Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 221/МА2023/0222

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Я.Оын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 114/ШШ2023/0002 дугаар шийдвэрийг нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч А.Сарангэрэл

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Оюумаа

Илтгэгч шүүгч С.Мөнхжаргал

 

Хэргийн оролцогчид: 

Нэхэмжлэгч Я.О

Хариуцагч Дархан-Уул аймгийн орон сууц хувьчлах товчоо, Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс

Гуравдагч этгээд А. У

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Хариуцагч Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.С

Хариуцагч Дархан-Уул аймгийн Орон сууц хувьёлах товчооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ц

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ш

 

Хэргийн индекс: 114/2022/0020/З.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 114/ШШ2023/0002 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: “Орон сууц хувьчлах тухай хуулийн 121 дугаар зүйлийн 2, 17 дугаар зүйлийн 1, 18 дугаар зүйлийн 1, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай /2003 оны/ хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Я.Оын Дархан-Уул аймгийн Орон сууц хувьчлах товчоо, аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан “Орон сууц өмчлөх эрхийн 2005 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 0000 Да дугаартай гэрчилгээ, Дархан-Уул аймгийн Хонгор сумын 1 дүгээр баг ... дугаар байрны ХХХХ тоот орон сууцыг өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 2013 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн Ү-0000 дугаарт бүртгэсэн бүртгэлийг тус тус хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон” шийдвэрлэжээ.

