Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 001/ХТ2019/00168

 

Н.Л, Д.Энарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2018/01596 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 1910 дугаар магадлалтай,

Н.Л, Д.Энарын нэхэмжлэлтэй

Ч.Б, “Ч” ХХК-д тус тус холбогдох

2010 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн “Э Г Э”ХХК-ийн хувьцааг бэлэглэх, эрх шилжүүлэх гэрээнээс татгалзаж, компанийн 50 хувийн хувьцааг буцаан гаргуулах, Н.Лгээс хөрөнгө оруулалтаар шилжүүлсэн 893 200 ам.доллар буюу 1 816 933 520 төгрөг, Д.Энхжаргалаас хөрөнгө оруулалтаар шилжүүлсэн 621 000 ам.доллар, 77 800 евро буюу 1 429 370 140 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Зохигчдын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.Л, Д.Энхжаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Энхчимэг, Л.Сарангуа, хариуцагчийн өмгөөлөгч Г.Бямбажаргал, Л.Энхбаясгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэгч Н.Л, Д.Энар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Н.Л миний бие 2009 оны 12 дугаар сарын 01-ний өдөр “Э Г Э”ХХК-ийг шилжүүлэн авсан. Ингээд 2010 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл уг компанийн хөрөнгө оруулалт болон үйл ажиллагааг дангаараа хэрэгжүүлэн ажиллаж байсан бөгөөд 2010 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Ч.Б уг компанийн гишүүнээр элсэн орж,компанийн гишүүдтэй харилцан ашигтай хамтран ажиллах хүсэлт гаргасныг хүлээн авсан. Ингээд “Э Г Э”ХХК нь 2010 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс хоёр гишүүнтэйгээр, Ч.Б тус компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж эхэлсэн. “Э Г Э”ХХК-ийн 50%-ийн хувьцааг шилжүүлэх гэрээг байгуулах болсон үндсэн шалтгаан нь Ч.Б бол миний нөхөр Д.Энхжаргалтай олон жил найзалж нөхөрлөсөн, бидний хооронд хамтран ажиллах бүрэн боломж байсан. Үүний дагуу миний бие “Э Г Э”ХХК-ийн гишүүнээр элсүүлж, “Э Г Э”ХХК-д хөрөнгө оруулалт хийж, түүнээс олох ашгийг хуваах зорилгоор элсэн орох Ч.Бгийн хүсэлтийг хүлээн авч, “Э Г Э”ХХК-ийн 50%-ийн хувьцааг бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн. 2007 оноос 2010 он хүртэл уг компанийн гишүүнээр элсэн орсны дараа Ч.Бд би одоогийн Финанс төвийн барилгыг барихад 893 200 ам.долларыг түүний хүсэлтээр хөрөнгө оруулсан. Финанс төвийн барилга 2012 онд ашиглалтад орсон боловч амласан хөрөнгө оруулалтыг “Э Г Э”ХХК-д оруулаагүй. 2012 онд “Э Г Э”ХХК-ийн гишүүдийн хурал болсон. Энэ хурлаар Ч.Б өөрийгөө хөрөнгө оруулаагүйд уучлалт гуйж, “Э Г Э”ХХК-ийн захирлаар ажиллахаас өөрийн хүсэлтээр татгалзсан. Ингээд 2012 оны 9 дүгээр сараас эхлээд “Э Г Э”ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Д.Эажиллаж эхэлсэн. Ч.Б амласан хөрөнгө оруулалтаа хийгээгүй тул миний зүгээс Финанс төвийн барилгад оруулсан хөрөнгө оруулалтаа шаардсан. Мөн компанийн өдөр тутмын үйл ажиллагаанд идэвхтэй оролцохыг удаа дараа шаардсан боловч Ч.Б Финанс төвийн барилгыг улсын комисс хүлээж авахгүй байна, улсын комисс хүлээж авсны дараа түрээслэгч олдохгүй байна гэх зэргээр миний оруулсан хөрөнгө оруулалтыг өгөхгүй байсан ба сүүлдээ надад олдохоо байсан. Нэхэмжлэгч нарын нэхэмжилсэн мөнгөн дүнгийн хувьд хариуцагч хүлээж авсандаа маргадаггүй. Нэгэнт амаар тохиролцсон тохиролцоогоо биелүүлээгүй учраас хөрөнгө оруулсан мөнгөө гаргуулж авья гэсэн үндсэн шаардлагыг гаргасан. Нэхэмжлэгч нарын дээрх шаардлага Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 476 дугаар зүйлийн 476.2, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэх үндэстэй. Нэхэмжлэгч нар хариуцагчид шилжүүлсэн мөнгийг тухайн үед ам.доллар, еврогоор шилжүүлсэн тул Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэл гаргах үеийн төгрөгийн ханшид хөрвүүлэн хариуцагч нараас гаргуулах үндэслэлтэй гэж үзэж байна. Аномагийн барилга дээр бол хавтаст хэргийн 3 дугаар хавтасны 220 дугаар хуудсанд байх 220 000 ам.долларыг хариуцагч Ч.Б Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанд оролцохдоо энэ мөнгийг авсан, барилга бариад өгсөн гэдэгтээ маргаагүй. Иргэн Д.Энхжаргалын барилгыг барьсан гэж тайлбарлаж байгаа боловч тооцоо нийлсэн акт үйлдэхэд барьсан байсан болох нь харагдлаа. Н.Чойжилсүрэнгийн 15 айлын барилгын тухайд бол нэхэмжлэлийн шаардлага болон хариуцагчийн татгалзал дээр тодорхой бичсэн. Газрын төлбөрт 4 айлын орон сууцыг авсан. Бусад байрыг н.Чойжилсүрэн өөрөө худалдан борлуулсан нь бидний хоорондох тооцоонд хамааралгүй гэж тодорхой бичсэн. Бүртгэлийн байгууллагын лавлагаагаар ч гэсэн дээрх баримт хангалттай тогтоогддог. Хариуцагч шүүх хуралдаан бүрт өөр, өөр тайлбар гаргаж, Улсын дээд шүүхийн шүүгч нарыг эргэлзээнд оруулж байсан учраас дахин анхан шатны шүүхэд буцаасан. Нэхэмжлэгч нараас мөнгө авсан дээрээ хариуцагч нар маргадаггүй. Зөвхөн энэ мөнгийг Финанс төвийн барилгад зарцуулсан гэж тайлбарладаг. Уг Финанс төвийн барилгыг хувь хүнээс авсан зээлээр барьсан гэдэг нь татварын байцаагчийн ярилцлага хийсэн тэмдэглэл, улсын комисст өгсөн албан бичиг, мэдүүлэг зэрэгт тодорхой дурдагдаж байгаа. Гэтэл хариуцагч Улсын дээд шүүхийн шүүх хуралдаанд хэлэхдээ би түлхүүр хүлээлгэн өгөх нөхцөлөөр зээл авсан гэж худал мэдүүлж байсан боловч өнөөдрийг хүртэл энэ худал тайлбараа нотолсон баримтаа гаргаж ирээгүй нь энэ тайлбар худал байсныг нотолж байна. Финанс төвийн барилгад хөрөнгө оруулж хамтран ажиллах хэлцлээс үүдсэн хамтын ажиллагааны үргэлжилсэн үр дагавар бол хувьцаа шилжүүлсэн бэлэглэлийн гэрээ юм. Уг барилыг бариад, худалдан борлуулсан орлогоор санхүүжилт хөрөнгө оруулалт хийх, хамтран ажиллах нөхцөлтэй байсан талаар баримтууд байгаа. Энэ нь “Э Г Э”ХХК-ийн хурлын тэмдэглэл, хариуцагчийн бичсэн өргөдөл, үйл явдлын өрнөлөөс харагддаг. Гэтэл Компанийн тухай хуульд компанийн хувьцаа эзэмшигч нар хөрөнгө оруулах, түүний үндэслэл, санал болгох ногдол ашиг, компанид оруулах хураамж гэсэн нөхцөл шаардлагыг тодорхойлсон хувь нийлүүлэгч хувьцаа эзэмшигч нарын шаардлагыг биелүүлээгүй, хөрөнгө оруулалт хийхээс татгалзаж, Финанс төвийн барилгын хөрөнгө оруулалтыг буцааж өгөхгүй үндэслэлгүйгээр хөрөнгөжиж, зальдах гэсэн нь тодорхой байгаа тул дахин хамтран ажиллах боломжгүй байгаа нь 2012 оноос хойш болсон үйл явдлаас харагдаж байгаа тул бэлэглэлийн гэрээнээс татгалзах үндэслэл болж байна. Иймд Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1, 205 дугаар зүйлийн 205.1, 205.4 дэх хэсэгт зааснаар бэлэглэлийн гэрээнээс татгалзаж эрх шилжүүлэх гэрээгээр шилжүүлсэн “Э Г Э”ХХК-ийн хувьцааг хариуцагчаас буцаан гаргуулж, Н.