Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 2020/ШЦТ/854

 

 

 

 

 

2020       09          24                                   2020/ШЦТ/854  

                      

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж,

Нарийн бичгийн дарга Э.Цогбаяр,

Улсын яллагч Г.Түвшинбаяр,

Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б холбогдох эрүүгийн 1809 00789 0909 дугаартай хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1990 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг эхийн хамт Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 7/5 дугаар байрны 03 тоотод оршин суух хаягтай, Б овогт Б Б /РД:********/,

Холбогдсон хэргийн талаар:/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б.Б нь хохирогч Д.Ө “Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах иргэн П.Б эзэмшлийн “Примал Арена” нэртэй компьютер тоглоомын газрын 50 ширхэг компьютерыг зарна” хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар түүнийг төөрөгдөлд оруулж, улмаар 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ хийх нэрийдлээр 10.000.000 төгрөгийг залилан авсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянавал:

Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт “...Өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн тул хорихоос өөр төрлийн ял шийтгэж өгнө үү ...” гэжээ.

Нэг. Гэм буруугийн талаар.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдаж, хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлахад шүүгдэгч Б.Б нь залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.

Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Д.Ө өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 25-26/-р тал, гэрч П.Б мэдүүлэг /1-р хх-ийн 28/-р тал, гэрч О.А мэдүүлэг /1-р хх-ийн 29/-р тал, гэрч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Ж Х мэдүүлэг /1-р хх-ийн 32/-р тал зэрэг болон хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, түүнчлэн мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан  гэх үйл баримт тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Б нь хохирогч Д.Ө залилан мэхэлж хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ хийх нэрийдлээр 10.000.000 төгрөгийг залилан мэхэлж авсан болох нь хохирогч, гэрч, шүүгдэгчийн мэдүүлэг болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон, прокуророос шүүгдэгч Б.Б үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна.

Нөгөөтээгүүр хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас харахад шүүгдэгч Б.Б нь тухайн гэмт хэргийг үйлдээгүй талаар эргэлзээ төрөхүйц баримт авагдаагүйн дээр шүүхээс дээрх нотлох баримтуудад тулгуурлан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдоогүй болно.  

Иймд, шүүгдэгч Б.Б бусдыг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв. Тухайн гэмт хэргийн улмаас хохирогч Д.Ө  учирсан бодит хохирлыг шүүгдэгчийн ар гэрийн зүгээс нөхөн төлсөн хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт “.../хх-ийн 50/-р хуудас...” тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.         

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч саналдаа “...Шүүгдэгч Б.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.460.000 төгрөгийн торгуулийн ял оногдуулж, шүүгдэгч Б.Б цагдан хоригдсон 164 хоногийн 1 хоногийг 15000 төгрөгөөр тооцон түүний эдлэх ялд оруулан тооцох...” саналыг,

Шүүгдэгчийн зүгээс “...хорихоос өөр төрлийн ял шийтгэж өгнө үү...” гэх саналыг тус тус гаргажээ.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангахаас гадна Эрүүгийн хуулийн зорилго биелэгдэх үндэслэл болно.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан оролцогч нарын санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж, шүүхээс тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан “...Оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх...” үүргийг хүлээлгэж шийдвэрлэв.

            Ялтан нь шүүхээс тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг дахин үйлдсэн, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх прокурорын дүгнэлтийг үндэслэн тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулж болохыг анхааруулах нь зүйтэй.

        Гурав. Бусад асуудлын талаар

Шүүгдэгч Б.Б нь энэ хэргийн учир 164 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт  Б хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Б “...Оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх...” үүргийг хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулж болохыг анхааруулж, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь энэ хэргийн учир 164 хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Х.ИДЭР