Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 396

 

“Хаан банк” ХХК-ний нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Х.Батсүрэн, Ч.Тунгалаг, Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Халиунаа, Э.Хосбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Сүглэгмаа, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Отгонбат нарыг оролцуулан хийж, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 485 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 221/МА2016/0578 дугаар магадлалтай, “Хаан банк” ХХК-ний нэхэмжлэлтэй, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч нарт холбогдох захиргааны хэргийг гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Отгонбатын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Д.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 485 дугаар шийдвэрээр: Өрсөлдөөний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, Банкны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т заасныг тус тус баримтлан Хаан банк ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 6/16 дугаар дүгнэлт,  6/42 албан шаардлага, 2015 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 0000309, 0000310 дугаар дугаар шийтгэврийг тус тус илт хууль бус акт болохыг тогтоож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 221/МА2016/0578 дугаар магадлалаар: нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 485 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаас “Банкны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т” гэснийг хасч, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Отгонбат хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатын шүүхийн 2016 оны 07-р сарын 01-ний өдрийн 485 дугаар шийдвэр, нийслэлийн Захиргааны хэргийн давж заалддах шатны шүүхийн 578 дугаар магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

1. Анхан шатны шүүх процессийн ноцтой зөрчил гаргасан тухайд:

А. Шүүх хурадааны тов мэдэгдээгүй (59.2, 59,3), тэгш эрхийн зарчим (4.1), мэтгэлцэх зарчмыг шүүх (6.1, 6.2) хэрэгжүүлээгүй тухайд:

2016 оны 07-р сарын 01-ний өдрийн шүүх хуралдаанд гуравдагч этгээд Эрэл ХХК-ийн өмгөөлөгч Д.Отгонбат миний бие шүүх хуралдаанд оролцох боломжгүй тухайгаа (хх-244-245 хуудсанд авагдсан томилолтыг үндэслэж) хүсэлтээр нотлох баримтын хамт хавсаргаж шүүхэд 2016 оны 06 сарын 17 өдрийн шүүх хуралд хүргүүлж шүүх хурал миний хүсэлтийг хүлээн авч хойшилсон байдаг.

Шүүхэд гаргасан хүсэлтдээ 2016 оны 06-р сарын 17-аас 07-р сарын 06-ны өдөр хүртэл хойшлуулахыг хүссэн байдаг шүүх хүсэлтийг хангаж хойшлуулсан гэх боловч өмгөөлөгч миний хүсэлтэд дурдсан хугацаанаас буюу 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр шүүх хуралдааныг зарласан энэ хугацаанд би Хөвсгөл аймагт томилолтоор ажиллаж байсан бөгөөд надад шүүх хуралдааны товыг ямар нэгэн байдлаар мэдэгдээгүй (шүүх хуралдааны тов мэдэгдсэн тухай баримт хх-ийн 250 хуудаст авагдсан боловч гарын үсэг зуруулаагүй, миний утасны дугаарыг бичсэн боловч буруу бичсэн зэрэг нь надад тов мэдэгдээгүйг нотлох юм. Миний утас 99860629 гэтэл 99860609 гэж утсанд мэдэгдсэн гэж тэмдэглэсэн байдаг)

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-д заасан хэргийн оролцогчийн эрхийг эдлүүлээгүй шүүх хуралдаанд оролцох боломжоор шүүх хангаагүйгээс мөн хуулийн 4.1-д тэгш эрхийн зарчим хэрэгжээгүй болно.

Шүүх хуралдааны товыг мэдэгдэх тухай Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2, 59,3-д заасны дагуу өмгөөлөгч Д.Отгонбат надад мэдэгдээгүй энэхүү шаардлагыг хангасан баримт хэрэгт мөн байхгүй байгаа нь хэргийн оролцогч бүрт шүүх хуралдааныг мэдэгдэх үүргээ шүүх биелүүлээгүйгээс талууд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа буюу шүүх хуралдаанд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1-д "хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлнэ", 6.2 "мэтгэлцэх зарчим хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд хэрэгжинэ"  гэж заасны дагуу мэтгэлцэх, хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд нэхэмжлэлийг үгүйсгэх няцаах үндэслэлээ нотлох зэрэг боломжийг хэргийн оролцогчид олгоогүй олгох боломжоор хангахгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлж хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гол зарчмуудыг зөрчиж гаргасан шүүхийн шийдвэр нь хууль ёсны үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна.