Лгээс хөрөнгө оруулалтаар шилжүүлсэн 893 200 ам.доллар буюу 1 816 933 520 төгрөг, Д.Энхжаргалаас хөрөнгө оруулалтаар шилжүүлсэн 621 000 ам.доллар, 77 800 евро буюу 1 429 370 140 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ч.Бгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Нямцоож шүүхэд гаргасан тайлбартаа: Ц.Ч.Б нь Д.Энхжаргалтай 1989 оноос хамтран ажиллаж эхэлсэн. Д.Энь Ц.Ч.Бгийн туслахаар ажиллаж байгаад 2000 оноос Монгол улсад суурьших болсон. Д.Энь архины бизнест хөрөнгө оруулахыг Ч.Бд санал болгож Өргөө-Од ХХК-ний 50 хувийн хувьцааг Ч.Б, Трансын консулт ХХК-ийн хувьцааг Д.Ээзэмшдэг, Финанс төвийн байрыг ОЭТ ХХК, Д.Энхжаргалын архины бизнес ашиггүй болоход Ц.Ч.Б түүнийг Хархираа хөгжил ХХК руу архины тусгай зөвшөөрөлтэй, объектын хамтаар 2006 онд шилжүүлэх зэргээр бизнест хамтран ажиллаж байсан юм. Тухайн үед Ц.Ч.Бд хувийн компани байгаагүй боловч нийслэлээс хувиараа газар авч хөрөнгө оруулалт хайсан. Ингээд хөрөнгө оруулалт олж Нийслэлийн Хангарьд ордны ард Финанс төвийн барилгыг эхлүүлэх гэсэн боловч өөрийн гэсэн компанигүй байсан учраас Д.Энхжаргалын гүйцэтгэх захирлаар ажилладаг компанийн балансад бүртгүүлж барилгын ажил эхлүүлсэн. Ц.Ч.Б нь тухайн компанийн нэр дээр барилгаа барьж байсан. Гэвч ОЭТ ХХК-ийг Увс хүнс ХХК-д зарах болж Д.Энь хөрөнгөө авахыг Ц.Ч.Бд хэлсэн, тэгээд барилгаа авсан. Тухайн үед дутуу баригдсан 3 давхар карказыг 630 000 000 төгрөгөөр балансаас балансад шилжүүлж авсан. Нэхэмжлэгч нар хуурамч бичиг баримт үйлдсэн нь тогтоогдсон гэдэг боловч шинжээчийн дүгнэлтээр Ч.Бгийн гарын үсэг биш гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан. ...Нэхэмжлэлээс харахад Н.Л нь 2007 оны 09-р сарын 11-ний өдрөөс хойших хугацааны төлбөр, Д.Энь 2007 оны 05-р сараас өмнөх хугацааны төлбөр нэхэмжилжээ. 2007 оноос өмнөх хугацааны төлбөр нэхэмжилж байгаа боловч хөөн хэлэлцэх хугацааг хуулиар зохицуулсан. Н.Л нь нэхэмжлэл гаргахдаа оффисын барилгын хөрөнгө оруулалт гэж хийсэн гэдэг боловч гүйлгээний утга дээр өөр байдлаар тайлбар бичсэн. Ч.Б нь Н.Л, Д.Энарын захиалгаар Хан-Уул дүүргийн Анома 5б байрыг 319 636 772 төгрөгийн төсөвтэй, 2009 онд Ц.Ч.Бгийн аав Чойжилсүрэнгийн захиалгаар 15 айлын 8 машины гаражтай 790 888 213 төгрөгийн төвөстэйгээр барьж Д.Энхжаргалд хүлээлгэж өгсөн. 6-р бичил хороололд үйлчилгээний төв, гаражийн хамтаар 2008 онд барьж гүйцэтгэсэн. Тус барилгын барихдаа 200 213 613 төгрөгийн төсөв гарсан. Ингээд тус барилгуудыг барих төсвийн үнэ 1 310 738 595 төгрөг болж байгаа юм. Ц.Ч.Бгаас Д.Энхжаргалд 500 000 ам.долларыг шилжүүлсэн юм. Финанс төвийн барилгын ажил нь 2004 оны 05 дугаар сарын 30-ны өдөр барилгын ажил эхэлж, 2010 онд улсын комисст бүрэн хүлээлгэж өгсөн. Н.Л, Д.Энараас барилга барихад ямар ч хөрөнгө оруулалт аваагүй зөвхөн өөрсдийнх нь хүсэлтийн дагуу барилга барьж өгөхөд зарцуулсан хөрөнгө юм. “Э Г Э”ХХК-ийн хувьцааг 2010 оны 02 дугаар сард шилжүүлсэн ба Улсын бүртгэлд бүртгэгдсэн, энэ нь хуулийн дагуу хийгдсэн. Талуудын хооронд Иргэний хуулийн 276 дугаар зүйлд заасан бэлэглэлийн гэрээ байгуулагдсан бөгөөд хуулинд зааснаар бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох 3 үндэслэл байдаг. Гэтэл нэхэмжлэгч талын тайлбараас Ч.Б гэдэг хүн яг ямар хуулийн заалт буюу ямар гэрээний зүйл заалтыг зөрчсөн гэдэг нь тодорхой харагдахгүй байна. Бэлэглэлийн гэрээ гэж нэхэмжлэл гаргасан хэрнээ Иргэний хуулийн 205 дугаар зүйлд заасан гэрээнээс татгалзах хуулийн үндэслэл болгон яриад байгаа нь ойлгомжгүй байна. Бэлэглэлийн гэрээ нь нэг талын гэрээ байдаг ба гэрээнээс татгалзах ойлголтод хамаардаггүй. 2001-2007 оны хоорондын болсон үйл явдал. Гэтэл өнөөдөр 2017 оны  асуудал яригдаж байна, хуулиар гэрээний хөөн хэлэлцэх хугацаа 3 жил гэж заасан байгаа. Мөн Ч.Б нь эдгээр хүмүүсийн шилжүүлсэн мөнгөөр нийт 3 барилгыг барьж хүлээлгэж өгсөн бөгөөд энэ нь Иргэний хуулийн  236 дугаар зүйлд үүрэг дуусгавар болох талаарх ойлголтод хамаарахаар байгаа бөгөөд анхан шатны шүүх хуралдааны үеэр гэрчП.Аюур энэ талаар тайлбар гаргаж, гарсан төсвүүдийн холбогдох тооцоог хэрэгт өгсөн байгаа. Иймд Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.2-т үүрэг гүйцэтгүүлэгч нь гүйцэтгэвэл зохих үүргийн гүйцэтгэлийн оронд өөр үүргийн гүйцэтгэлийг хүлээн авсан гэж зааснаар үүрэг дуусгавар болсон гэж үзэхээр байна. Иймд нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байгаа тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч ”Ч” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Ч.Б нь 2006 оны 06 дугаар сарын 20-ны өдөр үүсгэн байгуулсан “Э Г Э”ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч юм. 2010 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Н.Лтэй байгуулсан “Э Г Э”ХХК-ийн хувьцаа бэлэглэх, компанийн эрх шилжүүлэх гэрээгээр 50 хувийн хувьцааг хууль ёсоор шилжүүлэн авч хувьцаа эзэмшигч болсон. Ч.Б 2010 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс 2012 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл “Э Г Э”ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Гэвч гүйцэтгэх захирлын үүрэгт ажлыг өгсний дараагаас нэхэмжлэгч нар шүүхэд 4 удаа нэхэмжлэл гаргаж, удаа дараа цагдаагийн байгууллагад хандан шалгуулж байсан учраас компанийн өдөр тутмын үйл ажиллагаанд оролцох боломжгүй болсон. ”Э Г Э”ХХК нь Хан-Уул дүүрэг, Зайсанд 4.25 га газар эзэмших эрхтэй ба тухайн газарт барилгын ажил эхлүүлсэн байдаг. Н.Л, Д.Энараас хөрөнгө оруулалт авснаа зөвшөөрч байгаа бөгөөд харин “Ч” ХХК нь энэ мөнгөний асуудалтай ямарч хамааралгүй, миний өөрийн үүсгэн байгуулсан компани юм. Иймд “Ч” ХХК-аас мөнгө гаргуулна гэж байгаа нь үндэслэлгүй гэжээ.

