Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 2021/ШЦТ/76

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,

Улсын яллагч Ц.Ариунжаргал,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын өмгөөлөгч  

Ц.Баярмаа,

Шүүгдэгч Х.З, түүний өмгөөлөгч Э.Дөлгөөн,

Шүүгдэгч Ц.Х, түүний өмгөөлөгч Н.Нармандах,

Шинжээч эмч С.Шүрцэцэг,

Нарийн бичгийн дарга А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,    

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У овгийн Ц-ын Х, Б овгийн Хадын З нарт холбогдох 2028001380191 тоот эрүүгийн хэргийг 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

Биеийн байцаалт: 

Монгол Улсын иргэн, ........................

Монгол Улсын иргэн, .......................

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Ц.Х нь Х.З-тай бүлэглэн 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн Номгон сумын Эмгэнбулаг багийн нутаг дэвсгэрт гэртээ хохирогч Д.Т-ыг согтуурсны улмаас биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж цээжин тус газар нь өшиглөж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн тухайн цаг хугацаанд Д.Т-г цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Х.З нь Ц.Х-тай бүлэглэн 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн Номгон сумын Эмгэнбулаг багийн нутаг дэвсгэрт гэртээ хохирогч Д.Т-ыг согтуурсны улмаас биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж цээжин тус газар нь өшиглөж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Ц.Х, Х.З нарыг яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ц.Х шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 2020 оны 05 дугаар cарын 04-ний өдөр манай гэрт таван хүн очсон. 2 эмэгтэй нь эрүүл бусад нь согтуу 4, 5 шил архитай очсон. Манай гэрт хоноогүй хүмүүс байгаа. Д.Т Х.З-д архи шахаад байхаар нь Д.Т-гийн толгой руу шилбүүрээр шавхарсан нь үнэн. Би талийгаачид гар хүрээгүй. Талийгаач миний хайрлаж хүндэлж явдаг хүн байсан гэв.

Шүүгдэгч Х.З шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Тавуулаа ирсэн. Тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Би Ц.Х-т зодуулдаг байсан. Хүнд гар хүрдэг. Одоо бид хоёр хамт амьдрахаа байсан. Би талийгаачийг шилбэ хэсэг рүү нь нэг удаа өшиглөсөн. Ц.Х талийгаачийг хоол хороох гэж ирсэн гэж өшиглөж байхыг нь би харсан. Ц.Х талийгаачид огт хүрээгүй гэдэг нь худлаа. Үнэн юм үнэнээрээ байх ёстой гэж бодоод хэлж байна. Би зуухны урд сууж байхад бакалтай хөлөөрөө Ц.Х талийгаачийг өшиглөсөн гэв.  

Шинжээч эмч С.Шүрцэцэг шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Д.Т анх 05 дугаар сарын 26-ны өдөр шинжээч томилсон тогтоолын дагуу үзүүлсэн. Үзүүлэх үедээ хэрэг болсон цаг хугацаа 05 дугаар сарын 07-ны өдөр бусдад зодуулсан гэх өгүүлэмжтэй үзүүлсэн. Үзүүлэхдээ толгой өвдөнө гэх зовуурьтай баруун зулайд 1 сантиметр урттай ягаан өнгийн сорвитой байсан. Өөр ямар нэгэн гэмтэл ярьж хэлж үзүүлээгүй. Дараа нь компьютер томографын шинжилгээ хийлгэсэн хариугаа нэмэлтээр авч ирсэн. Компьютер томографын зургаар хамар ясны хугарал илэрсэн. Тухайн гэмтэл үзүүлэгчийн гэмтэл үүссэн гэх цаг хугацаанаас 2 сарын дараа хариуг авч ирсэн. Хамар ясны хугарал шинэ хуучин нь мэдэгдэхгүй, бүтцээ өөрчилсөн цаг хугацаанд үзүүлж дүгнэлт гаргуулсан учраас гэмтэл учирсан цаг хугацааг тогтоох боломжгүй байсан. Хамар ясны хугарал нь дүгнэлтэд тусгагдсан байгаа. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах шинжээрээ гэмтлийн хөнгөн зэрэгт хамаардаг байгаа. Хамар ясны хугарал авсан дараа тухайн өвчтөнд хамар хавдах, өвдөх, хамар битүүрэх зэрэг зовуурь илэрнэ. Гадна талд хаван, цус хуралт зарим тохиолдолд 2 нүдний зовхи руу цус хуралт буюу хөхрөлт ажиглагддаг. Хамар яс хугарлын үед огт шинж тэмдэггүй байж байгаад 1 сарын дараа гэнэт өвдөж эхлэх зүйл байхгүй. Дотор яс хугарч байгаа учраас зөөлөн эд гэмтэхгүй яс ганцаараа хугарна гэж байхгүй. Гадна талаар хаван, хавдар, цус хуралт гэмтэл явагддаг байгаа. 05 дугаар сарын 26-ны өдөр надад үзүүлэхэд зовуурь нь илэрч байсан бол хэлэх байсан энэ талаар хэлээгүй. Тухайн үедээ яагаад хэлээгүй, үзүүлээгүй вэ гэхэд зураг авхуулсан чинь хугарсан гэмтэл гарлаа гэж хэлсэн. Тийм учраас цаг хугацааг тогтоох боломжгүй гэсэн дүгнэлт гаргасан байгаа. Хамар ясны хугарал өөрөө эдгэрнэ. Гэхдээ хамар ясны үлдэц буюу хугарал ихтэй, таславч хэсгээрээ гэмтсэн, муруйлттай байвал гайморын хөндийн архаг үрэвсэл, хамрын ургацаг үүсэж хүндэрч болно. Бага хэмжээтэй хугарал үүссэн байвал аяндаа өөрт онцын зовуурьгүй, үлдэцгүй эдгэрч болно. Зовуурь багатай байсан учраас муруйлт багатай хугаралд хамаарахаар байна. Тийм учраас зовуурь шаналгаагаа мэдэхгүй, тухайн гэмтлийг хэзээ авснаа мэдэхгүй байсан байх. Гадна гэмтэл нь харагдах ёстой. 28 хоног өнгөрснөөс хойш шинэ хуучин гэмтлийг тогтоох боломжгүй. Надад үзүүлэхдээ хаван хавдар байсан эсэх талаар яриагүй. Бүх биед нь үзлэг хийж байгаа. Тухайн хүн санаачилга гаргаж хэлэхгүй бол арьс махны цаана байгаа зүйлийг би мэдэхгүй. Хамрын дүрс хэлбэр алдагдсан ямар нэгэн анхаарал татах зүйл байгаагүй. Энэ хүн дээр анхаарал татах зүйл байсан бол би асууж үзэх байсан. 07 дугаар сарын 21-ний өдөр зураг очиход үзлэг хийгээгүй. Тогтоолын дагуу компьютер томографын шинжилгээ дээр нэмэлт шинжилгээ явуулсан. Эмч үзлэгээр нотолж болохгүй зүйлийг томографын шинжилгээгээр нотолсон байгаа. Үзлэг хийхэд хамрын муруйлт ажиглагдаагүй. Хэлбэр дүрс алагдаагүй байсан гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 05 дугаар сарын 06-нд Өмнөговь аймгаас Номгон сум руу талийгаачийн эзэмшлийн 41-47 УБА улсын дугаартай “Кролла” загварын машинаар талийгаачийн хамаатан болох Х-ынх руу талийгаач, би, эгчийнх нь дүү Т, бас ямаа самнана гээд С, М нартай хамт тавуулаа явсан. 13 цаг өнгөрч байхад Х-ынд очсон. Гэрт ороход эхнэр З нь ганцаараа байж байсан. Х-гийнд хоол цай идэж дуусаад байж байсан чинь Х гаднаас орж ирсэн. Х-д аймгаас авч ирсэн архи болон боорцог талхаа өгсөн. Х архиа задалж С, талийгаач нартай хувааж ууж дуусгаад Номгон сум руу Х бензин тос авна гээд С, М, Т, З нартай хамт явж, би талийгаачтай хамт Х-гийн гэрт нь үлдсэн. Шөнө 22 цагийн үед сум явсан хүмүүс ирээд С, Х 2 архи уугаад харин талийгаач нэг хоёр татаад Т, З бид нартай хамт Х-ын Фургон машинтай хөдөө айлаас зайдуу гарч хоночихоод өглөө ирсэн. Тэгсэн чинь Х, С 2 сум явъя ажил байна гэхээр нь би жижиг тэрэгтэйгээ Х, С, М, З нарыг аваад сум руу хамт явсан. Харин Т талийгаачтай хамт Х-гийн гэрт үлдсэн. Номгон сум ороод Х, С 2 дэлгүүр ороод юм авчихаад бид нар эргэж гэртээ ирсэн. Би сумаас ирээд ядарсан болохоор Фургон машинд ороод унтаж байсан. Үдээс хойш намайг сэрэхэд талийгаач Фургоны сүүдэрт унтаж байсан. Харин Х-гийн гэрт машинтай 3 хүн ирчихсэн Х нэг залуутай нь архи уугаад сууж байсан. Т байхгүй болохоор нь би З-гоос Т-г асуусан чинь Х-гийн мотоцикльтой сум явсан гэж байсан. Т удалгүй машинтай ирсэн. 3 хүн аймаг явна гэж байсныг сонсоод М хамт аймаг явна гэж байсан чинь С унтаж байгаад босч ирээд явуулахгүй гээд аймаг явуулаагүй. Дараа нь З тэр 3 хүнтэй хамт аймаг явна гээд хувцсаа бэлдсэн байсан чинь Х би авснаараа буцааж хүргэж өгнө гээд явуулаагүй. Би тэр 3 залууг аймаг яваад удаагүй байхад нь ажлынхаа хүнтэй уулзах гээд ганцаараа машинтайгаа явсан. Яваад ирсэн чинь Х эхнэртэйгээ зодолдсон юм шиг эхнэрийнх нь нүүр цус болчихсон аймар юм байсан. Т-гийн толгойноос цус гарч байхаар нь би яасан юм гэж асуусан чинь Х хавтгай модоор Т-гийн толгой руу 2 удаа цохиж ухаан алдаж унагасан гэж байсан. Би Т-г Номгон сум орж эмнэлэгт үзүүлье гэсэн чинь зүгээр гайгүй гээд байсан. Би юу болов гэж асуусан чинь С надад эд нар хоорондоо зодолдоод байна гэж хэлсэн. Би тэд нарыг явъя гээд Т, С, М, талийгаач нарыг машиндаа суулгаад Х-гийн гэрээс яваад замдаа бид нар хоол хийж идсэн чинь талийгаач хоол орохгүй байна, хавирга гэмтсэн юм шиг байна гэж байсан. Т-г талийгаач "ахыгаа түшээд бие засуулаадах” гэж хэлсэн. Бид нар аймаг руу явсан. Аймагт ирсний дараа талийгаач гэртээ гэрээс гарахгүй хэвтээд байсан. Орой болохоор нойр хүрэхгүй юм, өвчнөө даръя гээд 2 хундага архи уугаад унтдаг байсан. Би эмнэлэгт үзүүлье гэхэд ганц хавирганы төлөө яахын гээд дургүйцээд байсан. 2020 оны  05 дугаар сарын 15-ны шөнө 03 цагт бие нь өвдөөд түргэн дуудсан чинь нойр булчирхай гээд ношпа уулгасан. Өвчин нь намдахгүй болохоор түргэн дахиад дуудсан чинь анальгин, димодрол 2 тарилаа гэж хэлсэн. Өглөө 05 цагийн үед эмнэлэг дээр талийгаачийг аваад очиход баахан тариа хийсэн. Талийгаачийг дотрын тасагт хэвтүүлээд зураг, эхо, рентгенд үзүүлсэн. Тэгсэн чинь нэг хавирга хугарсан байна, гаднын нөлөө байна уу гэсэн чинь талийгаач эмчид би нүх рүү унасан гэж хэлсэн. Дараа нь мэс заслын тасагт шилжүүлсэн. Даралт нь буугаад байна гээд сэхээний тасагт шилжүүлээд яаралтай хагалгаанд орсон. Хагалгаанаас гараад сэхээнд хэвтэж байгаад нас барсан. Хагалгаанд орсон эмч нь нойр булчирхай, чацархайн судасны бөглөрөл гэсэн онош хэлээд найдваргүй бүх дотор эрхтнээ идсэн байна, цэвэрлэгээ хийх арга алга гэж хэлсэн... Талийгаач Т тэр айлд очихдоо эрүүл очоод гэмтэж ирээд нас барсан болохоор их гомдолтой байна. Талийгаачийн үхэлд Х, З нарыг буруутай гэж бодож байгаа тул гомдолтой байна. Би өмгөөлөгчтэйгөө ярилцаж байгаад нэхэмжлэлтэй холбоотой баримтуудыг прокурорын шатанд нь гаргаж өгнө.” /1 дүгээр хавтаст хэргийн 21-22, 26-27 дугаар хуудас/

