Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 13

 

Эвлэрэл болон нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

      Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Оюунгэрэл би Увс аймгийн Зүүнговь сумын Засаг даргын “Баруунтуруун сумын Засаг даргын 2014 оны 06 сарын 09-ний өдрийн 59, 2005 оны 5 сарын 22-ны өдрийн 33, 2016 оны 01 сарын 20-ны өдрийн А/11 дугаартай захирамжуудын Б.Ц, З.Б, Т.Д, Н.Ц, Б.К, Ц.Ж, З.Г нарт холбогдох хэсгийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3 дахь хэсэгт зааснаар илт хууль бус болохыг тогтоолгох тухай“ шаардлага бүхий нэхэмжлэлтэй Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

     Нэхэмжлэгч Увс аймгийн Зүүнговь сумын Засаг дарга шүүхэд анх гаргасан нэхэмжлэлдээ: "Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3 дахь хэсэгт зааснаар Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргын 2014 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 59 дүгээр захирамж, 2005 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 33 дугаар захирамжуудыг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү" гэжээ.

      Нэхэмжлэгч Увс аймгийн Зүүнговь сумын Засаг дарга шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн өөрчилж нэмэгдүүлсэн шаардлагадаа:" Сумын Засаг дарга нь Монгол Улсын Үндсэн хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар сумын тухайн сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд /хилийн цэс дотор/ үйл ажиллагаагаа явуулан шийдвэрээ гаргаж хэрэгжүүлэх талаар тодорхой заасан байдаг.

      Гэтэл Баруунтуруун сумын Засагдарга Зүүнговь сумын нутаг дэвсгэр дээр Баруунтуруун сумын 7 иргэнд өвөлжөөний газар эзэмшүүлэх шийдвэр гаргаж дээрх хуулиудын холбогдох заалтуудыг зөрчжээ. Үүнд:

Дээрх тоот шийдвэрүүдээр координат газрын солбицол

1. Бумбасайхан овогтой Цогнэмэх / Хар царын пайз/ у-49° 59'42,45 Ө-94°29'049'

2. Заяат овогтой Баяраа / Цагаанморьт/ у-50° 00'06,12' Ө-940ЗГ51,3'

3. Тайсаа овогтой Даваасамбуу /Гүвгэр/ у-49° 56'59' Ө-94° 30'53,7'

4. Норов овогтой Цэрмаа /Бозоон манхан/ у-49°58'28,3' Ө-94° 32'38'

5. Балзан овогтой Коля/Давхрын хонхор/ у-49° 55'24,6' Ө-50° 01'38,1'

6. Цанлиг овогтой Жамсран/Залаат/ у-50° 01'38,1' Ө-94° 30'42,4'

7. Заяат овогтой Ган-Очир/Хонхор/   у-50° 01'04,7' Ө-94°32'46,4' нар болно.  

      Баруунтуруун сумын Засаг даргын газар эзэмшүүлэх дээрх захирамж нь Зүүнговь сумын нутаг дэвсгэр дээр үйл ажилагаа явуулж шийдвэр гаргаж хэрэгжүүлэх тухайн сумын Засаг даргын бүрэн эрхэд халдасны дээр тус сумын иргэдийн газар нутгаа эзэмших, ашиглах эрхийг зөрчиж байна.

        Иймд Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргын 2014 оны 6 сарын 09-ний өдрийн 559 дүгээр захирамж, 2005 оны 5 сарын 22-ны өдрийн 33 дугаар захирамж, 2016 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн А/11 тоот захирамжуудын дээрх нэр бүхий иргэдэд холбогдох хэсгийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3 дахь хэсэгт зааснаар илт хууль бус болохыг тогтоож өгнө үү" гэжээ.

