Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 221/МА2023/0207

 

 

 

 

 

 

 

 

 

2023 оны 03 сарын 30 өдөр                  Дугаар                                     Улаанбаатар хот

          221/МА2023/0207            

 

 

        

“КБ” ХХК дахь эрх хүлээн авагчийн

Нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

 

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Д.Оюумаа

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Баатархүү

Илтгэсэн шүүгч Н.Хонинхүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгч “КБ” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нараа

 Нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ц

 Нэхэмжлэлийн шаардлага: Ашигт малтмалын ашиглалтын MV-004016, MV-012029, MV-013676, MV-001865 дугаартай тусгай зөвшөөрлүүдийг цуцалсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 583, 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 317, 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 543 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулж, ашиглалтын MV-004016, MV-012029, MV-013676, MV-001865 дугаартай тусгай зөвшөөрлүүдийг сэргээхийг даалгах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 939 дүгээр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч “КБ” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н

Нэхэмжлэгч, гуравдагч этгээлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ц

Нэхэмжлэгч, гуравдагч этгээлийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч П.Төрбат

Нэхэмжлэгч, гуравдагч этгээлийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч М.Дашжаргал

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж

Хэргийн индекс: 128/2020/0597/3

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “КБ” ХХК дахь эрх хүлээн авагч, “Ц” ХХК, “Ү” ХХК нараас Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэст холбогдууланАшигт малтмалын ашиглалтын MV-004016, MV-012029, MV-013676, MV-001865 дугаартай тусгай зөвшөөрлүүдийг цуцалсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 583, 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 317, 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 543 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулж, ашиглалтын MV-004016, MV-012029, MV-013676, MV-001865 дугаартай тусгай зөвшөөрлүүдийг сэргээхийг даалгах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 939 дүгээр шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.20, 31 дүгээр зүйлийн 31.1, 32 дугаар зүйлийн 32.1, 34 дүгээр зүйлийн 34.2, 34.6, 34.7, 51 дүгээр зүйлийн 51.6, 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч КБ ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн болон нэхэмжлэгч Ц ХХК, Ү ХХК-ийн гаргасан ашигт малтмалын ашиглалтын MV-004016, MV-012029, MV-013676, MV-001865 дугаартай тусгай зөвшөөрлүүдийг цуцалсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 583, 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 317, 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 543 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулж, ашиглалтын MV-004016, MV-012029, MV-013676, MV-001865 дугаартай тусгай зөвшөөрлүүдийг сэргээхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. Нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөч Ж.Ц миний бие Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2022/0939 тоот шийдвэрийг 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн аваад эс зөвшөөрч ЗХШХШТХ-ийн 114.1 дэх хээгт зааснаар гомдол гаргаж байна.

3.2. Тухайн хэрэг маргаан нь шүүхэд нэхэмжлэл гаргаж Захиргааны хэрэг үүссэнээс хойш нийт анхан шатны шүүхээр гурван удаа, Давж заалдах шатны шүүхээр 2 удаа, Дээд шүүхээр 1 удаа тус тус хэлэлцэгдсэн бөгөөд нэхэмжлэлийн шаардлага болох маргааны гол зүйл бол манай компаниудын эзэмшиж байсан Ашигт малтмалын ашиглалтын болон хайгуулын зөвшөөрлүүдийг хүчингүй болгосон асуудал бөгөөд үүний улмаас манай эрх, хууль ёсны ашиг сонирхол өнөөдрийг хүртэл 7 жил гаруй хугацаанд зөрчигдөж байгаа асуудал байдаг.

3.3. Дээрхи шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Хариуцагч тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн талаар “Мэдэгдэл” хүргүүлэх үүргээ биелүүлсэн гэж шүүх үзлээ гэж дүгнэж байгаа нь хэрэгт цугларсан ач холбогдол бүхий нотлох баримтуудыг дутуу үнэлж, хуулийг буруу хэрэглэн, Захиргааны байгууллагын хууль бус эс үйлдэхүйг тогтоолгүй, мөн Нийслэлийн давж Заалдах шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 06-ны 233 тоот магадлалын үндэслэх хэсэгт заасан ажиллагаа хийх үндэслэлүүдийг үл ойшоож, нотлох баримтуудыг цуглуулж, хэргийн оролцогчдын маргаж буй нөхцөл байдлыг шүүх тодруулан, дүгнэлт өгч үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүргээ биелүүлэлгүйгээр хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан.