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Номгон сумын Эмгэнбулаг багийн нутагт байх Х-ын гэрт байхад тэнд байсан хүмүүс бүгд архи уусан байсан. Гэрийн эзэн Х нь архи уучихсан согтуу байх үедээ эхнэр З-д агсам тавиад талийгаач Т-т бас агсам тавиад эхнэр З-ын толгой руу архины шилээр цохисон. Тэгэхээр нь би салгаад боль гэсэн чинь Х чи муу миний эхнэртэй унтсан уу гэж хэлсэн. Тэгэхээр нь Х-ыг болиоч гээд түлхсэн. Тэгж байхад З гэрээс гараад зугтаачихсан. Х араас нь гараад явсан. Би араас нь гарсан чинь З гэрээсээ зүүн тийш явган зугтааж байсан чинь араас нь Х очоод эхнэртэйгээ зууралдсан. Би очоод тэр хоёрыг салгасан. Би эргээд гэр рүү нь алхаж явтал араас Х миний толгой руу модоор цохиод би ухаан алдсан. Би сэргэсэн чинь машин дотор хэвтэж байсан. Х дээгүүр өмссөн хувцсаа тайлчихсан ирээд намайг чи муу баашлаад байгаарай гээд миний цамцны энгэрээс заамдаж аваад нүүр шанаа руу гараараа хэд хэд цохисон. Тэгсэн чинь Г эгч ирээд салгаад Х-ыг цааш нь болгосон. Бүгд машинд суугаад явцгаасан. Гэрээс нь жаахан зайтай явж байтал машин нь унтарсан. Тэгэхэд Х гартаа юм барьчихсан ална гэж ирж байна гээд Г эгч тэгж байсан. Машин асаад бид нар хөдөлж яваад нуурын хажууд очсон. Тэнд хөдөө цай, хоол хийж идчихээд шууд шөнөдөө аймаг руу ирсэн... Миний толгойны баруун талд банзаар цохисон гэж Г эгч хэлсэн. Би юугаар цохихыг нь хараагүй, миний толгойн баруун талд 3 хэсэг газарт хагарсан байсан... Талийгаач Т гэрийн баруун тал хэвтэж байхад Х энэ муу п... хоол горьдож ирсэн гээд талийгаачийн цээж рүү нь өшиглөсөн. Тэгэхээр нь би болиоч гэсэн чинь Х болихгүй эргээд эхнэр рүүгээ уурлаж эхнэрээ зодоод байсан. Би бас тэр хоёрыг болиоч гэж хэлээд салгасан чинь эхнэр нь Т муу п... чамаас болж байгаа юм гэж хэлээд талийгаачийг сууж байхад З нь талийгаачийн цээжний баруун тал руу өшиглөсөн чинь талийгаач ёоё гээд эвхрээд унасан. Тэр хоёр хоорондоо зодолдоод байхаар нь би салгасан чинь хэрэлдэж байгаад З нь дахиад талийгаачийн цээж рүү өшиглөсөн. Тэгэхэд талийгаач Т яасан юм бэ гээд байсан, өөр зүйл хэлээгүй... Би гомдолтой байна, хамраа эмчлүүлмээр байна, миний толгойд битүү гэмтэл доргилт байна гэж эмч хэлсэн. Тийм болохоор толгойдоо эмчилгээ хийлгэнэ, эмнэлэгт хэвтэх гэж үзсэн чинь ор дүүрчихсэн байна гээд байсан.” /1 дүгээр хавтаст хэргийн 30-32 дугаар хуудас/

Гэрч Д.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 05 дугаар сарын 06-ны өглөө 07 цагийн үед талийгаач манайд ирээд хамт Номгон сум руу Х-гийнд очъё, тэнд хэдэн шүдлэн самначихаад ирье гэж хэлсэн. Би гараад талийгаачтай хамт машинд нь суухад талийгаачийн эхнэр Г, бас нэг эрэгтэй, эхнэр нь гээд нэг эмэгтэй байсан. Бид 5 дэлгүүр ороод тамхи, 0.75 граммтай “Хараа” нэртэй 2 шил архи аваад Х-гийнд авч очиж өгнө гэж хэлсэн. Өдөр бид нар хөдөө Х-гийнд ирсэн чинь эхнэр нь З гэж эмэгтэй гэртээ ганцаараа байсан. Х удахгүй ирнэ гэж хэлсэн. Бид нар хоол идээд сууж байсан чинь Х гаднаас орж ирээд мэндлээд тэгээд Х нь ганзаганы юм авч ирсэн үү гэсэн чинь талийгаач гарч машинаас архиа авч ирж Х-д өгөөд тэгээд талийгаач, Х, бас бид нартай хамт явсан залуу, түүний эхнэр нь, Х-гийн эхнэр З нар авч ирсэн архийг уусан. 2 шил архиа ууж дуусгачихаад Х нь сум руу явж архи авч ууна гээд бид нартай хамт ирсэн залуу, түүний эхнэр С, Х-гийн эхнэр З бас би хамт сум руу Х-гийн Фургон машинаар явсан. 17 цагийн үед Номгон суман дээр ирж дэлгүүрээс “Хараа” нэртэй архи 0.5 литрийн архи 3 шилийг, 1 ширхэг Сэнгүүр нэртэй 2.5 литрийн пиво аваад эргэж Номгон сумын хойно байх Хийморийн овоон дээр очоод 1 шил архийг нь Х бид нартай хамт явсан залуутай хоёулаа ууж дуусгасан. Харанхуй болж байхад бид нар Х-гийн гэрт ирээд талийгаачийн эхнэрээс бусад нь бүгд архи пиво уусан. Архиа ууж дуусгаад би, Г эгч, талийгаач бид 3 Х-гийн Фургонд хоносон. Маргааш өглөө нь намайг сэрэхэд Х-гийнд 3 хүн ирчихсэн ямаа самнаад явж байна гээд нэг шил архи задалчихсан Х, Х-гийн эхнэр З, бид нартай хамт явсан залуу, ирсэн 3 залуугаас 1 нь архи хамт уусан. Архиа дуусгаад намайг Х сум яваад нэг шил архи, 1 пиво аваад ир гэж хэлсэн. Намайг гарах гэхэд Х араас дуудаад чи өөрөө сэтгэл гаргаад дүү шиг байж байгаад ганц юм аваад ирээрэй гэж хэлсэн. Би ирсэн 3 залуугийн нэг дүүтэй нь хамт Х-гийн мотоциклиор Номгон сум руу явсан. Тэнд дэлгүүр ороод нэг 2.5 литртэй пиво, 1 ширхэг 0.75 литрийн Хараа, би өөрөөсөө мөнгө гаргаад 0.75 литрийн Экс архи аваад Х-гийнд очсон. Хгийнд ирээд талийгаачийн эхнэрээс бусад нь бүгд архи уусан. Бид нарыг архи ууж байхад талийгаачийн эхнэр салхинд гараад ирье гээд өөрийн машинтайгаа “ахыгаа харж байгаарай” гэж хэлчихээд явсан. Талийгаач орой 18 цагийн үед Х-гийн баруун орны доор газраар унтаж байхад нь Х эхнэртэйгээ маргалдаад дараа нь бүр зодолдсон. Тэгж байснаа Х нь талийгаачийг энэ муу нахиур Т манайд хоолны сав ирчихсэн, бос п... минь гээд Х эхнэртэйгээ нийлээд талийгаачийн цээж рүү нь дэвслээд байсан. Би хориод дийлээгүй. Х нь над руу дайраад чи муу манай авгайтай Фургон дотор унтсан уу гээд дайраад байсан. Би юу яриад байгаа юм бэ тийм зүйл юу гэж байхав дээ гэсэн чинь төмөртэй том бандангаар толгойны баруун тал руу 2 удаа цохисон. Би манараад ухаан алдчихсан. Сэрсэн чинь Г эгч ирчихсэн Х-г хүн аллаа гэж хэлж байсан. Г эгч намайг машиндаа суулгаад толгойноос гарсан цусыг арчиж өгөөд ахыг чинь аваад ирье гээд гэр рүү ороод хамт явсан хүүхэн залуу хоёртой талийгаачийг оруулж ирж байсан. Бид нар хөдлөөд явсан чинь Х бид нарыг ална гээд гартаа юм барьчихсан гарч ирж байгаа харагдсан. Бид нар хөдлөөд аймаг явж байгаад замдаа зогсоод хоол хийж идсэн. ...Бид нар аймагт 2020 оны 05 дугаар сарын 07-ны шөнө 23 цагийн үед ирсэн. ...Х ямар ч байсан талийгаачийн цээжинд 3-4 удаа өшиглөсөн, харин З талийгаачийн цээж рүү нь 2 удаа өшиглөсөн. Талийгаачийг унтаж байхад нь тэр 2 өшиглөсөн юм, талийгаач архи жаахан уугаад унтчихсан байсан, би Х, З хоёрыг хориод дийлээгүй.” /1 дүгээр хавтаст хэргийн 33-34, 35-37 дугаар хуудас/

Гэрч Т.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 05 дугаар сарын 06-ны өглөө 08 цагийн үед Т, талийгаач, Ганаа эгч, С бид 5 Номгон сум руу Х-гийнд очихоор явсан. Бид нар өдөр 14 цагийн үед Х-гийнд очсон чинь З гэж хүүхэн ганцаараа байж байсан. Бид нар хоол идээд байж байсан чинь гэрийн эзэн Х ирсэн. Бид нар аймгаас гарахдаа авсан байсан архиа гаргаж Х-д өгсөн чинь Х задлаад С, талийгаач 3 хувааж уусан. Архиа ууж дуусгаад Х-гийн Фургон машинтай 17 цагийн үед Ганаа эгч, талийгаач хоёрыг хөдөө үлдээгээд бусад хүмүүс нь бүгд Номгон сум руу бензин бас архи авах гэж явсан. Бид нар Номгон суманд очоод бензинээ аваад дараа нь дэлгүүрээс 2 шил архи, Сэнгүүр нэртэй 2.5 литрийн пиво Х худалдаж авсан. Номгоны овоон дээр гараад тал шил архиа уусан. Харуй бүрий тасарч байхад хөдөө гэртээ бид нар ирсэн. Шөнө болоход З, Т, талийгаач, Ганаа эгч 4 Фургонд унтсан. Харин би С, Х хоёртой гэрт нь хоносон. Маргааш өглөө нь З, Т, талийгаач, Ганаа эгч 4 гэрт орж ирээд өчигдөр авсан байсан пивоо З, Т, С, Х тэд нар уугаад байсан. Дараа нь Х, Ганаа эгчийн жижиг тэрэгтэй Номгон сум ороод ирье гээд гуйж байгаад 07 цагийн үед С, би, Х, Ганаа эгч, З бид нар Номгон сум руу архи авахаар явсан. Дэлгүүр ороод хэдэн шил архи авсныг нь би мэдэхгүй. Бид нар гэртээ ирээд З, Т 2 мал усална гээд гараад явсан. Гэрийн хажуу талд пин байхаар орж унтах гэж байхад нэг машин Х-гийнд ирж байсан. Унтаж байгаад сэрсэн чинь С хажууд унтаж байсан. Харин хажуу гэрт тэд нар шуугилдаж байсан. Гэрт ороод очсон чинь Х нэлээн согтуу З хажууд нь хашхичаад байж байсан. Намайг унтах гэж байхад машинтай ирсэн хүмүүсээс нэг нь Т-тэй хамт мотоциклиор сум явсан байсан. Би Х-гийнд ирсэн хүмүүсийг аймаг явах гэж байгааг мэдээд хамт аймаг явахаар болсон чинь С сэрээд намайг явуулахгүй гээд хориод явуулаагүй. Тэгсэн чинь Ганаа эгч уурлаад архи уугаад байна гээд аймаг явлаа гээд машинаа унаад яваад өгөхөөр нь би араас нь тортой хувцсаа аваад гүйж байсан чинь араас С хөл нүцгэн хүрч ирээд зам дээр бид 2 цаг шахуу ярилцаж суусан. Бид 2 буцаж Хгийн гэрт 19 цагийн үед очсон чинь гэрийн хулдаас нь цус болчихсон З-гийн нүүр бас цус болчихсон байсан. Би юу болсон юм гэж Т-гээс асуусан чинь Т Х З-гийн толгой руу архины шилээр цохисон гэж хэлж байсан. Харин талийгаач гэрийн баруун талд хэвтэж байсан. Т талийгаачийн цаана баруун орны дор сууж байсан. З нь гэрээс гараад гүйсэн чинь Т араас нь гараад З-гийн араас алхаж байсан чинь Х ааруул тавьдаг дөрвөлжин модоор Т-гийн толгойны баруун тал руу 2 удаа цохиж байгаа харагдсан. Т хоёр дахь цохилтон дээр нь унаад өгсөн. Би айгаад хашхирсан чинь С гарч ирсэн. Удалгүй Ганаа эгч ирээд хүн алах нь гээд аймаг явъя гээд Фургоноос ачаагаа Ганаа эгчийн машинд ачаад С бид хоёр машинд нь суусан. Бас Т хамт машинд суусан. Талийгаачийг Ганаа эгч ид хоёр өргөж машинд оруулаад аймаг явсан. Аймаг явах замд бид нар хоол хийж идсэн. Харин талийгаач хоол идэхгүй байсан... Талийгаач аймаг явах замдаа хавирга жоохон өвчтэй болсон байна яасан юм бол З намайг зодсон юм болов уу гэж байсан. Өөр өвдлөө гэж хэлж байгаагүй... Т-гийн толгойг нь харсан чинь 3 газар хавдчихсан байсан. Би талийгаачийн хажууд байсан бол зодуулахгүй хамгаалах байсан юм. Энэ дээр харамсаж байна.” /1 дүгээр хавтаст хэргийн 38-39 дүгээр хуудас/