     Хариуцагч Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг дарга С.Л шүүхэд ирүүлсэн тайлбартаа: "Нэхэмжлэлд дурьдсан 7-н өвөлжөөний асуудлаар өнгөрсөн 2017 оны намар маргаан үүсч Баруунтуруун сум Зүүнговь сумын Алтан элсний хэсгийн хилийн цэсийн эргэлтийн цэгийг 1959, 1973 оны протоколоор тогтоосон нэршил бүхий обьектоор тогтоогоогүй зөрчилтэй байгааг 2 тал тогтоон протокол үйлдэн сумдаас томилогдсон ажпын хэсэг аймгийн газрын албаны мэргэжилтэн нар дээрх портоколуудад заасан нэршлээр тогтоогоогүй болохыг нотолсон акт үйлдэн байвал зохих байршлыг тогтоосон зураг үйлдэн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Газар зохион байгуулалт геодизи зураг зүйн газарт холбогдох материалыг хүргүүлэн хууль журмын дагуу шийдвэрлэж өгөх хүсэлтийг тавьж 2018 оны 05-р сарын 30-ны өдрийн 1/957 тоотоор авч хилийн цэсийг 1959, 1973 оны протокол болон газар эдлэх эрхийн үнэмлэхэд заасан 1956 оны өвөлжөөнүүдээр тогтоон мөрдөх болсон бөгөөд шийдвэрийн хувийг Зүүнговь сум, аймгийн газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт хүргүүлсэн юм.

       Ерөнхий сайдын 2018 оны 05-р сарын 03-ны өдрийн 89 дүгээр захирамжаар байгуулагдсан аймаг сумын хил цэсийг тодотгох асуудлыг судалж шийдэх ажлын хэсэг 2018 оны 05-р сарын 24-ний хурлаар хилийн маргааны асуудал орж хилийн цэсийн зарлиг, тогтоолд өөрчлөлт оруулахгүй газар дээр байгаа олон жил нэршсэн объёкт байгаа эргэлтийн цэгүүдээр хоёр сумын хилийн цэсийг мөрдөх шийдвэр гарсан тул нэхэмжпэл гаргасан өвөлжөөний газруудыг олгосон захирамжийг хүчингүй болгох үндэслэлгүй болно.

     Одоо Аюушын буудалд Б.Коля, Банзрагчийн буудалд Т.Даваасамбуу, Жамъяангийн буудалд Б.Цогнэмэх, Дүүрэнгийн буудалд Ц.Жамсран нар эзэмшин нутаглаж байгаа бөгөөд Норов овогтой Цэрмаа, Заяат овогтой Ган-Очир, Заяат овогтой Баяраа нарын өвөжөө хоёр сумын хилийн заагаас Баруунтуруун сумын талд нутгийн гүнд байршилтай тул ямар нэгэн зөрчилгүй болно.

        Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэх агентлаг, ажпын хэсгийн шийдвэрийг сумын Засаг дарга үл хүндэтгэн үндэслэлгүй асуудлаар хууль хяналтын байгууллагад нэхэмжлэл гаргасанд харамсаж байна. 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/11 дүгээр захирамж нь өвөлжөө эзэмшигч Баатар овогтой Дамиранжав нас барсан тул уг өвөлжөөний доорх газрыг эхнэр Норов овогтой Цэрмаад шилжүүлэн эзэмшүүлсэн захирамж гарсан бөгөөд өмнө гаргасан тайлбар бусад баримтаар уг өвөлжөө болон бусад 6 өвөлжөө Баруунтуруун сумын нутаг дэвсгэрт харъяалагдаж байгаа болно. 1973 онд газар зохион байгуулалтын талаар комисс томилогдон ажиллаж протокол үйлдэгдсэн байх бөггөөд уг протоколд Баруунтуруун сумын нутагт байсан 2 өвөлжөөг Зүүнговь сумын өвөлжөөнд тооцож буцааж өгсөн бөгөөд өөр өвөлжөөний талаар маргаан байхгүй, цаашид маргаан гаргахгүй гэж тохиролцож байсан байна. Тухайн маргаан бүхий өвөлжөөнүүдийг эзэмшүүлэх, хариуцуулах талаарх шийдвэрүүд дандаа Баруунтуруун сумын захиргаанаас гарч байсан ба Зүүнговь сумаас ямар нэгэн шийдвэр гарч байгаагүй болно. Эдгээр өвөлжөөнүүдийг Зүүнговь сумын гарал үүсэлтэй Баруунтуруун сумын харъяалатай иргэд үе удам дамжиж эзэмшиж ирсэн бөгөөд Жамъян, Аюуш, Банзрагч, Дүүрэн нарын үр хүүхдүүд манай суманд амьдарч байдаг. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү"гэв.