2. Нэхэмжлэгч Я.О болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: “Миний бие Дархан-Уул аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 ны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 114/ШШ20230002 тоот шийдвэрийг эс зөвшөөрч энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна. Би 2004 онд Дархан-Уул аймгийн Хонгор сумын төвд байрлах 8 дугаар байрны 12 тоот орон сууцыг Орон сууц хувьчлалын дагуу өөрийн өмч болгон авсан. Гэтэл миний байрыг надад өмчлөх тухай баримт бичиг нь өөрөөр хэлбэл хувьчлагдсан гэх эх сурвалж худлаа байсан нь илэрсний улмаас шүүхэд хандаж Дархан-Уул аймгийн улсын бүртгэлийн Үл хөдлөх хөрөнгийн Ү-0000 тоот бүртгэл болон мөн аймгийн орон сууц хувьчлах товчооноос олгосон 0000 тоот гэрчилгээнүүдийг тус тус хүчингүй болгуулах зорилгоор нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс орон сууц хувьчлалын товчооны бичиг баримтад үзлэг ажиллагаа явуулахад 8-р байрны ... тоот байрыг хувьчлаагүй болох нь тогтоогдсон. Тэгээд надад Улсын бүртгэлийн хэлтсээс өгсөн баримтад 2004 оны 32-р тогтоолд 2005 оны 33-р тогтоолын хавсралтыг нийлүүлэн олгосон байсан. Энэ асуудлыг анхан шатны шүүх шийдвэрлэхдээ: “Мөн орон сууц өмчлөх эрхийн 0000 Да дугаартай гэрчилгээнд Орон сууц өмчлөлийн товчооны 2005 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ олгох тухай 33 дугаар тогтоолыг бус 2004 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Орон сууц өмчлөх гэрчилгээ олгох тухай 32р дугаарыг бичсэнээр нэхэмжлэгчийн /Хонгор сумын 1 баг 8-р байрны 12 тоот сууцаа өмчлөн авсан/ эрх зөрчигдөөгүй, Орон сууц өмчлөх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 1-д зааснаар “Сууц өмчлөх тухай шийдвэрийг үндэслэн тухайн сууц эзэмшигчид өмчлөх эрхийн гэрчилгээ олгоно” гэсэн хуулийн заалт зөрчөөгүй тул хариуцагчийн орон сууц өмчлөх эрхийн 0000 Да дугаартай гэрчилгээг хүчингүй болгох шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв” гэжээ. Дархан-Уул аймгийн Орон сууц хувьчлах товчооны орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ олгох тухай 1997- 2010 онуудын тогтоолуудад Я.От орон сууц хувьчилсан талаар ямар ч баримт байхгүй байгаа тухай тус товчооны 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 23 тоот, 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 02 тоот албан бичгүүд хавтаст хэрэгт байгаа. Тэгээд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүх Орон сууц хувьчлалын товчооны архивын баримт бичигт үзлэг хийхэд 2004 оны 32 дугаар тогтоолын хавсралтын  128-т М.Б гэдэг хүний, 2005 оны 33 дугаар тогтоолын хавсралтын 128-рт Ц. эдэг хүний орон сууцыг өмчилсөн тухай баримт байдаг ба Ц.О-д орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ олгох тухай тогтоолын хавсралтад зөвхөн гэрчилгээ дугаар нь таарсан гээд шүүхээс Я.От тухайн сууцыг өмчлүүлсэн эх сурвалж нь болно гэж дүгнэх үндэслэл байхгүй. Учир нь уг тогтоолоор Я.От бус Ц.О-д өөрийнх нь эзэмшиж байсан байр, хаалганы дугаарын дагуу сууцыг нь өмчлүүлсэн тухай байдаг.Төрийн албаны ямарваа баримт бичгийг үйлдэхдээ учир утга, хэнд хамааралтай юуг үндэслэн бичдэг байхад ямар ч нэр заагаагүй тодорхойгүй баримтад шүүгч дугаар нь таарч байгаа болохоор Я.Оын холбогдох байранд үндэслэх баримт болно гэж өөрийн дотоод итгэлээрээ дүгнэсэн нь маш ойлгомжгүй. Энэ нь шүүх нотлох баримтыг үнэлэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Нотлох  баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэсэн заалтыг баримтлах ёстой байтал хийсвэр дүгнэлт хийсэн нь нэхэмжлэгч миний эрх ашгийг маш ихээр хөндөж, шүүхийн шийдвэр хууль зөрчин гарсан гэсэн дүгнэлтэд хүргэлээ. Хавтас хэрэгт авагдсан баримтаар Орон сууц хувьчлах товчооны 1997-2010 оныг хүртэлх баримтад Я.О гэдэг иргэнд сууц хувьчилсан тухай баримт байхгүй байна гэсэн байхад шүүх яагаад хувьчлагдсан орон сууц байна гэж дүгнэсэн нь тодорхойгүй. Тухайн байгууллагын архивын баримтад шүүхээс урьдчилсан үзлэг хийсэн болохоор уг шийдвэрийн үндэслэл, эх сурвалжийг хаанаас олж “Ийм дүгнэлт”-д хүрсэн нь ойлгомж муутай байна. Иймээс шүүгч хэт нэг талыг өөрөөр хэлбэл хариуцагч нарт үйлчилсэн байх боломжтой гэсэн хардалтад намайг арга буюу хүргэлээ. Хэрвээ шүүгч үнэхээр 33 дугаар тогтоолоор Я.От энэ орон сууцыг өмчлүүлсэн байна гэж үзэж байгаа бол шүүхийн шийдвэртээ орон сууц хувьчлах эрхийн гэрчилгээнд бичсэн 2004 оны 32 дугаар тогтоолыг 2005 оны 33 дугаар тогтоол байна гэснээ залруулсан тухай заалт хийж миний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох байсан юм болов уу гэж бодож байна. Энэ асуудал миний эрх ашгийг хөндөөгүй гэж дүгнэж байгаа нь учир дутагдалтай байна. А.У надаас хувьчилж авсан байрныхаа тал үнийг нэхэмжилж иргэний хэргийн шүүхэд хандсанаар би түүнд төрийн өмчийн тал үнийг төлөх дээр тулж миний эрх ашиг маш ноцтойгоор хөндөгдөж байгаа нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас харагдаж байгаа. Яригдаж буй сууц өнөөдөр ч улсын өмч хэвээрээ гэдэг нь тодорхой байхад 2004 оны 32 дугаар, 2005 оны 33 дугаар тогтоолыг хуурамчаар хооронд нь нэгтгэн 2 хүний өмч болгон бүртгэсэн гэдгийг баримтаар шүүх тогтоочихсон мөртлөө уг гэрчилгээ бүртгэлийг хүчингүй болгохыг шаардсан нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ 32 дугаар тогтоолоор бус 33 дугаар тогтоолоор хувьчилсан байдаг.