Гэрч О.С мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Талийгаач Т, түүний эхнэр Г, Т, М бид нар 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Номгон сумын Эмгэнбулаг багт байдаг Х-ын гэрт нь очсон. Тухайн үед М бид 2 Х-ын ямааг самнах гэж байсан. Харин Т Г, Т нар алтан дээр очно гэж өглөө 10 цаг өнгөрөөж яваад Х-ынд 14 цагийн үед очсон байх, бид нар замдаа 1 шил архи задалж талийгаач, Т бид 3 хувааж уусан байсан. Х-ын гэрт очоод 1 шил архи задалж хувааж уусан. Бид нар тэдний гэрт ойрхон байсан алт гарч байсан газарт оччихоод үзэж байгаад буцаж Х-ын гэрт очоод дахин 1 шил архи задалж уусан. З, М бид 3 гэрт нь үлдсэн. Х, талийгаач, Т нар алт ухна гээд явсан. Тэд нар шөнө 22 цагийн үед эргэж ирсэн. Тэд нар хоол идчихээд байж байгаад Г, талийгаач, Т, З нар буцаад алт ухна гээд явчихсан. Х, М бид 3 гэрт нь хоносон. Нөгөө хэд маргааш өглөө нь эрт ирцгээсэн. З нь нэг том савлагаатай пиво гаргаж хувааж уусан. Х, З-ыг архи уулаа, шөнөжин алга боллоо гэж уурлаад хэрэлдээд байсан. Тэгж байгаад бид нар Номгон сум руу архи авахаар явсан. Гэрт нь талийгаач, Т-тэй хамт үлдсэн. Бид нар Г-гийн машинтай явж байсан чинь Г, З-ыг өмнө нь манайд ирээд согтуу агсам тавьж байсан, хэл амаар доромжилсон гэж уурласан. З нь өмнөөс нь хэрэлдээд байсан. Тэгсэн чинь чи эмэгтэй хүн байж архи уулаа арчаагүй гэж ярьсан. З нь чи эмэгтэй хүн байж хүүхэд гаргадаггүй гэж доромжлоод байсан. Тэгсэн чинь Х машиныг зогсоогоод З-ыг буу гэж буулгаад М тэр хоёрыг хамт эндээ байж бай бид нар буцаад ирнэ гэж хэлээд сум руу явсан. Тэр газар нь суманд ойрхон ил харагдаж байсан. Бид нар суман дээр очиж дэлгүүрээс 2 шил архи авсан. Х-тай нэг хүн утсаар яриад гэрт нь ирчихсэн байна гэж байсан. Бид нар буцаад Х-ын гэр рүү явсан. Замдаа 1 шил архийг нь задалж талыг нь Х бид 2 хувааж уусан. Гэрт нь ирсний дараа М Х-ын гэрийн утас руу яриад З бид 2 суман дээр байна ирээд аваадах гэхээр нь Х бид хоёр Х-ын Фургон машиныг Х өөрөө жолоодоод сум руу очиж З, М нарыг аваад буцаад ирсэн чинь Х-тай утсаар ярьсан хүн нь гурвуулаа ирчихсэн байсан. Тэд нар тухайн үед айлд мал ноосолчихоод аймаг руу явж байна гэж ярьсан. Х тэд нарт 1 шил архи задалж хувааж ууцгаасан. Тэр архинаас нь би 3 уучихаад гадаа байсан чирдэг сууцанд нь ороод М бид 2 унтсан. Нэг сэргэхэд үдээс хойш болчихсон байх шиг байсан. Боссон чинь М тэр ирсэн хүмүүстэй хамтдаа явна гэхээр нь би хамтдаа Х-ын 30 шүдлэнг самначихаад явъя гэж хорьсон. Тэгж байхад тэр ирсэн байсан машинтай хүмүүс хөдлөөд явчихсан. М тэр машины араас замаас машинд сууж аймаг явна гээд алхаад явчихсан. Би араас нь алхаж очсон. М тухайн үед нэлээд хол алхчихсан байсан. Би очиж М-ыг аргадаж байгаад хамтдаа буцаж явахаар болоод буцаад Х-ын гэрт ирсэн. Т Фургон дотор сууж байсан. Талийгаач Т, Х-ын гэр дотор баруун орных нь өмнө шалан дээр унтаж байсан. Х гэрийнхээ хойморт сууж байсан. З гэртээ Х-тай хэрэлдээд байж байсан. Г эгч баруун орон дээр нь сууж байсан. Х намайг гаръя гэхээр нь хамт гарсан чинь Х чирдэг сууцанд ороод нэг шил архи гаргаад задалсан. Тэрийг нь уух гэтэл Г эгч ирээд арчаагүй хар архичид архи уугаад гэж уурлаж загнаад задалсан байсан архийг нь аваад чулуун дээр цохиод хагалаад гараад явчихсан. Х бид хоёр гарах гэсэн чинь гаднаас хаалга цүүлээд түгжчихсэн байсан. Хаалгаа нээгээч гэсэн чинь З гадаа байгаад байсан. Хаалгаа нээгээч гэсэн чинь хаалга нээхгүй байсан. Тэгснээ том чулуу шидээд сууцных нь цонхыг хагалчихсан. Х гараад очсон чинь З зүүн тийшээ гүйгээд зугтаачихсан. Х араас нь гартаа нэг мод бариад явж байсан. Тэгэхэд өмнө нь Т, З-ын араас алхаж явсан чинь Х хажууд нь очоод Т-гийн толгой руу модоор цохичихсон. Т арагшаа саваад унасан. Г эгч бид нар очоод Т-г босгосон. Т-гийн толгойн баруун талд яз цохигдоод цус гарчихсан байсан. Г эгч явцгаая хүн амины хэрэг гарах юм байна гээд явахаар болоод машиндаа юмаа ачсан. Тэгж байхад Х их согтоод гэр дотроо үглэж хашхичаад байсан. Бид нар машиндаа сууцгаагаад шууд Номгон сум руу яваад нэг айлд очсон. Тэр айлдаа хоночихоод маргааш өглөө нь бид нар 08 цаг өнгөрөөж гарч яваад тал дээр сууж хоол хийж идчихээд нэг шил архи байснаа Т, талийгаач бид 3 хувааж уусан. Алт ухаж байсан газраар орсон чинь аймгаас цагдаа нар ирж байгаа гээд хүмүүс нь тараад явж байхаар нь бид нар шууд аймаг руу явсан. Аймагт ирээд би гэртээ хүргүүлээд үлдсэн. Түүнээс хойш 2 хоногийн дараа би Цогтцэций суманд ажил гарахаар нь талийгаачтай хамт явах санаатай очиж уулзсан чинь талийгаач Т ах гэртээ нэлээн согтуу, хойноос дүү ирсэн гээд сууж байсан. Тэгээд би явсан. Түүний дараа 5-аас 6 хоногийн дараа би талийгаачаар цахилгаан мотор засуулах гэж гэрт нь очиж уулзаж мотороо үзүүлсэн. Талийгаач хавирга өвчтэй байгаа гэж ярьж байсан. Түүнээс хойш тааралдаагүй... Х нь З-ыг архи уучихлаа гээд уурлаж загнаад байсан. З өмнөөс нь хэрэлдээд байсан. Намайг М-ыг замаас дагуулаад эргэж ирэхэд З-ын хамраас цус гарчихсан байсан. Тэрийг Х архины шилээр цохисон гэж байсан.” /1 дүгээр хавтаст хэргийн 44-45 дугаар хуудас/

Гэрч Х.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би талийгаач Т-ын төрсөн эгчийн нөхөр байгаа юм. Би Сэлэнгэ аймгаас амралтаараа Даланзадгад суманд 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр ирсэн. Түүний дараахан талийгаач Т болон манай хүү Т, Г нар хамтдаа Номгон сум руу айлын ямаа самнана гээд явлаа гэж байсан. Талийгаач эхнэр Г хүүхэдтэйгээ байсан. Уулзаж байхдаа талийгаач Т миний баруун талд хавирга хугарчихсан юм шиг байна үзээд өгөөч гэхээр нь  би гадна талаас нь нурууны баруун ар талыг нь тэмтэрч илж үзэхэд юм мэдэгдээгүй. Би талийгаачаас та нар юу болсон бэ Т-гийн толгойн баруун талд 2 газарт нь хагарчихсан байна, энэ юу болсон бэ гэж асуусан чинь талийгаач Т хэлэхдээ бид нар Номгонд хөдөө Х-ынд очиж архи уусан. Танай хамаатан болох Туяагийн том охин З намайг согтуу унтаж байхад миний толгой, нуруу руу дэвсэж өшиглөж зодсон байна, би тэрийг нь мэдээгүй, нэг мэдэхэд намайг эд нар машинд өргөж хийгээд сум руу явсан, тэгэхэд Т-гийн толгойноос цус гарсан байсан. Номгон суман дээр байдаг манай хамаатан С-ийн Ж-ын гэдэг айлд очиж Т-гийн толгойны цусыг арчиж цэвэрлэсэн. Миний баруун талд эвгүй оргиод миний нурууны ар руу юм урсаад байх шиг санагдсан. Аймаг руу явж байхдаа хөдөө хоол хийж идсэн. Тэр үед би бие засахдаа Т-г дагуулж явсан, тэгэхэд миний шээс, өтгөн гараагүй. Би Т-гээр бөгсөө арчуулсан. Түүнээс хойш бие өвдөөд байхаар нь орой болгон 100 грамм архи ууж байна, бас архины шил үлээж байгаа, энэ нь хавирга хугарахад сайн гэсэн гэж ярьж байсан. Т-г дөнгөж хөдөөнөөс ирэнгүүт нь уулзсан. Т-гийн толгойн баруун хажуу талд нь 2 газарт язарч цус гарсан бололтой хувцасны зах нь цус болчихсон байсан. Тэгэхээр нь яасан юу болсон бэ гэж асуухад Х гэдэг хүн миний толгой руу модоор цохисон гэж хэлсэн. Юунаас болсныг нь асуусан чинь З гэдэг эхнэр нь  надтай хамаатан гэх юм ярьсан чинь нөхөр нь хардаад зодсон гэж хэлсэн. Т хамар битүүрч байна гэж хэлж байсан. Х гэдэг хүн манай хамаатны хүн байгаа юм. Манайд ирэхээрээ дандаа архи ууж агсам тавьдаг, намайг ална гэж дарамталдаг гэх утгатай зүйл ярьж байсан, өөр зүйл яриагүй. /1 дүгээр хавтаст хэргийн 48-49 дүгээр хуудас/

Гэрч Ц.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Г гэх хүнийг танина. Талийгаач Д.Т-ын эхнэр болох хүн байгаа юм. Талийгаач Д.Т бид хоёр төрсөн ах, дүү хоёрын хүүхдүүд байгаа юм. Бусад хүмүүсийг нь сайн танихгүй. Яг хэзээ гэдгийг нь сайн санахгүй байна. Намайг эзгүй аймагт явж байхад манай гэрт ирж хоносон гэж манай эхнэр Жаргал надад хэлж байсан. Тухайн үед талийгаач Д.Т манай эхнэрт бие өвдөөд байна гэж хэлж байсан гэж хэлсэн. Яг ямар байдалтай байсныг нь би мэдэхгүй байна. /1 дүгээр хавтаст хэргийн 55-56 дугаар хуудас/