       Гуравдагч этгээд З.Г шүүхэд ирүүлсэн тайлбартаа: З.Г миний эзэмшин өвөлжиж байгаа "жимбийн хонхор буудал" нэртэй өвөлжөжө нь 1970 онд САА- н хар хоньтой Лэгжид гэдэг хүн 8 жил, 1978 онд САА-н хар хоньтой Дорлиг 3 жил, 1981 онд САА-н хари хоньтой М.Сүхээ нар өвөлжиж байсан. Түүнээс хойш миний хөгшин аав Тарч САА- н хар хоньтой 1986 он хүртэл өвөлжсөн. Тарчийн зээ хүү З.Г миний бие Улаансан компанийн мал маллан 1996 он хүртэл өвөлжсөн. 1996 оноос хойш тасралтгүй хувиараа мал маллан өвөлжиж байна. Энэ хугацаанд гурван удаа засвар хийсэн. З.Г миний бие Зүүнговь сумын Засаг дарга Д.Н-ийн нэхэмжлэлтэй танилцаад их гайхаж байна. Сумын үе үеийн малчин буурлууд нутагласаар ирсэн Зүүнговь сумын нэг ч малчин бууж байгаагүй. Зүүнговь сумын Засаг дарга манай сумын нутаг дэвсгэр гэж нэхэмжлэл гаргасан нь огт үндэслэлгүй зүйл болно. Хоёр сумын малчдыг талцуулж хэрүүл үүсгэж байгаа нь сэхээтэн хүнд байж боломгүй зан авир юм. Энэ маргаан удаан үргэлжилвэл хүн амьны хэрэг гарах магадлал маш өндөр. Энэ байдлыг шалгуулахаар Баруунтуруун сумын Засаг дарга С.Л мэргэжлийн дээд байгууллагад удаа дараа хандаж 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 1/957 тоот албан бичгээр Геодези зураг зүйн газраас дээрх өвөлжөөнүүд нь Баруунтуруун сумын нутаг дэвсгэр мөн болохыгтогтоожаймгийн Засаг даргад ирүүлсэн. Шүүх энэ шийдвэрийг харгалзан үзэж нааштайгаар шийдвэр гаргана гэдэгт итгэж байна. Миний бие цаашид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох боломжгүй тул намайг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

        Гуравдагч этгээд Н.Ц шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Одоо миний өвөлжиж байгаа өвөлжөө нь Бозын манхан нэртэй өвөлжөө 1960-аад оноос Баруунтуруун САА-н малчин Дамиран, түүний гэр бүл Жав нар САА-н хар хонь маллан амьдарч байгаад 1970-аад оны дундуур насан өөд болж малчин Баяа эзэмшиж байсан. Өмч хувьчлалаар "Улаан сан" компанийн М.Зоригтбаатар хүнээс 2003 оноос шилжүүлэн авч эзэмшиж байгаа билээ. Базын манхан өвөлжөө нь үе дамжин эзэмшиж ирсэн нутаг болно. Зүүнговь сумын Засаг дарга манай нутаг гэж нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй, худал зүйл болно. Сум орон удирдаж байгаа сэхээтэн хүн ийм болчимгүй зан авир гаргаж хоёр сумын малчдыг талцуулж үймээн гарахад хүргэжбайна. Миний тайлбарыг харгалзан Баруунтуруун сумын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хангасан шийдвэр гаргаж өгнө үү. Миний бие цаашид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохгүй гэжээ.

