Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 001/ХТ2019/00169

 

Ц.Агийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2018/01830 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 1829 дүгээр магадлалтай,

Ц.Агийн нэхэмжлэлтэй

НШШГГт холбогдох

Эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Үлэмжийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Ц.А нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний өмгөөлөгч С.Үлэмж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч 2017 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 82 тоот Улсын дээд шүүхийн тогтоолын дагуу Мөнгөн Зоос Кредит ББСБ ХХК-д төлөх төлбөрт нэхэмжлэгчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө болох Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Дүнжингарав хороолол 104 дүгээр байрны 5 тоот хаягт байрлах 86,9 м.кв талбай бүхий орон сууцыг худалдан борлуулах болсон. Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас томилсон үнэлгээчний гаргасан үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь тухайн үл хөдлөх хөрөнгийн байршил, одоогийн зах зээлийн үнэлгээ нь дээрх томилогдсон шинжээчийн үнэлгээнээс харьцангуй өндөр байгаа бөгөөд үнэлгээний дагуу эд хөрөнгийг худалдан борлуулах нь өмчлөгчийн өмчлөх эрхийг ноцтой зөрчнө. Орон сууц нь багадаа м.кв нь 2 500 000 төгрөгийн үнэлгээтэй. Иймд үнэлгээг хүчингүй болгож, шинээр үнэлгээ тогтоохыг даалгаж өгнө үү. Үнэлгээнд хавсаргасан баримтаас харахад шинжээчээр ХХК-г томилсон. Гэтэл Санж үнэлсэн байна. ХХК нь эрхтэй эсэх нь тодорхойгүй, Санж үнэлсэн нь томилсон этгээд мөн эсэх нь маргаантай гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Батмөнхөөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Улсын дээд шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 82 дугаар тогтоолоор Ц.Агаас 100 255 950 төгрөгийг гаргуулж Мөнгөн зоос кредит ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгчид шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг мэдэгдсэн боловч төлбөрийг төлөөгүй. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, Мөнгөн зоос кредит ББСБ ХХК-д барьцаалагдсан төлбөр төлөгч Ц.Агийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг 12 дугаар хороо, Дүнжингарав хороолол, Их монгол улсын гудамж 104 дүгээр байрны 05 тоотод орших эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000дугаартай 86.96 м.кв талбайтай дөрвөн өрөө орон сууцыг 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 9/161 дугаартай битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-т заасны дагуу хугацаа тогтоож уг тогтоолын нэг хувийг төлбөр төлөгч, өмчлөгч Ц.Ад хүлээлгэн өгөхөд гарын үсэг зурахгүй гэсэн тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-т заасны дагуу шалтгааныг тодруулахад өмгөөлөгчөөсөө асууж байж зурах болно гэх тайлбар өгснийг тэмдэглэлд тусган битүүмжлэх тогтоолыг хариуцуулан үлдээсэн. Төлбөр төлөгч тогтоосон хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д зааснаар хөндлөнгийн 2 гэрчийг оролцуулж, төлбөр төлөгч, өмчлөгч Ц.Аг байлцуулан 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 9/161,02 дугаартай эд хөрөнгийг хураасан тогтоолоор барьцаалан хурааж тогтоолын нэг хувийг өмчлөгч, төлбөр төлөгч Ц.Ад хүлээлгэн өгөхөд гарын үсэг зурахаас татгалзсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-т заасны дагуу шалтгааныг тодруулахад өмгөөлөгчөөсөө асууж байж зурах болно гэх тайлбар өгснийг тэмдэглэл тусган хураах тогтоолыг хариуцуулан үлдээсэн. Төлбөр төлөгч Ц.Ад 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 4/28847 тоот үнийн санал авах тухай мэдэгдлийг баталгаат шуудангаар явуулсан. Мөн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 4/29684 тоот үнийн санал авах тухай мэдэгдлийг баталгаат шуудангаар дахин явуулсан. Төлбөр төлөгч Ц.Агийн өмчлөлийн барьцаалан хураагдсан үл хөдлөх хөрөнгийн үнийн саналыг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу авахад Баянзүрх дүүрэг 12 дугаар хороо, Дүнжингарав хороолол, Их монгол улсын гудамж 104 дүгээр байрны 05 тоотод орших эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000дугаартай 86.96 м.кв талбайтай дөрвөн өрөө орон сууцыг 217 500 000 төгрөгөөр үнэлж байгаа тухай 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр албан бичгээр ирүүлснийг төлбөр авагч Мөнгөн зоос кредит ББСБ ХХК 2018 оны 01 дүгээр сарын 25-ны №02 дугаар албан бичгээр үнийн саналыг хүлээн зөвшөөрөөгүй, шинжээчээр үнэлгээг тогтоолгоё гэсэн тул тус газраас 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр мэргэжлийн үнэлгээчин томилж зах зээлийн үнэлгээг хөрөнгийн үнэлгээний Бэсгэ ХХК ХХКомпаниар тогтоолгосон. Орон сууцыг 195 991 694 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний мэдэгдлийг төлбөр төлөгч Ц.Ад 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 17 цаг 23 минутад 99111381 дугаарын утсаар холбогдон 4/4136 дугаар мэдэгдлийг танилцуулж тус мэдэгдлийг 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр төлбөр төлөгчийн хаягаар нь баталгаат шуудангаар явуулсан тухай мэдэгдсэн. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62-р зүйлд заасан эрхийг төлбөр төлөгч Ц.Ад танилцуулж энэ тухай тэмдэглэлд тусгасан. Төлбөр авагчид 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 4/4137 тоот мэдэгдлээр танилцуулсан. Тухайн үл хөдлөх эд хөрөнгийг 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулсан боловч худалдан борлогдоогүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасны дагуу талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан. Шүүхэд гомдол гаргах хугацаа дууссан байхад гомдол гаргасан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2018/01830 дугаар шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт зааснаар хариуцагч НШШГГт холбогдох Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Дүнжингарав хороолол 104 дүгээр байрны 5 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000дугаарт бүртгэгдсэн 86,9 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцны үнэлгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэгч Ц.Агийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 1829 дүгээр магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2018/01830 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Үлэмжийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Үлэмж хяналтын гомдолдоо: Шийдвэр болон магадлалыг эс хүлээн зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Миний үйлчлүүлэгч Ц.Агийн БЗД-ийн 12-р хороо, Дүнжингарав хороолол, 104-р байрны 5 тоот хаягт байрлах 86.9 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах болсон боловч шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас томилсон үнэлгээчний гаргасан үнэлгээг эс хүлээн зөвшөөрч байгаа билээ. Үнэлгээ гаргах эрх бүхий этгээд нь аливаа этгээдээс хараат бус байх ёстой бөгөөд тухайн үнэлгээг гаргасан этгээд болох Бэста хөрөнгийн үнэлгээний компаний гаргасан үнэлгээ нь зах зээлийн үнэлгээнээс доогуур байгаа нь манай үйлчлүүлэгчийн эрх ашгийг ноцтой зөрчиж байна. Хөрөнгийн үнэлгээний талаар нэхэмжлэгч өөрөө нотлох баримт гаргаж өгөх боломжтой байхад өөрөө үүргээ биелүүлээгүй мэтээр тайлбарлаж хэргийг хянан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Манай зүгээс анхан шатны шүүхэд тухайн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг дахин тогтоохоор хүсэлт гаргасан боловч анхан шатны шүүх хангах шаардлагагүй гэж шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын тэгш байдлыг хангаагүй гагцхүү нэг талын буюу хариуцагч талын гаргаж өгсөн нотлох баримтыг үндэслэн шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий хууль ёсны байх зарчмыг зөрчсөн гэж үзэж байна. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