3.4. Уг шүүхийн шийдвэр нь Монгол Улсын Үндсэн хуулийн 49-р зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүгч  хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана” гэж заасныг болон Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2, 34.3, 34.4, 34.5 мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар “Шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэх шаардлагыг хангаагүйн улмаас нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн болон Төрийн байгууллага болох Банкны эрх хүлээн авагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтойгоор зөрчсөн.

3.5. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2016/0163 тоот шүүгчийн захирамжид КБ нь “Ц” ХХК-аас 1,556,370 төгрөгийг гаргуулах, харилцан тохиролцсон хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд барьцааны хөрөнгүүдийг үл маргах журмаар шийдвэрлэхээр шийдвэрлэсэн. Гэтэл “КБ” ХХК-аас гэрээгээ зөрчиж хугацаанд зааснаас өмнө нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандсанаар “Ц” ХХК-ийн зээлийн барьцааны хөрөнгө болох “Ц” ХХК, “Үүр-тур” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоож, шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49-р зүйлд заасны дагуу ашигт малтмалын хайгуулын ашиглалтын тусгай зөвшөөрлүүд, хөдлөх, үл хөдлөх хөрөнгүүд, газрын хамт битүүмжлэн, захиран зарцуулах эрх, үйлдэл хийхийг түдгэлзүүлсэн.

Энэ тухайгаа 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 4/10819, 4/10821, 2019 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 4/10820 дугаартай албан бичгээр дээрх ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийн маргаантай асуудал эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл хугацаанд түдгэлзүүлж өгөх хүсэлтийг Ашигт малтмал, газрын тосны газарт гаргаж өгсөн байдаг.

3.6. Дээрхи нөхцөл байдлын улмаас манай компаниудын арван хэдэн жил асар их хөрөнгө, мөнгө зарлагдаж буй болгосон капиталыг үгүй болгож биднийг ямар нэг үйл ажиллагаа явуулах боломжгүй болгон, ажилчдын цалин хөлс тавьж чадалгүй, бусдад төлөх маш их төлбөрт оруулж үл ялах шалтаг, шалтгаанаар компанийн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож булаан авах зорилгоор бусдыг төөрөгдүүлсээр бүхэл бүтэн 7 жил гаран хохироож байна. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс нөхцөл байдлыг үл хайхарч зөвхөн төлбөр, төлөгдөөгүй гэх ганц үндэслэлээр тусгай зөвшөөрлийг цуцлахдаа Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу нөхцөл байдлыг тогтоогоогүй, Захиргааны ерөнхий хуулийн 24.1, 24.2-т заасан үйл ажиллагаануудыг явуулалгүй цуцалсан.

3.7. Учир нь миний бие тус компанийн захирал Ц эрүүл мэндийн шалтгааны улмаас 2018 онд 2 удаа химийн эмчилгээ хийлгүүлж, 2019 онд хүнд хагалгаанд оросн байх үед бидэнд тусгай зөвшөөрлийг цуцлах талаар огт мэдэгдээгүй, мэдэгдэх боломжоор огт хангаагүй бөгөөд тухайн маргаантай асуудал шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй, шүүхийн шийдвэрээр, гүйцэтгэх ажиллагаа хийгдсэн байсан үед цуцалсан. Тухайн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн эзэмшигч нь тодорхой бус 2015 оноос хойш шүүхийн маргаантай, төлбөрийг хэн төлөх нь мэдэгдэхгүй тухайн үед бидний зүгээс 2019 оныг дуустал төлбөр тооцоог хийсэн байдаг.

3.8. Дээрхи асуудал нь төрийн албаны ажлын хоорондын уялдаа холбоо, алдагдсан, холбогдох хууль тогтоомжуудыг зөрчиж, шүүх, шүүхийн шийдвэрээс илүү эрх мэдэл гаргаж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хийсэн ажиллагааг үл ойшоож, хүндэтгэн үзэх шалтгаан байсаар байтал зөвхөн Ашигт малтмалын тухай хуулийн 34-р зүйлд зааснаар “Тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг бүрэн төлөөгүй гэх ганцхан үндэслэлээр зөвшөөрлүүдийг цуцалсан байхад шүүх үүнийг үндэслэлтэй гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа.