Гэрч Ш.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 05 дугаар сарын 15-ны орой дотрын тасгаас хагалгаанд орох заалтаар Д.Т гэж хүн манай тасагт шилжиж ирсэн. Биеийн байдал маш хүнд байсан учир эмийн эмчилгээ хийж хагалгаанд бэлтгэн тухайн өдрийн 23 цаг өнгөрөөж хагалгаанд орсон. Тасагт шилжиж ирэх үед биеийн байдал маш хүнд асуултад ганц нэг хариулж байсан учир дэлгэрэнгүй асуумж авах боломжгүй байсан. Асуумжид 15-ны үүрээр 05 цагийн үед хэвлийгээр гэнэт хүчтэй өвдсөн, түргэн дуудаад хүлээн авах тасагт ирээд дотрын тасагт өвчний түүх нээлгэж хэвтсэн. Байрлал албадмал, амин үзүүлэлтүүд тогтворгүй, цээжний рентген харалтаар баруун талын 9 дүгээр хавирга зөрүүгүй хугаралтай гэсэн дүгнэлттэй байсан. Үжилийн шокны байдалтай байсан, зовуурь хэвлийн дээд хэсгээр өвдөнө, амьсгаадна, хөлөрнө гэсэн зовуурьтай 8 хоног архи уусан гэсэн асуумжтай байсан. Эмийн эмчилгээг эрчимтэй хийж байгаад хагалгаанд оруулсан, хагалгааны явцад амин үзүүлэлтүүд харьцангуй тогтвортой байсан бөгөөд нарийн гэдэс бүхэлдээ үхжиж харласан байсан. Хагалгаа ойролцоогоор нэг цаг үргэлжилсэн. Хагалгааны дараа эрчимт эмчилгээний тасагт үргэлжлүүлэн эмчлэгдсэн. Ар гэрт нь биеийн байдал хагалгаа, цаашдын тавилангийн талаар тодорхой мэдээлэл өгсөн. Биеийн байдал муудсаар 2020 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 14 цаг 30 минутад өнгөрсөн. Ер нь өвчний хувьд эдгэршгүй тавилан муутай өвчин байсан. Үзлэгээр ил харагдах шарх, сорви гэмтэл мэдэгдээгүй. Эрчимт эмчилгээний тасагт ирэхдээ гэдэсний саажил, түгжрэл, үжил, үжилийн шок, нойр булчирхайн архаг үрэвсэл, сэдрэлтийн үе гэсэн оноштой шилжиж ирсэн. Өвчтөн өөрөө асуумжид олон хоногийн өмнө мотоциклоос унасан гэж хэлсэн байсан. Дан ганц мотоциклоос унаад чацархайн судас бөглөрөхгүй уг өвчин түргэн явцтай хүчтэй өвдөлт өгдөг учир тэр даруй эмнэлэгт ханддаг. 2020 оны 05 дугаар сарын 15-ны үед өглөө 05 цагийн үед чацархайн судас нь бөглөрсөн гэж үзэж байна. Задлан шинжилгээнд ороход гол судсан дээр байсан товруу шархалж, тасран чацархайн артер судсыг бөглөсөн байсан. Гаднын нөлөө байгаагүй. Энэ өвчтөний хувьд чацархайн судасны бөглөрөл, түүнээс үүдэлтэй нарийн гэдэсний тархмал үхжил, үжил, үжлийн шок байсан.” /1 дүгээр хавтаст хэргийн 42-43 дугаар хуудас/

Шүүгдэгч Х.З мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Номгон сумын Эмгэнбулаг багийн нутагт Х-ын гэрт Х, талийгаач Т, Г, Т, М, С бид нар архи ууцгаасан байсан. Үдээс хойш нь гэр дотор Т байсан бас талийгаач Т согтоод тасарчихсан гэрийн баруун талд хэвтэж байсан. Х бас нэлээн согтуу байсан. Би архи уучихсан, гэхдээ их согтоогүй байсан. Х намайг архичин, архи уулаа, битгий архи уугаад бай гэж уурлаад байхаар нь би өмнөөс үг хэлж хэрэлдэж байсан. Талийгаач Т өндийгөөд Х бид хоёр руу элдэв юм яриад үглээд согтуурхаад байсан. Би талийгаач Т-ыг та одоо дуугүй бай гэж хэлсэн чинь ээж чинь чамайг архи уудаг, гадуур тэнэдэг гэх мэтээр яриад намайг доромжлоод байсан. Яг тэр үед Т гадаа байж байгаад орж ирж байсан. Талийгаач Х руу бас эхнэрийгээ зоддог байсан гэж хэлсэн чинь Х дуугүй бай гэж хэлээд талийгаач руу уурлаад байсан. Х бид хоёр хоорондоо муудалцаад хэрэлдэж байсан. Талийгаачийг үглээд байхаар нь Х дуугүй бай гээд талийгаачийн цээж рүү нь өшиглөсөн. Т талийгаачийг та дуугүй бай, боль боль гэж хэлж байсан. Талийгаач чимээгүй болохгүй намайг бас доромжлоод байхаар нь би Т-ыг та болиоч гээд уурандаа очоод хөл рүү нь нэг удаа өшиглөсөн. Би гэрийн зүүн талд сууж байхад гаднаас М орж ирсэн, түүнээс хойш зодоон болоогүй би гэрээс гарч явсан. Талийгаач Т-ын хавирганы хугарлын талаар мэдэхгүй байна. Т гэрт байж байгаад боль гээд Х бид хоёрыг болиулсан. Талийгаач чимээгүй болохгүй дахиад л үглээд намайг элдвээр хэлж доромжлоод байхаар нь би гэдэс хавьд нь байх нэг удаа өшиглөсөн, өөрөөр зодож цохиогүй. Талийгаачийн хавиргыг Х л өшиглөж гэмтээсэн байх гэж бодож байна. Миний биед гэмтэл учирсан зүйл байхгүй, Х миний нүүр рүү цохисноос болж хамраас цус гарсан байсан, өөрөөр гэмтэл учраагүй.” /1 дүгээр хавтаст хэргийн 147-148 дугаар хуудас/

Шүүгдэгч Ц.Х мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би өмнө гэрчээр мэдүүлэг өгөхдөө бүх зүйлийг ярьж хэлсэн учир дахин мэдүүлэг өгөх шаардлагагүй гэж үзэж байна. Би Т-гийн толгой дундуур нь шилбүүрээр 1 удаа шавхарсан нь үнэн. Тэр шилбүүр нь нарийхан сухай модтой, үзүүртээ даавуугаар томсон 40 см орчим урт уяатай байсан. Би тэрний нарийн модноос нь барьж байгаад уяагаар нь толгой руу нь шавхарсан... Талийгаач гэрийн гадаа байхдаа согтуу өнхөрч унаад байсан, гэрийн гадаа байсан эрэгний хавьд унаад байсан гэж эхнэр Г нь намайг сум руу яваад ирэхэд надад хэлж байсан. Би бол хараагүй, анх манайд очсон өдрөө ч талийгаач алхаж явж чадахгүй өнхөрч унаад байсан, өөр хүн цохиж зодох боломж байгаагүй.” /1 дүгээр хавтаст хэргийн 151-152 дугаар хуудас/,

Эмгэг судлалын шинжилгээний 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн протокол № БОЭТ-14: “Үхлийн шалтгаан халдвар, хордлого” /1 дүгээр хавтаст хэргийн 58-61 дүгээр хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 07 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Судас хатуурах өвчин буюу атеросклероз нь удаа явцтай өвчин бөгөөд товруу шархлах болон тасрах нь уг өвчний эмгэг жам болно. Ямар нэгэн хүчний үйлчлэлээр шархалж тасрахгүй. Гэдэсний цочмог эмгэг, судас хатуурах өвчний суурин дээр үүссэн чацархайн доод артерийн цочмог бүлэнт бөглөрөл гэдэг нь нэг онош юм. Шархалсан тромбо тасран судасны сүвийг бөглөнгүүт гэдэс үхжиж эхлэх ба хүнд зовуурь өгнө. Өвчний түүх болон эмгэг судлалын протоколтой танилцан дүгнэхэд 2020 оны 05 дугаар сарын 15-ны өглөө 5 цагт хэвлийгээр хүчтэй өвдөж өвчин эхэлсэн гэсэн байна. Энэ цаг хугацаанд өвчин эхэлсэн байх ба 2 хоножээ. Амьд явах хугацааг нарийн тогтоох боломжгүй. Чацархайн доод артерийн судас эхлэл хэсэгтээ бөглөрч нарийн болон бүдүүн гэдэс нэлэнхүйдээ үхэжсэн тул эмчилгээний дүнд амь нас аврагдах боломжгүй. Д.Т-ын бэлэг эрхтэн төмсөгт гэмтэл байсан тухай өвчний түүх болон эмгэг судлалын протоколд дурдагдаагүй байна.” /1 дүгээр хавтаст хэргийн 64-72 дугаар хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны хавтаст хэргийн материалд хийгдсэн шүүх эмнэлгийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 6 дугаартай шинжилгээ: Д.Т нь баруун талын 11 дүгээр хавирганы зөрүүгүй хугарал гэмтэлтэй байжээ. Уг гэмтэл нь нас барахаас 10-20 хоногийн өмнө мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах ба үхлийн шалтгаантай холбоогүй болно. Д.Т нь судас хатуурах өвчтэй байжээ. Гол судасны хэвлийн хэсэгт байрласан атеросклерозын сорвит товруу шархалж тасран, чацархайн доод артерийн сүвийг бөглөснөөс гэдэс тархмалаар үхжин, халдвар хордлого гүнзгийрч нас баржээ. Х.Шаравын нэрэмжит бүсийн оношилгоо эмчилгээний төвд тавигдсан эмнэлзүйн онош эмгэг судлалын оноштой тохирсон байна. Эмчилгээ стандартын дагуу хийгджээ. Нарийн болон бүдүүн гэдэс тархмалаар үхэжсэн тул эмнэлгийн тусламжийн дүнд амь нас аврагдах боломжгүй. /1 дүгээр хавтаст хэргийн 78-80 дугаар хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 330 дугаартай шинжилгээ: Д.Т-гийн биед баруун зулайд хуйхны язарсан шарх гэмтлийн үлдэц тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр учирсан байх боломжтой ба уг гэмтлийн үүссэн цаг хугацааг тогтоох боломжгүй. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6 заалтаар биеийн эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /1 дүгээр хавтаст хэргийн 84 дүгээр хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 410 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Д.Т-гийн биед хамар ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Хэрэг болсон гэх цаг хугацаа 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдөр гэх ба гавал тархины тодосгогч бодисгүй компьютерт томографийн шинжилгээ 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хийгдсэн байгаа тул уг гэмтлийн учирсан цаг хугацааг тогтоох боломжгүй байна. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна. /1 дүгээр хавтаст хэргийн 88-89 дүгээр хуудас/

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 11 дүгээр хуудас/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Г-гийн өргөдөл /1 дүгээр хавтаст хэргийн 12 дугаар хуудас/

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 13-16 дугаар хуудас/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хавтаст хэргийн 160-161 дүгээр хуудас/

Эмчлүүлэгчийн хэрэглэсэн эмийн хуудас /1 дүгээр хавтаст хэргийн 93-94 дүгээр хуудас/

Өвчний түүх /1 дүгээр хавтаст хэргийн 95-137, 220-250, 2 дугаар хавтаст хэргийн 01-14 дүгээр хуудас/

Амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 172-176 дугаар хуудас/

Эмчлүүлэгчийн хэрэглэсэн эмийн хуудас /1 дүгээр хавтаст хэргийн 216-219 дүгээр хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч Ц.Х, Х.З нарт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх үзлээ.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.