Б. Хэргийн оролцогчийг хэргийн материалтай танилцуулах боломжоор шүүх хангаагүй (Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3) танилцуулалгүй шүүх хуралдаан хийсэн тухайд:

2016 оны 06-р сарын 17-ны өдрөөс хойш нэхэмжлэгч Хаан банк ХХК талаас болон Хөгжлийн банкнаас ирүүлсэн бичгийн хэлбэрийн нотлох баримтууд хэрэгт цугларсан байдаг гэтэл уг нотлох баримтуудыг хэргийн оролцогчдод танилцуулахгүйгээр мөн танилцах боломжоор хангахгүй шүүх хуралдаан               хийж хэргийн оролцогч өмгөөлөгч Д.Отгонбат миний хэргийн материалтай танилцах тэдгээр материалд няцаалт өгөх, үгүйсгэх нотлох баримт бүрдүүлэх боломжоор хангаагүй (тухайлбал 2 хавтас хэргийн 117 талд авагдсан Хөгжлийн банк 2015 оны 01-р сарын 29-ний өдрийн 2/126 тоот албан бичиг нотлох баримтаар авч хэрэгт хавсаргасан байдаг гэтэл энэхүү бичгийн үгүйсгэсэн мөн шүүхийн шийдвэрт үнэлсэн хэсгийг хүчингүй болгосон. Хөгжлийн банкны 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 2/518 тоот албан бичиг хэрэгт нотлох баримтаар авагдаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий байх, эрх зүйн ач холбогдолгүй нотлох баримтыг үнэлж шийдсэн нь батлагдаж байна. Мөн хариуцагч дээрх нотлох баримттай танилцаагүй зэрэг нь хэргийн оролцогчийн эрхийг эдлүүлэх боломжийг шүүх олгоогүй ноцтой зөрчиж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан нь илт процессийн зөрчил гаргасан болно. Хэргийн материалд хэргийн оролцогчид хэргийн материал танилцуулсан баримт хэрэгт байхгүй байгаа нь энэхүү үйл баримт мөн нотлогдох юм.

Иймд хэргийг анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.

1.Хууль хэрэглээний хувьд:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой судлалгүй, хэрэгт ач холбогдолтой эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, илт нэг талд үйлчилж, хэргийн оролцогчийн эрхийг зөрчиж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээр шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий байх зарчим зөрчигдөж, хууль ёсны бус шийдвэр гарсан гэж үзэж байна. Үүнд:

1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл нь ..."Хаан банк" ХХК нь Хөгжлийн банктай байгуулсан дамжуулан зээлдүүлэх гэрээ, болон хамтран ажиллах санамж бичгийн 2.5-д заасан "Санамж бичгийн 2 дугаар зүйлд заасан ерөнхий нөхцөлөөс бусад нөхцөлийг арилжааны банк нь өөрийн зээлийн бодлого журмын дагуу тогтоох ба төсөлүүдийг судалж зээл олгох, зээлийн явцын хяналтыг хийх зэргээр эргэн төлөлтийн эрсдлийг Хөгжлийн банкны өмнө бүрэн хариуцна" 4.1.8-д Арилжааны банк төсөл хэрэгжүүлэгчид олгосон зээлийн эргэн төлөлтийн эрсдлийг Хөгжлийн банкны өмнө бүрэн хариуцна ... гэж заасныг тус тус үндэслэн "Эрэл" ХХК-ийн БҮК-1 888а төсөл хэрэгжүүлэхэд санхүүжүүлт болох "Хаан банк"-иар дамжуулан олгох 13.0 тэрбум төгрөгийг олгохын тулд "Хаан банк" ХХК-иас "Эрэл" ХХК-д "үлдэгдэлтэй дэд хөтөлбөрийн зээлээс бусад зээлүүдийг бүрэн төлж хаасан байх", Барьцаанд байгаа хоёр газрыг зарж борлуулах тохиолдолд зээлээс 2 тэрбум төгрөг төлүүлэх гэсэн шаардлага тавьсан нь санамж бичигт заасан эрхийн хүрээнд явагдсан үйл ажиллагаа гэж шүүх дүгнэсэн үндэслэлгүй байна.