3.9. Өмнө нь шийдвэрлэгдсэн 2 удаагийн анхан шатны шүүхээс гарсан шийдвэр, Нийслэлийг давж заалдах шатны магалдлалд, захиргааны шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 25, 26, 27 дугаар зүйлд заасан нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн эсэх болон Ашигт малтмалын тухай хуулийн 56.2, 56.3, 56.4 дүгээр зүйлд заасны дагуу ажиллагаанууд хийгдсэнийг нарийвчлан тогтоолгох үүднээс анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаасан боловч ямар ч ажиллагаа хийлгүй, үл ойшоож харин ч хэт нэг талыг барьсан үндэслэлгүй шийдвэр гаргалаа. Учир нь хууль зүйн талаасаа Захиргааны ерөнхий хуулийн 4.1-д захиргааны үйл ажиллагаанд Монгол Улсын Үндсэн хуулийн 1.2-т зааснаар хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим үйлчилнэ гэх заалт зөрчигдсөн.

3.10. Мөн тус хуулийн 4.2.6-д “Бусдын эрх хууль ёсны ашиг сонирхолыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах, 10-р зүйлийн 10.2-т захиргааны байгууллага туслалца хүссэн бусад захиргааны байгууллагатай хамтран ажиллах үүрэгтэй гэдэг заалтууд зөрчсөний улмаас өнөөдрийг хүртэл маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй манай хууль ёсны эрх ашгийг ноцтойгоор зөрчигдсөн хохироосоор байгаа тул Захиргааны ерөнхий хуулийн 47-д зааснаар Ашигт малтмалын ашиглалтын лицензийг хүчингүй болгосон захиргааны акт илт хууль бус гэж үзэж байгаа.

 Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2022/0939 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

4. Давж заалдах гомдлын агуулга: “КБ” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нараагаас дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:  

4.1. Монгол Улсын Их хурлын 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 32 тоот тогтоолын 2.8 дахь хэсэгт “Улсын ерөнхий прокурорын газар, Авлигатай тэмцэх газар, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, банкны эрх хүлээн авагч нартай хамтарсан ажлын хэсэг байгуулж, татан буугдсан банкны чанаргүй активыг шуурхай барагдуулж, Нийгмийн даатгал сан, Эрүүл мэндийн даатгалын сан буюу Төр захиргааны байгууллага, хувийн хэвшлийн компани, байгууллага, Иргэдийн мөнгөн хадгаламжийн төлбөрийг буцаан олгох ажлыг эрчимтэй богино хугацаанд төлж барагдуулах чиг үүрэгтэй ажиллахыг үүрэг болгож, дүнг сар тутам танилцуулахыг Засгийн газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороонд тус тус даалгасан болно.

Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2022/0939 дүгээр тоот шийдвэр нь хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хэрэглэвэл зохих хуулийн зүйл заалтыг хэрэглээгүй үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна.

4.2. Баянгол, Хан-Уул дүүргийн Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр №102/ШШ2016/0163 дугаар шүүгчийн захирамжаар “Ц” ХХК-аас 1,556,217,370 төгрөг харилцан тохиролцсон хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд барьцааны хөрөнгүүдийг КБинд үл маргах журмаар шилжүүлэхээр шийдвэрлэсэн.

4.3. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 389 тоот магадлалын анхан шатны шүүхэд хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан хуулийн үндэслэл нь “Хянавал” хэсэгт “Барьцаанд буй тусгай зөвшөөрлүүдийг цуцлах үндэслэл бүрдсэн  талаар хариуцагчийн тусгай зөвшөөрөл эзэмшигч 2 хуулийн этгээдэд хүргүүлсэн гэх мэдэгдлүүдээс “Үүр тур” ХХК-ийн ашигт малтмалын MB-001865 тоот тусгай зөвшөөрөлд хамаарах 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 7/6668 дугаар мэдэгдлийг тус компанид хэзээ хүргүүлсэн талаарх нотлох баримт хэрэгт огт авагдаагүй, Мэдэгдэл хүргүүлсэн талаар нотлох баримт цуглуулах ажиллагааг хангалттай хийгээгүй гэх үндэслэлийг анхан шатны шүүх авч хэлэлцээгүй шүүхийн хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас цуцлах Мэдэгдлийг тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүлээлгэн өгсөн талаарх нотлох баримт гаргаж өгөх тухай хүсэлтийг нэхэмжлэгч талаас гаргасан боловч гаргаж өгөөгүй энэ талаар шүүх дүгнээгүй.

