Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 970

 

 

 

 

 

 

Б.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Мягмаржав, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Отгонбаатар,   

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 451 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Г.Түвшинбаярын бичсэн 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 24 дугаартай эсэргүүцэл болон шүүгдэгч Б.Б-ы гаргасан давж заалдах гомдлоор Б.Б-д холбогдох 1809 00789 0909 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 7 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Б-ын Б, 19... оны 8 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .., эцэг, эхийн хамт .... дүүргийн ... дугаар хороо, ... дугаар байрны .. тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:УК...../;

Б.Б нь хохирогч Д.Өлзийбаярт “Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах иргэн П.Баянжаргалын эзэмшлийн “Примал Арена” нэртэй компьютер тоглоомын газрын 50 ширхэг компьютерийг зарна” хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар түүнийг төөрөгдөлд оруулж, улмаар 2017 оны 10 дугаар сарын 3-ны өдөр хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ хийх нэрийдлээр 10.000.000 төгрөгийг залилан авсан гэмт хэрэгт холбогджээ.  

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Б.Б-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овгийн Б-ын Б-ыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Б-ы урьдчилан цагдан хоригдсон 30 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-аас нийт 5.880.000 төгрөгийг гаргуулан хохирогч Д.Өлзийбаярт олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б-аас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн тоолж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор Г.Түвшинбаяр бичсэн эсэргүүцэлдээ: “Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хянан хэлэлцээд, Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зйүлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн юм. Шүүх шийдвэрээ шүүх хуралдааны танхимд танилцуулж, тэмдэглэлд тусгуулсан байна.

Гэвч гардуулсан шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ыг 1 жилийн хорих ялаар шийтгэж, мөн тогтоолын 3 дахь хэсэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зйүлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, шүүх хуралдаанд уншиж сонсгосон шийдвэрийн тогтоох хэсэг гардуулсан шийдвэрийн тогтоох хэсгээс зөрүүтэй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсгийг ноцтой зөрчсөн байна. Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгч Б.Б гаргасан давж заалдах гомдолдоо: “...Би өөрийн хийсэн гэмт хэрэгтээ гэмшиж, хохирогч Д.Өлзийбаярт нийт 5.880.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан болно. Иймд хохирлоо төлж барагдуулсан байдлыг минь харгалзан үзэж, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэжээ.

Прокурор М.Отгонбаатар шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Г.Түвшинбаяр прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “2 жилийн ял” гэж дүгнэлт хийсэн атлаа тогтоох хэсэгт “1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр” гэж зөрүүтэй дүгнэлт хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасныг тус тус зөрчсөн. Анхан шатны шүүхээр хэргийг дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзэж байна.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл болон шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлагдахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Б.Б-ыг хохирогч Д.Өлзийбаярт “Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах иргэн П.Баянжаргалын эзэмшлийн “Примал Арена” нэртэй компьютер тоглоомын газрын 50 ширхэг компьютерийг зарна” хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар түүнийг төөрөгдөлд оруулж, улмаар 2017 оны 10 дугаар сарын 3-ны өдөр хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ хийх нэрийдлээр 10.000.000 төгрөгийг залилан гэмт хэрэг үйлдсэн гэж үзээд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Гэтэл, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэлийн тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр” тогтоосон байх бөгөөд шүүх хуралдаанд уншиж сонсгосон шийдвэрийн тогтоох хэсэг гардуулсан шийдвэрийн тогтоох хэсгээс зөрүүтэй бичигдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д “Шүүх хуралдаанд уншиж сонсгосон шийдвэрийн тогтоох хэсэг гардуулсан шийдвэрийн тогтоох хэсгээс зөрүүтэй бол” гэж, мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Дараахь үндэслэлийн аль нэг нь байвал давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгох, эсхүл өөрчилнө” гэж, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн” гэж тус тус заажээ.

Давж заалдах шатны шүүх нь шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болохоос шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэлийг хүндрүүлэх эрх хэмжээгүй байна.

Иймд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарах тул энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч,  шийтгэх тогтоолыг хүчингүй болгон Б.Б-д холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Б-ыг бусдыг залилахдаа хуурч, бодит байдлыг нуух замаар түүнийг төөрөгдөлд оруулсан гэж залилах гэмт хэргийн шинжийг тодорхойлсон байх бөгөөд анхан шатны шүүх хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилах гэмт хэрэг үйлдсэн гэж “залилах” гэмт хэргийн шинжийг нэмж буруутгасан нь шүүгдэгчийн эрх зүйн байдалд хэрхэн нөлөөлж байгаа талаар хууль зүйн дүгнэлт хийвэл зохино.  

Мөн анхан шатны шүүх шүүгдэгч Б.Б-д ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамласан нь ойлгомжгүй байх бөгөөд хууль хэрэглээний болон хууль зүйн техникийн хувьд хэрэгцээ шаардлага үүсээгүй байгааг анхаарах нь зүйтэй.    

Хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасантай холбогдуулан шүүгдэгч Б.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Б-ы “...ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 451 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Б-д холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх хүртэл шүүдэгч Б.Б-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

                ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Т.ӨСӨХБАЯР

ШҮҮГЧ                                                        Д.МЯГМАРЖАВ

ШҮҮГЧ                                                        Б.АРИУНХИШИГ