Үндэслэл нь:

А. "Эрэл" ХХК нь БҮК-1 төслийг хэрэпжүүлхэд шаардлагтай санхүүгийн эх үүсвэрүүдийг шийдвэрлүүлэх зорилгоор Экспортыг дэмжих, импортыг орлох барилгын материалын үйлдвэрлэлийн төслүүдийн нээлттэй хэлэлцүүлэг 2-т уг төслөө танилцуулан дэмжлэг авсан билээ. Улмаар дэмжигдсэн Монгол 888 төслийн хүрээнд хэрэгжүүлэх БҮК-1 төслийн санхүүжилтэд шаардлагтай зээлийг Хөгжпийн банкны эх үүсвэрээс "Хаан банк"-иар дамжуулан авахаар "Хаан банк"-д хүсэлт тавьсан болно.

Үүний дагуу "Хаан банк" ХХК нь төв банкны зээлийн хорооны 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 833а дугаар шийдвэрээр 13 тэрбум төгрөг 60 сараар, жилийн 9 хувийн хүүтэйгээр, эхний 12 сар хүү төлөх нөхцөлтэй зээл олгохыг зөвшөөрч зээлийн гэрээ байгуулаж, зээл олгохын өмнөх шаардлагуудыг тавьсан юм.

•  Цементийн агуулахыг нэмж барьцаалуулах

•  Банкны зөвшөөрөлгүйгээр ногдол ашиг хураарилахгүй байх

•  БҮК-1 төслийн борлуулалтын орлогоос Хаан банкны зээлийг төлүүлэх

•  БҮК-1 төслийн үйл ажиллагаанд хяналт тавих гэсэн шаардлагуудыг нэмж тавьсанаар манай компанийн зүгээс дээрх шаардлагуудыг Эрэл ХХК хүлээн зөвшөөрч гэрээний эрх зүйн харилцаа үүссэн гэтэл Хаан банк Хөгжлийн банкнаас дээрх 833а дугаар Хаан банкны зээлийн хорооны шийдвэрийг үндэслэж 13.0 тэрбум төгрөгийн зээлийг Хаан банкаар дамжуулан зээлдүүлэхээр шийдвэрлэж зээлийн гэрээ байгуулж ирэхийг 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 2/126 тоот албан бичгээр мэдэгдсэн. Гэтэл Хаан банк ямар ч шалгуур үзүүлэлтгүйгээр зээлийн хорооны шийдвэртээ

•  Эрэл ХХК -ийн 5,0 тэрбум төгрөгийн зээл

•  Эрэл ХХК-ийн 12,0 тэрбум төгрөгийн хугацаа дуусах болоогүй буюу 1 жил  9 сарын хугацааны өмнө гэрээний үлдэгдэл зээлийг хаахыг шаардсан мөн  ашигтай  анхнаасаа банк өөрийн хувийн сонирхол бүхий 2 газар эзэмших эрхийг удаа дараа биднээс худалдаж авахаар санал болгосон газруудыг банк зарж борлуулах эрхийг шаардсан хууль бус шаардлага бүхий нэмэлт нөхцөл тавьсан байдаг нь ... зээлдэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхолыг зөрчсөн гэж үзэн Монгол банкинд гомдол гаргасан юм.

Монгол банк гомдлын дагуу асуудлыг хянаад Хаан банкны зүгээс эргэн төлөгдөх хугацаа нь дуусаагүй зээлийг бүрэн төлүүлэх шаардлага тавьж байгаа нь харилцагчийн эрх ашигийг зөрчсөн, холбогдох хууль тогтоомжид нийцээгүй алхам гэж дүгнэсэн билээ.

Гуравдагч этгээдийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүх хэргийг шийдвэрлэхээс өмнө 7 хоногийн өмнө ирүүлсэн Хөгжлийн банкны 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 6/537 тоот албан бичгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон, гэтэл дээрх албан бичгээр энэхүү хэрэгт хамааралгүй 2016 оны 07 сараас эхлэн төлбөр төлөх хувиартай өнөөдрийн байдлаар 358.910.82 ам долларын өртэй байгаа нь Хаан банк Зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах нэмэлт шаардлага тавих үндэслэлтэй гэж дүгнэсэн нь шүүх нотлох баримтыг хэрэгт хамааралтай орон зай цаг хугацааны хувьд буруу дүгнэсэн.

