал О.Оргил гэдэг залуу ирж “Та нар яагаад манай газар дээр байшин сав барьж байна” гэсэн. Тухайн үед бид кадастрын зураг, эзэмших эрхийн гэрчилгээ зэргийг нь хараад итгэж, улмаар С.Нямжав руу ярихад өөрийн эзэмшилийн газар биш болохоо хүлээн зөвшөөрч “Танд учирсан бүх зардлыг би хариуцаж төлнө” гэж надад хэлсэн. Би гарсан бүх зардлаа үнэлгээний компаниар хийлгэж С.Нямжавтай яриад 70.000.000 төгрөг надад төлөхөөр тохиролцож 30.000.000 төгрөгийн төлбөрт машин, газар зэргийг өгсөн, одоо 40.000.000 төгрөг төлөх дутуу байгаа ба намайг АНУ-ын Вашингтон ДС хотоос 2 удаа “Та хүрээд ир” гэж дуудуулсан 8.000.000 төгрөг, нийт 48.000.000 төгрөгийг С.Нямжаваас гаргуулахаар нэхэмжилж байна”  гэжээ.

          Хариуцагч С.Нямжав шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.Эрдэнэбаатарын шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие Парцел ХХК-д инженерээр ажилладаг байсан. Манай компани нь геодез зурагзүйн үйлчилгээ үзүүлдэг бөгөөд иргэдийн хүсэлийг хүлээн авч шуурхай үйлчилгээ үзүүлдэг юм. 2013 оны 6 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд “Зуслангийн газар дээр хэмжилт хийж өгөөчээ” гэж нэг иргэн над руу ярьсны дагуу миний бие хэмжилт хийдэг багажаараа хэмжилт хийж өгсөн ба “Уг газраа зармаар байна” гэдгээ надад ярьж байсан. Уг газрыг сонирхсон хүмүүс “Авто замаас нэлээд зайтай, ус чийг ихтэй газар байна” гээд хэмжилт хийлгэсэн газрыг авахгүй гээд надаас “Өөр зарах газар байна уу” гэж асуусан би “Сайн мэдэхгүй байна” гэдгээ хэлж байсан. Тухайн иргэний газарт хэмжилт хийгээд буцаж байтал Бадамгаравын Эрдэнэ-Отгон гэдэг хүн өөрийгөө танилцуулаад “Боломжийн газар байвал зааж өгөөчээ” гэхээр нь “Өргөдөл өгсөн газар байгаа” гэхэд “Бичиг баримт нь гарахаар ахдаа хэлээрэй” гэсэн. Түүний дараа удаа дараа утсаар ярьдаг байсан бөгөөд бид 2-уулзаад Б.Эрдэнэ-Отгоноос мөнгөний хэрэг гараад 2.000.000 төгрөг зээлсэн. Тэгээд өвөл нь зээлдсэн мөнгөө өгөх гэтэл “Чамд байж байг ахын дүү” гээд авахгүй байсан. Надаас “Нөгөө бичиг баримт нь гарсан уу” гэж шаардаад “Хашаа барьмаар байна” гэхэд би “Болохгүй шүү, бичиг баримт нь гараагүй” гэдгээ удаа дараа сануулж хэлдэг байсан. 2014 оны 5 дугаар сард намайг Увсад ирчихсэн байтал Б.Эрдэнэ-Отгон над руу залгаад “Ах нь нөгөө газар дээр чинь хашаа бариад эхэлчихсэн шүү” гэж ярихад “Бичиг баримт нь гараагүй байхад та яагаад хашаа барьж байгаа юм бэ, наад ажлаа зогсоо” гэж хэлсэн. Тэр өдрөөс 2 өдрийн дараа “Арвайн Үндэс” компаний захирал О.Оргил гэх хүн над руу “Б.Эрдэнэ-Отгон гэх хүн хашаа байшин барьж байна, яагаад ийм юм барьсан юм бэ? гэж асуухаар чамайг мэднэ гэж хэлсэн. Ирж учрыг нь олж өг” гэсэн. Намайг очиход тухайн газрын хагсыг нь хашаалсан, нэг байшингийн суурь цутгасан, 100 м орчим 380 кв-ын шугам татсан байсан. Юу болсныг Сонгинохайрхан дүүргийн газрын албанаас орж асуухад “Танай хажууд нь ойрхон газар олон, тэр газар руу хашаа байшингаа зөөгөөд барьчих” гэсэн. Тэгээд “Сонгинохайрхан дүүргээс 3 газар Найрамдал зуслан явах авто замын дагуу олгосон гэсэн. Тэгээд би Увс руу явах болоход хэдэн хүмүүстэй ирж “Би тэрэн дээр зөөж барьж чадахгүй миний хохирлыг барагдуулж өг” гэж сүрдүүлсээр байгаад “55.000.000 төгрөг төл” гэж бичиг хийлгэсэн. Б.Отгон-Эрдэнэ гэх хүн 2015 оны 5 дугаар сард Увсад ирж “Ах нь нөгөө газрыг чинь 25.000.000 төгрөгөөр зарсан, үлдэгдэл хохирлыг барагдуулж өг” гэж нэхсээр байгаад надаас 10.000.000 төгрөг, миний унаж байсан Ниссан санни маркийн автомашиныг 5.000.000 төгрөгөнд бодож аваад үлдсэн 15.000.000 төгрөгтөө угсармал байшингаа зарж авна гээд одоо ямар нэгэн гомдолгүй гэж бичиг хийж нотариатаар батлуулж өгөөд явсан. 2015 оны 6 дугаар сард би хотод сургалтаар очсон байхад над руу ярьж “Уулзах ажил байна” гээд байхаар нь 13 хороололд уулзахаар болж очиход Бадамгарав овогтой Эрдэнэ-Оюун, бэргэн эгч Ж.Түмэнжаргал гэх зэрэг 4 хүнтэй нийлж дарамтлан “Дахин 40.000.000 төгрөг төл” гэж бичиг хийлгэн авч “Тэр мөнгөө төл” гэж байнга утсаар залгаж дарамталдаг байсан. Нэхэмжлэгч Б.Эрдэнэбаатар гэх хүнийг сайн танихгүй, анх хэмжилт хийлгэж явахдаа “Манай ах америкт байдаг, бид 2 хамт зуслангийн байшин барих гэж байна” гэж хэлж байсан. Тэрнээс хойш хараагүй “Угсармал байшинг би ав” гэж хэлээгүй, хэзээ хэдэн төгрөгөөр авсаныг мэдэхгүй. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.

             Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                        ҮНДЭСЛЭХ НЬ:

               Нэхэмжлэгч Б.Эрдэнэбаатар нь хариуцагч С.Нямжавт холбогдуулан 48.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

              Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг “Бор толгой”-н баруун хойд талд байрлах газрыг 2013 оны 6 дугаар сард иргэн Б.Эрдэнэбаатар нь С.Нямжаваас худалдан авахаар болж, С.Нямжавт 5.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн, үлдэх төлбөрийг дараа буюу тухайн газрын гэрчилгээг Б.Эрдэнэбаатарын нэр дээр шилжмэгц төлбөрийг барагдуулахаар тохиролцож, талууд худалдах-худалдан авах гэрээг амаар байгуулсан байна.

             Ингээд нэхэмжлэгч Б.Эрдэнэбаатар дээрх газартаа 2013 оны 12 дугаар сараас эхлэн 2014 оны 7 дугаар сарын хооронд 3 давхар барилга барихаар барилгын суурь цутгаж, 1 давхрын хэсгийг барьсан, мөн цахилгааны шугам татаж, хашаа хатган, нийт 99.555.000 төгрөгийн өртөг бүхий барилгын ажлыг хийсэн болох нь хэргийн 13-21 дүгээр хуудаст авагдсан “Хөрөнгийн үнэлгээний тайлан”-аар тогтоогдож байна.

             Гэтэл уг газар нь “Арвайн үндэс” ХХК-ийн хууль ёсны эзэмших эрхийн гэрчилгээ бүхий газар байсан нь талуудын шүүхэд гаргасан тайлбар болон гэрч О.Оргилын мэдүүлгээр /хх-63/ нотлогдож байгаа ба нэхэмжлэгч Б.Эрдэнбаатар гэрээнээс татгалзаж, хариуцагч С.Нямжаваас “үүргийн гүйцэтгэл” буюу дээрх барилга барихад гарсан зардлыг гаргуулахаар нэхэмжилжээ.

              Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1, 33.1.2, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3, 14 дүгээр зүйлийн 14.1.3-т зааснаар Монгол Улсын иргэн нь аливаа газрыг эзэмших, өмчлөн авахдаа гагцхүү тухайн шатны Засаг даргын шийдвэрийн үндсэн дээр хэрэгжүүлэхийг хуульчилсан ба талуудын хооронд амаар байгуулагдсан газар худалдах-худалдан авах гэрээ нь зохих этгээдийн зөвшөөрөл авсны үндсэн дээр хүчин төгөлдөр болох байтал нэхэмжлэгч, хариуцагч нарын хэн нь ч тухайн дүүргийн Засаг дарга, газрын даамалд албан ёсоор хандаж, зөвшөөрөл хүсээгүй, энэ талаар баримт хэрэгт авагдаагүй байна.

              Түүнчлэн нэхэмжлэгч, хариуцагч нарын хэн аль нь тухайн газрыг хариуцагч С.Нямжавын хууль ёсны өмчлөл, эзэмшилд байхгүй болохыг мэдэж байсан ба нэхэмжлэгч Б.Эрдэнэбаатар өөрөө хуульд заасан журмын дагуу эрх бүхий байгууллагад хандаж газар эзэмших, өмчлөх эрхээ хэрэгжүүлэх бүрэн боломжтой байжээ.

           Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д “Хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл нь хүчин төгөлдөр бус байна” гэж заасан тул талуудын хооронд байгуулагдсан хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзэв.

            Хэдийгээр хариуцагч С.Нямжаваар “55.000.000 төгрөг өгнө, газар олж өгнө, 40.000.000 төгрөг өгнө” гэсэн агуулга бүхий амлалт, баталгаа /хх-146/-г бичүүлэн авч, мөн 2014 оны 7 дугаар сар болон 2015 оны 6 дугаар сард С.Нямжавтай утсаар ярьсан ярианы бичлэг /буюу хэргийн 132-142 дугаар хуудаст авагдсан тэмдэглэл/ зэргийг үндэслэл болгон хариуцагчаас “үүргийн гүйцэтгэл” буюу 40.000.000 төгрөг, мөн Б.Эрдэнэбаатарын АНУ-аас ирж, буцсан замын зардал 8.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байгаа боловч дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

            Учир нь дээр дурдсанчлан нэхэмжлэгч албан ёсны зөвшөөрөл авагдаагүй байхад тухайн газар дээр хөрөнгө зарцуулсан нь түүний гэм буруутай үйл ажиллагаанаас болсон ба мөн хариуцагч С.Нямжавын хувьд 30.000.000 төгрөгийг бэлэн болон бэлэн бусаар төлж, тодорхой хэмжээний хохирлыг төлж барагдуулан өөрийн үүргээ гүйцэтгэсэн болох нь хэргийн 93-95 дугаар хуудаст авагдсан 2015 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн “Автомашин худалдах-худалдан авах гэрээ”, 2015 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хийгдсэн “Хэлцэл”, “Баталгаа” гэсэн баримтууд болон “3 айлын газрыг олж өгсөн” гэх тайлбараар тус тус тогтоогдож байна.

            Мөн хэргийн 7-9 дүгээр хуудаст авагдсан нотлох баримтууд нь зөвхөн 2013 оны 6 дугаар сарын 29-ний өдрөөс 2013 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр, 2014 оны 5 дугаар сарын 29-ний өдрөөс 2014 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн хооронд, 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Монгол Улсад ирж, буцаж байсныг нотолж байх ба 2015 оны 7 дугаар сарын 22-ны өдөр 956,20 ам доллараар онгоцны тийз худалдан авсан тухай баримт байгаа боловч тухайн баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй, нөгөө талаас тухайн цаг үед Монгол банкны заралсан ханшаар 1 ам доллар хэдэн төгрөгтэй тэнцэж байсан талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

             Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.6-д заасныг баримтлан хариуцагч С.Нямжавт холбогдох “48.000.000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэгч Б.Эрдэнэбаатарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

             Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Эрдэнэбаатарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 397.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.6-д заасныг баримтлан хариуцагч С.Нямжавт холбогдох “48.000.000 /дөчин найман сая/ төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэгч Б.Эрдэнэбаатарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Эрдэнэбаатарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 397.950 /гурван зуун ерэн долоон мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

                                           ДАРГАЛАГЧ,

                                          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Н.ГЭРЭЛТУЯА

                                          ШҮҮГЧИД                                                    П.БОЛОР

                                                                                                               Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