Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 2020/ШЦТ/451

 

 

 

 

 

 

2020       05          13                                   2020/ШЦТ/451  

                      

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж,

Нарийн бичгийн дарга Г.Энхжин,

Улсын яллагч Г.Түвшинбаяр,

Хохирогч Д.Ө,

Шүүгдэгч Б.Б түүний өмгөөлөгч Н.Бэрхсайхан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б холбогдох эрүүгийн 1809 00789 0909 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1990 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг эхийн хамт Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 7/5 дугаар байрны 03 тоотод оршин суух хаягтай, Б овогт Б Б /РД:**********/,

Холбогдсон хэргийн талаар:/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б.Б нь хохирогч Д.Ө “Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах иргэн П.Б эзэмшлийн “Примал Арена” нэртэй компьютер тоглоомын газрын 50 ширхэг компьютерыг зарна” хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар түүнийг төөрөгдөлд оруулж, улмаар 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ хийх нэрийдлээр 10.000.000 төгрөгийг залилан авсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянавал:

Хохирогч Д.Ө шүүхийн хэлэлцүүлэгт “... Гэрч А нь манай холын хамаатны хүүхэд манай угаалгын газарт ажилладаг байсан. Тэрээр надтай олон удаа ярьж мөнгө асуухад би итгэж гэрээ хийж Б 10.000.000 төгрөг өгсөн. Гэтэл анхнаасаа А, Б нар нийлж намайг залилсан гэж үзэж байна. Би Б мөнгөө өгч чадахгүй бол надад хүртэл ажилла гэхэд ажиллаагүй. Мөн би хашаа авах худалдан авагч олоход Б тоохгүй яваад өгсөн. Надаас авсан 10.000.000 төгрөгөөс 2.360.000 төгрөгийг буцааж өгсөн. Иймд би Би шүүгдэгчийг 3 жилийн хугацаанд маш олон газраар хайсан...” гэжээ.

Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт “... Би 2014 оноос эхлэн Жи Хайяантай хамтран ажиллаж 2017 оны 02 дугаар сард писи тоглоомын газар нээсэн. Би их дэлгүүрийн түрээсийн мөнгийг өгч чадахгүй байх үедээ А танилцсан. Би Жи Хайяантай олон жил хамт ажилласан тул өөрийн төрсөн өдөр дээр урихад 30 гаруй хүн ирсэн байсан. Энэ үед тэрээр Жи Хайяан нь бүх хүний нүдэн дээр уг писиг чамд өгч байна гэж хэлсэн. Тэр үед писиг өөрийн нэр дээр шилжүүлж авах талаар мэдээгүй. Жи Хайяан нь 9 дүгээр сарын дундуур ирэх үедээ “ахдаа 10 сая төгрөг өгчих” гэхэд би 10 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө олж өгнө гэж хэлсэн. Ингээд А уг 10 сая төгрөгийг олоод өгвөл писи минийх болно гэж хэлсэн. Тэгтэл А ахаасаа асууж үзэхэд зөвшөөрсөн тул би Ө ахаас 10 сая төгрөгийг 2.360.000 төгрөгөөр 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тохиролцож зээлсэн. Маргааш нь 7 сая төгрөгийг дансаар шилжүүлсэн. Тухайн писиг ажиллуулж байх үед А надаас 600.000 төгрөг зээлсэн. Уг мөнгийг Ө ахаас зээлсэн мөнгөнөөс хасуулна гэдэг байсан. Мөн дараа нь 1.760.000 төгрөгийг дансаар явуулсан. Уг хугацаанд сарын түрээс гэж нэхэгдээгүй би 2 ажилтны цалинг өгдөг байсан. Гэхдээ нэг хүний цалинг өгч чадахгүйд хүрч эгчийгээ ажиллуулсан. Ингээд 12 дугаар сарын 20-ны өдрийн ойролцоо Жи Хайяан ирж писигээ барьцаанд тавьсан талаар мэдсэн тул энэ талаар асуухад би үнэнг хэлсэн. Надаас мөнгө байна уу гэхэд 2.900.000 гаруй төгрөг байсан. Уг мөнгийг ахдаа түр өгчих Ө авсан мөнгийг хамтран бүгдийг нь төлье гэж хэлээд авсан. Ингээд Ө 01 дүгээр сарын 01-ний өдөр над руу залгасан. Энэ үед би Жи Хайяаны гэрт байхдаа мөнгө зээлүүлсэн хүн мөнгөө нэхэж байна гэж хэлсэн. 01 дүгээр сарын 05-ны өдөр машинд Ө, Жи Хайяан бид 3 уулзахад Жи Хайяан нь миний писи гэж хэлсэн. Ө Жи Хайяанд “чамд мөнгө авч өгсөн юм биш үү” гэхэд би аваагүй гэж хэлсэн. Энэ үед Ө ах боломжийн санал тавьсан нь “тэрээр 3 сарын түрээсийн мөнгийг би өгөөд танай талаас Б, манай талаас нэг хүн хамтарч ажиллаад данс тооцоогоо барьж манай өрийг дуусга” гэж хэлсэн. Гэтэл Жи Хайяан нь надад сард 1.000.000 төгрөг өг гээд хүнтэй утсаар ярьж писиг өөр хүнд түрээслүүл гэж хэлэн бид үл ойлголцолд хүрсэн. Би Ө залилах санаа бодол байгаагүй...” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Бэрхсайхан шүүхийн хэлэлцүүлэгт “... Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдэж өөрийн үйлдсэн хэрэгт гэмшиж байна. Тэрээр хохирогчоос 10.000.000 төгрөгийг авсан боловч 4.120.000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул торгуулийн ял шийтгэл оногдуулж өгнө үү. Учир нь хорих ялаар шийтгүүлбэл хохирогчийн хохирлыг төлөх боломжгүй нөхцөл байдалд хүрнэ...” гэжээ.                 