4.4. Барьцаалагч мэдэгдлийг хүлээн авсан ч төр захиргааны байгууллагатай энэ талаар харьцаагүй, тайлбар, баримт хүлгүүлээгүй гэж дүгнэсэн нь Захиргааны хууль болон бусад холбогдох хуулийн ямар зүйлд заалтыг зөрчсөн талаар тодорхой ойлгомжгүй байна.

4.5. Барьцаалагч нь Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар “Тухайн тусгай зөвшөөрөл барьцаалагч нь уг тусгай зөвшөөрөлтэй холбоотой  үүрэг хүлээхгүй”, 51.7-д зааснаар тусгай зөвшөөрлийг тэргүүн ээлжинд шилжүүлэх саналыг тэргүүн ээлжинд гаргах эрхтэй” гэж заасны дагуу банкны эрх хүлээн авагчаас тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авах хүсэлт гаргаж байгаагүй байна гэж дүгнэсэн нь барьцаалагч хэдийгээр тэргүүн ээлжинд шилжүүлэн авах эрхтэй байсан ч шийдвэр гүйцэтгэлийн үйл ажиллагаа хийгдэж түдгэлзүүлсэн тул хүсэлт гаргах хууль эрх зүйн үндэслэлгүй байсан бөгөөд хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байгаа. Талууд төлбөр авагч  Банкны эрх хүлээн авагч, Төлбөр төлөгч “Ц” ХХК нар нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагаар хоорондоо харилцан тохиролцож тусгай зөвшөөрлийг шилжүүлэх тухай хүсэлтийг Банк хадгаламж, төлбөр барагдуулах ажлын албанд хандсан боловч Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын тушаалаар тусгай зөвшөөрөл цуцлагдсан тул шилжүүлэх боломжгүй гэдгийг мэдэгдсэн.

4.6. Банкны эрх хүлээн авагч нь шүүхийн шийдвэрээр үл маргах журмаар тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авч худалдан борлуулснаар Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыны сан, Төр болон иргэд компанийн их хэмжээний мөнгөн хохирол, төлбөрийг барагдуулахыг анхааран үзнэ үү

4.7. Ашигт малтмалын тухай хуульд хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн асуудлаар шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гүйцэтгэлийн ажиллагааны явц буюу тодорхой, шалтгааны улмаас тухайн хуулийн 32.2, 32.6 56 дугаар зүйлд зааснаар төлбөрийг хэрхэн төлөх талаар нарийвчилсан зохицуулалт байхгүй бөгөөд ижил төсөөтэй хуулийн зүйл заалтыг хэрэглэх нь Шүүхийн шийдвэр заавал биелэгдэх, хэргийг үнэн зөв, шударгаар шийдвэрлэхэд хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Энэхүү ашигт малтмалын хайгуулы тусгай зөвшөөрлүүд болон  барьцаа хөрөнгийг үл маргах журмаар шилжүүлэх үнийн асуудал дээр талууд маргаантай, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж байсан болно.

4.8. “КБ” ХХК-аас барьцаа хөрөнгийг үл маргах журмаар шилжүүлэх шүүхийн шийдвэрт гомдол гаргаж, маргаантай байсан учраас Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд “... тусгай зөвшөөрлүүдийг цуцлах асуудлыг түр түдгэлзүүлэхийг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгаж шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлтийг гаргахад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандан зохих байгууллагад мэдэгдэл хүргүүлэх боломжтой гэсэн хариу ирүүлсэн бөгөөд “КБ” ХХК-иас 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1/4553 албан бичгээр ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийн ээлжит төлбөрийг төлөх, цуцлах асуудлыг маргаан эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл хойшлуулж өгөх хүсэлтийг удаа дараа өгч байсан мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасны дагуу ашигт малтмалын хайгуулын ашиглалтын тусгай зөвшөөрлүүд,  хөдлөх хөрөнгүүд, газрын хамт битүүмжлэн, захиран зарцуулах эрх, үйлдэл хийхийг түдгэлзүүлсэн тухай 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 4/10819 дугаартай албан бичгийг Ашигт малтмал, газрын тосны газар болон Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлж, түдгэлзүүлсэн талаар хариу өгөх тухай Мэдэгдлийг хүргүүлсэн байхад Ашигт малтмал, газрын тосны газар болон Ашигт малтмал, газрын тосны газар Геологи, уул уурхайн кадастрын хэлтэс нь хууль зөрчиж, хүнд суртал гаргаж, нэг талын давамгай байдлаа ашиглаж, бусдын эрх ашгийг хөндөж, хүсэлт, мэдэгдэлд ашигт малтмалын ээлжит төлбөрийг төлөх, түдгэлзүүлсэн талаар байгууллагын албан бичигт хариу хүргүүлж байгаагүй нь барьцаалагч, барьцаалуулагч, шийдвэр гүйцэтгэх байгууллагад маргаан эцэслэн шийдвэрлэх хүртэл хойшлуулсан гэсэн ойлголтыг төрүүлсэн.

