Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 221/МА2019/0053

 

 2019 оны 01 сарын 30 өдөр        Дугаар 221/МА2019/0053                       Улаанбаатар хот

Увс аймгийн Зүүнговь сумын Засаг даргын

 нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгч Д.Н-г оролцуулан хийж, Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 124/ШШ2018/0033 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор Увс аймгийн Зүүнговь сумын Засаг даргын нэхэмжлэлтэй, Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 124/ШШ2018/0033 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч Увс аймгийн Зүүнговь сумын Засаг даргын “Баруунтуруун сумын Засаг даргын 2014 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 59, 2005 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 33, 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/11 дугаартай захирамжуудын Б.Ц, З.Б, Т.Д, Н.Ц, Б.К, Ц.Ж, З.Г нарт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: “... нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 33 дугаартай шийдвэрийг эс хүлээн зөвшөөрч гомдол гаргаж байна.

Баруунтуруун сумын Засаг даргын дээрх нэр бүхий 7 иргэнд олгосон өвөлжөөний газрууд нь Зүүнговь сумын нутаг дэвсгэрт хамаарч байгаа талаар 1949 онд анх үйлдэж, 1969 онд сэргээж, 1970 онд хэвлэсэн байр зүйн зураг, мөн үүнийг үндэслэн гаргасан эргэлтийн нэр бүхий цэгийн координат солбицлыг тоон хэмжээст шилжүүлсэн тэмдэг тэмдэглэгээ, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын мэргэжилтний гаргаж хүргүүлсэн тайлбар, баримтууд хэрэгт авагдсан.

1965 онд тухайн эргэлтийн цэг дээр байсан гэх эздийнх нь нэрээр нэрлэсэн өвөлжөөнүүд нь одоогийн нэр бүхий иргэдийн өвөлжиж байгаа өвөлжөөнүүд гэдгийг баталсан зүйл байхгүй ба Зүүнговийн газар нутгийн хилийн цэсийг 27 эргэлтийн цэгээр тодотгон газар, усны гол горхины, өвөлжөөний нэрээр нэршүүлэн тэмдэглэл үйлдэж, улмаар 1977 оны Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 75 дугаар зарлигаар баталжээ.

Протокол, тэмдэглэл нь 1970 онд хэвлэгдсэн байр зүйн зурагтай тохирч байгаагаас үзэхэд дээрх иргэдэд эзэмшүүлсэн өвөлжөө Зүүнговь сумын газар нутаг болох нь тодорхой байгаа юм.

Баруунтуруун Сангийн аж ахуй хар /каракуль үүлдрийн/ хонь үржүүлэх болсноор манай сумын иргэд малчнаар ажиллаж хилийн цэсийн ойролцоо өмнө нь амьдарч өвөлжөө бууцандаа Сангийн аж ахуйн мал маллаж байсныг үгүйсгэх аргагүй юм.

Мөн хариуцагчийн тайлбарт уг өвөлжөөнүүдийг Зүүнговь сумын гаралтай иргэд үе дамжин эзэмшиж ирсэн талаар тодорхой дурдсан байна.

Баруунтуруун сумын Засаг дарга нь уг өвөлжөөнүүдийг Баруунтуруун суманд шилжиж очсон манай сумын уугуул иргэд ие дамжин ашиглаж, эзэмшиж ирснийг ашиглан Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар тухайн нутаг дэвсгэрийн хэмжээнд /хилийн цэс дотор/ үйл ажиллагаа явуулан шийдвэрээ гаргаж хэрэгжүүлэх тухай заасан заалтыг зөрчин Зүүнговь сумын нутагт хамааралтай өвөлжөөнүүдийг нэр бүхий 7 иргэнд эзэмшүүлэхээр илт хууль бус шийдвэр гарган хэрэгжүүлснийг шүүх үндэслэлтэй гэж үзэж миний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Ингэж шийдвэрлэхдээ Газрын харилцаа, геодези, зураг зүйн газраас тухайн газар орон нутагт ирж нягталж үзэхгүйгээр нэг талыг барьж өөрийн эрх ашгийг хамгаалсан иргэдийн тайлбарыг үндэслэн ирүүлсэн зохиомол эргэлтийн цэгийн координат солбилцол, өөрсдийн эрх ашгийг хамгаалсан өвөлжөө эзэмшигч иргэдийн үндэслэлгүй өрөөсгөл тайлбар зэргийг үндэслэсэн нь учир дутагдалтай байна гэж үзэж байна.

Иймд Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргын 2014 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 59, 2005 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 33, 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/11 тоот захирамжуудын Б.Ц, З.Б, Т.Д, Н.Ц, Б.К, Ц.Ж, З.Г нарт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 33 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай ажиллагааг хийгээгүй, нотлох баримтыг бүрэн цуглуулаагүйгээс, шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй байх тул хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав.