  Хариуцагч Ч.Бгийн өмгөөлөгч Л.Энхбаясгалан шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч Иргэний хуулийн 205 дугаар зүйлд зааснаар гэрээнээс татгалзсан. Гэтэл Иргэний хуулийн 219 дүгээр зүйл, 227 дугаар зүйлд зааснаар гэрээнээс татгалзаж байгаа бол гэрээнээс татгалзсан тухайгаа гэрээнийхээ нэг талд мэдэгдэх ёстой байтал мэдэгдээгүй, энэ талаар баримт хавтаст хэрэгт байхгүй. Мөн энэ гэрээ нь бол 2010 оны 02 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1 дэх хэсэгт заасан бэлэглэлийн гэрээ. Энэ гэрээ бэлэглэлийн гэрээ болох нь Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 117 дугаар тогтоолоор нотлогдоно. Хэрэв Иргэний хуулийн 476 дугаар зүйлд заасан хамтран ажиллах гэрээ гэж үзэж байгаа бол ашиг алдагдал хуваан авах талаар, 476.3.1 дэх хэсгээс 476.3.8 дахь хэсэгт заасан заалт уг гэрээнд огт тусгагдаагүй байдаг. Бэлэглэлийн гэрээгээр 50%-ийн хувьцааг хүлээн авсан учраас Ч.Б “Э Г Э”ХХК-д элсэн орох хүсэлт гаргаж, Н.Лтэй хамтран ажиллах нөхцөл байдал үүссэн. 2007 оноос 2010 онд хөрөнгө оруулалтаар шилжүүлсэн 893 200 ам.долларыннэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Яагаад гэхээр энэ мөнгөний оронд 3 барилга Ч.Б барьж өгсөн. Баянгол дүүрэг дэх Б.Энхжаргалын үйлчилгээний барилгын өргөтгөл, Анома хотхоны орон сууцны барилга, Тахидагхайрхан ХХК-ийн орон сууцны барилга гэсэн барилгуудыг барьж өгсөн нь гэрч н.Аюурын мэдүүлэг, 3 барилгын төсвөөр нотлогдож байгаа. Д.Энхжаргалаас Ч.Бд шилжүүлсэн 2001 оноос 2006 оны төлбөрийн баримтын хувьд бол тухайн үед гадаадад байсан тул тэр баримтуудыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. 2012 онд Ч.Бг гүйцэтгэх захирлаас чөлөөлсөн хурал болсон. Энэ хурлын тэмдэглэлд Ч.Б бэлэглэгчийг гомдоосон юм гэсэн үндэслэл байдаггүй, мөн Ч.Бг 50%-ийн хувьцаагаа буцааж авъя гэсэн гэрээний татгалзлын талаар ямар нэг зүйл мэдэгдээгүй. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасан үүрэг хүлээсэн бол учирсан хохирлоо шаардах эрхтэй гэж хамааралгүй заалт барьсан байна. Иргэний хуулийн 476 дугаар зүйлд заасан хамтран ажиллах гэрээний ямар ч шинж байдаггүй. Нэхэмжлэгчийн яриад байгаа хурлын протокол дахь хамтран ажиллана гэсэн үг бол бэлэглэлийн гэрээгээр хувьцаа шилжүүлсний дараа болсон асуудал бөгөөд компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа учраас “Э Г Э”ХХК-ийн 50%-ийн хувьцаа эзэмшигч Ч.Б, Н.Л нар хамтран ажиллах харилцаа үүссэн юм. Тийм учраас хамтран ажиллах гэрээнийхээ үүргийг биелүүлээгүй нь Компанийн тухай хуульд заасан зөрчил, компанийн дотоод асуудал болохоос компанийн хувьцаа эзэмшигчид хамааралгүй, бэлэглэлийн гэрээг хүчингүй болох үндэслэл болохгүй. Ч.Бг гүйцэтгэх захирлын ажлаа хийхгүй байгаа учраас ажлаас чөлөөлсөн хурал болсон ба бэлэглэлийн гэрээний талаар огт яригдаагүй. Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.3 дахь хэсэгт бэлэглэлийг хүчингүй болгох шаардах эрх үүссэнээс хойш 1 жил өнгөрсөн бол бэлэглэлийг хүчингүй болгож болохгүй гэж зааснаар шаардлага гаргах хугацаа өнгөрсөн гэж үзэж байна. Н.Лгийн 2007-2010 оны хооронд шилжүүлсэн 893 200 ам.долларыг хөрөнгө оруулалт гэж нэхэмжилсэн. Хөрөнгө орууллалт гэж үзэх юм бол Хөрөнгө оруулалтын тухай хуульд хөрөнгө оруулалт гэж Монгол Улсын нутаг дэвсгэрт ашгийн төлөө үйл ажиллагаа явуулах этгээдийн хувь нийлүүлсэн, хөрөнгө оруулсан, санхүүгийн тайланд туссан биет болон биет бус хөрөнгийг хэлнэ гэж заасан байгаа. Тиймээс энэ хөрөнгө оруулалт гэж заасан шаардлагыг хангаагүй. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4.2 дахь хэсэгт Нягтлан бодох бүртгэлд хөрөнгө оруулалт, авлагыг заавал бүртгэнэ гэж зааснаар “Ч” ХХК-ийн барилгад хөрөнгө оруулж байгаа бол энэ тухайгаа бүртгүүлэх байсан. “Ч” ХХК-ийн дансанд мөнгөө хийх ёстой байсан боловч энэ хөрөнгө оруулалтаа нотлох гэрээ байхгүй. Мөнгийг иргэн Ч.Бд шилжүүлсэн байдаг. Ч.Б 3 барилга барьж хүлээлгэж өгсөн байдаг. Энэ 3 барилга дээр нэг зүйл тодруулахад 15 айлын орон сууцнаас 2 айлын орон сууцыг Ч.Б авсан, бусад орон сууцыг Д.Эавсан талаар гэрчийн мэдүүлэг байгаа. Мөн 4 биш 5 орон сууц авсан гэдгээ Д.Эөмнөх шүүх хуралдаан дээр хэлсэн байдаг. “Ч” ХХК-ийн барилга 1,4 тэрбум төгрөгөөр боссон ба энэ хөрөнгө яаж бүрдсэн бэ гэхээр 623 000 000 төгрөгөөр ОЭТ ХХК-иас 3 давхар баригдсан барилга шилжүүлж авсан. Энэ үнийн дүн дээрээс 350 000 ам.долларын зээл авсан. Энэ долларыг тухайн үеийн төгрөгийн Монгол банкны ханш 1160 төгрөгөөр хөрвүүлэхэд 1 500 000 000 гарна төгрөг болж байгаа. Тэгэхээр энэ барилгад Д.Энхжаргал, Н.Л нарын хөрөнгө оруулалт, мөнгө ороогүй. Д.Энхжаргалын 2001-2009 оны хооронд өгсөн гэж нэхэмжлээд байгаа мөнгө үндэслэлгүй. Яагаад гэхээр энэ баримт дээр 2007 оны 5 дугаар сарын 23-ны өдөр гэж бичсэн байхад Хил хамгаалах газраас ирсэн бичигт 2007 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Д.ЭМонгол улсын хилээр гараад 2007 оны 6 дугаар сарын 08-ны өдөр орж ирсэн. Тэгэхээр энэ баримт үйлдэгдсэн өдөр Д.ЭМонгол улсад байгаагүй. Тийм учраас энэ баримт хуурамч, гарын үсгийг татлаад зурсан, Ч.Бгийн гарын үсэг мөн эсэх нь эргэлзээтэй, өмнөх баримтуудын гарын үсэгтэй харьцуулахад гарын үсэг нь өөр, Н.Л мөнгө өгөөгүй мөртлөө хүлээлгэн өгсөн гэж цуг орсон байгаа тул хууль бус баримт юм. Үүнтэй холбоотойгоор нэг баримт хэлэхэд ОЭТ ХХК-г 2006 онд Ч.Б залилж, өөртөө шилжүүлж авсан гэж эрүүгийн хэрэг үүсгэгдээд шалгаж байсан. Тэр баримтыг Хил хамгаалах газраас ирсэн баримттай тулган үзэхэд тухайн цаг үед Д.ЭМонгол улсад байсан нь харагдаж байгаа. Өөрөөр хэлбэл 2006 оны 10 дугаар сарын 27-ны өдөр ОЭТ ХХК-ийг “Ч” ХХК-ийн балансад шилжүүлсэн байдаг. Тэгэхээр 2006 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Монгол улсын хилээр ороод 2006 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Д.ЭМонгол улсын хилээр гарсан байсан. Тэгэхээр худлаа гадагшаа явсан мэтээр баримт үйлдсэн байна. Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан. Энэ тодруулга дээр гэрээнээс татгалзаж компанийн 50%-ийн хувьцааг Ч.Бгаас шилжүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Тэгэхээр энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй, нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй гэж үзэж байна. 70 200 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлөөд нэхэмжлэл гаргасан. “Э Г Э”ХХК нь 2008 оноос хойш тэрбум гаран төгрөгтэй гэсэн мэдүүлэг хавтаст хэргийн 229 дүгээр талд авагдсан. “Э Г Э”ХХК-ийн Эдийн засгийн ил тод байдлын тухай хуульд заасан тайланд 1,9 тэрбум төгрөгийн үнэтэй гэж байгаа тул н.Батжаргал гэж хүнээс 750 000 ам.долларын үнэтэй газартай компани авсан гэх мэт зүйлээс харахад “Э Г Э”ХХК нь 1 000 000 төгрөгийн, 2 000 000 төгрөгийн дүрмийн сантай компани биш өөртөө хөрөнгөтэй компани учраас 50%-ийн хувьцааг шилжүүлэх нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамж буруу төлсөн байна гэж үзэж байна гэжээ.  