        Гуравдагч этгээд Б.Ц шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Баруунтуруун сумын Баян айраг багийн малчин Б.Цогнэмэх би 2009 онд "Хар царын пайз" гэдэг буудлыг Б.Сономпил гэдэг хүнээс авсан. Би Зүүнговь сумаас шилжиж ирэн энэ буудлыг эзэмшиж байгаа. 2017 оноос хойш Зүүнговь сум булаацалдаж өдийг хүрсэн. Энэ асуудлыг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. Мөн миний бие шүүх хуралдаан оролцох боломжгүй гэжээ.

      Гуравдагч этгээд Т.Д шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Захиргааны хэргийн шүүхэд Зүүнговь сумын Засаг даргын гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Баруунтурууны сангийн аж ахуйн анхын малчид Дүүрэн, Жамъян, Банзрагч, Аюуш нарын дөрвөн малчны эзэмшиж байсан өвөлжөө зөвхөн Баруунтуруун сумын малчид үе дамжин амьдарч ирсэн унаган нутаг билээ. 1990 оноос малчин Т.Д миний бие дүү Далайгийн хамт эзэмшин өдий хүрч байгаа болно. Энэ буудлын анхны эзэн Банзрагч тус сумын нутаг дэвсгэриийг 1959 онд тухайн үеийн Ардын их хурлын шийдвэрээр дээрх малчдын нэрээр Баруунтуруун сумын хийлийн цэст оруулан баталгаажуулжөгсөн билээ. Миний мэдэх сүүлийн 60 жилийн түүхэнд Баруунтурууны нутаг байсаар ирсэн одооч байгаа билээ. Зүүнговийн Засаг дарга Нэргүй нь хүний сум орныг үймүүлж, хоёр сумын малчдын хооронд үүмээн самуун гарахад хүргэсэнд туйлын их хамамсаж байна. Захиргааны хэргийн шүүх энэ байдлыг харгалзан үзэж Баруунтурууны нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг баталгаажуулж өгөхийг хүсч байна. Зүүнговь сумын Засаг даргын энэ болчимгүй шийдвэрийг мэргэжлийн дээд байгууллагад тавьж Тазар зохион байгуулалт геодези зураг зүйн газарт 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 1/957 тоот албан бичгээр Баруунтуруун сумын нутаг мөн болохыг баталгаажуулсан билээ. Энэ байдлыг харгалзан үзэж үнэн зөвөөр Баруунтуруун сумын нутаг мөн болохыг баталгаажуулж өгнө үү гэжээ.

      Гуравдагч этгээд Ц.Ж шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Ц.Ж миний эзэмшиж байгаа "Залаат" нэртэй өвөлжөөнд 1972 онд Т.Нанзад САА-н хар хоньтой өвөлжиж байсан. 1975-1978 онд Ш.Нямжав САА-н хар хоьтой, 1978-1983 он хүртэл Ж.Тэгшээ САА-н хар хоньтой, 1983-1985 оны хооронд Р.Бат-Очир өвөлжиж байсан. 1986 онд С.Нямжав өвөлжиж, 1987 оноос 2010 он хүртэл миний аав Цанлиг тасралтгүй 24 жил эзэмшиж ирсэн. 2010 оноос хойш миний бие тасралтгүй 8 жил эзэмшиж байна. Миний бие Зүүнговь сумын Засаг даргын нэмжлэлийг их гайхаж байна. Энэ өвөлжөө нь 46 жил тасралтгүй Баруунтуруун сумын малчид эзэмшиж ирсэн энэ хугацаанд Зүүнговь сумын ямар ч малчин бууж байгаагүй. Энэ маргааныг яаралттай шийдвэрлэж өгөхгүй бол хүн амины хэрэг гарахад хүрээд байна. Зүүнговь сумын Засаг даргын энэ болчимгүй байдлыг шалгуулахаар Баруунтуруун сумын Засаг дарга мэргэжлийн дээд байгууллагад удаа дараа хандсан. 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 1/957 тоот албан бичгээр дээрх өвөлжөөнүүд нь Баруунтуруун сумын нутагдэвсгэр мөн болохыгтогтоожаймгийн Засагдаргад ирүүлсэн байна. Шүүх энэ шийдвэрийг үндэслэн хэргийг шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэжээ.