 

Нэг. Гэм буруугийн талаар.

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлахад шүүгдэгч Б.Б нь залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.

Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Д.Ө өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 25-26/-р тал, гэрч П.Б мэдүүлэг /1-р хх-ийн 28/-р тал, гэрч О.А мэдүүлэг /1-р хх-ийн 29/-р тал, гэрч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Жи Хайяангийн мэдүүлэг /1-р хх-ийн 32/-р тал зэрэг болон хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, дээрх ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан байна.

Түүнчлэн хэрэгт цугларсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл нь хангалттай нотлогдон тогтоогдсон, хэдийгээр шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс “... Анхнаасаа хэн нэгнийг залилах санаа бодол байгаагүй, Хятад улсын иргэн Писи тоглоомуудыг түүнд бэлэглэнэ гэж олон хүний нүдэн дээр хэлсэн учраас тухайн писи тоглоомуудыг өөрийн гэж бодсон...” талаар дурдсан байх хэдий ч өнөөдрийн тухайд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Жи Хайяан болон шүүгдэгч Б.Б нарын хооронд үүссэн тухайн харилцаа энэ хэрэгт хамааралгүй, энэ талаар шүүхээс дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзэв.

Харин шүүгдэгч Б.Б нь хохирогч Д.Ө залилан мэхэлж хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ хийх нэрийдлээр 10.000.000 төгрөгийг залилан мэхэлж авсан болох нь хавтас хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон, прокуророос шүүгдэгч Б.Б үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь хуулийн зүйл хэсэг тохирсон байна.

Нөгөөтээгүүр хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас харахад шүүгдэгч Б.Б нь тухайн гэмт хэргийг үйлдээгүй талаар эргэлзээ бүхий баримт авагдаагүй, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн тал дээр шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс  аливаа хэлбэрээр маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

Иймд шүүгдэгч Б.Б бусдыг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнээс нийт 5.880.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Ө олгох нь зүйтэй гэж үзэв.         

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч саналдаа “... Шүүгдэгч Б.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож тухайн зүйл хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Б. нийт 5.880.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Д.Ө олгуулах...” саналыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс “... Анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан торгуулийн ял шийтгэж өгнө үү...” гэх саналыг,

Хохирогч, болон шүүгдэгчийн зүгээс эрүүгийн хариуцлагын талаар ямар нэгэн санал, хүсэлтийг тусгайлан гаргаагүй байна.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангахаас гадна Эрүүгийн хуулийн зорилго биелэгдэх үндэслэл болно.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан оролцогч нарын санал, хүсэлт зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс торгуулийн ял шийтгэж өгнө үү гэх саналыг шүүхийн хэлэлцүүлэгт гаргасныг хүлээн авах боломжгүй гэж шүүхээс үзсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “... Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож болно...” гэж заажээ.

Тухайн гэмт хэрэг нь анх 2017 онд үйлдэгдсэн байх бөгөөд шүүгдэгчийн зүгээс 03 жилийн хугацаанд хохирогчийн хохирлыг барагдуулах зорилгоор тодорхой арга хэмжээ аваагүй, өнөөдрийн байдлаар хохирол бүрэн төлөгдөөгүй байна.

Нөгөөтээгүүр шүүгдэгч Б.Б нь тодорхой эрхэлсэн ажилгүй, торгуулийн ялыг ямар эх үүсвэрээс хэрхэн төлөх нь тодорхойгүй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж шүүх үзсэн болно.

        Гурав. Бусад асуудлын талаар

Шүүгдэгч Б.Б нь энэ хэргийн учир 30 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Б Б хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б оногдуулсан 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б урьдчилан цагдан хоригдсон 30 /гуч/ хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нийт 5.880.000 /таван сая найман зуун наян мянга/-н төгрөгийг гаргуулж, хохирогч Х овогт Д Ө /РД:**********/-т олгосугай.

6. Шүүгдэгч Б.Б нь энэ хэргийн учир 30 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Б.Б гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Х.ИДЭР