Гэм буруугийн талаар:

Улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч Ц.Х нь шүүгдэгч Х.З-тай бүлэглэн 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн Номгон сумын Эмгэнбулаг багийн нутаг дэвсгэрт гэртээ хохирогч Д.Т-ыг согтуурсны улмаас биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж цээжин тус газар нь өшиглөж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн тухайн цаг хугацаанд Д.Т-г цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн. Шүүгдэгч Х.З нь Ц.Х-тай бүлэглэн 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн Номгон сумын Эмгэнбулаг багийн нутаг дэвсгэрт гэртээ хохирогч Д.Т-ыг согтуурсны улмаас биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж цээжин тус газар нь өшиглөж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Г, хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Т-гийн мэдүүлэг, хохирогч Д.Т-гийн гэрчээр өгсөн мэдүүлэг, гэрч М, О.С нарын дүгнэлтүүд, шинжээчийн дүгнэлтүүд, шүүх хуралдаанд оролцсон шинжээч эмчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдож байна. Энэ хэрэг өмнө нь 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр анхан шатны шүүхээр хянан хэлэлцэгдсэн. Анхан шатны шүүхийн шийдвэрт шүүгдэгч нар болон өмгөөлөгч нарын зүгээс давж заалдах шатны гомдол гаргасны дагуу 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдөр давж заалдах шатны шүүхээр хянан хэлэлцэгдсэн. Давж заалдах шатны шүүхээс хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан үндэслэл нь нэгдүгээрт шүүгдэгч нарын ямар үйлдлээс хохирогч нарын эрүүл мэндэд ямар гэмтэл учирсныг хөнгөн хохиролд тооцсоноо шийтгэх тогтоолд тодорхой заагаагүй байна. Үүнийг тодруулаагүй байна гэх үндэслэлийг давж заалдах шатны шүүх дурдаж өгсөн байгаа. Энэ үндэслэлийн хувьд Х.З, Ц.Х нар бүлэглэж хохирогч Т-ын цээжин тус газарт нь өшиглөж зодсон үйлдлийн улмаас хохирогч Т-ын эрүүл мэндэд хавирганы хугарал бүхий хөнгөн гэмтэл учирсан гэж үзэж байгаа. Улсын яллагчийн зүгээс энэ үйлдэлд яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байгаа. Хоёрдугаарт Ц.Х хохирогч Д.Т-гийн нүүрэн тус газарт нь цохиж зодсоны улмаас мөн Д.Т-гийн биед хамар ясны хугарал буюу хөнгөн зэргийн хохирол гэмтэл учирсан байна гэж үзэж яллах дүгнэлт үйлдэгдсэн байгаа. Шүүгдэгч нарын үйлдлийн хувьд шүүгдэгч Ц.Х нь Х.З-тай бүлэглэн хохирогч Т-ыг согтуурсны улмаас биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн Д.Т-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6, 2.7, 2.11-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар энэ гэмт хэргийг үйлдсэн учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг, шүүгдэгч Х.З нь шүүгдэгч Ц.Х-тай бүлэглэн хохирогч Т-ыг согтуурсны улмаас биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.11-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар энэ гэмт хэргийг үйлдсэн учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэгдэх хууль зүйн үндэслэлтэй. Энэ зүйл ангиар мөн яллах дүгнэлт үйлдсэн байгаа. Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байгаа. Шүүгдэгч Х.З болон өмгөөлөгч Э.Д нарын зүгээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн асуудлаар маргахгүй, хүлээн зөвшөөрч байна гэх хэргийн онол болон тайлбарыг шүүхийн хэлэлцүүлгийн шатанд танилцуулсан. Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Х.З би талийгаач Т-ын шилбэнд нь нэг удаа өшиглөсөн, цээжинд өшиглөөгүй юм гэдэг мэдүүлгийг өгдөг. Х.З-ын хувьд мөрдөн байцаалтын шатанд Ц.Х-тай бүлэглэн талийгаач Т-ын цээжин тус газарт нь өшиглөж зодсоноо хүлээн зөвшөөрдөг. Хэдийгээр хүлээн зөвшөөрч байгаа боловч Х.З-ын хувьд үйлдсэн гэмт хэргээ нотлох, үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэггүй этгээд байгаа. Энэ ч утгаараа шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд би шилбэ рүү нь 1 удаа өшиглөсөн гэх мэдүүлгийг өгч байна. Х.З өөрийн үйлдсэн гэмт хэргийг нотлох үүрэг хүлээхгүй. Үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэг хүлээхгүй. Гэсэн хэдий ч Х.З-ын хувьд шүүгдэгч Ц.Х-ын гэмт хэрэг үйлдсэн эсэх талаар үнэн зөв мэдүүлэг өгөхөөр гэрч этгээд байгаа. Энэ утгаараа мөрдөн байцаалтын шатанд гэрчээр мэдүүлэг өгсөн байдаг. Ц.Х-ын хувьд Х.З гэрч юм. Энэ утгаараа Х.З, Ц.Х талийгаач Т-ыг өшиглөж зодсон талаар мэдүүлгийг мөрдөн байцаалтын шатнаас эхлээд өмнөх шүүх хуралдаан дээр ч энэ талаар мэдүүлгийг өгдөг. Ц.Х талийгаачийг Т-ыг өшиглөж зодсон гэдгийг өмнөх шүүх хуралдаан болон өнөөдрийн шүүх хуралдаан дээр ч тогтвортой мэдүүлж байна. Талийгаач Т болон хохирогч Д.Т гэмт хэргийн халдлагад өртсөн талаараа аль аль нь цагдаагийн байгууллагад шалгуулах сонирхолгүй хүмүүс байсан нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн Д.Т-гийн мэдүүлэг, талийгаач Т-ыг бие өвдөөд байна гэхэд нь гэр бүлийнхнийх нь зүгээс эмнэлэгт үзүүлье гэхэд ганц хавирганы төлөө хэрэггүй гэж Ц.Х-тай хамаатан садангийн холбоо хэлхээгээ бодож цагдаагийн байгууллагад хандаж шалгуулах сонирхолгүй байсан, өвчнийхөө улмаас эмнэлэгт хүргэгдэж улмаар нас барснаар Г.Г цагдаагийн байгууллагад хандсанаар энэ хэрэг шалгагдах болсон байгаа. Энэ нөхцөл байдал хавтаст хэргийн хүрээнд хангалттай тогтоогддог. Шинжээч эмч шүүх хуралдааны шатанд өмгөөлөгч нарын болон улсын яллагчийн асуусан асуултад тодорхой хариулт өглөө гэж миний зүгээс дүгнэж байна. Д.Т-гийн биед учирсан хамар ясны хугарлын хувьд 05 дугаар сарын 07-ны өдөр гарсан, 05 дугаар сарын 26-ны өдөр Д.Т-д үзлэг хийсэн байна. Үзлэг хийхэд гаднаас нь харагдах ямар нэгэн гэмтэл мэдэгдэх зүйл байхгүй байсан гэдгийг хэллээ. Гэвч томографын шинжээчийн дүгнэлтээр хамар ясны хугарал гарч ирсэн байдаг. Томографын шинжилгээгээр илэрсэн хамар ясны хугарлыг тухайн үед шинжээч эмч үзсэн ч мэдэх боломжгүй байсан талаараа хэлж байна. Хамар ясны хугарал гэмтэл нь ямар нэгэн эмчилгээ хийлгэхгүйгээр өөрөө эдгэрэх боломжтой гэмтэл байсан. Бага хэмжээний муруйлт өөрт нь ямар нэгэн зовуурь мэдэгдэхгүйгээр эдгэрсэн байх боломжтой гэмтэл байсныг шинжээч эмч мэдүүлж байна. Тэгэхээр энэ гэмтэл нь 05 дугаар сарын 07-ны өдөр үүссэн байх боломжтой талаар шинжээч эмч гаргасан дүгнэлтийнхээ талаар тайлбар мэдүүлэг өглөө. Ийм учраас шүүгдэгч Ц.Х нь хохирогч Д.Т-гийн нүүрэн тус газар нь цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь хамар ясны хугарал хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь тогтоогдож байна гэж үзэж байна. Шүүгдэгч  Ц.Х, Х.З нарын үйлдсэн хэрэг нь шүүх хуралдааны хэлэлцүүлэг болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Ц.Х-ыг бүлэглэн, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, мөн хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Х.З-ыг бүлэглэн хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, тус тус тооцох саналыг гаргаж байна. Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.Т, Д.Т нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байгаа. Хохирогч Д.Т-ын хууль ёсны төлөөлөгч Г.Г-гийн зүгээс хохирол төлбөр нэхэмжлээгүй. Хохирогч Д.Т-гийн хувьд хохирол төлбөр нэхэмжилдэг боловч энэ талаарх баримтыг гаргаж өгөөгүй байна. Д.Т нь хамар ясны хугарал гэмтлээ эмчлүүлсний дараагаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэйг тогтоолд дурдах саналыг гаргаж байна гэх дүгнэлтийг,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ц.Баярмаа дүгнэлтдээ: Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 6 дугаарт хүн бүр амьд явах эрхтэй, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй гэж заасан байдаг. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй гэж иргэний эрхийг зааж өгсөн байдаг. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт Монгол Улсын хууль, Олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уг эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, шударга шүүхээр шүүлгэх эрхтэй гэж заасан. Дээрх хуулиудад зааснаар талийгаач Т-ын эрүүл мэндэд хохирол учирсан байна. Иргэний нэхэмжлэгч, хохирогч Д.Т-гийн эрүүл мэндэд мөн хохирол учирсан хуулийн зүйл заалт зөрчигдсөн байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч Х.З талийгаачийн биед гэмтэл учруулсан үйлдэлдээ маргахгүй гэдгээ илэрхийлсэн. Х.З-ын хувьд талийгаач Т-ын эрх чөлөөнд хавтаст хэргийн хүрээнд авагдсан шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр 11 дүгээр хавирганы хугарлыг шүүгдэгч Ц.Х-тай архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэж гэмтэл учруулсан байна гэж өмгөөлөгчийн зүгээс дүгнэж байгаа. Энэ гэмтлүүдийг учруулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай байдлаар үйлдэгдсэн гэж тооцох эрх зүйн үндэслэл байгааг анхааран үзнэ үү гэж хүсэж байна. Ц.Х гэм буруугийн асуудлаа хүлээн зөвшөөрөхгүй, ямар нэгэн гэмт хэрэг үйлдээгүй, ямар ч буруу байхгүй гэх мэдүүлгийг өгч байна. Хэдийгээр Ц.Х ийм мэдүүлгийг өгч байгаа боловч хавтаст хэрэгт авагдсан гэрч М-ы мэдүүлэг, гэрч О.Сайнжаргалын мэдүүлэг, хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Т нарын мэдүүлгээр талийгаач Т-ын эрх, эрх чөлөөнд халдсан үйлдэл нь тогтоогдож байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Мөн Д.Т-гийн хамар ясны хугарал гэмтэл учруулсан байна гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар мөн тогтоогдож байна. Ийм учраас Ц.Х-ын гэм буруутай үйлдэлд өнөөдрийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар давхар тогтоогдож байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Г шүүгдэгч нараас хохирол төлбөр нэхэмжлээгүй. Харин шүүгдэгч Ц.Х-ын үйлдлийн улмаас хохирогч Д.Т-гийн биед шинжээчийн дүгнэлтээр хамар ясны хугарал гэмтэл учирсан. Энэ гэмтлээ эмчлүүлснийхээ дараа нэхэмжлэх эрх нээлттэй байгаа учраас Иргэний хуулийн 497, 505 дугаар зүйл, Иргэний хуулийн 228 дугаар зүйлд зааснаар хохирогч Д.Т-гийн хамар ясны хугарлыг эмчлүүлэх эмчилгээний зардлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй байдлаар үлдээж өгнө үү гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч Х.З-ын өмгөөлөгч Э.Дөлгөөн дүгнэлтдээ: Болсон хэрэг явдал тодорхой. Энэ хэрэг явдал архи согтууруулах ундааны зүйл хэрэглэснээс болж гарсан. Архи уусан гэдгээ шүүгдэгч нар мэдүүлдэг. Тухайн хэргийн нөхцөл байдлыг хамгийн сайн мэдэх хүн бол Х.З, Д.Т, Ц.Х, талийгаач 4 гэрт байсан байдаг. Ц.Х өөрөө болсон асуудлыг мэдэж байгаа гэх боловч үг, үйлдэл 2 нь зөрж байгаа учраас тухайн үед болсон асуудлыг хамгийн сайн мэдэж байгаа хүний нэг нь миний үйлчлүүлэгч Х.З байдаг. Х.З нь өөрөө Ц.Х-ыг өшиглөсөн юм гэдгийг мөрдөн шалгах ажиллагааны явцаас эхлэн тогтвортой мэдүүлдэг. Өнөөдрийн шүүх хуралдаан дээр ч мөн мэдүүлж байна. Өөрийн хийсэн үйлдэл гэм буруугаа хүлээн зөвшөөрч би өшиглөсөн гэхдээ хөл рүү нь өшиглөсөн гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Өөрийгөө эрүүл байсан гэж хэлээгүй, бүгд уусан байсан гэдгээ мэдүүлдэг. Эмэгтэй хүн хөл нүцгэн өшиглөх, эрэгтэй хүн бакалтай өшиглөх 2 тэнгэр, газар шиг ялгаатай. Тэгэхээр энэ асуудлыг анхаарч үзэх хэрэгтэй. Ц.Х, Х.З нар 3 жилийн хугацаанд хамт амьдарсан учраас нэгнийхээ зан чанарыг мэдсэн байх боломжтой. Ц.Х архи уухаараа ааш зан нь эвдэрдэг талаар мэдүүлсэн. Шилээр толгойгоо хаглуулсан асуудлаа хэлээгүй үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгуулж байсан. Өшиглөсөн асуудлыг харсан хүн Х.З, дундуур нь орж салгасан хүн Д.Т байдаг. Ц.Х-ын өнөөдрийн шүүх хуралдаанд мэдүүлж байгаа мэдүүлэг, биеэ авч яваа байдлаас харахад өөрийн хийсэн үйлдлийг нууж даллах, санахгүй байгаа асуудлаа хэлэхгүй байх гэж өмгөөлөгчийн зүгээс хардах сэтгэл төрж байна. Гэм буруугийн хувьд маргахгүй гэдэг нь талийгаачийн хөл рүү өшиглөсөн гэдэг үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа болохоос биш хавирга хугалсан гэх үйлдлийг хүлээн зөвшөөрч байгаа асуудал биш. Ц.Х цээж рүү өшиглөсөн бид 2 талийгаачийн эрх, эрх чөлөөнд ямар нэгэн байдлаар халдсан гэдэг байдлаар гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Давж заалдах шатны магадлалд анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг бага байна гэж дүгнэсэн. Өнөөдрийн шүүх хуралдаанаар харахад үнэхээр Ц.Х-т оногдуулсан ял багадсан юм болов уу гэж өмгөөлөгчийн зүгээс харж байна гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч Ц.Х-ын өмгөөлөгч Н.Нармандах дүгнэлтдээ: Өмнөговь аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ц.Х-ын үйлдэл холбогдлыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн. Ц.Х-ын хувьд талийгаачийн баруун хавиргыг хугалж хөнгөн гэмтэл учруулсан үйлдлийн тухайд Ц.Х-ыг талийгаачийг өшиглөсөн гэж мэдүүлсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, хохирогч нарын мэдүүлэг байдаг. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Г нь Ц.Х-ыг талийгаачийг өшиглөөд зогсож байхыг хараагүй. Д.Т-гээс дам сонссон хүн байдаг. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Цагдаагийн байгууллагад анх өргөдөл гаргахдаа Х.З-ыг талийгаачийг өшиглөсөн гэх байдлаар өргөдөл гаргасан байдаг. Дараа нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр мэдүүлэг өгөхдөө талийгаачийн баруун хавирга яагаад хугарсан талаар огт мэдүүлдэггүй. Дахиж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр мэдүүлэг өгөхдөө мөрдөгчийн асуултад Х.З, Ц.Х 2 талийгаачийг өшиглөсний улмаас талийгаачийг нас барчихлаа гэсэн утгатай тайлбарыг гаргадаг. Хохирогч Д.Т-гийн хувьд хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон дараагаар гэрчээр мэдүүлэг өгөхдөө Ц.Х талийгаачийг өшиглөж байсан гэж мэдүүлдэг. М, О.Сайнжаргал нарын хувьд Ц.Х талийгаачийг өшиглөж байсан үйлдлийг хараагүй байдаг. Дамдин, М, О.С нарын мэдүүлэгт талийгаач хэлсэн байдаг, З өшиглөчих шиг боллоо, З өшиглөсөн гэсэн үгнүүдийг хэлээд байдаг. Г.Г мөн өргөдөлдөө Х.З өшиглөсөн гэж хэлдэг. Талийгаач яагаад Ц.Х өшиглөсөн гэж хэлэхгүй ганц Х.З-ыг онцолж хэлж байна вэ? Энэ үг нь гэмт хэрэг гарсны дараа Х.З Улаанбаатар хот руу олон сарын хугацаагаар явж алга болсон үйлдэлтэй нийцэж байгаа. Х.З гэмт хэрэг үйлдээд түүнийхээ улмаас хүн нас барчихлаа гэдгийг мэдээд Улаанбаатар хот руу явж алга болсон хүн байгаа. Бусад гэрчүүдийн мэдүүлэг болон гэрч Д.Т-гийн мэдүүлгийг үнэлэхийн тухайд Д.Т хэрэг гарах үед их согтуу байсан гэдэг нь гэрчүүдийн мэдүүлгээс харагддаг. Энэ хүн тухайн үеийн нөхцөл байдлыг хэрхэн үнэлж дүгнэж мэдүүлэг өгсөн нь тодорхойгүй, эргэлзээтэй байдаг. Ийм учраас Ц.Х-ын дээрх үйлдэл нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдохгүй байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Д.Т-гийн толгой руу цохиж гэмтэл учруулсан үйлдлээ Ц.Х өөрөө хүлээн зөвшөөрдөг. Энэ гэмт хэрэг ахуйн хүрээнд танил, ах дүү, төрөл садангаараа нийлж архи уусан хэн хэнийх нь буруутай үйл ажиллагаа байгаа. Д.Т-гийн хамар руу цохисон үйлдлээ хүлээн зөвшөөрдөггүй. Хамар руу нь цохисон талаар шинжээчийн дүгнэлт гарахаас өмнө ямар ч гэрч, хохирогч энэ талаар мэдүүлдэггүй. Харин 07 дугаар сарын 21-ний өдрийн шинжээчийн дүгнэлт гарсны дараа Г.Г, Д.Т нараас дахин мэдүүлэг авахад Д.Т машинд оруулж байгаад хамар руу цохисон, миний цамцыг урсан гэж мэдүүлдэг, цамц урагдсан талаар өмнө нь хэн ч мэдүүлдэггүй. Өнөөдрийн шүүх хуралдаан дээр шив шинэ, сов содон тайлбарыг Х.З гаргаж байна. Энэ хүн шүүхийн өмнө гэмшихгүй байна, бид хоёр салсан, би энэ хүнийг өмөөрч байсан одоо өмөөрөхгүй, энэ хүн эхнэр авсан гэх үг, өгүүлбэрээс харахад Х.З хувийн амьдралдаа өс хонзон санаж өнөөдөр юу ч гэж хэлж байгааг үнэлж дүгнэхэд хэцүү байна. Үүн дээр эргэлзээ төрж байна. Д.Т-д учирсан гэмтэлд шинжээчийн дүгнэлт гарсан байгаа. Өнөөдөр шүүх хуралдаанд шинжээч эмч биеэр оролцож зарим нэг ойлгомжгүй байсан асуудлыг тайлбарлаж хэллээ. Хамрын яс хугарсан тохиолдолд хамар хавдах, өвдөх, битүүрэх, цус хуралт үүсэж харагдах ёстой гэж мэдүүлсэн. Хөнгөн хэлбэрийн хамрын хугарлыг өөрөөр тайлбарласан. Энэ гэмтлийг Д.Т бага насандаа ч авсан байхыг үгүйсгэхгүй гэмтэл байсан гэдгийг тодорхой хэллээ. Энэ нь шинжээчийн дүгнэлт гарахаас өмнө хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлэгтэй хангалттай нийцэж байна. Тэгэхээр энэ гэмтэл нь хэрэг гарахаас өмнө эсхүл хэрэг гарсны дараа үүссэн байхыг үгүйсгэхгүй. 417 тоот шинжээчийн дүгнэлтийн хувьд хохирогч Д.Т-гийн биед үзлэг хийгдээгүй. Зөвхөн томографын шинжээчийн дүгнэлт, зураг дээр үндэслэж дүгнэлт гарсан байгааг шүүгч та анхаарч үзнэ үү. Ц.Х-ын холбогдсон талийгаачийн зүүн хавиргыг хугалсан гэх үйлдэл, Д.Т-гийн хамар ясыг хугалсан гэх үйлдэл нь нотлогдон тогтоогдохгүй байна. Архи хүний биед яаж үйлчлэхийг бид мэдэхгүй. Бид төсөөллөөрөө дүгнэж хэргийг шийдэж болохгүй. Ц.Х анхнаасаа өөрийн санаж байгаа зүйлийг нэг утгатайгаар тайлбарлаж мэдүүлж байгаа. Харин шүүгдэгч Х.З-ын хувьд өмнөх шүүх хуралдаан болон хавтаст хэрэгт авагдсан мэдүүлгүүд бүгд зөрдөг. Өөрийн мэдүүлгийг зөвтгөн тайлбарлахдаа би оймстой байсан, Ц.Х бакалтай байсан гэж мэдүүлж байгаа боловч энэ мэдүүлгийг өмнө нь ямар ч гэрч, хохирогч мэдүүлээгүй. Харин энэ өнцгөөс харвал Х.З-ын мэдүүлэг илүү үнэмшил муутай. Хүний шилбэ рүү өшиглөхөд хүний баруун хавирга хугарахгүй байсан байх. Иймд шүүгдэгч Ц.Х-ын холбогдсон үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргав.