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2018/01596 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 205 дугаар зүйлийн 205.1, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ч.Бгаас 2010 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн “Э Г Э”ХХК-ийн хувьцаа бэлэглэх гэрээ болон Компаний эрх шилжүүлэх гэрээгээр шилжүүлсэн 50 хувийн хувьцааг буцаан гаргуулж нэхэмжлэгч Н.Лд олгож, хариуцагч Ч.Бгаас 1 816 933 520 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Лд, 1 429 370 140 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Энхжаргалд тус тус олгож, хариуцагч “Ч” ХХК-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1,  56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 хэсгийн баримтлан нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13 073 635 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Ч.Бгаас улсын тэмдэгтийн хураамжинд 16 129 668 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Л, Д.Энарт олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 1910 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2018/01596 дугаар шийдвэрийн 1 дэх заалтын ...1 429 370 140 төгрөг... гэснийг ...631 098 992 төгрөг... гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтын ...үлдээж гэсний дараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.Л, Д.Энараас улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 3 056 033 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулж гэж нэмж, ...16 129 668 төгрөг... гэснийг ...12 234 548 төгрөг... гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчЧ.Бгаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16 129 668 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Д.Эхяналтын гомдолдоо: Магадлалын эхний хэсгийг буюу 400 000 ам долларыг миний нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасч тооцсоныг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад 400 000 ам.долларыг Ч.Б нь Д.Энхжаргалд төлсөн гэж үзэж, уг төлбөрийг нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцохдоо нотлох баримтыг үнэлэх хуульд заасан журмыг зөрчсөн гэж үзэн гомдолтой байна. Энэ 400 000 ам доллар нь Ч.Б болон Н.М нарын хоорондын хамтран ажиллах гэрээний төлбөр тооцоо юм. Миний бие Ч.Бгийн зөвшөөрсний дагуу өмнө 50 000 ам долларыг Ч.Бгийн өмнөөс Н.Мт шилжүүлсэн нь мемориалын баримтын огноо дугаараар тогтоогдоно. Дараа нь уг мөнгийг Ч.Баас авч, үлдэх 350 000 ам долларыг Н.Мт бүрэн бүтнээр нь шилжүүлж өгсөн. Ингээд Н.Мт хамтран ажиллах гэрээний дагуу төлөх ёстой Ч.Бгийн өр төлбөр дууссан болохыг төлбөр авагч Н.М баталгаажуулж, баримт үйлдэн хэрэгт өгсөн. Энэ үед Ч.Б болон Н.Мийн нөхөр бид нар бие биендээ итгэж, нөхөрлөж, хэн нэгэндээ мөнгө төгрөг шилжүүлж өгч байсан үе юм. Давж заалдах шатны шүүхийн магадлалд Н.М, Ч.Б нарын хоорондын хамтран ажиллах гэрээ, мөнгийг шилжүүлсэн баримтын талаар дурьдсан боловч “...эргэлзээтэй...” гэж үзсэн нь нотлох баримтын хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий байдлыг үндэслэлгүйгээр үгүйсгэж буй хэрэг бөгөөд хариуцагч Ч.Б нь “гуйвуулга” гэж нэрлэн 400 000 ам.долларыг ямар учраас шилжүүлснээ тайлбар хийж нотолдоггүй юм. Хариуцагч Ч.Б нь 400 000 ам.долларыг шалтгаангүйгээр миний дансанд огт шилжүүлэхгүй бөгөөд Финанс төвийн барилгын санхүүжилтэд оруулсан мөнгөнөөс хасах, эсвэл өөр зорилгоор дээрх мөнгийг шилжүүлсэн бол нэхэмжлэлийн шаардлага гаргасан үеэс буюу 2015 оноос тайлбар хийж явах байсан. Харин Ч.Б нь иргэн Н.Мт надаар дамжуулан гуйвуулсан 400 000 ам.долларын баримтыг ашиглаж, шүүхийг болон намайг мэхэлж, миний барилгын санхүүжилтэд оруулсан хөрөнгөөс завшиж байна. Гэтэл хариуцагч ямар учраас шилжүүлснээ нотлохгүй, тайлбарлахгүй, “санахгүй” байгаа энэ их хэмжээний мөнгийг “эргэлзээтэй” гэх үндэслэлээр миний нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцох нь шүүх нотлох баримтыг “эргэлзээгүй, үнэн зөв, ач холбогдолтой, хэрэгт хамааралтай” талаас үнэлэх хуулийн заалт зөрчигдөж байна. Давж заалдах шатны шүүх миний нэхэмжпэлээс 400 000 ам.долларыг хасч тооцсоноор Ч.Б нь Н.Мт төлөх төлбөрөөс чөлөөлөгдөөд зогсохгүй надад төлөх 400 000 долларын төлбөрөөс давхар чөлөөлөгдөж буй нь нэхэмжлэгч миний эрх ашгийг илтэд дордуулан хохироож байгаад гомдолтой байна. Энэ талаар анхан шатны шүүхийн үндэслэлийг шударга гэж үзэж байгаа бөгөөд давж заалдах шатны шүүхийн 400 000 ам.долларыг Д.Эминий нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцсон магадлалын заалтыг өөрчлөн, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, давж заалдах шатны шүүхийн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээнэ үү гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Л.Энхбаясгалан хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч хяналтын гомдлыг гаргаж байна. Нэхэмжлэлийн 1 дэх шаардлагын тухайд: хоёр шатны шүүх буруу дүгнэсэн. Талуудын хооронд байгуулагдсан 2010 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн“Эх газрын эрдэнэс”ХХК-ийн хувьцааг бэлэглэх болон эрх шилжүүлэх гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар талууд хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлж байгуулсан, мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт зааснаар байгуулсан хүчин төгөлдөр гэрээ юм. Уг гэрээг анхан шатны шүүх дүгнэхдээ “...хувьцаа бэлэглэх тухай гэрээ нэртэй боловч агуулгын хувьд дээрх гэрээний шинжийг агуулаагүй бөгөөд хөрөнгө оруулалт хийх зорилгоор хамтран ажиллах зорилготой, Иргэний хуулийн 476 дугаар зүйлд заасан хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн” гэж буруу дүгнэсэн. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн гэрээний эрх зүйн харилцааны агуулгыг зөв тодорхойлоогүй. Мөн түүнчлэн шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн нь дараах хууль зүйн бодит үндэслэлүүдээр нотлогдож байна.Үүнд: Хэрэгт авагдсан баримтуудаар 2010 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн “Э Г Э”ХХК-ийн хувьцааг бэлэглэх болон эрх шилжүүлэх гэрээний дагуу Н.Л нь компанийн 50 хувийн хувьцааг Ч.Бд шилжүүлж, тэрээр компанийн хувьцаа эзэмшигчээр бүртгүүлсэн болох нь улсын бүртгэлийн лавлагаагаар тогтоогдсон. Уг бэлэглэлийн гэрээ нь бодитоор хэрэгжиж, бэлэглэгч нь Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1 дэх хэсэгт зааснаар хариу төлбөргүй дээрх хувьцааг шилжүүлсэн. Мөн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 117 тоот тогтоолд “...Ч.Б нь компанийн 50 хувийн хувьцааг бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн авч эзэмшигч болсон байна” гэж тогтоосон нь тус бэлэглэлийн гэрээ нь 2015 онд ч, өнөөдөр ч хүчин төгөлдөр гэрээ хэвээр байсан гэдгийг нотолж байна. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо “бэлэглэлийн болон эрх шилжүүлэх гэрээнээс татгалзаж” гэж тодорхойлсон. Гэтэл Иргэний хуулийн 204 дүгээр зүйлд заасан гэрзэнээс татгалзах журам хэрэгжээгүй. Түүнчлэн Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1 дэх хэсэгт зааснаар бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох үндэслэл хэрэгт авагдсан үйл баримт болон бичгийн нотлох баримтуудаар тогтоогдоогүй. Иймд уг бэлэглэлийн гэрээ хүчин төгөлдөр юм. Тэр бүү хэл нэхэмжлэгч нь уг шаардлагыг гаргах хөөн хэлэлцэх хугацаа 2011 оны 02 дугаар сарын 03-ны өдөр дууссан байгааг шүүх анхаарч үзээгүй. Уг бэлэглэлийн гэрээ нэгэнт хэрэгжсэн бөгөөд Ч.Б нь “Э Г Э”ХХК-ийн хууль ёсны хувьцаа эзэмшигч болсон. Иймд компанийн хувьцаа эзэмшигч нартай холбоотой маргааныг Компанийн тухай хуульд зааснаар зохицуулах ёстой байсан. Гэтэл шүүх нэхэмжлэгчийн 2010 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн “Эх газрын эрдэнэс”ХХК-ийн хувьцааг бэлэглэх болон эрх шилжүүлэх гэрээнээс татгалзаж, компанийн 50 хувийг Ч.Бгаас буцаан гаргуулах шаардлагыг хамтран ажиллах гэрээтэй холбон тайлбарлаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл тусдаа бие даасан 2 өөр төрлийн гэрээнүүдийг нэг гэрээ мэт болгож хууль хэрэглэсэн нь үндэслэлгүй юм. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар “гэрээнээс татгалзах тухай саналаа хэн аль нь гаргаж, гэрээ цуцлах журам хэрэгжсэн гэж үзэхээр байна” гэж шүүх дүгнэсэн нь шүүх өөрийн санаачилгаар нэг талыг барьж хууль буруу хэрэглэсэн. Учир нь гэрээнээс татгалзах тухай мэдэгдсэн, санал гаргасан мөн түүнчлэн татгалзаад байгаа баримт хавтаст хэрэгт огт байдаггүй. Хоёр шатны шүүх талуудын хооронд хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн. Гэтэл хэрэгт авагдсан баримтуудаар Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.3-т талууд хамтран ажиллах гэрээний дагуу хэн нь хэдэн төгрөгийн хураамжийн хэмжээ оруулах эсэх, ямар үйлчилгээ явуулах эсэх, хамтын үйл ажиллагааг хэрхэн хэрэгжүүлэх, хамтын үйл ажиллагааны явцад бий болсон үүргийг хэрхэн хувиарлах талаар ямарч баримтгүй байхад талуудын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт зааснаар хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Улмаар хамтран ажиллах гэрээний үндсэн шинжүүд огт байдаггүй болно. Нэхэмжлэлийн 2 дахь шаардлагын тухайд: Д.Энхжаргалаас хөрөнгө оруулалтаар шилжүүлсэн 621 000 ам доллар гаргуулах шаардлагын эрх зүйн үндэслэлээ нэхэмжлэгч нь гаргаагүй мөн түүнчлэн шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг буруу үнэлсэн. Учир нь нэхэмжлэгч нь уг шаардлагаа гаргахдаа өөрийн “ОЭТ”ХХК-иас хариуцагчийн ““Ч””ХХК-д 621 000 ам.доллар, болон 77 800 евро шилжүүлсэн гэж шаардаж байгаа атлаа уг шаардлагаа иргэн Ч.Бд холбогдуулан гаргасан нь нэхэмжлэлийн үндэслэл тодорхойгүйг нотолж байна. Уг шаардлагын үндэслэл болсон цорын ганц баримт болох 2007 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн “оффисийн барилгын санхүүжилтэд иргэн Д.Энхжаргалаас оруулсан хөрөнгө оруулалт” гэх баримтыг үйлдэх үед нэхэмжлэгч Д.Энь Монгол Улсад байгаагүй болох нь Хил хамгаалах Ерөнхий газрын лавлагаагаар тогтоогдсон. Мөн уг баримтыг хариуцагч Ч.Б үгүйсгэж маргадаг төдийгүй “ямар ч тооцоо нийлсэн баримт дээр хэзээ ч гарын үсэг зурж байгаагүй” гэж удаа дараагийн тайлбартаа дурдсан байдаг. Дээрх баримт нь зөвхөн нэг талын баримт бөгөөд давхар дансны хуулгаар тогтоогдоогүй. Энэ их хэмжээний мөнгийг нэг ч удаа дансаар болон бэлнээр хүлээлгэн өгсөн нь тогтоогдоогүй байхад шүүх уг баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгг зааснаар тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй. Тэр бүү хэл уг баримтыг 2007 оны 05 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан гэж үзвэл үүнээс шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар 3 жил ба уг хугацаа 2010 оны 05 дугаар сарын 23-ны өдөр дууссан байхад анхан шатны шүүх үүнийг анхаараагүй. Нэхэмжлэгч нар 2014 оны 11 сард анх хариуцагч Ч.Бг цагдаагийн байгууллагад өгч эхэлсэн ба 2007 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс хойш 2014 оны 11 сар хүртэл хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Энэ хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон, тасалдсан талаархи баримт хэрэгт огт байдаггүй. Нэхэмжлэлийн 3 дахь шаардлагын тухайд: Н.Лгээс хеөрөнгө оруулалтаар шилжүүлсэн 893 200 ам.долларыг гаргуулна гэдэг. Уг мөнгөн хөрөнгийг хүлээн авсан талаар маргахгүй, нэхэмжлэгч нь уг шаардлагаа гаргахдаа ““Ч”” ХХК-ийн Финанс төвийн барилгыг барихад 893 200 ам.доллараар хөрөнгө оруулсан гэж шаардаж байгаа атлаа уг шаардлагаа иргэн Ч.Бд холбогдуулан гаргасан нь нэхэмжлэлийн үндэслэл тодорхойгүйг нотолж байна. Өөрөөр хэлбэл ““Ч”” ХХК-нд хөрөнгө оруулсан бол Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “Хөрөнгө оруулалт” гэж Монгол улсын нутаг дэвсгэрт ашгийн төлөө үйл ажиллагаа явуулах эртгээдийн хувь нийлүүлсэн хөрөнгөд оруулсан, санхүүгийн тайланд туссан биет болон биет бус хөрөнгийг хэлдэг”, мөн нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4.2-т “бүх хөрөнгө, хөрөнгө оруулалт.авлага” нягтлан бодох бүртгэлд заавал бүртгэнэ” гэж заасны дагуу хөрөнгө оруулах байсан. Харин уг мөнгөи хөрөнгөөр 3 барилга барьж, Улсын комисст хүлээлгэн өгч, нэхэмжлэгчийн хүсэлтээр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг шилжүүлснээр Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.1 хэсэгт зааснаар харилцан үүрэг тооцож дуусгавар болсон.Гэтэл давж заалдах шатны шүүх “Хөөн хэлэлцэх хугацаа бол гэрээний талуудын харилцан тооцох хоорондын үүрэгт хамаардаг. Үүргийг биелүүлснээс мөнгөн хөрөнгийн шилжүүлгийн нотлох баримт дээр хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй” гэж үндэслэлгүй, буруу дүгнэсэн. Түүнчлэн энэхүү 893 200 ам.доллартай холбоотой хоорондын тооцоо нь 2007-2010 оны хоорондох асуудал тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон.Тодруулбал, 1. Нэхэмжлэгч нар “Тахидаг хайрхан” ХХК-ийн барьсан 15 айлын орон сууцыг хариуцагч Ч.Б өөрийн хөрөнгөөр барьсан үйл баримтад маргаагүй. Уг орон сууц нь нийт 790 000 000 төгрөгийн үнэ бүхий болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Чойжилсүрэнгийн нэр дээр барилга баригдсан боловч 15 айлд орсн сууц захиалгаар худалдах, худалдан авах тухай гэрээнд П.Аюур гарын үсэг зурж, Энхжаргалын заавраар тус орон сууцыг шилжүүлж өгсөн байдаг. Тус байрны зардал болох 790 000 000 төгрөгийг шүүх нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцох байсан. Тэр бүү хэл уг орон сууцнаас нэхэмжлэгч нар өөрсдийн хамаатан, найз нөхөд болох Юмчиндуламд 2 ширхзг орон сууц, 1 гарааш нийт 65 сая төгрөгийн үнэтэй, Ариунжаргалд 1 орон сууц 25 сая төгрөгийн үнэтэй, Бямбажавт 1 орон сууц 44 сая төгрөгийн үнэтэй орон сууцыг хариуцагчид төлбөр төлөхгүйгээр авсан болохоо улсын дээд шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн шүүх хуралдаанд тайлбарласан. Уг тайлбартай холбоотойгоор дээрх орон сууцны үнэ тэдгээртэй байгуулсан орон сууц захиалгын гэрээгээр тогтоогддог /3-р хх-181-217 дугаар тал/ 15 айлын орон сууц хэний ч нэр дээр гарсан хамаагүй. Тус барилгын 790 000 000 төгрөгийг хасаагүйгээс гадна эдгээр иргэдийн авсан орон сууцны нийт үнэ 134 000 000 төгрөг болсон байхад хүртэл шүүх 893 200 ам доллараас хасч тооцоогүй. Зөвхөн нэхэмжлэгч талын зөрүүтэй тайлбарыг үндэслэсэн. 2. “Анома" ХХК-ийн барилгыг хариуцагч Ч.Б барьж ашиглалтад оруулсан талаар нэхэмжлэгч нар мөн маргадаггүй. Уг барилгын 1 таунхаусын төсөв 319 636 772 төгрөгийн үнэ бүхий 2 таунхаус баригдсан талаар баримт хэрэгт авагдсан. /1-р хх-123-189, 2-р хх-67-198, 4-р хх-65- 80 дугаар тал/ 3. БГД 6-р бичил хороолол Знхжаргалын үйлчилгээний барилгын өргөтгөлийн ажил төсөвт өртөг нь 200 213 610 төгрөг ба барилгын зардлыг Ч.Б гаргасан, П.Аюур барилгыг барьж Энхжаргалд өгсөн гэсэн гэрчийн мэдүүлэг байдаг. Талуудын хооронд гэрээ, баримт байдаггүй бөгөөд Д.Э“П.Аюур хариуцаж тус барилгыг барьж байсан” гэсэн тайлбараар давхар нотлогдохоос биш өөр үгүйсгэсэн баримт байдаггүй. Нэхэмжлэгч нар дээрх 3 барилгын ажлын төсвийг няцаасан баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байхад шүүх эдгээр барилгын төсөв, улсын комисст хүлээлгэн өгсөн баримтыг нотлох баримтаар үнэлээгүй. Мөн дээрх 3 барилгыг хариуцагч Ч.Бгийн хөрөнгөөр барьсан, мөн 15 айлын орон сууцыг Д.Энь өөрийн ах дүү ажилтандаа өгсөн болохыг гэрч П.Аюурын мэдүүлгээр давхар тогтоогдсон. Дээрх барилгын ажлын төсөв нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлагыг хангасан нотариатаар гэрчлүүлсэн баримт байгаа. Дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байхад хоёр шатны шүүх хэт нэг талыг барьж, хэрэгт авагдсан баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор судлаагүй. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Нэхэмжлэгч Н.Л, Д.Энар нь хариуцагч Ч.Бд холбогдуулан 2010 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн “Э Г Э”ХХК-ийн хувьцааг бэлэглэсэн бэлэглэлийн гэрээ, эрх шилжүүлэх гэрээнээс тус тус татгалзаж, компанийн 50 хувийн хувьцааг буцаан гаргуулах, Н.Лгээс хөрөнгө оруулалтаар шилжүүлсэн 893 200 ам.доллар буюу 1 816 933 520 төгрөг, Д.Энхжаргалаас хөрөнгө оруулалтаар шилжүүлсэн 621 000 ам.доллар, 77 800 евро буюу 1 429 370 140 төгрөгийг хариуцагч Ч.Б, “Ч” ХХК-иас тус тус гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ.