Увс аймгийн Зүүнговь сумын Засаг даргаас “Баруунтуруун сумын Засаг даргын газар эзэмшүүлэх захирамж нь Зүүнговь сумын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж, шийдвэр гаргаж хэрэгжүүлэх тухайн сумын Засаг даргын бүрэн эрхэд халдсаны дээр тус сумын иргэдийн газар нутгаа эзэмших, ашиглах эрхийг зөрчиж байна” гэсэн үндэслэлээр Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргын захирамжуудын нэр бүхий 7 иргэнд газар эзэмшүүлсэн хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгохоор маргажээ.

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д зааснаар нэхэмжлэл гэж ... хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг ойлгохоор зохицуулжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3-д зааснаар хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргээ хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна. Энэ тохиолдолд нэхэмжлэгч Увс аймгийн Зүүнговь сумын Засаг даргын нийтийн эрх зүйн ямар чиг үүргээ хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааны улмаас шүүхэд нэхэмжлэл гаргасан, тэрхүү маргааны дагуу нэхэмжлэл гаргах эрх ямар хуулиар олгогдсон талаар тодруулж, дүгнэлт өгөх, энэ талаар нэхэмжлэлийн үндэслэлд “Зүүнговь сумын иргэдийн эрх ашгийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргасан” гэснийг тодруулах шаардлагатай байна.

2. Газрын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т “Хилийн цэс, газар усны нэрийг Улсын Их Хурал, газрын сангийн зургийг газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага /цаашид “Засгийн газрын эрх бүхий байгууллага” гэнэ/ тус тус батална”, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн хилийн цэсийг батлах, өөрчлөх асуудлыг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг үндэслэн Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал шийдвэрлэнэ” гэж тус тус заажээ.

Дээрх хуулийн зохицуулалтын дагуу маргаан бүхий нутаг дэвсгэрийн хилийн цэсийг өөрчлөх /тодотгох/, шинэчлэн батлуулах асуудлаар тухайн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Засгийн газарт санал гаргасан эсэх, Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1977 оны 75 дугаар зарлигийн 220, 224 дүгээр зүйлээр баталсан Увс аймгийн Баруунтуруун, Зүүнговь сумдын хилийн эргэлтийн цэгүүдийг /маргаж буй нэр бүхий иргэдийн нэртэй өвөлжөөнүүд/ тодотгон координатжуулж, солбилцлыг баталгаажуулсан эсэх, энэ талаар ямар шийдвэр байгаа талаар холбогдох нотлох баримтыг цуглуулах шаардлагатай байна.

Түүнчлэн, Газрын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн хилийн цэсийн, газар усны нэрийн болон газрын сангийн зургийг тухайн шатны Засаг дарга, улсын хэмжээний иж бүрэн хувийг газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тус тус хадгална” гэж заасан тул тухайн сумдын хилийн цэсийн тухайн шатны Засаг дарга нараас сумдын хилийн эргэлтийн цэгүүдийн координатыг тоон хэлбэрт шилжүүлсэн зураг хадгалагдаж байгаа эсэхийг тодруулж нотлох баримтаар авах, хэрэв тухайн сумдад хэрэгт авагдсанаас өөр хилийн цэсийн зураг байхгүй тохиолдолд газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас уг баримтын талаар тодруулж, хэрэгт авах зүйтэй байна.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “хэрэг хянан шийдвэрлэхэд шинжлэх ухаан, тооцоо, тоо бүртгэл, урлаг, утга зохиол, техникийн зэрэг тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулахын тулд ... шүүхийн санаачилгаар шинжээчийг томилж болно” гэж заажээ. Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1977 оны 75 дугаар зарлигийн 220, 224 дүгээр зүйлээр “А-ийн өвөлжөө, Б-ийн өвөлжөө, Ж-ийн өвөлжөө, Д-ийн өвөлжөөнүүд /1956 оны өвөлжөөнүүд/”-ээр тус сумдын хилийн цэсийг баталсан, нэхэмжлэгчээс “1956 онд тухайн өвөлжөөнүүд хаана байсан болон одоогийн иргэдийн өвөлжиж байгаа өвөлжөөнүүд 1956 онд байсан өвөлжөө гэдгийг баталсан зүйл байхгүй” гэж маргасан байх тул нэхэмжлэлийн шаардлагын уг үндэслэлийг шинжээч томилох замаар тогтоох нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой байна.

Иймд энэхүү магадлалд дурдсан дээрх ажиллагааг хийж, дүгнэлт өгсний үндсэн хэргийг шийдвэрлэх шаардлагатай байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.  Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 124/ШШ2018/0033 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж үзвэл нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                         Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                                         Ц.ЦОГТ