Түүнчлэн нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндөөгүй байна гэсэн дүгнэлт хийж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож буй нь хуулийн хэт нэг талыг барьж гуйвуулан бусдын нөлөөнд автсан байна гэж үзэх үндэслэл болж байна. Орон сууц хувьчлах товчооноос хүний нэр андуурсан буруу бичигдсэн тухай баримт гаргаж өгөөгүй, Я.От сууц өмчлүүлсэн тухай баримт алга гэсээр байхад шүүх яагаад зориуд Я.Оын орон сууцыг хувьчилсан байна гэсэн дүгнэлт хийсэн нь тодорхойгүй байх тул хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн 114/ШШ20230002 тоот шийдвэрийг хянаж үзээд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү.

Жич: Энэ орон сууцны өмчлөгч болох тухай улсын бүртгэлд бүртгэх явцдаа улсын бүртгэгч нь ажилдаа хайхрамжгүй хандсаны улмаас тухайн үед илэрч болох хуурамч баримтыг үндэслэн улсын бүртгэлд бүртгэсэн нь маргааны эх үүсвэр гэж бодож байна.Учир нь 2004 оны 32 дугаар тогтоолын хавсралтад 33 дугаар тогтоолыг хавсралтыг хавсарган авчирсан болох нь тухайн байгууллагаас шүүхэд гаргаж өгсөн бичгийн нотлох баримтаар хар дээр цагаанаар бичигдсэн байгаагаар илэрнэ” гэжээ.

ХЯНАВАЛ:

 1. Анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг буруу хэрэглэсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгч Я.Оаас Дархан-Уул аймгийн Орон сууц хувьчлах товчоо, аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст тус тус холбогдуулан гаргасан “Орон сууц өмчлөх эрхийн 2005 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 0000 Да дугаартай гэрчилгээ, Дархан-Уул аймгийн Хонгор сумын 1 дүгээр баг 8 дугаар байрны 12 тоот орон сууцыг өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 2013 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн Ү-0000 дугаарт бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах” нэхэмжлэл гаргажээ.

3. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Я.О нь маргаан бүхий гэрчилгээнүүдийг хэзээ мэдсэн талаар баримт хэрэгт авагдсан, нэхэмжлэлийг хугацаа хэтрүүлж гаргасан буюу хүлээн авахаас татгалзах үндэслэл илэрсэн байхад хэргийг хэрэгсэхгүй болгоогүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нийцээгүй байна.

4. Нэхэмжлэгчээс маргаан бүхий бүртгэл, гэрчилгээг хүчингүй болгуулахаар шүүхэд анх 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэл гаргаж, уг нэхэмжлэлдээ “....миний охин О.Ү захиргааны хэргийн шүүхэд 2022 онд хандаж улсын бүртгэлд нэрээ оруулах, гэрчилгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргаснаар миний өмчилж авсан орон сууц хувьчлагдаагүй болохыг мэдсэн...”, мөн түүнд хавсарган ирүүлсэн Дархан-Уул аймгийн Орон сууц хувьчлах товчооны 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 23 дугаар албан бичигт “...тус гэрчилгээнд бичигдсэн 2004 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 32 дугаар тогтоол болон хавсралтад таны нэр болон сууцны хаяг бичигдээгүй байна” гэжээ.

