Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2019/00202

 

Ү.Нгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2018/01708 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 2030 дугаар магадлалтай,

Ү.Нгийн нэхэмжлэлтэй

“К Х”ХХК-д холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн төлөлт, бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Цэрэндуламын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батмэнд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие “К Х”ХХК-тай 2017 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр 6 сарын хугацаатай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж ажилд орсон, хөдөлмөрийн гэрээ байгуулахыг хүссэн боловч туршилтын 6 сарын хугацаанд ажил гүйцэтгэх гэрээ байгуулдаг юм гэж хэлсний дагуу гэрээ байгуулсан. Уг гэрээ дуусмагц хөдөлмөрийн гэрээ байгуулахыг ажил олгогчоос удаа дараа шаардсан боловч хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. Ажиллаж байх хугацаанд хөдөлмөрийн дотоод журмын дагуу ажиллаж, зөрчил дутагдалгүй ажиллаж байсан. Гэтэл 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн Б/94 дугаар ажил гүйцэтгэх гэрээ цуцлах тухай тушаалаар ажлаас чөлөөлсөн. Ажлын байр нь байнгын үргэлжилсэн шинжтэй бөгөөд ажлын тогтмол цагтай, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг байгууллагаас төлдөг зэргээр компанитай хөдөлмөрийн харилцаа үүссэн байхад ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлаас халсан нь үндэслэлгүй. Тушаалд Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.2 дахь хэсэгт зааснаар хэдийд ч цуцлах эрхтэй гээд үндэслэлээ ч заагаагүй ажлаас халсан. Тушаалыг гардаж авсны дараа байгууллагаас бичиг баримт авах үедээ хөдөлмөрийн гэрээний төсөл боловсруулагдаж байсныг хуулбарлан авсан. Иймд ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт холбогдох бичилтийг хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ү.Нг зөөлөн оёдлын үйлдвэрлэл хариуцсан тооцоологч инженерийн ажлын орон тоон дээр 2017 оны 1 дүгээр сарын 02-ны өдрөөс 6 сарын хугацаатай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан авч ажиллуулсан. Тэрээр захиалгат загвараа зөв тооцоолж албан ёсоор батлуулж хэрэгжүүлдэггүй, дураараа аашилдаг, компанийн дүрэм мөрддөггүй, ажлын цагаас хоцрох, таслах, хариуцсан цех хамт олны дунд зохисгүй ааш зан гаргах, хэрэлдэж маргалдах зэргээр зөөлөн оёдлын цехийн ажилтнуудын тогтвор суурьшилтанд муугаар нөлөөлсөн алдаа дутагдал удаа дараа гаргаж байсан учраас ажлаас чөлөөлсөн. Нийт 4 удаа арга хэмжээ авагдсан ба цаашид ажиллуулах боломжгүй гэж үзсэн. Ажлын байр нь байнгын орон тоо боловч загвараа батлуулалгүйгээр ажлаа хийсэн. Зан аашийн хувьд хамт ажиллаж байгаа хүмүүстэйгээ таардаггүй. Хэрэв сайн ажиллаж байсан бол хөдөлмөрийн гэрээ байгуулах байсан. Гэтэл сайн ажиллаагүй учир хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. Анх орж байгаа ажилтантай шууд хөдөлмөрийн гэрээ байгуулдаггүй, заавал хөдөлмөрийн гэрээ байгуулахгүй байж болно. Тиймээс тушаал үндэслэлтэй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2018/01708 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ү.Нг “К Х”ХХК-ийн зөөлөн оёдлын үйлдвэрлэл хариуцсан тооцоологч инженерийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “К Х”ХХК-иас нэхэмжлэгчийн урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 3 625 542 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ү.Нд олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг даатгуулагчийн төлбөл зохих Нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн даатгалын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлж, энэ талаар нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч “К Х”ХХК-д даалгаж, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 72 958 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 2030 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2018/01708 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн хариуцагчийн 73 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Цэрэндулам хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч хяналтын гомдол гаргаж байна. Анхан болон давж заалдах шатны шүүх ИХШХШТХуулийн 40-р зүйлийн 40.1-д “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 40.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасныг бүрэн дүүрэн хэрэгжүүлээгүйгээс ИХШХШТХуулийн 172-р зүйлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг 172.2.2-т зааснаар шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх үндэслэлийг бий болгосон. Учир нь хэрэгт хариуцагч талаас нотлох баримтаар Ү.Нгийн ажиллах хугацаандаа гаргаж байсан зөрчил тухайлбал, ажлын цаг ашиглалтын талаарх цагийн бүртгэлийн дэвтэр, ажил үүргээ гүйцэтгэхдээ гаргаж байсан алдаа зөрчлийн талаарх тодорхойлолт зэрэг баримтуудыг гаргаж өгсөөр байхад зохих ёсоор, бүрэн дүүрэн үнэлээгүй, гэрээг зөрчлийн улмаас цуцалж байгаа нөхцөлийг бодитойгоор дүгнээгүй, хэт нэг талыг буюу байнгын ажлын байран дээр ажиллаж байсан хүнийг ИХ-ийн 355-р зүйлийн 355.2-т зааснаар цуцалсан нь үндэслэлгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан нь хууль бус болсон гэж үзэж байна. Ажлын эхний туршилтын хугацаанд ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан боловч, туршилтын хугацаа дууссанаас хойш ажил үүргийг нь гүйцэтгүүлж, холбогдох нийгмийн даатгалын шимтгэлийг төлж, хөдөлмөрийн хуулиар олгогдсон ээлжийн амралтыг нь эдлүүлсний төлөө компанийг буруутгаж талуудын хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн гэж дүгнэсэн хирнээ уг хөдөлмөрийн харилцаанд гаргасан ажилтны зөрчил, буруутай үйл ажиллагааны улмаас гэрээг цуцалсан байхад үүнийг зохих ёсоор бодитойгоор үнэлж үзэхгүй байгаа нь шүүх маргааныг шийдэхдээ шударга бус хандаж, ажил олгогчийг ялгаварлан гадуурхсан гэж үзэхээр байна. Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлал ИХШХШТХуулийн 116-р зүйлийн 116.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна”, 116.3-т “Шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана” гэсэн шаардлагыг хангаагүй байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд хөдөлмөрийн гэрээний харилцаанаас үүссэн эрх зүйн маргааныг Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтын дагуу үндэслэл бүхий хянан шийдвэрлэжээ.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байна.