Ашигт малтмал, газрын тосны газар болон Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэст банкны эрх хүлээн авагч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас удаа дараа, нөхцөл байдал маргаантай байгаа талаараа удаа дараа мэдэгдэж байсан бөгөөд албан бичгийн хариуг тухай бүр хуулийн дагуу хариу өгч байсан бол талууд төөрөгдөлд орж, маргаан үүсэж, их цаг хугацаа алдахгүй байсан гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар нэхэмжлэгч “КБ” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ц нарын давж заалдах гомдлоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

2. Анхан шатны шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, маргааны үйл баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт хийсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “КБ” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ц нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв

Давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангах үндэслэлгүй гэж үзэв. Үүнд:

2.1. Анхан шатны шүүхийн “... барьцаалагч нь тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх үүрэг хүлээхгүй, тусгай зөвшөөрлийн ээлжит төлбөрийг төлөх үүрэг тусгай зөвшөөрөл эзэмшигчид ногдоно ... тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн талаар мэдэгдэл хүргүүлэх үүргээ хариуцагч төрийн захиргааны байгууллага биелүүлсэн ... шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас тусгай зөвшөөрлийг битүүмжилсэн шийдвэр нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөхгүй байх үндэслэл болохгүй ... тусгай зөвшөөрлийг цуцалснаас хойш алдангийг төлсөн нь тусгай зөвшөөрлийг цуцалсан захиргааны байгууллагын шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй ... барьцаалагч нь барьцааны зүйл болох ашиглалтын тусгай зөвшөөрлийг эрх бүхий өөр этгээдэд шилжүүлэх тухай өргөдлийг ашигт малтмалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад гаргаагүй ... шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүйгээс шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа хийгдэж, энэ ажиллагааны хүрээнд тусгай зөвшөөрлүүдийг битүүмжилж, бусдад шилжүүлэх, захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн нь тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй ...” гэсэн үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

2.2. Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө”, 34.6-д Энэ хуулийн 34.2-т “заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд ...алданги ногдуулна”, 34.7-д “Энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална”, 56 дугаар зүйлийн 56.2-т “төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэлийг тодорхой заана”, 56.3-т “мэдэгдэлд заасан үндэслэлийг зөвшөөрөхгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч түүнийгээ нотлох баримт бичгийг төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ”, 56.4-т “төрийн захиргааны байгууллага 56.3-т заасан баримт бичгийг хянаж үндэслэлтэй бол тусгай зөвшөөрлийг цуцлах тухай мэдэгдлийг хүчингүй болгох ба үндэслэлгүй бол тусгай зөвшөөрлийг цуцалж эдгээр шийдвэрийг тусгай зөвшөөрөл эзэмшигчид мэдэгдэнэ” гэж тус тус заасан.