Хоёр шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчөөгүй байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхино.

Нэхэмжлэгч Ц.А 2018 оны 04 сарын 04-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, хариуцагч НШШГГт холбогдуулан үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, “...шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан, шүүхэд гомдол гаргах хугацаа өнгөрсөн...” гэж маргажээ.

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 001/ХТ2017/00082 тогтоолоор шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, Ц.Агаас 99 600 000 төгрөгийг гаргуулж Мөнгөн зоос кредит ББСБ ХХК-д олгож, барьцааны хөрөнгө болох Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Дүнжингарав хороолол, Их Монгол улсын гудамж, 104 дүгээр байрны 5 тоот хаягт орших 86.96 мкв талбай бүхий 4 өрөө орон сууцны үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн байна.

Ц.А нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул төлбөр авагчийн хүсэлтээр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх захирамж гарч, шүүхийн гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Дүнжингарав хороолол, Их Монгол улсын гудамж 104 дүгээр байр, 5 тоот 4 өрөө орон сууцыг 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 9/161 дүгээр тогтоолоор битүүмжилж, 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 9/161 дүгээр тогтоолоор эд хөрөнгийг хурааж, 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 32 дугаар тогтоолоор шинжээч томилжээ.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д “Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно...” гэж заасан байна.

Төлбөр төлөгч Ц.А нь дуудлага худалдаагаар худалдан борлуулах үл хөдлөх эд хөрөнгийн үнийг 217 500 000 төгрөг гэж санал өгсөн, уг үнийн саналыг төлбөр авагч Мөнгөн зоос кредит ББСБ ХХК  зөвшөөрөөгүй, талууд үнийг харилцан тохиролцоогүй тул НШШГГ шинжээч томилжээ.

Шинжээч Бэсгэ ХХК үл хөдлөх хөрөнгийн үнийг 195 991 694 төгрөгөөр үнэлсэн, хариуцагч үнэлгээг 2018 оны 03 сарын 05-ны өдөр төлбөр төлөгч Ц.Ад мэдэгдсэн, нэхэмжлэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан хугацаанд шүүхэд гомдол гаргасан ба шинжээчийн үнэлгээг зах зээлийн үнээс доогуур гэх байдлыг нэхэмжлэгч нотлоогүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэр, магадлал Иргэний хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөрчөөгүй  байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2018/01830 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 1829 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                              ТАНХИМЫН ТЭРГҮҮН                          Х.СОНИНБАЯР

                          ШҮҮГЧ                                                    П.ЗОЛЗАЯА