Шүүгдэгч Ц.Х нь хохирогч Д.Т-гийн хамрыг цохиж хугалаагүй, талийгаач Д.Т-ын цээжин тус газар өшиглөөгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүссэн бол шүүгдэгч Х.З-ын зүгээс талийгаачийн цээжин тус газар бус хөл рүү нь өшиглөсөн гэх тайлбарыг тус тус гаргав. 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ц.Х, Х.З нарын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:   

Шүүгдэгч Ц.Х нь Х.З-тай бүлэглэн 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн Номгон сумын Эмгэнбулаг багийн нутаг дэвсгэрт гэртээ хохирогч Д.Т-ыг согтуурсны улмаас биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж цээжин тус газар нь өшиглөж зодон эрүүл мэндэд нь баруун талын 11 дүгээр хавирганы зөрүүгүй хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн тухайн цаг хугацаанд Д.Т-гийн нүүр, шанаа руу гараараа хэд хэдэн удаа цохиж, эрүүл мэндэд нь хамар ясны хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Г-гийн “...Т-гийн толгойноос цус гарч байхаар нь би яасан юм гэж асуусан чинь Х хавтгай модоор Т-гийн толгой руу 2 удаа цохиж ухаан алдаж унагасан гэж байсан. Би Т-г Номгон сум орж эмнэлэгт үзүүлье гэсэн чинь зүгээр гайгүй гээд байсан. Би юу болов гэж асуусан чинь С надад эд нар хоорондоо зодолдоод байна гэж хэлсэн. Би тэд нарыг явъя гээд Т, С, М, талийгаач нарыг машиндаа суулгаад Х-гийн гэрээс яваад замдаа бид нар хоол хийж идсэн чинь талийгаач хоол орохгүй байна, хавирга гэмтсэн юм шиг байна гэж байсан. Т-г талийгаач “ахыгаа түшээд бие засуулаадах” гэж хэлсэн. Бид нар аймаг руу явсан. Аймагт ирсний дараа талийгаач гэртээ гэрээс гарахгүй хэвтээд байсан. Орой болохоор нойр хүрэхгүй юм, өвчнөө даръя гээд 2 хундага архи уугаад унтдаг байсан. Би эмнэлэгт үзүүлье гэхэд ганц хавирганы төлөө яахын гээд дургүйцээд байсан. /1 дүгээр хавтаст хэргийн 21-22, 26-27 дугаар хуудас/,

хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Т-гийн “...Би 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Номгон сумын Эмгэнбулаг багийн нутагт байх Х-ын гэрт байхад тэнд байсан хүмүүс бүгд архи уусан байсан. Гэрийн эзэн Х нь архи уучихсан согтуу байх үедээ эхнэр З-д агсам тавиад талийгаач Т-т бас агсам тавиад эхнэр З-ын толгой руу архины шилээр цохисон. Тэгэхээр нь би салгаад боль гэсэн чинь Х чи муу миний эхнэртэй унтсан уу гэж хэлсэн. Тэгэхээр нь Х-ыг болиоч гээд түлхсэн. Тэгж байхад З гэрээс гараад зугтаачихсан. Х араас нь гараад явсан. Би араас нь гарсан чинь З гэрээсээ зүүн тийш явган зугтааж байсан чинь араас нь Х очоод эхнэртэйгээ зууралдсан. Би очоод тэр хоёрыг салгасан. Би эргээд гэр рүү нь алхаж явтал араас Х миний толгой руу модоор цохиод би ухаан алдсан. Би сэрсэн чинь машин дотор хэвтэж байсан. Х дээгүүр өмссөн хувцсаа тайлчихсан ирээд намайг чи муу баашлаад байгаарай гээд миний цамцны энгэрээс заамдаж аваад нүүр шанаа руу гараараа хэд хэд цохисон. Тэгсэн чинь Г эгч ирээд салгаад Х-ыг цааш нь болгосон... Миний толгойны баруун талд банзаар цохисон гэж Г эгч хэлсэн. Би юугаар цохихыг нь хараагүй, миний толгойн баруун талд 3 хэсэг газарт хагарсан байсан... Талийгаач Т гэрийн баруун талд хэвтэж байхад Х энэ муу п... хоол горьдож ирсэн гээд талийгаачийн цээж рүү нь өшиглөсөн...” /1 дүгээр хавтаст хэргийн 30-32 дугаар хуудас/,

гэрч Д.Т-гийн “...Талийгаач орой 18 цагийн үед Х-гийн баруун орны доор газраар унтаж байхад нь Х эхнэртэйгээ маргалдаад дараа нь бүр зодолдсон. Тэгж байснаа Х нь талийгаачийг энэ муу нахиур Т манайд хоолны сав ирчихсэн, бос п... минь гээд Х эхнэртэйгээ нийлээд талийгаачийн цээж рүү нь дэвслээд байсан. Би хориод дийлээгүй. Х нь над руу дайраад чи муу манай авгайтай Фургон дотор унтсан уу гээд дайраад байсан. Би юу яриад байгаа юм бэ тийм зүйл юу гэж байхав дээ гэсэн чинь төмөртэй том бандангаар толгойны баруун тал руу 2 удаа цохисон. Би манараад ухаан алдчихсан. Сэрсэн чинь Г эгч ирчихсэн Х-г хүн аллаа гэж хэлж байсан...” /1 дүгээр хавтаст хэргийн 33-34 дүгээр хуудас/,

гэрч Т.М-ы “...З нь гэрээс гараад гүйсэн чинь Т араас нь гараад З-гийн араас алхаж байсан чинь Х ааруул тавьдаг дөрвөлжин модоор Т-гийн толгойны баруун тал руу 2 удаа цохиж байгаа харагдсан. Т хоёр дахь цохилтон дээр нь унаад өгсөн. Би айгаад хашхирсан чинь С гарч ирсэн. Удалгүй Ганаа эгч ирээд хүн алах нь гээд аймаг явъя гээд Фургоноос ачаагаа Ганаа эгчийн машинд ачаад С бид хоёр машинд нь суусан. Бас Т хамт машинд суусан. Талийгаачийг Ганаа эгч ид хоёр өргөж машинд оруулаад аймаг явсан. Аймаг явах замд бид нар хоол хийж идсэн. Харин талийгаач хоол идэхгүй байсан... Талийгаач аймаг явах замдаа хавирга жоохон өвчтэй болсон байна яасан юм бол З намайг зодсон юм болов уу гэж байсан. Өөр өвдлөө гэж хэлж байгаагүй... Т-гийн толгойг нь харсан чинь 3 газар хавдчихсан байсан...” /1 дүгээр хавтаст хэргийн 38-39 дүгээр хуудас/, 

гэрч О.С-ын “...Х гараад очсон чинь З зүүн тийшээ гүйгээд зугтаачихсан. Х араас нь гартаа нэг мод бариад явж байсан. Тэгэхэд өмнө нь Т, З-ын араас алхаж явсан чинь Х хажууд нь очоод Т-гийн толгой руу модоор цохичихсон. Т арагшаа саваад унасан. Г эгч бид нар очоод Т-г босгосон. Т-гийн толгойн баруун талд яз цохигдоод цус гарчихсан байсан. Г эгч явцгаая хүн амины хэрэг гарах юм байна гээд явахаар болоод машиндаа юмаа ачсан. Тэгж байхад Х их согтоод гэр дотроо үглэж хашхичаад байсан. Бид нар машиндаа сууцгаагаад шууд Номгон сум руу яваад нэг айлд очсон. Тэр айлдаа хоночихоод маргааш өглөө нь бид нар 08 цаг өнгөрөөж гарч яваад тал дээр сууж хоол хийж идчихээд нэг шил архи байснаа Т, талийгаач бид 3 хувааж уусан... Түүний дараа 5-аас 6 хоногийн дараа би талийгаачаар цахилгаан мотор засуулах гэж гэрт нь очиж уулзаж мотороо үзүүлсэн. Талийгаач хавирга өвчтэй байгаа гэж ярьж байсан. Түүнээс хойш тааралдаагүй...” /1 дүгээр хавтаст хэргийн 44-45 дугаар хуудас/,

гэрч Х.Д-ы “...05 дугаар сарын 03-ны өдөр талийгаач Т гэртээ ирсэн байна хүрээд ир гэхээр нь би гэрт нь очсон. Талийгаач эхнэр Г хүүхэдтэйгээ байсан. Уулзаж байхдаа талийгаач Т миний баруун талд хавирга хугарчихсан юм шиг байна үзээд өгөөч гэхээр нь би гадна талаас нь нурууны баруун ар талыг нь тэмтэрч илж үзэхэд юм мэдэгдээгүй... Т-г дөнгөж хөдөөнөөс ирэнгүүт нь уулзсан. Т-гийн толгойн баруун хажуу талд нь 2 газарт язарч цус гарсан бололтой хувцасны зах нь цус болчихсон байсан. Тэгэхээр нь яасан юу болсон бэ гэж асуухад Х гэдэг хүн миний толгой руу модоор цохисон гэж хэлсэн. Юунаас болсныг нь асуусан чинь З гэдэг эхнэр нь надтай хамаатан гэх юм ярьсан чинь нөхөр нь хардаад зодсон гэж хэлсэн...” /1 дүгээр хавтаст хэргийн 48-49 дүгээр хуудас/,

гэрч Ц.Т-ын “...Тухайн үед талийгаач Д.Т манай эхнэрт бие өвдөөд байна гэж хэлж байсан гэж хэлсэн. Яг ямар байдалтай байсныг нь би мэдэхгүй байна. /1 дүгээр хавтаст хэргийн 55-56 дугаар хуудас/,

гэрч Ш.Н-ийн “...Байрлал албадмал, амин үзүүлэлтүүд тогтворгүй, цээжний рентген харалтаар баруун талын 9 дүгээр хавирга зөрүүгүй хугаралтай гэсэн дүгнэлттэй байсан...” /хавтаст хэргийн 42-43 дугаар хуудас/ гэх мэдүүлгүүд болон шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны өгсөн мэдүүлэг, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны хавтаст хэргийн материалд хийгдсэн шүүх эмнэлгийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 6 дугаартай шинжилгээ, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 410 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.

Мөн шүүгдэгч Х.З нь Ц.Х-тай бүлэглэн 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн Номгон сумын Эмгэнбулаг багийн нутаг дэвсгэрт гэртээ хохирогч Д.Т-ыг согтуурсны улмаас биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж цээжин тус газар нь өшиглөж зодон эрүүл мэндэд нь баруун талын 11 дүгээр хавирганы зөрүүгүй хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн хохирогч, иргэний нэхэмжлэгч  Д.Т-гийн “...Би болиоч гэсэн чинь Х болихгүй эргээд эхнэр рүүгээ уурлаж эхнэрээ зодоод байсан. Би бас тэр хоёрыг болиоч гэж хэлээд салгасан чинь эхнэр нь Т муу п... чамаас болж байгаа юм гэж хэлээд талийгаачийг сууж байхад З нь талийгаачийн цээжний баруун тал руу өшиглөсөн чинь талийгаач ёо гээд эвхрээд унасан. Тэр хоёр хоорондоо зодолдоод байхаар нь би салгасан чинь хэрэлдэж байгаад З нь дахиад талийгаачийн цээж рүү өшиглөсөн. Тэгэхэд талийгаач Т яасан юм бэ гээд байсан, өөр зүйл хэлээгүй...” /1 дүгээр хавтаст хэргийн 30-32 дугаар хуудас/,

гэрч Д.Т-гийн “...Х нь талийгаачийг энэ муу нахиур Т манайд хоолны сав ирчихсэн, бос п... минь гээд Х эхнэртэйгээ нийлээд талийгаачийн цээж рүү нь дэвслээд байсан. Би хориод дийлээгүй...” /1 дүгээр хавтаст хэргийн 33-34 дүгээр хуудас/,

гэрч Т.М-ы “...Талийгаач аймаг явах замдаа хавирга жоохон өвчтэй болсон байна яасан юм бол З намайг зодсон юм болов уу гэж байсан. Өөр өвдлөө гэж хэлж байгаагүй...” /1 дүгээр хавтаст хэргийн 38-39 дүгээр хуудас/, 

гэрч О.С-ын “...Би талийгаачаар цахилгаан мотор засуулах гэж гэрт нь очиж уулзаж мотороо үзүүлсэн. Талийгаач хавирга өвчтэй байгаа гэж ярьж байсан. Түүнээс хойш тааралдаагүй...” /1 дүгээр хавтаст хэргийн 44-45 дугаар хуудас/,

гэрч Х.Д-ы “...Талийгаач эхнэр Г хүүхэдтэйгээ байсан. Уулзаж байхдаа талийгаач Т миний баруун талд хавирга хугарчихсан юм шиг байна үзээд өгөөч гэхээр нь би гадна талаас нь нурууны баруун ар талыг нь тэмтэрч илж үзэхэд юм мэдэгдээгүй. Би талийгаачаас та нар юу болсон бэ Т-гийн толгойн баруун талд 2 газарт нь хагарчихсан байна, энэ юу болсон бэ гэж асуусан чинь талийгаач Т хэлэхдээ бид нар Номгонд хөдөө Х-ынд очиж архи уусан. Танай хамаатан болох Туяагийн том охин З намайг согтуу унтаж байхад миний толгой, нуруу руу дэвсэж өшиглөж зодсон байна, би тэрийг нь мэдээгүй, нэг мэдэхэд намайг эд нар машинд өргөж хийгээд сум руу явсан, тэгэхэд Т-гийн толгойноос цус гарсан байсан.” /1 дүгээр хавтаст хэргийн 48-49 дүгээр хуудас/,

гэрч Ц.Т-лын “...Тухайн үед талийгаач Д.Т манай эхнэрт бие өвдөөд байна гэж хэлж байсан гэж хэлсэн. Яг ямар байдалтай байсныг нь би мэдэхгүй байна. /1 дүгээр хавтаст хэргийн 55-56 дугаар хуудас/,

гэрч Ш.Н-ийн “...Байрлал албадмал, амин үзүүлэлтүүд тогтворгүй, цээжний рентген харалтаар баруун талын 9 дүгээр хавирга зөрүүгүй хугаралтай гэсэн дүгнэлттэй байсан...” /хавтаст хэргийн 42-43 дугаар хуудас/ гэх мэдүүлгүүд болон шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны үед талийгаачийг өшиглөсөн болохыг хүлээсэн мэдүүлэг, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны хавтаст хэргийн материалд хийгдсэн шүүх эмнэлгийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 6 дугаартай шинжилгээ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.

Хохирогч Д.Т-ын амь нас хохирсон асуудалтай холбогдуулан мөрдөн шалгах ажиллагааны явцад Эмгэг судлалын шинжилгээний 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн протокол № БОЭТ-14 /хавтаст хэргийн 58-61 дүгээр хуудас/, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 07 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 64-72 дугаар хуудас/, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны хавтаст хэргийн материалд хийгдсэн шүүх эмнэлгийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн №6 дугаартай шинжилгээ /хавтаст хэргийн 78-80 дугаар хуудас/ зэрэг шинжээчийн дүгнэлтүүдээр хохирогч Д.Т нь цээжин тус газар өшиглүүлснээс үүссэн гэмтлээс бус, удаан хугацааны явцад үүссэн судас хатуурах өвчний суурин дээр үүссэн чацархайн доод артерийн цочмог бүлэнт бөгнөрөл, халдвар, хордлогын улмаас нас барсан болох нь тогтоогдож байх бөгөөд шүүх дээрх шинжээчдийн гаргасан дүгнэлтүүдийг нотлох баримтаар үнэлж шүүгдэгч Ц.Х, Х.З нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол гэж хуульчилсан ба Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д “хоёр, түүнээс олон хүнийг”, 2.7-д “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж”, 2.11-д “бүлэглэж” хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан тохиолдолд хүндрүүлэн зүйлчлэхээр тус тус заажээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Ц.Х нь амь хохирогч Д.Т-ыг үглээд байна гэх шалтгаанаар, шүүгдэгч Х.З нь  чимээгүй болсонгүй гэх шалтгаанаар амь хохирогчийн цээж рүү нь тус тус өшиглөснөөр түүний биед баруун талын 11 дүгээр хавирганы зөрүүгүй хугарал бүхий хөнгөн хохирол, мөн шүүгдэгч Ц.Х нь хардалтын улмаас хохирогч Д.Т-гийн нүүр, шанаа руу гараараа хэд хэдэн удаа цохиж, түүний биед хамар ясны хугарал бүхий хөнгөн хохирол учруулсан нь тус тус тогтоогдсон тул “хоёр, түүнээс олон хүнийг” эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй байна.