Шүүх хэрэгт авагдсан, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтад тулгуурлан нэхэмжлэлийг хангаж, шийдвэр, магадлал гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3., 118 дугаар зүйлийн 118.4.-т заасан шаардлагад нийцсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

Нэхэмжлэгч Ү.Н нь хариуцагч “К Х”ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг, хариуцагч зөвшөөрөхгүй, маргажээ.

Ү.Н нь 2017 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ /хх33/ байгуулж, “К Х”ХХК-д зөөлөн оёдлын үйлдвэрлэл хариуцсан тооцоологч инженерийн ажил үүрэг гүйцэтгэж байсан ба “К Х”ХХК нь 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн Б/94 тоот тушаалаар Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.2 дахь хэсэгт заасныг баримтлан гэрээг цуцалсан байх боловч зохигчдын хооронд хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн, гэрээг цуцалсан ажил олгогчийн шийдвэр хууль зөрчсөн талаар хоёр шатны шүүх хийвэл зохих эрх зүйн дүгнэлтийг хийж, Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хяналтын шатны шүүх эдгээр дүгнэлтийг үгүйсгэх үндэслэлгүй байна. Ажил олгогчийн тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан үндэслэлд нийцээгүй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.-т заасан хяналтын журмаар гаргах гомдлын үндэслэлд хамаарахгүй тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2018/01708 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 2030 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 73 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

         ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                             Х.СОНИНБАЯР

      ШҮҮГЧ                                                                       П.ЗОЛЗАЯА