2.3. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар “Ү” ХХК-ийн MV-001865 дугаартай тусгай зөвшөөрлийг 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 543 дугаар шийдвэрээр, “Ц” ХХК-ийн MV-013676 дугаартай тусгай зөвшөөрлийг 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 317 дугаар шийдвэрээр, “Ц” ХХК-ийн MV-012029 дугаартай тусгай зөвшөөрлийг 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 543 дугаар шийдвэрээр, “Ц” ХХК-ийн MV-004016 дугаартай тусгай зөвшөөрлийг Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 583 дугаар шийдвэрээр тус тус Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг алдангийн хамт хугацаанд нь бүрэн төлөөгүй гэсэн үндэслэлээр цуцалж,

2.4. Улмаар “Ү” ХХК-д МV-01865 дугаартай тусгай зөвшөөрөл цуцлагдах төлбөр төлөөгүй үндэслэл бүрдсэн талаарх мэдэгдлийг 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 7/6668 тоот албан бичгээр, “Ц” ХХК-д МV-012029 дугаартай тусгай зөвшөөрөл цуцлагдах төлбөр төлөөгүй үндэслэл бүрдсэн талаарх мэдэгдлийг 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 7/6464 тоот, 10 дугаар сарын 01-ний өдрийн 7/6667 тоот албан бичгээр, “Ц” ХХК-д МV-013676 дугаартай тусгай зөвшөөрөл цуцлагдах төлбөр төлөөгүй үндэслэл бүрдсэн талаарх мэдэгдлийг 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 7/3848 тоот, 6 дугаар сарын 28-ны өдрийн 7/4879 тоот албан бичгээр, “Ц” ХХК-д МV-004016 дугаартай тусгай зөвшөөрөл цуцлагдах төлбөр төлөөгүй үндэслэл бүрдсэн талаарх мэдэгдлийг 2019 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 2/166 тоот албан бичгээр хүргүүлсэн үйл баримт тогтоогдож байна.

2.5. Анхан шатны шүүх “... тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх ... мэдэгдэлд заасан үндэслэлийг зөвшөөрөхгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч түүнийгээ нотлох баримт бичгийг төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ ... баримт бичгийг хянаж үндэслэлтэй бол тусгай зөвшөөрлийг цуцлах тухай мэдэгдлийг хүчингүй болгох ба үндэслэлгүй бол тусгай зөвшөөрлийг цуцалж эдгээр шийдвэрийг тусгай зөвшөөрөл эзэмшигчид мэдэгдэнэ ... тусгай зөвшөөрөл цуцлах үндэслэл бүрдсэн талаар зөвхөн тусгай зөвшөөрөл эзэмшигчид буюу тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх үүрэг бүхий этгээдэд мэдэгдэл хүргүүлэхээр заасан, магадгүй цуцлах үндэслэлийг няцаах баримт ирвэл тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэрээ эргэж нягтлах боломжтой ... тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн талаар мэдэгдэл хүргүүлэх үүргээ хариуцагч төрийн захиргааны байгууллага биелүүлсэн ...” гэж дүгнэснийг буруу гэж үзэх үндэслэлгүй байна.

2.6. Тодруулбал, Тусгай зөвшөөрлийн ээлжит төлбөрийг төлөх үүргийг тусгай зөвшөөрөл эзэмшигчид хуулиар хүлээлгэсэн байх бөгөөд тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн талаарх мэдэгдлийг хуулиар хүлээсэн төлбөр төлөх үүрэг бүхий этгээдэд хүргүүлэх ба уг этгээд нь хаягтаа байхгүй нь төлбөр төлөх үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй. Хэдийгээр хариуцагчаас тусгай зөвшөөрөл эзэмшигчийн ашигт малтмалын хувийн хэрэг дэх бүртгэлтэй хаягаар шуудангаар хүргүүлсэн ч хаягтаа байхгүй, утас нь орох ярианы эрх хаагдсан хэмээн буцаасан гэж тайлбарладаг ч хаягтаа байхгүй байсан нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн ээлжит жилийн төлбөрийг төлөх үүргээс чөлөөлөгдөх хууль зүйн үндэслэл болохгүй. 

Хэдийгээр нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ц нь 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл 12 хоногийн хугацаатайгаар, 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 2018 оны 02 дугаар сары 08-ны өдрийг хүртэл 7 хоногийн хугацаатайгаар, 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 5 хоногийн хугацаатайгаар БНСУ-руу зорчиж, БНСУ-ын “Үридил” эмнэлэгт эмчлүүлж байсан болох нь тогтоогдсон ч 2018 онд 24 хоног БНСУ-д байсан, эмчилгээ хийлгэсэн талаарх баримтаар түүнийг тусгай зөвшөөрөл цуцлах хүртэлх бүх цаг хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж үзэх үндэслэлгүйгээс гадна анхан шатны шүүх “Ү” ХХК-д МV-01865 дугаартай тусгай зөвшөөрөл цуцлагдах төлбөр төлөөгүй үндэслэл бүрдсэн талаарх мэдэгдлийг 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 7/6668 тоот албан бичгээр хүргүүлсэн байна гэж хэрэгт авагдсан баримтад үндэстэй зөв дүгнэлт хийсэн байх тул хариуцагчийг мэдэгдэх үүргээ биелүүлээгүй гэж буруутгах үндэслэлгүй, энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна. 

