Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 114

 

Е.Отгонбатад холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

шүүгч Б.Батцэрэн даргалж,

шүүгч Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор Х.Батчимэг,

шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Шинэзориг,

нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 33 дугаар шийтгэх тогтоол,

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 207 дугаар магадлалтай, 201625030093 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчйин өмгөөлөгч Э.Шинэзоригийн гомдлоор хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1982 онд төрсөн, эрэгтэй, 2004 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 10 хоног баривчлах ялаар,

2012 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 120 цаг албадан ажил хийлгэх ялаар,

2014 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 3 сар баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Бодонгууд овогт Ерэнтэйн Отгонбат нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан “Давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлах”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасан “Мөрдөн байцаалтын шатнаас зориуд зайлсхийх” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Е.Отгонбатыг давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдэж бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан, мөрдөн байцаалтын шатнаас зориуд зайлсхийсэн гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар  Е.Отгонбатыг эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 жил 6 сар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн Е.Отгонбатын биечлэн эдлэх ялыг эд хөрөнгө хураахгүйгээр 3 жилийн хугацаагаар тогтоож, уг хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж,  шүүгдэгч Е.Отгонбат болон өмгөөлөгч Э.Шинэзориг нарын гомдлыг хэрэгсэхгүй болгосон байна.

Илтгэгч шүүгч Ч.Хосбаярын хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Х.Батчимэг, өмгөөлөгч  Э.Шинэзориг нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Шинэзориг хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд: “...Давж заалдах шатны шүүхийн магадлал Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн гэж үзэж байна. Шүүгдэгч Е.Отгонбатад холбогдох хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа явуулахдаа түүний хувийн байдалд хамаарах гэр бүлийн байдлыг тогтоогоогүй нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 318 дугаар зүйлийн 318.2.2 дахь заалтыг тус тус зөрчсөн. Шүүгдэгч Е.Отгонбатад оногдуулсан хорих ялыг түүний бага насны /3-10 насны/ дөрвөн хүүхэдтэй байдал болон анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлж, гэм хорыг арилгасан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас  гэмшсэн зэргийг харгалзан үзэж хөнгөрүүлж өгөхийг хүсч давж заалдах гомдол гаргасан билээ.

Гэтэл давж заалдах шатны шүүх “Мөрдөн байцаалтын шатанд Е.Отгонбатад холбогдох хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалган тодруулсан, шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна, хохирогч нарт хохирлын мөнгийг төлж барагдуулсан ч түүнийг засарч хүмүүжсэн гэж оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй” гэж өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосон.

Иймд Е.Отгонбатын дээр дурдсан хувийн байдал болон бусад нөхцөл байдлыг харгалзан үзэж түүнд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж, ял эдлэх дэглэмийг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү...” гэв.

Прокурор Х.Батчимэг хяналтын шатны шүүх хуралдаанд: “...Е.Отгонбатын үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон. Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчийн хувийн байдлын талаар холбогдох байгууллагуудаас лавлагаа гаргуулж тодорхой хэмжээнд шалгаж тогтоосон. Шүүгдэгч Е.Отгонбатын ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал тул энэ талаар тусгайлан гаргах саналгүй. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны ба үндэслэлтэй байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан шаардлагад нийцсэн байна.

Шүүгдэгч Е.Отгонбат нь давтан үйлдлээр 2015 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тэнгис” кинотеатр дотроос Б.Мишээлийн халааснаас “Ай фоне-6 плюс” загварын гар утсыг хулгайлж 1,400,000 төгрөгийн,

2015 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Өргөө” кинотеатр дотроос Г.Мөнгөлжингийн халааснаас “Ай фоне-5” загварын гар утсыг хулгайлж 300,000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн хулгайн гэмт хэрэгт сэжигтнээр тооцогдож бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан үедээ 2016 оны 03 дугаар сарын 28-наас 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүртэл хугацаанд мөрдөн байцаалтаас зориуд зайлсхийсэн гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ, мөрдөн байцаалтын ажиллагааг түдгэлзүүлэх, сэргээх тухай прокурорын тогтоолууд зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож, тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, үндэслэл бүхий болжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тодруулсан бөгөөд шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтад үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, хэргийг зөв зүйлчилсэн, мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, эсхүл бусад хэлбэрээр хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс Е.Отгонбатыг давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдэж бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан, мөрдөн байцаалтын шатнаас зориуд зайлсхийсэн гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хорих ялыг оногдуулж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байна гэж дүгнэв.

Хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн эрэгтэй ялтны хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлж байх нь хуулиар тогтоосон шаардлага тул хорих ял эдлэх дэглэмийг өөрчлөх шалтгаан нь объектив байдлаар тогтоогдсон үндэслэл бүхий онцгой нөхцөл байдал байх ёстой.

Анхан болон давж заалдах шатны шүүхээс хийсэн “засарч хүмүүжээгүй” тухай дүгнэлт нь өмнө хорих ял эдэлж байгаагүй Е.Отгонбатын хувьд хуульд заасан хорих ялыг оногдуулах, мөн хуульд заасан дэглэмд эдлүүлэх үндэслэл болж болох боловч түүнийг чангаруулан тогтоох байдлаар эрх зүйн байдлыг хүндрүүлэн үзэх нөхцөл байдал болж чадахгүй.  

Анхан шатны шүүхээс Е.Отгонбатын хорих ял эдлэх дэглэмийг чангаруулан өөрчилсөн нь хуулийн жинхэнэ агуулгад нийцээгүй байхад давж заалдах шатны шүүх уг шийдвэрийг зөвтгөлгүй хэвээр үлдээсэн нь үндэслэлгүй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Шинзоригийн гаргасан гомдлын “хорих ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлэх” тухай хэсгийг хүлээн авч, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Харин шүүгдэгч Е.Отгонбат нь урьд хулгайн гэмт хэрэг удаа дараа үйлдэж баривчлах, албадан ажил хийлгэх ял шийтгүүлж байсан атлаа хулгайн гэмт хэрэг дахин үйлдсэн нь оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх үндэслэл болох тул “хорих ялыг тэнсэх” тухай шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Шинзоригийн гомдлын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгов.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 33 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 207 дугаар магадлалд “Шүүгдэгч Е.Отгонбатад оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй” гэсэн өөрчлөлт оруулж, тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Шиннзоригийн гомдлын “шүүгдэгч Е.Отгонбатад оногдуулсан хорих ялыг тэнсэх” тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

                          ДАРГАЛАГЧ

                          ШҮҮГЧ                                                     Б.БАТЦЭРЭН

                         ШҮҮГЧ                                                      Ч.ХОСБАЯР