Хариуцагч нар нэхэмжлэлийг эс зөвшөөрч “...”Э Г Э”ХХК-ийн эзэмшлийн 4.2 га газарт өөрийн хөрөнгөөр барилгын болон дулааны зураг хийлгэсэн, нэхэмжлэгч нарын шилжүүлсэн мөнгөөр 3 барилгыг 1 310 738 595 төгрөгийн төсвөөр барьж хүлээлгэн өгсөн, ...400 000 ам.долларыг нэхэмжлэгч нарт буцааж шилжүүлсэн ...хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн...” гэсэн үндэслэл заан, маргажээ.

            Нэхэмжлэлийн шаардлагаас мөнгөн төлбөрийн үүрэг хангуулах шаардлага нь 2001 оноос 2010 он хүртэл хугацаанд хамтран ажиллах гэрээний дагуу шилжүүлсэн мөнгийг буцаан гаргуулах агуулгатай ба нэхэмжлэлийн нөгөө шаардлага болох гэрээнээс татгалзаж, компанийн хувьцааг буцаан гаргуулах шаардлагатай холбоогүй, Ч.Б нь Компаний хувьцаа эзэмшигч болохоос өмнөх гэрээний харилцаанаас үүссэн шаардлага байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх хариуцагч 400 000 ам.долларыг нэхэмжлэгчид буцаан төлсөн нь нотлогдсон гэж үзэж, Д.Энхжаргалын нэхэмжлэлээс 631 098 992 төгрөгийг хасч, багасган шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

Хоёр шатны шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааны төрөл, гэрээний үүрэг, нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа, нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарласан боловч нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журмыг зөрчсөн байна.

            Хяналтын шатны шүүх хэрэгт байгаа баримтын хэмжээнд шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзэв.