2.7. Түүнчлэн  Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.20-д "тусгай зөвшөөрлийн төлбөр" гэж тусгай зөвшөөрлийг хүчин төгөлдөр байлгах зорилгоор эзэмшигчээс нь энэ хуульд заасны дагуу төлөх төлбөрийг” , 31 дүгээр зүйлийн 31.1-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 32, 33 дугаар зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаж ажиллах үүрэгтэй бөгөөд зөрчвөл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална”, 32.1-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн дагуу жил бүр төлнө” гэж тус зааснаас үзвэл тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг хуульд заасны дагуу жил бүр төлөх үүрэгтэй, тэрхүү төлбөр нь тусгай зөвшөөрлийг хүчин төгөлдөр байлгах зорилгын илэрхийлэл байх тул анхан шатны шүүх “... “Ц” ХХК-ийн захирал бөгөөд нэхэмжлэгч “Ү” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тухайн хугацаанд хаягтаа байгаагүй, утас нь холбогдохгүй талаар маргаагүй, .... эрүүл мэндийн шалтгаанаар хаягтаа байгаагүй гэж тайлбарласан ч энэ нь тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг үгүйсгэхгүй ... тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх хугацааг ... эзэмшигч мэдэж байх ёстой, ... тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлсөн баримт, төлбөр төлөхөөс чөлөөлөгдсөн гэх баримт байсан гэж маргаагүй ... цуцлах үндэслэлийн мэдэгдлийг хүчингүй болгох үндэслэл болохуйц баримт гаргаж тайлбарлаагүй .... шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас тусгай зөвшөөрлийг битүүмжилсэн шийдвэр нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөхгүй байх үндэслэл болохгүй, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтан нь ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талаар тодорхойлох эрх бүхий этгээд биш ...” гэж дүгнэснийг буруу гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймээс нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Цогт-Эрдэнийн “... Мэдэгдэл хүргүүлэх үүргээ биелүүлсэн гэж шүүх үзсэн ...тус компанийн захирал Ц эрүүл мэндийн шалтгааны улмаас  2018 онд 2 удаа химийн эмчилгээ хийлгүүлж, 2019 онд хүнд хагалгаанд орсон ... тусгай зөвшөөрлийг цуцлах талаар огт мэдэгдээгүй, мэдэгдэх боломжоор огт хангаагүй ...” гэх гомдлоор хариуцагчийн тусгай зөвшөөрлүүдийг цуцалсан шийдвэрийг буруутгах үндэслэлгүй байна.

2.8. Түүнчлэн, Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа, Монгол Улсад татвар төлөгч хуулийн этгээдэд энэ хуульд өөрөөр заагаагүй бол сонгон шалгаруулалтын журмаар олгоно”, 7.2-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байх бүх хугацаанд энэ хуулийн 7.1-д заасан нөхцөлийг хангасан байна” 51 дүгээр зүйлийн 51.1-д “... ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ... тусгай зөвшөөрлийг эрэл, хайгуулын ажлын үр дүнгийн тайлан, геологийн судалгааны мэдээлэл, техник, эдийн засгийн үндэслэл зэрэг холбогдох баримт бичиг болон хууль тогтоомжоор барьцаалахыг хориглоогүй эд хөрөнгийн хамтаар банк, ... д барьцаалж болох бөгөөд тусгай зөвшөөрөл нь дангаараа барьцааны зүйл болохгүй”, 51.6-д “Тухайн тусгай зөвшөөрөл барьцаалагч нь уг тусгай зөвшөөрөлтэй холбоотой үүрэг хүлээхгүй”, 51.7-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь барьцааны гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхээргүй ... бол барьцаалагч нь мөн хуулийн 7.1-д заасан эрх бүхий этгээдэд тусгай зөвшөөрлийг шилжүүлэх саналыг тэргүүн ээлжинд гаргах эрхтэй”, 52 дугаар зүйлийн 52.1-д “Барьцаалуулагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцаалагч нь хүсвэл барьцаалагдсан ... ашиглалтын тусгай зөвшөөрлийг эрх бүхий өөр этгээдэд шилжүүлэх тухай өргөдлийг энэ хуулийн 49 дүгээр зүйлд заасны дагуу төрийн захиргааны байгууллагад гаргана” гэж тус тус заасан.