Өөрөөр хэлбэл 2015 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн ШӨХТГ-ийн Улсын байцаагчийн дүгнэлт, шаардлага, гарахад дээр дурдсан Хөгжлийн банкинд Эрэл ХХК ямар нэгэн зээлийн хугацаа хэтэрсэн өр байгаагүй, цаг хугацааны хувьд энэхүү маргаан бүхий актын үндэслэлд ерөөсөө хамаарахгүй үйл баримтад шүүх үнэлэлт өгч, маргаан бүхий акт гаргах үед болоогүй хууль зүйн үйл явдалыг хожим хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болсон үйл явдалтай адилтган дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй, үндэслэлгүйгээр дүгнэсэн байдаг.

Дээрх үйл баримтын талаар маргаан бүхий акт гаргах үед болон Хаан банк нэмэлт шалгуур үндэслэлгүйгээр тавих үед Хөгжлийн банкинд ямар нэгэн хугацаа хэтэрсэн зээлийн өр байгаагүйг нотлох баримт гаргаж өгөх эрхийг хязгаарлаад зогсохгүй энэ талаар үндэслэл бүхий няцаалт өгөх боломжоор шүүх хангаагүй юм.

Үүнээс гадна хавтас хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд "Хаан банк"-иас "Эрэл" ХХК-д тавьсан шаардлагууд нь Өрсөлдөөний тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн хууль бус шаардлага гэдэг нь илт тогтоогдох юм.

Тухайлбал: "Хаан банк" ХХК-иас тавьсан дээрх шаардлагуудыг биелүүлээгүй тохиолдолд "Эрэл" ХХК-д зээл олгохгүй байхаар шийдвэрлэсэн зэрэг нь Өрсөлдөөний тухай хуулийн 7.1.3-т аж ахуй эрхлэгчээс борлуулалтын нэмэлт нөхцлийг шаардах, ... үндэслэлгүйгээр борлуулалт хийхээс татгалзах, 7.1.5-т эдийн засгийн болон техникийн бодит үндэслэлгүйгээр аж ахуйн бусад харилцаа тогтоохоос татгалзах, үндэслэлгүйгээр шалгуур үзүүлэлт тогтоох... 7.1.9-т аж ахуй эрхлэгчээс санхүүгийн хэрэгсэл, эд хөрөнгө, тэдгээрийн эрх... зэргийг өөртөө шилжүүлэхийг үндэслэлгүйгээр шаардах, 7.1.11-т тодорхой төрлийн бараа бүтээгдэхүүний талаар хийж байгаа гэрээ, хэлэлцээрт гэрээний зүйлд хамаарахгүй нөхцлийг гэрээнд тусгахыг тулган шаардах,...12.1.10-т хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх гэх заалтуудыг зөрчсөн байдаг.

Гэтэл шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт "Хаан банк" ХХК нь дээрх Өрсөлдөөний тухай хуулиар хориглосон заалтуудыг зөрчөөгүй гэж дурьдсан боловч шүүх шийдвэр, магадлалын үндэслэл, нотолгоог тайлбарлаагүй байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий байх зарчмыг зөрчиж байна.

Мөн улсын байцаагчид олгогдоогүй эрх хэмжээг хэрэгжүүлсэн гэж шүүх дүгнэсэн тул гомдол гаргагчийн зүгээс дээрх шүүхийн шийдвэр гарахад үндэслэл болсон улсын байцаагчийн эрх хэмжээний талаарх асуудал дээр тогтоож ярих нь зүйтэй байх. Үүнд:

А. ШӨХТГ хувийн эрх зүйн харилцаанд хөндлөнгөөс оролцох эсэх,

Өрсөлдөөний тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-т Өрсөлдөөний тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, энэ хууль болон эдгээр хуульд нийцүүлэн гаргасан хууль тогтоомж, эрх зүйн актаас бүрдэнэ гэсэн нь өрсөлдөөний эрх зүй нь хувийн эрх зүйн тулгуур иргэний эрх зүйг зүй ёсоор хэрэглэх, түүний хэрэгжилтэд мөн зах зээл дэх эдийн болон эдийн бус баялагтай холбоотой эрх зүйн харилцаанд оролцогчийн тэгш эрхийг хангах үүргийг ШӨХТГ хүлээсэн зохицуулалт бөгөөд "Хаан банк" ХХК болон "Эрэл" ХХК-ийн хооронд үүссэн харилцаанд оролцох эрхгүй гэж дүгнэсэн шүүхийн шийдвэрийн үндэслэл бүхэлдээ няцаагдаад зогсохгүй энэ талаарх нарийвчлан зохицуулагдсан Өрсөлдөөний тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.3-т Өрсөлдөөний тухай хуулийг Иргэний хуулийн 3.3-т заасны дагуу өрсөлдөөний харилцааг илүү нарийвчлан зохицуулсан хууль гэж үзнэ.

Түүнчлэн ШӨХТГ-т хяналт шалгалт хийх, дүгнэлт, акт үйлдэх, хохирол тогтоож, торгох эрхтэй эсэхийн тухайд:

Өрсөлдөөний тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3.1-т Өрсөлдөөний тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, захиргааны шийтгэл ногдуулах, эрхтэй энэхүү эрхээ хэрэгжүүлэн ажилласан хуулиар олгосон эрх хэмжээгээ хэтрүүлэн хэрэглэсэн зүйлгүй, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т Улсын байцаагч хохирлын хэмжээг харгалзан дараах захиргааны шийтгэл ногдуулна гэсний дагуу... Хаан банк ХХК-ийн хууль бус үйл ажиллагаа өрсөлдөөнийг хязгаарлан, үүнээс учирсан хохирол тогтоож байж шийтгэл ногдуулах эрхийг зохицуулсан нь хохирлын хэмжээг урьдчилан тогтоох эрх бүхий байгууллага мөн гэдэг нь тогтоогдож байхад шүүх дээрх хэрэглэх ёстой хэм хэмжээг хэрэглээгүй, түүнчлэн гуравдагч этгээдийн зүгээс гаргасан тайлбарыг шийдвэрт дурдсан ч хууль зүйн дүгнэлт хийгээгүй санаатай нэг талд шууд үйлчилж хэргийг шийдвэрлэсэн байна.

Иймд нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 485 дугаар шийдвэр, нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 578 дугаар магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож анхан шатны шүүхэд хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих Өрсөлдөөний тухай хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэж, маргааны үйл баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийн, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байна.

            Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Ж.Очирхуяг, К.Жархынбек нар “... “Хаан банк” ХХК-ийн “Эрэл” ХХК-нд зээл олгохтой холбогдсон үйл ажиллагаа нь Өрсөлдөөний тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид нийцэж байгаа эсэх”-д хяналт шалгалт хийж, улсын байцаагчийн 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 6/16 дугаар дүгнэлтээр “... өөрийн гаргасан шийдвэрийг зөрчин ... /нэмж/ шаардлага тавьсан, ... уг шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд зээл олгохгүй байхаар шийдвэрлэсэн ... нь Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 ..., 7.1.5 ..., 7.1.9 ..., 7.1.11 ... -г зөрчсөн...”, “... үүргээ үл биелүүлэн, холбогдох зээлүүдийн эргэн төлөх хугацааг сунгаагүй .. нь Өрсөлдөөний тухай хуулийн ... 7.1.3 ..., 7.1.5...-г зөрчсөн”, “... зээлийн гэрээг ... өнөөдрийг хүртэл байгуулаагүй буюу зээлийг олгоогүй...-н улмаас ... уг компанид 1,797,297,328.00 төгрөгийн хохирол, гэм хор учруулсан...”, “... /хөрөнгийг/ барьцаанаас чөлөөлөхөд уг барьцааны зүйлүүдэд хамаарахгүй гэрээний үүргийг биелүүлсэн байх нөхцлийг тулгасан... нь Өрсөлдөөний тухай хуулийн ... 7.1.3 ..., 7.1.5..., 7.1.9 ..., 7.1.11..., 12 дугаар зүйлийн 12.1.10...-г зөрчсөн”, “... газрыг барьцаанаас чөлөөлөөгүй буюу уг газар дээр баригдаж буй барилгуудад хөрөнгө оруулалт хийх, барьж ашиглалтад оруулах, улмаар эдийн засгийн эргэлтэд оруулах боломжийг хязгаарласнаар уг компанид 2015 оны 03 дугаар сарын байдлаар 5,421,240,000.00 төгрөгийн хохирол, гэм хор учирсан...” гэх зөрчлүүд тогтоон, “... дурдсан зөрчлийг арилгахыг ... үүрэг болгох”, “... Өрсөлдөөний тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2-т заасны дагуу захиргааны шийтгэл ногдуулах”-аар дүгнэлт гаргасан, мөн өдрийн улсын байцаагчийн 6/42 дугаар албан шаардлагаар “... 13 тэрбум төгрөгийн санхүүжилтийг өөрийн банкаар дамжуулан /“Эрэл” ХХК-нд/ зээлдүүлэх ... барьцаа, баталгааны гэрээг ... байгуулах”, “... зээлүүдийн эргэн төлөгдөх хугацааг 24 сараар сунгах”, “... барьцаанаас чөлөөлөхөд ... холбогдолгүй гэрээний үүргийг биелүүлсэн байх нөхцөл, болзлыг шаардахгүй байх”, “... 023250, 0348975 дугаар эзэмших эрхийн гэрчилгээтэй газруудыг барьцаанаас чөлөөлж, ... баригдаж буй барилгуудад хөрөнгө оруулалт хийх, ... ашиглалтанд оруулах, ашиг орлого олох боломжийг хууль бусаар хязгаарлахгүй байх” –ыг шаарджээ.

            Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаас үзвэл, гуравдагч этгээд “Эрэл” ХХК-ийн Хөгжлийн банкны эх үүсвэрээс гаргах 13 тэрбум төгрөгийн зээлийн санхүүжилтийг Хаан банкаар дамжуулан авахаар нэхэмжлэгч, гуравдагч этгээд нар тохиролцсон, Хаан банкнаас “Эрэл” ХХК-нд зээлийн хэд хэдэн ерөнхий болон “нэмэлт” нөхцлүүдийг тавьсан, гуравдагч этгээд “Эрэл” ХХК-иас ШӨХТГ-т хандан “.../Хаан банк нь / дур зоргоороо авирлаж, ... зээл олгох нөхцөл шаардлагадаа хууль зүйн үндэслэлгүй, уг зээлд хамаарахгүй шаардлага тавьсан, ... анх тавьсан болзол шаардлагаа зөрчиж, ... хясан боогдуулсан нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн”, “... барьцаа хөрөнгийг чөлөөлөхгүй ... хөдөлгөхгүй гацааснаас ... маш их алдагдал хүлээсэн” гэх зэрэг үндэслэлээр гомдол гаргаж, “.../Хаан банкинд/ 13 тэрбум төгрөгийн зээлийг ... шууд олгохыг даалгах, ... барьцаалсан газруудыг ... барьцаанаас чөлөөлүүлэхийг даалгах, ... зээлүүдийг 24 сараар сунгасан шийдвэрийг хэрэгжүүлэхийг даалгах” хүсэлт тавьсан байна.

Нэхэмжлэгч “Хаан банк” ХХК-иас гуравдагч этгээд “Эрэл” ХХК-нд зээл олгохтой холбоотой харилцаанд аль нэг тал нь “тохиролцоо зөрчсөн” эсэх,  үүний улмаас хэдэн төгрөгийн алдагдал хүлээсэн эсэх асуудлаар дүгнэлт гаргах, ийм үйл баримтыг тогтоох эрхийг ШӨХТГ-ын улсын байцаагч нарт олгосон гэж үзэхгүй, анхан болон давж заалдах шатны шүүх уг асуудлаар зөв дүгнэлт хийжээ.

          Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын хооронд үүссэн харилцаа нь тэгш эрхэд суурилсан “эрх зүйн этгээдийн хооронд үүсэх эдийн болон эдийн бус баялагтай холбоотой харилцаа” бөгөөд үүнийг Иргэний хуулиар зохицуулахаар Иргэний хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д заасан, нийтийн эрх зүйн харилцаа үүсээгүй байх тул “... аж ахуй эрхлэгчийн зах зээлд шударгаар өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх, зах зээлд ноёлох болон өрсөлдөөнд харш аливаа үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэх, хориглон хязгаарлах...”-тай холбогдсон харилцааг зохицуулах Өрсөлдөөний тухай хуулиар уг асуудлыг шийдвэрлэхгүй, ШӨХТГ-ын улсын байцаагчид “зээлдэгч, зээлдүүлэгчийн эрх, үүрэг”-ийг тодорхойлох эрх олгогдоогүй гэж үзнэ. 