        Гуравдагч этгээд Б.К шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Баруунтуруун сумын иргэн Б.К миний бие 1939 онд Зүүнговь суманд төрсөн. 1960 оноос одоог хүртэл Баруунтуруун суманд ажиллаж амьдарч байна. Миний бие нь Зүүнговь, Баруунтуруун сумын хилийн цэс тогтооход сумаас Хянан шалгах хорооны дарга Доржпалам, малын зоо техникч С.Бямбаа, малчин Ш.Дүүдэй нарын бүрэлдэхүүнтэй явсан. Зүүнговь сумын талаас сум нэгдлийн дарга С.Намсрай, жолооч Цэвээнравдан нарын бүрэлдэхүүнтэй мөн аймгийн дарга Жийдээ Тохойгоос ирээд сумын хилийн цэсийг тогтоож байсан. Тэр үед Давхрын сүвийн доод талд хоёр харганы хажууд ургасан модноос эхлэн Тулгын цагааны орой, Нууцын царингийн хойд орой, Үнстийн буудлын урд орой, Хайстын буудлын баруун орой, Гүвгэрийн буудлын хойд, хуцын буудлын баруун орой, Залаатын буудлын хойд, Мэндийн хүнхэрийн урд орой, тэндээсээ Цагаан гаталганы ам, нарийны зүүн талд янгирын орой, хилийн 72-р багана зэрэг газруудаар миний бие явж хил тогтоолцож байсан. Тэр үед хилийн цэсийг тогтооход явсан хүмүүсээс малын зоотехникч С.Бямбаа одоо амьд сэрүүн амьдарч байна. Зүүнговь сумын Засаг дарга Д.Нэргүйгийн маргаад байгаа нэр бүхий долоон өвөлжөө нь Баруунтуруун сумын нутаг мөн бөгөөд дээр үеэс нааш үе үеийн дарга нар айл хошоо малчид зохицоод ирсэн нутаг билээ. Иймд Зүүнговь сумын Засаг даргын шүүхэд гаргасан нэхэмжлэл нь үндэслэлгүй болохыг баталж байна гэжээ.

      Гуравдагч этгээд З.Б шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Увс аймгийн Баруунтуруун сумын Баян айраг багийн малчин З.Б миний аав Заяат 1980 онд Зүүнговь сумаас шилжин ирээд Баруунтуруун сумын САА-д малчин болсон. Урьд ньЗүүнговь сумаас шилжиж ирсэн Бадрах гэж хүн 1961 оноос өвөлжиж байсан. Дараа нь Тарч гэдэг хүн өвөлжиж байсан ба Тарч гэдэг хүнээс манай аав 1980 онд уг өвөлжөөг авсан. Манай аав нас барснаас хойш би энэ өвөлөөг үе уламжлан эзэмшиж байна. Энэ асуудлыг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэв.

       Нэхэмжлэгч, хариуцагч нарын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Увс аймгийн Зүүнговь сумын Засаг даргын нэхэмжлэлтэй Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэг талаас нэхэмжлэгч Увс аймгийн Зүүнговь сумын Засаг дарга Д.Н, нөгөө талаас хариуцагч Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг дарга С.Л нар харилцан тохиролцож энэхүү гэрээг байгуулав.