2.9. Нэхэмжлэгч “Ц” ХХК, “Ү” ХХК буюу хуулийн этгээд тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан энэ тохиолдолд хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлага өвчтэй байсныг хуулийн этгээд тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх үүргээ биелүүлэх боломжгүй байсан гэж үзэх үндэслэл болохгүй.

Түүнчлэн тусгай зөвшөөрлийг барьцаалж болох боловч барьцаалагч нь тусгай зөвшөөрөлтэй холбоотой үүрэг хүлээхгүй, барьцаалуулагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцаалагч нь хүсвэл барьцаалагдсан тусгай зөвшөөрлийг эрх бүхий өөр этгээдэд шилжүүлэх тухай өргөдлийг гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй талаар дээрх хуулиар зохицуулсны дагуу барьцаалагчаас тусгай зөвшөөрлийг өөр этгээдэд шилжүүлэх талаар өргөдөл хүсэлт гаргасан гэж хэргийн оролцогчид маргаагүй байх бөгөөд шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүйн улмаас барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар албадан биелүүлэх ажиллагаа хийгдэж тусгай зөвшөөрлүүдийг битүүмжилж, бусдад шилжүүлэх, захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх үүргээс чөлөөлөгдөх хууль зүй үндэслэл болохгүй байна.

2.10. Иймд анхан шатны шүүх “... тусгай зөвшөөрлүүдийг барьцаалагч болон барьцаалуулагч хооронд зээлийн төлбөрийн талаар хуваарь тогтоон төлөхөөр эвлэрч, эвлэрлийг баталсан шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон ч ийнхүү барьцаалуулагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй хэмээн барьцаалагч барьцааны зүйл болох ашиглалтын тусгай зөвшөөрлийг эрх бүхий этгээдэд шилжүүлэх тухай өргөдлийг ... гаргаагүй ... шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас тусгай зөвшөөрлийг битүүмжилсэн шийдвэр нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөх үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй ...” гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй байх тул нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Цогт-Эрдэнийн “... Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2-т заасан үйл ажиллагаануудыг явуулаагүй ... тусгай зөвшөөрлийг цуцлах талаар огт мэдэгдээгүй, мэдэгдэх боломжоор огт хангаагүй ... тухайн маргаантай асуудал шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй, шүүхийн шийдвэрээр гүйцэтгэх ажиллагаа хийгдсэн байсан үед цуцалсан ...” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

Ийнхүү анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэстэй зөв дүгнэлт хийж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Түүнчлэн Улсын дээд шүүх 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 67 дугаар тогтоолд “... хуульд хувь хүн, хуулийн этгээдийг ялгаж, зөвхөн хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгодог нь тусгай зөвшөөрлийг эзэмших, түүний дагуу үйл ажиллагаа явуулах, тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байдлыг хадгалахад шаардагдах хүний нөөц, төсөв санхүү, зохион байгуулалт зэргийг хариуцах чадвартайг харгалзсан хэрэг бөгөөд тусгай зөвшөөрлийн хүчинтэй байдлыг хангахад шаардагдах үүрэг, хариуцлагыг хуваарилах, цаг тухайд нь биелүүлж ажиллах нь тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн үүрэг байна. Иймд зөвхөн нэг албан тушаалтан өвчтэй байсан гэх үндэслэл нь хуулийн этгээдийг тухайн үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй ...” гэж дүгнэгдсэн нь нийтэд илэрхий үйл баримт болохыг дурдах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар  сарын 12-ны өдрийн 939 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “КБ” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ц нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ц давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч “КБ” ХХК дахь банкны эрх хүлээн авагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮГЧ                                                           Д.ОЮУМАА

 

ШҮҮГЧ                                                           Д.БААТАРХҮҮ

 

ШҮҮГЧ                                                          Н.ХОНИНХҮҮ