Мөн амь хохирогч Д.Т нь согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсний улмаас тухайн цаг хугацаанд бие махбодын болон сэтгэцийн хувьд өөрийгөө хамгаалах, шүүгдэгч нарын өшиглөсөн гэмт үйлдлийн эсрэг идэвхтэй эсэргүүцэл үзүүлж чадаагүй болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлгүүдээр тогтоогдсон тул шүүгдэгч Ц.Х, Х.З нарыг бүлэглэн “хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж” гэх шинжээр прокуророос хэргийг хүндрүүлэн зүйлчилсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн гэж үзлээ.

Түүнчлэн шүүгдэгч Ц.Х нь амь хохирогч Д.Т-ыг дээрх  шалтгаанаар цээж рүү нь өшиглөсөн бөгөөд түүний үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учирч болзошгүйг мэдсээр байж, энэхүү үйлдлийг таслан зогсоох, хохирогчийг гэмт халдлагаас хамгаалах арга хэмжээ авалгүйгээр хохирогчийг чимээгүй болсонгүй хэмээн нэмж цээж рүү нь өшиглөсөн шүүгдэгч Х.З болон Ц.Х нарыг үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэж үйлдсэн гэсэн үндэслэлээр хүндрүүлэн ялласныг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно гэж заасан бөгөөд шүүгдэгч Ц.Х нь хохирогч Д.Т-гийн бие эрх чөлөөнд халдсан, мөн шүүгдэгч Ц.Х, Х.З нар нь бүлэглэн амь хохирогч Д.Т-ын бие эрх чөлөөнд халдаж буй үйлдлээ хууль бус гэдгийг ухамсарлах боломжтой байсан хэдий ч түүнийг хүсэж үйлдсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн байна гэж үзнэ. 

Шүүгдэгч Ц.Х нь мөрдөн шалгах болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд амь хохирогчийн цээж рүү нь өшиглөөгүй, хохирогч Д.Т-гийн биед хамар ясны хугарал бүхий хөнгөн гэмтлийг учруулаагүй гэж маргасан боловч өшиглөсөн үйл баримтыг шууд харсан хохирогч Д.Т, шүүгдэгч Х.З нарын мэдүүлэг, тэднээс сонссон болохыг баталж эх сурвалжаа заасан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Г нарын өгсөн удаа дараагийн тогтвортой мэдүүлгүүд, мөн хохирогч Д.Т-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2020 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Х миний толгой руу цохиж ухаан алдуулсан. Тэгээд би сэрсэн чинь машин дотор хэвтэж байсан. Х дээгүүр өмссөн хувцсаа тайлчихсан ирээд намайг чи муу баашлаад байгаарай гээд миний цамцны энгэрээс заамдаж аваад нүүр шанаа руу гараараа хэд хэд цохисон. Түүнээс болж миний хамар гэмтсэн...” гэх мэдүүлгүүдээр нотлогдсон байх тул шүүгдэгчийн энэ талаарх тайлбар няцаагдаж байна.

Шүүгдэгч Х.З нь амь хохирогчийн цээж рүү бус, хөл рүү нь өшиглөсөн гэж маргаж мэтгэлцсэн боловч Д.Т-гийн гэрчээр өгсөн “Х талийгаачийг энэ муу нахиур Т манайд хоолны сав ирчихсэн, бос п... минь гэж эхнэртэйгээ нийлээд талийгаачийн цээж рүү нь дэвслээд байсан...”, хохирогчоор өгсөн “...Талийгаачийг сууж байхад З нь цээжний баруун тал руу нь өшиглөсөн чинь талийгаач эвхрээд унасан...” гэх хохирогчоор болон гэрчээр өгсөн мэдүүлгүүдээр үгүйсгэгдэж байна.

Хохирогч Д.Т-гийн биед хамар ясны хугарал бүхий хөнгөн гэмтэл учирсныг тогтоосон шинжээчийн дүгнэлт гэмт хэрэг гарснаас хойш хоёр сарын дараа гарсан байх боловч шинжээч дүгнэлтээ гаргахдаа 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн эмчийн үзлэгийн тэмдэглэл, томографын зургийг үндэслэн дүгнэлтээ гаргасан бөгөөд уг эмчийн үзлэгээр хамар ясны хугарал үүссэн болохыг тогтоосноос гадна энэхүү гэмтлийг шүүгдэгч Ц.Х тухайн цаг хугацаанд цамцны энгэрээс заамдаж аваад нүүр, шанаа руу гараараа хэд хэдэн удаа цохих үед гэмтэл авсан талаар хохирогч мөрдөн шалгах ажиллагааны явцад хууль сануулан авсан мэдүүлэгтээ тодорхой мэдүүлсэн зэрэг нөхцөл байдлыг тал бүрээс нь шинжлэн судалсны үндсэн дээр шүүгдэгч Ц.Х-ын гэм буруутай үйлдлийн улмаас учирсан гэмтэл гэж шүүх дүгнэлээ. 

Хохирогч Д.Т-гийн биед учирсан гэмтлийн талаар дүгнэлт гаргасан шинжээч эмч шүүх хуралдаанд оролцохдоо зовуурь, муруйлт багатай хамар ясны хугарал гэмтлийг гаднах шинж тэмдгээр тогтоох боломжгүй, харин хохирогчийн зүгээс анх үзүүлэхдээ энэ талаар хэлээгүй боловч дахин үзүүлэхдээ компьютер томографын зураг, үзлэгийн тэмдэглэлийг харуулсан тул хамар ясны хугарал гэмтэл учирсан болохыг тогтоосон, түүнд ямар нэгэн зовуурь, шаналал мэдэгдээгүй нөхцөл байдлаас үзэхэд муруйлт багатай хугаралд хамаарахаар байна гэх тайлбараас үзэхэд шинжээчийн дүгнэлтийг эргэлзээтэй, бүрэн бус гаргасан үзэх үндэслэл тогтоогдоогүйн зэрэгцээ хохирогчийг гэмт хэрэг гарахаас өмнө эсхүл гарсны дараа шүүгдэгчээс өөр хүнд зодуулснаас учирсан гэмтэл гэж дүгнэх нотлох баримт хэрэгт авагдаагүй болно.

Шүүгдэгч Ц.Х нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд хохирогч нарт учирсан хөнгөн хохирлыг учруулаагүй, гэмт хэргийг үйлдээгүй гэх мэдүүлэг өгч байх боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар сэжигтэн яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй бөгөөд шүүгдэгч нь уг гэмт хэргийг үйлдээгүй гэх мэдүүлгийг нотолсон бусад нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна гэж шүүх үзэв.

Иймд шүүгдэгч Ц.Х-ыг бүлэглэн, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Х.З-ыг бүлэглэн, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж үзэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Шинжээчийн дүгнэлтүүд нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтүүдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Шүүгдэгч Ц.Х, Х.З нар нь бүлэглэн амь хохирогч Д.Т-ыг өшиглөсөн гэм буруутай үйлдлийн улмаас Д.Т-ын баруун талын 11 дүгээр хавирганы зөрүүгүй хугарал бүхий хөнгөн гэмтэл, мөн шүүгдэгч Ц.Х нь хардалтын улмаас хохирогч Д.Т-г цамцны энгэрээс заамдаж аваад нүүр, шанаа руу гараараа хэд хэдэн удаа цохиж, түүнд биед хамар ясны хугарал бүхий хөнгөн гэмтэл тус тус учруулсан бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Г, хохирогч Д.Т нарын зүгээс хохирол төлбөртэй холбоотой нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүйн зэрэгцээ Г.Г-гийн зүгээс нэхэмжлэх зүйл байхгүй гэдгээ илэрхийлсэн тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Харин хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Т-гийн зүгээс хамар ясны хугарал гэмтлийг эмчлүүлэхтэй холбоотой гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хариуцлагын талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж улсын яллагчийн зүгээс үзэж байна. Шүүгдэгч Ц.Х-ын хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрдөггүй. Хувийн байдлын хувьд согтуугаар гэмт хэрэг үйлдсэн. Хохирогч нараас уучлалт гуйх талаар ямар нэгэн арга хэмжээ аваагүй. Шүүгдэгч Х.З-ын хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг хэдий ч мөн согтуугаар гэмт хэрэг үйлдсэн байгаа. Шүүгдэгч Ц.Х-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч Х.З-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 250 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулах саналыг гаргаж байна. Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.Т, Д.Т нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Г-гийн зүгээс хохирол төлбөр нэхэмжлээгүй. Хохирогч Д.Т-гийн зүгээс гарсан хохирол төлбөрөө иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй байна. Шүүгдэгч нар урьдчилан цагдан хоригдсон хоноггүй. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хугархай шилбүүр 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах саналтай байна. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх саналтай байна гэх дүгнэлтийг,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ц.Баярмаа дүгнэлтдээ: Оногдуулах ял шийтгэлийн талаар тусгайлан гаргах саналгүй  гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч Х.З-ын өмгөөлөгч Э.Дөлгөөн дүгнэлтдээ: Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэм буруутай этгээдийг цээрлүүлэх, учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог. Х.З-ын хувьд мөрдөн шалгах ажиллагааны явцаас эхлүүлэн тогтвортой мэдүүлэг өгдөг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг, тухайн гэмт хэрэгт оролцсон оролцоо, хувийн байдал зэргийг нь харгалзаж үзэж Х.З-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулж өгнө үү гэх дүгнэлтийг,  

Шүүгдэгч Ц.Х-ын өмгөөлөгч Н.Нармандах дүгнэлтдээ:Хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг гаргасан боловч шүүхээс Ц.Х-ын үйлдэл холбогдлыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон. Улсын яллагчийн зүгээс 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргалаа. Үүн дээр нэмж хэлэх зүйл байхгүй байна гэх дүгнэлтийг тус тус гаргав.

Шүүгдэгч Ц.Х, Х.З нарын зүгээс хөнгөн ял шийтгэл оногдуулж өгөхийг хүссэн тайлбар гаргав.

Шүүгдэгч нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүхээс шүүгдэгч Ц.Х-ыг бүлэглэн, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Х.З-ыг бүлэглэн, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, шүүгдэгч тус бүрийн гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, үйлдэл, оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулах, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших эрүүгийн хариуцлагын зорилго болон Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцүүлэн дараах нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн болно. Үүнд:

Шүүгдэгч Ц.Х-ын хувьд нэг цаг хугацаанд хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг “хоёр, түүнээс олон хүнийг”, “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж”, “бүлэглэж” гэсэн 3 хүндрүүлэх шинжээр үйлдсэн нөхцөл байдал болон уг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 /долоон зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял,

харин шүүгдэгч Х.З-ын хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж”, “бүлэглэж” гэсэн 2 хүндрүүлэх шинжээр үйлдсэн нөхцөл байдал болон уг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 300 /гурван зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Х нь шүүхээс оногдуулсан 700 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч Х.З нь шүүхээс оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тус биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Бусад асуудлаар.

Шүүгдэгч Ц.Х, Х.З нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар энэхүү хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шилбүүр /хугархай/ 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгах нь зүйтэй байна.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Х, Х.З нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч У овгийн Ц-ын Х-ыг бүлэглэн, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б овгийн Хадын З-ыг бүлэглэн, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Х-т 700 /долоон зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.З-д 300 /гурван зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Х нь шүүхээс оногдуулсан 700 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч Х.З нь шүүхээс оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тус биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.  

4. Шүүгдэгч Ц.Х, Х.З нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Хохирогч Д.Т хамар ясны хугарал гэмтлийг эмчлүүлэхтэй холбоотой гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар энэхүү хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шилбүүр /хугархай/ 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Х, Х.З нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ц.Х, Х.З нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.ВОЛОДЯ