Нэхэмжлэгч Н.Л нь 2010 оны 02 сарын 03-ны өдөр “Э Г Э”ХХК-ийн дүрмийн сангийн өөрийн эзэмшлийн 50 хувь буюу 1 000 000 төгрөгийн хувьцааг Ч.Бд бэлэглэж, энэ талаар компанийн дүрэмд өөрчлөлт оруулан, Ч.Бг гүйцэтгэх захирлаар томилж, улсын бүртгэлд бүртгүүлсэн, 2 жил 7 сарын дараа 2012 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хувьцаа эзэмшигч Н.Л, Ч.Б нарын шийдвэрээр компанийн гүйцэтгэх захирлаар Д.Энхжаргалыг сонгож, улсын бүртгэлд бүртгүүлсэн, 2012 оноос хойш зохигчид хоорондоо компанид хөрөнгө оруулсан эсэх талаар маргаантай байсан үйл баримт тогтоогджээ.  /I-хх 4, 7-19/

1.Шүүх талуудын хооронд компанийн хувьцааг бэлэглэсэн бэлэглэлийн гэрээ, эрх шилжүүлэх гэрээг агуулгын хувьд бэлэглэлийн гэрээ бус компанид хөрөнгө оруулалт хийж “Э Г Э”ХХК-ийн эзэмшлийн 4.2 га газарт амралтын цогцолбор бүхий орон сууцны барилга барих хүсэл зорилгоор, хамтран ажиллахаар тохирсон гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт нийцсэн байна.

Дээр дурьдсан нөхцөл байдлыг дүгнэхэд зохигчдын хооронд хуулийн этгээд буюу компанийн нэрээр эрх, үүрэг үүсгэх хүсэл зориг бус орон сууц барьж хамтран ажиллаж ашиг олох зорилго байсан байх тул шүүх  Иргэний хуульд заасан хамтран ажиллах хэлцэл байгуулагдсан гэж үзэж, Компанийн тухай хуулийг хэрэглээгүй нь маргааны бодит үндэслэлд нийцжээ.

Зохигчдын хооронд хэлбэрийн хувьд хуулийн этгээд байгуулсан байх боловч агуулгын хувьд хамтран ажиллах гэрээ байгуулагдсан байна.

Хэрэгт байгаа баримтаас үзвэл хариуцагч Ч.Б 2010 оны 2 сарын 03-наас “Э Г Э”ХХКомпанийн хувьцаа эзэмшигч болсон хэдий ч өөрийн хөдөлмөрөөр эсвэл эд хөрөнгөөр хөрөнгө оруулсан, компанийн үйл ажиллагаанд оролцсон гэх байдал тогтоогдоогүй тул Ч.Бг компанийн хувьцаа эзэмшигчийн эрхийг эдлэх боломжгүй гэж үзэж, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1-т заасны дагуу хамтран ажиллах гэрээнээс татгалзсан эрх зүйн үр дагаврыг шийдвэрлэж, хувьцааг буцаан гаргуулахаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр Иргэний хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

Зохигчдын хооронд хамтран ажиллаж, ашиг олох зорилго давамгайлсан тул тэдгээрийн хооронд Иргэний хуульд заасан хамтран ажиллах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэл тогтоогдсон байна. Шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааг тодорхойлохдоо гэрээний хэлбэрийг бус, агуулгыг зөв тодорхойлсноор оновчтой дүгнэлт хийсэн, нэхэмжлэлээс “Э Г Э”ХХК-ний хувьцаа бэлэглэх гэрээ болон Компаний эрх шилжүүлэх гэрээгээр шилжүүлсэн 50 хувийг хувьцааг буцаан гаргуулах шаардлагыг хангаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр, магадлал хуулийн үндэслэлтэй болжээ.

2. Харин хоёр шатны шүүх нэхэмжлэгч нарыг оруулсан хөрөнгөө буцаан авах эрхтэй гэж үзэхдээ хариуцагч Ч.Б нийтдээ 3 барилга барьж өгсөн, хамтран ажилласан гэж маргасан үйл баримт, түүний гаргасан баримт нотолгоог Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасны дагуу үнэлэх үүргээ хэрэгжүүлж чадаагүй нь учир дутагдалтай болжээ.

Нэхэмжлэгч Д.Энь 2001-2007 он хүртэл хугацаанд шилжүүлсэн 621 000 ам.доллар, 77 800 еврог, нэхэмжлэгч Н.Л нь 2007-2010 хүртэл хугацаанд шилжүүлсэн 893 200 ам.долларыг хариуцагчаас нэхэмжилсэн байна. Нэхэмжлэлийн үндэслэлээ тодруулахдаа “...Финанс төвийн барилгыг барихад хөрөнгө оруулах зорилгоор мөнгийг шилжүүлсэн боловч хариуцагч Ч.Б нь уг барилгыг өөрийн өмчлөлдөө авсан тул оруулсан хөрөнгөө гаргуулна...” гэсэн үндэслэлийг заажээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Финанс төвийн барилгыг 2005 оноос барьж эхэлсэн байх ба 2001-2005 онд шилжүүлсэн гэх мөнгийг уг барилгыг барихад зориулагдсан гэж үзэх үндэслэлгүй байна.

Хариуцагч Ч.Б нэхэмжлэгч нарын шилжүүлсэн мөнгөөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд Анома ХХК-ийн 2 ширхэг хувийн сууц, Баянгол дүүргийн 6 дугаар бичил хороололд иргэн Д.Энхжаргалын үйлчилгээний барилгын өргөтгөл, Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт 6 давхар, зоорь бүхий үйлчилгээтэй, 15 айлын орон сууцны барилгыг барьж, хамтран ажилласан гэж маргажээ.

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороон дах Анома ХХК-ийн 2 ширхэг хувийн сууц 319 636 772 төгрөгөөр баригдаж, 2009 оны 12 сарын 28-ны өдөр ашиглалтад орсон, Баянгол дүүргийн 6 дугаар бичил хороололд иргэн Д.Энхжаргалын үйлчилгээний барилгын өргөтгөл 200 213 613 төгрөгийн төсөвтэйгээр баригдаж 2009 онд, Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт 6 давхар, зоорь бүхий үйлчилгээтэй, 15 айлын орон сууц 790 888 213 төгрөгөөр баригдаж 2010 оны 09 сарын 27-ны өдөр ашиглалтад орсон баримт хэрэгт авагджээ. /2-р хавтас 72, 74, 123.../

Эдгээр гурван барилгыг барьж, туслан гүйцэтгэгчээр ажилласан гэрч П.Аюурын мэдүүлэг, барилгын төсөв, ажил гүйцэтгэх гэрээ, барилгыг ашиглалтад хүлээлгэн өгсөн баримт, барилгын өмчлөгчөөр нэхэмжлэгч Д.Энхжаргал, Н.Л нар бүртгэгдсэн баримтаас үзвэл нэхэмжлэгч нарын шилжүүлсэн мөнгөнөөс дээрх 3 барилгыг барьсан гэх хариуцагч Ч.Бгийн тайлбар үндэслэлтэй байна. Тухайлбал, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд баригдсан 2 ширхэг хувийн сууц, Баянгол дүүргийн 6 дугаар бичил хороололд иргэн Д.Энхжаргалын үйлчилгээний барилгын өргөтгөлийг барихаар хамтран ажиллаж, нэхэмжлэгч нар барилгыг хүлээн авсан байх тул нэхэмжлэгч нар барилгыг барихад зарцуулсан хөрөнгийг шаардах эрхгүй байна. Харин Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт 6 давхар, зоорь бүхий үйлчилгээтэй, 15 айлын орон сууцны барилгыг зохигчид хамтран бариулж, захиран зарцуулсан байх тул хамтын үйл ажиллагаанд зарцуулсан хөрөнгийг нэхэмжлэгч нар буцаан шаардах эрхгүй. Нэхэмжлэгч нар дээрх баримтыг үгүйсгэж чадаагүй байна.

Иймд нэхэмжлэгч нараас хариуцагчид шилжүүлсэн гэх мөнгөнөөс дээр дурьдсан 3 барилгыг барихад гарсан зардлыг хасч тооцох үндэслэлтэй байна.