Түүнчлэн, Өрсөлдөөний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т “өрсөлдөгч гэж тухайн төрлийн бараа бүтээгдэхүүний зах зээлд нийлүүлэлт, борлуулалт хийж байгаа аж ахуй эрхлэгчийг” ойлгохоор зааснаас үзвэл, “мөнгөн хадгаламж, гадаад валют худалдах, худалдан авах, зээл, гадаад дотоод төлбөр тооцоо”-ны үндсэн үйл ажиллагаа эрхэлдэг “Хаан банк” ХХК болон “барилга угсралт, барилгын материалын үйлдвэрлэл”-ийн үндсэн үйл ажиллагаа эрхэлдэг “Эрэл” ХХК нь зах зээлд “өрсөлдөгч” биш байх тул “Хаан банк” ХХК нь “Эрэл” ХХК-нд зээл олгох үйл ажиллагааны явцдаа “өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн үйл ажиллагаа явуулсан” гэх үндэслэлгүй, энэ талаар мөн шүүхүүд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн гэж үзэхээр байна.

Иймд, гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн “...  “Хаан банк” ХХК-иас тавьсан дээрх шаардлагуудыг биелүүлээгүй тохиолдолд "Эрэл" ХХК-д зээл олгохгүй байхаар шийдвэрлэсэн ... нь Өрсөлдөөний тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн” “...өрсөлдөөний эрх зүй нь хувийн эрх зүйн тулгуур иргэний эрх зүйг зүй ёсоор хэрэглэх, түүний хэрэгжилтэд мөн зах зээл дэх эдийн болон эдийн бус баялагтай холбоотой эрх зүйн харилцаанд оролцогчийн тэгш эрхийг хангах үүргийг ШӨХТГ хүлээсэн” гэх хяналтын журмаар гаргасан гомдлыг хүлээж авах боломжгүй, түүнчлэн, хариуцагч улсын байцаагч нар хуулиар өөрт олгогдоогүй эрхийг хэрэгжүүлж, Өрсөлдөөний тухай хуулиар зохицуулагдаагүй асуудлаар улсын байцаагчийн дүгнэлт, албан шаардлага гаргасан нь дээрх байдлаар тогтоогдож байх тул “шаардлага биелүүлээгүй” гэх үндэслэлээр нэхэмжлэгчид захиргааны шийтгэл ногдуулсан маргаан бүхий шийтгэвэрүүдийг шүүхээс “илт хууль бус акт” болохыг тогтоосон зөв гэж үзлээ.  

Үүний зэрэгцээ “Хаан банк” ХХК нь Шудрага бус өрсөлдөөнийг хянан зохицуулах зөвлөлийн 2007 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор зөвхөн орон нутагт давамгай байдалтай аж ахуй нэгжийн жагсаалтад орсон бөгөөд Монгол улсын хэмжээнд болон Улаанбаатар хотод давамгай байдалтай аж ахуйн нэгжээр тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн “... /анхан шатны шүүх нь/ шүүх хурадааны тов мэдэгдээгүй, ... тэгш эрхийн зарчим хангаагүй, ... мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлээгүй” гэх гомдлын тухайд давж заалдах шатны шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай (2002) хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэж, гомдолд хариу өгсөн дүгнэлтүүд зөв байх тул энэ үндэслэлээр хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлгүй.  

Эдгээр үндэслэлээр, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 6/16 дугаар дүгнэлт,  6/42 албан шаардлага, 2015 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 0000309, 0000310 дугаар дугаар шийтгэврийг тус тус илт хууль бус акт болохыг тогтоож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр, магадлал үндэслэлтэй, анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-т нийцсэн байх тул магадлалыг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 221/МА2016/0578 дугаар магадлалыг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан гуравдагч этгээдээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                 М.БАТСУУРЬ

 

ШҮҮГЧ                                                                          Д.МӨНХТУЯА