  1. Зүүнговь сумын “Тохой” багийн малчдын отор нүүдэл хийх асуудлыг тухайн жилийн ургацын байдал, цаг агаарын нөхцлөөс хамааран Баруунтуруун сумын нутаг дэвсгэр болох Улсын тусгай хамгаалалттай газарт хэдэн өрх, хэдэн тооны мал ямар хугацаагаар оторлуулах талаар сумдын Засаг дарга нар тухай бүр гэрээ байгуулах замаар шийдвэрлэнэ;
  2. Увс аймгийн Баруунтуруун сумын нутаг дэвсгэр болох улсын тусгай хамгаалалттай газар нутагт Зүүнговь, Баруунтуруун сумын Засаг дарга нарын байгуулсан гэрээг үндэслэн хуучин уламжлалаа даган бэлчээр ашиглалтын маргаан гаргахгүйгээр тухайн бүс нутагт отор хийх Зүүнговь сумын Тохой багийн малчид Баруунтуруун сумын Засаг дарга, Хан Хөхийн нурууны улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаатай гурвалсан гэрээ байгуулах ба малчдыг отор нүүдэл хийх нөхцөл боломжоор хангаж ажиллах;
  3. Энэ асуудлаар дахин маргаан гаргахгүй бөгөөд энэхүү гэрээг үндэслэн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзаж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр харилцан тохиролцов. гэжээ

ҮНДЭСЛЭХ нь:

       Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогч болох нэхэмжлэгч хариуцагч нар нь хуучин уламжлалаа баримтлан харилцан тохиролцож эвлэрсэн байх ба уг эвлэрлийн гэрээгээр Баруунтуруун сумын малчин Б.Ц, З.Б, Т.Д, Н.Ц, Б.К, Ц.Ж, З.Г нарт эзэмшүүлсэн өвөлжөөний асуудлыг хөндөхгүйгээр нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзаж, харин Зүүнговь сумын Тохой багийн малчдын отор нүүдлийн асуудлыг эв зүйгээр шийдвэрлэн Баруунтуруун сумын Засаг дарга, Хан Хөхийн нурууны улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаатай тухай бүр гурвалсан гэрээ байгуулах замаар тухайн бүс нутагт отор нүүдэл хийх, цаашид бэлчээр ашиглалтын маргаан гаргахгүй байх”-аар  харилцан тохиролцсон байх тул  энэхүү гэрээ нь хуульд харшлаагүй, бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймээс уг эвлэрэл болон нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

       Нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д: “... хариуцагчтай эвлэрэх эрхтэй”,  хариуцагч нь мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д: “... нэхэмжлэгчтэй эвлэрэх эрхтэй” гэсэн хуульд заасан эрхээ хэрэгжүүлж, дээрх хуулийн 68 дугаар зүйлийн 68.2-т: “нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрлийн гэрээг бичгээр хийж гарын үсгээ зурсан байна” гэх хуулийн шаардлагад нийцүүлж, бичгээр эвлэрлийн гэрээ байгуулсан нь хуулийн хүрээнд байна гэж шүүх үзлээ.

    Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдах нь зүйтэй.

     Хэргийн оролцогчдод хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний үр дагаврыг танилцуулж, баримтыг хэрэгт хавсаргасан болохыг тэмдэглэж байна.

     Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ.

     1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66.1, 68.4-д заасныг баримтлан нэхэмжлэгч Увс аймгийн Зүүнговь сумын Засаг дарга Д.Н, хариуцагч Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг дарга С.Л нарын эвлэрэл болон нэхэмжлэгч Зүүнговь сумын Засаг даргын “Баруунтуруун сумын Засаг даргын 2014 оны 06 сарын 09-ний өдрийн 59, 2005 оны 5 сарын 22-ны өдрийн 33, 2016 оны 01 сарын 20-ны өдрийн А/11 дугаартай захирамжуудын Б.Ц, З.Б, Т.Д, Н.Ц, Б.К, Ц.Ж, З.Г нарт холбогдох хэсгийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3 дахь хэсэгт зааснаар илт хууль бус болохыг тогтоолгох тухай“ нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан татгалзлыг баталж, Зүүнговь сумын Засаг даргын нэхэмжлэлтэй, Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргад холбогдох /124/2018/0033/з дугаар индекстэй/ хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

     2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

      3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-д зааснаар хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.

 

  ШҮҮГЧ                                     Т.ОЮУНГЭРЭЛ