Д.Энь 2001 оны 05 сарын 09-нөөс 2007 оны 05 сарын 23 хүртэл хугацаанд Ч.Бд нийт 621 000 ам.доллар, 77 800 евро, Н.Л нь 2007 оны 09 сарын 14-нөөс 2010 оны 12 сарын 16 хүртэл хугацаанд нийт 893 200 ам.долларыг хөрөнгө оруулалт, санхүүжилт гэсэн зориулалтаар Ч.Бд шилжүүлсэн нь баримтаар тогтоогдсон, шүүх энэ талаар үндэслэлтэй дүгнэжээ. Үүнээс гадна 2006 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр шилжүүлсэн 70 000 ам доллар, 2006 оны 12 дугаар сарын 15-ны өдөр шилжүүлсэн 100 000 ам доллар, 2007 оны 05 дугаар сарын 07-ны өдөр шилжүүлсэн 50 000 ам доллар, нийт 220 000 ам.долларыг Зайсан дахь барилгын санжүүжилт гэж Ч.Бд хүлээлгэн өгсөн, түүний гарын үсэг бүхий баримт байхад шүүх үнэлээгүй нь буруу байна. /3 дугаар хавтас хх-220/

Хэрэгт байгаа баримтаар нэхэмжлэгч нарын шилжүүлсэн гадаад мөнгөн тэмдэгтийг хариуцагч нь барилга барихад зарцуулсан нь тогтоогдож байх тул валютын ханшийг нэхэмжлэл гаргах үеийн ханшаар бус мөнгийг шилжүүлсэн үеийн ханшаар тооцож, нэхэмжлэгч нарын шилжүүлсэн мөнгөний хэмжээг тодорхойлох нь зүйтэй гэж үзэв. Нэхэмжлэгч нарын шилжүүлсэн гадаад валют нь тухайн үеийн ханшаар, барилга барихад зарцуулагдсан нь тогтоогджээ.

Д.Энь 2001.05.09-ны өдөр 5000 ам.доллар /ханш 1 төг.х1091төгрөг/ буюу 5 455 000 төгрөгийг, 2001.11.08-ны өдөр 20 000 ам.доллар буюу 22 000 000 төгрөгийг/1100төг/, 2002.06.20-ны өдөр 1500ам.доллар /1105 төг/буюу 1 657 500 төгрөг, 2010.10.01-ны өдөр 7000 ам.доллар буюу 7 819 000 төгрөг, 2002.11.22-ны өдөр 10 000 ам.доллар буюу 11 230 000 төгрөг, 2003.03.01-ны өдөр 20 000 ам.доллар буюу 22 780 000 төгрөг, 2003.05.24-ны өдөр 10 000 ам.доллар буюу 11 290 000 төгрөгийг, 2003.06.16-ны өдөр 18 000 евро буюу 24 012 000 төгрөг, 2003.07.02-ны өдөр 5500 ам.доллар буюу 6 270 000 төгрөг, 2003.08.10-ны өдөр 10 000 ам.доллар буюу 11 520 000 төгрөг, 21 200 евро буюу 27 755 040 төгрөг, мөн 20 000 ам.доллар буюу 23 040 000 төгрөг, 2003.10.02-ны өдөр 35 000 ам.доллар буюу 40 600 000 төгрөг, 2003.12.07-ны өдөр 17 100 евро буюу 24 225 570 төгрөг, 2004.05.09-ний өдөр 50 000ам.доллар буюу 58 600 000 төгрөг, 2004.06.23-ны өдөр 7000ам.доллар буюу 8 204 000 төгрөг, 2004.06.26-ны өдөр 20 000 евро буюу 28 800 000 төгрөг, 2004.12.13-ны өдөр 25 000 ам.доллар буюу 30 300 000 төгрөг, 2005.01.28-ны өдөр 5000 ам.доллар буюу 6 045 000 төгрөг, 2006.02.15-ны өдөр 10 000 ам.доллар буюу 12 110 000 төгрөг, 2006.07.26-ны өдөр 20 000ам.доллар буюу 23 380 000 төгрөг, 2006.09.18-ны өдөр 50 000 ам.доллар буюу 58 000 000 төгрөг, 2006.11.15-ны өдөр 40 000ам.доллар буюу 46 000 000 төгрөг, 2006.12.25-ны өдөр 50 000 ам.доллар буюу 58 000 000 төгрөг, 2007.04.04-ны өдөр 20 000 ам.доллар буюу 23 000 000 төгрөг, 2007.05.23-ны өдөр 200 000 ам.доллар буюу 215 898 000 төгрөг нийт 807 991 110 төгрөгийг,

нэхэмжлэгч Н.Л нь 2007.09.14-ны өдөр 143 200ам.доллар буюу 169 878 160 төгрөг, 2008.02.26-ны өдөр 500 000ам.доллар буюу 585 870 000 төгрөг, 2009.0.402-ны өдөр 100 000ам.доллар буюу 148 723 000 төгрөг, 2009.04.27-ны өдөр 50000ам.доллар буюу 71 224 500 төгрөг, 2009.0.9.04-ний өдөр 20 000ам.доллар буюу 28 324 000 төгрөг, 2009.1.21-ны өдөр 30 000ам.доллар буюу 43 509 000 төгрөг, 2010.12.16-ны өдөр 50 000 ам.доллар буюу 60 785 000 төгрөг, нийт 1 108 313 660 төгрөг, нэхэмжлэгч нараас бүгд 1 916 304 770 төгрөгийг Ч.Бд шилжүүлжээ. Үүн дээр 2006.11.05-ны өдөр хариуцагчид шилжүүлсэн 70 000 ам.доллар, 12 сарын 15-ны өдрийн 100 000 ам.доллар, 2007.05.07-ны өдрийн 50 000 ам.доллар нийт 220 000 ам.доллар буюу 229 000 000 төгрөгийг нэмбэл нэхэмжлэгч нар нийт 2 145 304 770 төгрөгийг хариуцагч Ч.Бд шилжүүлсэн нь тогтоогджээ.

Хариуцагч Ч.Б нь үүнээс 1 310 738 595 төгрөгийг 3 барилгыг барихад зарцуулсан, 400 000 ам.доллар буюу 484 800 000 төгрөгийг нэхэмжлэгчид буцааж шилжүүлснийг тус тус нэхэмжлэгч нарын шилжүүлсэн нийт 2 145 304 770 төгрөгөөс хасвал 349 766 175 төгрөгийг нэхэмжлэгч нарт буцааж өгөх ёстой байна.

Ч.Б нь 2010 оны 05 дугаар сарын 11-ний өдөр нэхэмжлэгч Д.Энхжаргалд 400 000 ам.доллар шилжүүлсэн баримт хэрэгт авагдсан, Д.Энь уг мөнгийг Ч.Бгийн өмнөөс Н.Мт шилжүүлсэн, учир нь Ч.Б нь Н.Мт хамтран ажиллах гэрээний дагуу өглөгтэй байсан тул надаар дамжуулан шилжүүлсэн гэсэн тайлбар гаргаж, Н.Мийн 2008 оны 06 сарын 15-ны өдөр гаргасан тодорхойлолт гэсэн бичмэл баримтыг /5 дугаар хавтас хх-176,177,179/ шүүхэд гаргасан боловч уг баримт нь Ч.Б Н.Мийн өмнө мөнгөн төлбөрийн үүрэг хүлээсэн гэх байдлыг нотлоогүй, давж заалдах шатны шүүх энэ талаар үндэслэлтэй дүгнэжээ.

Иймд “Э Г Э”ХХК-ний хувьцаа бэлэглэх гэрээ болон Компаний эрх шилжүүлэх гэрээгээр шилжүүлсэн 50 хувийн хувьцааг буцаан гаргуулсан хоёр шатны шүүхийн шийдлийг хэвээр үлдээж, хариуцагчаас 349 766 175 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч нарт олгохоор шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

   Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 1910 дугаар магадлалын 1 дэх заалт, Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2018/01596 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсгийг баримтлан “Э Г Э”ХХК-ийн хувьцаа бэлэглэх гэрээ болон Компаний эрх шилжүүлэх гэрээгээр шилжүүлсэн 50 хувийн хувьцааг нэхэмжлэгч нарт буцаан гаргуулж, хариуцагч Ч.Бгаас 349 766 175 төгрөгийг  гаргуулж нэхэмжлэгч Н.Л, Д.Энарт олгож, хариуцагч “Ч” ХХК-д холбогдох нэхэмжлэлийг болон нэхэмжлэлээс 2 896 537 485 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, шийдвэрийн тогтоох хэсгийг 2 дах заалтад “...16 129 668...гэснийг 1 906 780....гэж тус тус өөрчилж, шийдвэр болон магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 12 398 150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4 153 070 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                              ТАНХИМЫН ТЭРГҮҮН                          Х.СОНИНБАЯР

                          ШҮҮГЧ                                                    П.ЗОЛЗАЯА