5. Хэрэгт авагдсан Дархан-Уул аймгийн улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн хувийн хэргийн материалд нэхэмжлэгч Я.Оын 2010.10.29, 2013.08.13-ны өдөр тус тус гаргасан өргөдөлд ... 8-12 тоот 2 өрөө байрыг ... эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгэж дугаар олгож өгнө үү” гэж, 2013.08.13-ны өдөр гаргасан мэдүүлэгт хамтран өмчлөгч гэсэн хэсэгт А.У гэж бичсэн, Аймгийн орон сууц хувьчлах товчоонд гаргасан өргөдөлд “Хамтран өмчлөх эрхтэй гишүүд” хэсэгт Я.О, А.У гэж тэмдэглэн, иргэний үнэмлэх болон регистрийн дугаар нь тус тус бичигдсэн, мөн өргөдөл дээр “ОС олгов. 0000 Да, 2004.08.26, 32 дугаар тогтоол” гэж тэмдэглэгдсэн, Орон сууц өмчлөх эрхийн 2005 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 0000 Да гэрчилгээний хуулбар, 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн мэдүүлэг, 2013 оны 08 дугаар сарын 16-ны өдөр, 2014 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн барьцааны гэрээнүүд, хамтран өмчлөгч А.Угийн тухайн орон сууцыг барьцаанд тавихыг зөвшөөрсөн зөвшөөрлүүд авагдсан, мөн 2011 онд нээсэн Хүн амын өрхийн бүртгэлийн дэвтэрт Я.О, А.У нар бүртгэгдсэн байна.

6. Эдгээр баримт болон хэргийн оролцогчдын тайлбараас үзвэл нэхэмжлэгч Я.О нь хамтран өмчлөгчөөр А.У бичигдсэн Орон сууц хувьчлах товчооноос олгосон орон сууц өмчлөх эрхийн 2005 оны 0000 Да дугаар гэрчилгээ, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын  бүртгэлд 2013 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Ү-0000 дугаарт бүртгэгдэн, гэрчилгээ гарсныг анхнаас нь мэдэж, тухайн орон сууцандаа А.Угийн хамт амьдарч, орон сууц өмчлөх эрхээ хэрэгжүүлэн, барьцаанд тавьж зээл авч байсан зэрэг нь тогтоогдож байх тул “А.Угийн хамт” тухайн байрыг хувьчилж авснаа мэдээгүй, мэдэх боломжгүй байсан гэж үзэх үндэслэлгүй бөгөөд 19 жилийн дараа тухайн гэрчилгээ, бүртгэлийн талаар захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасныг хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзнэ.

7. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь давж заалдах гомдолдоо “... А.У хувьчилж авсан байрныхаа тал үнийг надаас нэхэмжилснээр би төрийн өмчийн тал үнийг төлөх дээрээ тулж миний эрх ашиг ноцтой зөрчигдөж байхад шүүх миний эрх ашгийг хөндөөгүй гэж дүгнэж байгаа нь учир дутагдалтай” гэж маргасан бөгөөд нэхэмжлэгч нь маргаан бүхий орон сууцыг хувьчлах үед хамтран өмчлөгчөөр А.Уг бичиж, гэрчилгээ олгосныг 2005 оноос мэдсэн, мэдсэнээс хойш уг гэрчилгээний улмаас гомдолд дурдсан эрх, ашиг сонирхол нь хөндөгдөх үр дагаварт хүрч болохыг мэдэх боломжтой бөгөөд тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хууль тогтоомжид заасан хугацаанд  шүүхэд нэхэмжлэлээ гаргах боломжтой байжээ.

8. Иймд анхан шатны шүүх эдгээр баримтыг үнэлж, нэхэмжлэл гаргах хугацаа хэтрүүлсэн нөхцөл байдалд дүгнэлт өгөлгүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг хэрэглээгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 114/ШШ2023/0002 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасныг баримтлан Дархан-Уул аймгийн Орон сууц хувьчлах товчоо, аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст тус тус холбогдуулан гаргасан “Орон сууц өмчлөх эрхийн 2005 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 0000 Да дугаартай гэрчилгээ, Дархан-Уул аймгийн Хонгор сумын 1 дүгээр баг 8 дугаар байрны 12 тоот орон сууцыг өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 2013 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн Ү-0000 дугаарт бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий Я.Оын нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн                  давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

       ШҮҮГЧ                                                                А.САРАНГЭРЭЛ

                    ШҮҮГЧ                                                     Д.ОЮУМАА

      ШҮҮГЧ                                                                С.МӨНХЖАРГАЛ